Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монголын хуульчдын холбооны урилгаар ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, Улсын дээд шүүхийн эдийн засгийн маргааны асуудлыг шийдвэрлэх танхимын шүүгч Е.Е.Борисов нарын төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ авлигын хэрэг илрүүлж, шийдвэрлэх тал дээр сайн ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлийн туршлагатай хуульчдын баг Монголын хуульчидтай хамтран ажиллах гэж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийллээ.

Монголын нөхцөлд уул уурхайн салбарын авлигал, авлигалын мөнгө улс төрд орж, оффшор бүст байрлаж байгаа зэрэг ярвигтай, эвлэрч болохгүй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй ханддагаа хэлээд, Монголын хуульчдын холбоотой илүү сайн хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн дараах газруудад халуун ус хязгаарлаж, засвар хийнэ

Маргаашаас /2019.06.26/ эхлэн 9 хоногийн хугацаатайгаар 25 дугаар эмийн сан, УБ палас, 10, 1 дүгээр хороолол, СОТ3, III хорооллын эцэс, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Говь саун, IV хорооллын ДДТ-111, 112 орчимд засвар хийхээр болжээ. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна. Засварын ажлын тухайд таслах хаалт, ус буулгагч хаалт солино. Мөн шинэ шугамын холболт болон урсгал засвар хийнэ гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.

Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлэх боломжтой.

ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД:

  • Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших /хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.
  • Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
  • Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохирлыг өөрсдөө бүрэн хариуцна.
  • 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.

Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороо орно

Өнөө маргаашдаа Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Сүхбаатар аймгин нутгийн зарим газраар усархаг бороо, цаашдаа ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

Ихэнх нутгаар энэ долдугаар сард олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байгаа аж.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах, гэр, орон байр, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үерийн аюултай бүс нутгаас нүүх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, хүүхдийг хараа хяналтгүй гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, цэвэр ус, хоол хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах, гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдахыг зөвлөлөө.

2019 оны 6 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27,28-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27,29-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

​О.Чинзориг: Төрийн бүх үйлчилгээг нэг цонхноос үзүүлэх дижитал шилжилтийг аравдугаар сард хийнэ


Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.

-Тодорхойлолт авах гэж албан байгууллага, дарга нарын үүд сахиад суухгүй байх боломжийг иргэддээ бүрдүүлсэн операторын горимд удахгүй шилжинэ гэж сонслоо. Операторын горимын талаар тайлбарлаж өгөөч?

-Дэлхий дахинд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу цахим хувьсгал өрнөж байна. Улаанбаатар хот ч энэ цахим шилжилтээс хоцрохгүй байх ёстой. Төрийн үйлчилгээг дараагийн шатанд гаргах цаг нь болсон.Монгол Улсын Засгийн газрын 149 тогтоол гарч энэ тогтоолд “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж, төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхээр заасан. Энэ нь сая таны асуусан операторын систем юм. Нэг цонхон дээр зөвхөн нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх биш төрийн бүх үйлчилгээг оператор үзүүлэх боломжтой гэсэн үг.Тухайлбал, иргэн хэд хэдэн төрлийн үйлчилгээг нэг л цонхноос авах юм. Хаана ч очсон төрийн бүх үйлчилгээг нэг дор авах бололцоотой, нэг стандарттай операторын ажилтан иргэдэд үйлчилнэ. Улсын хэмжээнд таван зуугаад операторын ажилтан ажиллах юм. Тодруулбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс гадна дүүрэг, хороо, аймаг, сум гээд улсын хэмжээнд байгаа төрийн үйлчилгээний газруудад операторын ажилтан иргэдэд үйлчилж эхэлнэ. Иргэний үнэмлэхээ захиалахын тулд заавал Улсын бүртгэлийн газар юм уу, Нийслэлийн үйлчилгээний төвд очих болдог. Гэтэл одоо хороон дээрээ очоод иргэний үнэмлэхээ захиалчихаж болно гэсэн үг. Хороо, дүүрэг гээд үйлчилгээний аль ч шатны байгууллага дээр очоод төрийн 330 төрлийн үйлчилгээг нэг ажилтнаас авах нөхцөл бүрдэнэ.

-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нэг цэгээс үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл одоо нэг цонхноос үйлчилгээ авдаг болж байна гэсэн үг үү?

-Тэгнэ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв төрийн үйлчилгээг нэг цэгээс, нэг байшингаас авах боломж бүрдүүлсэн газар. Төрийн олон шатны байгууллагууд нэг дор байрлаж иргэдийн хотоор тойрч цаг хугацаа алддаг энэ шат дамжлагыг бууруулсан. Одоо нэг цэгээс хүргэдэг төрийн үйлчилгээний ажлыг нэг цонхноос авна гэсэн үг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дээр үйлчилгээг хүртээмжтэй жигд хүргэхэд зохицуулах шаардлагатай асуудлууд бий. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын ажилтан өдөрт хоёр зуугаас гурван зуун хүнд үйлчилдэг. Гэтэл Захирагчийн ажлын алба ч юм уу өөр зарим нэг цонх өдрийн турш таваас арван хүнд л үйлчилж байна. Энэ ялгаатай асуудлыг зохицуулах шаардлага үүсчихсэн. Операторын систем үүсгэх болсон нь ийм шалтгаантай. Тэгэхээр улсын бүртгэл, захирагчийн ажлын алба өөр бусад төрийн бүх байгууллагуудын үйлчилгээг нэг цонхноос л авна. Одоо бол цонх болгон дээр дугаарлаж зогсож байгаа шүү дээ.

-Өнөөдрийн тухайд иргэд долоон төрлийн тодорхойлолт хэрэгтэй боллоо гэхэд долоон тийшээ явж байж бичиг цаас бүрдүүлж авчраад ажлаа бүтээдэг. Одоо тэгэх шаардлагагүй болж байгаа гэсэн үү?

-Операторын горимд шилжих ажлын бас нэг давуу тал нь иргэнийг тодорхойлох бичиг баримтыг цаасаар авчрахыг шаардахгүй. Хурууны хээгээ уншуулж өөрийгөө нотлоод төлбөрөө төлсөн тохиолдолд тухайн иргэнээс элдэв төрлийн тодорхойлолт бүхий бичиг цаас шаардахгүйгээр үйлчлүүлнэ. Иргэдийн цуглуулж ирдэг тодорхойлолтуудыг төрийн операторын ажилтан Төрийн мэдээлэл солилцооны Хур систем ашиглан цахимаар цуглуулж иргэндээ үйлчилнэ гэсэн үг. Өнөөдрийн тухайд таны хэлсэн шиг тухайн иргэн долоон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болбол долоон байгууллага руу явж долоон цаас лавлагаа авч Нийслэлийн үйлчилгээний төв дээр авчирч өгдөг. Харин операторын горимд шилжсэнээр оператор буюу үйлчилгээний ажилтан маань долоон байгууллагаас Хур төрийн мэдээлэл солилцооны системээр мэдээллийг цахимаар нэгтгээд тухайн байгууллага руу шилжүүлнэ. Тиймээс иргэд ямар нэгэн бичиг баримт, тодорхойлолтын араас гүйхгүй. Харин төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог мэдээллийн системээр ханган иргэндээ үйлчилнэ.

-Тэгэхээр хүнд суртал багасах нь ээ?

-Тийм. Шат дамжлагыг ингээд цөөлчихөөр хүнд суртал хүссэн, хүсээгүй багасна. Нэг оператор суулгаад шат дамжлага нэмэх нь гэж ойлгож болохгүй. Тухайн оператор төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэж үйлчилгээг үзүүлнэ. Ямар нэг хурал ч юмуу, тодорхой хугацаа шаардсан үйлчилгээнүүдийн хувьд оператор хүлээж аваад төрийн байгууллага руу шилжүүлнэ. Хүлээж авсан төрийн байгууллага нь үйлчилгээг шийдээд оператор руу шилжүүлэх юм.

-Таны яриад байгаа операторын системийг төрийн үйлчилгээндээ ашигласан манайхтай төстэй ямар хот байна, дэлхийд?

-Олон хот бий. Жишээ нь, Москва хот 2013 онд операторын горимд шилжсэн. Иргэдийнх нь дунд явуулсан судалгаагаар төрийн үйлчилгээндээ 97 хувь сэтгэл ханамжтай байна гэсэн эерэг хариу гарсан байна.Төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудлыг хоёр жилийн дотор тав дахин бууруулж чадсан. Төрийн бүх шатны байгууллагуудын үйл ажиллагаа нь цахимжиж нэгдсэн мэдээллийн системээр мэдээллээ солилцож иргэддээ үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Мөн цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж иргэд нь олон төрлийн үйлчилгээг авдаг болсон. Тухайлбал, хүүхдийнхээ хичээлийн дүнг шалгах, хичээлдээ очсон очоогүйг мэдэх, эмчийн үзлэгийн цаг авах, шинжилгээний хариугаа харах гээд төрийн бүх шатны үйлчилгээг онлайнаар авах бололцоог бүрдүүлсэн байна. Манайх ч мөн операторын горим, цахим нэг цонхны үйлчилгээ рүү шилжих технологийн суурь бүрдчихсэн.

-Нийслэлээс хэрэгжүүлсэн цэцэрлэгийн онлайн бүртгэл лав цаг зав хэмнэсэн чухал шийдэл байсан. Энэ жил бас төрийн нэлээд олон үйлчилгээг цахимжуулж байгаа гэв үү?

-Нийслэлийн 212 дугаар цэцэрлэгт хүүхэд бүртгэхэд гурав, дөрөв хоногийн асуудал болдог байсныг шийдэж чадсан. 2018 онд Нийслэлийн төрийн үйлчилгээний албан ёсны порталыг нэвтрүүлж иргэд нийслэлийн зургаан байгууллагын 52 үйлчилгээг гэрээсээ онлайнаар авах бололцоог бүрдүүлсэн. Хэрэглээ нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Мөн нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэлийг Чингэлтэй дүүрэг цахимаар явуулж туршлаа. Ирэх жил бүх сургуулиудын элсэлтийг онлайнаар бүртгэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шат дараатай ажлууд хийгдэж байна. Цаашдаа өргөжөөд явна.

-Компаниуд дижитал шилжилтийг аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн. Төрийн хувьд бас дижитал шилжилт хийхээс аргагүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Иргэдийн төрийн үйлчилгээнд хандах хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээ нэмэгдэж үйлчилгээг цахимжуулж шат дарааллыг багасгах, ойлгомжтой ил тод болгох шаардлага үүсч дотоод үйл ажиллагаандаа цахим шилжилтийг эрчимтэй хийж байна Нийслэлийн Засаг дарга энэ чиглэлээр томоохон хөтөлбөр хэрэгжүүлэн үр дүн нь гараад явж байна. Саяхан Нийслэлийн Засаг дарга Инноваци, технологийн асуудал хариуцсан орлогч даргатай болсон. Энэ бол бас л нэг том алхам. Ер нь мэдээллийн технологи хөгжлийн хурдасгуур гэдгийг хаана хаанаа мэдэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлжээ

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ. Одоогоор тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Дүүрэнбилэг “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Г.Баясгаланг төрөх эмнэлэгт эндсэн хоёр эхийн хэрэг болон нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудалтай холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

2019 онд улсын хэмжээнд хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна

МАРГААШ “ХАР ТАМХИ, МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ” ДЭЛХИЙН ӨДӨР

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тохиох “Хар тамхи, мансууралтай тэмцэх” дэлхийн өдрийг тохиолдуулан Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын иргэдийг гадаад улсад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгах тухай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.

Мөн зорилтод бүлгийн иргэдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ажилтнуудтай хамтран хор хөнөөлийн талаарх сургалт мэдээллийг зохион байгуулахын зэрэгцээ тухайн аймгуудын хилийн боомтод ажиллаж буй хууль сахиулах байгууллагын алба хаагчдад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах асуудал сэдвээр мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгуулна.

Хэргийн статистик:

2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна.

/Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7,3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1,1 хувиар буюу 2 нэгжээр өссөн байна./

Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол

Боловсролын байдлаар нь үзвэл: 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна.

Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд: Орхон аймагт 8, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 1, Төв аймагт 1, Дорнод аймагт 1, Өмнөговь аймагт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Германы Элчин сайдтай дээд боловсрол, соёлын асуудлаар санал солилцов

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелтэй уулзлаа. Талууд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль бол хоёр улсын хамтын ажиллагааны үр дүн, “үр хүүхэд” гэдгийг онцлоод Монгол Улсын дээд боловсролын салбарт сургалт, судалгаа, үйл ажиллагааны жишиг болгохоор хөгжүүлэх, монгол багш нарыг Германы их дээд сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгж дээр дадлагажуулах шаардлагатай байгааг тодотгов. Мөн Монгол Улсад эрэлттэй байгаа инженер, техникийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх политехник, коллеж хэлбэрийн сургуулиудыг хөгжүүлэхэд Германы талын туршлагыг судлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Эцэст нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлсэн ажлууд, тухайлбал Монгол, Германы Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах, хамтарсан концерт, кино урлагийн наадам зохион байгуулах талаар ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр цагаан хөвөн багасч байна

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай.

Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж хотын хэмжээнд зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж 8 төрлийн 188 490ш мод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар 200 цэцэрлэгчний сургалтыг зохион байгуулж, хэлбэржүүлэлт хийх зургаан бригадын 30 хүнийг сурган , дадлагажуулж гэрчилгээ олгожээ. Хэлбэржүүлэлтийн ажлыг гуравдугаар сарын 22-ноос эхлэсэн бөгөөд одоогоор Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Охь мандал” ХХК, Чингэлтэй ТҮК ХХК-ууд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн 82 гудамжинд 10773 ш мод, 25800у/м ургамлан хашлага хэлбэржүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 16310 иргэн санал өгөөд байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож байгаа билээ.

Өчигдөр /2019.06.24/ -ийн байдлаар 16310 иргэний саналыг аваад байна.

Энэ ажил энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж, 27-ны өдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэх төлөвлөгөөтэй байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Саранчимэг: 30 мянган хүнтэй дүүрэг нь 3000 хүнтэй сумтай адилхан статустай байж болохгүй

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрог бүртээ иргэд сонгогчдод тайлбарлан таниулах, эргүүлээд санал бодлыг нь сонсох ажлыг долоон хоногийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон тойрог болох УИХ-ын 51 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.

Энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан оролцож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ, “Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон. Наад зах нь иргэд Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхээ эдэлж чадахгүй байна. Нэг сум дунджаар 3000 орчим, харин нэг дүүрэг 30 мянга орчим иргэнтэй. Сум, дүүрэгт төрийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ харьцангуй хүрдэг. Дүүргийн эмнэлэгт оочер дугаар дийлддэггүй бол, сумын эмнэлэгт харьцангуй боломжийн. Тиймээс сум, дүүргийн статусыг Үндсэн хуулиар өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр үүнийг шийдвэрлэх байх гэж бодож байна. Иргэдийнхээ дуу хоолой болоод чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно.

Ер нь иргэд маань засаг, ахиргааны нэгжийн тал дээр илүү их санал бодлоо хэлж байна” гэв.

Харин иргэд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байна. Сонгуулийн зардал, хандив их тодорхой болох юм байна гэж ойлголоо. Төрөөс сонгуулийн зардлын тодорхой хувийг даавал иргэд, аж ахуйн нэгжээс улстөрчид хандив авчихаад, эргүүлээд тэдэндээ барьцаалагддагийг хязгаарлах байх.

Дордуулсан долоон өөрчлөлтийг нэлээн сайн засаж байгаа юм байна. Д.Лүндээжанцан дарга энэ талаар их ойлгомжтой тайлбар, танилцуулга хийлээ.

Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно, болохгүй гээд зарим нам, хүмүүс янз бүрээр ярьж байна. Нэг нам дангаараа хийж болохгүй, эсвэл чадамжтай чадамжгүй гэж ярьж байна. Энэ Их Хурал үүнд автаж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хууль 27 жил боллоо, үүргээ гүйцэтгэлээ. Одоо нийгэм, цаг үетэй нийцуүүлж өөрчлөх нь зүйтэй.

Багын засаг даргыг гэхэд, тухайн багтаа 30 ах дүү хамаатан садан дундаасаа дэвшүүлээд Засаг даргаараа сонгочихож байгаа нь зохисгүй юм. Ардчилсан нам байхдаа Үндсэн хуулиас болж ажил явахгүй байна гэж байсан. Үнэн ч байх. Тиймээс энэ цаг хугацаа, боломжийг ашиглаад, хойшлуулахгүйгээр батлах нь зүйтэй гэж бодож байна гэх зэргээр санал бодлоо илэрхиллээ.