Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 28-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Сургуулийн цогц аюулгүй байдал” салбар дундын зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Улаанбаатар эдийн засаг форум” болно.

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Нууцлал ба олон нийтийн мэдэх эрх, төрийн ил тод нээлттэй байдал” зөвлөлдөх уулзалт болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын “Эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулах удирдамжийг танилцуулах уулзалт болно.

11.00 цагт Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Тавантолгойд “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн хаалт болно.

11.00 цагт Маршалын гүүрний дэргэд НОБГ-ын Аврах 105 дугаар анги, Цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд голын үерээс сэрэмжлүүлэх мэдээлэл өгнө. Утас: 88249813, 86150069

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос “Торгоны зам-2019” олон улсын уралдааны талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар мэдээлнэ. Утас: 91915340, 99047423, 99080827

11.30 цагт “Үндэсний мэдээллийн тѳв”-д МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлнэ.

14.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Алсын хараа_25” уулзалт болно. Утас: 89017101

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнгөрсөн 27 жилийн ялыг Ардчилсан Үндсэн хуульд маань үүрүүлдэг байна шүү

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд өнгөрсөн 27 жилийн ажилгүйдэл, Засгийн газар удаа дараалан солигдож ирсэн зэргийг Үндсэн хуулиас болсон гэж ярьцгаах юм. Энэ бүхний гол буруутан нь Үндсэн хууль бололтой, тэднийхээр. “Ийм муу Үндсэн хуультай учир сайжруулах гэж байна” гэцгээж байна. Харин Л.Болд гишүүн л Үндсэн хуулийг өмөөрч “Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн эсэргүүцэж байгаа. Энэ өөрчлөлтийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Үндсэн хууль гэдэг бүхэл бүтэн тогтолцоо, амьд организм. Үндсэн хууль шинээр төрж, улс оронтойгоо хамт хөгждөг зүйл. Нэг нам ерөөсөө Үндсэн хуульд гар хүрч болохгүй. МАН хоёр бүлэглэл болчихсон. Ийм байхад Үндсэн хуульд халдаж болохгүй. Нийт ард иргэдийн санал асуулгаар өөрчлөлтийг хийх ёстой. Тэгэхээр эд нарын хүссэн Үндсэн хууль батлагдахгүй учраас айсандаа парламентын хуйвалдаан хийх гэж байна. Өөрөөр хэлбэл дордуулсан долоог 20 болгох гэж байна. Тиймээс үүний эсрэг хатуу тэмцэх ёстой” гэж үнэнийг хэлж байгаа харагдлаа. Түүнээс бусад нь бүгд Үндсэн хуулиа газар дор ортол нь муулж сууна. Гэтэл өнгөрсөн 27 жилийн хугацаанд болж бүтээгүй юм болгон Үндсэн хуулиас болоогүй. Манай Үндсэн хууль бол сайн хууль. Монголчуудад боломж гаргаж өгсөн хууль. Өмчтэй болгосон, Ардчилал, эрх, эрх чөлөө олгож, хаана амьдрахаа иргэн хүн өөрөө сонгодог болсон. Үзэл бодлоо илэрхийлэх, шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь өгсөн. Товчхондоо хувь хүн өөрөө амьдралаа толгой мэдэн авч явахад хариуцлагыг нь хүлээлгэсэн хууль шүү. Үүний үр дүнд 1990 оноос хойш Монгол Улсын эдийн засаг 2012 онд 17 хувиар өсч түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрч байлаа. Өнөө жил эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрнэ хэмээн таамаглаад буй. Өмнө нь огт байгаагүй хувийн хэвшлийн салбар бий болж өнөөдөр гэхэд л Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлж байх жишээний.

Үндсэн хуулийг маш ихээр баалж, муулж буй нэг юм байна. Үе үеийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дунджаар 1.8 жил байсан бөгөөд 2000 оноос хойш арав гаруй Засгийн газрын нүүрийг үзэж, 300-гаад сайд гэх хүмүүс төрийн толгойд байсныг ярьцгааж байна. Засгийн газар тогтвортой байгаагүй нь Үндсэн хуулиас болоогүй гэдгийг бид мэднэ ээ. Монгол Улсын сүүлийн 30-аад жилийн түүх бидэнд хадгалаатай байдаг. Бүх үйл явдалд нь Монголын хэвлэл мэдээллийнхэн оролцож явсан. Засгийн газар байн байн солигдож, унаад байсан нь Үндсэн хуулиас болж уу, үгүй юу гэдгийг түүх сөхөхөд л мэднэ. Засгийн газар хэзээнээс, яаж огцорч эхэлснийг эргэн саная л даа.

1996 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж Засгийн газраа байгуулав. Ардчилсан намын даргаар Ц.Элбэгдорж ажиллаж байсан үе. Тэрээр тус сонгуулиар Баянхонгорт өрсөлдөн УИХ-д сонгогдсон түүхтэй. Баянхонгорт ялалт байгуулчихаад ганц, хоёр хоногийн дараа Улаанбаатарт ирэхэд нь тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат М.Энхсайхантай аль хэдийнэ үгсэж тохироод шинэ Засгийн газрын тэргүүнээр М.Энхсайханыг томилохоор тогтчихсон байсан. Ингээд М.Энхсайханы Засгийн газар гарч ирэнгүүт Ц.Элбэгдорж “Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэж гүйсээр байгаад М.Энхсайханыг унагасан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар бүрэлдээд нэг их удаагүй байтал М.Энхсайхан өөрийнх нь засгийг унагасан хонзонгоо авах гэж Ардчилсан нам дотроо “Хөдөөгийн 13” гэж бүлэг байгуулаад сөрөг намтайгаа хавсраад Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг хялбархан буулгачихсан. Ингээд оронд нь Ж.Наранцацралтын Засгийн газрыг байгуулав. Энэ Засгийн газар ч урт наслаагүй. Өмнөх хоёр Засгийн газарт хашиж байсан албан тушаалаа алдсандаа хонзогносон Соцдекүүд “Эрдэнэтийг Орост өгөх гэж байна” гэсэн утгатай “Эрдэнэтийн захиа” гэх хуурамч захиа гаргаж ирж шуугиан дэгдээж Ж.Наранцацралтын тэргүүлж байсан засгийг унагав. Энэ хуурамч захианы хэрэгт Соцдекүүд болон тухайн үеийн нэр бүхий гишүүд гар бие оролцож, идэвхийлэн хөөцөлдөж явсан даг. Одоо ч тэд улс төрд байж л байна. Үүний дараа Р.Амаржаргалын Засгийн газар бүрэлдсэн ч 2000 оны сонгуулиар буусан. Тэр сонгуулийн өмнө сонгуулиар гарч ирэх дараагийн намын дарга Н.Энхбаярт Ардчилсан намынхан ялаагүй байхад нь ялна гэж долигонож, түүнд зориулж Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт хийсэн билээ. Уг өөрчлөлтийн хоёр, гуравдугаарх өөрчлөлт нь асар их хор хохирол дагуулсан гэдэгтэй хэн бүхэн санал нэгддэг.

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн бол Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь “давхар дээл”-ийн асуудлыг бий болгосон. Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг Н.Энхбаярт зулгуйдаж ийнхүү хийсэн бөгөөд үүн дотроос огцруулах саналыг ил өгүүлдэг болсон нь маш том ухралт болсон юм. АН-ынхан зулгуйдсандаа, Н.Энхбаярыг огцруулчихаж магадгүй гэсэндээ, шил шилээ даран унаж, унагаж байсан үе үеийн Засгийн газрынхаа гашуун түүхээс сургамж авсандаа Үндсэн хуульдаа гар хүрсэн. Энэ нь ардчиллаас ухарсан маш том ухралт байсан юм. Үндсэн хуульд ийм өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүн аль нэг бүлэглэлийн гарт атгуулах эхлэл нь тавигдсан. “Чамайг ямар санал өгч байгааг харж байгаа шүү”, “Саналаа өгөхгүй байгаад үзээрэй. Чиний бизнес, карьертай чинь ярина шүү” гэж дарамталж “Дахиж нэр дэвшүүлэхгүй шүү” гэж сүрдүүлэн хүссэн зүгтээ дураараа залдаг болсонд хамаг учир байгаа юм. Ингэж парламент намын гарт орсон юм. Ингээд яахав үнэхээр АН-ынхны харснаар Н.Энхбаярын Засгийн газар бий болж, дөрвөн жил болоод дараагийн сонгуультай золгосон. 2004 онд МАН (МАХН), АН нийлж “Бүдүүн 62”-ын бүлэг гэж Эвслийн Засгийн газар байгуулж Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон ч 2006 онд Эвслийн Засгийн газрын сэнтий М.Энхболдод шилжсэн юм. М.Энхболдын хувьд намын дарга болчихоод намынхаа бүлгийн явцуу эрх ашгийг хангаж, Ерөнхий сайд хийх гэсэн хувийн амбицаараа Эвслийн Засгийн газрыг огцроход хамаг хүчээ чиглүүлсэн. Ингэхдээ хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй, зүгээр л Ерөнхий сайд болж хүчээ гайхуулж харуулах, засаг төрд гарч хувь болон намынхаа эрх ашгийг бий болгохын тулд урьд нь тохиролцсон Эвслийн Засгийн газрыг байхгүй болгочихсон хэрэг. Тэгж байтал М.Энхболдыг С.Баяр огцруулчихсан. Мөн л хувийн хүсэл шуналаар Оюу толгой зэрэг томоохон орд, уурхай, төслийг хөдөлгөж, дундаас нь хонжоо хайх гэсэн сэдлээр. Дундаас нь өөртөө болон өөрийнхөө бүлэгт юм унагаж, ашиг хайх гэсэн чин зорилго, хүсэлтэй байсан. Тэрээр олонхын дэмжлэг авч МАХН-ын дарга болонгуутаа “Эрх мэдлийг өгсөн шиг өг, хариуцлагыг ч үүрье” гээд Ерөнхий сайдын албыг хашсан. Гэвч тэрээр зорьж байсан хүслээ биелүүлчихээд 2009 оны аравдугаар сард эмчлүүлнэ гэсэн нэрээр Ерөнхий сайдын албаа өөрийн хүсэлтээр Сү.Батболдод өгчихөөд гадаад руу зугтаачихсан. Тэгээд яахав Сү.Батболдын Засгийн газар сонгуулиар унасан. Дараагийн Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг суусан. Гэсэн ч Ц.Элбэгдорж Таван толгой, Эрдэнэтийг луйвардаж авахын тулд тухайн үеийн Засгийн газрыг унагасан гэж тэргүүнээр нь ажиллаж байсан Н.Алтанхуяг өөрөө ярьдаг. Н.Алтанхуягийн дараа Ц.Элбэгдоржийн гарын хүн болох Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож, Эрдэнэтийг худалдаж авсан. Удаа ч үгүй Ч.Сайханбилэг сонгуулиар унаж Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдав. Тэгж байтал 60 тэрбумын асуудал нийгэмд шуугиан тарьж, МАН дотроо хоёр тал болж, 60 тэрбумынхыг Засгийн толгойгоос буулгая гэдэг нэрийн дор У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болох гэж намынхныхаа байгуулсан Засгийн газрыг унагасныг бүгд мэдэж байгаа.

Энэ бүхнээс Засгийн газар байгуулагдангуутаа л унаад байсан нь Үндсэн хуультай огтоос хамаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Ерөөсөө л улстөрчдийн хувийн өс хонзон, хувь хүний ааш аяг, шунал, өлөн ховдог зангаас болж үе үеийн Засгийн газар унаж, түүнийг дагаж улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг унаж босч иржээ.

Хэрвээ Засгийн газрын гишүүд, ард түмнээ төлөөлөн УИХ-ын танхимд сууж байсан гишүүд тулхтайхан шиг, хүн шиг хүн байж, төрийн түшээ шиг түшээ байсан сан бол энэ олон үйл явдал өрнөж, Засгийн газар тийм амар ганхахгүй байх байлаа. “Өө, больцгоо. Хоёрдугаар ээлжийнхэн л хоолондоо орно гэж байгаа ш дээ. Яах гэсэн юм бэ. Жинхэнэдээ бол наадах чинь улс оронд ямар ч ашиг өгөхгүй ш дээ” гэж хэлээд засаг унагах ажлыг дэмжихгүй сууж байсан бол энэ бүх огцролт, энэ бүх юм болохгүй байсан.

Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүд “Баян, хоосны ялгаа их болсон” гэх утгатай үг амнаасаа их унагацгаах боллоо. Манай Үндсэн хууль хөдөлмөрлөсөн хүн яаж ч баяжихыг зөвшөөрдөг, залхуурч хэвтсэн нь ч хоосон хонохыг зөвшөөрдөг хууль. Ажилтай нь баяж, ажилгүй нь ажилтайдаа ажилла гэсэн хүний нийгмийн үндсэн философитой. Баян, хоосны ялгаа гарлаа гэж наанаа орилоод байгаа энэ гишүүд тийм их санаа нь чилж байгаа бол ард түмэндээ цаанаа хураасан өөрсдийнхөө юмыг хуваагаад өгчих л дөө. Бид тэгш нийгэм байгуулна гээгүй, Үндсэн хуулиараа. Уул уурхайг дагасан элдэв асуудал хөндөгдөж, төрийн өмчийн асуудал яригдаж байна. Улстөрчид дагалдах зүсэн зүйлийн хэрэгтэй, хэрэггүй хууль гаргаж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлснээс л өнөөдөр үүсээд байгаа ойлгомжгүй асуудал босоод буй. Түүнээс бус газрын доорх баялаг төрийн өмч гэсэн заалт одоо ч бий. Тийм байтал яагаад энэ бүхэнд Үндсэн хууль буруутай гэж. Яагаад өнгөрсөн 27 жилийн ялаа Үндсэн хуульд үүрүүлж, тохоод өөрсдөө цэвэрхэн гарах гэж зүтгээд байна вэ.

Улс орноо баялагтай, ард түмнийг сайхан амьдруулах нөхцөлийг бий болгосон Үндсэн хууль маань улс төрийн болон эдийн шунал тачаалаа дийлж чаддаггүй, харалган бодолтой улстөрчдийн мунхаг үйлдлийн гол буруутан болж байгаа нь хамгийн гунигтай.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Товуусүрэн: Салбар хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарвал Үндсэн хуулийн төсөл хөгжил, дэвшлийг авчирна

-ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХАД АРД ТҮМЭН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ 900 ГАРУЙ МЯНГАН САНАЛ ИРҮҮЛЖ БАЙЛАА-


АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэнтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Таны хувьд ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, шавыг нь тавьж явсан хүний нэг. Тухайн үед эцэг хуулийг батлах үйл явц хэрхэн өрнөж байв?

-БНМАУ-ын Бага Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаас 1992 оны аравдугаар сард Шинэ ардчилсан Үндсэн хуулийн төсөл боловруулах үүрэг бүхий комиссыг байгуулан ажилд нь оруулсан юм. Тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбатын тэргүүлсэн комисс Төслийг боловсруулж, Улсын Бага Хурлын 1991 оны тавдугаар сарын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ийнхүү зургадугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд ард нийтээр хэлэлцүүлэх тухай тогтоол гаргаж байв. Уг хэлэлцүүлгээр ирсэн саналуудыг ангилан нэгтгэж, боломжтой саналуудыг нь Үндсэн хуулийн төсөлд тусган дахин боловсруулсан. 1991 оны аравдугаар сард Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэн мөн оны аравдугаар сарын 20-ны өдөр тогтоол гаргаж, Ардын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. 1991 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих үед гарах зарим харилцааг зохицуулах зорилго бүхий Үндсэн хуулийн хавсралт хуулийн төслийг Улсын Бага Хурал хэлэлцэж өргөн мэдүүлсэн байдаг. За тэгээд цааш нь бүх хүн мэдэж байгаа даа. Ардын Их Хурлын чуулган 1991 оны арваннэгдүгээр сард эхэлж уг төслийг 76 хоног хэлэлцэж, нэгдүгээр сарын 12 -ны өдөр баталсан шүү дээ.

-Ард нийт идэвхтэй оролцож байв уу?

Ард нийтийн хэлэлцүүлгийн үеэр орон нутгаас сонгогдсон депутатууд, Комиссын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, түүний Ажлын хэсэг, Улсын Бага Хурлын гишүүд, Тамгын газрынхан гол ажлыг нь зохион байгуулж, нугалсан.

Ард түмэн маань идэвхтэй оролцож, 200 гаруй мянган иргэн давхардсан тоогоор 900 гаруй мянган санал ирүүлсэн байдаг.

-Ачаалал нь хэр байсан бол?

-Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зөвхөн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах төдийгүй бусад олон асуудалд анхаарлаа хандуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий комисс, салбар комисс, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, түүний ажлын хэсэг, Улсын Бага Хурал, түүний аппарат нойр хагаслан зүтгэцгээсэн. Нэг зүйлийг тодруулахад тэр үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч хамт зүтгэцгээсэн.

-Ажлын хэсгийн тайлбарыг анхааралтай, нухацтай сонсож байсан гэдэг. Энэ талаар тодруулаач?

-Ардын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр Үндсэн хуулийн эхийг баригчаар Б.Чимид гуай, Д.Лүндээжанцан нар ажилласан. Депутатуудын асуултад хариулах саналын томъёоллыг гүйцээж хянах зэрэгт энэ хоёр л ачааны хүндийг үүрсэн. Түүнчлэн салбар комисынхан, дэд ажлын хэсгийнхэн ч их ажилтай байсан даа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ. Энэ өөрчлөлт дордуулсан долоон өөрчлөлт шиг шүүмжлэл дагуулахгүй гэдэгт та итгэлтэй байна уу?

-Төсөл санаачлагчдын бодож байгаа шиг, цаашид салбарын хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарч чадвал, энэ төсөл хөгжил, дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Одоогийнх шиг салбарын хуулиудаар зохицуулах зүйлээ дутуу хийчихээд Үндсэн хууль нь хууль нь буруу гээд шүүмжлэхгүй байх гэдэгт хойч үеийнхэндээ итгэх хэрэгтэй биз дээ.

-Энэ хэвээрээ батлагдвал эерэг өөрчлөлт авчирна гэж харж байгаа заалтууд юу байна вэ?

-Бүгдийг нь тоочиход цаг их орно. Улсын Их Хурлын зүгээс ерөнхий болон төсвийн хэрэгжилтэд тавих хяналт сайжирна. Засгийн газар тогтвортой ажилласнаар улс орны хөгжлийн хурдац нэмэгдэнэ. Шүүх, шүүгчид бие даан хараат бус, зөвхөн хуульд захирагдан шийдвэр гаргах нөхцөл бүрдэж, тэдэнд итгэх олон түмний итгэл дээшилнэ. Нутгийн удирдлагын тогтолцоонд төсөлд заасны дагуу зарчмын шинж чанартай өөрчлөлт хийгдвэл үр дүн нь ард түмэнд өгөөжтэй байх болно.

-Гишүүд санал, шүүмжлэлээ хэлж байна. Тэр дундаа Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлж байгаа юм биш биз гэдгийг ч онцолж байна.

-Ерөнхий сайд, сайд нараа томилох эрхтэй болсныг л хэлээд байна аа даа. Парламентын засагтай улсын жишигт л ойртуулж байна. Манай Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийн нэг салаа болох Ерөнхийлөгч харьцангуй өндөр эрх мэдэлтэй. Улс төрийн талаас нь харвал энэ хоёр хүчээ нэгтгэж болно. Мөн тодорхой асуудлаар байр суурь өөр өөр ч байх тохиолдол байхыг үгүйсгэж болохгүй. Ямартай ч нэгдвэл хөгжилд тустай, зөрчилдвөл аль алиныгаа хязгаарлах ач холбогдолтой.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулсан нь улстөржилтийг улам нэмэгдүүлэх нь гэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ямартаа ч улс төрийн нэг сонгууль явагдахгүй болно. Тодруулбал, аймаг, нийслэлийн сонгууль болохгүй. Тиймдээ ч улстөржилт ихэснэ гэж харахгүй байгаа.

-Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь буруу гэж байна. Гадны жишигт ямар байдаг юм бэ?

-Дэлхийн цөөхөн улсын Үндсэн хуульд ийм зохицуулалт байгаа. Ер нь шүүгчдийг бүх насаар нь томилоод хариуцлагыг нь тодорхой хүлээлгээд зэрэг дэвийг нь бууруулаад, огцруулаад байж чадах юм бол заавал хугацаа заах хэрэгтэй эсэхэд эргэлздэг. Гэхдээ Монголын онцлог гэх үү дээ. Хугацаа тавина гэсэн санал давамгайлдаг юм билээ. Энэ тохиолдолд хэт богино хугацаа тавибал Дээд шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаанд сэв сууна гэж үздэг учраас 12 жил гэж тавъя гэсэн хуульч эрдэмтдийнхээ саналыг хүндэтгэж байгаа. Ямартаа ч нийтлэг эрх ашигтаа харшлахгүй биз ээ.

-Дордуулсан долоон заалтыг өөрчлөх хүрээнд Засгийн газрыг огцруулах үед илээр санал хураалт явуулахгүй болгож өөрчлөх гэж байна гэх юм. Ийм өөрчлөлт орж байгаа юу?

-Энд ойлголтын зөрүү байх шиг байна. Томилгооны үед илээр санал хураалт явуулах нь улс төрийн намын дарамт, гишүүний саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан гэж шүүмжилдэг. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох болон хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж заасан нь саналаа гаргах үндсэн хэлбэр нь ил санал хураалт болохыг бүдгэрүүлж уншигддаг юм л даа. Ер нь санал хураах үндсэн хэлбэр нь ил байх зарчмыг л тодотгосон хэрэг. Хуулиар Засгийн газрыг огцруулах санал хураалтыг нууц байна гэж тогтоовол нууцаар л санал хураана гэсэн үг шүү дээ. Ер нь бол томилгооны санал хураалтыг нууц санал хураалтаар явуулбал хэн нэгнээс хараат бусаар саналаа илэрхийлэх боломжийг нэмэгдүүлдэг гэдэг утгаар нь санал хураалтын энэ хэлбэрийг ашиглах нь дэлхийн улс орнуудад нэлээд түгээмэл юм байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

Жа лам Дамбийжанцангийн суурингаас эхэлсэн 70 жилийн нөхөрлөл

Өвөр эгнээ, зүүн гар талаас М.Баяжаргал, З.Нямаа, Б.Насанжаргал. Арын эгнээнээс Т.Гун-Аажав, Э.Бямбажав, Б.Надмид.

Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн дөнгөж эхэлж байсан 40-өөд оны сүүлч, 50-иад оны эхэн үе. Бичиг соёлын хувьсгал бас л нэгдэлжих хөдөлгөөнтэй зэрэгцэн алс хөдөөгийн ард түмний хаалгыг тогшиж эхэлсэн цаг. Хүүхэд багачуудаа малын зах татуулж, гар хөлдөө түшиг хийдэг малчин ард тэр үед нийтээрээ байв. Сургуулийн насны хүүхдүүдтэй айлыг багш нар хөтөлгөө морьтой зорин очиж, гэрийн эзнийг ятгаж, гуйж, уурлаж, сүрдүүлэн байж хүүхдийг нь булаах шахуу аваад сумыг зорино. Зарим айл нь хүүхдээ нууна, насыг нь дарна. Боловсрол гэдэг хэтийн амьдралыг нь хэрхэн өөрчлөх тухай төсөөлөлгүй нийгмийн хүмүүс өөр яах ч билээ.

Тийм л цаг үед бусдын шаардлагаар бичиг соёлын мөр хөөж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн 70 жилийн амьд гэрч болсон нэгэн ангийнхан энэ удаагийн дугаарын зочин болов. Дашрамд дурдахад, тэдний дундаас БНМАУ-ын Ардын их хурлын депутат, Сангийн сайд, гадаадад суух Элчин сайд, гавьяат багш, доктор профессорууд төрснийг тэмдэглэх учиртай.

Увс аймгийн Ховд сум нь одоогийн Өмнөговь сумын Баянгол багийн нутаг болох Мунживын уул хадны хажууханд Жа лам гэдгээр танигдсан Дамбийжанцангийн байгуулсан суурингийн хойно байрлана. Жа лам Дамбийжанцан ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн хуудсанд өөрийн ул мөрөө тодхон үлдээсэн харь улсын гаралтай нэлээд хүмүүс байдгаас Хаант Орос улсын харьяат Жа лам хэмээн олноо алдаршсан халимаг үндэстэн юм. Жа лам нь Манжийн дарлалыг эсэргүүцэгч, Баруун Монголд дөрвөн ойрадын улсыг байгуулахын төлөө дэврүүн үзэлт, Ховдыг чөлөөлөх байлдааны нэг гол удирдагч, Монголын баруун хязгаарт зэвсэгт дээрэм хийж байсан Хасагийн дээрэмчдийг бут цохин устгасан цэргийн чадварлаг удирдагч байсныг зурвас дурдах нь зүйтэй.

Ховд сумын дөрвөн жилийн бага сургуульд 1948 онд сум болон багийн хүүхдүүдийг элсүүлж хоёр бүлэгт хуваажээ. Тус бүр нь 30 гаруй хүүхэдтэй 1-А, Б бүлгийнхэн хоёр гэрт хичээллэнэ. Сургууль нь тэр. Сургуулийн дотуур байр гэгдэх бас нэгэн гэрт 50-иас цөөн толгой малтай айлын хүүхдүүд сууна. Бусад нь хамаатан садан, сургуулийн багш, тогооч нарын гэрт хоёр, гурваар амьдрах болжээ. 1-А бүлгийн багш Сайндаа, Б бүлгийг Жигзмаа багш даан авчээ. Хичээлийн эрхлэгч Чадраабал, сургуулийг Жав гэх эрхэм удирдаж байж.

Баянбатын Балган, Баянзулын Бал, Монтгорын Баянжаргал, Эрдэнийн Бямбажав, Түвдэний Гун-Аажав, Батхишигийн Надмид, Бугын Насанжаргал, Осорын Ноосонхөх, Замбын Нямаа, Сайндаан Цагаан, Лхүндэвийн Цэвээндулам, Гэцэгийн Шийтэв, Осорын Хөххүүхэн, сахилгагүй Тарав, өндөр нуруутай Тоодой, дарсгар Онкуудай, унтдаг Ширнэн, шагширдаг Янжив, амтлагч Нохойжав, жижиг Жаргал, Дарьжав, Ядамцоо, Дорж, Сүрэнжав нарын 60 гаруй хүүхэд тэртээ 1948 онд алс баруун хязгаарын буйдхан суманд хоёр гэрт хуваагдан сурч эхэлжээ. Эдүгээ тэдгээр сурагчдаас 10 гаруй нь амьд сэрүүн байж сурагч үе, нэг анги, төгсөлтийнхөө хамт олон, сургууль, багш нараа дурсаж, улиран одсон бүхэл бүтэн 70 жилийн түүхийн хуудсаа сөхөж баяртай, гунигтай, сургамжтай түүхийг хойч үедээ хэлж үлдээхийг чухалд үзэж буйгаа илэрхийлсэн.

Ангийн анд Т.Гун-Аажавын II ангидаа шагнуулсан сайшаалын үнэмлэх

Тэд хамгийн анх босоо монгол бичиг заалгаж эхэлжээ. Сурагчид зөвхөн үсгээ нүдлэхтэй зэрэгцээд орон даяар кирилл бичигт нэвтэрч, 35 үсгээ сурч эхэлсэн гэнэ. Аав ээж, ар гэрээсээ хол суурин газарт суусан хүүхдүүд байсхийгээд л оргодог байсныг ангийнхан хуучилж байна. Хичээлд суугаад удаагүй Чацарганат багийн Т.Дэрмээ, Т.Гун-Аажав, Д.Ганжуур гурав оргоод 60-70 км газар явган гүйж харьжээ. Орой нар шингэх дөхөж байхад сумын төвөөс оргоод шөнө Хөх хөтөл гэдэг газарт түр унтаад маргааш нь бага үдийн хэрд гэртээ очиж байжээ. Тэднээс гадна Бямбажав, Шийтэв хоёр гэхэд сургуулиасаа оргож яваад чөтгөртэй таарсан паянтай гэнэ. Гэрээ зүглэн алхах замд нь харуй бүрий болоход чөтгөрөөс айж хадны хажууд бээрэгнэн шөнийг баржээ. Үүр цайнгуут харахад айлын хажууханд ирсэн байж. Нөгөө чөтгөр гээд айгаад байсан нь айлын хүн морио чөдөрлөж идээшлүүлээд хазаараа хангинуулан дуу чимээ гаргасныг нь андууран боджээ. Сургуулиас оргосон сурагчдыг багш нь морьтой хөөсөөр барьж аван буцаадаг байсныг хуучиллаа.

Нэгдэлжих үеийн нийгэм тэр чигээр шинэчлэгдсэн тухай хөгшчүүд ярих нь бий. Хүүхэд багачуудын хувьд тэр нь бүр сонин содон байж. Зочин ангийнхны хувьд сумын төвдөө анх удаа машин гэгч газар дээгүүр өөрөө явдаг төмөр эд ангийг ирэхийг харж, мэл гайхаж цэл хөхөрч байжээ. Аймгийн төвөөс шуудан хүргэж ирсэн машиныг харсан сурагчид сониучирхан нууцаар ачаан дээр нь сууж, зүүгдэж яваад жолоочид нь тас загнуулжээ. Морь мал бол машины дуунаар л үргээд хэдэн зуун метрт давхиад явчихдаг байж.

Сурагчдын нийгмийн байдал бас л өнөө үеэс ондоо. Соёлын довтолгоо эхлээгүй байсан үе. Оо, сойз хэрэглэх битгий хэл дотуур өмд ч өмсч мэдэхгүй. Угаасаа дотуур өмд тэнд байгаагүй хэрэг. Зуны улиралд даавуун өмд, өвөл нэхий өмдийг шууд углана, бөөстөнө. Идэх хоол гэвэл хивэгтэй гурилыг махтай хольсон лапша л иднэ.

Ховд сумын бага сургууль дөрвөн жилтэй. Дөрөвдүгээр ангиа төгссөн олонх хүүхэд хөдөө мал дээрээ гарчээ. Нэг жилийн дараа сум дунд сургууль нээж, дөрөвдүгээр анги төгсөгчдөө дахин цуглуулж суулгасан гэдэг. Тэдний дундаас Монгол Улсад хариуцлагатай, өндөр алба хашиж явсан олон эрхэм төрөн гарчээ. Эрдэнийн Бямбажав гэж Монголын анхны таван яамны нэг Сангийн яамыг хоёр төрийн үед удирдаж явсан, Казахстан улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан эрхэм бий. Тэрээр 70 жилийн тэртээ бор гэрт бичиг үсэг сурсныхаа ачаар яам тамгын газрыг удирдаад зогсохгүй Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Ардын их хурлын депутат, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв шалган байцаах комиссын дарга, Монголын парламентын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Оросын хамтарсан Эрдэнэт, Монросцветмет, Улаанбаатар төмөр замын ТУЗ-ийн гишүүн зэрэг нэр хүндтэй албыг хашиж явсан гавьяат эдийн засагч, судлаач, профессор юм. Одоо тэрээр “Их тусч” ХХК-ийг удирдан ажиллуулж байна. Сурагчид битгий хэл ижий аав нь тухайн үеийн нийгэмдээ бат итгэн үнэмшсэн байсан олон дурсамжит явдлыг хуучилсны нэг нь Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч Э.Бямбажав гуайн яриа. Тэрээр “Би аравдугаар ангиа төгсөөд ЗХУ руу сургуульд явсан юм. Эрхүүд очоод нэгдүгээр ангиа төгсөөд амралтаараа гэртээ иртэл аавыг маань их л шоолох янзтай байв. Юу болов гэтэл нэг айлын найран дээр аав согтоод ингэж хэлсэн байгаа юм. “Дайны үед адуугаа Орост өгч байлаа. Одоо нэг хүүгээ Орост өглөө” гээд уйлж байсан гэнэ лээ. Хүүгээ буцаж ирнэ гэж бодоогүй хэрэг л дээ. Тийм л нийгэм байсан. Бүдүүлэг гэж хэлж болох ч Монгол Монголоороо л байсан үе юм шүү” хэмээсэн билээ.

Эдний төгсөлтийн онц сурлагатны нэг Т.Гун-Аажав. Бага сургуульд орохдоо шинэ үсэгт тайлагдсан үнэмлэхтэй, дөрвөн аргын тоо боддог байсан тул онц сурлагатан тэргүүний сурагч байж.Түүний бага сургуулийн II ангид суралцаж байхдаа шагнуусан сайшаалын үнэмлэхийг одоо харахад их сонин юм. Т.Гун-Аажав гуай 1974 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд Физик-математикийн ухааны дэд докторын зэргийг хамгаалсан. 1979 оноос МУИС-д Биофизикийн тэнхим байгуулан эрхлэгчээр нь 20 гаруй жил ажиллаж, 300 гаруй шавь бэлтгэснээс 30 гаруй нь эрдэмтэн доктор, төрийн шагналтан төрөн гарсныг бахархан ярилаа. Тэрээр 1999 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын зэргийг биофизикийн мэргэжлээр хамгаалж, 200 гаруй ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл тууриван гадаад, дотоодын хэвлэлүүдэд нийтлүүлээд байгаа аж. Түүнийг физик-математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж 2005 онд Монгол Улсын гавьяат багш цол хүртээжээ. Дотоод, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүүхдүүд энэ ангид олон юм. Увс, Архангай, Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуйн материаллаг баазыг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, эмийн ургамлаар эмчилгээний бэлдмэл хийх цех байгуулж, усалгаатай газар тариалан хөгжүүлэх, мал бордооны ферм байгуулах санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн хүн зочин ангийн хамт олны нэг Б.Балган юмсанж. Тэрээр ЗХУ-ын Коммунист намын дээд сургуулийг хөдөө аж ахуйн чиглэлээр дүүргэж ирээд олон аймагт ажил мэргэжлийнхээ үрийг тарьжээ. Хөдөө аж ахуйн салбарт нэрээ дуурсган үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн цуваа тасардаггүй юм байна. Б.Насанжаргал малын бага эмч мэргэжил эзэмшин Ховд, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймагт мэргэжлээрээ ажиллаж явжээ. Тэрээр бас Ардын их хурлын үе үеийн депутат бөгөөд 1981 онд Ховд аймагт ажиллаж байхдаа Алтайн уулархаг бүс нутгийн их нууруудын сав газар орчмын бэлчээрийн аж ахуйг бэхжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Төгсөлтийнхнөөс сургууль соёлын мөр хөөсөн хүмүүс байсан бол бичиг үсэг тайлагдаад мал дээр гарсан нь ч цөөнгүй аж. Батхишигийн Надмид тэдгээр хүүхдүүдийн нэг. Тэрээр ангийнхан дундаа шог хөгжилтэй ярьдгаараа гаргуун нэгэн байж. “1948 оны намар Ховд сумын Улиастай бригадын бага сургуулийн I ангийг төгссөнөөс хойш олон жил улирчээ. Тэд ангийн нөхэдтэйгөө уулзаж үүх түүхээ ярилцах юмсан гэж их бодогдох юм. Одоо ч сэрүүн тунгалаг нь цөөхөн болоо биз дээ. Биднийг бага сургуульд суралцаж байхад сумын дарга нь Магнайн Ойдов, сургуулийн захирал Баатар, Алтан гадас одонт, настай эмэгтэй багш Сайндаа, залуу багш одоогийн Батсуурь аваргын ээж Пүрэв, намын дарга Буянжаргал, хоршооны дарга Сунгарав, артелийг Равдан, дэлгүүрийн худалдагч Үрчээн, хүний эмч Нортууз, малын эмч Каниад, багш Мундуу, Дамбын Лхам, Гомбожав нарыг санаж байна. Олон жил өнгөрсөн болохоор ихэнхийг нь мартжээ. Хүүхэд нас гэдэг хүний амьдралын алтан үе юм даа” хэмээн хуучилж байна. Ангийнхан дотроос гэр бүл болсон нь Б.Нямжав, О.Хөххүүхэн хоёр аж. Тэд гэр бүлээрээ нутагтаа малаа маллаж YII, YIII таван жилийн гавшгайч болж байсан сайн малчид ажээ.

Бага сургуулиа төгсөөд шууд аймгийн дунд сургуульд элсэн суралцсан цөөхөн хүүхдийн нэг бол З.Нямаа гэнэ. Урлагийн авьяастай, хичээлдээ ч сайн тэрээр ангидаа мисс гэгдэж байж. З.Нямаа хожим Улаанбаатарт Анагаах ухааны дээд сургуульд элсэж хүний их эмч мэргэжлээр төгссөн байна. Тэрээр ард олны эрүүл энхийн манаанд 56 жил тасралтгүй ажилласан буянтан ажээ. З.Нямаа гуай МХЗЭ, МҮЭ, МАХН, Ахмадын хорооны сонгуульт ажлуудыг хариуцлагатай хийж ирсэн аж. Ингэж нэрлэх арвин баялаг амьдрал, түүхтэй хүмүүс эдний дунд олон байна.

Эрдэм боловсрол гэдэг хүрээлэн байгаа орчин, нийгмээсээ үл хамаарч үнэлж баршгүй боломжийг олгож, амьдралыг өөрчилдөг болохыг Жа лам Дамбийжанцангийн суурингийн дэргэд хэдэн бор гэрт бичиг үсэг тайлж суусан бортгор жаалуудын 70 жилийн түүхээс цухас дурдахад ийм байна. Энэ дашрамд Увс аймгийн Ховд сумын бага сургуулийг 1948-1952 онд төгссөн 1А, Б ангийн хамт олон, тэдний үр хүүхэд, ач зээ нарт сайн сайхныг хүсч буйгаа нийслэлд суугаа ангийн нөхөд уламжилсан билээ.

Б.ЭНХЗАЯА

Б.АМИНА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Нэгийгээ харсаар байж үхүүлэх шиг аймшиг хүн төрөлхтөнд байдаггүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Нэгийгээ харсаар байж үхүүлэх шиг аймшиг хүн төрөлхтөнд байдаггүй” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн төсөлд төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтална гэж тусгасан” хэмээн ярилаа.

“Айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж хүүхэд тогонд цохиулж амиа алдлаа” гэж “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

“Нэг ангийнхан” нүүрт “40 жилийн уулзалтаа хамтдаа тэмдэглэсэн нэгэн үеийнхэн” хэмээн бичсэн байна.

“АНУ-д Ардчилсан намын анхны сунгаа болов” гэж “Дэлхий мэдээ” нүүрт бичжээ.

“Утга зохиол” нүүрт“Хүүхдүүд түүнийг сонгодог” хэмээх шүүмж нийтлэл бичив.

“Хууль, эрхзүй” нүүрт “МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн өөрчлөлтөөс сайн заалтууд нь хасагдаж, муу заалт ороод ирэхийг үгүйсгэх аргагүй” хэмээн ярилаа.

“С.Амарсайханыг огцруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх байсан ч санал хураахаас татгалзав” хэмээн “Улс төр” нүүрт бичив.

“Цаг үе” нүүрт “П.Нямдаваа: Одоогийн үйлдвэрлэлийн аргууд хорин жилийн дотор бүгд 3D принтингээр солигдоно” хэмээн өгүүлжээ.

“Хүмүүс” нүүрт “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр: Бид цөөхөн ч дотроо гал халуун сэтгэлтэй ард түмэн” хэмээн ярьсныг уншаарай.

“Эдийн засагч, доктор Г.Рагчаасүрэн: Сонгуулийн амлалт болгож төсвийн зардлыг нэмбэл ОУВС санхүүжилтээ бууруулж мэднэ” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы “Ном ярьж өгье” буланд “Би сэтгэдэг учраас тоглодог” хэмээх номын тухай өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

С.Батбаатар: Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийлээ.

ТАЙЛБАР, НЯЦААЛТ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь өөрчлөлтийг хугацаа алдаж, хойшлуулалгүй хийх нь зөв гэж дэмжиж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм уулзалтуудыг хийж байгаа билээ.

Энэ үеэр төрд хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, засаглалын институцүүдийн харилцан хяналт-тэнцэл, төрийн тогтвортой байдлыг хангах талаар голлон тайлбарласан. Түүн дотроо УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, шүүх эрх мэдлийн байгууллагад шударга ёсыг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах чиглэлээр асуултад хариулах үеэрээ онцолж ярьсан юм.

Иргэдээс шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх талаарх асуудлыг олонтаа хөндөж байгааг тэрбээр хэлж, эдгээр саналыг дэмжиж байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн.

Түүнээс Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно.

Ийнхүү зориуд санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна.

Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй билээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунхорол: Хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар тайлбар мэдээллийг өгсний дараа төслийг бүхэлд нь буюу Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой хэсгийн танилцуулгадаа “УИХ өөрөө хариуцлагатай байж, нийгэмд үлгэрлэх ёстой гэдэг шүүмж, шаардлагыг иргэд тавьдаг. Эл асуудлыг энэ удаагийн парламент чухалаар авч үзэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг холбогдох хууль журамд өөрчлөлт оруулснаас гадна энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр тусгасан.

Хуулийг 20 гишүүн бус 39-ээс дээш гишүүн баталдаг байхаар заалт төсөлд тусгалаа. Мөн ээлжит чуулганы хугацаанд 50 хоног хуралддаг байсан бол одоо 75-аас дээш хоног болгох гэж байна” хэмээн онцолж хэлэв.

Уулзалтад 300 гаруй хүн оролцон асуулт асууж, саналаа бодлоо илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Бизнес хѳрѳнгѳ оруулалтын анхдугаар Чуулга” уулзалтанд 200 гаруй тѳлѳѳлѳгч оролцоно

“Дэлхийн Монголчуудын бизнес хѳрѳнгѳ” оруулалтын чуулга уулзалт ирэх дугаар сарын 9-нд болох гэж буйтай холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.Энэхүү чуулга уулзалт нь Монгол
улсын Ерѳнхийлѳгчийн ивээл дор анх удаа зохион байгуулагдах гэж байгаа юм.

Чуулгын гол зорилго нь хилийн чанадад амьдарч буй монгол
иргэд болон дэлхийн улс орнуудад амьдарч байгаа монгол угсаатнуудын олон талт
харилцааг ѳргѳжүүлэн цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх явдал бѳгѳѳд ерѳнхий
зохион байгуулагчаар Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо ажиллах аж. Энэхүү чуулга уулзалт нь “Эвтэй бол хүчтэй” уриан дор хоёр жилд 1 удаа зохион байгуулагдахаар болсон ба
одоогоор 20 гаруй орноос 200 гаруй тѳлѳѳлѳгч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн
байна.

Түүнчлэн цагаан идээ, хорхой ааруул, импортоор худалдан авах 100MB-ын
нарны сэргээгдэх эрчим хүчний хавтан батерей нийлүүлж хамтарч ажиллах, хатаасан махны үйлдвэр байгуулах, ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн эсгий
гутал худалдан авах, өнгѳт хог хаягдал боловсруулах үйлдвэртэй хамтарч ажиллах, чацарганын бүтээгдэхүүн импортоор авах зэрэг нэлээд олон санал ирсэн хэмээн
Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны захирал О.Заяа онцлов.

Т.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянана

Маргааш /2019-6-28/ 9.30 цагаас эхлэх ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож ногдуулах, төлбөрийн хэмжээ нь ямар байх, нэмэлт төлбөрийн хувийг хэрхэн тодорхойлох зэрэг зохицуулалттай холбоотой заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Эдгээр заалтууд Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, иргэдэд дарамт учруулсан, нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болсон, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хаасан, давхар татвар ногдуулсан зохицуулалт болсон байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн билээ. Мөн заалтууд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 /Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна/, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг / Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна/ зөрчсөн гэж иргэн үзсэн байна хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-олон улсын медиа урлагийн наадам” энэ сарын 21-нээс эхэлнэ

Монголын Урлагийн зѳвлѳл соёлын олон тѳрлийг хѳгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг дѳрѳв дэх удаагаа буюу 2019 оны зургадугаар сарын 21-нээс долдугаар сарын 7-ны хооронд Үлэг гүрвэлийн музей, Сайншанд хот, Хамрын хийд болон “ MN17 Галерей”, Playtime амьд хѳгжмийн наадмын талбайд зохион байгуулахаар боллоо.

Тус наадмын зохион байгуулагчаар Гёте институт, ивээн тэтгэгчээр Нидерландын Стимулеринг сан, АНУ дахь Монголын Урлагийн Зѳвлѳл, MSM групп, Нидерландын TodaysArt, UBINN зочид буудал, Үлэг гүрвэлийн тѳв музей, тус тус ажиллахаар болсон хэмээн “Монголын урлагийн зѳвлѳлийн гүйцэтгэх захирал” О.Одгэрэл мэдээллээ. Мөн энэхүү наадмын хүрээнд Гёте институттэй хамтран “Нүүдэл суудлын хүүрнэл” зүүн ѳмнѳд Ази, Монгол АНУ-ын 14 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнг Азийн шинэ залуу 8 куратор дэглэн зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 7-ны хооронд “MN17” галерейд олон нийтэд үнэ тѳлбѳргүй толилуулах аж.

Т. ЛХАМСҮРЭН