Categories
мэдээ нийгэм

Хакухо М.Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг зөвшөөрчээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, зөвшөөрсөн гэж баттай эх сурвалж мэдээлж байна.

Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гарган, Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгч холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч ёсчилсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СТА, уртын дуучин Д.Үүрийнтуяа: Ардын болон уртын дуунд маш их ухаарал шингэсэн байдаг

Билгүүн номч Бямбын Ринченгийн “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэн “LEGEND” энтертайнмент шоуг өв соёлоо дээдлэгч хүн бүхэнд зориулан бүтээж байна. Язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмент шоу хэлбэрийн тайзны бүтээлийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар ажиллаж байгаа. Энэхүү шоу нь нүүдэлчний өв соёл, философи сэтгэлгээг чухалчилж буйгаараа онцлог юм. “LEGEND” шоунд 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч ажиллаж буй. Шоуны хөгжмийн найруулгын хувьд өвөрмөц бөгөөд бүхий л аялгууг нь шинээр зохиожээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү энтертайнмент шоуг долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19 цагаас “Corporate Hotel & Convention Center”- ийн концертын их танхимд тоглоно. “LEGEND” энтертайнмент шоунд оролцож буй Уртын дуучин Д.Үүрийнтуяатай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.


Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та “LEGEND” шоунд оролцож байгааюм байна. Энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

Энэ бол дэлхийн хэмжээнд гарах шоу гэж бид төлөвлөж байгаа. Энэ төслийг бид эртнээс төлөвлөж, бодож олон хүний оюун ухаан шингэсэн. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, үндэснийхээ урлагийг хайрладаг бүх хүмүүсийг ирж үзээрэй гэж урьж байна.

Тоглолтын найруулгын хувьд ямархуу байх вэ. Тайз засал гэх мэт?

Энэ бол тоглолтын сьюрприз. Та бүхэн тоглолтын найруулгыг хүрч ирээд сонирхоорой. Хөгжмийн найруулга нь маш өвөрмөц, шинэлэг байх болно. Битүү дэлгэцтэй учраас орчин үеийн техникийн шийдлийг үндэсний хэв шинжтэйгээ хослуулснаараа онцлог байгаа. Энэхүү шоуг үзэж таван мэдрэхүйгээ сэрээж, өөрсдийнхөө дотоод ертөнцийг сонсоорой гэж хэлмээр байна.

Шоунд оролцож байгаа уран бүтээлчдийн хувцсыг цоо шинээр урлаж байгаа гэсэн. Хувцасны зохиомжны хувьд ямархуу байх вэ?

Хувцасны зохиомж модерн талдаа.

Өнөөгийн залуус ардын болон уртын дуугаа сонсох нь багассан шиг санагддаг?

Би уртын дуучин мэргэжлээр СУИС-ийг төгсөөд арав гаруй жил болж байна. Сургуулиа төгсөөд л уртын болон ардын дууг орчин үеийн хэв маягт оруулж тайз, клипний хувьд олон өөрчлөлтийг хийж байсан. Үүний үр дүнд залуу уран бүтээлчдийг үндэснийхээ урлаг руу чиглүүлсэн болов уу гэж боддог. “Шуранхай” хамтлаг үндэсний хэв шинжийг орчин үеийн хөгжмийн найруулгатай хослуулан уран бүтээлээ туурвиж байсан.

Ардын дууг орчин үеийн хэв маягт оруулж дуулах тохиолдол олон болжээ. Энэ талаар та ямархуу бодолтой байдаг вэ?

Дуучид ардын дуугаа дуулаад л байна. Харин задгай хоолойгоор тал шигээ уужим дуулдаг язгуур хэв маягтай ардын дууны үг, аяыг нь өөрчлөөд, орчин үеийн хэв маягаар дуулаад байгаа нь надад таалагддаггүй. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Ардын дуугаа дуулж байна гэдэг залууст үндэснийхээ урлагийг хайрлах сэдлийг өгч байгаа.

Уртын дууны үгийг ухаж ойлговол их том сургаал байдаг шүү дээ?

Аливаа юмсын учир шалтгааныг ухаж ойлгох нь л хамгийн гол мөн чанар байдаг. Дууг сонсоод л өнгөрөх нь өнгөц ойлголт юм. Залуучууд ардын болон уртын дууг хөгшин хүмүүс л сонсох ёстой гэж ойлгодог. Гэтэл эдгээр төрлийн дуунд илүү их ухаарал шингэсэн байдаг.

Уртын дууг сонсоход дотоод сэтгэлийн их амар амгаланг олдог. Тэр утгаараа шашинтай төстэй ч юм шиг санагддаг л даа?

Уртын дуу Баян бараат, Төв халх, Баруун аймаг, Зүүн аймаг, Боржигон гэсэн таван аялгуунд хуваагддаг. Эдгээрээс Баян бараат аялгуу нь буддын шашнаас үүдэлтэй. Баян бараат аялгууны дуу лам ном уншиж байгаа мэт аялгуутай, үгийн хувьд буддын шашны сургадаг ариуслын үгтэй. Үг, ая хоёул буддын шашинтай төстэй байдаг учраас энэ аягууны дууг дуулахад шашны ном уншсантай тэнцдэг.

Үндэсний урлагаа шинэчлэх шаардлагыг хүмүүсийн сэтгэлгээ тулгаад байх шиг?

Шинэчилж байна гээд уламжлалаа мартаж болохгүй. Уламжлал, шинэчлэл хоёрыг хамтад нь авч явах нь л бидний гол зорилго болоод байна. Залуучуудыг үндэснийхээ урлагт дуртай болгож, тэднийг сайн сайхан зүйлд уриалах нь маш чухал зүйл юм.

Бид үндэсний урлагаа хүмүүст хүргэхийн төлөө нэгдэж ажиллаж чадаагүй маань том алдаа байсан байх?

Бүх зүйлийг ганцаарчилж хийдэг байсан нь бидний маш том алдаа. “LEGEND” төслийн хамгийн гол онцлог нь хүн бүр өөр өөр ажлыг хийж байгаа.Төслөөрөө бид балетын урлаг, циркийн урлаг, дуучид, найруулагчийн баг гэх мэт олон уран бүтээлчдийг нэгтгэн ажиллаж байна.

“Шуранхай” хамтлагийн хувьд ч гэсэн нэг баг болон ажиллаж чадсан учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх?

“Шуранхай” хамтлаг хөгжмийн найруулга, клипний зураг авалт, тайзан дээр тоглосон найруулгын хувьд шинэчлэлийг авчрах гэж хичээн ажиллаж байсан. Түүний үр дүнд хүмүүст хүрч чадсан. Бид найруулгын хувьд шинэлэг байхыг хичээсэн, дуулалтын хувьд яг уламжлалаа барьсан, харин хөгжмийн найруулгын хувьд маш олон урсгалыг тухайн үед тайзан дээр тавьж байлаа. Урлаг өөрөө шинэчлэгдэж байдаг зүйл.

“Шуранхай” хамтлагийн тарсан шалтгаан юу байсан бэ, нууц биш бол?

Олон хүний сэтгэл зүрх нийлж хамтлаг бүтдэг. “Шуранхай” хамтлаг сайхан уран бүтээл олныг хийсэн. Гэхдээ эмэгтэй уран бүтээлчдийн өмнө тулгардаг нэг зүйл бол хувийн амьдрал байдаг. Тиймээс гэр бүлээ зохицуулахын тулд л хамтлаг тарсан даа.

Монгол үндэсний урлагийн нэгэн гайхалтай чанар нь хүүхдийг хүмүүжүүлдэг. Урлаг хүүхдүүдэд сайн хүн болохын суурь төлөвшлийг суулгаж өгдөг юм шиг санагддаг?

Монгол хүүхэд эхийнхээ гэдсэнд байхаасаа эхэлж бүүвэйн дуу сонсдог, хүүхэд төрөөд тууль, үлгэр, домог, уртын болон ардын дууг сонсож зөөлөн байдлаар хүмүүждэг. Гэтэл орчин үед хүүхдээ бүүвэйлэхээ болиод түүний оронд утсан дээрээ хөгжим тавьж сонсгоод унтуулчихдаг болсон. Ийм учраас бид үндэсний урлагаа сонсож байгаач ээ гэж залууст уриалаад байгаа юм. Гадны хөгжмийг битгий сонс гээд байгаа юм биш. Гэхдээ бид үндэснийхээ уянгалаг хөгжмийг бас сонсох хэрэгтэй. Хөгжим сонсож өссөн хүүхэд өр зөөлөн сэтгэлтэй, аливаа зүйлд эерэгээр ханддаг сайн хүн болон төлөвшдөг.

Ярилцсанд баярлалаа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцолж байв. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8,6 хувьд хүрч, энэ сарын байдлаар ядуурал 4,3 хувиар буурсан гэсэн үзүүлэлтүүд гарсан гэлээ. Түүнчлэн Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэв. Ноён Жэфф Готтлийб, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын байр суурь чухал болохыг дурдаж байв. Тэрбээр, Монгол Улс хоёр жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг нь сэргэж, бусад орнуудтай харьцуулахад хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн маш эерэг гарч байгаад баяртай байна гэлээ. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нар гарын үсэг зурсан юм.

Талууд гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, судалгаа, туршилт шинжилгээ зохион бүтээх, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын багийг оролцуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэх, технологи дамжуулахад хамтран ажиллана.

Мөн гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн стандарт, норм, нормативыг тогтооход шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах, харилцан дэмжлэг үзүүлэх, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар, симпозиум, уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах юм.

Энэ үеэр Гамшиг судлалын хүрээлэнгийн болон ШУТИС-ийн салбар сургуулиудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож хамтран ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сард гурван мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 95 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,294 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 882 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 761 иргэнд тус тус олголоо.

Categories
мэдээ улс-төр

Хутга тулган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

Хутга тулган айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал цагдаагийн байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэсэр сүмээс гандах өгсөн замд “Хутга барьсан айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 17 настай эмэгтэй А-г гэртээ харих замд нь эрхэлсэн тодорхой ажилгүй 30 настай эрэгтэй Б дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нар шуурхай илрүүлжээ. Уг этгээдийг эрэн сурвалжилж олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл долдугаар сарын 22-ноос эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургадугаар сарын 24-ний хуралдаанаар “Түрээсийн орон сууцад хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ-д өргөн барьсан билээ. Өнөөдөр НИТХ-ын хуралдах үеэр Нийслэлийн орон сууцны корпорцын захирал Б.Сүхбаатар дараах мэдээлэл өглөө. Тэрбээр, “972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид зарим дутуу ажил дээр анхаарал хандуулж байна. Мөн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам нь Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Харин Улаанбаатар хотын “Буянт-Ухаа II” дахь 972 айлын орон сууцын хувьд өөрсдийн гэсэн журам гаргаж дагаж мөрдөх хэрэгтэй байгаа. Энэ журам НИТХ-аар орж батлагдсаны дараа Хууль зүйн яам дээр очиж хянагддаг. Иймд бид тэр хугацааг харгалзаж үзээд түрээсийн орон сууцны бүртгэлийг долоодугаар сарын 22-ноос эхлэн цахимаар хийхээр төлөвлөсөн. Бүртгэл явагдаж дууссаны дараа наймдугаар сараас иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулна гэж бодож байна” гэв.

Categories
мэдээ

С.Нямдэлгэр: “Би” гэсэн үзлээр бус “бид” гэсэн санаагаар нэгдэж сайн дурын үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй

МУИС-ийн ШУС-ийн II түвшний оюутан С.Нямдэлгэртэй ярилцлаа. Тэрээр “Лантуун дохио” ТББ-ын гишүүн юм.

-Сайн байна уу. Та анх хэзээ, хэрхэн “Лантуун дохио” ТББ-д нэгдэж байв. Энэ талаар яриагаа эхлэх үү?

Сайн дурын ажил хийж үзье, хүнд тусалъя гэсэн бодолтой байсан. 2015 онд “Лантуун хүү”-гийн байшингийн нээлт болж байна, сайн дурын гишүүн бүртгэж авна гэсэн зар фэйсбүүкээс олж хараад нэг найзтайгаа цуг очиж сайн дурын ажил хийж үзсэн. Тэр үеэс хойш одоог хүртэл “Лантуун дохио”-д идэвхтэй ажиллаж байна.

-Сайн дурын аил хийхийн сайхан зүйл нь юу вэ. Таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Би сайн дурын ажил хийгээд 4 жил болж байна. Сайн дурын ажил хийгээд олон нийттэй харилцах, ярианы ур чадвар сайжрах, үзэл бодлын хувьд өөрчлөгдөх гээд маш олон давуу тал бий болсон. Гэхдээ сайн дурын ажлыг надад ямар нэгэн ашиг авчраасай гэсэн зорилгоор хийдэггүй. Аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүчирхийлэгч болох магадлалтай байдаг. Тэр хүүхдүүд миний төрсөн дүү, хамаатны дүү гэх мэт хүмүүстэй зэрэгцэн амьдарч байгаа. Магадгүй тэдэнтэй нэг гэр бүл, ойр дотны харилцаатай болж болно. Тэдний төлөө ямарваа нэгэн сайн зүйл хийх ёстой гэсэн үүднээс сайн дурын ажил хийсээр байна.

-Одоогоор ямар үйл ажиллагаанд оролцож байна вэ?

Одоо “Лантуун дохио” ТББ-д туслах менежерээр ажиллаж байна. Мөн “Ид шидийн орон 2” төслийн үйл ажиллагаанд бичил төслүүд дээр багийн гишүүнээр ажилладаг.

-“Лантуун дохио” ТББ-аас “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг БЗД-ийн 23-р хороонд барьж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Шидэт төгөл” ногоон байгууламжийн ажил эхлээд дууссан, одоо арчилгаа тохижуулалтын ажил хийгээд мөн байшингийн суурийн ажил хийгдэж байна.

-“Ид шидийн орон1,2 төслийн ялгаа юу вэ. Хэрхэн санхүүждэг вэ?

“Ид шидийн орон I”нь СХД-ийн 10-р хороонд байрлалтай. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, хүүхэд хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. “Ид шидийн орон II” бол нэг дэхээсээ 3,3 дахин том бүтээн байгуулалт юм. Энэ нь холбон зуучлах үйлчилгээ үзүүлж, бүх насныханд шууд болон дам байдлаар урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд хүргэх, хүүхдийн хөгжлийн ажлыг түлхүү хийх зорилготой. Санхүүжилтийн хувьд “Ид шидтэй ах эгч” хөтөлбөр хэрэгжүүлж ид шидтэй ах, эгч нарын дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд АНУ-д сурч ажиллаж амьдардаг хүмүүсээс 200 гаруй хүн өдөрт 1$ хандив өгч ид шидийн орны урсгал зардлыг шийддэг. Энэ жилээс Монголдоо “Ид шидтэй ах эгч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд өдөрт 100 төгрөгийн хандивыг тогтмол өргөдөг болсон. Дээрээс нь байнгын дэмжигч ид шидтэй ах эгч, албан байгууллагын хандиваар санхүүждэг.

-Иймэрхүү төрлийн сайн дурын ажил хийх явцад байхад бэрхшээлтэй бас сэтгэл эмзэглэм зүйлүүд тохиолддог байх?

Анх сайн дурын ажил хийж эхлэхэд гэр бүл мөн найз нөхөд дэмждэггүй, “хичээлээ хий, дэмий зүйлд хайран цагаа үрлээ, чамд ямар ашигтай юм” гэх мэтчилэн зөрчилдөг байсан. Одоо бол бүгд ойлгодог дэмждэг болсон.

Үйл ажиллагаанд оролцож байхдаа сэтгэл эмзэглэх олон кейстэй таарч байсан. Бид жил болгон “Ид шидийн уут” аянг зохион байгуулдаг. Аяны үйл ажиллагааг бүтэн сарын өмнөөс бэлдэн өөрсдөө малгай, ороолт гэх мэт зүйлийг хийж хүүхдүүдэд бэлэглэдэг. Энэ нь хүүхдийг баярлуулахаас гадна хүчирхийллийн тандалт, судалгааг цаагуураа хийгээд явж байдаг. Би “Ид шидийн уут” аянд анх алиалагч болж явж байсан. Тэр жил нийгмийн бодит төрхийг анх удаагаа тийм бодитоор харж мэдэрч явахдаа дөрвөн ихэр хүүхэдтэй, өрх толгойлсон эгчийнхээр орж байсан. Хүүхдүүд нь өвлийн хүйтэнд өдөр бүр хоёр км гаруй алхаж сургуульдаа очдог, зарим айлууд нь харьяалалгүй учраас тоггүй, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт явж чаддаггүй айлууд ч байна.

ид шидийн уут зурган илэрцүүд

-Сайн дурын үйл ажиллагаанд өсвөр насныхны оролцоо хэр байдаг вэ?

Манай байгууллагын үйл ажиллагаанд оролцдог сайн дурын 300-гаад гишүүд байдаг. Тэдний ихэнх нь оюутнууд, цөөн тооны ажил хийдэг хүмүүс байдаг. Арван жилийн сурагчдын хувьд насанд хүрээгүй учраас аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй, элсүүлж авдаггүй. Манай байгууллагаас гадна маш олон сайн дурын гишүүнчлэлтэй газарт залуучууд идэвхтэй ажилладаг болж байгаа юм билээ.

-Оюутан гишүүд их байдаг гэж байна. Тэд хичээл номоо ажлынхаа хажуугаар яаж зохицуулдаг бол?

Дургүйд хүчгүй гэдэг шиг аливаа зүйлийг хийх дургүй хүн зав гаргахгүй шүү дээ. Үнэхээр сэтгэлээсээ сайн дурын үйл ажиллагаанд оролцох, бусдад туслах хүсэлтэй хүмүүс олон байдаг учраас ихэвчлэн ажлын бус цагаар оролцдог. Заримдаа шөнийн 12, 1 хүртэл ажиллах үе ч байдаг. Манай гишүүд сэтгэлээсээ маш идэвхтэй оролцдог.

-Хувийн зүгээс сайн дурын үйл ажиллагаатай холбоотой ирээдүйн төлөвлөгөө бий юү?

“Лантуун дохио” ТББ-д цаашдаа идэвхтэй ажилласан хэвээр байна. Их сургуулиа төгсөөд “Ид шидийн орон II” хүүхдийн төвд ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Өөрийнхөө үеийн залууст хандаж зөвлөгөө уриалга хэлж болно?

“Би” гэсэн үзлээр бус “бид” гэсэн санаагаар нэгдэж тууштай, сайн дурын үйл ажиллагаанд оролцож, сурсан мэдсэн зүйлээ бусдадаа хуваалцдаг, хамтран суралцдаг байгаасай гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Э.АМИНАА

Categories
мэдээ нийгэм

ЖДҮХС-аас зээл авахаар 1411 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн, аж ахуйн нэгжээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХС-д ирүүлсэн байна. Эдгээрээс төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжжээ. Тодруулбал, 300 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн байна. Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна. ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт дөрвөн үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр танилцуулах аж. Мөн эцсийн шатны шалгаруулалтанд тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг олгож байгаагаараа өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж ЖДҮХС-гийн зүгээс үзсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Ази номхон далайн бүсийн орнуудын Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV конгрессийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.

Мөн энэ үеэр НОСК-ийн Орон сууцны ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг түрээсийн орон сууцны талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдэд танилцуулж, саналыг нь авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн зүгээс түрээсийн орон сууцны 5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээслүүлнэ гэж заасан байсныг 10 хувьд хүргэх, орон сууцнуудад харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдэд зориулан зам талбайг засч өгөх, цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргүүлэхдээ байнга дохионы хэлтэй явуулж байх зэрэг санал хүсэлтээ зөвлөлийн гишүүдэд хүргүүлэв. Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Эдгээр иргэдийн саналыг төлөвлөгөөний төсөл болон түрээсийн орон сууцны журамд тугах тал дээр холбогдох албаныхан анхааран ажиллах хэрэгтэй. Цаашдаа нийслэлийн Орон сууцны корпораци олон нийтийн телевизээр мэдээлэл хийхдээ албан ёсоор дохионы хэлээр хийж бай. Манай зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахаас гадна тэдний эрхийг хангах тал дээр хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Ялангуяа 972 айлын түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжээд эхлэхэд батлагдсан журмын дагуу хуваарилагдсан хэсэг дэх орон сууцнууд дээр хамтарсан хяналт тавьж ажиллахыг төлөвлөгөөний төсөл дээрээ нэмж тусга. Хэрэв зураг төслийн дагуу хийгдээгүй бол хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй” хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түрээсийн орон сууцны квотыг нэмэгдүүлж болох эсэх талаар судалж үзэхээр болов.