Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хайс, хашлага сүйтгэжээ

Согтуу гаар тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрсөн этгээд хайс, хашлага мөргөж сүйтгэжээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө /2019.06.21/ Их тойруу, Бөмбөгөр худалдааны төв зам дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урсгал сөрсөн зөрчил гаргаж 9 хайс, хашлага мөргөж, эвдэлжээ. Мөн тээврийн хэрэгсэл мөргөж осол гаргасан байна.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Харин төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр, цөөхөн хоногийн хугацаанд ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох бөгөөд энэ нь хуулийг тасралтгүй хэлэлцэх үйл ажиллагаанд хамаарахаар заасны дагуу ийнхүү ажиллаж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Бага хурлын нээлт өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо.

Азийн буддистуудын энх тайвны бага хурал энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралджээ. Мөн НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгуулагын нэг бөгөөд нэгдсэн удирдлагын төв нь Монгол Улсад байрлан Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ерөнхийлөгчөөр нь ажилладаг юм.

Энэ удаагийн XI ерөнхий чуулганыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Сэргээе-урагшлая” уриатайгаар 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулахаас гадна энэ сарын 22-23-нд чуулганы хүрээнд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох юм байна.

“Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы төлөөлөгчид, хүндэт зочид, эрхэм лам хуврагууддаа энэ өдрийн мэнд хүргэе.

Хүн төрөлхтний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон энх тайвныг сахин хамгаалахад Бурханы ариун сургаалийн цогц-буддизмын үзэл номлолыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн, уламжлалт өв соёлоо дээдлэн хөгжүүлэх Азийн улс орнуудын эрмэлзэл, эв санаан дор нэгдэж анх чуулсан Азийн Буддистуудын энх тайваны бага хурлын 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус хурлыг 1969 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулах шийдвэр гарч, анхны хурлаа 1970 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр нь Монгол Улсын иргэн, номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав сонгогдон 20 гаруй жил ажилласан түүхтэй байдаг юм байна.

Монгол Улсын төр засгаас Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг ямагт дэмжсэн явдал нь тус хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөөх монголчуудын оруулж буй чухал хувь нэмэр байсан бөгөөд энэхүү оролцоо өнөөдөр ч үгүйлэгдэх үнэ цэнтэй хэвээр байна.

1970 оноос хойш Азийн буддистуудын энх тайвны бага хурал 10 удаа хуралдсан байдаг бөгөөд 1972 онд Шри Ланка улсад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990, 1998 онд Монголд, 2003 онд Лаост тус тус хуралдаж энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэснийг дурдан санахад илүүдэхгүй ээ.

Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн индэрт өөрийн дуу хоолойг ийнхүү хүргэж чадсан тус хурал нь хүйтэн дайны хүнд хэцүү үед Бурхан Буддагийн хүнлэг, энэрэнгүй сургаал номлолыг гол баримтлалаа болгож хүний эрх, эрх чөлөө, улс хоорондын эв нэгдэл,улс орнуудын соёл боловсрол,эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагаанд шинэлэг гэгээлэг гарц боломж тийш чиглүүлэн зааж уриалан тунхаглаж байсан билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралын төлөө явуулсан энхийн үйл ажиллагаагаараа НҮБ, түүний бусад тусгай агентлаг, ЮНЕСКО-гийн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статустай төрийн бус байгууллага тэртээ 1988 онд анх бүртгэгдэн өнөөдрийг хүрлээ.

Азийн буддистуудын энх тайвны бага хурлал НҮБ-д бүртгэлтэй, зөвлөх эрх бүхий цөөхөн шашны байгууллагын нэг нь бөгөөд олон улсын шашны төлөөллүүдэд үлгэр дууриал болж Энхийн төлөөх бодит санал санаачлагууд нь Азид төдийгүй дэлхий дахинд цөмийн зэвсгийг бууруулах, устгах, ирээдүйгээ энх тайванч бодлогоор төсөөлөн харж, төлөвлөн бэхжүүлэх үндэс суурь болно хэмээн найдаж байна. Буддын шашинтнууд бидний хувьд энх тайвны төлөө хөдөлгөөнөө өргөжүүлэх, шашны болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах ёстой. Ингэснээр цөмийн дайны аюул заналхийлэлгүй, дайн самуунгүй амар амгалан дэлхийд амьдрах боломжтой болох юм.

Монгол Улс бол энхийг эрхэмлэгч улс орон, Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин билээ. Их Монголын тулгар төр-Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн Бурханы шашин бол монгол үндэстнийг гадаадын түрэмгийллээс сахин хамгаалж, дотооддоо эв нэгдэл, тусгаар тогтнолыг нөхцөлдүүлсэн юм. Энэхүү түүхэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэн мэргэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөөр байна. Монголын буддизм түүхэн дэлгэрэлтийнхээ нэгэн цаг үед үлэмж их хор хохирлыг амсч, хүн амынхаа нэлээдгүй хэсгийг улс төрийн хэлмэгдүүлэлд өртүүлсэн гашуун сургамжаа мартах учиргүй, дахин давтах ёсгүй.

Монгол Улсын төр засаг, түүний хууль тогтоох төрийн дээд байгууллага УИХ-аас жил бүрийн Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байна. Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наминчилдаг,амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ Ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг Азийн орнуудын жишгээс суралцаж буйдаа Монголын ард түмэн бид баяртай байна.

Монголын Их Эзэн Чингисийн үеэс улбаалсан номт төрийн хос ёсны уламжлалт бодлогоор улс орноо удирдан залж, төр-иргэний харилцан шүтэлцээг нандигнан хөгжүүлэхэд эрхэм лам хуврагууд, буддистууд та бүгдийн оролцоо, эрдэм мэдлэгийн арвин их туршлага төрийн үйлсэд зайлшгүй хэрэгтэйг мөн онцлон тэмдэглэе.

Ингээд Азийн Буддистуудын Энхтайвны бага хурлын XI дүгээр Ерөнхий чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн нийт оролцогчиддоо хурлын өндөр амжилт хүсье, энх тайвны төлөөх 50 жилийн түүхт ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” зохион байгуулагдана

Image result for улаанбаатар хот

Улаанбаатар эдийн засгийн форум 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдсаар иржээ. Энэ жилийн хувьд НЗДТГ-аас НИТХ, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Улаанбаатар” хөрөнгө оруулалт, менежментийн компани ХХК болон ШУ-ны академитай хамтран 2019 оны 06-р сарын 28-ны өдөр “Блю скай” зочид буудалд зохион байгуулагдана.

Энэ жилийн форум дээр Нийслэлийн харъяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Үүнээс гадна эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулна. Түүнчлэн хувийн хэвшил, эрдэм шинжилгээнийн байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.

Н.Энхжин

Categories
мэдээ нийгэм

Уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно

Image result for Дуу цахилгаантай бороо

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн хална. Харин ирэх долоо хоногоос төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба 26-нд ихэнх нутгаар сэрүүсэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын ядуурлын түвшин буурчээ

Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол улсын 2018 оны ядуурлын түвшинг танилцууллаа. Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29,6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж 1.2 хувиар буурчээ.

Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж 0.2 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Ядуурлын гүнзгийрэлтийн индекс нь ядуу бус хүн амын ядуурлын шугамаас 0 хувийн зөрүүтэй гэж үзвэл хүн тус бүрийн хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг байна. Харин ядуурлын мэдрэмжийн индекс нь ядуу хүн амын дундах тэгш бусбайдлыг хэмждэг үзүүлэлт юм. Монгол улсын нийт хүн амын гуравны хоёр нь Улаанбаатартамьдарч байгаа учраас хотын ядуурлын түвшин нэмэгдэж байна гэв. Хөдөө орон нутагт 2016 оноос 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгджээ. 2018 оны байдлаар Монгол улсын нийт ядуусын 41.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Ядуурлын түвшинг бүс нутгаар авч үзвэл зүүн бүсэд 6.6, баруун бүсэд 4.3, Хангайг бүсэд 2.7 пүнктээр тус тус буурсан бол төвийн бүсэд 1.1 пүнктээр нэмэгджээ. Говьсүмбэр аймгийн ядуурлын түвшин хамгийн өндөр гарсан бөгөөд нийт хүн амын 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Өмнөговь аймгийн ядуурлдын түвшин хамгийн бага буюу 11.8 хувь байгаа юм байна. Аймгуудад нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээний мөнгө 2018 онд 279,912 төгрөг болсон нь 2016 онтой харьцуулахад 3.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дээрх тооцоог гаргахдаа 2018 онд хийсэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэн хийсэн тул тухайн хугацаанд гарсан амжиргааны түвшний өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 2019 оны эхэн үеэр гарсан өөрчлөлтийг тусгаагүй болохыг ҮСХ-оос онцолж байв.

Б.ОЮУНГЭРЭЛ


Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Өчигдөр Монгол Улсын Үндэсний урлагийн их театрт “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтын нээлт болж өндөрлөлөө. Уг театр нь Монголд аялж ирсэн жуулчид мөн аянчин гийчин төлөөлөгчдөд ардын урлагаа сурталчилдаг байгууллага юм.

Нээлтийн үйл ажиллагаандаа зориулаад уран бүтээлийнхээ дээжсийг өргөн барьдаг. Мөн жуулчны улирал ирсэнтэй холбоотойгоор ялангуяа улсын баяр наадмаар тусгайлсан монгол урлагийн гайхамшиг гэдэг хөтөлбөрийг байнага явуулж байгаа аж. Үүнээс гадна “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” хэмээх тусгайлсан хөтөлбөрүүдийг баяр наадмаар, аялал жуулчлалын байгууллагууд, төр засгийн байгууллагуудын захиалгаар зохион байгуулдаг юм байна.

Өнөөгийн үндэсний урлагийн их театр нь түүхийнхээ жар гаруй жилийн хугацаанд байгууллагынхаа нэршлийг “Эстрад концертын товчоо”, “Ардын дуу, танц, үндэсний хөгжмийн ансамбль”, “Улсын ардын дуу бүжгийн чуулга”, “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга”, “Үндэсний урлагийн их театр” хэмээн хэд хэдэн удаа өөрчилж иржээ. Монголын Үндэсний Урлагийн Их Театр нь Төрийн хошой шагналт ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн анхлан байгуулсан орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал, Алдарт бүжиг дэглээч ардын жүжигчин төрийн шагналт зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Ардын жүжигчин төрийн шагналт хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн нэрэмжит дуучдын алба гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран сайхны удирдагч А.Цэдэн-Иш “Хэд хэдэн хөтөлбөртэй. Монгол урлагийн гайхамшиг гэдэг хөтөлбөр маань манай үндсэн хөтөлбөр. Жуулчдад үзүүлдэг монгол ардын өвөрмөц төрлүүд гэвэл хөөмий, морин хуур, уртын дуу гээд юнескод бүртгэгдсэн хэд хэдэн төрлүүд мөн манай шашин төрийн холбогдолтой сонирхолтой цамын бүжиг, монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал. Монгол бүжгийн хамгийн онцлог хэлбэрүүд, хатдын бүжиг гээд өвөрмөц зүйлүүдээ үзүүлнэ. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал 65 хүний бүрэлдэхүүнтэй. 120 хүнтэй болгох Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2006 онд гарсан. Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс найрал хөгжмийнхөө бүрэлдэхүүнийг өргөтгөх ажлыг хийж байна. Санхүү эдийн засгийн онцлогоос шалтгаалаад зарим нэг хүндрэл бий. Гэхдээ энэ найрал бол гадаадын үзэгчдэд, өөрийн орны хөгжмийн зохиолчид, дэлхийн сонгодог хөгжимчдийн бүтээлийг тоглож сонирхуулж байдаг” хэмээн нээлтйн үеэр онцолж байлаа.


Морин хуур, хөөмий, бий биелгээ, уран нугаралт, уртын дуу, монгол төрийн хөгжмийн их найрал зэрэг Монголын үндэсний соёл урлагийн гайхамшгийг харуулсан энэхүү тоглолт 100 хоног үргэлжлэх юм байна.

Б.АМИНА

Ц.ШИНЭЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

​Авто засварын газрууд хѳдѳлмѳр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй нь шалгалтаар илэрчээ

Өнөөдөр ШӨХТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй авто үйлчилгээний газар байдаг аж. Харин 21 аймагт нийт 454 авто засвар үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш. Цэрэндулам онцоллоо.

Мѳн ШӨХТГ-аас зургаадугаар сарын 17-ны өдрийн тушаалаар иргэдээс ирсэн гомдлын мѳрѳѳр дэнжийн мянга дахь таван авто үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр, тухайн авто засварууд автомашин хүлээн авсан талаарх тэмдэглэлээ хѳтѳлдѳггүй, үнэ тарифаа ил тавьдаггүй, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл бүрдээгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүй газруудад үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрчээ.

2014 оноос хойш нийслэлд авто үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийгдээгүй бѳгѳѳд яаралтай хяналт тавьж шаардлага хүргүүлэх хэрэгтэй хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Т.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Азийн Буддистуудын энх тайвны бага хурал Гандантэгчэнлин хийдэд эхэллээ

Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ.

“Сэргээе, урагшилъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг чуулганд таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаач хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлэх юм.

Азийн Буддистуудын холбооны үндсэн төвүүдээс 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн аж. Чуулганы хүрээнд “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа онцлог.

Монгол Улсын хувьд Азийн Буддистуудын энх тайвны бага хурлаар дамжуулан гадаад улс орнуудад өөрсдийн өв соёл, уламжлалаа таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж хэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, сүсэгтэн олон оролцов.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Амарбаатар: Төрийн албаныхан амралтгүй ажиллавал зуны эдийн засаг хөгжинө

“Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатартай зуны эдийн засгийн талаар цөөн хором ярилцлаа.


-Зуны улиралд эдийн засгаа түлхүү хөгжүүлье гэсэн санал санаачилга байдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манайд зунаас өөр эдийн засгийн улирал байхгүй юм чинь яах юм. Нэг л юм байгаа. Бүх нийтээр зун ажиллах л ёстой. Тэр байтугай би засаг төрийн байгууллагыг зун амраах ёсгүй гэж үздэг.

-Яагаад?

-Та нар хүний эрхийн тухай асуудал хөнддөг. Төрийн албан хаагчийн тухай асуудал өөр. Чи нэгэнт л төрийн албанд ажиллана, олон нийтийн төлөө зүтгэнэ гэсэн бол уучлаарай, чиний хүний эрхийн асуудал тодорхой хэмжээгээр хязгаарлагдана. Бүх нийтээр нь Улсын баяр наадмаар хоёр долоо хоног амраагаад, ээлжийн амралт энэ тэрийг бүгдийг хаах хэрэгтэй. Ингэж эхлэх юм бол хүн зун шийдвэр гаргаад ажиллана, үр бүтээл гарч эхэлнэ. Бүх шийдвэрийг гаргадаг хүмүүс чинь хэн нэгний бэлдсэн материал дээр ажиллана. Тэр материалыг бэлдэх ёстой газрын дарга, хэлтсийн мэргэжилтнүүд бүгд ээлж дарааллаад амарчихаар гинжин хэлхээ тасарчихаж байгаа. Тэгээд шийдвэр гардаггүй, бүх ажил гацдаг. Тэгэхээр төрийн албан хаагч яах ёстой гэдэг дээр л шийдвэрээ гарга гэж байгаа юм. Би Н.Энхбаяр даргын үед “Та нар ээлжийн амралт энэ тэрээ зогсоо” гэж олон нийтийн хурал дээр хэлж байсан. Хэн ч хүлээж аваагүй. Бүх асуудал дээрээсээ л байдаг.

-Гадны өндөр хөгжилтэй зарим орон жилийн дөрвөн улиралд ажилладаг гэдэг?

-Япон улс бүх нийтээрээ жилд тав хоног л амардаг.Манайд бол наадмын амралт дээр тав хоног нэмээд өгөхөд л болох юм. Бусад үедээ ажиллах ёстой.Төрийн шийдвэр гэдэг ард иргэдийн төлөө ажиллаж байгаа систем учир ард иргэддээ үйлчилнэ гэсэн үг. Өөр энд хүний эрх яриад, зуны дэлгэр цагаар бид амарцгаая гэж хэлэх шаардлагагүй.

-Хувийн хэвшлийнхэн бол ажлаа хийгээд явж байна, тийм үү?

-Бид тэдэнтэй, тэдэнгүй ажлаа хийгээд явж байна. Төрийн албаныхан яг ажил хийх үед саад бодлог. Зөвшөөрөл авах гэхээр өгдөггүй, шийдвэрээ гаргадаггүй. Малчид бол яах вэ, найрлах цагаараа найрлаж, налайх цагаар налайна биз. Хамгийн гол зүйл нь дээрээсээ эхлэх ёстой юм. Энэ олон амралт байх шаардлагагүй. Тэр байтугай, дулааны улирлын бүтээмжийг өндөр болгохын тулд, ялангуяа хөдөөний сургуулийг тавдугаар сарын 1 гэхэд дуусгах ёстой. Тэгээд аравдугаар сарын 1-нээс хичээлийг нь эхлүүлэх ёстой. Яг хадлан тэжээл,ургацаа хурааж авдаг, өвлийн бэлтгэл хийж байх үед хүүхдүүдийг нь хичээлд татчихдаг. Тэгээд хичээл зааж сүйд болсон юм байхгүй.

-Харин ч эсрэгээр нь сурагчдыг өвлийн улиралд амраах ёстой юм биш үү. Хортой утаа униараас хамгаалж, хүйтний улиралд хичээл сургуулийг түр зогсоох ёстой гэдэг шүү дээ?

-Байж болно л доо. Гол нь хүүхэд аав ээждээ, гэр орондоо очоод мал ахуйтайгаа ойр баймаар байна. Зуны улиралд “Чи наанаа сур” гээд хашаад байж болохгүй. Онлайнаар сургалтыг нь өгч болно. Хүүхдүүдэд даалгавар их өглөө гэж сонин юм яриад байна. Харин ч илүү их хүчээр бие даалгаж сургах ёстой юм. Эцсийн бүлэгт боловсролыг хүн бие дааж сурдаг.

-Сэдэв рүүгээ оръё. Зуны эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аль салбартаа голлож анхаарах ёстой вэ?

-Уул уурхай, мал аж ахуй, барилгынхан бүгд өөр өөр. Барилга бол хамгийн түрүүнд карказаа өрөөд, намар гэхэд битүүлж аваад дотор заслынхаа ажил руу ордог. Нэг тийм бүтэн циклийг дуусгаж байна. Тэгвэл уул уурхай ч мөн адил тодорхой түвшинд дөрвөн улирлын цикл рүү ормоор байна. Тэнд жаахан хөрөнгө оруулалт хийчихэд л болно.

-Сүүлийн үед ажлын цагийг урагшлуулъя. Өглөө 4-5 цагт ажлаа эхлүүлж, өдрийн 14:00 цаг гэхэд тардаг болъё. Ингэсэн нь илүү их бүтээмжтэй байх болно гэсэн саналыг цахим сүлжээнд дэмжиж байна. Зуны эдийн засгийн бас нэг бүтээмжтэй хэлбэр мөн үү?

-Болно л доо. Гол нь манайхан өглөө босч өгөхгүй байна. Би “Барс”-ыг өглөө эрт ажилладаг болгох гээд чадахгүй байна. 07:00 цагаас ажиллуулъя гэхэд ажиллах хүмүүс нь ирэхгүй байна. Наймаачид нь бол эрт ажиллаад эхэлчихэж болж байна, хүнс, ногоо зардаг хүмүүс нь ирдэггүй. Ядаж зам түгжрэхээс өмнө ажлаа эхэлчихмээр байгаа юм. Ажилдаа явахаас өмнө шинэ талх идээд гармаар байдаг. Тэгэхийн тулд талхны газар өглөө эрт ажиллах ёстой. Тэгвэл тэр талх хийж байгаа хүн шөнийн 02:00 цагт ажлаа эхлэх хэрэгтэй болно. Энэ бүхэн ингэж л эхлэх ёстой систем. Гол нь төрийн алба өнөөдөр асуудлаа шийдээд тухайн шийдвэр хугацаандаа гардаг болчихвол наад ажил чинь явна.

Б.ЭНХЗАЯА