Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 24-нд болох үйл явдал

09.00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудалд “Асаргааны хэрэгцээ ба шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 80019000

09.00 цагт ХААИС-д “Гамшгийг даван туулах чадавхийг сайжруулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь” төслийн хаалтын хурал болно.

09.30 цагт Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттиг угтана.

10.00 цагт Багш хөгжлийн ордонд ирэх хичээлийн жилийн сургалтын бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэлэлцүүлэг болно.Утас: 99096868

10.00 цагт “Оюу толгой” компанийн байранд Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах талаар мэдээлнэ. Утас: 99191388, 88117157

10.30 цагт НМХГ-аас зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлнэ. Утас:91887887

11.00 цагт Дэлхийн банкнаас өөрийн байрандаа “Төсвийн зардлын тойм судалгаа”-г танилцуулна. Утас: 99778587

11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо, эрч хүч сэдвээр” нээлттэй уулзалт зохион байгуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Хурд хамтлаг “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн аянаа эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорино. Утас: 88084392

12.00 цагт Улаанбаатар сувилалд “Хүнд хортой металлын бохирдол болон ургамлын судалгаа” олон улсын II симпозиум болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах баримтын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ЖДҮХС болон Чингис бондын талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хоёр гавьяат

Салхи, бороо ээлжлэн хацар илбэсэн тийм нэг бүүдгэрхэн өдөр гэрэл гэгээтэй, дув дулаан ахуйд тухаллаа. Хайр, аз жаргал бялхсан энэ өрхийн эзэн бол “Монголын үнэн” сонины гэрэл зурагчин, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бөхдамбий юм. Харин гэрийн эзэгтэйг Д.Баяраа гэдэг. Түүнийг Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч гэдгээр нь уншигчид маань андахгүй сайн мэдэх биз ээ. Н.Бөхдамбий гуайнх “Хурд” хороололд амьдардаг юм байна. Амралтын өдөр тул хоёр зээнцэр нь ирчихсэн тун ч дуу шуутайхан сууна. Ач зээ, өвөө эмээ нарт ийн сууцгаах шиг жаргал хаа байх билээ. Бид том өрөөнд байх шилэн ширээний ард тухаллаа. Н.Бөхдамбий гуайнх бурхан шүтээн, ном товхимолоо хоймортоо залжээ. Хааяахан ирэх бяцхан зээнцэрүүддээ зориулсан жижиг ширээ, тоглоомууд ч өрөөний буланд харагдана. Гэрийн эзэд ээлжлэн гал тогооныхоо өрөөг зорьж бидэнд хоол цай, чихэр жимс авчирах нь ихээ зочломтгой хүмүүс болохыг илтгэнэ.

Н.Бөхдамбий гуайг хэвлэл мэдээллийн салбарт танихгүй хүн тун ховор. Харин түүнийг аль нутаг усных, яг ямар мэргэжилтэй хүн болохыг тэр бүр мэдэхгүй байх. Түүнээс нутаг усных нь тухай асуухад “Би баруун аймгийн хүн. Бараг Шинжаан, Уйгарын нутгийн хүн” хэмээгээд инээмсэглэх нь тэр. Н.Бөхдамбий гуай Алтайн их уулсыг түшсэн Ховд аймгийн Үенч сумын хүн аж. Эхээс зургуулаа, айлын дундах хүү тэрээр энэ л нутагтаа бага сургууль дүүргэж, Булган суманд очиж аравдугаар ангиа төгсчээ. Улмаар МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид суралцаж төгссөн байна.Ховдын хязгаараас оюутан болж ирэхдээ хэрхэн хөглөж байснаа тэрээр дурссан. Аймгийн төв ч орж ирээгүй хүү ээжийнхээ хийж өгсөн хөвөнтэй дээлийг өмсөөд шинэхэн бакаль жийсэн шигээ хүрээг зорьжээ. Зуны дэлгэр цагт ч Алтайн их өндөр уулсын дэргэд сэрүү татан байх нь дамжиггүй. Түүн шигээ л санаж холыг зорьж буй хүүдээ ээж нь хөвөнтэй дээл хийж өгчээ. Ингээд л тээврийн тэргэнд суугаад аймгийн төвдөө очин тэндээсээ онгоцоор нийслэлд ирсэн байна. Гэрийн эзэн “Хотод ирээд төрлийндөө очихоор автобусанд суулаа. Автобус гэж гэрэл гэгээтэй жигтэйхэн сайхан унаа. Хүмүүс цөм цагаан цамцтай байна шүү. Над шиг л хөвөнтэй дээл, бакальтай хүн тэнд алга. Дээрээс нь шуудайн дотор ойр зуурын хэрэгтэй зүйлүүдээ хийгээд үүрчихсэнийг хэлэх үү хөлсөө гоожуулсан амьтан л явж байгаа юм. Ингэж л оюутан болж ирсэн дээ” гэлээ. Түүний ажлын гараа Сүхбаатарын нэрэмжит арван жилийн Хоёрдугаар сургуулиас эхэлж, тэндээ таван жил ажилласан байна. “Боломжийн сайн багш гэж энд тэнд хэл сураг очсон бололтой. Эвлэлийн төв хороо авъя л гэнэ. Хотын эвлэлийн хороо удирдах ажил хийлгэх юм ч ярьж байна. Би дарга хийх хүн биш. Багшлахаа болих дээрээ хүрвэл юм бол мэргэжлийнхээ ажлыг л хийх юмсан гэсэн бодолтой байлаа. Ингэж явсаар 1977 оны хавар нь юм даа “Үнэн” сонины газараас намайг дууддаг юм байна.

Яваад очтол хоёр ширхэг “Үнэн” сонин өглөө. “Багш хүн байна. Та нэг үзээд ир” л гэнэ. Амралтын өдөр ч таарсан учир өнөөх сониноо үзээд хэрэндээ л найруулга, үг үсгийн алдааг нь зураад явуулчихлаа. Дараа нь дуулах нь ээ шуурхай хурал дээрээ “Жирийн нэг багш хүн манай сониноос ийм алдаа, мадаг олсон байна” гэж ярьсан гэнэ лээ” хэмээн тэрээр ярьсан. Тэр жилийнхээ хавар нь Н.Бөхдамбий гуайд “Үнэн” сониноос ажиллах санал тавьжээ. Гэтэл Хотын боловсролын хэлтсээс нь залуу боловсон хүчнээ өгөхгүй гээд гүрийчихэж. Харин өвөл нь Хотын боловсролын хэлтсийн даргыг эзгүй байх хооронд “Үнэн” сониныхон самбаачилж түүнийг урвуулчихсан гэдэг. Нам, засгийн төв хэвлэл учир тус сонинд голдуу нас тогтсон, туршлагатай хүмүүс л ажиллана. Намын гишүүн биш, залуу хүмүүс тун ховор. Ийнхүү Н.Бөхдамбий гуай тэдний нэг болон “Үнэн” сонины өндөр босгоор алхаж байжээ.

Сонины ажил цэргийн цол мэт эрэмбэ, дараатай. Бүх зүйлийг дороос нь эхэлж дадлага туршлагыг хуримтлуулдаг ёстой. Үүнийг адил тэрээр хэвлэлийн хэсэгт нийлэгч, хянагчаас ажлын гараагаа эхэлжээ. “Хэвлэлийн хэсэгт алдаа мадаг гарч цалингаараа торгуулах, бүр ажлаасаа халагдах хэмжээнд хүртэл шийтгүүлдэг байлаа. Бурхны аварлаар ч гэдэг юм уу, би нэг их алдаа гаргаж байгаагүй юм. Хэвлэлийн хэсэгт тав, зургаан жил ажиллаад редакцид орж ирсэн дээ. Идэвхтэн бичигтнүүдийн ирүүлсэн захиаг боловсруулна. 18 аймаг, Москва зэрэгт байх тусгай сурвалжлагчийн материалыг ч цэгцэлж, сонинд нийлүүлнэ. Энэ ажлыг хийдэг хүнийг тэр үед утга зохиолын ажилтан гэдэг байлаа. Үйлдвэрийн аж ахуйн газраас сурвалжлага их хийнэ. Тэр тохиолдолд тусгай сурвалжлагч болоод л хөдөөг зорино доо. Би Цэндийн Намсрай гуайг ажиллаж байх үед “Үнэн” сонинд орсон хүн. Харин Ц.Намсрай эрхлэгчийг чөлөөндөө гарсны дараа Лодонгийн Түдэв гуай эрхлэгчээр ирсэн. Тэрээр залуучуудыг юм үзүүлж, сургана гэсэн агуулгаар Ц.Балдорж, Х.Ганбат, Нямбат, одоогийн “Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд тэргүүтэй хүмүүсийг хөдөө томилчихсон. Ийнхүү Дорнод аймагт “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар сууж байлаа” хэмээн цай оочлонгоо дурссан.

Ийнхүү явж ирээд “Үнэн” сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ч ажиллаж байж. Улмаар 1997 онд Л.Түдэв гуай гавьяаныхаа амралтад гарч, Г.Төртогтох эрхлэгчээр томилогджээ. Шинэ эрхлэгч нь түүнээс “Сурвалжлагчаараа ажиллах уу, эсвэл гэрэл зургийн хэлтсээ авах юм уу” гэж. Энэ үед тэрээр гэрэл зургийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Энэ нь ч түүнээс хол зүйл биш. Тэрээр оюутан цагаасаа л гэрэл зургийн аппараттай нөхөрлөсөн нэгэн. Хаана ч л явсан аппаратаа үүрээстэй. “Үнэн” сонины сурвалжлагч байх үедээ өөрийн аппаратаараа л зурагаа авчихдаг байж. Ийнхүү тэрээр 21 дэх жилдээ гэрэл зургийн салбарт зүтгэж яваа юм. Энэ хугацаанд сайн, муу, сайхан, муухай бүхий л үйл явдалд оролцож дурандаа буулган “Үнэн” сонины шарласан хуудсанд үлдээжээ.

Н.Бөхдамбий “Би “Үнэн” сонины босгыг алхаад 42 жил болсон байна. Энэ сонинд над шиг удсан хүн байдаг болов уу гэж боддог юм. Ямар сайндаа л төрийн шагналт зохиолч Б.Догмид намайг “Чиний хөшөө чамайг амьдад чинь “Үнэн” сонины үүдэнд босох болсон” гэж хэлж байхав” гээд инээмсэглэв. Нээрээ л түүн шиг он удаан жил ажилласан хүн тун ховор болов уу. “Үнэн” сониндоо бараг хагас зууныг илээн үнэнчээр ажиллах болсон тухай нь асуухад “1992 онд Үндсэн хууль баталснаар цаг үе ондоо болсон. Манай сониноос салбарлаж олон ч сонин шинээр байгуулагдсан гэж хэлж болно. Тэр үед “Засгийн газрын мэдээ” сониноос надад ажиллах санал ирсэн. Гэхдээ би сониноосоо яваагүй. Учир нь хамт ажиллаж байсан олон сайхан нөхөд яваад өгсний дараа Л.Түдэв гэж агуу хүн нэг их ганцаардаж байгаа юм шиг санагдсан. Нөгөө талаар тэр сайхан нөмөр нөөлөгтэй хүний хажууд би үлдэхийг хүссэн хэрэг. Миний хувьд Хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж байсан үе л дээ. Үүний хажуугаар макет, чимэглэл хийх чухал үүрэгтэй байлаа. Тэр хүний итгэлийг алдаж болохгүй гэж л бодогдсон. Олон ч жил хамт ажилласан даа” гэв. Түүний хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа гэрэл зургийн салбарт үнэнчээр зүтгэсэн хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг олгосон. Тэрээр ийнхүү гэрэл зургийн салбараас мэндэлсэн зургаа дахь гавьяат болсон байдаг.

Сонирхуулахад, Н.Бөхдамбий гуай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай тун төсөрхүү. Тиймдээ ч Н.Багабанди гуайн дүрийг МҮОНТВийн нэгэн зохиомжид бүтээж явсан гэдэг шүү. Биднийг ийн ярилцах зуур том зээнцэр хичээнгүйлэн зураг зурж байх юм. Хоёр настай болов уу гэмээр бага зээнцэр буйдан дээрээ суун мууртайгаа тоглож, ихээ чангаар инээх нь өхөөрдмөөр. Энэ бүрт л тэд зээнцэрээ харж өхөөрдөн, хошуу дэвсэн эрхлүүлж харагдана.

Д.Баяраа эмч Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. Тэрээр “Би ухаан ороогүй жаахан байхдаа л хүн бүр лүү харж инээдэг байсан байгаа юм. Хүүхэд байхын л тайван дөлгөөн байсныг илтгэж байгаа юм уу даа. Одоо ч тийм. Хүний зан араншин гэж бага балчирдаа л бүрэлдэн тогтдог байх нь” гэлээ. Өнөөх хүмүүс рүү харж дулаанаар инээмсэглэдэг эелдэг зөөлөн зан байдал нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй харагдана. Социализмын үед ч бүх зүйл чанга, хатуу шаардлагатай байж. Үүнээсээ болоод тэрээр “Эмч хүн сувилагчиддаа ч хатуу шаардлагатай байх хэрэгтэй. Юунд чи инээж харьцдаг юм” гэж зэмлүүлэх үе ч байсан гэдэг. Ийм зан чанартайг нь анзаарсан болоод ч тэрүү ээж Ж.Жомбоо нь түүнийг хүүхдийн эмч болохыг зөвлөжээ. Гэрийн эзэгтэй “Би аравдугаар ангиа Баянхонгор аймагт төгсөөд Анагаахын дээд сургуулийг 1971 онд дүүргэсэн. Төгсөөд одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд насаараа ажилласан. Тухайн үед Гандангийн “Хүүхдийн эмнэлэг” гэсэн нэртэй байлаа. Одоо “ЦННББ” гэж эмнэлэг байгуулаад ажиллаж байна” гэлээ.

Тэрээр эмэгтэйчүүдийн эмч болно гэсэн л зорилготой байж. Гэтэл түүний ээж Ж.Жомбоо “Би чамайг эмэгтэйчүүдийн эмч болохыг зөвшөөрөхгүй. Чи хүүхдийн л эмч болох хүн” гэж. Тэр бүү хэл “Миний охин хүүхдийн эмч гэх гайхалтай алдрыг авч явж чадна. Бүх хүүхдийн гавьяат эмч болно оо” хэмээн хэлдэг байжээ. Эх хүн үрээ хамгаас илүү мэднэ. Мөн хамгийн сайнаар ерөөнө. Ийнхүү түүний ээж охиноо хүний хүүхдийг ч хайрлаж, энэрч, анагааж чадна гэж итгэж, зөн совингоороо мэдэрч ерөөжээ. Хожмоо энэ бүхэн нь биелсэн нь гайхалтай. Би ээжийнхээ зөвлөснөөр хүүхдийн эмч болсондоо маш их баяртай байдаг. Бяцхан үрсийг эмчилнэ, анагаана гэдэг үнэхээр гайхалтай хувь тавилан юм байна гэж бодох болсон. Энэ бол ээжийн минь надад үүрэг болгосон гайхалтай хувь тохиол гэж олзуурхдаг даа” хэмээн онцолсон юм.

Хүүхэд өөрийнхөө юу нь өвдөөд байгааг хэлж, илэрхийлж чаддаггүй. Ээж аавууд нь ч тэр бүр тодорхой мэдэх боломжгүй. Тэр ч утгаараа хүүхдийн эмч бол хамгийн их мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой хүмүүс. Энэ тухай Д.Баяраа эмч “Ариун нандин, энхрий, хөөрхөн үрсийг эрүүл саруул болгохын төлөө чармайн ажиллана гэдэг маш том үүрэг хариуцлага. Өвдөж, зовоод ирсэн хүүхдүүдийг эрүүл болгохын төлөө үргэлж хичээдэг дээ. Хүүхдүүдийг л эрүүл байлгахсан, яавал хүүхдүүдийн тухай илүүг мэдэж болохов гэсэн хүсэл эрмэлзэл одоо ч дүүрэн. Хүүхдийн төлөө уншиж судалсан, хүүхдийн төлөө амьдарсан л он жилүүд өнгөрлөө дөө. Мэргэжлээсээ өнөөдрийг хүртэл огтхон ч уйдаагүй байна гэхээр хийж буй ажил минь өөрөө гайхалтай байгаа юм” гэв. Д.Баяраа гуайн аав Д.Данзан мөн л нутаг усандаа шагшин магтагдсан эмч хүн аж. Тэрээр их сургуулиа төгсөөд Баянхонгор аймгийн Баянлиг суманд очиж ажиллан Сум дундын эмнэлэг байгуулсан байна. Д.Данзан гуай сүрьеэг ингэний хоормогоор эмчилж байсан нь шинэ нээлт болж байж. 1957 онд Баянхонгор аймагт газар хөдлөлт болсны дараа хорт хий агаарт дэгдэж хүүхэд, эмэгтэйчүүдэд нөлөөлснийг тогтоон, эмчилсэн гэдэг. Энэ бүх гавьяаг нь үнэлж тухайн үед “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Түүний аав Улсын нэгдүгээр амаржих газар буюу одоогийн Өргөө амаржих газрын даргаар ч ажиллаж байжээ. Д.Баяраа “Аавыг дагаад явахад хаана ч байлаа гэсэн хүмүүс үзүүлэх гээд дараалал үүсгэнэ. Хүмүүс “Данзан гуайд нэг л үзүүлчих юм бол эдгэчихдэг юм” гэж хүртэл ярихыг олонтаа сонсож байлаа. Үнэхээр ч тийм байдагсан. Аавд минь хүмүүст тэгж л их итгэж, сүсэлдэг байж дээ. Хүн эхлээд сэтгэлээрээ эдгэх ёстой. Аав минь өвчнийг нь илааршуулахын сацуу сэтгэлээрээ эдгэх үрийг нь тарьдаг байсан” гэв. Аавд нь хэлдэг байсан тэр үгнүүдийг одоо Д.Баяраа гуай сонсдог. Д.Баяраа гуайд л үзүүлчих юм бол хүүхэд өвдөхөө больчихдог, хурдан түргэн эдгэчихдэг гэх хүн тун олон. Зарим нь хүүхдээ өвдөөгүй үед ч ирж үзүүлдэг гэсэн. Хүний сэтгэл гэдэг нэн тэргүүний эмч болохыг эдгээр жишээ нотлох биз ээ. Үүнийг ч шинжлэх ухаанд нотолж “Квантын шинжлэх ухаан” хэмээн нэрийдэх болсон гэдгийг тэрээр онцолсон. Тэрээр 2005 он Монгол Улсын хүний гавьяат эмч гэх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Аавынхаа амьд ахуйд энэхүү хүндтэй цолыг авсандаа баярладаг ч, үргэлжид гавьяат болохыг ерөөдөг байсан ээжийдээ харуулж чадаагүйдээ багахан харамсаж явдаг гэсэн.

Энэ үед таван настай зээнцэр охин нь зурсан зургаа нямбай гэгч нь нугалаад эмээдээ авч ирэв. “Таны төрсөн өдрийн бэлэг шүү” гэж ичингүйрэн хэлээд буцаад гүйчих нь тэр. Хэдхэн хоногийн өмнө Д.Баяраа гуайн төрсөн өдөр болсонд охин ийн бэлэг барьж буй аж. Бэлэг болгон барьсан зурагтаа эмээ, өвөөгөө, өөрийгөө, дүүгээ баярын ширээний хажууд зогсож байгаагаар дүрсэлжээ. Үүнийг нь хараад өвөө, эмээ хоёр нь хөөрч, баясаж тун чиг жаргалтай харагдана. Эднийх дөрвөн хүүхэд, 12 зээ, хоёр ач, дөрвөн зээнцэртэй юм байна. Үр хүүхдүүд нь өөр, өөрийн салбарт амжилттай ажиллаж, сурч боловсорч байгаа аж. Энэ өнөр өтгөн айлын эзэд бие биедээ хүндлэлтэй хандаж, нэгнээ гэж байгаа нь орж ирсэн цагаас л мэдрэгдсэн. Энэ бүхэн хүүхдийн цовоо цолгиун дуутай нэгдэн нийлж гэрэл гэгээтэй, халуун дулаан, аз жаргалтай гэр бүлийг бий болгож байх шиг.

Н.Бөхдамбий гуай “Ханьтайгаа учраад аз жаргалтай сайхан амьдарч байна. Хүүхдүүд маань ч сайн сайхан явна. Үүнээс л илүү хүсэх зүйл юу байхав. Бид бие биенээ хүндэтгэж, хоёр биендээ тэмүүлж, үнэнч байхыг эрхэмлэдэг. Үнэнч байх гэдэг нь зөвхөн хайр, сэтгэлийн тухайд биш юм. Хань ижилдээ зориулсан бүхэндээ үнэн, чин сэтгэлээсээ хандахыг хэлж байгаа хэрэг” гэлээ. Харин Д.Баяраа гуай “Хань минь маш сайхан хүн. Хүмүүст ч сайнаараа танигдчихсан даа. Ер нь амьдралын эцсийн мөч хүртэл ханьтайгаа хамтдаа байхыг хүн бүр л хүсдэг. Тиймийн тулд яаж энэ хүнийг эрүүл саруул, амар тайван байлгах вэ гэдгээсээ эхлээд бодох хэрэгтэй. Бид яг л тийм. Хамгийн гол нь хүндлэл чухал. Төгс хүн гэж хорвоод үгүй. Алдаа, дутагдлыг нь дөвийлгөх нь хань, ижил хүний хийх ёстой зүйл биш юм. Нэгнээ уучилж, ойлгож байх л хэрэгтэй. Мөн хувь хүнийх нь эрх чөлөөг хүндэтгэх нь чухал. Хүндлэл жижиг зүйлээс эхэлнэ. Хүүхдүүддээ ч гэсэн бид хоёроос суралц гэдэг юм” хэмээн ярилаа.

Н.Бөхдамбий гуайнх үргэлжид хөл ихтэй. Хүүхдээ үзүүлэхээр зорин ирэх ээж, аавууд дараалал үүсгэх нь холгүй тэднийд цуглардаг. Үүний хажуугаар заавар, зөвлөгөө авах, баярласан сэтгэлээ илэрхийлэх эцэг, эхчүүдийн дуудлага ч тасрахгүй. Гэлээ ч гэрийн эзэд огтхон түүртэж, тээршаалгүй ирсэн бүхэнд найрсаг, өөриймсөг хандаж, үнэтэй зөвлөгөөгөө өгнө. Үнэхээр л тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, эргэн тойрондоо ч аз жаргалын үрийг тарьсаар яваа нь гайхалтай. Д.Баяраа “Эргээд бодоход гайхамшигтай сайхан амьдралыг туулж дээ. Энэ хорвоод ирээд их сайхан хүмүүстэй учирсан. Гайхамшигтай ээж, аав, хань ижил, үр хүүхэд заяасан. Тиймдээ ч би өдий зэрэгтэй яваа юм. Дандаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсээр би хүрээлүүлсээр ирж. Зовлон бэрхшээл хүний амьдралд нэг биш удаа тохионо. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай шүү дээ. Аав, ээж минь хорвоогоос буцах дөхөөд нэг л адил зүйлийг хэлж байсан нь тодхон үлджээ. Тэд минь “Бид жаргалтай байсан. Та нартайгаа хамт маш жаргалтай амьдралыг өнгөрүүлсэн. Үнэхээр их баярлаж байна” гэж хэлсэн шүү” гэж хоолой зангируулан хэлж байлаа. Үзэж, туулсан амьдралаа эргэн дурсаад шүүрс алдан суудаг хүмүүс хуруу дарам цөөхөн. Магадгүй байгаа бүхэндээ сэтгэл ханаж чаддаг хүмүүс ховор байх.

Д.Баяраа эмч өглөө өдөр ялгалгүй бяцхан зочдыг хүлээж авдаг. Дээр хэлсэнчлэн огтхон ч түүртэлгүй өөрийн хүүхэд мэт эрхлүүлж, эрүүл саруул болгохыг зорино. Хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаад ихэд зовниж явдгаа тэрээр хэлж байлаа. Чухамхүү ямар учир шалтгаанаас үүдэн байдал ийм дээрээ хүрээд буй талаар түүнээс тодруулахад тэрээр “Өмнө нь зундаа гэдэсний өвчлөл, өвөлдөө ханиад л элбэг байв. Тэдгээр нь нэг их хүчтэй эмчилгээ хийх шаардлагагүйгээр л эдгэчихдэг байсан. Одоо тэр цаг ард хоцорчээ. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой юм. Энэ нийгэм хүн бүр эрүүл мэндийн боловсролтой байхыг хүссэн, хүсээгүй шаардаж байна. Хүн ханиалгаж, нус цэрээ хаяж, өтгөн шингэнээ гаргахдаа өөрт байгаа өвчин үүсгэгч бактеруудаа гадагшлуулж байдаг. Тиймээс хүн наанадаж зөв ханиалгаж, энд тэнд нус цэрээ хаяхгүй байж сурах хэрэгтэй. Айлууд бохир усаа гэрийнхээ ойр цацахгүй байх ёстой. Энэ бохирдлуудаас өвчин үүсгэгч бактерууд гарч агаарт байгаа өвчин үүсгэгч бактертай нэгдэн хүүхэд, настайчууд буюу дархлалын систем нь сул байгаа хүмүүст нөлөөлж, элдэв өвчлөл тасрахгүй байна. Хэдэн жилийн өмнө бид халаасан хоол идэж болдог байсан. Харин өнөөдөр агаарын бохирдлоос болоод хоёр цагаас илүү хугацаа өнгөрсөн л бол ямар ч хоолыг идэж болохгүй болсон” гэж байлаа. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөв хооллолтыг эрхэмлэхийг зөвлөж байгаа. Идэж байгаа хоолоо нэг таваг гэж үзвэл тэн хагас нь ногоо, жимс үлдсэн нь мах, үр тариа, цагаан идээ байх ёстой. Манайд үр тариа, ногоо жимснийх нь байр солигдчихсон. Үүнээс үүдэн эсийн түвшин дэх дархлалын системдээ алдаа заах гээд байдаг. Мөн чихэр ихээр хэрэглэдэг болсон. Чихэрлэг зүйлс нь өвчин үүсгэх бактеруудыг дэмжээд байдаг юм. Тиймдээ ч харшил, хавдар ихсээд байна. Унтаж байх үед хүний биед эрүүлжих процесс явагдаж байдаг. 22:00 цагт унтах нь маш чухал. Гэтэл залуучууд яг тэр цаг үед баар, цэнгээний газар сууцгааж байна. Эцэг, эхчүүд өсөлтийн даавар ялгардаг үе болох 22:0003:00 цагт хүүхдээ бага балчираас нь унтуулж хэвшүүлмээр байна. Нойрны дэглэмийг чанд сахих нь маш чухал. Мөн хүн болгон идэвхтэй хөдөлгөөн хийж байгаасай. Хүүхэд байхаасаа л өглөөний дасгал хийж, өдөртөө тогтмол алхдаг баймаар байна” гэлээ. Хүүхдэд хийх шаардлагатай вакцинуудыг цаг тухайд нь хийлгээгүйн улмаас улаанбурхан зэрэг өвчин дахин гарах болсныг ч тэрээр онцолж байсан юм. Бид ярилцан суусаар цаг ч харвасан сум шиг одсоныг үл анзаарчээ. Гавьяатуудын эгэл хэрнээ аз жаргал бялхсан ахуйд ийнхүү саатлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Сэлэнгэ: Гурван ихэр минь бидэнд ирье гэж ирсэн бурхны хишиг

Алдарт эх Б.Сэлэнгэтэй ярилцлаа.


-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатар хотын унаган иргэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Яармагт бага нас минь өнгөрсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төгссөн 34 дүгээр сургуулийг төгссөн.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Нөхрийг маань Пүрэвсүрэнгийн Батбаяр гэдэг. Хан сүрэг сан сэндвичин барилга барьдаг компанид ажилладаг. Найман хүүхэдтэй айлын бага нь.

-Нөхөртэйгөө анх хэзээ танилцаж байв?

-Нөхөр маань арван жилийн нөгөө ангид сурдаг байсан. Сургуулиа төгсөөд үерхэж эхэлсэн юм уу даа. Одоо хэдэн жил болчихсон юм бэ. 1998 онд арван жилээ төгссөн гэхээр 21 жил болчихсон юм байна.

-Анх хэзээ аав, ээж болж байв?

-Манай том охин 12 настай. 52 дугаар сургуульд сурдаг. Би арван жилээ төгсөөд Сувилагчийн сургуульд гурван жил сурсан. Сувилагч мэргэжилтэй. Манай хүн ХУД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах Бизнесийн дээд сургуулийг Компютер программ хангамж мэргэжлээр төгссөн. Би сургуулиа төгсөөд Хавдар судлалын үндэсний төвд зургаан сар ажиллаад БНСУ руу явсан. Нөхөр маань араас ирээд бид хоёр зургаан жил тэнд амьдарсан. Том охиноо Солонгост төрүүлж байлаа. Тэгээд 2007 онд Солонгосоос жирэмсэн ирээд 2008 онд хуримаа хийсэн. Тэгж л бидний амьдрал эхэлж байлаа.

-Өнөр өтгөн гэр бүлийн гишүүдээ танилцуулаач?

-Охин 2006 онд төрсөн, Хулан гэдэг. Удаахь хүү 2008 онд төрсөн Төгөлдөр дараагийн хүү маань 2013 онд төрсөн, Тамир гэдэг. Гурван ихэр маань 2018 онд төрсөн. Болор-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ, Түвдэндорж гэж нэрлэсэн. Гурван хүүхэдтэй байх үед манай ээж “Гурван хөлтэй ширээ байдаггүй. Дөрөв дэх хүүхдээ гарга. Одонгоо ч авах юм чинь миний охин нэг хүүхэд төрүүлчих” гэж билээ. Тэгэхээр нь нээрээ л ганц хүүхэд гаргаад одонгоо авчихъя гэж бодоод 37-ныхоо жил дээр жирэмсэн боллоо. Эхлээд ЭХО-д харуулахад сайн мэдэгдээгүй. Ихэр байж магадгүй сарын дараа ирж дахиж үзүүлээрэй гэсэн.

-Сарын дараа очиж үзүүлээд гурван ихэр гэж мэдээд юу бодогдов?

-Анх сонсоод маш гайхсан. Том охин, нөхөртэйгөө хамт очсон юм. Бид сонсоод ер нь бол итгээгүй. Сайхан худлаа ярьж байна даа л гэж бодсон. Ихрийн удамтай юу гэж асуусан л даа. Нөхрийн маань талд бий. Манай талд ч байгаа. Гэтэл ихэр байна. Бүр гурав шүү гэхээр нь үнэндээ гайхсан. Тэгээд ЭХО-д үзүүлтэл зүрхний цохилт нь ороод ирсэн. Нөхөр мэдээд шокын байдалд орсон. Ер нь би өөрөө ч шоконд орсон. Эхний хэдэн сар бол итгээгүй. Бага сартайд нь хүмүүсээс нууж явсан л даа. Анх ээж рүүгээ ярьж хэлсэн. Баярлаад байгаа нь мэдэгдэхгүй, яасан нь мэдэгдээгүй. “За чимээгүй байгаарай миний охин. Хэнд ч хэлж болохгүй шүү” гэсэн. Тэгээд л хэнд ч хэлэлгүй нуусан. Эмч хэлэхдээ “Гурван хүүхэд бол чанга. Эрт үедээ эрсдэх магадлал ч бий. Тиймээс эх хүн юм чинь чи л өөрөө биеэ сайн бодож яваарай. Ээжээс л бүх зүйл шалтгаална. Чи л эрүүл байж ураг эрүүл саруул бойжно” гэсэн. Харьцангуй жирэмсэн үедээ гайгүй байсан шүү. Манай гурав ээжийгээ нэг их зовоогоогүй.


-Гэр бүл болохдоо хэдэн хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байв?

-Хүмүүс шиг тэдэн хүүхэдтэй болно гэж ярьдаггүй байсан л даа. Манай нөхөр найман хүүхэдтэй айлын бага нь. Би ах, дүү дөрвүүлээ. Олуулаа өсөх сайхан шүү дээ. Жаахан байхдаа би айлын хүүхдүүдийг их хардаг, асардаг байлаа. Хүүхдэд их хайртай. Тэгэхээр манай ээж намайг “Энэ нэг бол цэцэрлэгийн багш болно, эсвэл өөрөө олон хүүхэд төрүүлнэ. Бөөнийгөөд л олон хүүхдүүд хормойноос нь зүүгдсэн хүн болно” гэдэг байсан. Одоо бодохоор ээжийн хэлж байсан үг үнэхээр үнэн санагддаг.

-Тээх явцад гурав, нэгийн ялгаа байх уу?

-Байлгүй яахав. Тээхэд гурав юм болохоор том. Цаанаа л нэг ондоо. Ядарна, гэдэс нэлээн томорсон шүү. Долоон сартай гэхэд өмнө нь төрөх үе шиг болтлоо томорсон байсан. Найз нөхөд хараад яасан том байна аа гэнэ. Би хэлээгүй болохоор гүрийгээд л мэдэхгүй ээ, харин хөгширсөн болохоор тэгж байгаа юмуу их л томроод байна л гэдэг байлаа.

-Төрснийх нь дараа найзууд нь мэдээд яаж хүлээж авав?

-Эргэлзсэн байдалтай байсан шүү. Чи чинь ямар аймаар нуудаг юм бэ. Хэлдэггүй гээд л. Гол нь гурван ихэр хүүхэд гэдэг хүн болгонд ирээд байдаггүй болохоор хэл амны нэмэр л дээ. Ховор тохиолдол надад заяасан болохоор айсан л даа.

-Төрөх үед ямар нэгэн хүндрэл гарсан уу?

-Долоон сартай байхад нь ус нь гараад кесерово хагалгаагаар төрсөн. Ёстой л анх төрөнгүүт нь миний гурван хүүхэд гар хөл, нүд ам нь бүрэн бүтэн байна уу л гэж боддог юм байна лээ. Дутуу төрсөн болохоор хүү эрчимт эмчилгээний тасагт, хоёр охин хүчилтөрөгчийн гуурстай нэг сар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтсэн.

-Мэдээж гурван ихэр хүүхэд төрүүлээд ажил хийх боломжгүй болно шүү дээ. Хэрэглээ нэмэгдэнэ. Тэгэхээр гэрийнхээ санхүүг яаж бүрдүүлж байна вэ?

-Нөхөрт л бүх ачаалал ирсэн дээ. Анх төрөхөд нь улсаас тус бүрд нь гурав, гурван сая төгрөг өгдөг юм байна лээ. Түүгээр нь эхний хэдэн сар үнэхээр тустай байсан. Дутуу кесерово хагалгаагаар төрөөд сүү орохгүй. Эмчилгээ хийлгэж байгаа болохоор хүүхдэдээ хамаагүй сүү өгч болохгүй. Эхэндээ гурван грамм сүүг шпирицээр өгнө. Яваандаа бага багаар нэмэгдээд тав, арав гээд явж байгаа юм. Тэр хооронд нь энэ хэдийн маань бие нь жаахан эвгүйтвэл буцаад л багасна. Арав нь тав, тав нь гурав гэх мэт. Хүү минь хоёр охиноос илүү хүнд байсан л даа. Эрчимт эмчилгээний тасагт арав гаруй хоносон. Охид маань байнгын хүчилтөрөгчийн аппарат залгуулна. Тэгэхгүй бол хөхрөөд агаар дутагдана. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хамгийн гол нь сахиур оруулдаггүй юм байна лээ. Би хүүхдүүдээ гурван цагийн зайтай өөрөө хооллоно. Эмнэлгийнх нь коридор хүн төөрмөөр урт нарийхан шүү дээ. Шөнө ч унтана гэж байхгүй. Хүүхдүүдээ эрүүл саруул болгохын тулд байнга гурван цагаар хоолыг нь зөөнө. Хоёр тусдаа байсан болохоор их ядарна. Нэг өдөр хүүхдүүдээ хооллох гээд бостол бүх юм дайвалзаад, сууж жаахан тайширчихаад эмч нартаа учирлаж хэлсэн л дээ. Тэгж байж гурав хоног сахиур авсан. Олон хүүхэдтэй ээжид ядаж хэд хоног сахиур хамт байлгамаар юм байна лээ. Тэнд чинь бүгд л дутуу төрсөн нярайтай. Бүгд өөр өөрсдийнхөө хүүхдийг харна. Хэн нь хүний хүүхэд гээд гүйж байхав, хэцүү. Эхний нэг сар их хүнд байсан. Эмнэлгээс гараад хүү жаахан хүнд байсан болохоор сайн бойжуулах гээд хүүгээ ихэвчлэн хөхүүлнэ. Хоёр охиноо нэмэлт тэжээл, угжаар хооллодог байсан л даа.

-Гэртээ гараад ямар байв?

-Сарын дараа гэртээ гараад хамаагүй ондоо юм байна лээ. Бие ч тэнхэрнэ. Ээж аав минь хоол унд хийж өгөөд, эгч ах нар нь дүү нараа хооллоод амарч чадаж байгаа юм. Миний охин чинь бас нэг ээж гэсэн үг шүү дээ. Эмнэлгээс гараад 2-3 удаа гэнэт агаар дутагдаад бие нь хөхөрчихнө. Эмнэлэгт байхдаа мэддэг болчихсон болохоор сандраад л хувцсыг нь тайлаад иллэг хийнэ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хэд хэд явсан. Гурван ихэр болохоор өвдөхөд л жаахан хэцүү. Нэгийг нь аваад эмнэлэгт хэвтэнэ. Нөгөө хоёр нь угжаар хооллоно. Тиймэрхүү бэрхшээлүүд их гарна. Одоо бол нэг ой таван сар хүрчихлээ. Овоо бойжчихсон болохоор бас сэтгэл амраад байна. Удахгүй зусландаа гарч сүү цагаан идээн дээр хүүхдүүдээ илүү сайн бойжуулах санаа байна.

-Эгч, ах нар нь зэрэг гурван дүүтэй болчихоор яаж хүлээж авав?

-Хоёр том нь гурван дүүгээ ээлжилж аваад өхөөрдөөд их дуртай. Дараагийн хүү нь харин нас нь арай бага болохоор жаахан барьцах маягтай. Гурван юм гарч ирээд тоохоо болилоо, хамт унтахгүй гээд гомддог байсан. Нэг сар эмнэлэгт байхад хүү минь л уйлаад утасдана. Ээж яагаад ирэхгүй байгаа юм. Яагаад дүү нарыг авч ирэхгүй байгаа юм гээд л залгана. Өөрт нь бол эмнэлгээс гарч ирсэний дараа хэсэг хаягдчихсан ч юм шиг мэдрэмж төрдөг байсан байх.

-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Алдарт эхийн I, II” одонгоо зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авсан. Тэр үеийн сэтгэдэл ямар байсан бэ?

-Төрийн өндөрлөгөөсөө “Алдарт эхийн I, II” одонгоо зэрэг авахад сэтгэдэл үнэхээр өндөр байсан. Төрийн ордонд ороод одон гардуулах бүх ээжүүдийн хамгийн эхний ээлжинд орж авч байлаа. Төрийн тэргүүнээсээ, төрийн ордонд авна гэдэг хэн хүнд олдоод байхаар аз завшаан бас биш байх. Сэтгэл дүүрэн сайхан байсан шүү.

-Гурван хүүхэд зэрэг төрөөд ачаалал мэдээж нэмэгдсэн байх?

-Нэг хүүхдийг бодвол мэдээж харьцуулах зүйл биш л дээ. Өөрөө ч их ядарна. Хэрэглээ нь хүртэл гурав үржээд явах болохоор амар биш. Гэхдээ олон хүүхэдтэй байна гэдэг аль аль талдаа сайхан зүйл ч байна. Хэцүү зүйл ч байна. Гэхдээ цаг зуурын юм даа. Нэг нь ханиад хүрэхээр нөгөө хоёр нь авчихна. Эм авахад гурвыг авах хэрэгтэй болно. Тэгээд нэг зүйлийг их гайхсан л даа. Хөнгөлөлттэй олгодог эмийн журам гэж бас байдаг юм байна лээ. Тэр нь сарын эхний арван хоногт олгогдоод дуусчихдаг. Тэгээд хэдэн хүүхдээ өвтгөөд хараад суултай биш нөхөртөө захиад л авахуулна. Энэ мэтээр хүндрэл их гарна.

-Хөгжилтэй зүйл бас их гарна биз?

-Тэгэлгүй яахав. Эхэндээ манай гурав Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байсан. Нэг очиж үзүүлэхийн тулд бөөн юм болно. Гэр бүлээ тэр чигээр нь дагуулж явахаас наагуур юм болно. Тэгээд л юмаа мартана. Эргэнэ. Машинд суухад нөхөр машинаа бариад би урд нь нэгийг нь аваад сууна. Хоёр том охиныг нэг нэгээр нь тэвэрч сууна. Бүгд өөр өөрийн үүрэгтэй. Үүргээ мэддэг болчихсон. Одоо ихрүүд маань ой гарчихсан болохоор алзахгүй байх л гэж бодож байна. Хооллоход эхнээс нь нэг нэг халбагаар тойруулж өгнө. Сүүлийнхэд нь өгч байхад эхнийх нь нэхэж орилно. Би уг нь их тайван, удаан хөдөлгөөнтэй хүн байсан. Энэ гурвыгаа гаргаад хурдан байхыг сурсан даа.

-Дөнгөж төрсөн эх нярайгаа хаяад явлаа. Салалт ихэслээ, хүүхдээ зодлоо гэх сөрөг мэдээлэл их гарах боллоо. Эдгээр мэдээллийг сонсоод юу бодогддог вэ?

-Хүүхэд гэдэг амьдралд ирсэн бэлэг. Хоолгүй хонож байсан ч хүүхдүүд минь инээж байвал тэр чухал асуудал биш болдог. Нэг түүх байдаг шүү дээ. Баян, ядуу хоёр айл. Баяных нь эднийх ийм ядуу хоосон өлмөн зэлмэн хэрнээ байнга л инээлдэж байх юм. Манайхаас аз жаргалтай байх юм гэж ярина. Нэг удаа сонирхоод харсан чинь гэр дүүрэн хүүхэдтэй. Хүүхдүүд нь аз жаргалтай инээж байдаг. Тэгэхээр хүүхэд гэдэг айл гэрийн баяр баясал. Тэр үнэт эрднээ хайрлахгүй нялхаас нь гомдоож байгаа тэр эцэг, эх харамсалтай. Дахиад тэр хүнд хүүхэд заяагаач уу. Ирсэн дээр нь хайрлах хэрэгтэй шүү.

-Ер нь амьдралын үнэ цэнэ, гэр бүлийн үнэ цэнэ гэж таны бодлоор юу вэ?

-Миний бодлоор бол итгэл. Нэг нэгэндээ итгэх, хүндлэх, хайрлах нь амьдралын үнэ цэнэ. Нэгнийхээ дээр нь гарах гэж хэрэлдэх биш бие биенээ ойлгодог, хүндэлдэг байх нь л гэр бүлийн гол үндэс.

-Та дахиж төрөх үү?

-Үгүй. Одоо бол дахиж төрөх бодол алга. Бурхнаас өгсөн гурван бэлгээ л сайхан өсгөж хүн болгох нь гол зорилго болоод байна. Бидэнд ирье гэж ирсэн бурхны хишиг гэж боддог юм.

-Хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд мэргэжлээрээ ажиллах уу?

-Хоёр ой хүрэхээр нь цэцэрлэгт өгч нөхрийнхөө ачааллыг хөнгөвчлөх хүсэл их байна. Харин гурван хүүхдийн цэцэрлэгийг яаж шийддэг бол гэж гайхаад л байна. Манай Яармагт шинэ сууршлын бүс гээд хүн ам ихээр төвлөрөх болсон. Цэцэрлэгийн асуудал их хүнд байгаа гэж сонссон. Цэцэрлэгт өгчихвөл мэдээж ажил хийнэ. Гэхдээ мэргэжлээрээ удаан ажиллаагүй, яг мэргэжлээрээ ажиллах эсэхээ сайн хэлж мэдэхгүй байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс Тамир маань сургуульд орно. Боломж нь олдоод гурван ихрээ цэцэрлэгт өгчихвөл ажил хийнэ дээ.

-Төрөөс гурван хүүхдэд төрснөөс нь хойш гурван саяас өөр тусламж үзүүлдэг үү?

-Үгүй. Төрөхөд нь есөн сая төгрөг өгсөн. Гурван ихрийг төрөхөөс өмнө манайхыг судалгаанд хамруулаад мөнгө авах ёстойгоосоо өндөр оноотой гээд хүүхдийн мөнгө өгөхөө больчихсон. Энэ гурвыг маань төрсний дараа ч өгөөгүй. Түрүү жил билүү наадмын өмнө нэг бөөнөөр нь өгөөд тэрнээс хойш дахиж аваагүй. Зургаан хүүхдийн 120 мянган төгрөг памперс, сүү гээд зардал ихтэй айлд их нэмэр болно л доо. Хүүхдийн мөнгөндөө хамрагдах гээд өргөдлөө өгсчихсөн байгаа, одоо хүртэл шийдэж өгөөгүй л байна. Тэр асуудлыг минь шийдээд өгвөл бас нэмэр болох юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Х.Алтанцэцэг: Мөөггүйгээр хүний амьдралыг ч, дэлхийн оршин тогтнолыг ч төсөөлөх аргагүй, гайхамшигт амьд ертөнц

-МӨӨГӨНД ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРЭГЦЭЭТЭЙ БОДИСУУД АГУУЛАГДДАГ УЧИР ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭЖ ЗАНШААРАЙ-

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи үржүүлгийн тэнхимийн зөвлөх, доктор профессор, Монгол Улсын зөвлөх биотехнологич Х.Алтанцэцэгтэй мөөгний аймгийн талаар ярилцлаа.


-Мөөгийг иргэд нэг төрлийн ургамал байдаг, хүнсэнд хэрэглэдэг гэж ойлгодог. Мэргэжлийн хүний хувьд энэ ойлголт зөв үү?

-Манай ард түмэн мөөг гэхээр ургамал гэж төсөөлөөд байдаг. Монгол хэл дээр нэг үгээр нэрлэгдээд байгаа мөөг нь дэлхий хэмээх цэнхэр гариг дээр биеэ даасан том аймаг болж явдаг. 1960-аад оны дунд үеийг хүртэл дэлхийн шинжлэх ухаанд бид нарын мэддэг малгайтан шилбэтэй мөөгийг ургамлын аймагт хамруулаад доод ургамал гэж үзэж ирсэн. Шинжлэх ухааны судалгааны арга нарийсч молекулын түвшинд амьд организмын гарал үүслийн судалгааны үр дүнд мөөг нь ургамал ч биш, амьтан ч биш, бүтцийн хувьд биеэ даасан аймаг байна гэдгийг тодорхойлсон.

-Ургамал биш байх нь ээ?

-Өмнө нь микро организм гэж авч үзэж байсан бидний сайн мэдэх дрож, талх, ааруул дээр үүсдэг цэнхэр хөгц, байшингийн хананд ургаад устаж өгдөггүй мөөгөнцөр, хүний гар хөл дээр ургадаг мөөгөнцөр гээд энэ бүгд гарал үүслийн хувьд филогенетикийн нэг биеэ даасан мөөгний аймаг гэж авч үзэх болжээ. Тэгэхээр ургамлаас тэс ондоо. Ургамал бол фотосинтезийн процессоор өөрийнхөө энерги хоолны эх үүсвэрийг болгодог бол мөөгний аймагт хамаарч байгаа организмууд бусад ургамал, амьтны гаралтай органик бодисыг задлах байдлаар хооллодог. Манай монгол оронд мөөг судлалын шинжлэх ухаан маш бага хөгжиж байна. Их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт орохгүй байна. Шинжлэх ухааны байгууллагуудад мөөгийг судалдаг биеэ даасан сектор лобаротри гэж байхгүй. Гэтэл мөөггүйгээр хүний амьдралыг ч, дэлхийн оршин тогтнолыг ч төсөөлөх аргагүй гайхамшигт амьд ертөнц юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл дэлхий дээрх бодисын солилцооны эргэлтэд хамгийн их орон зай эзэлдэг нүүрстөрөгчийн эргэлтийг мөөгний аймагт хамаарах организмууд хийж байдаг.

-Их сонирхолтой юм. Гурил хөөлгөгч дрож мөөгний нэр төрөл байжээ?

-Бидний сайн мэдэх талх, мантуу, элдэв төрлийн нарийн боов гэх мэт гурилан бүтээгдэхүүн болон вино, шар айраг хийхэд нэг эст дрож мөөг оролцдог. Биотехнологийн аж үйлдвэрт амьд дрожийг асар их хэмжээгээр өсгөж үржүүлээд хатааж савлаад зах зээлд нийлүүлдэг. Гэрийн эзэгтэй нар сахар давстай усанд хийгээд мантуу, талхаа хөөлгөөд хийж байна. Мөөгний аймагт хэлбэр дүрсээр нь ялгавартай гурван төрлийн организмыг авч үзнэ. Дрож гээд нэг эст организм, хоёрт мөөгөнцөр буюу бидний ярьдгаар хөгц, гуравдугаарт мөөг гэсэн ерөнхий төрлийн организм энэ аймагт хамаардаг.

-Тэгвэл хүний биед ашигтай мөөгний төрөл аль нь вэ?

-Мөөгөнцрүүд нь асар хүчтэй организмтай. Байшингийн хана таазанд ч ургачихсан байдаг. Тэр хэрээр энэ организм асар олон төрлийн биологийн идэвхт бодис гэж нэрлэгдэх бодисуудыг өөрөөсөө нийлэгжүүлдэг. Эдгээр бодисууд нь хүнд маш их хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ бол пенициллин юм. Энэ нь талхан дээр ургадаг цэнхэр хөгц мөөгөнцөр. Анх дэлхийн I дайны үед шархдсан цэргүүд халдвар авчүй олноор үрэгдсэн гэдэг. Тэр эрдэмтэд пенициллинийг гаргаж авч хэдэн мянган цэргийг аварсан даа. Европт гарч байсан тахал өвчнийг антибиотикийн тусламжтайгаар хүн төрөлхтөн ялан дийлж гарсан түүхтэй. Ийм төрлийн эм бэлдмэл, антибиотик, витамин, хүнд хэрэгтэй бодисуудыг мөөгөнцрөөс биотехнологийн аргаар үйлдвэрлээд гаргадаг. Тэр байтугай хөгц мөөгөнцөрөөр төрөл бүрийн бяслаг хийдэг. Европын орнууд болон БНХАУ-д хөгцтэй мөөгийг идэх маш их дуртай.

-Бид бяслаг, ааруулын хөгцийг хусч байгаад хэрэглэдэг. Буруу болж таарав уу?

-Бяслаг, ааруулын хөгц буруу хадгалснаас үүдэх нь ч бий. Гэхдээ хөгц мөөгөнцөр бол тэр чигээр антибиотик. Антибиотикийг бид нарийн дэг журамтай, тогтмол цагтай ууж, тарьж хэрэглэдэг. Антибиотик гэдэг өвчин үүсгэж байгаа бактерийн амьдралын эсрэг үйлчилгээ гэсэн үг. Тийм хүчтэй бодисыг эрүүл хүн талх, ааруултайгаа холиод идээд байж болохгүй.

-Хоол хүнсэнд хэрэглэдэг мөөгний төрлүүд бий. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Гурав дахь бүлгийн мөөг гэж хэлж заншсан, малгай шилбэтэй нүдэнд харагдахуйц биетүүд бий. Хүн төрөлхтөн анх ургамал түүж навчийг нь буцалгаж ууж хэрэглэж ирсэн. Ургамалтай яг адилхан мөөгийг ч хэрэглэж байсэн палеонтологийн олдвор байдаг. Жишээ нь, Европын Альпийн нуруунд цас мөсөн дундаас 5000 жилийн тэртээ тэнд амьдарч байсан хүний богц олдоход дотор нь гурван төрлийн мөөг гарсан байдаг. Тэгэхээр хүн төрөлхтөн мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар байнга хэрэглэж байсан гэсэн үг. Монголд ч гэсэн хатаасан цагаан мөөггүй айл малчин удамд байгаагүй. Мөөгөө яаж ашиглахаа мэддэг. Шархны халуун, дотор халуунтай хүнд уулгадаг. Тэр байтугай төрсөн эмэгтэй хүнд заавал мөөгтэй шөл уулгадаг. Талын цагаан мөөгөнд агуулагдаж байгаа бодис нь савны агшилтыг өдөөж, үлдсэн эхэсийг шахаж гаргадаг үйлчилгээтэй. Дотор халуунтай гээд учир шалтгаангүй өвдөөд байгаа хүнд мөөгтэй шөл буцалгаад өгчихөд илааршдаг.

Малгайт мөөг бол байгалийн зэрлэг ба таримал гэж орчин үед байна. Хятадууд 2000 жилийн тэртээгээс байгаль дээр ургаж байсан эмийн өндөр ач холбогдолтой мөөгийг гэршүүлэн тарималжуулсан. Тэд одоогийн байдлаар 30-аад зүйлийн мөөг тарималжуулах технологийг боловсруулаад байна. Үүнээс 10 гаруй нь дэлхийн зах зээл дээр тонн тонноор үйлдвэрлэгдэж, борлуулагдаж байна. Харин Монголын зах зээл дээр зургаан зүйлийн мөөг худалдаанд байгаа. Үүний зэрэгцээ манай монголчууд мөөгний плантацын үйлдвэр эрхэлж эхлээд байгааг тэмдэглэх ёстой.

-Монгол орон байгалийн баялаг арвинтай. Мөөгний төрлүүд манайд хэр их ургадаг вэ?

-Байгалийн мөөг гэдэг яах аргагүй манай орны биологийн төрөл зүйл, гайхамшигт нөөцийн нэг. Урин дулаан цаг ирж байгаа энэ мөчид мөөг түүгчид ажилдаа гарахаас өмнө бид мөөгний талаар судалгаа танилцуулж, тодорхой хэмжээний ойлголт өгөхийг хичээлээ. Бидний гол зорилго бол мөөгний шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэх, аль болох дэлхийн түвшинд хоцрохгүйгээр хөгжүүлэх, мөөгний аймагт харьяалагддаг организмуудыг хүнс болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах, залуу судлаачдын анхаарлыг хандуулахыг зорьсон. Судлаачид жил бүр гайхамшигт бодисыг илрүүлсэн, үйлчилгээг хорт хавдрын эс дээр туршаад үхүүлж байгааг нотолсон, янз бүрийн өвчтэй хүмүүст хоол хүнсэнд тогтмол хэрэглэхэд өвчин илааршиж байгаа мэдээлэл өргөн гарч байгаа. Сүүлийн 30-аад жил мөөгний биохимийн найрлага, анагаах ач холбогдлын талаар эрчимтэй судлагдаж байна. Манай улсад хорт хавдрын эмнэлгийн коридор дүүрэн ард түмэн хөлхөж, жилд 4000-7000 хүн хорт хавдрын өвчлөлөөр нас барж байна. Дараа нь чихрийн шижин, элдэв халдварт өвчин, цусан дахь холестериний хэмжээ ихэсч зүрх судасны өвчлөлөөр нас барах тохиолдол өндөр байна. Гуравт, мөөгийг зөв таниж түүх, хэрэглэх, хадгалах боловсруулах, хоол хийх аргуудыг сурталчлан таниулах гол зориолготой. Ийм сайхан байгалийн баялгийг ургаж байгаа цагт нь зөв зохистой түүж өөрийнхөө хүнсэндээ хэрэглэж занших зайлшгүй шаардлагатай байна.

-Мөөгийг хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

-Мөөгөнд хүний эрүүл мэндэд асар их хэрэгцээ шаардлагатай бодисууд агуулагддаг. Уургийн маш өндөр агууламжтай. Малын махнаас дутахааргүй. Уураг нь дотроо үл орлогдох, хүний биед нийлэгждэггүй амин хүчлээр баялаг, бүх төрлийн витамин болон эрдэс бодисуудыг их хэмжээгээр агуулдаг. Орчин үеийн эрүүл хүнс гэдэг категорид орсон.

-Хүнсний лангуун дээр цөөхөн төрлийн мөөг харагддаг. Аль нь чухам ямар үйлчилгээтэй, өөр ямар мөөгийг хүнсэндээ хэрэглэх боломжтой талаар зөвлөөч?

-Лангуун дээр гадаадаас орж ирсэн болон манай үйлдвэрлэгчдийн тарьсан хясаа мөөг тасрахгүй байна. Хясаа мөөг бол гайхалтай эрүүл хүнс. Шампиньон мөөг гэж бидний хэлдгээр хурган цагаан мөөг бас бий. Герман, Польшоос консервлосон байдалтайгаар их хэмжээгээр оруулж ирж байна. Гуравт, шийтакей гээд малгай нь хагар туссан бор хатуу мөөг байгаа. Энэ мөөг бол янз бүрийн хэлбэрээр байдаг, их хэмжээгээр хатаасан орж ирж байгаа. Хясаа мөөгний нэг хэлбэр бол бондгор малгайтай урт зузаан иштэй мөөг худалдааны төвүүдэд зарагддаг. Дараагийнх нь гоймон мөөг гээд жижиг турьхан цагаан малгайтай урт иштэй мөөг бий. Түүнээс гадна барзайсан хар хатаасан мөөг байдаг. Шөлөнд хийхээр резин шиг болчихдог. Ийм зургаан зүйлийн мөөгийг зах зээл дээрээс худалдаж аваад хоолондоо хэрэглэж болно. Бүгд өнгө дүрс хэлбэр амтны хувьд өөр ч мөөгөнд агуулагдаж байгаа эрүүл мэндийн чанар аль алинд нь адилхан. Өдөр тутмынхаа хоолонд мөөг хэрэглэх хэрэгтэй. ОХУ, Хятад, Зүүн мөнөд Ази, Европ болон бусад бүх газарт өдрийн гурван хоолондоо мөөг оролцуулж идэж байна. Тэгэхээр бид ганц удаагийн хоолондоо ч гэсэн мөөг хэрэглээд сурчихвал аяндаа дуртай болно. Мөөг бол амттай өвөрмөц сонин эрүүл хүнс.

-Өдөрт хэр хэмжээтэй хэрэглэх вэ?

-Өдөрт тогтмол 50-10 грамм мөөгийг хоолондоо хэрэглэж заншаарай. Шөлтэй хоолоо хатаасан мөөг, хоёрдугаар хоолонд 100 грамм мөөгийг мах ногоотой хуурах жишээтэй.

-Хортой мөөгийг яаж таних вэ?

-Манай байгаль дээр хортой 10-аад зүйлийн мөөг байна. Мөөгөнд олон төрлийн биологийн идэвхт янз бүрийн химийн бодис агуулагддаг. Тэр нь хүний амь насанд аюултай. Хоол боловсруулах эрхтэнийг хямралд оруулдаг бодисуудыг нийлэгжүүлдэг мөөгийг хортой мөөг гээд байгаа юм. Тэр байтугай хоргүй мөөг ч хортой болох болможтой. Учир нь мөөгөнд уураг их агуулагддаг. Мах авчихаад ширээн дээрээ тавиад халуунд хонуулаад хэрэглэхэд хоолны хордлого болдогтой яг адил. Уураг их агуулдаг учир халуун температурт маш хурдан мууддаг. Хөргөгчнөөсөө гаргасан бол хурдан чанаж өндөр темпеартурт болго. Түүхий мөөгийг хэзээ ч хэрэглэж болохгүй.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-д “Бандгар баян авгай нар баян хоосны ялгаа гэж орилолдох нь хэр шударга вэ?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн захиалагчдадаа хүрч байна.

Хаалга, цонх үйлдвэрлэлийн европ стандартыг
Монголд нутагшуулахаар
ажиллаж буй “MAK Euro
Windoor” үйлдвэрт өнжиж үйл ажиллагаатай нь танилцлаа. ТУс сурвалжлагыг нэг болон 13 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх
нарийн бичгийн дарга
О. Амгаланбаатартай
ярилцсан ярилцлагыг нэг, долдугаар нүүрэнд хэвлэлээ.

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас баривчлаад буцаан сулласан билээ. М.Энхсайхан суллагдсаныхаа дараа өөрийн
эрхлэн хөтөлдөг paxmongolica.org цахим хуудсандаа
461 дүгээр хорих ангид
саатуулагдсан 24 цагт ямар
үйл явдал болж өнгөрсөн,
өөрийг нь баривчлах болсон
шалтгааны цаад учтр юу вэ гэх мэт
асуултуудад хариу өгсөн
тэмдэглэл бичжээ. Түүний
тэмдэглэлийг нэг, гурав, долдугаар нүүрэнд нийтэллээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч болсон гуравдугаар нүүрт энэ удаад “Бандгар баян авгай
нар баян хоосны ялгаа
гэж орилолдох нь хэр
шударга вэ?” нийтлэл хэвлэгдлээ.

“Инами медикал монгол”
компанийн захирал Казуми
Ичибаяатай ярилцлаа. Тус
компани Монголд анх удаа
ахмадын япон маягийн өдөр
өнжүүлэх төв ажиллуулж
байгаа юм байна. ТУс төвөөс бэлтгэсэн сурвалжлагыг 12 дугаар нүүрнээс унших боломжтой.

Мөн түүнчлэн “Дэлхийн спорт”, “Боловсрол” нүүрнүүд болон бусад сонирхолтой мэдээ сурвалжлага, нийтлэлүүдийг даваа гаригийн шинэхэн дугаараасаа уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар хуралдаж байна

Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын Дөрөвдүгээр хуралдаан зургадугаар сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцавд зохион байгуулагдаж байна

Тус хуралдаанд Монголын БОАЖЯ-ны төлөөлөгчид оролцож, Цайны замын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, үүнд гурван улсын төрийн бодлогыг үр дүнтэй чиглүүлэх, иргэд харилцан жуулчлах нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, хөнгөвчлөх түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал дэвшүүлэхээр төлөвлөжээ.

Мөн өөрийн орны байр суурийг илэрхийлж, гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэх юм.

Манай улсад ирдэг жуулчдын зах зээлийг ОХУ, БНХАУ тэргүүлдэг. 2018 онд ОХУ-аас 129 094 жуулчин манай улсад аялсан нь өмнөх оныхоос 20.7 хувиар, БНХАУ-аас 163 991 жуулчин аялсан нь өмнөх оныхоос 13.8 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын сайд нарын ээлжит хуралдаанд БОАЖЯ өндөр ач холбогдол өгсөөр иржээ.

Энэ хуралдаан нь Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүнүүдийн дөрөвдүгээр уулзалтын хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Хуралдааны үеэр гурван тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, хурлын протоколд гарын үсэг зурна. Мөн “Цайны зам” соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэчлэл форум, хоёр талт уулзалт, салбар хуралдаанууд, “Цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн зохиогдох юм.

Өнөөдрийн байдлаар Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагаар Монголоос Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Хятадын 11 муж, Оросын таван муж, хот элсэн ороод байна.

Монгол, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн оны аравдугаар сард “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны Бээжингийн хамтын ажиллагааны тунхаглал”-ын дагуу Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхим нь Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэдэг.

Categories
мэдээ нийгэм

Автомашины осолд хүүхдүүд их өртөж байна

Энэ оны эхний таван сарын байдлаар автомашины ослын улмаас 5000 гаруй иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д хэвтэн эмчлүүлжээ.

Ингэхдээ автомашины осолд хүүхэд хамгийн их өртөж байгааг албаныхан тодотголоо. Ихэнх тохиолдолд хүүхэд тархины гэмтэл авдаг. Энэ тохиолдолд дөрвөөс таван удаа мэс засалд ч ордог. Зарим тохиолдолд мэс засалд орсон ч тархи нь хүнд гэмтэл авсан учраас гар, хөл нь саатай болох, хөгжлийн бэрхшээлтэй болсон харамсалтай хэрэг ч бий.

ГССҮТ-ийн эмч нарын өгч байгаа мэдээллээр автомашины осол гарахад нөлөөлдөг гол шалтгаан нь хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг зэрэг нь амь насыг нь эрсдэлд оруулдаг байна.

Жилд автомашины ослын улмаас 50 гаруй хүүхэд нас бардаг статистик мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Дарсны акц нэвтрүүлэхийг завджээ

Дарсны акц нуусан байсныг илрүүллээ

Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд VI сарын 18-ны өдөр иргэн Э нь БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу зорчихдоо 7112 УБО улсын дугаартай “Истана” маркын автомашинд их хэмжээний буюу 49107 ширхэг дарсны акц нуун хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Яараад яах вэ” аянд нэгдэхийг уриалж байна

Image result for Яараад яах вэ

ЦЕГ, Тээврийн цагдаагийн газар хамтран энэ сарын 17-ны өдрөөс эхлэн “Яараад яах вэ” аяныг зарлаад байгаа билээ. Уг аян нь жолооч нарыг аюулгүй байдлаа ханган, тээврийн хэрэгсэл жолоодох дадал олгоход чиглэсэн арга хэмжээ юм. Судалгаагаар осолд орсон нийт авто машины 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэл байсан нь гэжээ. Иймээс тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлэхгүй, яаралгүй явах нь өөрийнхөө төдийгүй хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга юм гэдгийг сурталчилж, ойлгуулахад энэхүү аяны зорилго оршиж байна. Аян есдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

​”Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 45471 хүүхэд хамрагдаад байна

“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 2019.06.21-ний өдрийн байдлаар 45471 хүүхэд хамрагдаад байна. Үүнээс эмчилгээ хийх шаардлагагүй буюу эрүүл шүдтэй хүүхэд 2150 хүүхэд байна.