Categories
мэдээ цаг-үе

Монгол ноолуурыг эрүүл технологиор гаргаж чадвал “Gucci”, “H&M” брэндүүд үнэ цохиж авахад бэлэн байна

Монголын ноолуурыг дэлхийд гаргах, тогтвортой хөгжлийг бий болгох, байгальд ээлтэй ноолуурын хөгжлийг дэмжихээр салбарын яам, олон улсын байгууллага, элчин сайдын яамд, үйлдвэрийн холбоод, боловсруулах үйлдвэр, дотоод, гадаад брэндийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид чуулж, хэлэлцүүлэг хурал хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.


-Хэлэлцүүлгээр ярьсан гол асуудал юу байв?

-Хамгийн гол нь ноолуураа хэрхэн тогтвортой бэлтгэх үү. Тогтвортой үйлдвэрлэл явуулах уу. Үүн дээр нь мөрдөх тогтолцооны платформыг хэрхэн ажиллуулах уу. Тогтвортой ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төслүүд хоорондоо хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгийг зохицуулах гэх мэт асуудлыг хэлэлцэж байна.

-Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарах бол. Цаашид ямар ажлуудыг бодит болгох боломжтой гэж харж байна?

-Гол нь тогтвортой ноолуур гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгээ ойлгох ёстой. Тэгэхгүй бол тогтвортой гэдэг нь өөрөө параметр биш юм. Таван сантиметр үү, тавин сантиметр үү гэдгийг тогтоогүй. Монголын тогтвортой ноолуур гэдэг нь ийм юм аа, зуд гантай жил ийм байна. Өнтэй жил ийм байна гэдэг ч юмуу параметрээ гаргаж ирээд ярихаар тогтвортой гэх цэг нь хоёр өөр болдог. Түүнээс нөгөө ноолуур гэдэг чинь тогтвортой мөн юм байна. Биш юм байна гэдэг ойлголттой болно шүү дээ. Хуучин бол тийм зүйл байгаагүй. Одоо хамгийн гол нь тогтвортой ноолуур гэж юуг хэлээд байна. Үүнийг яаж ажиллуулах уу, мөшгих тогтолцооны платформыг хэрхэн хамтарч ашиглах уу, үүнийг яаж хөгжүүлэх үү гэдэг үндсэн асуудлуудыг ярилцаж, шийдэл олохоор чуулсан.

-Дэлхийн брэндүүд Монголд орж ирэхэд тулгамдсан асуудал бий юу?

-Тулгамдсан асуудал байхгүй. Өнөөдрийн ярих гол сэдэв нь ноолуур бэлтгэлийн ажлаа хэрхэн чанартай хийх вэ гэдэг асуудал. Бэлтгэлийн ажлаа улам сайжруулъя гэдгийг л яриад байгаа юм.

-Дэлхийн брэндүүд манайд хэрхэн орж ирэх ёстой вэ?

-Дэлхийн брэндүүд манайхаас түүхий эдээ худалдаж аваад бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа юм. Бид түүхий эдийг нийлүүлэх, цаашдаа самнасан ноолуур экспортолж байгаа бол ээрсэн утас экспортлох чиглэл рүү бодлогоо чиглүүлэх ёстой.

-Дэлхийн ноолуурын хэдэн хувийг манайх хангадаг вэ?

-Манайх 43 хувийг хангадаг. Түүхий эд бэлтгэлээр. Түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр итали, англичууд толгой цохидог. Тэгэхээр бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой. Үүн дээр хөрөнгө оруулалт чухал. Мөн ноолуурынхаа зах зээлийг хамгаалах бодлогын асуудал дутагдалтай байна.

-Монгол боловсруулж байгаа ноолуурынхаа хэдэн хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг вэ?

-2016 онд нийт ноолуурынхаа 9.8 хувийг л дотооддоо авч байсан. Өнгөрсөн жил бид 27 хувийг дотооддоо авсан. Тэгэхээр энэ нь маш том амжилт. 1.5 дахин өсгөсөн. Яг эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байна уу. Анхан шатны боловсруулалт хийж байна уу гэдгээ ярилцах хэрэгтэй.

-Ноолуурын үнэ хэр тогтвортой байгаа вэ?

-Өнгөрсөн жил зүүн аймгийн ноолуур дээд тал нь 130 мянган төгрөг хүрсэн. Жил тутам инфляцитайгаа уялдаад 9-10 орчим хувиар ноолуурын үнэ нэмэгддэг. Энэ жилийн хувьд зүүн аймгуудад хөдөө аж ахуйн биржийн хийсэн арилжаан дээр Дорнод аймгаас худалдан авсан ноолуур 140 мянга хүрсэн. Ер нь бол дундаж үнэ 125 мянган төгрөг байдаг. Баруун аймгуудын ноолуурын үнэ 88-100 мянган төгрөгөөр үнэлэгдэж, зарагдаж байна. Зарим тохиолдолд 80 мянган төгрөгөөр ноолуур нийлүүлэгдэж байгаа. 80 мянгын ноолуурын хувьд чанар муутай, бүдүүн ширхэгтэй.

-Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаа хаагуур зарлагддаг вэ?

-Хэнтий, Сүхбаатар гэх голлох аймгуудад болдог. Мөн Говь-Алтай аймагт болсон.

-Малчид ноолуураа тушаагаад дууссан уу?

-Ноолуур бараг дуусчихсан. Арваад хоногийн дараагаас ноолуур самналт бүрэн дуусна. Яагаад гэхээр энэ жил цас ихтэй байлаа. Эрт ноолуураа самначих юм бол малын хорогдол үүснэ шүү дээ.

-Дотоодын үйлдвэрлэгчид хэдий хэмжээтэй ноолуур авдаг вэ?

-Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийг төсөвлөөд энэ жил олгох ёстой байсан. Тэр нь 3000 гаруй тонн ноолуурыг дотооддоо бэлтгэх зорилготой байгаа.

-Зорилтдоо хүрсэн болов уу?

-Мэдэхгүй. Одоогоор үйлдвэрүүдээс мэдээллээ аваагүй байгаа болохоор тодорхой болоогүй байна.

-Ноосны худалдан авалт эхэлж байгаа юу?

-Ноос одоо хяргаж эхэлж байгаа.

-Хэдий хүртэл үргэлжлэх үү?

-Наймдугаар сарыг дуустал.

-Үнэ ханшийн хувьд хэдтэй байгаа вэ?

-Энэ жил ноосны үнэ нэлээд унах төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил бол 4000 төгрөг хүртэл өссөн. Дэлхийн ханшийн хэлбэлзлээс болдог. Түүнээс бид эцсийн бүтээгдэхүүний ханшийг мэдэхгүй шүү дээ. Түүхий эдээр ноос дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгийн ханштай байна түүнээсээ шалтгаална.

-Хонь, тэмээний ноосоо дотоодын үйлдвэрлэлд ашигладаг уу. Экспортлох уу?

-Сарлагийн хөөврийг бол манайхан бүгдийг нь авдаг. Тэмээний эм ноосыг бүгдийг нь авна. Хонины ноосны 70 хувийг угаагаад экспортолно.

-Самнах технологийн хувьд ямар байх ёстой вэ. Манайх технологийн шаардлага хангаж чадаж байгаа юу?

-Нийт самнах технологийн 90 орчим хувь нь Хятадын технологиор явж байгаа. 10 орчим хувь нь Итали, Германы сайн технологи бий. Дэлхий дахинаа ноолуурын масс үйлдвэрлэлээс татгалзаж, бүтээгдэхүүн хийгдэх явцад байгаль орчин, амьтан үйлдвэрлэгчийн амьжиргаа зэрэг олон асуудлыг цогцоор нь харгалзах болсон. Олон зуун жилээр байгал орчин, таван хошуу малд ээлтэйгээр замнаж ирсэн уламжлалт мал аж ахуйн үнэ цэнийг дэлхийд таниулах боломж нь уг хэлэлцүүлэг болохыг НҮБ-ын Хөгжлийн хэлтсийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Биати Транкман онцлон хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр дэлхийн алдартай бэлэн хувцасны брэндийн төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм. Тэд монгол ноолуурыг эрүүл технологиор гаргаж чадвал “Gucci”, “H&M” брэндүүд үнэ цохиж авахад бэлэн байгааг хэлж байв. “H&M” брэндийн Ази дахь салбарын төлөөлөгч Шерри Гү “Манай брэнд дэлхийн бэлэн хувцасны үйлдвэрлэлээр гуравт жагсдаг. Сүүлийн үед дэлхий дахинд амьтны эрхийг зөрчиж, үйлдвэрлэл явуулж байгаа бол дэлхийн томоохон брэндүүд татгалзах хандлага гарч байна. Гэхдээ Монголын зах зээлд нэвтэрч, ноолуур худалдан авах сонирхолтой байгаа. Монгол ноолуур маш чанартай байдаг. Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагаас монгол ноолуурыг хэрхэн самнадаг талаар видео гаргасан. Энэ видеоноос болж хэрэглэгчдийн зүгээс маш их дарамт шахалт ирсэн. Гэхдээ бүрмөсөн ноолууран бүтээгдэхүүнээс татгалзаж байна гэсэн үг биш. Монгол Улсын хувьд ноолуурыг байгаль орчинд ээлтэй, мал нь эрүүл, насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн гэдгээ баталчихвал өндөр үнээр авахад бэлэн байгаа” гэсэн юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ноолуурын тогтвортой өртгийн сүлжээ” төслийн менежер Б.Оюунтүлхүүр ярихдаа “Өнөөдөр бид Монгол Улсад ноолууртай холбоотой асуудлаар чуулж байна. Сүүлийн жилүүдэд ноолуурын тансаг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг том брэнд үйлдвэрүүд ноолуур түүхий эдэд шаардлага тавьдаг болсон. Бидний хэрэглэж байгаа ноолуур нь дэлхий нийтэд бэлчээрийг доройтуулдаг хэмээн яригддаг ямаанаас гардаг. Тэгэхээр бэлчээрээ доройтуулаад, байгаль орчинд хохирол үзүүлээд байгаа тохиолдолд энэ түүхий эдээр хийсэн хувцас хэрэглэлийг хэрэглэхгүй гэдэг хандлага бий болсон. Нөгөө талдаа нэгэнт ноолуур байх нь тодорхой. Монгол уламжлалаараа ямаагаа маллана, өсгөнө. Ноолуураа самнана, ашиглана, бүтээгдэхүүн хийнэ. Үүнийг яаж зөв голдиролд нь оруулах ёстой юм бэ гэдэг дэлхий нийтийн шаардлагад нийцүүлсэн байдлаар ноолуураа боловсруулах уу, яаж ноолуураа үйлдвэрлэх үү гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Гол тавьж байгаа шаардлага нь байгаль орчинд ээлтэй тогтвортой байдлаар боловсруулж, үйлдвэрлэсэн ноолуурыг бид авахыг хүсч байна. Дэлхийн зах зээл дээр ноолуурын түүхий эдийн 50 хувийг Хятад Улс хангадаг. Монгол Улс 40 гаруй хувийг хангадаг. Үндсэндээ Монгол, Хятад хоёр улс л дэлхийн зах зээлд ноолуурын түүхий эдийг хангаж байна. Гэтэл Хятад түүхий эдээ өөрсдөө 100 хувь ашиглаад эцсийн бүтээгдэхүүн болгоод зардаг. Дээрээс нь манай улсаас түүхий эдээ нэмж авдаг. Өөрийнхөө ноолуурыг манайхтай холиод гарал үүслийг нь хэлэхгүй Хятадын ноолуур гээд цааш нь зардаг. Бид Монголынхоо ноолуурын гарал үүслийг тодорхой болгож, олон улсын стандартад нийцүүлсэн байдлаар мал аж ахуйгаа эрхлээд байгал орчинд ээлтэй ноолуурыг нийлүүлэх нь зүйтэй. Энэ чуулганд төр засгийн төлөөлөлч нар ирсэн. Тогтвортой байдлаар ноолуур үйлдвэрлэх асуудлыг дэмждэг төсөл хөтөлбөрүүд цугласан байна. Олон улсад нэр хүнд бүхий ноолуурын бүтээгдэхүүн худалдаалдаг том брэндүүд ч чуулж. Чанарын стандартыг тогтоодог гадны байгууллагын төлөөлөл ирж. Тэгэхээр бид бүхэн хамтарч чуулаад Монгол Улсаас гарал үүсэл нь тодорхой ноолуурыг дэлхий нийтэд таниулъя, байгаль орчинд ээлтэй байдлаар нь үйлдвэрлэх тал руу монголчууд явах ёстойг таниулан хамтран ажиллах сувгаа илүү боловсронгуй болгохоор шийдлийг олох хэрэгтэй. Энэ чуулганы төгсгөлд цаашдаа Монгол Улсад тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй байлгах замын зураг, үйл ажиллагаагаа тодорхойлсон өртгийн сүлжээн дэх бүх талуудын оролцооны үүрэг хариуцлага нь тодорхой байх шийдлийг гаргах зорилготой” гэв.

Ноолуурын зах зээлд Монголын эзлэх хувь өндөр. Тиймээс энэ талаар Олон улсын Кренг компанийн тогтвортой эх үүсвэр ба инновацийн дарга Хелен Кроулигаас тодрууллаа.

-Монгол ноолуурын дэлхийд өрсөлдөх чанар хэр байдаг вэ?

-Өрсөлдөх чадварын хувьд шууд хэлэхэд амаргүй. Гэхдээ монгол ноолуурын хувьд боломж өндөр байгаа. Яагаад гэвэл ноолуурыг хэрхэн гаргаж авдаг нь эрт үеэсээ уламжлагдсан уламжлалт аргаар, уламжлалт соёлын хүрээнд, бэлчээрийн мал аж ахуйгаас гарсан ноолуур учир гайхамшигтай. Өрсөлдөх чадварын хувьд боломж бий гэж харж байна. Гэхдээ энэ түүхийн цаана үр дүн байх ёстой. Үнэхээр чанартай үйлдвэрлэхийн тулд байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэсэн хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болгосон үзүүлэлт байх ёстой.

-Хятад улс дэлхийн зах зээлийн 50 хувийг, Монгол Улс 40 гаруй хувийг хангадаг гэж байна. Тэгэхээр Хятадтай харьцуулахад манай улсын ноолуурын чанар хэр юм бол?

-Яг энэ талын асуултад хариулах мэргэжлийн хүн биш л дээ. Тогтвортой байдал тал дээр нь голчлон ажилладаг. Монгол, хятад ноолуурыг харьцуулахад хоёр өөр чанарын шугам дээр байгаа. Хятадынх нарийн, микрон багатай, цагаан голчилсон байдаг. Монголынх чанараа сайжруулахаар маш их ажил хийж байгаа. Монголын ноолуурын давуу тал нь олон төрлийн ширхэглэгтэй, олон төрөл гардаг. Ноолуурын чанар гэхээр хүмүүс ихэвчлэн өнгө, ширхэг, микрон зэргийг боддог. Монгол ноолуур дээр энэ бүх чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлаар үйлдвэрлэгдсэн, уламжлалт байдлаа алдаагүй зэргээс шалтгаалан үнэ цэнэ нь нэмэгдэх ёстой гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Занабазарын хосгүй үнэт бурхад, Их Монголын нийслэл Хархорумыг “бүтээсэн” 3D лаборатори

Нар ээж, өвс ногоо халиурсан талд хөл дор цэцэгс дэлгэрч, эрвээхэй бүжээд эргэн тойронд буга гөрөөс идээшилсэн амьд байгаль дунд заларсан Ногоон дарь эх, эсвэл долоон бурхад заларсан сар гийсэн шөнийн тэнгэр доорх Цагаан дарь эх, нам гүмхэн нуурын эрэг дээр бодь модны дор бясалгах Амитаба, бүр огт өөр ертөнц болох тэр доор уулсын манан дунд цээжин биеэрээ ил гарсан Жанрайсаг бурхдыг эргэж тойрч гараараа биеийнх нь аль ч хэсэгт хүрэх боломжтой. Бүр дэргэд нь сууж, хэвтээд залбирч болох тийм нэг гайхамшигт орчноор аяллаа. Энэ бол МУИС-ийн Хэрэглээний инженерчлэлийн сургуулийн дэргэдэх Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн залуусын бүтээл Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн 3D буюу гурван хэмжээст виртуал музей.

Мэдээллийн технологийг хөгжингүй орнууд л түүчээлдэг гэсэн ойлголт аль хэдийнэ ард хоцорч, монгол залуус бахархахаар бүтээлүүд хийж байна. 20-иодхон хоногийн өмнө АНУ-ын зах зээлд нэвтэрч худалдаанд гарсан технологийг лабораторийн залуус чадамгай эзэмшжээ.

Тэдэн дээр Японы IT компанийн хоёр захирал ирээд Монголд салбараа байгуулах хүсэлтэй, лабораторийн залуусаар аутсорсинг хийлгэхээр ирж. Тэд мэдээж монгол залуусын бүтээлийг олон улсад гаргаж өөрсдөө ашиг олох зорилготой. Харин тэдний өөдөөс лабораторийн эрхлэгч А.Энхбаяр багш Австрали, Канадад нэвтэрч байгаа хоёр тоглогчтой виртуал орчин бүхий монгол залуусын бүтээлийг үзүүлж, хэрэглэж байгаа шинэ технологийг харуулан тэдгээр бүтээлээ Японы зах зээлд гаргах хүсэлтийг зөрүүлээд тавьжээ. Япон захирлууд мэл гайхаж, уухайн тас хамтран ажиллахаар болсон гэж байна. Тэр ажил одоо биеллээ олж, монгол залуусын бүтээл арлын орны зах зээлд нэвтрэхэд тун ойртсон таатай мэдээг А.Энхбаяр багш дуулгалаа.

Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө МУИС-ийн Хэрэглээний инженерчлэлийн сургуулийн дэргэд Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийг үүсгэн байгуулжээ. Ингэснээр мэдээлэл технологийн олон салбараар мэргэжил эзэмшиж байгаа залуусыг нэгтгэж судалгаа хийдэг орчин буй болгож чаджээ. Судалгааны үр дүнгээс улбаалаад инноваци гарган, компани байгуулах, оюуны өмчийг эзэмших, бүр цаашлаад дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах том амбицтай гэж байна. Залуусын судалгааны бүтээл эхнээсээ аль хэдийнэ гарчээ. Дээр өгүүлсэн Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд болох бурхдыг гурван хэмжээст виртуал орчинд скайндэж, Үндэсний түүхийн музей, Занабазарын дүрслэх урлагийн музей зэрэг таван музейд байрлуулжээ.

Тэд бас хүнд машин механизмын симуляцийг виртуал орчинд байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, Багануурын уурхайд олон тоглогчтой сургалтын орчныг байгуулжээ. Уурхайн хүнд машин механизмыг ашиглах дадлага сургалтыг явуулахад асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Үүнийг тасалгааны орчинд компьютер дээр суугаад яг бодит байдалд нь ороод дадлага сургуулилт хийх орчныг бүтээсэн байна. Хоёр тоглогч буюу компьютерийн ард эксковаторыг “амьдаар” нь удирдаж уурхайд хуулалт хийнэ. Энэ үед хүнд даацын ачааны машин ирж ачилт хийнэ. Ачааны машиныг өөр нэг дадлагажигч жолоодно. Ийм хоёр тоглогч нэгэн орчинд хамтарч дадлага хийдэг лаборатори Багануурын уурхайд ашиглагдаж эхэлжээ.

Залуустай “Оюу толгой” компани хамтран ажилладаг юм байна. Тус компани уурхайн нөхцөлд аюулгүй ажиллагааны симуляци /бодит байдлын хийсвэр зураг/-ийг лабораторийн судлаач залуусаар хийлгэж эхэлжээ.

Тэд яг одоо 800 жилийн өмнөх Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг виртуал орчинд байгуулах төсөл дээр ажиллаж байна. Дэлхийд эртний хотыг тэр үеэр нь байгуулсан хоёр орон байдаг аж. Нэг нь эртний Ром, нөгөө нь Израилийн Иерусалим хот. Ирэх жил түүхэн ой тохиож буй Хархорум хотыг 800 жилийн өмнөхөөр байгуулах ажилд залуус дөрвөн баг болон ажиллаж байгаа бөгөөд оноос өмнө дуусгаж олны хүртээл болгох төлөвлөгөөтэй гэнэ.

Дэлхий дахинаар аж үйлдвэрийн IV хувьсгалын тухай ярьж, эхнээсээ улс орондоо нэвтрүүлж эхлээд байна. 5G, хиймэл оюун ухааны талаар сонсоогүй хүн ховор биз. Өмнөх гурван хувьсгалаас хоцорч, хэзээ хойно нь хэрэглэгч болж байсан Монгол Улсын хувьд энэ удаагийн хувьсгалтай хөл нийлүүлэн алхах бүрэн боломж байгааг энэ лабораторийн оюутнуудын чадвар, бүтээл, хэрэглэж байгаа технологиос нь харахад л итгэл төрөхөөр. Лабораторийн эрхлэгч, инженерийн ухааны доктор, профессор А.Энхбаяр багш ч санал нийлнэ лээ.

Тэрээр “Дэлхий нийтэд мэдээлэл технологийн чадвартай боловсон хүчин хаа сайгүй дутагдаж байна. Тиймээс манай хүүхдүүдээс авч ажиллуулах сонирхолтой гадаад, дотоодын компани олон байна. Би өнгөрсөн хугацаанд эдгээр хүүхдийг Япон, Солонгосын хөгжилд хүчин зүтгүүлэх гэж бэлтгээгүй. Улс орноо хөгжүүлэх, дэлхийн хувьсгалыг тэргүүлдэггүй юм аа гэхэд зэрэгцэж алхах амбиц бидэнд байна. Монгол хүүхдүүд маш их чадвартай” хэмээн ам бардам хэлсэн.

Тэд энэ судалгаагаа гүнзгийрүүлж, бүтээл үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гарах өрнүүн зорилготой “Дижитал солюшнс” гарааны компанийг байгуулжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгал мэдээллийн 10 гаруй технологи дээр үндэслэгдэнэ. “Дижитал солюшнс” компани эдгээр технологийн дөрөв дээр үндэслэн бүтээл гаргах бүрэн чадвартай гэнэ.

Мэдээллийн технологи маш хурдтай хөгжиж өөрчлөгдөж байгаа явцыг тус лабораторийнхон маш мэдрэг хүлээж авдаг аж. Шинэ тутамд гарч байгаа технологийг шуурхай нэвтрүүлж хэрэглээд чанартай бүтээгдэхүүн гаргах судалгааг хийдэг гэж байна. Ажлынхаа цар хүрээ, бүтээмжээрээ залуус цалинждаг ажээ.

Тус лабораторид гар, сэтгэл нийлэн баг болсон 18 орчим залуус байна. Тэд бакалавр, магистр, докторын зэрэгтэй. Одоо суралцаж байгаа залуус ч байна. Компьютерийн ухаан, программ хангамж, хэрэглээний математик, физик, электроник гээд мэдээллийн технологийн бүхий л салбараас нэгдсэн байх юм. МУИС-ийг компьютерийн ухааны магистр А.Амгалан судалгааны лабораторид гурван жил ажиллажээ. Тэрээр Багануурын уурхайн хүнд машин механизмын симуляцийг виртуал орчинд байгуулах төсөл дээр ажилласан. Сүүлд ледар ашиглаж “Оюу толгой”-н ган бөөрөнцөг хадгалах агуулахын нөөцийг хэмжих төсөлд оролцож байгаа юм байна.

А.Амгалан дээр өгүүлсэн АНУ-д нэвтрээд 20 орчим хонож байгаа “Ocula squist” төхөөрөмжийг ашиглаж байна. Компьютерт залгахгүйгээр хаанаас ч виртуал орчныг тольдож, удирдаж болох 3D нүдний шил аж. Тус сургуулийн хэрэглээний математикийн магистрт Б.Анхбаяр Хархорум хотын модель хийх ажлыг хариуцаж байна.Тэрээр магистраа дүүргээд судалгааны лабораторийн дэргэдэх “Дижитал солюшнс” компанидаа ажиллаж хүсэлтэй гэнэ. Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээр хийсэн виртуал музей байгуулахад оролцсон залуусын нэг бол Б.Батзориг. Тэрээр МУИС-ийн оюутан. Судалгааны лабораторидоо анх орж ирээд бусад залуусын хийсэн бүтээлийг хараад мэл гайхаж байсан тэрээр өөрөө одоо бүтээл хийж байгаагаараа бахархаж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Ү.Содномцог: Хохирогч, зөрчил үйлдсэн этгээд прокурорт хандах нь нэмэгдсэн

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил болжээ. Өнгөрсөн хугацаанд гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргүүд ихээр гарсан байна. Тухайлбал, 2018 онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, 25 сэтгүүлчид тус бүр 2 сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын зөвлөгөөний үеэр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцогтой ярилцлаа.


-Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулж улсын хэмжээнд анх удаа томоохон зөвлөгөөн зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаад хоёр жил шахам болж байна. Энэ хугацаанд бид зөрчлийн хэрэг бүртгэлд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй асуудал юу байсан гэвэл хуулиуд маань шинээр батлагдсан, хоёрдугаарт цагдаагийн байгууллагыг эс тооцвол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд ихэвчлэн хуульч хүмүүс байсан. Хоёр жилийн хугацаанд хяналтаа хэрэгжүүлээд, мэдээж явцын дунд чиглэл, зөвлөмж өгөх асуудал байсан. Зөвлөгөөнөөр бүх асуудлаа ярилцаад, бодлого чиглэлээ тодорхойлоод, гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлээд, алийг нь хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, алийг нь заавар журмандаа тусгах вэ гэдгийг нийтээрээ хэлэлцэж байна.

-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ. Энэ талаар прокурорууд ямар санаа бодол илэрхийлж байна вэ?

-Дөнгөж хууль гарсны дараа хууль ч биш, эрх бүхий албан тушаалтнууд маань дуртай байгаагүй. Энэ хоёр жилийн хугацаанд хяналтаа тавиад, харилцан ярилцаад, хамтран ажиллаад ирэхээр эрх бүхий хүмүүсийн хуульч ажиллагаа сайжраад, нэгдсэн ойлголцолд хүрч зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажилд ололт гараад явж байна. Мэдээж хувь хүмүүс, албан байгууллагуудын хооронд ойлголцохгүй зүйл байсныг ярилцаж ойлголцох гэх зэргээр хяналтын ажлууд хэрэгжүүлсэн.

Прокурорын байгууллагаас барьж ажилласан бодлого юу вэ гэвэл эрх бүхий албан тушаалтнуудын ажлыг шууд шүүмжлэх бус сургалт явуулах, бүх зүйл хуульд заасны дагуу явна шүү гэдгийг харилцан ойлголцоход анхаарсан. Одоо бол прокурорын хяналт зайлшгүй гэдгийг эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрсөн цаг үе л дээ. Тийм учраас энэ цаг үед бид ажлаа улам боловсронгуй болгох ёстой. Зөрчлийн хуулийн онцлог нь гэмт хэрэгтэй харьцуулбал харьцангуй их тоогоор гардаг. Хумсалсаар хумсалсаар хулгайч болно гэдэг шиг гарч байгаа хууль зөрчсөн үйлдлийг бага дээр нь засч залруулбал гэмт хэрэг болтол өсөхгүй гэсэн энгийн ойлголт байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийг дэлхийн жишгээр жижиг гэмт хэрэг гэж үздэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зөрчлийн хэмжээнд байхад нь таслан зогсоож иргэддээ анхааруулах асуудал байгаа юм. Нөгөөтэйгүүр, иргэд өөрсдөө анхаардаггүй болохоос зөрчлийн хуульд зөрчигдөхөд ойрхон, иргэдийн амьдралд байгаа асуудлыг бүгдийг нь зохицуулсан юм. Гуравдугаарт, Зөрчлийн хуулиар иргэд, байгууллага, хуулийн этгээдэд жигд байдлаар хуульд заасны дагуу хариуцлага оногдуулж чадах юм бол шударга ёсны тогтолцоо бэхждэг. Тухайлбал, хяналтын камераар арга хэмжээ тооцож байгаа. Тэгвэл цэрэг нь ч бай, сайд нь ч бай хууль зөрчсөн л бол торгуулийн арга хэмжээ авагдана.

-Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд юм л бол торгох гэдэг болж хэмээн бухимдаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хохирогч, зөрчил үйлдсэн этгээдийг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд оролцогчид гэж ярьж байгаа юм. Эд нар сүүлийн үед прокурорт хандах нь нэмэгдэж байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирэхээр хууль зүйн дагуу энэ нь зөв үү гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бол манай иргэд хуулиа хүндэтгэдэггүй, аливаа зүйлийг танил талаараа яваад сурчихсан болохоор хууль гэдэг зүйл байхгүй юм шиг хандах тал бий. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр мэдээж эд нарт дарамт учирна. Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж чинь яг хууль дүрмээ сахиад явж байгаа хүнд ямар ч хамааралгүй. Ганцхан зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага яригддаг, түүнд төвөгшөөдөг асуудал байна.

Гэхдээ зөрчлийн хууль тогтоомж иргэн болгонд жигд үйлчилснээр журмыг сахин биелүүлэхэд суралцана. Наад зах нь гарцтай газраар зам хөндлөн гардаг болно. Согтууруулах ундаа амссан бол жолоогоо эрүүл хүнд шилжүүлэх зэргээр журамлагдаад явна. Зөрчлийн хуулийн ач холбогдол нь энэ. Мэдээж Зөрчлийн хуульд хийдэл байна гэж ярьдаг. Янз бүрээр шүүмжилдэг. Прокурорын байгууллагын хувьд хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр саналаа Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулж засч сайжруулах ажлуудыг хийж байна. Түүнээс бид Зөрчлийн тухай хууль муу болсон, тэр нь тийм гэж ярих нь зохимжгүй. Хоёрдугаарт,бид батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй л хүмүүс.

-Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг торгож шийтгэх явдал эрс өссөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь гүтгэх гэдэг зөрчил дээр яригдаж байгаа. Бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, илтэд худал мэдээллийг нийтэд тараасан бол хариуцлага хүлээнэ. Тиймээс баримттай зүйл дээр яах ч үгүй гэсэн үг шүү дээ. Үүн дээр нэгдүгээрт анхаармаар байна. Би дээр хэлсэн. Манай прокурорын байгууллага батлагдсан хуулиа л хэрэгжүүлэх үүрэгтэй. Зөрчлийн хэргийн талаар эрүүгийн гэмт хэрэг юм уу, зөрчил юм уу гэж хуульчдын дунд маргаантай асуудал байгаа. Аль аль талдаа л анхаарах асуудал биз. Хамгийн гол нь цуу үгээр, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тарааснаар сэтгүүлч холбогдоод байгаа болохоос бус сэтгүүлчдийг онилж зөрчлийн хуулиар шалгаад байгаа зүйл байхгүй. Аль аль талдаа суралцах байх. Яагаад гэвэл нэр төр нь гутаагдсан хүн хандаад зохих журмын дагуу шийдвэрлэж байгаа. Ингэхдээ үнэхээр сэтгүүлч буруутай байна гэж шийддэг, таныг гүтгэж доромжлоогүй байна гэж хэрэгсэхгүй болгодог асуудал ч олон бий.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

Шүүх М.Энхсайханыг баривчилсан нь хууль зөрчсөн гэж үзжээ

Related image

АТГ Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөэ шөнө баривчилсан саатуулсан. Харин М.Энхсайханыг үргэлжлүүлэн хорих эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Ингээд М.Энхсайханыг Урьдчилан хорих 461 дүгээр ангиас суллах болжээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулж “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно

УДБЭТ-ийн ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ой энэ онд тохиож байна. Маргааш түүний насны ойг хүндэтгэн УДБЭТ-ийн хамт олон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гэж байгаа аж. МУГЖ Д.Пүрэвсүрэн энэхүү дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын эсрэг тэсрэг хоёр дүрийг тун амжилттай бүтээсэн нэгэн билээ. Тэрээр 1942 оноос ХЦДБЧ-д дуучнаар ажиллаж байгаад 1948 онд УХД-д жүжигчин болж 1960 оныг хүртэлх театрт тоглогдсон бүх жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн байна. МУГЖ Д.Пүрэвсүрэн нь “Тунгалаг тамир” киноны Эрдэнийн дүрд тоглосон МУГЖ Норовын Баатарын хань юм.

Ингээд МУГЖ Д.Пүрэвсүрэнтэй хэсэг хором ярилцлаа.


Та УДБЭТ-т алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсан. Тэднээс их зүйл сурсан уу?

  • Нямын Цэгмид, Ичинхорлоо, Хандсүрэн, Рэнцэнноров гуай нараас босох суух, алхах, ярих, харах гэх мэт бүх л юмыг сурч байлаа. Алтан үеийнхэн бол гайхамшигтай сайхан хүмүүс байсан даа.
  • Надад зориулж “Учиртай гурван толгой” дуурийг тоглоно гэж бүр бодож байсангүй. Урьд өмнө ч ийм үйл явдал болж байгаагүй. Баярлаад, хэлэх үг ч олдохгүй байна. Үүнээс сайхан хүндлэл гэж юу байхав. Тавь гаруй жилийг театрын алтан тайзнаа өнгөрөөсний минь буян л гэж бодож байна даа.
  • Дүрийн судалгаа хийж, дүрийн түүх бичих хэрэгтэй. Үг, ая цээжилчихээд нүүрээ будаж хувцсаа өмсөөд тайзан дээр гарвал манай ард түмэн мэддэг. Ялангуяа “Учиртай гурван толгой” дуурь манай ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон болохоор дүрээ муу бүтээж хэрхэвч болохгүй. УДБЭТ-ийн тайзнаа тоглохоос гадна аймаг, сум,багуудад очиж “Учиртай гурван толгой” дууриа тоглодог байлаа. Шарын голд очиж өдөрт гурван удаа тоглоход хамгийн сүүлийнхийг нь шөнийн 12 цагт тоглож байсан.

Таны 90 насны ойг хүндэтгээд УДБЭТ “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гэж байна. Мэдээж таны сэтгэл их өндөр байгаа байх?

Та “Учиртай гурван толгой” дуурийн эсрэг тэсрэг хоёр дүрийг хоёуланг нь бүтээсэн хүн. Энэ тухайгаа жаахан хуучлаач?

Нансалмаа бол жинхэнэ монгол эмэгтэйд байх уян зөөлөн, үнэнч шударга зан чанартай эмэгтэй. Харин Хоролмаа бол баян чинээлэг айлын охин. Бие бялдар, царай зүс цэвэрхэн, өөрийн бодсон санаснаа ил хэлдэг. Хоролмаа хүнтэй л адилхан хүн шүү дээ. Хүнд байдаг хайр дурлал, баяр баясгалан гэх мэт бүх юм Хоролмаад байсан. Тухайн үеийн нийгэмд чинь эмэгтэй хүн хайртай дуртайгаа илчилдэггүй байлаа. Тэр байтугай хайртай хүнтэйгээ ч суух эрхгүй байсан шүү дээ. Тэгээд л Хоролмаа өөрийнхөө хүслийг гүйцээх гэж хайр сэтгэлдээ хөтлөгдөөд юу ч хийхээс буцахгүй болж байгаа нь эцэстээ гунигтайгаар төгсөж буй юм.

Дүрээ сайн бүтээхийн тулд жүжигчин хүнээс асар их хөдөлмөрлөх шаардлагатай болдог байх?

Түүнтэй ийн ярилцаж суутал явах цаг нь болсоноор билдний яриа өндөрлөв. Түүнтэй удаан хуучилж, сургаалийг нь сонсоод л баймаар байлаа. Удахгүй 90 нас хүрэх гэж байгаа ч түүнээс залуу хүний эрч хүч, гэрэл гэгээ мэдрэгдэнэ. Уран бүтээлч хүн ард түмнийхээ хайр, хүндлэлээр үргэлж тэжээгдэн байдаг тул мөнхийн залуугаараа байдаг ч юм шиг.Бидний дунд түүн шиг хайрлаж, хүндэлмээр хүмүүс олон буй биз. Пүрэвсүрэн гуайтай уулзсаныхаа дараа бүх хүнийг хайрламаар санагдах аж. Хүн хүнээ хүндэлж, хайрлахаас сайхан зүйл ертөнцөд үгүй. Сайхан хүнтэй уулзах нь сэтгэлдээ гэрэл асаах шиг зүйл ажээ.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 22-нд баруун аймгуудын нутаг, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

– Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгалаа

Монгол, Германы Хархорин экспедицийн хамтын ажиллагааг таван жилээр сунгалаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэн, Бонны Их Сургуулийн Өвөг ба Эртний түүхийн Археологийн Хүрээлэнтэй өнгөрсөн 15 жилд Монголын Эртний Нийслэл Хархорин хот, хот орчмын малтлага, судалгааны хамтарсан ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үр дүнг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр, Европын олон улсад зохион байгуулсан “Чингис Хаан ба түүний өв залгамжлагчид, Монголын эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр олон улсын хэмжээнд өндөр үнэлсэн билээ. Түүнчлэн түншлэгч эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдийн хугацаанд өөр олон идэвхтэй үйл ажиллагаагаар баяжиж ирсэн бөгөөд түүний дотор Бонны Их Сургууль ХБНГУ-д эрдмийн зэрэг хамгаалах боломж олгох замаар Монголын залуу археологчдын эрдмийн үйлсийг дэмжиж иржээ.

Хоёр талын хамтын ажиллагааны тухай гэрээг 2005, 2009, 2014 онуудад 5 жилээр сунгасан байдаг. Өнөөдөр Бонны Их Сургуулийн Хүрээлэнгийн Захирал Проф.Др.Ян Бемманн болон Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Монгол, Германы Хархорин Экспедицийн хамтын ажиллагааны гэрээг 2019 оноос дахин 5 жилээр буюу 2024 он хүртэл сунгах санамж бичиг байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгов

Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явц, байдал, тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн хэлэлцлээ. Уулзалтад БСШУСЯ-ны газрын дарга нар, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсрол соёл урлагийн газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд оролцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэл дүүргийн боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд зун ээлжийн амралтгүй ажиллаж, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавин ажиллахыг үүрэг болголоо.

Ирэх хичээлийн жилд нэмэгдэх суудлын тоог нарийн тооцох, үүндээ үндэслэн долдугаар сарын 1-ний дотор түрээсийн сургууль цэцэрлэгийн шийдлийг бэлэн болгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж хувийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгасан байх зэрэг тодорхой үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус бараа хил давуулахыг завджээ

Image result for Замын-Үүд

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсээр хууль бусаар бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэсэн хэд хэдэн оролдлогыг илрүүлсэн байна. Энэ сарын 15-нд Замын-Үүд дэх Гаалийн гаалийн хяналтын бүсэд Монголын иргэн БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу зорчихдоо 0491 ДГА улсын дугаартай Истана маркын автомашинд 20 кг-н савалгаа бүхий 20 шуудай химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн сарын 18-ны өдөр иргэн О нь Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот руу зорчихдоо 1400 кг малын хөлдөөсөн бөөрийг хууль бусаар хил давуулахаар оролдсоныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүс нутаг хоорондын дээд хэмжээний бага хуралд оролцогчидтой ажлын уулзав

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Терроризмд турхирч хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах нь” сэдэвт дээд хэмжээний олон улсын бага хурал зохион байгуулагдаж байна.

Хурлын үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга, хурандаа Д.Гэрэл хурал даргалагч НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Мухаммад Шах, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтэц (РАТС)-ийн Гүйцэтгэх хорооны захирал Жумахон Файёзович Гиёсов нартай ажлын уулзалт хийв.

Уулзалтаар манай улс ЕАБХАБ-тай терроризмоос урьдчилан сэргийлэх, терроризмын санхүүжилтийг таслан зогсоох, хүний эрхийг дээдлэн хангах, онц-чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. Түүнчлэн, терроризм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэсэн 3 чиглэлээрх асуудлыг онцгойлон авч хэлэлцэв. Тодруулбал,

Европын Холбооны улсуудын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх, шинжлэх тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа авах, ДНХ-ийн лаборатори байгуулахад дэмжлэг авах асуудлаар манай талаас урьдчилан тавьсан хүсэлтээ баталгаажуулж, энэ чиглэлд хамтран ажиллахаар болов. Мөн энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, албан хаагчдаа сургалтад тогтмол хамруулах, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

Терроризмтой тэмцэх чиглэлээр НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, олон улсын байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд, ЕАБХАБ-ын гишүүн, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл хамтран терроризмд турхирсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замыг эрэлхийлэхэд нийгмийг бүхэлд нь хандуулах, үр нөлөөтэй бодлого боловсруулахад тулгарч байгаа сорилт, сайн туршлагыг хэлэлцэх, улс хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх замаар улс орнуудын ирээдүйн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний үр дүнг бэхжүүлэх;

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсаас хэрэгжүүлж буй зарим томоохон арга хэмжээнүүд, тэр дундаа хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагуудаас бүрдсэн Үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авч зохих үр дүнд хүрч байгааг илэрхийлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх туршлага, мэдлэгээ харилцан солилцох, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах, хамтарсан арга хэмжээ явуулахад идэвхтэй хамтран ажиллах зэрэг асуудлаар хамтын тохиролцоонд хүрэв.