Categories
мэдээ улс-төр

Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд өнөөдөр (2019.07.02) Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Манай орны банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, эдийн засгийн идэвхжилтийг сулруулан, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах, өрийн тэнцвэрт байдалд хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулахаар байна. Банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй активыг бууруулах, тус салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг 2015 оноос эхлүүлсэн байна. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийгдсэн судалгаа, үнэлгээ, олон улсын сайн туршлага, судалгаанд үндэслэн чанаргүй зээл, активыг шийдвэрлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан төрийн өмчийн оролцоотой Актив удирдлагын компанийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 10 бүлэг, 53 зүйлтэй аж.

Хуулийн төслөөр актив удирлагад холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна Актив удирдлагын компанийг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа явуулах, бие даасан хараат бус байдлыг хангах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, чанаргүй зээл, активыг шийдвэрлэх, Актив удирдлагын сангийн талаарх зохицуулалт болон Актив удирдлагын компанийн үйл ажиллагааг зогсоох талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төсөлд чанаргүй зээл, активыг шийдвэрлэх ажиллагаанд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ нь чанаргүй зээл, активыг түргэн хугацаанд шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Актив удирдлагын компани 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахаар хуулийн төсөлд тусгагдсан бөгөөд түүний үйл ажиллагааны гол зорилго нь чанаргүй активыг түргэн хугацаанд шийдвэрлэх явдал аж.

Актив удирдлагын тухай хуулийн төсөл батлагдсанаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөлтийн явц хурдасч, чанаргүй активыг удирдах, хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагаа хөгжихийн зэрэгцээ улсын төсөвт ирээдүйд учирч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулж, тодорхой хэмжээнд хэмнэлт бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ

Categories
мэдээ улс-төр

Цэвэрхэн наадахыг уриаллаа

Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил хийж байгаа билээ. Тухайлбал, жил бүрийн зургаа, долдугаар сард хоггүй, цэвэрхэн наадахыг уриалж, аян эхлүүлдэг. Тэгвэл өнөө жилийн “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа талаараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. Бид байгаль дэлхийгээ цэвэр цэмцгэр хайрлан хамгаалах ёстой. Ингэснээр дагаад жуулчдын тоо нэмэгдэнэ. Тиймээс хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн бидэнтэй нэгдэж, улс орноо хоггүй цэвэрхэн байлгахын төлөө ажиллаасай гэж хүсье. Ард иргэд маань ч хөдөө орон нутагт аялахдаа байгаль орчинд ээлтэй цэвэрхэн амарч наадахыг хүсэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Н.ЦЭРЭНБАТ: ЖУУЛЧДАД ЗОРИУЛАН 11-НИЙ ОРОЙ,НААДМЫН НЭЭЛТИЙГ ОРЧУУЛГАТАЙ ЗОХИОН БАЙГУУЛНА

-“Цэвэрхэн наадацгаая” гэхээр иргэд зөвхөн сурталчилгаа төдий анхаардаг. Тэгвэл хор хөнөөл талаас нь бас иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм?

-Уриалга сонсоод иргэд маань байгальд хогоо хаяхгүй, ангилж хаядаг болчихоод байгаа юм. Ажлын үр дүн гараад байгаа учраас энэ жил дахин үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн жил арав гаруй аж ахуйн нэгж бидэнтэй хамтарч байсан бол энэ жил 20 гаруй болсон. Зарим хэвлэл мэдээлэл ч бидэнтэй хамтраад нийгмийг соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааг хүргэх талаар ажиллаж байгаа. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс ч хамтран ажиллаж байна.

Хог хаягдлыг ашиглах, зөв зохистой менежментийг бий болгох үүднээс манай яам улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгож, хог хаягдлыг дахин боловсруулж эхэлнэ. Мөн Үндэсний хөгжлийн газар ч төр, хувийн хэвшлийн концессоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх байх. Мөн сэтгүүлчдийн дунд шинэ санаа, шийдэл дэвшүүлэх нийтлэлийн уралдаан зарласан. Үүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлийн дүүргүүдийн дунд ч урамшуулалтай уралдаан зарласан байгаа.

-Үндэсний их баяр наадам ойртож байна. Энэ жилийн хувьд гаднын жуулчдад зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Үндэсний баяр наадам бол Монгол Улсыг дэлхийд таниулсан хамгийн том арга хэмжээнүүдийн нэг. Олон жилийн дунджаас үзвэл долоодугаар сард бол Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг. Ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдэг. Тэгэхээр ихэнх жуулчин Улаанбаатарт наадам үзэхээс гадна аймаг орон нутгийн хуваарийн дагуу хөдөөд очиж наадам үздэг. Нийслэлийн аялал жуулчлалын газарт ирсэн саналын дагуу нийт 15000 орчим жуулчин наадам үзэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч гаднын жуулчдад үзүүлэх наадмын арга хэмжээний билет 1500 орчмыг олгосон байна. Билетийн хүрэлцээ муу байна. Энэ асуудал дээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо руу “жуулчдад олгох билетээ тоог нэмж өгөөч” гэсэн албан тоот хүргүүлсэн. Гэхдээ билетийг хамгийн дээд талдаа 500-аар нэмэх боломжтой. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалдаа тааруулан, яаж жуулчдадаа наадмын үзвэр үйлчилгээг хүргэх вэ гэдэг асуудал тулгамдаж байгаа юм. Энэ жилийн хувьд БОАЖЯ-аас анх удаа жуулчдад зориулсан “Naadam night” арга хэмжээг зохион байгуулна. Долдугаар сарын 11-ны өдрийн 21 цагаас үндэсний соёл амралтын хүрээлэнд, өглөө нь наадмын нээлтэн дээр тоглосон үзүүлбэрүүдийг англи хөтлөлттэйгөөр гадаадын иргэд, жуулчдад, зориулж тоглоно. Энэ бол нэг цаг орчмын арга хэмжээ байна. Мөн тоглолтоос гадна тухайн үндэсний үйлдвэрлэгчид болох “АПУ”, “Говь” зэрэг компаниуд ирж, үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчилна. Жуулчдад илүү өөрийн биеэр очоод оролцоод, дурсгалын зураг авхуулаад, дээрээс нь үзвэрээ үзэх боломжийг бүрдүүлнэ. Мөн аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд жуулчдад зориулсан гэрийг байршуулна. Жишээлбэл, Хүй долоон худагт очоод жуулчид үйлчилгээ авъя гэхээр орох газар олдоггүй. Тиймээс мэдээллийн төв болох гэрүүдийг ажиллуулаад, тухайн жуулчинг орж ирэхэд нь айраг, хуушуураар үйлчилдэг, шаардлагатай байрлалынх тухай мэдээллийг өгнө. Энэ сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа Торгоны замыг дамнасан дөрвөн улсын нийт 1600 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон улсын том хэмжээний авторали анх удаа болно. Алтанбулаг боомтоор нэвтэрч орж ирээд, Дундговь, Өмнөговь аймгуудаар байршина. Энэхүү авторалигийн нээлтийн арга хэмжээ нь Хөшигийн хөндий олон улсын нисэх буудалд болно.

-Салбар яамны зүгээс нэг сая жуулчин авна гэсэн зорилт тависан. Гэвч тулгарч байгаа асуудал их байна. Тухайлбал наадмын нээлтийн билет жуулчдад хүрэлцэхгүй байгаа асуудал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Гадны 10 гаруй мянган жуулчин наадмын нээлт үзнэ гэсэн. Билет өгөөч гэдэг хүсэлт ирсэн. 3500 билет өгөөч гэсэн. Нэгдүгээрт, наадмын талбай маань төр, хувийн хэвшлийн эзэмшлийнх байдаг. Улаанбаатар хот жуулчдын наадмын билетийг хариуцан борлуулдаг юм. Бидний байгаа боломж нь ийм. 3500-г өгөх эсэх талаар ярилцаж байна. Хүсэлтээ өгсөн хүмүүсийг бүгдийг нь оруулчихвал монголчууд өөрсдөө үзэж чадахгүй болно. Том стадионтой болох хүртэл ийм байдлаар явуулахаас өөр аргагүй.

-Гадныханд өндөр үнээр үйлчилдэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болж байна гэдэг?

-Аялал жуулчлалын чанарыг сайжруулах үүднээс Засгийн газарт мөрийн хөтөлбөрт тусгасан хөтөлбөрийн дагуу энэ чиглэлийн есөн ажлын байран дээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүмүүс үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад явж байна. Улаанбаатар хотын аялал жуулчлалын газартай хамтарч байгаад ажлаа хийгээд явж байна. Шинэ зүйл ч их хийж бий. Тарифын тухайд аялал жуулчлалын компаниуд багцаар нь буюу наадмын үзвэр үйлчилгээг хамтад нь багтаасан үнэ санал болгодог. Тухайн жуулчин зөвшөөрөөд ирж байгаа учраас хэт өндөр гэж хэлэх зохисгүй байх. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрдэг гадны жуулчдад монгол хүнтэй адилхан тариф бий болгоно. Ер нь жуулчдад ээлтэй байхыг уриалж байна.

-Уриалах нэг хэрэг. Ажил хэрэг болж чадаж байна уу. Орчныг нь хэр бүрдүүлж өгөв. Хөдөөгийн замаар дүүрэн хог хаягдал байгаа. Тухайн орон нутаг нь идэвх, санаачилга гаргаад цэвэрлэхгүй л байна шүү дээ?

-Өнгөрсөн жилийг бодвол энэ жил хогийн савны тоог Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ТҮК-тай хамтраад нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутгийн тухайд тухайн аймаг, сумын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа. Наадмын өдрүүдэд “Торгоны зам”-ын авторалли болно. Мөн л тухайн хэсэгт нэгдсэн хогийн сав, нийтийн бие засах газрыг төвлөрүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэсэн дөрвөн иргэнийг саатуулан шалгаж байна

Өнгөрсөн зургаадугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн шалгахад 28 настай эмэгтэй О, 19 настай эрэгтэй Т, 34 настай эрэгтэй Э, 21 настай эрэгтэй Т нар сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн байсныг үйлдэл дээр нь илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хортон шавьж бүхий хагас тонн байцааг устгалд оруулжээ

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цагааннуур боомтоор ОХУ-аас импортлогдсон жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамруулахад байцаанаас хортон шавьж илэрч, бөөрөнхий сонгиноос нитрат зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ. Бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийлгүүлэхээр Баян-Өлгий аймгийн хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд хагас тонн байцаанаас цацагт далавчтан болох хортон шавьж, 105 кг сонгиноос нитратын хэмжээ өндөр гарсан байна. Энэхүү лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн эдгээр бүтээгдэхүүнийг холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулжээ. Нитрат нь найрлаганд азот агуулсан азотот нэгдлүүдтэй бордоог газар тариаланд их хэмжээний ургац авах зорилгоор сүүлийн жилүүдэд бордоо байдлаар их хэрэглэх болсонтой холбоотойгоор ургамалд нитратын үлдэгдэл болж хуримтлагддаг.

Энэ нь хүний биеийн бодисын солилцооны явцад нитрат болж хувирснаар нарийн гэдсээр цусанд шимэгдэж метилгемоглобин хэмээх хүчилтөрөгчийн хүчтэй нэгдэл үүсгэж, уг метилгемоглобины хэмжээ цусанд 10-15%-иас ихсэх юм бол дотор муухайрах, толгой эргэх, элэг томрох, бөөлжих зэрэг хордлогын шинж өгч эхэлдэг ба улмаар хорт хавдрын эс үүсгэдэг нь тогтоогдсон байна.

Цаашид аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан жимс, хүнсний ногоог экспортлогч улсын эрх бүхий байгууллагын лабораторийн шинжилгээнд бүрэн хамрагдсан шинжилгээний бичигтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлж байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Халаасны хулгайтай тэмцэх зорилгоор 1226 автобусыг камержууллаа

Энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Смарт карт ХХК нь нийт 123’646’900 төгрөгний санхүүжилтээр нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг 28 аж ахуйн нэгж байгууллагын 1226 автобусыг 100% камержуулан хүлээлгэн өглөө. Одоогоор нийт 80 орчим автобусны камерыг онлайн болон гар утаснаасаа бүрэн хянаж байгаа аж. Түүнчлэн бусад автобус баазуудын нийтийн тээврийн хэрэгслийн хяналтын камерыг онлайн болон гар утаснаасаа хянадаг болгох талаар ажиллаж байна. “Улаанбаатар Смарт карт ХХК ерөнхий менежэр” Ц. Түвшинжаргал: Энэхүү камерын хувьд багтаамжаасаа хамаараад хамгийн багадаа 15 хоног тухайн бичлэгийг хадгалах чадвартай. Мөн 550 цэг дээр борлуулагдаж байгаа 3600 төгрөгөөр зарагдажбуйU money картыг хямдруулах боломжгүй гэлээ. Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтыг камерыг ашиглах журмыг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нарын 2019 оны тавдугаар сарын 31-ны өдөр баталж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.

М.Саруулдөл

Т.Лхамсүрэн

Categories
мэдээ нийгэм

Гурван уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад 11 аж ахуйн нэгж, байгууллага, 3 бичил уурхайн нөхөрлөл хамрагдсан ба 181 зөрчил илрүүлж 3 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 38 заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй шахмал түлш үйлдвэрлэж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ЭМ СИ ПИ ТИ ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр, түлш борлуулах цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Тус компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшнээс дээж авч Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжилгээнд хамруулахад үртсэн шахмал түлшний үнслэгийн хэмжээ стандартын үзүүлэлтээс 59.6% их, бат бөхийн хэмжээ 0.5% бага гарсан байна.

Түүнчлэн шахмал түлшний савлалт хаяг байхгүй, нүүрсэн шахмал түлшний савлалт хаяг байхгүй зэрэг нь “Сайжруулсан хатуу түлш Техникийн шаардлага MNS5679:2019” стандартыг хангахгүй байгаа учир зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлт үзэх хүсэлтэй 10 мянган жуулчны 3500-д нь тасалбар олгожээ

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10 000 жуулчин наадмын нээлт үзэх хүсэлтээ ирүүлсэн байна. Гэвч манай Төв цэнгэлдэх хүрээлэн 13 500 хүний суудалтай тул хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд нээлтийн тасалбар өгөх боломжгүйг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэв. Тэрбээр “Хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгвөл монголчууд өөрсдөө наадмынхаа нээлтийг үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс жуулчдад 3500 тасалбар өгсөн. Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга. Манай яамнаас жуулчдад зориулан “Naadam night” тусгай арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр наадмын нээлтийг орчуулгатайгаар дахин хүргэнэ. Тасалбаргүйн улмаас нээлтэд орж чадаагүй жуулчин орой нь орчуулгатайгаар нээлтийг үзэх боломж олгож байгаа юм” гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн онд БОАЖЯ-аас зарласан “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд 200 гаруй сайн дурынхан ажиллаж, 30 гаруй тонн хог цэвэрлэжээ. Энэ жил тус аяны хүрээг тэлж, хувийн хэвшлүүд болон олны танил эрхмүүдийг нэгтгэж, “Цэвэрхэн наадах”-ыг уриалахаас гадна наадмын үеэр МОХ-ны 200 оюутан залуус Төв цэнгэлдэх, Хүй 7 хоног, Туул гол, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй, цэвэр наадахыг уриалах юм байна.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ,

Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэж, тэдний тулгамдсан асуудлууд болон хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, мэдлэг, туршлагаа солилцох боломж олгодог энэхүү конгрессийг эх орондоо зохион байгуулж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага сургамж арвин бий. Бас та бүгдтэй зөвлөлдөх, та бүгдээс суралцах асуудлууд ч цөөнгүй байгаа. Та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Ийм ч зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж байна.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбар бүрт ханган ажиллах, үндэсний зөвлөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхиий дэд болон салбар зөвлөл бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллаж байна. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах асуудал гэсэн хандлага өөрчлөгдөж, салбар дундын асуудал, бүхий л салбарт хамааралтай гэдгийг ойлгож, олон ажлыг санаачлан хийдэг боллоо. Манай Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг төрийн бүх үйлчилгээнд хамруулахыг зорьж байна. Иймд салбар дундын зохицуулалтыг хангахын тулд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийганх удаа байгуулан ажиллаж байна.

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж байна.

Эдгээр арга хэмжээнд жилд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7хувийг эзэлж байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг хангах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг хамруулж байгаа төдийгүй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг байнга нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ 6 дугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг тус тус нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 ондашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа хэдий ч тэднийг ажил, орлоготой байлгах, сурч, боловсрох нөхцөлөөр бүрэн хангах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээний хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах олон түмний хандлагыг эергээр өөрчилж нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр хийх ажил, шийдвэрлэх олонасуудалд онцгой анхаарч хэрэгжүүлэн ажиллах ёстой.

Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох, ажиллаж хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломжтой болно.

Иймд уг хүртээмжийг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн эх орныхоо хөгжилд гар бие оролцох нөхцөл боломжийг хангах чиглэлээр Та бүгд бидэнтэй туршлагаа хуваалцан хамтран ажиллахыг хүсэж байна.

Энэ удаагийн Конгресс Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгохын төлөө Ази, Номхон далайн бүсийн улс орнууд бие биенийхээ мэдлэг, туршлагыг судлаж, биднийхамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан тодорхой үр дүн, ач холбогдол бүхий үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна гээд конгрессын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

​Хоёр хүний майхан 120-650 мянган төгрөгийн ханштай байна

Урин дулаан зуны цаг ирсэнтэй холбогдуулан алжаал ядаргаагаа тайлж, амарч зугаалах хүмүүсийн сонирхол нэмэгджээ. Аялахыг зорьж буй хүмүүсийн ая тухтай байдлыг хангах чухал зүйлийн нэг нь аяллын хэрэгсэл байдаг. Тиймээс аяллын хэрэгслүүдийн үнэ ханшийн талаар сурвалжлан уншигчдадаа хүргэж байна.

Аяллын хэрэгслийн үнийг судлахаар Улаанбаатар хотын томоохон захын нэг болох Нарантуул олон улсын худалдааны төвийг зорьсон юм. Захын хаалгаар орвол том жижиг майхан, аяны ширээ, сандал гээд аяллын хэрэгсэл цөм байлаа. Энд аяллын хэрэгсэл худалдаж авахаар ирсэн хүмүүс зөндөө байв.

Нарантуул захын “аяллын хэрэгсэл” худалдагч Х.Батсайхан “Урьдны жилүүдийг бодвол хүмүүсийн хөдөө явж, байгальд амрах хандлага ихэссэн байна. Аяны хэрэгслийн борлуулалт хамаагүй сайжирсан. Одоо зун болсон учраас амралт, зугаалгаар явах хүмүүсийн тоо нэмэгдээд майхан, аяллын хэрэгслийн борлуулалт 2-3 дахин өсөөд байгаа. Манайх аяллын хэрэгслийн бараагаа ихэнхийг нь урдаас оруулж ирдэг. Үнийн хувьд дундаж үнэтэй, боломжийн байдаг. Хамгийн их худалдаалагддаг бараа нь майхан, аяны сандал, мишок, шорлогны зуух” гэсэн юм.

“Нарантуул зах” дээр төвлөрсөн аяллын хэрэгслийн дундаж үнийг сонирхуулбал, хоёр хүний майхан 120-150 мянга, 5-6 хүний майхан 350-450 мянга байсан бол монгол майхан 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

Харин аяны хөнжил 25-75 мянга, шорлогны зуух хэмжээнээсээ хамаараад 25-70 мянга, загасны уурга 10-160 мянга, аяны ширээ, сандал 50-60 мянга, газан плитка 20-45 мянга, аяны аяга тавагны ком 45-50 мянган төгрөгийн ханштай байлаа.

Хийлдэг завь 120-250 мянга, чийгний гудас мөн хэмжээнээсээ хамааран 25-55 мянга бол хийлдэг гудас 50-55 мянга, борооны цув 8-20 мянга, усны гутал 15-25 мянган төгрөгийн хооронд үнэ ханштай байналээ.

Мөн Нарантуул захын ойролцоох “Sunday plaza”, “Night plaza” зэрэг газруудад аяллын барааны үнэ 15-40 мянган төгрөгөөр ахиу байсан юм.

“Night plaza” төвийн аяллын барааны тасгийн худалдагч Ж.Мөнхтуяа “Манай бараанууд захын үнэтэй ойролцоо байдаг. Хүмүүс барилга дотор, түрээс өндөртэй байдаг болохоор илүү үнэтэй гэж боддог. Их үнийн ялгаа, зөрүү байдаггүй” гэж байв. Энд мөн майхан, аяны сандал, газан плитка их борлуулагддаг байна.

“Нарантуул зах”, түүний ойролцоох төвүүдэд худалдаалагдаж буй аяны хэрэгслийн үнийг судалсны дараагаар аяллын хэрэгслийн төрөлжсөн төвүүдийг зорьсон юм. Аяллын хэрэгслийн нэрийн дэлгүүр болох “Аянчин”, “Season shop”, “Отог” зэрэг дэлгүүрт “Camptown”, “Adisi”, “Coleman” нэрийн бараанууд худалдаалагддаг аж. Эдгээр дэлгүүрт зарагдаж буй бараанууд чанартай брэндийнх гэдэг утгаараа худалдааны захуудынхаас харьцангуй өндөр үнэтэй байсан юм.

Үнийн хувьд хоёр хүний майхан 450-650 мянга, таваас зургаан хүний майхан 850 мянгаас сая 300 мянгын хооронд байлаа. Аяны хөнжил 120-450 мянга, шорлогны зуух 120-150 мянга, аяны ширээ, сандал 100-350 мянга, газан плитка 37-60 мянга бол аяны аяга тавагны ком хэрэгсэл 40-70 мянга, завь 150-500 мянга, чийгний гудас 160-200 мянган төгрөгний үнэтэй байсан юм.

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар 2016, 2017 онд хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аялсан байна. Монголын дотоод аялагчдын тоо нийт хүн амын гуравны хоёртой тэнцүү юм. Аялагчид ихэссэнтэй холбогдуулан аяллын хэрэгсэл худалдаалах дэлгүүрүүд ч нэмэгдсэн байна. Аялагчид өөрсдийн хүссэн газраасаа, худалдан авах чадвартаа тохируулан аяллын хэрэгслийг сонгох боломж өргөн болжээ.

Э.АМИНАА