Categories
мэдээ цаг-үе

Ж.Хуягбаатар: Манайд бохир ус цэвэршүүлдэг аргуудыг олон улсад хэдийнэ ашиглахаа больчихсон

Монголын нөхцөлд аялал жуулчлалын кемпүүд, ахуйн хүрээнд бичил цэвэрлэх байгууламжтай болох асуудал нэн тулгамдаж байгаа юм. Монгол болон гадны орнуудад бага оврын цэвэрлэх байгууламжийн технологи хэрхэн хөгжиж байгаа талаар “Ультрасоник” компанийн ерөнхий инженер Ж.Хуягбаатартай ярилцлаа.


-Бичил цэвэрлэх байгууламжийн гадны технологийг нэвтрүүлсэн цөөхөн компанийн нэг нь танайх юм байна. Энэ төрлийн худалдааны зэх зээл ямар байна вэ?

-Цэвэрлэх байгууламж дотроо олон төрөл. Хэрэглэгчид хавар болоход байшингаа барьж эхлэхээс өмнө бохир усаа шийдэх ёстой. Тэгэхээр эрэлт хэрэгцээ бол хаврын улирлаас эхэлнэ. Манай компанийн оруулж ирдэг технологи өндөр хүчин чадалтай, түүнийгээ дагаад үнэ өртөг нь ч өндөр учраас одоохондоо хувь айлууд гэхээс илүү томоохон байгууллага, аялал жуулчлалын кемпүүд сонирхдог. Айл өрхүүд бол хямд технологийг сонирхож байна. Сүүлийн үед хотын захад шинээр баригдаж байгаа хотхонуудад цэвэрлэх байгууламжийг суурилуулах сонирхолтой компаниуд хандах болсон.

-Цэвэрлэх байгууламж нэн шаардлагатай объект бол манай аялал жуулчлалын кемпүүд. Тэд хэр их сонирхох юм?

-Амралтын газруудын цэвэрлэх байгууламжийг шийдэх нь зөв. Цэвэрлэх байгууламжийг бохир усны хэрэглээнээс шалтгаалж сонгодог. Нэг дор 100 хүнийг зэрэг хүлээж авах кемп гэхэд ийм тооны хүний хүчин чадалтай бохирыг цэвэрлэх байгууламж тавих ёстой болдог. Нэг ёсондоо хамгийн тулсан хэмжээгээр сонгох ёстой. Одоогоор манайх “Тэрэлж”, “Цонжин болдог”-т тус бүр хоёр газарт цэвэрлэх байгууламжаа суурилуулж ашиглалтад өгөөд байна.

-Манайд нэвтрээд байгаа цэвэрлэх байгууламжуудын технологийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Олонх нь бохирыг газар руу шингээж байна. Зарим нь модон жорлонтой байгаа. Цэвэрлэх технологи гээд хүмүүс хоёр юм уу гурван дамжлагатайгаар бохирыг тунгаагаад шүүрүүлээд гаргадаг. Гэхдээ тэр нь цэвэрлэгээний процесс биш, бохирын хүнд, лагийг тунгааж шингэнийг нь газрын хөрс рүү шингээдэг. Яваандаа хөрс өөрөө цэвэрлэх боломжгүй болдог. Угаас энэ нь олон улсад ашиглахаа больчихсон технологи. Дараагийнх нь “SBR”гэж микро биологийн аргаар цэвэршүүлдэг технологи байгаа ч Монголын эрс тэс уур амьсгалд тохиромжгүй. Хүйтний улиралд, хүйтэн усанд цэвэрлэгээ явагддаггүй, дутагдалтай тал ихтэй технологи. Харин манай технологи Монголд нутагшуулсан гэдгээрээ давуу талтай. Германы эрдэмтэд нэлээд олон цэвэрлэх байгууламжийн технологийг Монголд авчирч туршаад “WSB”технологийг гаргаж авсан. Энэ нь микробилологийн зарчмаар бохироо цэвэрлэдэг.Бохироос өөрөөс нь микро элементийг бий болгож задлаад 97 хувь хүртэл усыг цэвэршүүлдэг. Ямар нэгэн химийн бодис ордоггүй, шүүж тунгаах шаардлагагүй цэвэрлэх байгууламж.

-Олон улсад хамгийн дэвшилтэт технологи юу байна вэ?

-Цэвэрлэгдсэн усны стандарт хэр байгаагаар улс орон өрсөлддөг. Хамгийн сайн нь Дани. Тэнд ахуйн бохирдлоос гарсан цэвэршүүлэх стандарт нь өндөр. Монгол ч тийм муу биш. Германаас чанга. Мөрдөх юм бол өндөр чанарын стандарт байгаа. Манай улс 5-50 хүний жижиг оврын цэвэрлэх байгууламжид Европын холбооны стандартыг шууд 1*1 зарчмаар мөрдөж явдаг. Өөрөөр хэлбэл, Европоос оруулж ирсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангана гэсэн үг. Гэхдээ Монголын нөхцөл Европоос өөр гэдгийг санах ёстой. Хасах 30 хэмээс дээш гарах үе байдаг. Манай технологи гэхэд усны температур нэмэх дөрвөн хэм байхад цэвэрлэгээ явагдаж л байна.Бусад цэвэрлэх байгууламжид усны хэм нэмэх 12-оос доош ороход цэвэрлэгээ явагддаггүй. Биобактер бохирыг задалж дийлдэггүй. Хүн бээрчихээр ажиллаж чаддаггүйтэй адил.

-Манайд дийлэнхдээ бохироо соруулахыг зөвлөдөг. Энэ нь хэр зөв арга вэ?

-Ер нь харахад онцгой объектуудыг соруулахыг зөвлөөд байгаа. Соруулахад ашиглалтын зардал өндөр гардаг. Том кемп бол нэлээд зардалтай. Бас нөгөө талаар цэвэршүүлэх байгууламжууд баригдлаа гэхэд хяналтын хувьд асуудалтай. Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга очиж хянаад байх боломжгүй. Германд бол цэвэрлэх байгууламжийг суурилуулсан байгууллага нь хяналтаа өөрөө хариуцдаг. Компани өөрөө шинжилгээгээ тогтмол хугацаанд авдаг, протокол үйлдээд явдаг. Түүнийг нь мэргэжлийн хяналтынхан шалгачихна. Ер нь манайд бохир ус цэвэршүүлэх технологи маш асуудалтай. Олон компани технологи оруулж ирж байгаа гэх ч яг төгс шийдлийг олж чадаагүй байна. Ус шинжилдэг лаборатори гэхэд манайд цөөхөн байна. Ус сувгийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрт л байгаа болов уу. Уг нь шинжилдэг лаборатори олон байвал хэрэглэгчид дээжээ шинжлүүлэх боломж өргөн болох юм.

-Бага оврын цэвэрлэх байгууламжийн зах зээлд худалдаалагдаж байгаа үнийн хувьд ямар байдаг юм бол. Жишээ нь танайх?

-Зах зээл дээр 2-3 сая төгрөгөөр шийдэх шийдлүүд байна. Төхөөрөмжөө газар булдаг. Тэр нь усыг хэр зэрэг цэвэршүүлж байгаа нь бүрхэг. Дүрэм стандартаа баривал ийм технологи байх ёсгүй. Манайх зах зээлд зарагдаж байгаа жирийн технологийг бодоход 2-3 дахин үнэтэй. Бид технологио нэг айлд 10 сая төгрөгөөр санал болгодог. Байгууллагын хэмжээнд 100 хүнийх гэвэл 100 сая төгрөг болох жишээтэй. Гэхдээ ийм өндөр өртгөөр технологи нэвтрүүлчихэд дэргэд нь байгаа айл өрх, байгууллагууд нөгөө л чанаргүй технологийг ашиглавал ямар ч үр дүнгүй. Тиймээс үүнд төр засгийн хяналт заавал байх ёстой юм.

Б.ЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэлнямба: Түүхий нүүрсийг цэвэршүүлэх үйлдвэртэй болчихвол хорт утаа 70-80 хувиар буурна

Түүхий нүүрсийг цэвэршүүлж буй үйлдвэрийн үйл явцаа олон нийтэд ингэж танилцуулжээ. Энэ үйлдвэрийг томруулж, хөгжүүлбэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүд утаагүй болно гэж үзэж байна

Улаанбаатар хотын утааг 70-80 хувиар шууд бууруулах боломжтойг “Монхимо” эрдэм шинжилгээ, туршилтын төвийн захирал Д.Дэмбэрэлнямба хэлж байна. Тэрээр олон жилийн судалгааныхаа үр дүнд нийслэлчүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахгүйгээр хорт утааг бууруулах технологийг гаргаж авчээ. Үйлдвэрлэлийн явцыг тэрээр видео хэлбэрээр бэлтгэснээ үзүүлсэн юм. Тус компанийн технологиор цэвэршүүлсэн нүүрс, байгалийн нүүрс хоёрыг зэрэг шатаахад үр дүн шууд харагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. “Монхимо” эрдэм шинжилгээ, туршилтын төвийн захирал, химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбатай ярилцсанаа хүргэе.


-Түүхий нүүрснээс гарах хорт утааг 70-80 хувь бууруулах төслийг боловсруулсан. Бүр үр дүнг нь олон нийтэд танилцуулсан гэсэн. Нүүрсний хэрэглээг хязгаарлахгүйгээр утааг бууруулах ямар технологийг та боловсруулсан юм бэ?

-Улаанбаатар хот болон бусад суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, нийгмийн олон хурц асуудлыг үүсгэж байгааг бид харж байна. Утаа үндэсний аюулгүй байдлын нэг номерын дайсан боллоо. Ард түмэн энэ аюултай гамшигт өртөж амь нас, эрүүл мэндээ алдаж, бидний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.Би Япон, БНСУ-д их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний ажилтан, багшийн ажил хийсэн. Тэнд нано технологийн чиглэлээр ажиллаж байсан бөгөөд нано кальцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцож байсан маань адууны ясаар кальцийн бэлдмэл бүтээхэд ихээхэн туршлага болсон. Үүний хажуугаар ард түмэнд тустай зүйл бүтээе гэж санаачилсан төсөл маань нүүрс цэвэршүүлэх энэ төсөл байсан. Бид БНСУ-ын “ЛиФизикс” компанитай хамтран Багануурын хүрэн нүүрснээс солонгос компанийн технологийг ашиглаж цэвэр нүүрс гаргаж авах судалгааг 2015-2017 онд явуулсан юм. Судалгааны үр дүнд Монгол Улсын стандартын шаардлагыг хангасан, Улаанбаатар хотын гэр хороолол, аймгийн төв бусад суурингуудын нүүрс түлдэг хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж утаа, агаарын бохирдлыг эрс бууруулах боломжтой гэдэг дүгнэлт гарсан.

-Чухам яаж?

-БНСУ-ын “ЛиФизикс” компани байгалийн композит нийлмэл материалын технологийг хөгжүүлдэг. Эдгээр материалууд тухайн сонгож авсан биеттэй физик, химийн урвалд орж түүний шинж чанарыг эрс өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, композит материал хүрэн нүүрстэй урвалд орж цэвэр нүүрсийг бий болгоно. Үйлдвэрлэлийн процессыг хэлбэл, түүхий нүүрсийг гурван төрлийн реактороор дамжуулан боловсруулж цэвэр нүүрсийг гаргаж авна. Эхний хоёр реакторт түүхий нүүрсийг композит материалын усан уусмалаар өндөр даралтаар шүршихээр хоорондоо урвалд ордог. Гуравдугаар, реакторт бага температурын хатаалт явагдаж, түүхий нүүрсэнд байгаа хортой бодисууд задрах, хоргүй хэлбэрт шилжих зэрэг урвалууд явагдаж дуусах юм. Энэ үед хүхэрт хий байхгүй, тоосонцор нь манай утаагүй түлшний стандарттай харьцуулахад 19 дахин, азотын ислүүд дөрөв дахин багасч хорт утаа 70-80 хувиар буурах үр дүн гарсан. Эсрэгээрээ нүүрсний дулаан өгөх чадвар 1000-1500 гаруй кило калориор нэмэгдэнэ.

-Хорт бодисууд нь арилаад зогсохгүй нүүрсний илчлэг нэмэгдэж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Нэг айлын нүүрсний хэрэглээ 30 хувиар багасна. Жилд таван тонн нүүрс түлдэг байсан айл цэвэршүүлсэн нүүрс хэрэглэбэл 3.5 тонныг түлдэг болно гэсэн үг.

-Цэвэршүүлсэн нүүрсийг түлэх зуух нь өөр байх уу?

-Үгүй. Ямар ч төрлийн зуухтай айл хэрэглэж болно.

-Нүүрсийг хорт утаагүй болгож байгаа технологи нь цацдаг бодистоо байна уу?

-Дээр хэлснээр хоёр төрлийн бодис байгаа. Ямар ч үнэр танаргүй, цайны ханд л гэсэн үг. Нүүрснээс ялгарч байгаа утааны хорыг үнсэнд нь барьж үлддэг, хортой хийг задалдаг бодисуудыг агуулсан уусмал.Бид өнгөрсөн оны долоо, наймдугаар сард хоногт 2-3 тонн цэвэр нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай туршилтын үйлдвэрийг 400 гаруй сая төгрөгөөр солонгосуудтай хамтраад ашиглалтад оруулсан. Манай үйлдвэрийн зүгээс нүүрсний хорт утааг задалдаг бодистой уусмалыг боловсруулж нийлүүлэх юм. Харин солонгосууд үйлдвэрийг өөрсдөө барьж өгөх сонирхолтой байгаа.

-Үйлдвэрлэлийн технологийг олон нийтэд танилцуулсан гэсэн. Шийдвэр гаргах түвшний хүмүүс ирж үзээд юу гэх юм?

-Ерөнхий сайдын алба, Байгаль орчны яамнаас хүмүүс ирсэн, үзсэн. Сайхан юм байна, хэрэгтэй юм байна гэлцэж байгаад л явцгаасан.

-Та хүлээлттэй байв уу?

-“Танайх энийгээ хийгээч, бид дэмжье” гэж магадгүй гэж бодож байсан. Хамгийн гол нь энэ утаа гэдэг чинь маш том асуудал. Үүнийг ганц нэг байгууллага шийдчихдэг юм биш. Улс асуудлыг гартаа авах нь зөв. Ингэхдээ гадаад, Монгол хамаагүй санаачилгыг нь дэмжиж, өрсөлдүүлэх маягаар зөв технологийг гаргаж ирэх ёстой юм. Тэгээгүйгээс сонгосон ажил нь энэ өвөл харагдах байх.

-Та сайжруулсан түлшийг хэлж байна уу. Сайжруулсан түлшний технологийг та хэрхэн үнэлэх вэ?

-Надад өөлөх шаардлага байхгүй. Яахав, ердийн нүүрс угаах арга нь нүүрсийг гадаргуугийн идэвхтэй бодис буюу баяжуулах зориулалтын савангийн уусмалд хийхэд хүнд хольц, чулуулаг нь ёроолд нь тунадаг. Нүүрс нь хөвж дээр нь гарч ирдэг бодисын хувийн жингийн ялгаан дээр үндэслэдэг. Ингэснээр нүүрсний үнсний хэмжээ багасах, шаталт бага хэмжээгээр сайжрах боловч нүүрсэнд агуулагддаг, шатах үед дэгддэг тоосонцор, утаа, азот болон хүхрийн исэл, угаарын хий, нүүрсхүчлийн давхар исэл зэргийг багасгаж бууруулж чадахгүй. Ер нь энэ асуудлыг шийдэх арга зам мухардалд орсон гэж болно. Тэгээд ч хол газраас тээвэрлэж ирэх зардал, тээвэрлэлтийн явцын сөрөг үр дагавар, сайжруулсан гэх түлшийг хэрэглэх явц нь өөрөө зардал өндөртэй харагдаж байгаа.

-Хоногт 2-3 тонн нүүрсийг цэвэршүүлэх үйлдвэр барьсан гэлээ. Хэрэглээнд нэвтрүүлье гэвэл эдийн засгийн тооцоо яаж гарсан байдаг вэ?

-Улаанбаатар хотынхон жилдээ таван сая гаруй тонн түүхий нүүрсийг хэрэглэдэг. Үүний 85 хувь нь цахилгаан станц, үлдсэн 15 хувь нь айл өрхийн түлшний хэрэгцээнд байгаа юм. Манай технологи хоногт 100 болон 1000 тонн боловсруулах хүчин чадалтай хоёр шугамтай. Хэрэв 1000 тонн/ хоногт шугамыг сонгож авбал шугамны тооноос хамаарч нэг шугам 4-5 сая ам.доллар болно. Энэ нь 100 тонн/хоногт шугамнаас илүү ашигтай. Өдөрт 100 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үнэ 3.75 тэрбум төгрөг буюу 1.5 сая ам.доллар болж байгаа. Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож зөвхөн энэ цэвэр нүүрсийг хэрэглээнд оруулна гэвэл ийм 5-6 шугамтай үйлдвэр хэрэгтэй. Харин хоногт 1000 тонныг үйлдвэрлэнэ гэвэл сард 30.000 тонн, зургаан сард 180.000 тонн болно. Жилд бол 350.000 тонн болчихно. Улаанбаатар хотын хэрэгцээг хангахад 2-3 үйлдвэр хэрэгтэй гэж үзвэл нэг үйлдвэр барих зардал дөрвөн сая ам.доллар гэсэн тооцоо байгаа. 2-3 үйлдвэр баривал 8-12 сая ам.доллар буюу 20-30 тэрбум төгрөг шаардагдах юм. Ийм үйлдвэрийг бид өөрсдөө дэргэдээ авахгүй. Уурхайнуудад л бариад өгчихнө. Нэг ёсоор улсын өмч болно. Ингэж байгуулбал, өөрийн ашгаар таван жилийн дотор зардлаа нөхөх боломжтой.

-Тэгвэл хэрэглэгчдийн гар дээр цэвэршүүлсэн нэг тонн нүүрс хэдэн төгрөгөөр ирэх вэ?

-Бүх зардлыг тооцоход нэг тонн нь 107.500 төгрөг болж байгаа. Багануурын уурхайгаас гарч байгаа нэг тонн тутмын зардал дээр бутлах шигших, боловсруулахад зарцуулах цахилгаан, бодис, түүнд ажиллах хүчний цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалынх нь шимтгэл, хөдөлмөр хамгаалал, нунтаг нүүрсийг буцаах, элэгдэл хорогдлын зардал, шуудай, Багануураас Улаанбаатар хүртэл тээвэрлэх, түүнийг ачиж буулгах гээд бүх тооцоог багтаасан үнэ нь энэ. Мэдээж үүн дээр ченжүүд тодорхой хувь нэмээд худалдаалах болов уу. Ямартаа ч түүхий нүүрсний зах зээл дээрх үнээс давахгүй. Яахав, нийслэлчүүд байр орон сууцанд ороод нүүрсний хэрэглээ хаагдахаар бол энэ технологи хаягдахгүй. Уурын зуухнуудын түлшийг боловсруулна. Цаашлаад цахилгаан станцад түлж байгаа нүүрсийг ч цэвэршүүлж болно.

-Үйлдвэр барих улирал өнгөрчихлөө хэмээн та нэлээд бухимдуу байсан. Төр засаг нүдэн дээр ил байгаа технологийг ашиглахгүй байгаад гомдолтой байна уу даа?

-Үйлдвэр барихын тулд дулааны улирал хэрэгтэй. Энэ зун ингээд өнгөрлөө. Би уг нь өнгөрсөн зун энэ технологио танилцуулсан. Үйлдвэрийн ажлыг өнгөрсөн зунаас эхэлсэн бол энэ жил ашиглалтад ороод ажиллаж байх ёстой. Гомдож барих тухайд тийм зүйл байхгүй. Тэдний сонголтыг хүндэтгэнэ. Яахав цаг хугацаа нь болоод энэ үйлдвэр чинь хүн ардад хэрэгтэй юм гэж үзвэл нээлттэй. Бид яахав сурсан мэдсэнээрээ хамтраад л явна.Гэхдээ бид өөрсдийнхөө хэмжээнд боловсруулсан технологио өнөөдөр биш юм гэхэд хэзээ нэгэн цагт хэрэгжүүлнэ. Улаанбаатарт биш юм гэхэд хөдөө орон нутагт байгуулж, үр дүнгээ үзүүлнэ. Бид гараа хумьж суугаагүй. Зохих хэмжээгээр хөрөнгө оруулалт хөөцөлдөж, жижиг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу зургадугаар сарын 22-23-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 382 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 23 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, зургаугаар сарын 21-ний өдрийн 00.50 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хөх хошуу” гэх газар Kia Frontier маркийн автомашин өнхөрч жолооч 24 настай, эрэгтэй М нь Isuzu Forward, Kia Frontier авто машинуудын дунд хавчуулагдан нас баржээ. Мөн зургадугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын 3-р багийн нутаг “Агьтын Хөндий” гэх газар Toyota Prius автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 44 настай, эмэгтэй Н нь газар дээрээ нас баржээ. Улмаар талийгаач Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ автомашин жолоодсон нь шалгалтын үед илэрсэн байна. Цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийт 42 ХК-ийн 9.8 сая ширхэг хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжаа болов.Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 42 компанийн 9.823.614 ширхэг хувьцааг 1.034.827.241 төгрөгөөрарилжив.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

6,006,668

342,131,541

2

AIC

АРД ДААТГАЛ ХК

200,239

125,564,700

3

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

1,745,232

124,227,620

4

INV

Инвескор ББСБ

52,623

95,009,830

5

MFC

МОНОС ХҮНС

1,184,007

84,371,227

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

10,028,214

601,229,753

2

MNET

Ард секюритиз ХХК

2,405,974

311,196,667

3

GLMT

Голомт Капитал ХХК

1,969,290

250,567,736

4

GAUL

Гаүли ХХК

1,727,941

214,738,315

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

1,297,787

143,062,412

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын үнэт цаасыг арилжаагүй байна. Зургадугаар сарын 21-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2.451.270.880.671 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19746.62 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.63 хувиар өсөв.

Categories
мэдээ нийгэм

Өргөдөл гомдлын 55 хувийг шийдвэрлэжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвд 06.10-06.24-ний өдрүүдэд нийт 641 албан бичиг, 18 өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэжээ. Энэ хугацаанд хариутай албан бичгийн 52 хувь, өргөдөл гомдлын 55 хувийг шийдвэрлэсэн байна. Зөвлөгөө, мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад гарын авлага, зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ спорт

Наадмын сорилго барилдаанд Д.Анар түрүүлэв

Үндэсний их баяр наадмын өмнө болдог сорилго барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Ховд аймгийн Буянт сумын харьяат, 1940 оны улсын наадмын түрүү бөх, Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит барилдаанд улс, аймгийн алдар цолтой 126 бөх барилдсан юм. Барилдаанд Улсын начин Д.Анар түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Их шөвөгт Улсын харцага Х.Гантулга, Улсын начин Б.Даваа-Очир нар шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах шинэ ангитай боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрээр тус аймгийн Цэнгэл суманд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн нээлтэд оролцож, алба хаагчдадаа амжилт хүслээ. Тус ангийн алба хаагчид сумын эмнэлэгийн хуучин байрыг засаж, тохижуулан оффиссын болон бялдаржуулах өрөө, сургалтын танхим, хоолны заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр зэргээр ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн байна. Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүлснээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын 20 гаруй мянган ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ.

Categories
мэдээ нийгэм

​“Ажилтай оюутан хөтөлбөр” эхэлж байна

Related image

“Ажилтай оюутан хөтөлбөр” өнөөдрөөс эхэлж байна. Уг хөтөлбөр оюутнуудыг зуны амралтаараа болон хичээлийнхээ хажуугаар хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл болон ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгуулагджээ. Монгол Улсад 95 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байгаа гэх мэдээ байдаг. Тэгвэл оюутан залууст санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад нь туслах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Ажилтай оюутан” хөтөлбөрийг санаачилжээ.

Categories
мэдээ улс-төр

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Ерөнхийлөгчид бараалхлаа

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Хатагтай Марина Кароббио Гүшэтти айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд хатагтай Гүшэтти хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад айлчлалын хүрээнд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой байгаа гэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаа дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.

Түүнчлэн уулзалтаар талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын хүрээнд санал солилцож, энэ чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжтой гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам нээх асуудлыг хөндөж, тус улсын Ерөнхийлөгч Уэли Маурерыг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.

Categories
мэдээ нийгэм

Химийн бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-ний өдөр иргэн Б нь БНХАУ-аас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй 16 шуудай “Полистрол” гэх химийн бодисийн ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна.