Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулагчдад цахимаар тодорхойлолт олгодог болно

Хөрөнгө оруулагчдад “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс үйлчилгээ үзүүлдэг Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар гэсэн таван агентлагийн удирдлагууд ээлжит уулзалтаа хийжээ. Уг уулзалтаар “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн сүүлийн гурван сарын ажлын үр дүн, явцтай танилцаж, цаашид үйлчилгээг илүү хялбаршуулах, гадаадын хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цахимжуулах талаар санал солилцож зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд дээрх таван агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө зэрэг хувийн байгууллагуудын нийт 62 төрлийн 11608 үйлчилгээг хөрөнгө оруулагчдад зориулан нэг цэгээс үзүүлжээ.

Өмнө нь уламжлалт байдлаар цаасаар өргөдөл, материалыг хүлээн авч, таван агентлагийн мэдээллийн системээс хүний оролцоотойгоор мэдээллийг татаж, шалгасны үндсэн дээр ажлын гурван өдөрт олгогддог байсан тодорхойлолтыг ирэх наймдугаар сард багтаан цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Цахим үйлчилгээ ашиглалтад орсоноор хөрөнгө оруулагч биечлэн ирэхгүйгээр тодорхойлолтоо цахимаар түргэн шуурхай авах нөхцөл бүрдэх юм.

Categories
мэдээ спорт

Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна

Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгана. Мөн “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, Монголын кино орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдын дунд сээр цохих тэмцээн, хүүхдүүдийн дунд модон морины уралдаан болно.

Бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гаригийн 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99765362, 88835280 утсаар лавлана уу.

“MNB WORLD” суваг нь Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр түгээж эхэлсэн бөгөөд та бүхэн кабелийн 68 дугаар сувгаар үзэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хуулийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байгаа энэ цаг үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх хуулиудтай холбоотой хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан нийслэл, дүүргээс өгсөн саналын талаар хэлэлцэж, нэгтгэн ажлын хэсэгт хүргүүлэхээр болсон.

Тус хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон 9 дүүргийн Хуулийн тасгийн нийт 40 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд сургалтын үеэр санал бодлоо солилцон, харилцан туршлага судаллаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагыг хүргүүллээ

УИХ-аас “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах түр хороо” байгуулсантай холбоотой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагыг Дээд шүүхэд хүргүүллээ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагад МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 46 мянган иргэн гарын үсэг зуржээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Түр хорооны судалгааны явцад шинэ нөхцөл байдал үүссэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой. Энэ хоёр хүнд эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй” гэдгийг хэллээ.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Туркийн Үндэсний телевизэд ярилцлага өгчээ

Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд зориулан Монгол Улсын тухай бэлтгэж буй тусгай нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгөв. Ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэж, Туркийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 25-нд Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 27, 28-нд баруун, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

-Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын үйл ажиллагаа энэ сарын 27-нд эхэлнэ

Image result for үндсэн хууль

УИХ-ын үйл ажиллагаа түр хугацаагаар завсарлага авч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг сонсч байгаа. УИХ-ын үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд ажлын хэсэг, намын бүлгийн хуралдаанаар эхлэнэ. Ажлын хэсгийн бэлтгэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэлнэ. Харин чуулганы хуралдааныг VII сарын 5-нд хаахаас өмнө хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусч, нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Магалжав: Допинг хэрэглэсэн таван бөхийн асуудлыг энэ долоо хоногт ахин хэлэлцэж шийднэ

Бөхийн холбооны тэргүүлэгчид допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө сэргээж, сорилго барилдаанд барилдуулах шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг холбооны бусад 1,000 гаруй бөх эсэргүүцэж сорилго барилдаан цаг гаруй хугацаагаар хойшилсон. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхын эрх ашгийг хамгаалах үүднээс маргаантай асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэж шийднэ. Баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийн асуудлаар байр сууриа илэрхийлэх байх. Монголын үндэсний бөхийн холбооны 15 тэргүүлэгчид дунд эдгээр бөхчүүдийг барилдуулах эсэхийг нь шийдэхээр санал хураахад найман тэргүүлэгч нь зөвшөөрч, долоо нь эсэргүүцсэн. Тиймээс холбоо дүрэм журмынхаа дагуу олонхын саналаа дагаж, бөхчүүдийг цахимаар бүртгээд барилдуулахаар болсон. Харин үүнийг мэдсэн бөхчүүд Үндэсний их баяр наадмын сорилго барилдааны үеэр эсэргүүцлээ илэрхийлж, барилдаан цаг гаруй хугацаагаар хойшилсон. Сорилго барилдаан дээр энэ асуудал гарч ирсэн нь сайн хэрэг болсон. Хэрвээ шууд наадмаар гарч барилдсан бол үндэсний бөхийн түүхэнд хар түүх болж үлдэх байсан гэж бодож байна. МҮБХ спортын хар тамхи гэгддэг допингтой сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй тэмцэж байна” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Бүтээлч ази” сэдэвт олон улсын хувцас дизайнерүүдийн хамтарсан үзэсгэлэн болж байна

СУИС-ийн ДДУС Монголын дизайнерүүд болон үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах, гадаад улс оронтой хувцас загвар, маркетингийн судалгаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, загварын шүүмж судлалын судалгааны чиглэлийг үүсгэн хөгжүүлэх зэрэг үйл явцыг дэмжих зорилгоор бүс нутгийн хувцас загварын үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч БНСУ-д төвтэй Солонгос, Хятадын хамтарсан хувцас загвар судлал, үйлдвэрлэлийн академи, Солонгос улсын хувцас загварын бизнесийн холбоотой хамтран энэ сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл олон улсын хувцас загвар судлалын эрдэмтэн судлаачид, дизайнерүүдийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, загварын шүүмж судлалыг зохион байгууллаа.

Энэ удаагийн үйл ажиллагаа “The Creative Asia” сэдвийн дор явагдах бөгөөд Монгол Улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Узбекистан, Хонг-Конг, Вьетнам, Тайвань, Пакистан зэрэг есөн орны хувцас загвар судлал, загварын бизнес, маркетингийн эрдэмтэн судлаачид, нийт 101 уран бүтээлч дизайнерууд бүтээлээ туурвин оролцож байгаа аж.

ДДУС-ийн дизайн урлагийн профессор Б. Мөнхцэцэг тус арга хэмжээний талаар “Бид 2008 онд анх Монголд ийм арга хэмжээ зохион байгуулж байсан. Тэр үед харьцангуй цөөн улс орнууд оролцсон. Үйл ажиллагааны маань гол зорилго нь азийн бүс нутгийн томоохон хувцас загварын байгууллагуудтай монголын дизайнерүүдийг холбож, цаашид хамтран ажиллах боломж бололцоог хангах юм. Энэ удаад бид загварын шүүмж судлалыг эхлүүлэн зохион байгуулж байгаа нь дизайнерүүдэд үр өгөөжтэй мөн илүү хөгжих боломжийг нь нээж өгнө гэж үзэж байна” гэв.




Н.ЭНХЖИН

Categories
мэдээ нийгэм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, Ц.Нямдоржид ил захидал хүргүүлнэ

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ил захидал хүргүүлэх тухай мэдээлэл хийв.

Тус ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын хэлснээр “Ц.Нямдорж хэд хэдэн ТВ нэвтрүүлгээр намайг тагнуулын байгууллагад ажилладаг гэж гүтгэсэн. Цагдаагийн байгууллагад шалгуулах гээд гомдол өгөхөөр Х.Бат-Ялалт нь Тагнуулын байгууллагад ажиллаж байгаагүй гэсэн тодорхойлолт ирэхээс нэг хоногийн өмнө зөрчлийн хэргийг хаалгасан. Сайд болсон цагаас хойш хамаарал бүхий цагдаагийн байгууллага иргэн надад элдэв хилс хэрэг тулгах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага дарамтлах гэсэн” гэлээ.

Мөн Ц.Нямдоржийг зөвхөн хоёр хэрэгт анхаарлаа хандуулдаг бөгөөд тэр нь Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэг гэсэн юм. Бусад хүүхэд алга болох, хүчирхийлэлд өртөх, хар тамхи, авилга хээл хахууль, 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн гээд шийдвэрлэх асуудал олон байхад чимээгүй суусаар байна гэж үзжээ. Тэрээр Ц.Нямдоржийг огцортол нь тэмцсээр байх бөгөөд ил захидалдаа үнэн зөвийг олохын тулд түүнийг халз мэтгэлцэхийг хүссэн байна.

Х.Бат-Ялалт нь 2004 оноос “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-өөс эхлэн өнөөг хүртэл “Иргэдийн шударга шүүх” ТББ-ыг сайн дурын үндсэн дээр, төрийн дэмжлэггүйгээр ажиллуулж байгаа аж. Мөн 2005-2007 онд Эрх чөлөөний талбайд “Шүүхийг шүүе” цуглаан хийж, олон арга хэмжээг зохион байгуулж байжээ.

Э.АМИНАА