Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбилэгийг суллажээ

Өчигдөр орой нэг сарын турш цагдан хоригдсон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэгийг суллажээ. Түүнийг прокурорын газраас үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн суллах саналаа шүүхэд ирүүлсэн байна. Ингээд шүүхээс саналыг үндэслэж үзээд сулласан аж. Харин түүнд хилийн хориг тавьж, батлан даалтад байх хугацаандаа хэрэгт хамаатай холбоотой хүмүүстэй уулзахгүй байх хориог тавьсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

1,097,026 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 176,215,336 төгрөгийн үнийн дүн бүхий 1,097,026 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Е-Моние” ХК (HCH+15.0%) болон “Хүннү менежмент” ХК (HBZ+15.0%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Би ди сек” ХК (BDS-4.17%) болон “Сүү” ХК (SUU-2.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.”TOP 20″ индекс 0.23 хувиар буурч, 19791.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,467,625,415,153 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Бохирын худагт хоёр хүн унаж амиа алдсан хэрэг гарчээ

ОСНААҮГ-ын ажилтан болон “Дайцэцэн” ХХК-ийн ажилтан бохирын худагт унаж нас баржээ.

Хэргийг тодруулбал, өчигдөр буву зургадугаар сарын 24-ний өдрийн 14:19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд “Сонгинохайрхан дүүргийн IV хороо Хүнсчдийн гудамжинд байрлах Мах импексийн урд бохирын худагт 2 хүн унасан” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хороонд байрлах бохирын худагт “Дайцэцэн” ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б”, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан байжээ.

Хэргийг СХД дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болчихоогүй. Өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.24) Тусгаар тогтнолын ордноо болсон “Ардын индэр” уулзалтад оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав.

Тэрбээр, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэхүү өөрчлөлтөд Улсын Их Хурал “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандсан. Судалгаа хийж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан. Эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан. УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Хорь гаруй жил яригдаж ирсэн бөгөөд өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа санал гаргасаар ирсэн. Улсын Их Хуралд дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой, эсэх асуудлаар судалгаа хийсэн. Судалгааны дүн, ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.

Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх зарчмыг тусгаж байна. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Энэ бүхэн ард түмэн, нийгмийн шаардлага юм. Хүний эрхийг хангахын тулд засаглал хоорондын харилцан тэнцэл, хяналтын тогтолцоо сайн байх ёстой.

Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмэн маань хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж байна” хэмээн онцлов.

“Ардын индэр” уулзалтад оролцсон иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлах нь зүйтэйг хэлж байлаа.

Иргэд тогтвортой, хариуцлагатай, хүний эрхийг хамгаалж, дэмжсэн бодлого гаргадаг төртэй байхыг хүсэмжилж буйгаа уулзалтын үеэр УИХ-ын даргад уламжилж байсан юм. Тэд энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээр төрд итгэх итгэл сэргэж, нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдал арилж, хүн бүр эрх тэгш болох нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал,

Чингэлтэй дүүргийн иргэн н.Нэмэхбат: Төрд итгэх итгэл алдарсан. Засгийн газар тогтворгүй учраас төрийн алба түүнийг дагаад тогтворгүй болсон. Сонгуулиар чаддаг хүмүүсийг нь халж сольчихдог. Төр тогтворгүй байхаар хувийн хэвшлийн үйл ажиллагаа ч сайн явагдахгүй гацдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Магадгүй Үндэсний хөгжлийн яамтай байхаар заах хэрэгтэй байх. Тэгвэл төрийн бодлого тасрахгүй, залгамж чанартай байна. Мөн сум, дүүргийн хүн ам харьцангуй байхад Үндсэн хуулиараа адилтгаж үздэг нь буруу байна.

Баянгол дүүргийн иргэн н.Сандаг:Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яах аргагүй нийгмийн зүй ёсны шаардлага юм. Үндсэн хуульд тусгаснаар байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчмыг бүрдүүлсэн нь ач холбогдолтой байна. Мөн УИХ, Засгийн газрыг илүү хариуцлагатай болгох зохицуулалт түлхүү орсныг дэмжиж байна. Харин намын санхүүжилтийг төрөөс хариуцахыг дэмжихгүй байна. Цөөн хүн амтай манай улсад хэтэрхий олон улс төрийн нам байна. Үйл ажиллагаа явуулдаг эсэх нь мэдэгддэггүй. Тиймээс нам байгуулах шалгуурыг өндөрсгөж өгөх хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн иргэн н.Гонгор: Үндсэн хуулийн оршил хэсэгт “Төрийн зохицуулалттай чөлөөт эдийн засагтай улс байна” гэсэн өгүүлбэр оруулах хэрэгтэй. Зохицуулж байна гээд өргөн хэрэглээний барааны үнийг хатуу тогтооно гэсэн үг биш. Төр тодорхой хэмжээгээр зохицуулалт хийхгүй бол хэтэрхий задгай байгаад байна. Нийгэмд гарсан аливаа завхралыг хянахад Хянан шалгах хороотой байх нь зөв. Мөн хариуцлага алдсан УИХ, Засгийн газрын гишүүдийг эгүүлэн татдаг зохицуулалтыг төсөлд тусгах хэрэгтэй.

Ийнхүү иргэд шүүхийн хараат бус байдал, Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын томилгоотой холбоотой асуулт асууж, санал бодлоо хуваалцсан юм. Мөн иргэд бичгээр саналаа өгч байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр, “Иргэдийн дунд байгалийн баялгийг төрийн өмч байх мэтээр буруу ойлголт яваад байна. Үндсэн хуулийн байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн өмнөх зохицуулалт хэвээрээ байгаа. Гагцхүү байгалийн баялаг буюу стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж байж ашигладаг болно гэсэн тодотгол орж байгаа.

Энэ парламент л өөрчилж чадахгүй бол дахин 20 жил хүлээнэ. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Иймд ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг нь тусган ажиллаж байна. Бид нийтийн том эрх ашгийн төлөө хүчээ нэгтгэж урагшлахыг зорьж байна. Энэ бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг том зарчим юм” гэлээ

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцнуудыг иргэдэд олгох талаар санал боловсрууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулснаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан байна.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

Залуу гэр бүл,

Төрийн албан хаагч,

Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,

Өрх толгойлсон эцэг, эх,

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,

Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох гэнэ.

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

Зөвлөлийн гишүүдийн гаргасан журмын төслийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэмж тусгаад, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэхээр тогтов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жамьян: Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьянтай ярилцлаа. Түүнийг “Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ” гэсэн ил захидал бичсэнийх нь хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхэд хандахаа илэрхийлээд байгаа билээ.


-Таны бичсэн нийтлэлээс улбаалж Ерөнхийлөгч шүүхэд хандахаа илэрхийлсэн ил захидал илгээлээ. Ил захидалдаа таныг өөрөөс нь уучлалт гуй. Гуйхгүй бол шүүхэд өгнө гэжээ. Та хоёрын хооронд чухам юу болсон юм бэ?

-Ерөнхийлөгч бид хоёрын хооронд ямар нэгэн холбоо хэлхээ, атаа жөтөө, элдвийн юм байхгүй шүү дээ. Бие биенээ танихгүй. Үүнд гадны хүнээс нөлөөлсөн ч юм уу, гадны байгууллагаас нөлөөлсөн янз бүрийн юм бол байхгүй. Хамгийн гол нь хууль, шүүхийн байгууллагын талаар олон жил хүсэн хүлээж байсан зүйлийг маань Ерөнхийлөгч анзаарч үзэхгүй, бүр дэврээгээд байхаар би аргагүйн эрхэнд, сэтгүүлч хүний хувьд бухимдаж байна шүү дээ. Би байтугай, ерөөсөө Монголын ард түмэн үүнд бухимдаад, хамгийн гол юм Монголд шударга ёсыг тогтоох юмсан, хууль шүүхийн байгууллагын алдаа завхралыг засах юмсан гэж хүсч байгаа. Энийг хэн илэрхийлэх юм гэхээр би бодсон л доо. Үүнийг сэтгүүлч хүн л илэрхийлнэ. Тийм учраас би ахмад хүний хувьд, бас хал үзэж халуун чулуу долоосон хүний хувьд Ерөнхийлөгчдөө ер нь үнэнийг бичье л гэж бодсон юм. Ерөнхийлөгч маань миний бичсэн зүйлийг сайн ойлгоогүй тал ч бий л байх. Янз бүрийн нөлөө ч бий л байх. Эсэргүүцэж надад захидал ирүүллээ л дээ. За яахав, миний бодол санал ч олон түмэнд хүрлээ, Ерөнхийлөгчийн бодол санал ч олон түмэнд хүрлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ялангуяа цахим ертөнцөөр их өндөр явж шуугилаа шүү дээ. Үүнээс хүмүүс харж байгаа байх. “Би үнэн хэлсэн, чи худлаа хэлсэн”, “Чи шүүхэд яллагдах ёстой хүн, би чамайг яллах ёстой хүн” гэдэг үүднээс хандаж болохгүй эд байгаа юм. Хамгийн гол нь үүнийг ард түмэн, олонх, нийгмийн масс шийдэх ёстой асуудал байхгүй юу. Ямаршуу янзтай хүлээж авч байна гэхээр бид хоёрын энэ харилцан захидлыг уншсан хүмүүсийн 80, 90 хувь нь “Жамьян гуай зөв юм хэлжээ, зөв юм бичжээ” гэж хүлээж авч байна. Сайт, фэйсбүүкийг өдөр болгон л хараад байна. Хүүхдүүд ирж надад мэдээлэл өгөөд байна. Тийм учраас би өөрийнхөө бичсэн зүйл дээр итгэл үнэмшилтэй байгаа.

-Одоо та яах вэ. Уучлалт гуйх уу, баримтаа дэлгэх үү. Шүүх дуудвал дуудаг уу?

-Би 66 жил юм бичлээ шүү дээ. Энэ хооронд би худлаа юм ердөө бичиж үзээгүй. Бүх зүйл баримт, нотолгоотой. Ганцхан л алдаа гаргаж байсан. Тэр нь юу вэ гэхээр, ижил нэртэй хоёр хүнийг андуураад биччихсэн, тийм нэг юм бий. Тэрнээс бол уучлалт гуйсан. Бусад нөхцөлд би дандаа үнэн юм бичиж байсан, баримттай, нотолгоотой. Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгнө. Нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн л дээ. Би бол Ерөнхийлөгчөөс уучлалт гуйхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уучлалт гуйхгүй. Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй. Тиймээс Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгөөд ялладаг, барьдаг юм байвал яллаг. Хамаагүй. Тэртэй тэргүй Ерөнхийлөгч маань шүүх, прокурорын арын хүн. Сая өөрчлөлт гэдэг нэрээр Ц.Элбэгдоржийн томилсон шүүх, прокуроруудыг бүгдийг нь өөрчиллөө, удирдлагыг. Тэгээд дан өөрийнхөө хүмүүсийг болгосон. Өөрөөр хэлбэл өөрийг нь барьцаалсан хүмүүсийг, өөрийнх нь хэрэг, хамсаатны хэрэг, гадаадад оргоод гарчихсан хүмүүсийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорууд, шүүхийн удирдлагуудад барьцаалагдаад, аргагүйн эрхэнд тэднийг хамгаалаад суугаад байна шүү дээ. Тэд л юу гэнэ вэ, тэдний л үгээр. Хэрвээ тэгж барьцаалагдаагүй бол шүүгч, прокуроруудыг манай Ерөнхийлөгч ганцхан шаардлага тавиад л С.Зоригийн хэргийг үнэн мөнөөр нь илрүүлээд, энэ нэг ядарсан хоёр амьтныг гэрээд нь явуулаад жинхэнэ алуурчин, захиалагч, төөрөгдүүлэгчдийг өдийд бариад авчихвал авахаар байхгүй юу. Тэгтэл Ерөнхийлөгч маань тэдэнд ямар ч үг хэлж чадахгүй, яаж ч хөдөлж чадахгүй. Барьцаанд байгаад нь харамсаад байгаа юм. Тиймээс би нэгдүгээрт, уучлалт гуйхгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн шүүх намайг яллавал яллаг ээ. Би тэрнээс айх, хулчийх, харамсах зүйл ердөө байхгүй. Намайг нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн, Ерөнхийлөгч маань. Би энэ хугацаанд Ерөнхийлөгчийн тэр дурдсан арван нотлох баримтыг бэлэн болгож байна. Тэгэхдээ би шүүхэд нотлох баримт гаргахгүй. Би нотлох баримтаа ард түмэндээ л дэлгэж тавина. Төрөл бүрийн хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр тэр нотлох баримтуудыг ард түмэндээ харуулна. Түүнээс биш би шүүхэд ийм нотлох баримт байна, үүнийг нягтлаач гэж явахгүй. Ерөнхийлөгчийн л шүүх байгаа. Ямар ч нотлох баримт өглөө ч шүүх бол Ерөнхийлөгчийн талд л шийднэ. Тийм болохоор шийддэгээрээ шийдэг ээ. Надад бол санаа зовох юм алга гэж бодож байна.

-1979 онд “Гавьяа” найраглал бичсэнээс болж хэлмэгдэж байсан бол яг 40 жилийн дараа бичсэн нийтлэлээсээ болж Ерөнхийлөгчөөсөө “Шүүхэд өгнө” гэсэн ил захидал хүлээж авлаа шүү дээ?

-Би чинь хуучин тогтолцооны үед гурван удаа арга хэмжээ авагдсан юм ш дээ. Хамгийн сүүлчийнх нь “Гавьяа” найрууллын хэргээр 10 жил, зургаан сар нутаг заагдаж, хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж эрх чөлөөгөө хасуулж явсан. Тэгээд би бодсон юм. “Миний хэлмэгдэл дууслаа даа. Ардчиллын энэ сайхан цаг үед би хэлмэгдэхгүй, үнэнээ бичээд явж байх цаг минь ирлээ” гэж баярлаж бодож явсан байхгүй юу. Тэгсэн чинь ардчиллынхаа үед бүр Ерөнхийлөгчөөсөө шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээ авагдаж, ингэж л хэлмэгдэх түүхтэй, зам мөр, тавилан минь ийм байсан юм болов уу гэж бодоод л сууж байна. Их олон хүн над руу утасдаж, ярьж байна. Байнга л ярьцгааж “Яаж байна”, “Сэтгэл санаагаар унаж байна уу, ямар тус хэрэгтэй байна вэ” гэж санаа тавьж байна. Намайг бараг л шүүхэд шилжээд баригдаад явчихсан л юм бодож байгаа юм байна. Найз нөхөд, хөдөө гадаанаас, аймаг, сумаас минь ч утасдаж байна. Ах дүү нар маань аймгаас их л зовчихсон ярьж байна. “Жамьян ах минь, юу болж байна” гэж Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Хэнтийгээс байнга утасдаж байна. Өдөр болгон ярьцгааж “Юу болоод байна” гэж мэдээ авч байна, надаас. Би яах вэ байж л байна. Юмаа бичиж байна. Хууль, шүүхийн байгууллагаа атгасан Ерөнхийлөгчид үнэнийг нь хэлээд дарамтлуулж байна гэдгийг минь хамт олон, олон нийт ойлгож байгаа болов уу гэж санаад сэтгэл их тайван байгаа.

-Сэтгүүлчдэд тодорхой асуудал дэвшүүлэх, хардах эрх нээлттэй бий. Юм бичих тоолонд нь шүүхэд өгнө гээд байвал шинэ залуу үеийн сэтгүүлчид их л мохоо болох байх даа. Үүнд та ахмад сэтгүүлчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчдөө би хэлмээр байгаа юм. Одоо ямар дахиад захиа бичилтэй биш. “Би бол хал үзэж, халуун чулуу долоосон, сэтгэлийн хаттай сэтгүүлч. Та минь энэ шүүх, прокурорынхоо хүчийг ашиглаад залуу сэтгүүлчид, өсч яваа авьяаслаг залуучуудыг маань битгий ингэж дарамтлаарай. Хойч үе маань залхана шүү дээ. Ерөнхийлөгч хүн бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Нэг үгээр хэлбэл Монголын ард түмний эцэг хүн. Та ингээд юмны түрүүнд “Чамайг шүүхэд шилжүүлнэ”, “Чамайг прокуророор хянуулна” гээд загнаад байвал энэ Монголын сэтгүүл зүйд чинь ажиллах хүн олдохоо байна, үнэнийг хэлэх хүн олдохоо болино. Ийм учраас та минь үүнд уужуу сэтгэлээр хандаач” гэдэг үгийг Ерөнхийлөгчид даймаар байна. Түүнээс гадна хэрвээ намайг янз бүрийн байдлаар буруутган шүүх, хууль хяналтын байгууллагад өгөх, шилжүүлэхдээ хүрвэл би хэвлэлийнхэндээ хандана. Хэвлэлийн бага хурал хийнэ. Бүх хэвлэлийн сурвалжлагчдыгаа цуглуулж байгаад яг үнэн бодит байдлыг, хэвлэлд гарсан нотлох баримтуудыг дэлгэнэ. Өнөөдөр л гэхэд сонин дээр Ерөнхийлөгчийн тухай гарлаа шүү дээ. Энэ бүгдийг дэлгэж тавьж байгаад сэтгүүлчидтэйгээ хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ бол миний ойрын бодож байгаа зүйл шүү. Сэтгүүлчийн хувьд, ардаа сэтгүүлчидтэй хүний хувьд хийх л зүйл маань энэ.

Categories
мэдээ нийгэм

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох зорилгоор Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүчээр Хяргас нуурын эрэг дээр “Усны сургалт, хяналт дадлагын төв”-ийг барьж байгуулаад байна.

Тус сургалтын төвийн нээлтийн ажиллагааг тохиолдуулан “Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Баруун бүсийн Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч хамрагдаж, усны мандлын сэлэлт, нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргаж, анхны тусламж үзүүлэх, усанд эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглаж сурах, завь жолоодох болоод иргэдийг тээвэрлэх зэргээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улсын Үндсэн хуулийг мал хөнгөлөх хууль хэлэлцэж байгаатай адил хайхрамжгүй, оромдож байна

УИХ Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх ажлыг эхлүүлээд байна. Нэлээд хугацаанд мунгинасан ч эцэг хуулиар “оролдсон” төслөө чуулганаар хэлэлцээд эхэллээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн энэхүү хуулийн төслийг батлах асуудлыг хэлэлцэж байгаа байдал, оролцож буй идэвх, хэлж ярьж байгаа зэргийг харахад үнэхээр хайхрамжгүй, мэдрэмжгүй хайнга хандаж байна. Тэд ардчилсан засаглалтай Монгол Улсын хамгийн гол, амин сүнс нь Үндсэн хууль шүү, тэр дундаа энэ хуулийн зүйл заалт бүр нь ямар чухал вэ гэдгийг мэдэж, ойлгож байгаа шинж тэдэнд ерөөсөө алга. Бүр зарим нэг гишүүнд Үндсэн хууль бол Монголын тусгаар тогтнол, эв санаанд ямар их ач тустай, хамгийн чухал, зүрх, тархи нь болсон хууль вэ гэдгийг ойлгож ухаарах мэдлэг, боловсрол дутаж байгаа нь илтэд мэдрэгдэх ажээ. Тэдний энэ нэг олхиогүй байдлыг харахад хэрвээ Мал хөнгөлөх тухай хууль гэж байдагсан бол эд батлахдаа ингэж хайнга хандаж, оромдох байх даа гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Эдний зарим нь магадгүй хэрэв Үндсэн хууль өөрчлөх асуудал биш Мал хөнгөлөх хууль хэлэлцэж байгаа бол ямар их ач холбогдол өгөх байсан бол. Тэд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Ээ хөөрхий буянт мал минь, хэдэн малчид минь ингэнэ, тэгнэ. Тийм заалт тэгж оруулмаар байна. Ийм заалт ингэж оруулахгүй бол энэ өөрчлөлтийг дэмжихгүй” гээд л хөл алдан бүлэг эвсэл, фракцаараа гүйлдэх байсан биз.

Төр засгийг удирдаж байгаа МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөх гэж их л яарч, адгаж байгаа нь илт. Тэднийг эцэг хуулиараа оролдож байгааг зөв, буруу гээд үндэслэлтэй, олигтой, жинтэйхэн шүүмжлэх сөрөг хүчин ч алга. Улс төрийн намуудтай дээрх хуулийн төслийн талаар ямар нэгэн зөвшилцөлд хүрсэн зүйл ч одоогоор алга. Хуулийн төслөө хам хум боловсруулсан болоод л яаран сандран хэлэлцэж эхэллээ.Энэ нь МАН-ынханд улс төрийн ашиг тус ихтэй байх шиг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн тодорхой зарим заалтыг өөрчлөх нь хувийн эрх ашигт нь нэн хэрэгтэй байгаа болохоор л гэрлийн хурдаар ажиллаж эхлэх шиг боллоо.

Үндсэн хуулийг үнэхээр өөрчилье, цаг үетэй нь дүйцүүлье гэсэн бол өөр ямар нэгэн хууль давхар хэлэлцэх ёсгүй. Учир нь бүх хуулийн эцэг нь Үндсэн хууль. Хамгийн чухал хуульдаа өөрчлөлт оруулж байгаа тул ул суурьтай хандах нь юу юунаас чухал. Хэрэв УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхэлбэл ард иргэдийн санал асуулгыг авах ёстой. Үүний дараа үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Санал асуулга хэд хоног ч үргэлжилж болно. Ингээд бодохоор энэ УИХ Үндсэн хуулийн асуудлыг оролдсоор байгаад есдүгээр сартай золгож таарах нь. Есдүгээр сараас 2020 оны Улсын төсөв батлах асуудлыг хэлэлцэх учиртай.УИХ-ын гишүүн бүр өөр өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсвөө зохиох, батлуулах гэж бөөн юм болдог халуун өдрүүд гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улсын төсөв бүрэн батлуулах асуудал арванхоёрдугаар сар дуустал үргэлжилдэг. Тэгэхээр энэ УИХ-ын ганц хийсэн ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт болж таарах гээд байна, баталж амжвал шүү дээ.

Баталчихвал аль ч утгаараа МАН-ынханд ашигтай. Учир нь, УИХ-д 65 суудал авсан МАН-ынхан олны дургүйцэл, зэвүүг хүргэсэн улс төрийн акц, попрол олон хийсэн. Үүний ганцхан жишээ нь, Оюу толгойг тойрсон асуудал. Нэг хэсэг “Оюу толгойг оролдоод эхлэх юм бол нэр хүндтэй болох юм байна. Энэ чигээрээ зүтгээд байвал Оюу толгойн гэрээг цуцалж болно” гэж сэтгээд улстөрчид нь муйхарлаад зүтгэчихсэн. Нэр бүхий улстөрчид цагаан хөөс сахруулаад л “Оюу толгой Монголд үр өгөөжгүй. Гэрээг нь цуцална” гэж попорсон. Тэд “Сайн нэр олох гэж Оюу толгойгоор оролдож байгаад үйл ажиллагааг нь нам зогсоочихвол улсаа хорлох юм байна. Тэгвэл сайн нэр олох гэсэн биш хэдэн үеэрээ буруудаж мэднэ” гэдгийг ашгүй ойлгож ухаарсан. Адаглаад “Уул уурхайгаас болж эдийн засаг уналтад орж, ам.долларын ханш өснө. Хэдэн мянган залуу ажилгүй болно. Гадаадын хөрөнгө оруулалт зогсоно” гээд бүх зүйлд халгаатай гэдгийг мэдсэн. Мөн УИХ-ыг тараах гэсэн Ерөнхийлөгчийн удаа дараагийн дарамт бий болоод байгаа. Иймд “Засгийн газрыг огцруулна” гэсэн сөрөг хүчний шахаанаас мултрах, Нөхөн сонгуулийн талаарх Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны үр дүнг хэлэлцэхээс зайлсхийж, зугтаах гол гарц нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хувирсан. Энэ хуулийн заалтыг хэлэлцэж байж л хийсэн ажилтай болж, бодлогогүй дэмий хийрхэж, нэр хүндээ алдсан олон зүйлээ мартагнуулах арга хэрэгсэл, бамбайгаа болгохыг зорьж байгаа хэрэг. Энэ ч үүднээс МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээс огт айхгүй, бардам байгаа. Тэд “Засгийн газар супер болно. Ард түмэн дэмжинэ. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиаар У.Хүрэлсүхийгээ ялна. Дахиад төр засгийг МАН удирдана” гэж тооцоолон бодож байна. Үүндээ бат итгэчихээд зүтгүүлээд байгааг олон түмэн ч харж байна.

ТЭД ҮНДСЭН ХУУЛИЙН ЯМАР ЗҮЙЛ, ЗААЛТУУДЫГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА ВЭ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Засгийн газрыг эмхлэн байгуулах, давхар дээлтэй сайд дөрөв, таван хүн байх, Парламентын засаглалын үндэс суурийг бэхжүүлж, хэвээр авч үлдэнэ”гэж ард түмнийг тайвшруулж байгаа. Мөн Сумын Засаг даргыг иргэдийн санал хураалтаар сонгох, мөн солих гэсэн заалт нэмж байна. Хотын гэсэн заалт байхгүй хэвээрээ байгаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой томоохон өөрчлөлтийг 2024 оноос хийнэ гэж байгаа. Энэ нь одоогийн Ерөнхийлөгчид ашигтай хувилбар болон хувирсан. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил дутуу байгаа. Мэдээж ард түмний итгэлийг хүлээж байгаад дахин сонгогдож, дөрвөн жил ажиллана. Үүний дараа Үндсэн хуулийн шинэ нөхцөл байдал үүсч, нэмээд зургаан жил. Ингээд 12 жил Ерөнхийлөгчөөр ажиллах боломж олгож, дээр нь Газрын доорх баялгийг төрөөс нийтэд хүрээмжтэй,тэгш шударга байлгах гэсэн заалт оруулж ирсэн байна лээ. Энэ нь нэг ёсондоо нийгэмчлэх гэсэн үг. Уул уурхайн салбарт нийгэмчлэх асуудал ороод ирвэл ноцтой олон асуудал дагуулна гэж эрдэмтэд эсэргүүцэж эхлээд байгаа. Өөр нэг ноцтой зүйл нь УИХ-ыг сонгуулиар байгуулна гэсэн зүйл заалт оруулаад ирсэн байгаа. Энэ нь маш их шүүмжлэл дагуулаад байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгуулиар сонгоно гэж заасан байдаг. Хувь гишүүнийг ард түмний сонгуулиар сонгоно гэснийг намыг сонгох болгочихоод байгаа. Өөрөөр хэлбэл хувь хүнийг биш намыг сонгох болсон гэсэн үг юм. Гэтэл өнөөдөр манай улсад 20 гаруй нам бүртгэлтэй байгаа. Намууд нийтдээ 500 гаруй мянган гишүүнтэй байгаа шүү дээ. Ингэж л МАН-ынхан Үндсэн хуулийн зүйл заалтаар өөрсдийн дураар оролдож, УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.

Сонирхолтой нь хуулийн хэлэлцүүлэгт нэр бүхий дөрөв, тавхан гишүүн суучихсан харагддаг. Ажлын хэсэг гээд их, дээд сургуулийн арав гаруй багш өөрсдийнхөө хийсэн ажлыг тэдэнд рекламдаж, толгойг нь угааж байна. Нөгөө УИХ-ын гишүүд нь хичээл заалгаж байгаа шинэхэн оюутнууд шиг л нүд нь бүлтэлзээд л “Нээрээ л энэ хүмүүсийн яриад байгаа хуулийн төсөл зөв юм байна” гэсэн үл мэдэгчийн царай гаргачихсан сууж байх нь олонтаа.Үнэндээ УИХ-ын гишүүдийн олонхид Үндсэн хуулийн талаар ямар ч ойлголт алга, хамгийн чухал хуулиа хэлэлцэж байгаагаа мэдэж байгаа ч юм алга. УИХ-ын. Гишүүн О.Содбилэг харин “Ажлын хэсэгт орж ажиллаад тодорхой саналууд гаргасан боловч хуулийн төсөлд ороогүй байна. Яагаад саналыг оруулахгүй, хуучнаар засвар хийхгүйгээр оруулж ирээд байгаа юм” гэж шүүмжилж байгаа харагдсан.

Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайрч байгаа МАН-ыхан үгүй ядахдаа дээрх хуулийг хэлэлцэж эхлэхдээ ёслол төгөлдөр эхэлж болоогүй юм байх даа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд нь монгол, буриад, казах гээд үндэстэн, ястны дээлээ өмсөж ирээд хүндэтгэлтэйгээр асуудалд хандаж болох л байлаа. 1992 онд тэр үеийн ардын хурлын депутатууд Үндсэн хуулийг анх батлахдаа хэрхэн хүндэтгэлтай хандаж байсныг мартах болоогүй байна. Тэд 70 гаруй хоног нэг ч завсарлага авалгүй хуралдаж байж. Хуралд оролцож байсан төлөөлөгчид гүйж, гарч бие засчихаад л эргэж ирээд хэлэлцүүлэгтээ ордог байсан гэдэг. Ямар их ач холбогдол өгч, асуудал, зүйл заалт, өгүүлбэр, үг бүрийг хэдэн талаас нь маш нарийн судалж, нухацтай хандаж, гарч болох сөрөг, муу талыг нь хүртэл олон жишээ баримтаар гаргаж ирээд л хэлэлцэж байсан баримт хаа сайгүй. Одоогийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг анх батлалцсан хүмүүсийн хөлийн чигчий хуруунд ч хүрэх мэдлэггүй байж ядаж хуулийн төслийн хэлэлцүүлэгтээ суухгүй байна. Ажлын хэсгийн тайлбарыг сонсож, маргаан хэлэлцүүлэг өрнүүлж чадахгүй байна. Тэдэнд хэлэлцүүлгээс илүүтэй Үндсэн хууль гэж ямар чухал хууль болох тухай Ажлын хэсгийнхнээр заалгаж, сонсгох хэрэгтэй байна.

Энэ бүхний эцэст МАН-ынхан Үндсэн хуулийг ард түмний тусын тулд өөрчлөх гээд байна уу, эсвэл одоо байгаа хэдэн дарга нартаа зориулж хулгай хийгээд байна уу гэдгийг ойлгоход бэрх байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 25-нд болох үйл явдлууд

08.00 цагт “Туушин” зочид буудалд “Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад талбарын тархвар судлалын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” олон улсын хурал болно. Утас: 96968445

09.00 цагт МҮХАҮТ-дХүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Монголын хүнсчдийн онц чуулган болно. Утас: 90091979, 99090339

09.00 цагт Корпорейт Конвеншн төвд “Эмэгтэйчүүд-Манлайлал” чуулган болно. Утас: 9919723, 88007823, 99997032

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд элэгний B, C вирусын эсрэг “Бюлевиртид” эмийг танилцуулах семинар болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд Дэлхийн оюутны спортын зуны “Наполи 2019” Универсиад наадамд оролцох Монгол Улсын багийг үдэн гаргах ёслол болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Утас: 80020878

10.30 цагт Кемпински зочид буудалд Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй гишүүн орнуудын, Азийн бүсийн 17 дахь удаагийн чуулга уулзалт болно. Утас: 88111619

11.00 цагт Ардчиллын өргөөнд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-ын сар бүрийн 25-ны ээлжит хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт “Bluemoon” галерейд “Бүтээлч Ази” олон улсын хувцас загварын салбарынхны хамтарсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99894427, 99077854

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хуульч, судлаач Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Пума” зочид буудалд Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88085308, 94024447

Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Манай улс газрын ховор элементийн нөөц бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Уул уурхайн яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүлж, оролцогч компаниудын удирдлагууд санамж бичигт нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурсан.Үүний үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Уул уурхай бол эмзэг салбар. Энэ салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулж, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь иргэдэд зөвөөр ойлгуулахгүй бол байгалийн тэнцвэртэй байдал алдагдсан, хөрсний элэгдэл болон эвдрэл үүссэн зэрэг асуудлууд уул уурхайн салбарыг сөрөг байдал руу оруулдаг. Өмнө нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн ААН-үүд нэгдэж бодлогоо нэгтгэж нэгдмэл байр сууриа илэрхийлэн зохион байгуулалтад орж байгаагүй. Тиймээс энэ үйл ажиллагаа нь цаашдаа уул уурайн салбарыг зөв зохион байгуулалтад орж, ААН-үүдээ дэмжиж, буцаад ААН-үүдээсээ экспортын орлогыг нэмэгдүүлж авах зорилготой. Экспортын орлого нэмэгдэнэ гэдэг нь Монгол Улсад валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Түүгээрээ дамжуулан бусад салбарыг дэмжих, нийгмийн асуудлуудыг шийдэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг ихээхэн үр дагавартай байх болно.

-Өмнөговь аймгийн Гурван тэс, Цогтцэций, Ноён сумдад уул уурхайн компаниуд хамгийн их байдаг. Тэгсэн хэрнээ энэ сумдын иргэд ажилд орж чаддаггүй гэсэн асуудал яригддаг. Нутгийн иргэд болон компанийн үйл ажиллагаа хоорондоо зөрчилдөөд байх шиг байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн нэг чигт оруулах вэ?

-Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа голлох аймгууд бол Өмнөговь, Дорноговь, Дорнод. Тэгэхээр эдгээр аймагт орлого бүрдүүлж байгаа төсвийн хуваарилалтаас 30 хувийг нь орон нутагт үлдээхээр зохицуулбал иргэд биднийг дэмжинэ. Гол нь байгалийн баялгаа ашиглуулчихаад төсвөөс ГОТ-ыг нь нэмэхгүй, 30 хувийг нь өгөхгүй болохоор иргэд бухимддаг. Нүүрс, зэс, алт, газрын тос гээд салбар салбараар нь хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн салбарын хөгжлийн хөтөлбөрийг оруулж батлуулсан. Одоо үүний дагуу бүх ажил явагдана.

-Шатахууны үнийн асуудалд хэр анхаарч байна вэ. Энэ сарын 4-ний өдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаад шатахууны үнийг бууруулахаар болсон. Гэхдээ цаашид дахиад нэмэгдэх үү. Үүнд үнийн зөвлөл ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Сангийн яамны зүгээс авах ёстой бүх арга хэмжээг авсан. Засгийн газарт өөр зохицуулалт хийх боломж бололцоо бараг байхгүй. Одоо бид ААН-үүдтэй уулзаж байна. ААН-үүдийн тооцоо судалгаа, үйл ажиллагааны зардал дээр манай мэргэжилтнүүд хяналт тавиад, ярилцаад явж байгаа. Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдтэй яриад үүрэг даалгавар өгсөн.

Өнөөдөр маргаашаас буулгаж эхлэх байх.

-Нийт шатахууны хэрэглээний ердөө 30 хувь нь иргэдийн хамгийн их хэрэглэдэг буюу АИ-92 шатахуун байгаа. 30 хувь дээр үнийг барьж болохгүй байгаа юмуу?

-АИ 92 дээр Засгийн газар авах ёстой арга хэмжээг ав гэж онцгой албанд хэлсэн. Гэхдээ хувийн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байхад бид шууд хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс ороод “наад үнээ буулга” гэж хэлэх нь хууль зүй болон ёс зүйн хүрээнд байж болохгүй. Нөгөө талаасаа ААН-үүд алдагдал хүлээчихээд надтай шүүхдэлцээд явах асуудал үүсэх ч боломжтой. Энэ мэтчилэн зөрчилдөх маргаантай асуудлууд үүсэх тохиолдол байна. Аль болох зохицуулалтын хэмжээнд зөв ойлголцож, ямар ч хүндрэл бэрхшээл саад гарсан гар гараа барилцаад, бодлогоо нэгтгээд, гаргалгаагаа хамт гаргаад, хамтраад урагшилъя гэдэг бодлогыг барьж байна. Бид ойлголцож, хамтарч, урагшлах ёстой. Хувийн хэвшлийг ерөөсөө ад үзэж болохгүй. Хувийн хэвшил нь татвараар төсвийг бүрдүүлж байгаа. Төр ойлгох юмаа ойлгоод хүчээ өгөөд, хувийн хэвшил нь бас ойлгох юмаа ойлгоод хүчээ гаргаад нэгтгээд, хамтраад урагшилъя л гэдэг байр сууринаас хандаж байна.

-Ашигт малтмалын ордын хайгуул өнөөдөр Монгол Улсад ямар түвшинд байна вэ. Энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг яаж татах вэ?

-Зөвхөн хайгуулын ажлаар ашигт малтмалын ордыг илрүүлдэг гэж өрөөсгөлөөр ойлгох нь буруу л даа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн региональ судалгааны ажлыг 1:200000-ны масштабын түвшинд бүрэн гүйцэтгэчихсэн.Одоо харин 1:50000-ны масштабын ажил руу ороод байгаа. Энэ ажил 40 хувьтай яваа. Ингэж хийсэн геологийн судалгааны үр дүнд тогтоосон талбайнуудад л эрэл-хайгуул хийх нь хэтийн төлөвтэй байдаг шүү дээ.Өнөөдөр манайд ихэвчлэн ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй талбайд л эрэл, хайгуулын ажил хийж байгаа.Тодруулбал, нийт нутгийн 3.9 хувийг хамарсан 1643 тусгай зөвшөөрлийн талбайд эрэл-хайгуулын ажил хийгдэж байна. Ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэдэг.Өнгөрөгч 2017 онд гэхэд 130 тэрбум төгрөгийн эрэл-хайгуулын ажил хийгдсэн.Ашигт малтмалын ордын хайгуул нь урт удаан хугацааны ажил шүү дээ.Ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг төдийгүй ашгийн бус, эрсдэл ихтэй. Тиймээс ашигт малтмалын ордын эрэл-хайгуулын ажилд хөрөнгө оруулалтыг татахаар анхаарч байгаа.

-Энэ ажилд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ?

-Нэгдүгээрт, манай улс хайгуулын ажилд дэмжлэг үзүүлэх,тогтвортой удаан хугацааны салбарын бодлоготой байх хэрэгтэй. Тэгж л хөрөнгө оруудагч нарт итгэл төрүүлэх ёстой. Мөн Хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл бүхий тогтвортой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, талбайн геологийн судалгаанууд хийгдэж, үр дүнгүүд нь үнэн, мэдээлэл нь ил тод байж чадвал боломж бий. Мөн Засгийн газар хүнд суртал, хээл хахууль, авлигагүй, ил тод байх хэрэгтэй. Орон нутгийнхны хувьд ч эрэл-хайгуулын ажилд хөндлөнгөөс оролцож, хууль бус шаардлага тавихаа болих ёстой. Геологийн хайгуул бол уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлдог.Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард манай яам уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг баталсан. Энэ журмаар Уул уурхайн үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын тоог 18 болгож багасгасан. Үүгээрээ аж ахуйн нэгжид учирч буй хүндрэл бэрхшээлийг бага ч гэсэн бууруулсан гэж бодож байна.

-Манай Улсад шинээр ашиглалтад орох ямар ямар уурхайнууд байгаа вэ. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ он гарсаар яам уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрээ ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан 50 аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу Улсын Комиссыг тухай бүр томилон ажиллуулж, өнөөдрийн байдлаар 33 уурхай, уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн аваад байна. Цаашдаа Гацуурт, Цагаансуварга, Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлье гэсэн бодолтой байгаа. Сүүлийн үед Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ өссөнтэй холбоотойгоор цөмийн эрчим хүчийг ашиглах сонирхол ихэсч байна. Мөн техник, технологийн өндөр хөгжлийг дагаад газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байгаа. Манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементийн нөөц бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгараад байна.

-Ер нь ойрын жилүүдэд Уул уурхайд гадны хөрөнгө оруулалт зогсчихсон. Хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юу. УУХҮЯ энэ асуудалд ямар бодлого баримтлах бол?

-Салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилгоор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг 2014 онд боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан. Цаашид уул уурхайн үйлдвэрлэлийг өргөтгөхөд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалсан эрх зүйн тогтвортой орчинг бий болгох асуудал нэн чухал.Энэ хүрээнд эрдэс баялгийн салбарын давхардал хийдлийг арилгах ажлын хэсгийг байгуулж, салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудад судалгаа, дүн шинжилгээ хийсэн л дээ. Гэтэл судалгаагаар нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоосон. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн боловч зарим гишүүдийн хуулийн төслийн талаарх ойлголт муутайгаас үүдэлтэйгээр хуулийн төслийг дэмжээгүй. Манай яамнаас дахин хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэх байх.