Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрөөс эхлэн дараах замуудыг түр хугацаагаар хаалаа

Дулааны шугам сүлжээний засварын ажил гүйцэтгэх шаардлагатай болсон тул нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Авто плазагийн зүүн тал, 11 дүгээр хорооллын нэгдүгээр байрны баруун талын авто замыг өнөөдрөөс эхлэн хаажээ. Засварын ажлыг маргаашдаа багтаан дуусгахаар төлөвлөж байгаа аж. Мөн цэвэр усны шугам хоолойн угсралтын ажил хийх болсон тул нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замын Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг өнөөдрөөс эхлэн 28-ныг хүртэл түр хаасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайг хамгаалах хүсэлт гаргажээ

Хөвсгөл далайг хамгаалах саналыг олон улсын байгаль хамгаалах байгууллагууд ЮНЕСКО-д хандан,гаргажээ. Байгалийн цогцолборт газар гэдэг утгаар нь хамгаалалтад авч, дэлхийн байгалийн өвөрмөц тогтоц гэдэг ангиллаар хамгаалалтад авахыг байгаль хамгаалах байгууллагууд хүссэн байна. Өнгөрсөн жил Монголын нутгаар аялсан гадны аялагчид Хөвсгөл, Өмнөговь, Төв, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран өнгөрөхдөө Хөвсгөл далайг хамгаалалтад авах талаар ийнхүү саналаа нэгтгэжээ. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг хадгалдаг Хөвсгөл далай, түүний ай савыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдрүүдээр найман хүн усанд осолджээ

Иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг. Тодруулбал, энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд нийслэл болон орон нутагт нийт найман иргэн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Осолдсон иргэдийн нэг нь бага насны хүүхэд байсан бол үлдсэн нь 19-54 насны иргэд байсан аж.

-Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн Хонгорын-Ар гэдэг газар тус сумын харьяат иргэн Г-гийн охин гурван настай Х нь Орхон голын эрэг дээр тоглож байгаад живсэн тухай дуудлага энэ сарын 20-ны өдрийн 15.20 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн 35 хүн Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар энэ сарын 21-ний өдрийн 17:50 цагт осолдсон газраас зүүн зүгт 20 км, тус багийн Дулааны-Өвөр гэдэг газрын уснаас охины цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

-Энэ сарын 21-ий өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Дундгүүр багийн Өргөн намаг гэдэг газар “Сант баян бэрх” ХХК-ийн 10 ажилтан, зугаалж байснаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 41 настай эрэгтэй Х Зэлтэр голын усанд живсэн тухай дуудлага тус аймгийн онцгойд иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын таван аврагч Зэлтэр голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:45 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

-Завхан аймгийн Сантмаргац сумын Холбоо багийн Мэргэн шанаа гэдэг газар Холбоо нуурын усанд тус сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй Б нь энэ сарын 21-ний өдрийн 14:30 цагт живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 22-ны өдрийн 07:45 цагт цогцсыг гурван метрийн гүнээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөв.

-Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Туул голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн таван аврагч 1 автомашинтай 15 км замыг туулан 10:55 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.

-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн таван ажилтан 35 км замыг туулан 13:02 цагт очиж, 54 настай эрэгтэй Г-ийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ажээ.

-Энэ сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг, Хүннү тур амралтын газрын зүүн талд Туул голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг тухайн өдрийн 17:30 цагт хүлээн авч нийт 10 аврагч 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн 28 настай эрэгтэй А –гийн цогцсыг гаргажээ.

-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Загас үржүүлэг”-ийн газарт тогтоол усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдрийн 04:44 цагт хүлээн авч Нийслэлийн таван аврагч нэг автомашинтай 28 км замыг туулан 05:15 цагт очиж, 25 настай эрэгтэй М-ийн цогцсыг гаргасан байна.

-Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун тал, Туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан аврагч 1 автомашинтай 9 км замыг туулан 11:05 цагт очиж, Дорнод аймгийн харьяат 19 настай эрэгтэй Б-ийнцогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм байна.

Тиймээс иргэд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, еер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй ажлын байр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх алба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд дүүргүүд дэх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилга, тоног төхөөрөмж ашигладаг үйлдвэрүүдийн хөдөлмөр хамгааллын 102 инженерт сургалтыг зохион байгуулсан байна. Мөн Хэрэг бүртгэх албаны алба хаагчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч нарын хамтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 41 барилга, тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагад “Хөдөлмөрийн тухай” хууль, ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тэдгээрийг дагаж гарсан дүрэм журмын хэрэгжилтийг хангуулахаар /4.6/ кодтой Хөдөлмөрийн харилцааг шалгах хуудас, /4.1.2/ кодтой хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар тус тус шалгалтын ажиллагааг явуулахад 35 барилга “Барилгын эмх цэгц шаардлага хангахгүй, барилгын захын хийцийн хамгаалалт, хамгаалах тор хийгдээгүй, гадна болон дотор талд аюулгүй ажиллагааны самбар тавигдаагүй, алба хаагч ажилтанг хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасаар хангаагүй, ажлын зааварчилгаа өгөөгүй, сургалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлэн мэргэжлийн хяналтын байцаагч баримт бичигт үзлэг хийхээр түр хураан авч зөрчлийн бүртгэлд бүртгэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын төлөөлөгчид “Аялал жуулчлалын салбарыг ажлын байраар хангахад үзүүлэх нөлөө” сэдвийн дор хуралдаж байна

Бүгд найрамдах Солонгос Улсын Жэжү аралд зохион байгуулагдаж буй KOPIST буюу “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санаачилга” дээд хэмжээний уулзалт энэ өдрүүдэд болж байна. Азийн 10 Латин Америкийн 3 улс оролцож буй энэ удаагийн хурлаар “Аялал жуулчлалын салбарыг ажлын байраар хангахад үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд хэлэлцэж улс орнууд өөрийн байр суурийг илэрхийлж байна.

Манай улсаас БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр оролцож байгаа бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тогтвортой ажлын байр, хүний нөөцийн чадвар зэрэг сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүлэн оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти-г угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти-г өнөөдөр (2019.06.24) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны УлсынҮндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нарын хэлэлцээ эхэлсэн бөгөөд дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны УлсынҮндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ. Түүнчлэн айлчлалын үеэр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзахаас гадна “Эмэгтэйчүүдийн манлайлал” олон улсын чуулгад оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс тарваган тахал өвчний эсрэг вакцин хийж эхэлнэ

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг ирэх долдугаар сарны 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулна. Нийт 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүнд хүрэлцэх тун вакциныг хүргүүлсэн байна.

Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм.

Дархлаажуулалтад:

Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад,

Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд,

Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид,

Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад,

Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг. Тиймээс голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. “Завьт эргүүл” арга хэмжээг НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран 9 дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Завьт эргүүл арга хэмжээ 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нөхөн сонгууль гэдэг хошин жүжгээ одоо болих хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 онд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний суудлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг ямар учраас ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй хүн байхгүй. Хүн байтугай ямаа ч мэдэх байлгүй. Ямар ямар үйл явдал болж, дараа нь хэрхэн хэл ам гарч, эмэгтэйчүүд жагсч, хүн бүр түүнийг үзэн ядахдаа юу гэж хараан зүхэж байсныг энд бичихээс ч дургүй хүрч байна. Ямар сайндаа “Саарал ордон минь салтаа байцаах газар болоо юу” гэж цээрлэхэв дээ. Ингээд Д.Гантулга хэл ам дагуулсаар гишүүнээсээ чөлөөлөгдөнгүүт түүний оронд УИХ-д орж ирэх хүнийг сонгох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн сураг ил болж эхэлсэн. Юу юугүй л намар нь нөхөн сонгууль болно гэж байтал Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг “Төрийн албан хаагч бивээр нөхөн сонгуульд нэр дэвшиж чадахгүй болсон нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх зөрчигдөж байна” гэсэн утгатай гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Гэтэл С.Мөнхцэцэг гэдэг энэ иргэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь болж таарч УИХ-ын чуулган дээр хүртэл энэ асуудлыг гишүүд хөндөж “У.Хүрэлсүх жолоочийнхоо хадам ээжээр Цэцэд гомдол өгүүлчихсэн мөртлөө өөрөө үгүйсгээд уурлаад байна. Хэнтийн сонгуульд МАН гарч ирэхгүй учир ямар ч хамаагүй аргаар нөхөн сонгуулийг хойшлуулахыг санаархаж байна” гэж ярьж байсныг хүмүүс мартаагүй байх. Цэцээс иргэний гомдлыг хэлэлцээд үнэхээр Үндсэн хууль зөрчжээ гэж үзсэн учраас нөхөн сонгуулийг хойшлуулсан билээ.

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан үндэслэлүүдийг арилгах гэж УИХ он дамнан хэлэлцэж яст мэлхий шиг удаан хуралдаж хуралдаж сая нэг юм Цэцийн гаргасан Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлүүдийг арилгаж нөхөн сонгууль зарласан. Ингээд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөх гэж байгаа юм шиг аяглаад Хэнтий аймагт өнгөрсөн сарын 5-10-ны өдрүүдэд ажиллаж Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Баянхутаг, Батноров, Норовлин сумдаар явахдаа шинэ сургууль, цэцэрлэг, Соёлын төв, хатуу хучилттай зам, хүлэмж барих, айлуудыг ипотекийн зээлд хамруулах, музей байгуулах, гүний худаг гаргах гээд амандаа орсон болгоныг амлаж Хэнтийн ард түмэнд 142.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болсноо зарласан. МАН-ынхан Ерөнхий сайдаа нөхөн сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүн болох гэж байгаа юм шиг дагалдан явж, сонгуулийн сурталчилгааны ажлаар очсон мэт маш үнэмшилтэй жүжиглэцгээсэн.

Тэгтэл яг тэр үеэр буюу өнгөрсөн сарын 06-нд иргэн Д.Ганхуяг тэргүүтэй хуульч, судлаачид Үндсэн хуулийн Цэцэд “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан. Нөхөн сонгууль зарлахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэсэн гомдлыг гаргасан. Энэ гомдлыг Цэц хүлээн авч хэлэлцээд “Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзээд “Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой байтал УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон байна. Ингэснээр Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” гэж үзсэн билээ. Мөн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн хуулийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. УИХ-ын 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг энэ сарын 30-нд товлосон. Гэтэл Сонгуулийн хуулиар, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байдгийг нарийвчилсан тусгасан байдаг учир нөхөн сонгуулийг хориглосон шийдвэр гаргасан. МАН-ынхан Ерөнхий сайдаа Хэнтийд очиход нь Засгийн газраараа, бөөнөөр очиж бужигнуулсан шигээ Цэцийн хоригийг УИХ-аар хэлэлцэхдээ яг тэрэн шиг ажиллалаа.

УИХ-ын Байнгын хороод нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас бүгд татгалзаж, тэр дор нь асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж “Хоригийг хүлээж авахгүй. Пий, паа ийм муухай Цэц байх гэж дээ” гэж халаглацгаасан. Ингэж л эд нар наанаа өнөө маргаашгүй л нөхөн сонгууль болох гэж байгаа мэтээр жүжиглэж байна.

Дээрх шийдвэр бол Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан хориг. Харин одоо Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар энэ асуудлыг дахин хэлэлцэнэ. Их суудлын хуралдаан тийм хурдан болохгүй. Хуралдлаа гэхэд бас л хугацаа орно доо. Тэгээд “Нөхөн сонгуулийг дахин зарласан нь хууль зөрчжээ” гэдэг дунд суудлын хуралдааны шийдвэр дээр бат зогсох нь мэдээж. Яагаад гэвэл заасан хуулиудыг зөрчсөн үндэслэлүүдийг одоо болтол арилгаж чадаагүй байгаа юм чинь. Тэгэхээр нөхөн сонгууль зогсоно. Энэ бүхний эцэст хамгийн их хохирсон нь, нэр дэвших гэж чадлаараа хичээж байсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ынхан мэтээр жүжиг тавьж, матрын нулимс унагаж худлаа уйлалдана. Ард түмэнд хохирогчийн дүрээр харагдаж, өрөвдүүлэхийн тулд бас л жүжгээ үргэлжлүүлнэ. Ийм л хошин жүжгийг улс төрийн тайзан дээр сүүлийн нэг жилийн турш эрх баригч нам тоглолоо.

“Нөхөн сонгууль” нэртэй хоёр бүлэгтэй, дөрвөн үзэгдэлт хошин жүжгээ одоо зогсоо! Хэн ч та нарын тавьж буй жүжигт үнэмшихээ байсан, та нарын тэрбум тэрбумын амлалтад итгэхээ байсан. Тэрний оронд жүжгийн тайзнаасаа бууж, Үндсэн хуулийг хэлэлцэх асуудалд анхаарал хандуулж сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Жүжигчид нь жүжгийнхээ ажлаа хийг, та нар улс эх орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлаа бодлогын түвшинд шийдвэрлэ. Элдэв янзын дүрд битгий тоглож хөдөөгүүр гүйгээд бай. Тэглээ ч дүр болгон эзэнтэй учир өөрийнхөө дүрд л сайн тогло гэдэг үг байдаг.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа. Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна. Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.