Categories
мэдээ нийгэм

Шатрын их мастер А.Энхтуул алтан медаль хүртлээ

БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Мөнхзул хүрэл медаль хүртэж, эмэгтэй шатарчдаас анхны тивийн медалийг эх орондоо авчирсан билээ. Тэгвэл Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Олон улсын шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлэв. Түүний хувьд түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн “шилдэг-30” шатарчдын шагнал авч байсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Спорт биднийг нэгтгэж чаддаг

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр бүх нийтийн спорт өдөрлөг болж байна. Энд найман настай балчраас наян настай буурал хүртэл олон хүн цугласан байлаа. Өдөрлөгийн үеэр иргэд спортоор хичээллэж, хөгжилдөж, тамирчдадаа урам зориг өгч байсан юм.

Гэрэл зургуудыг У.УРАНБИЛЭГ



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс тарааж эхэлнэ

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ сарын 20-ны өдөр дуусч, өчигдөр шалгалтын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүрэн байршуулж дуусчээ. 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр 09:00 цагт монгол хэл, 13:00 цагт орос хэл, 16:30 цагт Нийгмийн тухай мэдлэг шалгалтыг зохион байгуулж, шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж, анхны оноог шалгуулагчдад мэдээлжээ.

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломжтой юм. Анх удаа шилэн технологи ашиглан шалгуулагчдын дүнг гаргасан энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байжээ.

ЭЕШ-ЫН ШАЛГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс /2019.06.22/ эхлэн тараана. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авах бол орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна. Харин нийслэл хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах аж.

Categories
мэдээ нийгэм

Хайлаастыг Чингэлтэйн гудамжтай холбосон авто замыг өнөөдрөөс эхлэн түр хаана

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замын Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хаахаар болжээ. Тодруулбал, тус авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг “Набсан” ХХК өнөөдрөөс эхлэн /2019.06.22/ 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх аж.

Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Авто плазагийн зүүн тал, 11 дүгээр хорооллын нэгдүгээр байрны баруун талын авто замыг өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийн хооронд түр хааж, гадна дулааны шугам засварын ажил хийж гүйцэтгэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

20 кг химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

20 кг савалгаатай 20 шуудай химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэв

Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтынбүсэд 2019.06.15-ны өдөр Монгол Улсын иргэн Э БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улс руу зорчихдоо0491ДГА улсын дугаартай ИСТАНА маркын автомашинд 20 кг савалгаатай 20 шуудай химийн бодис хийж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Замын-Үүд дэх гаалийн газрын салбар лабориторитус химийн бодисноос авсан дээжид шинжилгээ хийж шалгахад БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөлтэй импортлох химийн бодис кальцийн стеарат гэх бодис болох нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтанд орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагын баг өнөөдөр Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа билээ. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар.

“Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Манай айрпорт зурвас маань 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой.

Төслийн хүрээнд нийтдээ 33 барилга байгууламжийг бид хүлээн аваад байна. Мөн цас цэвэрлэх, онгоц чирэх зэрэг газрын тусгай үйлчилгээний 157 тоног төхөөрөмж, техник хэрэгсэл орж ирсэн байгаа. Засгийн газрын санхүүжилтээр Захиргааны барилга баригдаад дуусч байна. Нисэх онгоцны буудал бүхэлдээ ашиглалтад ороход бэлэн болсон. Нийслэлтэй нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал тойрсон ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний хувьд Сонгино дэд станцын асуудал дээр хамтран ажиллах асуудал байгаа” хэмээн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог танилцуулав.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа нь бидний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын төвөөс наашаа сүүлийн үеийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэд хэдэн чиглэлийн төсөл хөтөлбөрийн судалгаа, зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байна. Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэргүйгээр нисэхийн үйл ажиллагаа явах боломжгүй.

Сонгино дэд станцын ажил 2013 оноос хойш удаашралтай явагдаж ирсэн. Саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2020 оны төсөвт шаардлагатай байгаа 4 тэрбум төгрөгийг тусгахаар болоод бид нийслэл дээр гүйцэтгэгч компанитай нь эвлэрлийн гэрээ хийх ажлыг зохион байгуулж байна. Асуудлыг ерөнхийд нь шийдээд явж байна. Ирэх хавар гэхэд бэлэн болгох хэмжээнд яригдаж байгаа. Энэ бол хамгийн чухал асуудал.

Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндий, Төв аймаг цаашлаад бусад бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд бид дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Ирэх хавар та бүхэн үйл ажиллагаа эхлүүлж, ажлаа хэвийн явуулахад нийслэлээс хамаарах бүх асуудал шийдэгдсэн байна гэж ойлгож болно. Нийслэлээс бүхий л асуудал дээр дэмжиж, хамтран ажиллах ёстой” хэмээв.

Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөнбайна. 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэ ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа ажил эхлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ.

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ 99.75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төслийн явцтай өнөөдөр мөн танилцлаа.

“Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын яаманд хандаад байна. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажилласан” хэмээн төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт долоон хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Энэ долоо хоногт /2019.06.17-2019.06.20-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1078 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 716 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгав.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн улмаас нийслэл хотод 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5 хүний амь нас хохирсон, шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 4 бүртгэгдэж 5 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба хүүхдүүд бүгд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан ба гарцгүй газраар зам хөндлөн гарч байжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

– 2019.06.17-ны 16.30 цагийн орчим Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн “Өндөр хар” гэх газар /Эрдэнэ сумаас баруун тийш 15 км/ шороон замд Мустанг-200 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч18настай, эрэгтэй/ Ш нас барсан.

– 2019.06.17-ны өдрийн 21.10 цагийн орчим Төв аймгийн Баян сумын 3-р багийн нутаг, “Цавчир” гэх газар /сумын төвөөс урагш 3 км/ асфальтан замд амины Nissan Bluebird маркийн автомашин онхолдож зорчигч, 11 настай, эрэгтэй М нас барсан.

– 2019.06.17-ны 03.30 цагийн орчимд Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг Нуур багийн “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15км/ шороон замд амины Toyota Land Cruiser-80 маркийн автомашин онхолдож, жолооч 20настай, эмэгтэй Д нас барсан.

– 2019.06.18-ны 08.36 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад суурьшлийн бүс” гэх газар /сумын төвөөс хойд зүгт 22км/ шороон замд амины марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь, явган зорчигч 43 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг хохироосон

– СХД 4 зүгээр хороо Их Нарангийн гудамж, Их Нарангийн хуучин эцсийн автобусны буудлын замд Hyundai Sonata-6 маркийн автомашины жолооч нь М нь, явган зорчигч 60 настай, эрэгтэй, А-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан.

– ХУД 14 дүгээр хороо Буга сангийн аж ахуй явах замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас барж, зорчигч 24 настай, эрэгтэй Х, 24 настай, эмэгтэй А, 24 настай, эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.

– 2019.06.20-ны өдрийн 16.10 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 4-р багийн “Чулуут-Уул” гэх газарт /Сумын төвөөс баруун тийш 12 км/ асфальтан замд Toyota Probox маркийн автомашин онхолдож, зорчигч 25 настай, эрэгтэй Б, 39 настай, эрэгтэй Т нарын 2 хүн нас барсан

– 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр хорих ангиас оргосон Содномцэрэнгийн Төмөр гэх этгээдийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 06.30 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ЦХ-ийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г нь Замын-Үүд зангилаан дахь Замын-Үүд-2 өртөөнд байх ачааны чингэлэгт нуугдсан байсныг олж тогтоон саатуулсан.

Энэ 7 хоногт нийслэлд бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 14, онхолдох хэлбэрээр 2, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1, автобус хүчтэй зогссоны улмаас зорчигч унаж гэмтсэн 1 осол тус тус бүртгэгдсэн байна.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 116 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 4.4 хувиар, ослын шинжтэй дуудлага 2.4 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 16,6 хувиар тус тус өссөн бол, гэмтсэн хүн 57.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт зам тээврийн ослын шалтгаант нөхцөлийг харахад гарцгүй газраар, явган зорчигч зам хөндлөн гарч яваад автомашинд мөргөгдөх хэлбэрээр гарч байгаа тул явган зорчигч та “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” явган хүний гарцаар зам хөндлөн гарч, автозамын хөдөлгөөнд оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

М.Энхсайханыг хорьсон нь хууль бус болохыг АТГ-аас тогтоожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн байна. Тиймээс тус шүүхээс мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдээ ганцааранг нь машинд орхихгүй байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байна. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. Тухайлбал, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй болохыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сүнжид: Шинэ Үндсэн хуулиар аймаг, нийслэлд бус сум, дүүрэгт татварын эрхийг өгөхөөр тусгасан

Үндсэн хуулийн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт бий. Яг ямар өөрчлөлтүүд төсөлд тусгагдсан талаар хуульч Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багийн Засаг даргыг хэрхэн сонгохоор тусгаж байгаа вэ?

-Одоогийн процесс нь Иргэдийн хурлаас санал болгоод дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн тухайд Ерөнхий сайд нь томилдог. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга нь шууд томилохоор тусгагдсан.

-Тэгвэл сум, дүүргийн Засаг даргыг хэрхэн сонгох вэ?

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгоно. Иргэдийн хувьд орон нутгийн хэмжээнд нэг л сонгууль өгнө. Тэр нь сумынхаа Засаг даргыг бас Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох юм байна. Харин аймаг, нийслэл дээр өнөөдөр үйлчилж байгаа систем хэрэгжинэ. Иргэдийн хурлаасаа санал болгоод Ерөнхий сайд нь томилохоор байгаа.

-Өмнөх тогтолцоонд ямар алдаа, мадаг байна гэж үзсэн бэ. Яагаад ингэж өөрчлөхөөр болов?

-Илүү тогтвортой, хөлөө олчихсон намуудаас Иргэдийн хуралд төлөөлөгчөөр нэр дэвшдэг. Тиймдээ ч Засаг даргыг томилох үйл явцад улстөржилт ихээхэн өрнөдөг. Манай нутаг ус, сум, дүүргийн эрх ашиг гэж харахаасаа илүүтэйгээр улс төрийн талбар болгочихдог. Угтаа бол Үндсэн хуульд нутгийн иргэдийн эрх ашгийг та бүхэн нийлж илэрхийлэх, төлөөлөх, хамгаалах ёстой гэдэг үүднээс зохицуулалт хийсэн байдаг юм. Гэхдээ бодит байдал дээр дүүргийн гэхээс илүү тэнд төлөөлж байгаа намын асуудал хурцаар тавигдаад байдаг. Түүний жишээг ч бид Баянзүрх дүүргийн өнөөдрийн хүртэл Засаг даргагүй байгаа байдлаас харж болно. Мөн Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад ч ийм үйл явдал болж л байсан. Энэ байдалд иргэд хамгийн ихээр хохирдог. Үүнийг шийдэх гарц гаргалгааг л яриад байгаа юм.

-Нутгийн удирдлагын тогтолцоог ингэж өөрчилснөөр улстөржилт улам нэмэгдэнэ гэх байр суурьтай хүмүүс ч байна. Сөрөг тал нь юу вэ?

– Иргэд Засаг дарга, Иргэдийн хурлаа сонгоно. Улмаар тэдний төлөөллөөс аймаг, нийслэлийн иргэдийн хурал бүрдэнэ. Энэ нь улстөржилтийг шууд багасгана. Сайн талыг нь дурдах юм бол ийм байгаа. Учир нь төлөөлөгч орон нутаг, сумаа төлөөлөөд л сууна. Тэнд нам, эвсэл хамаагүй болж, орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийнхаа төлөө дуугарна гэсэн үг. Ямар ч зүйл төгс байдаггүй юм байна. Хүмүүс ярьж байгаачлан сөрөг тал байхыг үгүйсгэх аргагүй. Монгол Улсад нам төлөвшөөгүй, намын санхүүжилт нь ил тод биш байна. Намын төлөвшил муу байгаа нь төрийн институтыг хямралд хүргэж, асуудал үүсгэж байгаа. Гэхдээ ямар нэгэн бүтэц зохион байгуулалтыг бий болгож байж л Засаг дарга нь сонгогдож таарна. Хэн нэгэн ирээд Засаг дарга болъё гэхэд нутгийн иргэд шууд зөвшөөрөөд сонгохгүй нь лавтай. Мөрийн хөтөлбөр боловсруулна, иргэдэд танилцуулна. Ингээд бодохоор ямар нэг зохион байгуулалт хийх л ёстой. Нам хүссэн, эс хүссэн ч зохион байгуулалтын субьект байна.

Үүний зэрэгцээ мөнгөтэй холбоотой ашиг сонирхол зонхилох вий дээ гэх болгоомжлол байгаа. Эдийн засгийн бүлгүүд зохион байгуулалтад орж магадгүй. Хамаатан, садан олонтой нь ялахыг ч үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн бүхнийг тоочих юм бол бид өнөөдрийнхөө асуудлыг бүрэн шийдэж чадах уу гэдэгт шууд тийм гэдэг хариулт өгөхөд түвэгтэй байгаа.

-Аль нэг намын хүнийг иргэд сум, дүүргийн Засаг даргаар сонголоо гэхэд ИТХ-д өөр нэг намын төлөөлөгчид олонх болчихвол төрийн ажил гацах юм биш үү?

-Энэ маш чухал асуулт. Сумын болон дүүргийн түвшинд сонгогдсон Засаг дарга, ИТХ хоорондын ажиллах журам, харилцааг ердийн хуулиар тэнцвэрийг нь хангах байдлаар зохицуулж өгөх хэрэгтэй. Маш тодорхой нарийвчлан журамлах шаардлагатай болно.

-Сум, дүүргийн Засаг дарга нар иргэдээс сонгогдсон гэдэг дээрээ дулдуйдаж эрх мэдлээ урвуулан ашиглах нөхцөл байдал үүсэх үү?

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгочихлоо гэж бодъё. Гэтэл “Би иргэдээсээ мандат авсан хүн юм чинь” гээд бүрэн эрхийн хугацаандаа дураар шийдвэр гаргана гэсэн үг биш. Хуулиас давсан, зөрчсөн зүйл яриад, хийгээд байж болохгүй. Өнөөдөр ч ийм жишээ тохиолддог. Улсын хэмжээнд нэгдмэл бодлого эрхэлдэг яам, агентлаг нь зөвшөөрөл өгчихсөн байхад өнөөх сум, дүүргийн Засаг дарга “Сайд, агентлагийн даргын тушаал надад хамаагүй” гээд сууж байдаг. Үүнийгээ “Би иргэддээ амлалт өгсөн” гэж зөвтгөдөг юм. Тэгэхээр сум, дүүргээс сонгогдсон Засаг даргын хувьд ингэж ярих тун болзошгүй. Иймд салбар хуульд шалгуурыг маш тодорхой заах ёстой болж байгаа. Эрхийг нь нэгэнт нээчихэж байгаа тохиолдолд хяналтыг нь тавих нь зүйн хэрэг.

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгосон ч дээд шатны Засаг дарга нь томилно, огцруулна гэж заасан. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?

-Хариуцлага алдаж, хууль биелүүлээгүй тохиолдолд дээд шатны Засаг дарга нь огцруулчихъя гэж байгаа юм. Сум, дүүргийн Засаг даргыг огцрууллаа гэхэд ахиад сонгууль явуулна гэж байхаар л дээд шатны Засаг даргад нь хариуцлага тооцох эрхийг нь өгчихвөл яасан юм бэ гэж байгаа хэрэг. Сум, дүүргийн Засаг даргыг иргэдийн мандаттай болгож байгаа юм бол яагаад дундаас нь дээд шатны Засаг даргад огцруулах, томилох эрхийг нь өгдөг юм бэ, энэ бол зөрчил мөн гэх шүүмжлэлийг хэлэх хүмүүс байгаа. Үүнд үндэслэл бий. Хэн нэгэн Засаг даргыг огцруулахаар иргэд олноороо саналаа нэгтгэж, зохион байгуулалтад орно гэдэг цаг, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй байж магадгүй. Тийм учраас дээд шатны Засаг даргад нь энэ эрхийг өгчихье гэсэн санааг гаргасан хэрэг.

УИХ-ын гишүүд өөрсдөө хэлэлцэх, томьёоллоо батлах эрхтэй. Нутгийн удирдлагын туршлагатай, тэнд ажиллаж үзсэн, зовлон жаргалыг нь мэдэх олон хүмүүс байгаа юм билээ. Тиймээс томьёоллыг нь сайжруулаад явчих байх гэж бодож байна. Харин сайжруулахдаа тогтолцоо, зарчим гээч зүйлийг барихгүй бол үг, үсэг хөөцөлдөж явсаар юу ч биш болгочих эрсдэл байдгийг бас санах учиртай.

-Сум, дүүрэг бол Үндсэн нэгж юм гэж зааж өгчээ. Ингэснээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Сум, дүүрэг, аймаг, нийслэл дээр нийтлэг чиг үүрэг нь давхцахаар байдаг. Аймаг, сумын бүрэн эрхийг нь нийтлэг бүрэн эрх гэдгээр хуульд цуг заасан. Ихэнх ерөнхий чиг үүргийн хувьд аймаг, сум аль аль нь эрхтэй юм шиг болчихдог. Мөн чанар дээрээ аймаг төвлөрүүлэх талдаа уламжлалтай. 2018 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн судалгаагаар тодорхойлсон энэ асуудлыг шийдвэрлэхээр сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн эрхийг тусад нь зааж өгч байгаа. Дүүргүүд 100-150 мянган хүн амтай байгаа. Гэтэл хамгийн их хүн амтай сум байсан ч тав, арван мянгаас хэтрэхгүй. Тиймээс ингэж холбоо үгээр нэрлэж, байнга зэрэгцүүлэхээ больё гэдэг зүйлийг судлаачид хэлж байгаа юм. Ингээд нэг талаасаа 1992 оны Үндсэн хуулийн эдийн засаг, нийгмийн цогцолбор байх зарчмыг тодруулж, нөгөө талаас чиг үүргийг оновчтой ялгаж зааглахын тулд иргэнд ойр сум, дүүргийг үндсэн нэгж гэж томьёолох нь ач холбогдолтой гэж үзэж байна. Ингэснээр аймаг, нийслэлд бус сум болон дүүрэгт өмчийн татварын эрхийг төвлөрүүлэх юм.

-Дураараа татвар тогтоох нөхцөлийг бий болгочихож байгаа хэрэг биш үү?

-Татварын асуудлыг тодруулахад дээр “зөвхөн хуулиар тогтоосон хүрээнд” гэдэг хязгаарлалттайгаар томьёолсон. Мэдээж хүрээ хязгааргүй байж таарахгүй. Социализмын үед хүүхэдгүйн татвар гэж байдаг байсан. Магадгүй энэ мэт татварыг зохиогоод аваад байхыг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн хуулиар л сум, дүүрэг ямар төрлийн татвар хураах боломжтойг тогтооно. Түгээмэл тархацтай ашигт малтмалаар татвар тогтоож болно гэдэг ч юм уу эрхийг нь өгөх юм. Магадгүй дээд хязгаарыг нь ч тогтоож өгч болно.

Ер нь бид 1992 оны Үндсэн хуулиас хойш маш их болгоомжилсон. Гэтэл эцсийн дүндээ бид урагшилж, ахиж, тулгамдсан асуудлаа даруй шийдээд хөгжиж чадаж байна уу, үүнийгээ бодох цаг болсон. Улсын төсөвт нэмэр болдог битгий хэл эдийн засгийн хувьд бие даасан, татаасгүй ажилладаг аймаг, сум хэдхэн байсаар ирсэн. Гэсэн хэрнээ бид хөгжмөөр байна гэж яриад байдаг. Ийм учраас болгоомжлохын сацуу боломжийг нь өгөх ёстой.

-Авсан татвараа хэрхэн зарцуулах вэ?

-Татварыг юунд зарцуулахыг иргэд заана. Жишээ нь, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайргад татвар тогтоолоо гэж бодоход олсон татвараа байгалийг нөхөн сэргээхэд зориулаарай гэх мэт. Мөн боловсролд тэдэн хувийг нь зарцуулах ёстой гэж нарийвчилж ч зааж болно. Энэ бол эргээд хяналт тавихад маш тодорхой боломжтой арга.

-Зарим аймгуудыг хот болгох боломжийг хуулиар нээж өгч байгаа. Үүний давуу тал нь юу байна вэ?

-Хотын эрх зүйн байдлын тухай хууль огт хэрэгжсэнгүй, энэ хуулийг амьдруулах нь зүйтэй гэдгийг судлаачид хэлж, дүгнэж байгаа. Хот тосгоноо хөгжүүлье гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчлөх шаардлагатай. Хүн амын тоогоор нь аваад үзсэн ч нэн тэргүүнд Эрдэнэт, Дархан хоёр улсын зэрэглэлтэй хот болох боломжтой юм. Энэ асуудал Үндсэн хуулийн төсөл яригдах болгонд орж ирж байсан. Гэхдээ хот гэдэг статусыг өгчихөөр л тухайн нутаг шууд хөгжөөд сайхан болчихгүй. Хот гэдэг нь хүн ам, эдийн засгийн нөөц, аж ахуй үйлчилгээ төвлөрсөн, Б.Чимид багшийн хэлснээр нэг төрлийн кропораци л юм. Иргэдээ хэвийн амьдруулах нь л хотын хариуцах асуудал байдаг. Ногоон байгууламж, гэрэл гэгээ, зогсоол, тайван амгалан орчинг бүрдүүлэх нь л хотын үүрэг. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон аймгийн зэрэглэлтэй хот нь хэвээрээ, үүнийхээ өөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсийг нь салбарын хуулиар тогтооно шүү гэдгийг тодруулсан. Тусдаа өөрийн удирдлагатай байгаагүй нь манай улсын тулгамдсан асуудал болоод байна. Одоо бол ихэнхдээ хотын юмуу тосгоны захирагч бөгөөд Засаг дарга гэж хамт явдаг. Угтаа бол захирагч, Засаг дарга нь тус тусдаа өөр хүмүүс байх ёстой. Хотын юмуу тосгоны захирагчийн үүрэг туйлын тодорхой. Ердөө л хотын хэвийн байдлыг хангахад анхаарлаа хандуулна. Зам талбай, гэрэлтүүлэг, бизнес, үйлчилгээ гэх мэт.

Харин засаг захиргааны нэгжийн хэмжээнд хүргэх төрийн үйлчилгээг тухайн шатны Засаг дарга хариуцаж байх учиртай юм. Энэ асуудлыг зохицуулах боломж олгоно. Хэрэв аймаг, сум эсвэл хот тосгоны хилийн цэс давхцаж байвал заавал тусдаа удирдлага байхгүй, нэгэнд нь шилжүүлэх асуудлыг салбарын хуулиар зохицуулах суурийг заасан.