Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлт тавив

Монгол Улсад айлчилж буй Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж буйд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Та хоёр талын харилцааны асуудлаар манай, төр засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийхийн сацуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж байгаа төслүүдийн явц, үр дүнтэй газар дээр нь танилцах болсонд баяртай байна” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлал хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Швейцарийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын парламент хэд хэдэн чухал хууль батлан гаргасны нэг нь Татварын багц хууль юм. Энэхүү хуулиудыг бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг (BEPC) үйл ажиллагааны стандартад нийцүүлж баталсан хэмээн онцлов. Түүнчлэн 3 парламент дамжиж, 10 гаруй жил яригдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгааг мэдээлэв.

Тэрбээр өнгөрсөн 3-р сард Швейцарийн Холбооны Улсад (ШХУ) хийсэн айлчлалынхаа үеэр санал болгосон ШХУ-ын Элчин сайдын яамыг Улаанбаатарт нээх, Парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, харилцан сонирхсон асуудлуудаар туршлага судлах, Швейцарийн парламентад УИХ-тай харилцах бүлэг байгуулах, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтээ дахин илэрхийлж, Үндэсний зөвлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн Швейцарийн талаас санал болгосон оффшор бүсийн жагсаалтад Швейцарь Улсыг оруулсныг эргэж харах, улмаар хоёр орны хооронд байгуулсан Давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас тодорхой ажил хийж эхэлснийг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж ирсэн төсөл, хөтөлбөрүүд нь манай нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэнд Монголын ард түмэн талархалтай байдгийг онцлоод, эдгээр төсөл манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтыг бэхжүүлэх, нутгийн захиргаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэв.

Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны зэрэгцээ ШХУ-тай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах, Швейцариас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, үзэсгэлэн яармагт тогтмол оролцуулах, энэ салбарын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт их, дээд сургуулиуд хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байгаагаа тэмдэглэлээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг Үндэсний зөвлөлийн зүгээс анхаарч, дэмжихийг хүсэв.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байна гэв. Мөн энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд манай улс ШХУ-ыг дэмжихээр шийдвэрлэснийг дуулгалаа.

Маргааш Улаанбаатар хотноо “Маналайлагч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалт” болох бөгөөд уг арга хэмжээнд хатагтай М.К.Гүшетти үндсэн илтгэгчээр оролцох гэж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв.

ШХУ-ын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай М.К.Гүшетти Монгол Улсад айлчлахыг урьж, найрсаг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны хооронд идэвхтэй, өргөн хүрээний хамтын ажиллагаа өрнөж, энэхүү харилцааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй өөрийн биеэр ирж, танилцах боломж олдсонд баяртай байна гэв.

Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, тоо хэмжээ бага байгаа ч ирээдүйд улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газар үйл ажиллагаагаа 2001 оноос эхэлж, мэргэжлийн боловсрол, засаглалыг сайжруулах, бичил уурхайг дэмжих зэрэг олон салбарт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2018-2021 оны хамтын ажиллагааны стратеги нь хүрсэн үр дүнгээ улам бататган бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн хотжилтын сөрөг үр нөлөөг даван туулах, тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах, дотоод шилжилт хөдөлгөөний асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж байна гэлээ.

Хатагтай М.К.Гүшетти ШХУ Монголд бэлчээрийн тогтвортой менежементийг хэрэгжүүлж, малчдын өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Үйл ажиллагааны туршлага, судалгаанаас “Бэлчээрийн тухай” хууль батлан хэрэгжүүлэх нь чухал болов уу гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар Монгол Улсын Их Хурал, ноён Г.Занданшатар Таныг анхаарна гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.

Тэрбээр Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, ажилтнуудыг сургалтад хамруулах, туршлага хуваалцах, хууль тогтоох байгууллагуудын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүргэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн их, дээд сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх боломж мөн гэдгийг онцлоод, 1993 оноос хойш Холбооны Засгийн газрын тэтгэлгийг Монгол Улсын 53 судлаач хүртсэнийг мэдээллээ.

Хатагтай М.К.Гүшетти УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосон Үндэсний зөвлөлд Швейцарь-Монголын парламентын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. 2019 оны 12-р сард байгуулагдах шинэ парламент энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Хэлэлцээнд Монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, Швейцарийн талаас ШХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, ШХУ-ын Холбооны ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер, ШХУ-ын Холбооны ассамблейн Ёслолын дарга Филлип Баерисвил, ШХУ-ын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар, ШХУ-ын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай М.К.Гүшетти нар дараа нь хэлэлцээний талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.

Хатагтай М.К.Гүшетти айлчлалынхаа үеэр “Манлайлагч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалт”-д оролцож, Улаанбаатар хот, Увс, Ховд аймагт Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.

УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол ихсэж байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх долдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна. Иймд:

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

“Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаа боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 2019 оны 06 дугаар сарын 21-ээс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж байна. Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хяргас нуурын хөвөөнд баригдсан “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус сургалтын төвийг Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүчээр барьж байгуулаад байна.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох боломж бүрдлээ.

Увс аймгийн Хяргас нуурыг зорин жилдээ 30-40 мянган гадаад, дотоодын жуулчид ирдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Алтанцэцэг олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэв

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын боксын тэмцээний 52 кг-ийн жинд алтан медаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Чита, Борзя, Буриад, БНХАУ-ын Хайлаар, Шундун хотын болоод Монгол Улсын шигшээ багийн 100 гаруй тамирчин оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

​Фото: Азийн буддистууд Монголд чууллаа

Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Бага хурлын нээлт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болов. Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцсон Азийн буддистуудын Энх тайвны бага хурал НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгууллагын нэг юм. Энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш арван удаа хуралджээ. Тус байгууллагын нэгдсэн удирдлагын төв нь манай улсад байрладаг. Энэ байгууллагын ерөнхийлөгчөөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ажиллаж байна. “Сэргээе-урагшилъя” уриатайгаар зохион байгуулсан чуулганы хүрээнд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүлсэн нь олны анхааралд байлаа. Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ УИХ-аас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байгааг онцолсон юм. Төрийн тэргүүн Дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоход анхаарч байгаа шалтгааныг “Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наминчилдаг,амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ Ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг Азийн орнуудын жишгээс суралцаж буйдаа Монголын ард түмэн бид баяртай байна” хэмээн тайлбарлалаа.

Тэрээр “Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн индэрт өөрийн дуу хоолойг ийнхүү хүргэж чадсан тус хурал нь хүйтэн дайны хүнд хэцүү үед Бурхан Буддагийн хүнлэг, энэрэнгүй сургаал номлолыг гол баримтлалаа болгож хүний эрх, эрх чөлөө, улс хоорондын эв нэгдэл,улс орнуудын соёл боловсрол,эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагаанд шинэлэг гэгээлэг гарц боломж тийш чиглүүлэн зааж уриалан тунхаглаж байсан билээ. Азийн буддистуудын Энх тайвны бага хурал олон улсын шашны төлөөллүүдэд үлгэр дуурайл болж Энхийн төлөөх бодит санал санаачилгууд нь Азид төдийгүй дэлхий дахинд цөмийн зэвсгийг бууруулах, устгах, ирээдүйгээ энх тайванч бодлогоор төсөөлөн харж, төлөвлөн бэхжүүлэх үндэс суурь болно хэмээн найдаж байна” гэж онцлов.

Хагас зууны тэртээ үүссэн энэ хурал анх 1970 онд Улаанбаатар хотноо болж байж. Дараа нь 1972 онд Шри Ланкад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990, 1998 онд Монголд, 2003 онд Лаост хуралдаж байжээ. Тус хурал 16 жил завсарласны эцэст манай улсад болж байгаа юм.



Categories
мэдээ нийгэм

“ДРАГОН” ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААНД ЗОГСООЖЭЭ

МХЕГ-ын даргын баталсан 01/04 дугаарын удирдамжийн хүрээнд СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус Драгон төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл ахуйн тухай хууль , Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.



Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм.

Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 578 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй 573 үйлдэл бүртгэгдсэн нь хоёр нэгж буюу 0.4 хувиар өссөн. Нийслэл хотын хэмжээнд 33 удаагийн хэв журмын хамгаалалтад давхардсан тоогоор 346 алба хаагч, 37 автомашинтай, 190.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн танилцууллаа. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2489 дуудлага мэдээлэл хүлээн авч, 624 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 101 бүртгэгдэж, Зам тээврийн хэргийн улмаас долоон хүний амь эрсдэж, 121 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ослын дуудлага өсөлттэй байна” гэв. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 120, эрэн хайх, аврах ажиллагааны 18, нийт 138 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 104 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 590 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Туул гол дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлгөөнт завьт эргүүл болон нэмэлтээр алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч буй 2500 гаруй иргэнд чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, хориглосон бүсэд байрласан 917 автомашиныг голын эргийн ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Туул гол дагуу иргэд амарч зугаалах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орох, бага насны хүүхэд багачууд хараа хяналтгүй голын эргээр тоглох нь ихсэж байна. Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага ихсэж, зарим иргэн осолдсоныг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө” хэмээн танилцуулсан юм.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажил ямар шатанд буй, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатанд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах” зэрэг ажлуудын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод нээлттэй олгож, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах ажлуудыг өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг холбогдох газруудад онцгойлон анхааруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгов.

Түүнчлэн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа болон хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг долдугаар сарын 1-нээс өмнө дуусгах, Авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, үер усны аюулаас сэргийлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд дор бүрнээ анхаарч, төлөвлөгөө гаргах, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга Г.Занданшатар, ШХУ-ын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар өнөөдөр (2019.06.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилий ой 2019 онд тохиож буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэн хэлэв. Тэрбээр “Швейцарын Холбооны Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй биднийг зах зээл, ардчиллын замд шилжихэд тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн хандивлагч, дэмжигч орон. Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэг нь хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Энэ хэрээрээ олон монгол хүний амьдрал ахуйд тус дэм болсон, бодит үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсэнд бид бүхэн их талархалтай байдаг.

2018-2021 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад 100 сая швейцар франкын буцалтгүй тусламж үзүүлж ирсэн” хэмээн талархал илэрхийлэв. Цаашид Хамтын ажиллагааны стратегийн хамрах хүрээг өргөжүүлэн 2022 оноос Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлэх туслалцаа дэмжлэгтээ нэн тэргүүнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, засаглалыг сайжруулах чиглэлээр тусламж үзүүлэн, хөгжлийн дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж, хүсэлтээ тавиад байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэллээ.

Мөн Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх асуудлыг ярилцаж байгаа бөгөөд асуудлыг судалж, нааштайгаар шийдвэрлэнэ хэмээн найдаж, хүсэлтээ илэрхийлсэн байна. Уг асуудалд Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэн хэлэв.


Хатагтай Марина Кароббио Гүшэтти “Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэлж буйдаа баяртай байна. Гурван сарын өмнө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад айлчилж, бид хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхдээ баяртай байна” гэлээ. Мөн хоёр орны хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ. Тухайлбал, хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал гэсэн үндсэн чиглэлд төвлөрч ажиллаж байгааг дурдав. Үүн дотроо бэлчээрийн тогтвортой менежментийг сайржуулах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгааг Хатагтай Марина Кароббио Гүшэтти онцолсон юм. Түүнчлэн хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжин, өргөжиж байгааг тэмдэглээд “Хоёр орны парламентын Тамгын газрууд мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцох, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийх ажлууд тогтмол үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа их дээд сургуулид, тэдгээрийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн чанарыг нь дээшлүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улс, Монгол Улс хамтран ажиллах боломж бий гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Үүнээс гадна соёл, боловсрол, судалгаа, инновац, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн баяжуулна гэдэгт итгэлтэй байгаа төгсгөлд нь хатагтай Марина Кароббио Гүшэтти хэллээ. Хатагтай Марина Кароббио Гүшэттигийг хийж буй айлчлал хоёр орны ард түмэнд өндөр үр өгөөжтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлснээр хэвлэлийн хурал өндөрлөв. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм.

Categories
мэдээ спорт

“Токио Олимп сан” байгуулагдлаа

Өнөөдөр “Тамирчдын баярын өдөр”, олон улсын Олимпийн өдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолд оролцож зочид, төлөөлөгчид, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын удирдлага, ажилтнуудад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв. Монгол Улсын Засгийн газар биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээ авч байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд хилээр оруулж ирэх спортын зориулалттай нэр бүхий тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг гаалийн татвараас чөлөөлөх болсныг тэмдэглэв. Энэ нь тив, дэлхийн хэмжээний тэмцээн, наадмыг эх орондоо зохион байгуулах, спорыг хөгжүүлэхэд хувь нэмрээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлав. Олимп, паралимпийн наадамд авч байсан эрхийнхээ тоог нэмэх, өмнөх амжилтаа ахиулах, улмаар Олимпийн алтан медаль авна гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байгааг тэрээр шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт хэлэв

Categories
мэдээ нийгэм

Дахин нэг эх амиа алджээ

Өнгөрсөн сард “Өргөө” амаржих газарт төрөхөөр очсон 37 настай эх ургийн хамт харамсалтайгаар эндсэн хэрэг гарсан. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард 20 настай, анхлан төрөгч Б нь “Өргөө” амаржих газарт хандсан байна. Тухайн үед эмч үзлэг хийж, зөвлөгөө өгөөд гэрт нь буцаажээ. Үүнээс долоо хоногийн дараа эхийн бие муудсан “Өргөө” амаржих газрын Хүлээн авах тасагт ирсэн бөгөөд сайжралгүй байсаар амиа алдсан байна.