Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт орон даяар эхэлнэ

Image result for Тахлын вакцин

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны 7 дугаар сарын 1-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд 32,400 хүн тун вакциныг хүргүүллээ. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандана.

Дархлаажуулалтад:

  • Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
  • Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
  • Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж хүүхэд тогонд цохиулж амиа алдлаа

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын орчим бага насны хүүхэд тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ерөнхий боловсролын сургууль амарсан тул хүүхдүүд ихэвчлэн орон сууцны гадаа, гудамж талбай, хашаандаа тоглож өдрийг өнгөрүүлж байгаа. Тэгвэл олон жилийн эдэлгээнд гэмтсэн, мэргэжлийн бус хүн холбосон, шалбарсан зэрэг цахилгааны утсыг шалгаж, засаагүйгээс болж бороо ороход богино холбоо үүсэх эрсдэл бий болжээ. Үүнийг нь мэдэхгүй хүүхдүүд тоглож байгаад санаандгүйгээр тогонд цохиулж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаагийн нэг жишээ энэ аж.

Хүү ээж, ах, дүүгийн хамт амьдардаг байжээ. Осол болсон өдөр хүү нагац эгчийнх рүүгээ ээжийгээ дагаж явсан байна. Ингээд ээж нь гэрт байх зуур хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад цахилгаанд цохиулжээ. Хашаанд хоёр гэр байсан аж. Нэг айлаас нөгөөх рүү цахилгаан татаж, утсыг газраар явуулж, залгаа хэсэг дээр нь төмөр тавьж “хамгаалсан” байж. Улмаар бороо орж, газар норсны дараа тоглож явсан хүү бүдэрч унан төмөрт хүрснээр цахилгаанд цохиулсан бололтой. Тухайн үед хамт тоглож байсан хүүхдүүд болсон үйл явцыг харжээ.

Цагдаагийн байгууллагаас “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт шалтгаан нөхцөлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлжээ. Хэрэг гарсны дараа тус салбарын ажилтнууд очиж цахилгааны гэмтлийг засварласан байна. Одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, үхэлд хүргэсэн шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж. Шинжээчийн дүгнэлт гарч, хэргийн нөхцөл байдал тодорхой болсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэний буруутай үйлдлээс болж цахилгааны гэмтэл үүссэнийг эцэслэн тогтоох процессоор явах гэнэ.

Ер нь ахуйн ослоос болж үр хүүхэд нь хохирсон тохиолдолд эцэг, эхэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтгүй. Харин Зөрчлийн хуулиар хараа хяналт алдсан гэх үндэслэлээр торгох зохицуулалт байгааг алба хаагчид хэлсэн юм. Он гарснаас хойш таван эцэг, эхэд зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ.

Хэргийн талаар “УБЦТС” ТӨХК-иас тодруулахад “Хэргийн талаар мэдээлэл авсан. Гэхдээ энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” хэмээж байна. Ер нь мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар “УБЦТС” компани тоолуурын шит хүртэл хэсгийг хариуцдаг байна. Үүнээс цааших хэсгийг айл өрх хариуцдаг аж. Мөн шинээр тог татаж байгаа айл өрхүүдэд техникийн нөхцөлийг хангасан холболт хийж өгөх үүргийг дээрх байгууллага хүлээдэг аж. Айлуудын цахилгааны утасны гэмтэл, доголдлыг шалгах, хянах мэргэжлийн хүний орон тоо байдаггүй. Тоолуурын заалт тэмдэглэдэг хүн л бий аж. Тиймээс тоолуурын шитнээс дотогш буюу хашаа, гэр доторх цахилгааны аюулгүй байдлыг хувь хүн, өрх айл өөрөө хариуцна гэсэн үг юм. Харамсалтай нь монголчууд цахилгааны холболт хийхэд мэргэжлийн хүнд ханддаггүй, өөрсдөө дур мэдэн хийдэг. Олон жил болсон цахилгааны утсыг шалгадаггүй, ил гарсан утсыг гялгар уут зэргээр уяж аргацаадаг, эсвэл тоосго зэрэг зүйл тавьж өнгөцхөн ханддаг нийтлэг зөрчил байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс гадна хашаандаа айл буулгаж түрээслүүлдэг хувь хүмүүс олон тооны цахилгааны утас татдаг явдал нь аюулгүй байдлыг хангадаггүй нийтлэг зөрчил байгаа аж. Ялангуяа, алслагдсан гэр хороололд “хулгайгаар” цахилгааны утас татдаг. Утсаа мэдэгдүүлэхгүйн тулд газарт булдаг. Энэ нь эргээд аюултай нөхцөл байдал үүсгэх эрсдэл түгээмэл аж.

Тогонд цохиулж амь насаа алдсан тохиолдол зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн оны зургадугаар сард 11 дүгээр хороололд байрлах “Дэлгэр” төвийн нэгдүгээр давхрын эмийн сангийн төмөр хаалганаас ил гарсан цахилгааны утсанд бага насны хүүхэд санамсаргүй хүрч, тогонд цохиулж газар дээрээ амь насаа алдсан тохиолдол гарсан юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард угаалгын машинаа засч байгаад тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тиймээс хур бороо элбэгтэй байгаа энэ үед эрсдэлээс сэргийлэхийг УБЦТС-аас дараахь анхааруулгыг хүргэж байна. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгох ёстой. Тог тасарсан бол гэмтлийг засч хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх, цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй аж.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

​“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм.

“Улаанбаатар эдийн засгийн форум 2019”-д нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл, Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлууд бий ч нөгөө талаар улс орны эдийн засаг, нийгмийн аж амьдрал төвлөрсөн бүс гэдгээрээ давуу талууд их бий. Бид хотоо хөгжүүлэхдээ нөөц бололцоо, давуу талаа ашиглан, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талын оролцоотой шийдэл, гарцыг гарган хамтран ажилласнаар цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх, үр ашиг, өрсөлдөх чадварыг бий болгох ач холбогдолтой болох юм. Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бид хотдоо бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлж хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурласан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ. 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн эдийн засгийн форум нь энэ жил нийслэлийн харьяа байгууллагуудын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулж байгаагаараа онцлогтой.

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” арга хэмжээний хүрээнд Залуусын хот, Замын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, Хотын хүн амын хүнс, хэрэглээ Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэнг олон нийтэд танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 3000 гаруй иргэдтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулан саналыг нь сонсов

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллан, иргэд сонгогчдод төслийн талаар танилцуулж, саналыг нь сонсож байгаа юм. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын сонгуулийн 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумдад ажиллан, иргэдтэй уулзаж, төслийн талаар танилцуулан саналуудыг нь сонсож ажиллав. Тэрбээр 2019 оны 06 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд тойргийнхоо нийт 7 сум, хөдөөгийн 20 багт хүрч 3000 гаруй хүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хүргэж, саналыг нь сонссон байна.


Тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх, Хөнжил багийн 350 гаруй иргэн оролцсон уулзалтын үеэр Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн үзэл баримтлалыг харахад бүгд ард иргэдийн хүсдэг зөв өөрчлөлтүүд хэмээн нийтээрээ дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажиллаж, Цагаан бургас, Харгана, Галт сумын Нүхт багийн иргэдтэй уулзсан. Энэ удаагийн уулзалтад оролцсон 420 гаруй иргэн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч сумын Засаг дарга цөөн хэдэн ИТХ-ын төлөөлөгчиддөө барьцаалагдаж тэдэндээ үйлчилдэг байдлыг онцлон анхаарахыг хэлж, сум, багийн дарга нарын боловсролыг харгалзан сонгодог болгох саналыг хэлж байжээ.

Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант, Хужирт, Зүрх багийн иргэдтэй Улсын Их Хурлын дэд дарга 2019 оны 06 дугаар сарын 21-нд уулзаж, төслийн талаар танилцуулан, саналыг нь сонсоход уулзалтад оролцсон 400 гаруй иргэдээс Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудал анхаарах, Улсын Их Хурлын гишүүд маш цөөн ирцтэй хуулиудыг баталдаг байдлыг шүүмжлэн, тэднийг сонгогчид нь эгүүлэн татдаг заалтыг төсөлд тусгуулах саналтай байгаагаа илэрхийлж байсан.


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уулзалтад Бүгдгээн, Нарийн, Тээл багийн 500 орчим иргэн оролцож, төслийн талаарх мэдээлэл сонсов. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд давхар дээлгүй зөвхөн хуулиа боловсруулж баталдаг байх, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд хувийн эрх ашигт нийцүүлж төрийн нэртэй зээл, тендер, бусад давуу эрх эдлэхгүй байх зохицуулалтыг төсөлд тусгах саналыг гаргаж байлаа.

Тус аймгийн Мөрөн сумын хэсгийн ахлагч нартай 2019 оны 06 дугаар сарын 22-нд уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дэд дарга дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтад 250 гаруй иргэн оролцсон бөгөөд сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан. Энэ удаагийн уулзалтад оролцсон иргэд аймгийн төвүүдийг хотын статустай болгох шаардлагын талаар санал хэлж, энэ тохиолдолд хүн ам олонтой аймгууд өөрийн гэсэн эмнэлэгтэй болж, аймгуудын нэгдсэн эмнэлгийн ачаалал буурах ач холбогдолтой болохыг тайлбарлаж байв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тахилт, Тосны гол баг, Их-Уул сумын Шивээ багийн иргэдтэй 06 дугаар сарын 23-ны өдөр уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад оролцсон 330 гаруй иргэний олонх1992 онд Монголын өнцөг булан бүрээс сонгогдсон 465 хүн Үндсэн хуулийг баталж байсан гэдгийг онцлон сануулж байсан юм. Харин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат, Их-Уул, Мандал багийн 290 орчим иргэнтэй 06 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбарыг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ удаагийн уулзалтад оролцсон иргэд сумын засаг даргыг иргэдээс сонгодог болчихвол бас эрсдэл үүсэх талаар хэлж, бэлчээр хомсдож байгаагаас малчдын дунд бэлчээрээ булаалдах маргаан их гарч байгааг хэлж байсан.


Улсын Их Хурлын дэд дарга 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд ажиллаж, Өвөрбулаг, Жаргалант багийн 470 гаруй иргэнтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулсан. Уулзалтад оролцсон иргэд Засгийн газар маш тогтворгүй байгааг шүүмжилж, үүнээс үүдэн төрийн бодлого иргэдэд хүрэхдээ удаашралтай байдгийг хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд нь мэргэжлийн багаар Засгийн газрын танхимаа бүрдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг олонтаа хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газраас усны ослоос урьдчилсан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн байгаа арга хэмжээний нэгдсэн тайлан, мэдээ, судалгааг олон улсад хийгдэж байгаа аргачлалын дагуу хийж Номхон далайн баруун бүс, Зүүн өмнөд Азийн бүсийн улс орнуудын тайланд нэгтгэж оруулах анхны “Зөвлөлдөх уулзалт”-ыг ОБЕГ-т зохион байгууллаа. Уулзалтад ОБЕГ, ЦЕГ, ЭМЯ, БСШУСЯ, ЗТХЯ, МХЕГ, ҮСХ-ны болон харьяа агентлагийн төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр усны ослоос урьдчилан сэргийлэх талаарх хууль эрх зүйн орчин, усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явц, усны ослын талаарх бүртгэл, судалгааны ажил, дүн мэдээ, салбар дундын зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн асуумжийн дагуу Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг “Бүс нутгийн хэмжээнд усны ослоос урьдчилан сэргийлэх тайлан”-д (BRSRDP) оруулахаар ажиллаж байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд нийт 23.680 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэн 1150 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 508 нь усны осол бөгөөд ослын улмаас 555 хүн амь насаа алдсан нь нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлоос үүдсэн нас баралтын бараг 50 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Он гарсаар 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 27 удаагийн усны осол гарч, 30 хүн амь насаа алджээ. Үүнээс 4 нь хүүхэд, 26 нь том хүн байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Иймд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах удирдамж гаргаад байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 7,8,9 дүгээр сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, гол усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байна. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, голомтод үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, сурталчилгааг шат дараалалтай зохион байгуулж, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэх нэгдсэн арга хэмжээг 07 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хааны музей”-г байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт “Чингис хааны музей” байгуулах асуудлыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгожээ. Ингэснээр Чингис хааны музейг байгуулах шийдэл анх удаа гарч, энэ нь түүх соёл, өв уламжлалаа хойч үедээ үлдээхээс гадна жуулчдыг татах боломж нээгдэх юм.

Мөн Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулах шийдвэрийг гаргаж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12:30 цагаас Их тэнгэрийн аманд хуралдахаар гишүүддээ зар тараажээ. Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд танилцуулан, санал бодлыг нь сонссон юм. Тиймээс иргэдийн санал, хүсэлтийг нэгтгэн ажлын хэсэгт бэлтгүүлэхээр хуралдаан зарласан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүрмэн эмийн сан зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

НМХГ-аас Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний автобусны буудлын арын 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд шалгалт хийлээ. Шалгалтаар тус байгууллага нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан ба өөр хаяг дээрх эмийн сангийн тусгай зөвшөөрлийг эмийн сандаа байрлуулсан байв. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Мөн Насны зам ХХК-д цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар зам, барилгын ажлын зузаан, чийг, нягтыг тодорхойлох цөмийн хэмжүүр багажийг тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаагүй байранд хадгалж байсан зөрчлийг шалган шийдвэрлэж торгох шийтгэлийн арга хэмжээ авлаа. Тус цөмийн хэмжүүрийг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн тухай, Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөлд өгөх санал, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Хөрөнгө гаргах тухай

Ө.ЭНХТҮВШИН

2.

Хөрөнгө гаргах тухай

Ө.ЭНХТҮВШИН

3.

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Ө.ЭНХТҮВШИН

4.

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай

Ө.ЭНХТҮВШИН

5.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

6.

Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

7.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

8.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

9.

Хэлэлцээр байгуулах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

10.

Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай

Д.ЦОГТБААТАР

11.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хязгаар батлах тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

12.

Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

13.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын санаачлан боловсруулсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

14.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

15.

“Горим батлах тухай”

Ц.НЯМДОРЖ

16.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай

С.ЧИНЗОРИГ

17.

Нийслэлд 2019 онд иргэнд газар өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

Х.БАДЕЛХАН

18.

Ой тэмдэглэх тухай

Ё.БААТАРБИЛЭГ

19.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

20.

Монгол Улсын Шадар сайд олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар

Ө.ЭНХТҮВШИН

21.

Хөөт аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд Үндэсний хөгжлийн газраас гаргасан санал дүгнэлтийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

22.

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хүрээнд хэрэгжүүлэх орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн талаар

С.ЧИНЗОРИГ

23.

2019 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар

Ч.УЛААН

24.

Цахилгааны тарифын хөнгөлөлтөөс үүссэн өр төлбөрийн талаар

Ц.ДАВААСҮРЭН