Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Үндсэн хуулийн шинэ тодотголоос асуух хэдэн зүйл” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Үндсэн хуулийн шинэ тодотголоос асуух хэдэн зүйл” хэмээн өгүүлжээ.

“Иргэд эд зүйлсээ алдчихаад цагдаад бүртгүүлдэггүй нь хулгайчдыг өөгшүүлдэг” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

Тэргэнцэртэй оюутны санаачилсан “Мирайро” загвар дэлхийн анхаарлыг татлаа хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт ярьжээ.

Үндсэн хуулийн төсөлд сумын иргэд нь Засаг даргаа сонгох зохицуулалтыг оруулж байна гэж “Улс төр” нүүрт ярилаа.

Н.Цэрэнбат: Жуулчдад зориулж, “Naadam night” шоу тоглолт зохион байгуулна гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“Д.Нямсүрэн: Чингүнжавын үр сад бид хотгойдоороо ил гарч болно” хэмээн “Нийгэм” нүүрт бичсэн байна.

Чулууны Чинбат: Аавынхаа хийлч, удирдаач мэргэжлийг өвлөсөндөө бахархдаг хэмээн “Миний аав” нүүрт өгүүлжээ.

Солонгосын жижиг жимст улаан лоолийн сортыг Монголын хөрсөнд нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байна хэмээн “Энэ тухай” нүүрт ярьжээ.

Хятадад “зуны Давос”-ын чуулган болж өндөрлөв хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Далбагар малгай өмсөж, нарны шил зүүх нэг шалтгаан” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаад иргэд бухимдаж байна

Өдөр ирэх тусам барааны үнэ өсч нэмэгдсээр байгаад иргэд бухимдаж,байнгын хэрэглээний хүнсээ танахад хүрж байна. Иймээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгаа талаар болон иргэд энэ асуудал дээр ямарсанаа бодолтой байгаа талаар сурвалжлахаар хамгийн хямд, худалдан авагч олон байдаг “Хүчит Шонхор” захаар орлоо.

Хамгийн түрүүнд махны үнийг сонирхлоо. Зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний статистик мэдээллээр 2019 оны зургадугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга 440 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 614 төгрөгийн үнэтэй байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11 мянган 500 төгрөгөөр худалдаалж байна” гэсэн байв. Харин өнөөдөр “Хүчит Шонхор” зах дээр хонины ястай мах 9800 төгрөгөөр, үхрийн ястай мах 11000 төгрөгөөр, адууны ястай мах 9000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Холбоотой ЗурагҮүнээс харахад хонины ястай мах 300 төгрөгөөр өсч, үхрийн болоод бусад махнуудын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад үнийн өсөлт бууралтгүй байна. Задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Хүнсний ногооны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1500 төгрөгөөр, төмс 1000 төгрөгөөр, байцай 2300 төгрөгөөр худалдаалагдаж байна.

гурил будаа зурган илэрцүүдХолбоотой Зураг

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар зарим худалдан авагчаас асууж тодруулахад иргэн Б.Баттөр “Цөөн хүн амтай малын тоо толгой олонтой улс орон байж ямар ч төрийн бодлого зохицуулалт байхгүй, хэн дуртай нь махны үнийг өсгөж байгаад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Зөвхөн мах гэлтгүй бусад барааны үнэ ханш зэрэгцээд өсөөд байхаар санхүүгийн дарамтад их орж байна. Хамгийн хямд захуудаар орж хүнсээ цуглуулж байхад л ийм хэцүүхэн байна даа. Цаашдаа иймэрхүү байх юм бол хүн ам маань хүнсний хомсдолд орох аюул нүүрлэх байх. Энэ талаар төр засаг маань ард түмнийхээ ахуйн амьдралыг бодож, энэ асуудлаа цэгцлээсэй гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна.

Харин иргэн С. Янжмаа “Юмны үнэ үнэхээр өндөр байна. Цалин маань хаанаа ч хүрэхгүй цөөн хэдэн юм аваад тэр дороо дуусчихна. Ямар ч хараа хяналтгүй, ченжүүд үнээ дураараа нэмж байгаа нь монголчууд бид нарт амьдрахад бэрх байна. Үмх махны төлөө өдөржин шөнөжин хөдөлмөрлөж байж олсон мөнгөө өгчихнө гэхээр харамсалтай байна. Энэ мэт айлууд их байгаа болохоор маш их бухимдаж байна” гэж байлаа.

Н.Энхжин

Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон алба хаагчид цагдаагийн тангараг өргөлөө

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжлээр төгссөн иргэдийг “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэж, цагдаагийн байгууллагын албан тушаалд томилcoн.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар зохион байгууллаа.

Тангараг өргөх арга хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын даргын зөвлөлийн гишүүд болон нийт бие бүрэлдэхүүн хамрагджээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлэв.

Албан бичигт: “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан явуулах шаардлагыг үл хэрэгсэж, ард түмний хүсэмжлэл, хүлээлтэд дөрөөлөн дутуу дулимаг, өмнөх алдааг давтсан байдлаар явуулж байгаад санаа зовниж байна.

Монголын ард түмэн 1992 онд баталсан анхны Ардчилсан Үндсэн хуулиараа хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хүлээн зөвшөөрч, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд шилжүүлж, нийгмийнхээ тогтолцоог ардчилсан ёсонд нийцүүлэн үндсээр нь өөрчилж, тусгаар улсын эдлэх ёстой бүрэн эрхийг бүрэн олж, харийн тушаалаар бус хамтын зүтгэлээр хөгжин дэвжих боломжийг нээж чадсан нь эрхэм дээд ололт мөн байв.

Анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацаанд парламентын 7 удаагийн, ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийг амжилттай явуулж, сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлсэн, мөнхийн хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөрштэй болсон, дэлхийн улс орнуудтай эн тэнцүү, эрх тэгш харилцаж байгаа зэрэг бахархам амжилтууд бий болсон.

Гэвч ард түмний засаглах эрх алдагдсан, бүх нийтэд хүртэх ёстой байгалийн баялгийг ашиг сонирхлоор холбогдсон хэсэг бүлэг хүн өмчилдөг, Монгол Улсад ашиггүй, Монголын ард түмэнд хүртээлгүй нөхцөлөөр өгдөг, зардаг гаж жишиг тогтсон, хууль мөнгөтэй чадалтайд нь уярч, мөнгөгүй чадалгүйд нь улам чангарч, ялгамжтайгаар хэрэгждэг ёс бус тогтолцоо бий болсон, эрх, эрх чөлөөг эмх замбараагүй дур зорго, эрх мэдэл, албан тушаалыг эрдэнэст хүрэх үүд хаалга мэт болгож хувиргасан зэрэг анхаарвал зохих асуудлууд ч мөн үүссэн байна.

Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя.

Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ.

Зохих арга хэмжээг авч, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх Улсын Их Хурлын чуулганыг баяр наадмын дараа товлож, мэдэгдэнэ үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг давжээ

Долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Балж, Хэрлэн, Хангай нурууны өврийн Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см тус тус давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд түр зуурын бороо элбэг тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой ба хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

Монголын бадминтон сонирхогчдын холбоо олон улсын тэмцэээнийг амжилттай зохион байгууллаа

Монголын бадминтон сонирхогчдын холбоо нь 2019 оны 06 сарын 19-23-ны өдрүүдэд Энэтхэг, Тайвань, Солонгос, Макао, Тайланд, Сингапур, Монгол зэрэг 7 орны тамирчид оролцсон өсвөрийн олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Мөн холбооны 20 жилийн ойн хүрээнд Токио-2020 олимпийн эрхийн оноо цуглуулах 25,000 ам долларын шагналын сантай “Mines Up – Total Mongolia International Challenge 2019” тэмцээнийг зургадугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд Япон, Тайланд, Индонез, БНСУ, Энэтхэг, Украйн, Польш, Хонг Конг, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, ОХУ, Казахстан, Герман, Макао, Англи, Финланд, Вьетнам, БНХАУ, Унгар, Монгол зэрэг 24 орны 205 тамирчид өрсөлдөв.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

1 байр: Кодай Нараока /Япон/ – Залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт

2 байр: Кунлау Витидсарн /Тайланд/ – Залуучуудын ДАШТ-ий хошой алт, Залуучуудын олимпийн мөнгөн медальт

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

1 байр: Супанида Катетон /Тайланд/

2 байр: Си Ю Жинь /БНСУ/

Эрэгтэй хос төрөлд:

1 байр: Ким Вон Хо, Пак Кюүн Хүн /БНСУ/

2 байр: Минг Кюүнь Кань /БНСУ/

Эмэгтэй хос төрөлд:

1 байр: Шинта Мүли Сари, Вон Жиа Юү /Сингапур/

2 байр: Юүн Сео Жань, Жён На Юүн /БСНУ/

Холимог хос төрөлд:

1 байр: Хэ Чүнь Мак, Чао Хой Ва /Хонг Конг/

2 байр: Рачапол Макаситорн, Биняпа Аймсард /Тайланд/ тус тус шалгарлаа

Categories
мэдээ нийгэм

АН дэргэдэх Бодлогын зөвлөлийн дарга нарын сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал бодлогын зөвлөлийн дарга сонгох сонгуулийн дүнг Ардчилсан намын дарга, Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга С.Эрдэнэд өргөн мэдүүллээ.

Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: “Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүд 16 Бодлогын зөвлөлд хуваагдан ажиллаж байна. Үндсэн дүрмийн хүрээнд Бодлогын зөвлөлийн дарга сонгох сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, нууц санал хураалт явуулсан. Тус сонгуульд нийт 22 нэр дэвшигч өрсөлдсөн. Сонгуулийн дүнг бид Ардчилсан намын дарга, Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга С.Эрдэнэд өргөн мэдүүлэх журамтай. Журмын хүрээнд өнөөдөр сонгуулийн дүнг нэгтгэж, Ардчилсан намын дарга, Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга С.Эрдэнэд өргөн мэдүүллээ. Бодлогын зөвлөлийн дарга нар 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулахад түүчээлэн ажиллана” гэлээ.

Ардчилсан намын дэргэдэх 16 Бодлогын зөвлөлийг Засгийн газрын бүтцийн дагуу байгуулсан бөгөөд салбар, чиглэлийн дагуу бодлогын баримт бичиг боловсруулах, судалгаа хийх зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Бодлогын зөвлөлийн даргаар сонгогдсон нэр дэвшигчид:

1. Байгаль орчны бодлогын зөвлөл-Т.Энхсайхан

2. Батлан хамгаалахын бодлогын зөвлөл-Ш.Түвдэндорж

3. Бүс нутгийн хөгжил, хот байгуулалт, барилгын бодлогын зөвлөл-Д.Пүрэвдаваа

4. Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл- Б.Түвшин

5. Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл, харилцааны бодлогын зөвлөл-Д.Алтангэрэл

6. Хууль зүйн бодлогын зөвлөл-Д.Оросоо

7. Зам тээврийн бодлогын зөвлөл- Т.Болдбаатар

8. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний бодлогын зөвлөл- Б.Баянмөнх

9. Санхүүгийн бодлогын зөвлөл- Д.Ганбаяр

10. Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын зөвлөл- С.Од-Эрдэнэ

11. Түлш, эрчим хүчний бодлогын зөвлөл- Ж.Осгонбаатар

12. Хүн амын хөгжил, хүүхэд, залуучууд, ахмат настан, гэр бүлийн бодлогын зөвлөл- Д.Үүрийнтуяа

13. Гадаад хэргийн бодлогын зөвлөл- Ц.Сүхбаатар

14. Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөл- Б.Ариунболд

15. Эдийн засгийн хөгжил, төлөвлөлтийн бодлогын зөвлөл- О.Эрдэнэ-Өрнөх

16. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний бодлогын зөвлөл- Ж.Амарсанаа

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолын дагуу ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгүүд 2019 оны 06 дугаар сарын 21, 26, 27, 28, 29, 30-ны өдрүүдэд, Ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээс гарсан гишүүдийн санал, 6 дугаар сарын 19-30-ны хооронд иргэдээс ирүүлсэн саналыг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн 4 дэд хэсэг хэлэлцэн үзэж холбогдох саналуудыг гаргасан. Тус 4 дэд хэсгээс гарсан санал, томъёоллуудыг Томьёоллын болон Эхийг баригчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд нэгбүрчлэн нэгтгэн томьёолж Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авав. Тухайлбал, А.Сүхбат гишүүний тодруулгад Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийн ахлагч, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгөв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг нь үндэсний хэмжээний зөвшилцлийн хүрээнд явагдаж чадаж буй эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн асуув. Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн нийт 70 зүйлээс 4 багц сэдвийн хүрээнд 20 зүйлийг хөндөж буй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хэллээ. Энэ удаагийн парламент төслийг боловсруулах чиглэлээр хоёр жил гаруй ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 04 дүгээр сард зохион байгуулсан. Үүний тайланг нь үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс Улсын Их Хуралд гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээг 2017 онд улс орон даяар зохион байгуулсан. Төсөл санаачлагчдын тайланд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд давхардсан тоогоор 5,5 сая орчим санал ирүүлсэн талаар дурдсан байгааг Ажлын хэсгийн ахлагч онцолсон. Өнөөдрийн хэлэлцэж буй төслийг боловсруулахдаа иргэд, олон нийтээс ирүүлсэн саналуудаас шүүж, хамгийн олон удаа хөндөгдсөн, олон саналын давтамжтай гарч ирсэн зүйлүүдийг тусгасан гэдэг тайлбарыг төсөл санаачлагчид хэлж буйг Ө.Энхтүвшин дарга хэлж байлаа. Түүнчлэн төсөл санаачлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг шууд удирдлага болон ажилласан болохыг уншиж танилцууллаа. Төслийн талаарх зөвшилцлийг бүх түвшинд явуулж байгаа гэдгийг тэрбээр хэлж байв.

Төслийн хэлэлцүүлгийн үе шат бүр холбогдох хуулийн зохицуулалтын дагуу үргэлжилж байгаа, Улсын Их Хурал хоёр дахь хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шийднэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч хариулт өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах дэгийн талаар танилцуулсан. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаагүй тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжив. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо

Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийн Ази номхон далайн газрын захирал Чанён Риг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан газар, хэлтсийн захирлуудын хамт Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Ази номхон далайн газрын захирал Чанён Риг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Н.Баяртсайхан ерөнхийлөгч түүнийг Монгол Улсад зочилж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон цаашдын сорилтуудын талаар санал солилцсон байна.

Чанён Ригийн зүгээс ОУВС-гаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч байгааг тэмдэглээд, цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийн тулд дэмжин ажиллахаа илэрхийлсэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

“Тогтолцоо” гэсэн үгийг төслөөс хасах зарчмын зөрүүтэй саналыг гишүүд санал нэгтэй дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 10 цаг 16 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин болон ажлын хэсгийн зарим гишүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Батболд нарын асуултад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар хариулт өгсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гишүүний асуултад өгсөн хариултдаа, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байхаар төсөлд тусгагдсан нь шинээр татвар тогтоох гэж байгаа асуудал биш, татварын хувь хэмжээг тогтоох эрх нь одоо ч орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Сумын Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог байх нь иргэдийн хүсдэг, байнга яригддаг асуудлын нэг. Харин дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог байх асуудлын тухайд нээлттэй үлдээгээд ажлын хэсгийн хүрээнд томьёоллыг дахин ярилцахаар болсон. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан тохиолдолд бүрэн эрхийн үлдэх хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилохоор тусгагдсан заалтыг төслөөс хасахаар болж байгаа гэдгийг хэллээ.

Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин: Өнгөрсөн сарын 28-нд бүлгийн гишүүд цуглаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн төслийн 20 заалт дээр иргэд ямар саналтай байгаа талаар орон нутагт ажиллаад ирсэн гишүүдийн санал бодол, иргэд, олон нийтээс ирүүлсэн саналтай танилцаж ярилцсан. Энэ үеэр гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдийн олонх нь дэмжиж, хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг хэлцгээсэн. Энэ дагуу дараагийн төлөвлөгдсөн ажлууд хийгдэж, ажлын хэсгийн хүрээнд төслийн томьёоллыг нарийвчлан боловсруулах, иргэдийн саналыг тусгах талаар ярилцаж шийдээд явж байгаа. Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай зөвшилцөж ойлголцох, саналыг нь авах асуудлыг өмнө нь ч хийж ирсэн, одоо ч хийгдэж байгаа. Өчигдөр л гэхэд МАХН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа ирүүлсэн. Хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд энэ ажил эрчимтэй хийгдэх байх гэдгийг хэллээ.

Ингээд Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан горимын саналын дагуу санал хураалтыг гар өргөж илээр хурааж шийдвэрлэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “тогтолцоо,” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”. “3.Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг, аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд, харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус томилно.” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.” гэснийг хасах санал гаргасан нь дэмжигдсэнгүй.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуульд нам, эсхүл иргэн бие даан нэр дэвшүүлж оролцоно” гэсэн агуулгатай өгүүлбэр нэмэх, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан,” гэснийг “Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, анхан шатны буюу давж заалдах шатны шүүхэд зургаагаас доошгүй жил ажилласан,” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин таван нас хүрсэн” гэснийг “тавин нас хүрсэн” гэж өөрчлөх санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарласан юм. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтын дагуу эхлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалтаар, дараа нь гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад аль аль нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Иймээс төслийн заалт болон гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалгахад мөн л аль аль нь олонхын дэмжлэг авсангүй. Ингэснээр энэ санал Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед эцэслэн шийдвэрлэгдэх юм.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.