Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь өндөр эрсдэлтэй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.


-Таны хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дэмжсэн гишүүдийн нэг. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах нь гэх шүүмжлэл явж байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан улс төрийн амлалтуудынх нь нэг байсан. Ард түмэндээ амласан амлалтдаа хүрэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэн тэргүүнд өнөөдрийн нийгэм, улс төрийн тулгамдсан асуудлууд болоод нийгэмдэх улс төрийн талцал хуваагдлыг арилгасан, шударга ёсыг тогтоосон өөрчлөлтүүд хийх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульд тусгаж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг маш сайн хэлэлцэх ёстой. Хэлэлцүүлгийн явцад зүйл, заалт бүрээр нь ярих ёстой. Аль нэг улс төрийн нам олонх байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулна. Өмнөх парламентууд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг санаачилж байсан хэдий ч улс төрийн өнцөг, эрх мэдлийн тэмцлээс шалтгаалж бүтэж байгаагүй. Одоогийн нэмэлт өөрчлөлтөд хэрэгтэй олон зүйл заалтууд бий.

-Шүүхийг улс төрөөс хараат бус байлгахын тулд ямар заалтууд оруулж өгч байгаа вэ?

-Үндсэндээ шударга ёсыг шүүхээс шаардаж байна. Сүүлийн үеийн томоохон хэргүүдийг нэр бүхий гишүүд 23 зүйлд багцалж Улсын ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад хүргэсэн. Үүний дагуу уг байгууллагууд дээр ажлын хэсэг ажиллаж, эхнээс нь хэргүүдийг боон шүүх рүү шилжүүлж байна. Өнөөдөр бид нийтээрээ шүүхээс хамааралтай болчихсон. Шүүхийг хэрхэн ажиллахыг эндээс харна. Өнгөрсөн хугацаанд шүүх засаглал яаж ажилласан нь иргэдэд тодорхой. Шүүх шударга бус ажиллаж, авлигад идэгдэж байгааг шүүмжилдэг. Тиймээс хариуцлагажуулах хэрэгтэй учраас шүүхийн хариуцлагын зөвлөлийг бий болгохыг Үндсэн хуулиараа зааж өгөх юм. Шүүхийн томилгоог нэлээн сайн хуульчилж өгсөн. Ямар зарчмаар хэрхэн томилох зэргийг тодорхой гаргаж өгч байгаа. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилно гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Шүүхийн хариуцлагын зөвлөлтэй болчихлоо. Шүүхийн хариуцлагын зөвлөлөөс ямар нэг асуудлын үндэслэлийг гаргах бол 12 жилээс өмнө хэзээ ч чөлөөлөгдөж болох эрх зүйн орчин байж тухайн хүн ажилдаа шударга хариуцлагатай байна. Үндсэн хуульд 12 жил гээд заачихвал хэн ч өөрчлөх эрхгүй болчихно. Нэг хүнийг 12 жилээр сонгоно гэдэг өндөр эрсдэлтэй. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг есөн жилээр сонгоно гэж байгаа.

Зургаан жилээр байдаг хэрнээ халдашгүй дархан эрхийн цаана ард түмний бухимдлыг төрүүлсээр байна. Зарим нь бүр сугардаггүй нэр авчихсан. Хуулийн байгууллага иргэдээс асуудал үүсгээд байхад сугарч өгдөггүй. Есөн жил болчихвол яах вэ гэдэг асуулт гарна. Ядаж одоогийн зохицуулалтаараа зургаан жил хэвээрээ үлдсэн нь зөв гэж үзэж байгаа. Мөн 21.4-т сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж оруулсан. Өмнө нь журмыг хуулиар тогтооно гэж байсан. Тогтолцоо гэж оруулснаар шууд пропорцианаль намын жагсаалтаар сонгогддогийг хуулиндаа оруулж өг гэж байгаа юм. Ингээд хуульдаа оруулаад өгчих юм бол тэр нь Үндсэн хуулийн зөрчил биш болчихно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гээд заачихсан. Хэдий гишүүдийг ард түмэн шууд сонгоно гэдэг заалт нь хэвээрээ ч хоёр дахь заалтаараа тогтолцоог хуулиар зохицуулна гээд оруулсан учраас Үндсэн хуулийн зөрчил биш байна гэнэ. Одоогийн намын нэрсийн жагсаалтын цаана сонгогддог заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт бий. Энэ дүгнэлтийн хуулийн үйлчлэл нь шууд зогсоно. Улс төрийн намын шинэчлэлийг хэлэх нь зүйтэй байх. Улс төрийн нам бол нийт ард түмний нийтлэг эрх ашигт нийцэж ажиллана гэж Үндсэн хуульд заасан. Үүнийг зөрчсөн хуваагдал, талцал, нийтлэг эрх ашигт нийцээгүй явцуу зорилготой улс төрийн нам Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм. Улс төрийн намуудын үйл ажиллагааг ил болгохыг Үндсэн хуульдаа заана гэдэг нь улс төрийн намын санхүүжилтийн цаана төрийн шинэчлэлийн асуудал нягт уялдаатай байдгаас шалтгаалж байгаа. Улс төрийн намуудаар дамжуулж төрийн эрхийг барьдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Бизнес бүлэглэл өөрсдийн төлөөллийг улс төрийн намаар дамжуулж төр лүү оруулдаг, тэр нь эргээд бизнес бүлэглэлдээ үйлчилдэг. Ийм зүйл яваад байдаг. Угтаа улс төрийн нам иргэдийг төртэй холбох ёстой байтал бизнес бүлэглэлийг төртэй холбодог шинж чанартай болчихоод байгаа юм. Бизнес бүлэглэлүүд улс төрийн намаар дамжуулж төр лүү хүнээ оруулдаг гол шалтгаан нь далд санхүүжилтээр улс төрийн намыг тэтгэдэг юм. Энэ бол төрийн хямрал. Улс орон буруу явж байгаагийн нэг жишээ. Намын санхүүжилтийг ил болгоно гэдэг энэ зүйлийг таслан зогсоож байгаа хэлбэр юм.

-Сум дүүргийн Засаг дарга нар иргэдээс сонгогдоно гэдэг дээр эрх мэдлийн төлөөх тэмцэл үүсэх үү?

-Санал нэг байна. Аливаа томилсон субьект нь өөрөө чөлөөлдөг эрх зүйн орчин байдаг. Сум дүүргийн Засаг даргыг иргэдээсээ сонгогдоно гэж заасан. Харин тухайн хүнийг хэн нэгэн дээд шатны дарга нь чөлөөлнө гэдэг бол энэ зарчимд нийцэхгүй. Тиймээс сум дүүргийн иргэдийн хурлын саналаар дээд шатны Засаг дарга нь чөлөөлдөг заалт оруулж байгаа. Яагаад иргэдээс сонгуулах гээд байна гэхээр сонгогдсон хүн нь иргэдийн хурлын хэдхэн хүнд үйлчлэхгүй, нийт иргэддээ үйлчилдэг улстөрждөггүй байлгахын тулд юм. Гэтэл тухайн хүнийг томилдог хүмүүс нь намын хүмүүс болчихоор иргэдээсээ мандатаа авчихсан хэрнээ ажлаасаа чөлөөлөгдөхгүйн тулд намдаа үйлчилдэг хоёрдмол заалт орж байгаа. Энэ тал дээр анхаарч засах ёстой гэж үзэж байгаа. Сум дүүргийн Засаг даргыг иргэд сонгоод нийслэл дүүрэг аймгийн Засаг дарга нь 15 хоногийн дотор батламжилна гэж заасан. 15 хоног бол дэндүү урт хугацаа. Иргэдээсээ сонгогдсон хүнийг гурав хоногийн дотор батламжлахад ямар ч асуудалгүй. Аймаг нийслэлийн Засаг даргыг тухайн шатны иргэдийн хурал нь нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно гэж байгаа. Харин энэ тал дээр Ерөнхий сайд тэд хоногийн дотор томилох ёстой гэсэн хугацаатай заалт оруулж болно.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлснээр дэвшилтэт зүйл юу байна гэж харж байгаа вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь нийт гишүүдийн 1/4-ийн саналаар эрх нь хадгалагдаад үлдэж байгаа. Харин хэлэлцэх хугацааг нь богинохон болгосон. Хэлэлцэх хугацаа нь долоо хоногийн дотор байнгын хороо, дараа нь чуулган гээд Үндсэн хуульд 15 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг гурав, гурав хоногоор болгож хугацааг нь заасан. Ерөнхий сайд огцорвол танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг заалт нь хэвээрээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилдөөд сайд нараа нэг нэгээр нь чуулганаар оруулж томилдог байсан бол УИХ болон Ерөнхийлөгчид мэдэгдээд сайд нараа өөрөө томилон, чөлөөлөх эрхтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, танхимын зарчмаар ажиллах боломжийг нь өгөх хэрэгтэй гэж байгаа юм. Улс төрийн нам шахалтаар танхимаа бүрдүүлдэг тогтолцоо одоо хүртэл байгаа. Тэр тогтолцоо яг шууд удирдлагад бус шахааны хүн орж Засгийн газрын нэр хүндийг унагааж байна. Хэдий Ерөнхий сайдыг 19 гишүүн санал гаргаж огцруулах болон дараагийн Ерөнхий сайдын нэрийг өргөн барихаар байгаа ч дараагийн Ерөнхий сайдыг нь зэрэг хэлэлцээд явна гэсэн үг. Ингэхээр төрийн ажил цалгардахгүй, эрсдэлд оруулахгүй гэх үндэслэлтэй гэж ойлгож болно.

-Ерөнхийлөгчтэй холбоотой нэг заалт орсон. Энэ нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан зүйл болж байна уу гэх зүйлс яригдаж байна л даа?

-Ерөнхийлөгч зургаан жилд нэг удаа сонгогдоно гэдэгтэй санал нэг байгаа. Хоёр удаа сонгогдохоор өнгөрсөн практикаас харахад дараагийн дөрвөн жилдээ дахин сонгогдох үйл ажиллагаагаа явуулаад эхэлдэг. Улс төрийн аливаа намаас түдгэлзээд иргэдийн төлөөлөгч болдог боловч тогтолцоо нь улстөржүүлэхийг шаарддаг. Намаас сонгогдохын тулд намын эрх ашигт нийцэж ажилладаг. Нэг удаа сонгогддог болчихвол улс төрийн эрх ашигт бус улс орны нийт эрх ашгийн төлөө ажиллана гэдэг талаас харж байгаа юм.

-Байгалийн баялгийг төр иргэдэд тэгш хүртээнэ гэж байгаа. Байгалийн баялгийг ард түмний эрх мэдэлд оруулах заалт бий юу?

-Одоогийн 6.1-т байгаль эх газрын хэвлий дэх баялаг ард түмний хяналтад төрийн өмч байна гэдгийг илүү тодотгож тэгш шударга хүртээх зохицуулалтыг нь оруулж өгсөн. Баялгийн сан байгуулж орлогын дахин хуваарилалтын асуудлыг Үндсэн хуулиар боломжийг нь нээж өгч байна гэсэн үг.

-Хоёр дипломатчдын хар тамхины асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд сайд мэдээлэл хийхдээ маш нууц дардастай ирүүлсэн учраас хаалттайгаар хэлэлцэхээс өөр аргагүй байсан. Миний хувьд нээлттэй хэлэлцүүлнэ гэж бодож байсан. Байнгын хорооноос чиглэл өгөх тухай тогтоол батлагдсан. Энэ тогтоол нь нууц биш. Миний хувьд байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа хар тамхи, тамхи бусад хэргүүдэд дипломатч төлөөлөгчдийн газруудын ажилтнууд нэр холбогддог асуудал дээр нэлээн шийдэмгий ажиллаж, таслан зогсооно гэж бодож байгаа. Үүний дагуу тогтоолуудаа шахаад хэрэгжүүлээд явна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Стресс өндөр байх тусам юманд адгах нь нэмэгддэг

Өнгөрсөн амралтын өдрүүдээр бороо орж үер буусан. Энэ үеэр орон нутгийн зам эвдэрч Онцгой байдлын алба, Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнийг түр хааж арга хэмжээ авсан. Гэтэл иргэд анхааруулгыг үл ойшоож замд гарч түвэг удлаа. Бас яг энэ үеэр Хонконгоос Улаанбаатар руу нисэх МИАТ-ийн онгоц цаг агаарын нөхцөл байдлаас болж Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр саатахад тэнд байсан монголчууд хэл ам хийж “Би ийм ч тийм ч ажилтай байсан. Онгоцоо даруй нисгэ” гэж уурлаж, үйлчилгээний ажилтнуудад нь гар хүрэхээ дөхсөн ичмээр үйл явдал болсон юм. Монголчуудын энэ адгуу зангийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Ганц удаа бороо орж үер буухад, онгоцны нислэг саатахад л монголчуудын адгуу зан дотооддоо болоод олон улсын хэмжээнд ингэж илэрч байна. Монголчууд яагаад ийм адгуу болчихсон юм бэ. Энэ зан нь төрөлх үү, олдмол юм уу?

-Монголчуудын сэтгэл зүйн өвөрмөц байдлын тухайд авч үзвэл уг нь бид чинь тийм ч айхавтар түргэн, шуурхай, яаруу, адгуу хүмүүс биш байхгүй юу. Аажуу, тайван, юмыг боддог гэдгээрээ дэлхийд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсад ч бидний тэр сайн талыг харж үнэлэлт, дүгнэлтээ өгдөг. Хотын амьдрал, урбан соёл, хотжилттой холбоотойгоор амьдралын төлөвлөгөөгөө зөв гаргаагүйгээс юманд яарч сандардаг. Гэтэл монголчууд маань үүн дээр “Яарвал даарна” гэдэг үгтэй. Яарсан юм болгон бурууддаг. Тиймээс юманд аажуу уужуу, тайван ханд гэдгийг нэг нэгэндээ хэлдэг. Ялангуяа ахмад настнууд энэ үгийг хэлж залуучуудаа сургадаг. Харьцангуй сүүлийн үед “Яарвал даарна” гэдэг үг маань алдагдаад байна. Монгол хүн яаруу, адгуу юу гэвэл би үгүй гэж хэлнэ. Энэ нь эргээд амьдарч байгаа орчин, дэд бүтэцтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Хүн тодорхой нэг шийдвэр гаргахдаа төлөвлөх, нөгөө талдаа эрсдэлийг тооцох гэдэг хоёр юмыг тооцоолж байж үйлдлээ хийх хэрэгтэй. Таны дурдсан дээрх хоёр тохиолдол дээр “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгээр тэр буруу үйлдэл гаргаад байгаа хүмүүст туслах, зөв үү буруу юу гэдгийг нь шүүн тунгаах, хоорондоо ярилцах боломж нь яагаад байсангүй вэ гэж би мэргэжлийн хүний хувьд харж байна. Яагаад “Замд гарвал аюултай, эрсдэлтэй шүү” гэж хэн нэгэн нь хэлсэнгүй вэ. Жишээлбэл, Хонконгийн онгоцны буудал дээр зохисгүй зан гаргасан тэр хүнийг тодорхой хэмжээгээр яагаад тайвшруулсангүй вэ. Адгуу зан гаргаж байгаа тэр хүний хажууд байгаа хүмүүс тухайн хүнийг үнэлээд “Замд гарвал ингэнэ, тэгнэ” гэж хэлэх ёстой байсан. Нөгөө талдаа нийтийн нэгэндээ тавьж байгаа өгөх соёл буюу хоорондоо ярилцах гэдэг юм нь дутагдалтай байгаа байхгүй юу. Нэгийгээ яараад явж байхад тодорхой хэмжээгээр тайвшруулах, сэтгэл санааг нь хуваалцах нь маш чухал. Яаралтай ажил ч юм уу, тайван ажил байсан ч яарах тийм тохиолдлууд хүн болгоны онцлог нөхцөлүүдээс хамаарч өөр өөр байна л даа.

-Гэрлэн дохион дээр зогсч байхад ногоон гэрэл асав уу үгүй юу араас дуут дохиогоо хангинуулдаг нь ямар учиртай юм бол. Яг юунд тэгтлээ яараад байгаа юм бэ. АТМ дээр дугаарлаж байхад бүгд зэрэгцэж ирээд дэлгэцийг нь хараад зогсчихдог. Ийм жишээ яривал дуусахгүй шүү?

-Яараад байгаа нь юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт, хотжилт, дэд бүтэцтэй холбоотой. Хоёрдугаарт, хүний сэтгэл зүйн тайван, тогтвортой байдалтай холбоотой. Стресс өндөр байх тусам юманд адгах нь нэмэгддэг. Стресстэй байгаагийн нэг шинж нь юунд ч юм, яагаад ч юм яараад байдаг. Гэтэл үнэндээ яараад байх юм байхгүй байхад тэр нь өөрт нь суугаад рефлекс болчихоод байна гэж үзэхээр байгаа юм. Тийм учраас адгаж байгаа. Гэрэл дохио асаагүй байхад машинаа ухасхийлгэж хөдөлгөх, ногоон гэрэл асангуут дохиогоо дуугаргаж байна гэдэг чинь тэр хүн стресстэй бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянах чадвар нь бага байна гэж тодорхойлогдоно.

Монголчууд ингэдэг шүү дээ. Онгоц газардаж бүрэн зогсоогүй байхад л бүгд босоод зогсчихдог. Тэгээд л шамбааралдаад, дээрээс гар тээшээ авах гэж зүтгээд эхэлдэг. Тэгснээ онгоцноос буугаад ачаагаа авангуутаа л тамхиа татаад онгоцны буудлын үүдэн дээр тайван зогсчихдог. Энэ чинь юу вэ гэхээр, яарах юм байхгүй байхад тэр хүн сэтгэл санааны хувьд тогтвортой байдал нь бага байна гэсэн үг. Бид нийтээрээ тийм стресстэй байх магадлал өндөр байна.

-Нийтээрээ адгуу гэчихээр бас учир дутагдалтай болчихно?

-Нийтэд нь хамруулахад хэцүү. Нөгөө талдаа үүнийг нарийн судлах ёстой. Орон нутагт адгуу байдал ямар байгаа юм, хотод ямар байна гэдгийг судлах хэрэгтэй. Зам хаалаа гэхэд орон нутгаас хот руу гарсан машинуудын хэдэн хувь нь анхааруулга сонсоод буцаад явчихаж байгаа юм. Хот талдаа амьдардаг хүмүүс нь орон нутаг руу гарна гэж хэр зэрэг зүтгээд байгаа юм гэдэг иймэрхүү ялгаанууд бас ажиглагдаж болохоор байна. Үүнийг судлах хэрэгцээ, шаардлага байгаа юм.

-Адгуу зантай хүмүүст ямар зөвлөгөө хэрэг болох вэ. Та мэргэжлийн хүний хувьд зөвлөвөл?

-“Яарвал даарна” гэдгийг их сайн бодолцооч ээ, бүх юманд. Амьдралдаа ч байна уу, ажилдаа ч байна уу, гэр лүүгээ харихдаа ч байна уу бүгдэд нь “Яарвал даарна” гэдгийг сана. Настай хүмүүс маань “Сайн явж ирэв үү” гэж мэндчилдэг. Түүнээс биш “Чи хурдан явж ирэв үү” гэж хэлдэггүй. Тэгэхээр үүн дээр бид нэгдсэн тийм бодолтой, яарснаар ямарваа асуудлыг шийддэггүй. Яарах нь шийдэх гарц биш. Тиймээс өөрөө өөрийнхөө тайван байдлыг бодож үзэх хэрэгтэй. “Би чинь ингэхэд юу руу яараад байгаа билээ, юунд яарч байна вэ” гэж дотор сэтгэл рүүгээ өнгийж үзэх хэрэгтэй байх нь. Хэрвээ тэр хүн тайван бус, тогтворгүй байвал мэргэжлийн хүнд хандах боломж нь нээлттэй. Монголд, ялангуяа Улаанбаатарт сэтгэл зүйн олон төв байна. Мэргэжлийн хүмүүстэй очиж уулзаад өөрийгөө юунаас болоод ингээд байгаа вэ гэдэг шалтгаанаа олж гаргаж ирэх бололцоо нь бий.

-Олон нийтийн дунд адгуу зан гаргаж байгаа хүн дээр очоод зөвлөгөө өгвөл хэл амаар доромжлуулахаас эхлүүлээд бүр зодуулж ч мэднэ. Хэрвээ тийм хүнтэй таарвал, тийм хүмүүстэй хамт ажилладаг бол яаж харьцах хэрэгтэй вэ. Адгуу хүний дэргэд байгаа хүмүүс юу хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, өөрийнхөө тайван байдлыг хангасан нь дээр. Тэр хүнээс хамаарч өөрөө стресстэх шаардлага байхгүй. Юманд наанатай цаанатай хандана гэдэг шиг “Энэ хүнд магадгүй шалтгаан байсан юм байлгүй дээ”, “Энэ хүн стресстэй байгаа юм байлгүй дээ” гэсэн өршөөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцож байгаад нэгнийхээ машиныг жаахан шүргэхэд л бууж ирээд заамдалцаж авахад бэлэн явж байна. Энэ нь стресс өндөр гэдгийг харуулж байгаа юм. Нэгдүгээрт, тэр хүнийг өршөөгөөд дараа нь та өөрөө яаж тайвшрах вэ гэдэг арга замаа олсон нь дээр. Хэрвээ тэр хүнтэй харьцах боломж байвал “Уучлаарай, та жаахан бухимдалтай байх шиг байна аа. Үүн дээрээ илүү тайван байвал ямар вэ” гэж тэр хүндээ бид зөвлөмж өгөхгүй бол хүнийг яахав, яахав гээд орхих тусам стресстэй байдал нь нэмэгддэнэ. “Хүн намайг ингэж хэлж байгаа юм чинь би нээрэн юу болоод байна” гэж бодох сэтгэлийг нэг нэгэндээ бага өгөөд байна л даа. Уг нь нийгэм гэдэг чинь тэр дохионуудыг тодорхой хэмжээнд өгч байх ёстой байхгүй юу. Хэт буруу үйлдэл гэнэт яагаад гардаг вэ гэхээр, тэр хүн буруу үйлдлийнхээ хариуд тодорхой хэмжээний шийтгэл буюу ядаж үгээр “Чи буруу байна шүү” гэдгийг сонсоогүй хүн “Ийм үйлдэл гаргаад байж болох юм байна” гэж ойлгоод үйлдлээ улам давтаад байдаг. Үүнийг л сайн ойлгох ёстой.

-Япончууд эмх цэгцтэй дугаарлаж зогсч байгаад бүгд Далай ламаас адис авчихсан байхад монголчууд ямар ч эмх замбараагүй зүтгэж, дайрч хоорондоо тэмцэлдэж хашгиралдсанаас цагдаа нарын анхааралд өртөж эхний хэдэн хүн нь л Далай ламтай уулзаж чадсан байдаг. Энэ мэтээр монголчууд бид адгуу зангаасаа болж олон зүйл дээр хохирч байна?

-Адгуу зан, яаралтыг давж гарах хамгийн шилэгдсэн арга бол төлөвлөлт байхгүй юу. Зөв төлөвлөгөөтэй хүн юманд яарахгүй. Яарч байгаа хүний эрсдэл гаргах хувь нь нэмэгдэнэ. Өөрөө өөрийнхөө амьдралыг бид маш зөв төлөвлөх хэрэгтэй болж байгаа юм. Угаасаа Улаанбаатарын амьдрал, Улаанбаатарын түгжрэл ямар билээ гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд өөрөө өөрийгөө зориулж, төлөвлөх ёстой. Энэ бол хамгийн чухал арга байхгүй юу. Түүнээс биш буруу үйлдэл гаргасных нь дараа тайвшруулах нь дараагийн арга хэмжээ болчихож байгаа юм. Зөв төлөвлөснөөр юманд яарахгүй, аажуу тайван очих, эсвэл тэгж ажиллах, тэгж сурч хөдөлмөрлөх боломжийг бид өөрсдөдөө бүрдүүлнэ. Магадгүй яарсан хүнтэй таарах, машин барьж яарч яваа хүнтэй мөргөлдөх ч гэдэг юм уу, эсвэл тийм хүн таныг мөрлөснөөс үүдэж сэтгэл зүйн тайван байдал тань алдагдвал магадгүй та бас адилхан сэтгэл зүйн хувьд тогтворгүй байна аа гэдэг шинж тэмдэг байхгүй юу. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа хүнийг дагаж хямрах биш, өөрөө харин тэрэндээ тайван байх, юмаа зөв төлөвлөх гэдэг чинь л хамгийн шилдэг арга. Хүн яарснаараа хэзээ ч сайхан харагддаггүй, хэзээ ч мэргэжлийн байдаггүй. Эргээд алдаа, эрсдэл гаргах байдал нь нэмэгддэг.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо улаан галзуу дайрч, урдуураа машин оруулахгүй зүтгэдэг хүмүүс яарч давхиад гэртээ очоод удирдлагаа бариад буйдан дээрээ хэвтчихдэг. Ийм чухал биш юманд яарах хэрэг байна уу. Энэ их ойлгомжгүй?

-Юунд яараад байгаа вэ гэдгээ мэдэхгүйгээр үйлдлүүд гаргаад байна шүү дээ. Энэ нь зуршил шиг болж, тийм л байх ёстой юм шигээр, юу руу ч галзуу юм шиг зүтгэж, тайван байж чаддаггүй болчихдог. Суусан ч гэсэн хөл, гараа байнга савчиж байдаг. Байнга л утсаа оролдож, эргүүлдээд байдаг. Энэ чинь ерөөсөө тайван бус байгааг харуулж байгаа юм. Тайван байгаа хүний чинь бие эрхтэн нь хүртэл тайван байна биз дээ. Ер нь бүгд нийтээрээ л тайван бус байна. Нэг газраа тогтвортой сууж чадахгүй, хөлөө савчиж, байсхийгээд утсаа гаргаж ирээд эргүүлдэнэ. “Чи юунд яараад байгаа юм” гэхээр “Яараагүй ээ, яараагүй ээ” гээд л хөлөө савчаад байдаг. Бүгдээрээ нийтээрээ татганаад. Сэтгэл дотор байгаа нэг тийм хэлбэлзэл нь мөнхийн л нэг савчсан, татганасан байна л гэсэн үг байхгүй юу. Тиймээс сэтгэлээ хуваалцах, дотор байгаа мэдрэмжүүдээ хуваалцах гэдэг нь маш чухал болоод байна.

Categories
мэдээ цаг-үе

“Өвгөн тэнгис” хоёр буюу өнөөгийн Куба

Гаванагийн дэлгүүр

Гаванагийн нисэх онгоцны жижигхэн буудалд хөл тавиад л автомашины дугуй, хүүхдийн тэрэг, тоглоом, хавтгай дэлгэцтэй зурагт, хоол хүнс, угаалгын саван зэргийг хайрцаглаж гялгар уутаар битүү ороосон бөөн ачаа бараа дунд орчих нь тэр. Кубын “ганзагын наймаачид” бужигнан гүйлдэж ачаагаа зөөх нь зүйрлэж хэлвэл зөгийн үүр үймэх мэт бас л содон зураг юм. 10 кг ачааны зөвшөөрөлтөй кубачууд 20 кг тээштэй байх нь энд бичигдээгүй хууль. Сүүлийн таван жилд зөвхөн Америкаас хоёр тэрбум ам.долларын бүтээгдэхүүн эх орондоо авчирчээ, кубачууд. Энэ тооноос 11.1 сая хүн амтай улсын далайц мэдэгдэнэ.

Олон хөлийн газарт, ямар хүн угтаж байгааг мэдэхгүй учраас хүлээж зогслоо. Тэгж байтал гандаж хүрэнтсэн царайтай, цав цагаан сахал, үстэй, чийрэг биетэй, хижээл эр биднийг чиглээд их л яарангуй алхаж ирэв. Хөх өнгийн фломастараар палийтал нь “Диего” гээд биччихсэн цаас өмнөө барьчихаж. Угтаа бол ирж буй биднийхээ нэрийг бичээд тосох атал, мань Диего өөрийнхөө нэрийг бичсэн нь аяллын маань энгийн хэрнээ мартагдахааргүй хөгжилтэй зураг. Ази хүн ховор тул биднийг олох амархан байсан л даа. Хуучин цагаан даавуун цамцаа цэмбийтэл угааж, толийтол индүүдсэн энэ эр миний сэтгэлдээ төсөөлсөн “Өвгөн тэнгис хоёр” зохиолын өвгөн далайчин Сантьяготой дэндүү адилхан санагдав. Диего испани, англи хольж айхавтар хурдан ярьсаар биднийг дагуулан нисэхийн машины зогсоол руу яаравчиллаа. Онгоцны буудлын гадаах зогсоолд Зөвлөлтийн үед үйлдвэрлэж байсан “Лада”,”69”, “Москвич” паркласан байх нь содон, сонин гэж.

Хуучны кинонд хаа нэгхэн үзэгддэг 1957 оны“Chevy Bel Air” хэмээх цагаан эмжээр, дээвэртэй дээр үеийн загварын номин өнгөтөй сунайсан урт “таксинд” сууж аваад хуучин Гавана хотын зүг салхи татуулан давхилаа. Карибын тэнгисийн умард хэсгийн үзэсгэлэнт арлын орон Куба 1902 -1959 онуудад эдийн засгаа жинхэнэ утгаар нь цэцэглүүлж байсан нь алхам тутамд мэдэгдэх аж. Гавана хотын өндөр сүрлэг үнэт чулуун барилгууд аль хэдийнэ хуучирч элэгдсэн ч архитектурын холимог хээнцэр хэв маягаараа хараа булаана. Мэргэжлийн өндөр түвшинд, чанар чансаатай баригдсан хуучны барилгуудыг сонжиж, нууцлаг сайхныг нь бахадсан шигээ Гаванагийн гудамжаар сүнгэнүүлэхийн бахтай гоёыг зүйрлэх юм биш.

Кубын ганзагын наймаачид сүүлийн таван жилд зөвхөн Америкаас хоёр тэрбум ам.долларын бараа зөөжээ

Хуучин Гавана хотын нарийхан гудам дундуур явсаар алдарт Обиспо гудамжинд тулав. Машин явдаггүй тул буудаллах байрандаа алхаж очлоо. Халуун наранд алхаж ирсэн бидэнд хуучны өндөр тааз, гантиг чулуун шал, сэрүү татаад сайхан гэж. Гудамжны эсрэг талын “Кафе Парис”- аас эгшиглэх аялгуу хавь орчинд хөг нэмнэ. Испани гитарын уянгалаг аяс, Африкийн бөмбөрийн эрчтэй хөгийг хослуулан амилах латин бүжгийн хөгжүүн ая гадуур явах хүмүүсийг кафен зүг эрхгүй татна. Өдрийн цайны цаг, ид халуу шатаж байхад кафены үүдээр хүн гэж багтаж ядан бужигнана. Хангинах хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн хөлсөө бурзайлган бүжиглэх хар, цагаан, холимог арьстай хүмүүс биднээс огт өөр амьдралын хэв маяг, заншил соёлтойгоо гайхуулах мэт.

Ла Бодэгита Дэл Медио

Куба, ер нь латин бүжигт хөлийн хөдөлгөөн, ташааны уян налархайг онцгойлох учир эмэгтэй нь богино хувцастай, эрэгтэйчүүд жигтэйхэн нарийхан, гуяа тас барьсан өмдтэй бүжицгээнэ. Харчууд нь бүсгүй хүнээс дутахгүй, үегүй мэт бүжих нь соньхон. Нэгэн үе Куба бүс нутагтаа, латин орнуудынхаа дунд бичиг үсэг тайлагдсан эхний дөрөв дэх улс, нэг хүнд ногдох эмч нарынхаа тоогоор дэлхийд арваннэгдүгээрт орж явсан улс. Соёл боловсрол өндөр кубачууд хамгийн сүүлийн загварын үнэтэй машин, утас, радио, дэвшилтэт техникийн хэрэглээтэй гэгдэж байсан юм. Кубын нийгмийн “дундаж давхарга” болох мэдлэг боловсролтой ажилтнууд олон институт, жижиг дунд бизнес эрхэлж байсан нь улсынхаа эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулагч гол хүч байв. Гавана хотод орд харшууд сүндэрлэж, тансаг зочид буудал, шөнийн клуб, казино тоглох төв, банкууд, уудам гудамж, өргөн талбай, хээнцэр цэцэрлэгт паркууд өнгө алаглаж, аялал жуулчлал ид хөгжиж байсан үеийг дурсвал өнгөрсөн зууны түүхийг сөхөх хэрэг гарна. 1958 онд зөвхөн Америкийн 300 мянган жуулчин энд ирж байсан нь “Лас Вегас”-аас илүү орлоготой тэнхлүүн явсныг нь илтгэнэ.

Энэхүү хоттой хүн төрөлхтнийг гүн холбосон хүн бол нэрт зохиолч Эрнест Хемингуэй. Амьдралынхаа 20 гаруй жилийг Гаванад өнгөрөөхдөө хэдхэн газар очдог байж.1939 оны эхээр эхнэр Полинтой таарамжгүй болсон тэр бүгдийг орхиж “Амбос Мундос” буудлын “511” тоот өрөөнд амьдарчээ. Хемингуэй “Сайхан Обиспо гудамжаар алхах дуртай, зохиолоо бичих газар минь энэ” гэдэг байж. Кубын загасчин Сантьяго өвгөний тухай “Өвгөн тэнгис хоёр” зохиол нь ихэд алдаршиж 1953 онд “Пулитцерийн шагнал”, жилийн дараа 1954 онд “Нобелийн шагнал” хүртсэн түүхтэй.

МедиоКубын сэргэн мандалт буюу 1950-иад он

“Амбос Мундос” буудалд ормогц Хемингуэйн ховор сайхан зургуудыг жаазлан өлгөсөн нь юун түрүүнд нүднээ тусна. Их зохиолчийн амьдарч, уран бүтээлээ туурвин тухалсан “511” тоот өрөөг байсан хэвээр нь музей болгожээ. Зохиолчийн унтаж байсан ор, ширээ, бичгийн машинтай энэ өрөөг зохиолчтой холбоотой сонин сэтгүүлийн нийтлэл, зохиолчийн зургуудаар дүүргэжээ. “Алдарт Хемингуэй энэ өрөөнд амьдарч, энэ цонхоор харан зогсож, энэ бичгийн машинаар гайхамшигт бүтээлээ туурвисан шүү дээ” гэж бодоход цаанаа л дулаан, таатай мэдрэмж сэтгэл эзэлнэ. Хемингуэйн зохиол бүтээлд дуртай мянга мянган уншигч “Амбос Мундос” буудлын “511” тоот өрөөг харах гэж Гаванаг зорьдог байж таарна.

Гаванагийн хоёр дахь алдарт газар нь“Ла Бодэгита Дэл Медио”. Бум бужигнаж, түм түжигнэсэн энэ уушийн газрын хөх, цайвар цэнхэр ханануудад нь хүмүүс сэтгэл зүрхний үгээ, янз бүрийн хэл дээр бичиж үлдээсэн байх аж. Хаалга үүд нь дэлгээтэй энэ уушийн газар Карибийн соёл, Кубын жааз гэгч юу болохыг арьсны шар үс бостол мэдрүүлэх “шид”-тэй. Халуу шатсан өдрүүдэд Хемингуэй энд тухалж, Кубын үндэсний коктейл болох хүйтэн “Мохито” шимэн суух дуртай байж. “Мохито”-г сонирхож амсахад, цагаан ром дарс, чихэр, нимбэгийн шүүс, газтай ус, гаа амтагдана. Энд бидний сайн мэдэх нэрт яруу найрагч, зохиолчид мөн улстөрчид ирдэг байжээ. Пабло Неруда, Габриэль Гарсиа Маркэз, Николас Гильен, Гавриела Мистрал, Агустин Лара,Сальвадор Альенде гээд дандаа мундагууд.

Хемингуэй зохиол бүтээлээ завсарлаж амрах үедээ буюу оройдоо “Эл Флоридта” гэдэг загас тэнгисийн хоолтой ресторанд байнга очдог байжээ. Зохиолчийн дандаа суудаг байсан газар биеийнх нь хэмжээтэй хүрэл цээж баримал босгожээ.

Эрнест Хэмингуэйн амьдарч байсан зочид буудлын өрөө

Гавана хот бүжиг дуундаа бялхан халгих ч хоол олж иднэ гэдэг тун ч амаргүй. Том сайхан байрнуудын зарим нь хов хоосон. Нэг давхартаа бэлэг дурсгалын жижиг зүйлс худалдаална. Хүнсний дэлгүүрүүд нь зарах бараагүй шахам. Давс, жижиг лаазтай загас төдийхөн үзэгдэнэ. Хэдхэн том ресторантай. Ресторанууд нь бараг хүнгүй. Хүлээж хүлээж захиалсан хоолны амт тааруу, порц бага. Тахианы хоёр нарийхан мөч, халбага хар будаа, хэдэн дусал сүмс гэхэд л 30- 40 ам.доллар байх жишээний.

Нэг иргэнд картаар олгох бараанд цагаан будаа таван кг, элсэн чихэр хоёр кг, ургамлын тос 500 гр олгодог тухай бидэнд таксины жолооч ярьж байлаа. 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж Батистын дарангуйллыг унагаж Ф.Кастро БНКУ-ыг удирдах болсноор Кубын шинэ түүх эхэлж байлаа. 1991 оноос энэ улсад эдийн засгийн хямрал эхэлсэн юм. Бидэнтэй танилцсан хэд хэдэн хүн “Хүнсний дутагдалтай үед бананы хальсыг жижиглээд дээр нь халуун чинжүү цацан хооллож, өвс, нишингийн навч буцалган хандыг нь нулимстайгаа чимээгүй залгичихаад, алдарт навчин тамхиа уугиулан нүүрэндээ баясгалантай байхыг хичээж явсан ард түмэн шүү” хэмээн ярьсан юм.

Тэр хэцүү цагт Гаванагийн зоопаркийн тогос шувуунаас эхлэн одос үхэр нь хүртэл алга болж, гэрийн муур, нохой ч үзэгдэхээ больсон тухай уншиж суусан минь өнөө ч санаанаас гардаггүй.

Өнөөдөр ч Гаванад хүнс хоол ховор. Гэхдээ л 2.1 сая хүнтэй энэ хотод гуйлга гуйн зогсох нэгэн цөөхөн таарсан юм. “Улсаараа, хотоороо тачирхан амьдардаг хэрнээ гуйлгачид яагаад ийм цөөн байна вэ” гэсэн гайхсан бодолтой зэрэгцэн Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр”-ын гол дүр л сэтгэлд ургаад байв. Хамгийн хэцүү цаг мөчид ч хүн шиг байж нэр төрөө хадгалсан загасчин Сантъягогийн дүр.

Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн машинууд Гаванагийн бас нэг өвөрмөц өнгө

Д. АЗЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Рио Тинтог Монголоос шахаж гаргая” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Улсын их баяр наадам айсуй өдрүүдэд манай сонины сурвалжлах баг бөхийн гал, морины уяа сунгаан дээрээс сурвалжлага бэлтгэж уншигчдадаа хүргэдэг билээ. энэ удаад Монгол Улсын тод манлай уяач Н.Даш-Өлзий, Монгол Улсын алдарт уяач Б.Энхболд, улсын манлай уяач Б.Энхтөр, “Дааган Цэндээ” нэрээр олонд танигдсан манлай уяач Ц.Цэнд-Аюуш нарын галаар орж сурвалжлага бэлтгэсэн юм. Нэг болон 13 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.
Хуульч Б.Энхбаяртай хийсэн ярилцлагыг нэг, тавдугаар нүүрнээс унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Рио Тинтог Монголоос шахаж гаргая” хэмээн өгүүлжээ.
АТГ-аас М.Энхсайханыг баривчлах ажиллагаа хууль зөрчөөгүй хэмээн хэвлэлийн хурал хийсэн. Энэ тухай долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.
Соёл урлагийн нүүрэнд өсвөр үеийнхний сонсох дуртай хамтлаг дуучдын тухай бнлтгэн нийтэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 102 байршилд илрүүлснээс өнөөдрийн байдлаар 92 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна. Цаашид газрын зөрчил арилгах талаар ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлуулах зорилгоор судалгаа хийж 198 байршлыг илрүүлээд байна. Эдгээр байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн санал авч байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар дээрх 198 байршлын газрыг чөлөөлөх ажил хийгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар өнөөдөр (2019.06.25) ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Оросын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 23-26-ны өдрүүдэд айлчилж байгаа юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Олон Улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О. Будяков, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г. Петров, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак, ОХУ-ын Оюуны өмчийн газрын даргын орлогч Л.Л. Кирий, Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е. Борисова, Улсын бүртгэлийн даргын зөвлөх К.А. Литвинцев, Өмгөөлөгчдийн холбооны танхимын дэд Ерөнхийлөгч Г.К. Шаров, Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн нэгдүгээр дэд Ерөнхийлөгч В.В. Федоров, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн А.Ю. Петров, Хуульчдын холбооны Олон Улсын үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Д.И. Рожков нар багтаж байна. Мөн ОХУ-ын орлогч прокурорын дагалдан Цэргийн Ерөнхий прокурорын төлөөлөгчид болох Цэргийн прокурорын газрын Хоёрдугаар газрын дарга, хошууч генерал С.Н. Скребец, Гуравдугаар газрын дарга, хошууч генерал С.А. Зараев, Дөрөвдүгээр газрын дарга, хошууч генерал И.А. Шаболтанов, Төв аппаратын хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа И.В. Шарапова, Цэргийн Ерөнхий Прокурорын туслах, хошууч А.С. Суворов нар хүрэлцэн ирээд байна.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ОХУ-ын шилдэг хуульчид манай улсад айлчилж, хоёр улсын хуулийн байгууллагууд, хуульчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцож байгаад талархал илэрхийллээ.

Тэрбээр, “Парламентаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байгаа цаг үед та бүхний айлчлал тохиож байна. Улсын хэмжээнд ард түмнээрээ хэлэлцүүлж, тодорхой саналуудыг авч байна. 1990 оноос өмнө манай хоёр улс ижил тогтолцоотой, бодлоготой явж ирсэн. Түүнээс хойш салбарын бодлогууд алдагдаж ирсний нэг жишээ нь хуульчдыг бэлтгэх боловсролын тогтолцооны гажуудал юм. Тиймээс хууль зүйн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, хуульчдыг давтан сургах болон хууль эрх зүйн шинэчлэлийг хийхэд та бүхнээс суралцах зүйл их байна. Бид хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг бага багаар хийж байна. Тухайлбал, Мөрдөн байцаах байгууллагын тогтолцоог шинэчлэхээр судалгааны ажил эхэлсэн. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж аливаа хуулийг хэлэлцэхдээ Хуульчдын холбооноос эрх зүйн дүгнэлт гаргуулсны дараа баталдаг болох зохицуулалтыг холбогдох хуульд оруулахаар төлөвлөж байна. Мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Иргэний хуулиудыг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан засаж сайжруулах зүйл байна” гэв.

ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев найрсаг дотноор хүлээн авч уулзан, хууль зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад Байнгын хорооны дарга Х.Нямбаатарт талархал илэрхийлээд байгууллагынхаа талаар товч танилцуулсан юм.

Тус холбоо нь 2005 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 35 мянга гаруй гишүүнтэй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг энэ холбоо нь хуульч эрдэмтэн судлаачид, төрийн болон олон нийтийн байгууллагын албан хаагчдын санаачилгаар нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдмэл зорилготойгоор байгуулагдсан бөгөөд парламенттайгаа дүн шинжилгээний чиглэлээр түлхүү хамтран ажиллаж иржээ.

ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев үргэлжлүүлэн тус улсад хийгдэж буй хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн талаар танилцуулаад чанартай хуульчдыг бэлтгэх асуудал ч адилхан тулгамдаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, 1990 оноос өмнө тус улсад хуульч бэлтгэх 53 их дээд сургууль байсан. Саяхныг хүртэл энэ тоо 1200 болтлоо өсчээ. Боловсролын байгууллагуудтайгаа хамтран ажилласны дүнд сүүлийн хоёр жилд 500 хүртэл бууруулсан байна.

Өчигдөр (2019.06.24) Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулжээ. Байнгын хорооны дарга Х.Нямбаатар энэхүү санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа хэлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баримт бичиггүй 87.6 кг эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг завджээ

2019 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чежү-Улаанбаатарын чиглэлийн ОМ7310 нислэгээр Монгол Улсын иргэн Х дагалдах баримт бичиггүй хоёр нэрийн 87.6 кг эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч явсныг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатууллаа. Зөрчлийн хэрэг үүсгэн, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Тусгай зөвшөөрөлгүй байгууллага, иргэн улсын бүртгэлд бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулан, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3 дахь заалтыг баримтлан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр буцаах мэдэгдэл өгч ажиллах гэсэн чиглэлийг баримталдаг байна.

Биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /тухайн зөвшөөрөл нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх гэсэн үйл ажиллагааны чиглэл/-тэй байна.
  • Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1 дэх заалтад заасан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эрх бүхий төрийн байгууллагаас баталгаажуулсан эмийн улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээтэй байна.
  • Биологийн идэвхт бүтээгдэхүүний чанарын сертификат;
  • Үйлдвэрийн зохистой дадлын дүрэм хэрэгжүүлсэн сертификат болох GMP, олон улсын зохистой дадлын дүрэм ISO, HACCP сертификат;
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна.

Дээрх баримт бичгийг үндэслэн биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт хийж улсын хилээр нэвтрүүлэх мэдэгдэл олгодог байна.

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөрчил гаргасан этгээдийн зардлаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.

Categories
мэдээ нийгэм

Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодолд тавих шаардлага

Олон улсын зах зээл дээр нийлүүлж байгаа савласан бүтээгдэхүүний тоо өссөөр байгаа нь савласан бүтээгдэхүүний цэвэр агууламжийг тодорхойлох стандартчилагдсан аргыг дэлхий нийтээр хэрэгжүүлэх чухал шаардлагатай болсон. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн савласан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг тодорхойлох арга нь “нэрлэсэн тогтмол агууламж”-тай Дунджийн системийн (AQS) арга юм. Энэ нь савласан бүтээгдэхүүний хэмжсэн утгыг (жин, эзэлхүүн, урт, талбай) эсвэл тоо ширхэгийг нотлох арга юм. Аливаа улс орон өөрийн орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох, импортоор барааг оруулж ирэхэд савласан бараа бүтээгдэхүүний хяналт (AQS)-ыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Энэ сэдвээр БНХГУ-ын хэмжил зүйн хүрээлэн PTB-ээс зохион байгуулсан ”Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодол, шошгонд тавих шаардлага” сэдэвт сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд хамрагдан, олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллагаас гаргасан OIML R 87:2008 болон OIML R 79:2015 үндэсний стандартаар батлуулсан.

MNS OIML R 87:2008 “Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ” стандартад Хяналт хийх эрх бүхий ажилтан савласан буюу үйлдвэрт савлагдаж буй бүтээгдэхүүнээс дээж авах, хяналтын багцаас дээжийн залруулгын коэффициентийг тооцоолох, хяналтын багцад зөвшөөрөгдөх хорогдолтой бүтээгдэхүүний тоог тодорхой заасан байна. Жишээлбэл: хяналтын байцаагч шалгалтаар үйлдвэр дээр ирэхэд тэр өдрийн савлагдсан 495 ш тараг худалдаанд гарахад бэлэн болсон байна гэж үзье. Байцаагч MNS OIML R87:2008 стандартын дагуу хяналтын багцаас 50 ш дээж аван жингийн аргаар хэмжилт хийн, SCF(дээжийн залруулгын коэффициент)-ийг 0,379 гэж тооцоолоход 2 ш дээж зөвшөөрөгдөх хэмжээнээс дутуу савлагдсан байв. Энэ тохиолдолд хяналтын байцаагч тухайн хяналтын багц MNS OIML R 87 стандартын шаардлагад нийцэж байгааг тогтоон худалдаанд гаргахыг зөвшөөрнө. MNS OIML R 87:2008 зөвлөмжийн стандартын дагуу шингэн орчинд савласан бүтээгдэхүүний шингэн нь ашигласаны дараа үлдэх эсвэл үлдэхгүй байж болохыг шошгон дээр зааж өгч болно. Үйлдвэрлэгч нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүйгээр савлах, савлагааны тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хийхийг зөвлөсөн байдаг. Бидэнтэй алхам тутамд тулгардаг зарим нэг жишээнээс дурдахад: шилэн савлагаатай өргөст хэмхийн хувьд сав баглаан дээр цул бүтээгдэхүүний жинг бичсэн байж болно, эсвэл бохир жинг бичээд шингэн нь цул бүтээгдэхүүнд хамаарахгүйг тэмдэглэж болно. Өөр нэг жишээ дурдахад шилэн савлагаатай жимсний компот байж болно, энэ тохиолдолд шингэн нь цул бүтээгдэхүүнтэй цуг ашиглахаар савласан байж болно.

Мөн MNS OIML R 87:2008 стандартад хяналтын байцаагч бүтээгдэхүүний бодит тоо хэмжээг хэрхэн тодорхойлох аргачилалыг зааж өгсөн байдаг. Дээр дурдсан шилэн савлагаатай өргөст хэмхийн цэвэр жинг тооцоолохдоо зориулалтын шүүлтүүр ашиглан цул бүтээгдэхүүнийг жинлэх ба хяналтын багц, SCF(дээж авалтын коэффициент) –ийг тооцоолон тухайн хяналтын багц стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтооно. Энэ стандартад буруу савлалтыг хориглох тухай, бүтээгдэхүүнийг хэсэгчилэн буюу бүхэлд нь дутуу дүүргэсэн, эсвэл таг, ёроол, ханыг буруу хийж хэрэглэгчийг төөрөгдүүлэхээр савлахгүй байхаар заасан байна. Сул дүүргэлт нь үүрэгтэй байж болохыг заасан бөгөөд хэрэв сул дүүргэлт тухайн бүтээгдэхүүний савлагаанд чухал үүрэгтэй бол ямар нөхцөл шаардлагатайг зааж өгсөн байна.

MNS OIML R 79:2017 “Савласан бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага” стандартыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд бүтээгдэхүүний таних тэмдэг, сав баглаа боодлын материал, савласан бүтээгдэхүүний хариуцагчийн мэдээлэл, хэвийн тоо хэмжээг илэрхийлэх, тэмдэглэх, мэдээллийг харуулах, төөрөгдүүлэх хэлбэр, дүүргэлтийн түвшинг зааж өгсөн бөгөөд тоо, үсгийн хэмжээг бүтээгдэхүүний талбайгаас хэрхэн тооцоолох талаар зөвлөсөн байна. Бүх төрлийн савлагаатай бүтээгдэхүүний нийт талбайн доод тал нь 40%-д мэдээллийн үндсэн хэсэг багтах ба талбайн хэмжээнээс хамаарч тоо ба үсгийн өндрийг тооцоолохыг үзүүлсэн байна. MNS OIML R 79:2017, MNS OIML R 87:2008 Сав баглаа боодол, түүний шошгонд тавих шаардлагын стандарт нь зайлшгүй дагаж мөрдөх стандартуудын нэг бөгөөд дээрх стандартуудыг хэрэгжүүлж хэвшүүлсэнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх, үйлдвэрлэгчдийн эрх тэгш байдал хангагдах, худалдаан дах техникийн саад тотгор арилах боломжтой бөгөөд худалдан авагчийн эрх хамгаалагдаж итгэл үнэмшил дээшлэх чухал ач холбогдолтой юм.

Улсаас савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодол, хүнсний аюулгүй байдалд чиглэсэн арга хэмжээ авч Засгийн Газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “Бүх төрлийн 0,035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглох” тухай шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваана

Image result for нийслэлийн авто зам

Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.

Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг хэвшүүлэх, авто зогсоолыг төлбөржүүлэх, менежментийг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэлийн үүсэх гол шалтгаан, түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаан дээр суурилсан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах бүсчлэлийн танилцуулга хийлээ.

“Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ. Тиймээс бид ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргах шаардлагатай. Бид нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлийг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ гаргах хэрэгтэй. Гурван бүсчлэлд хуваахаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Бид эхний хоёр бүсэд авто зогсоолыг хангалттай шийдэж өгөхөөр тооцож байна. гэхдээ энэ зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгоно” хэмээн С.Энхтөр дарга танилцуулгахдаа онцлов.

Улаанбаатар хотын төвийн хэсэгт 50-60 машины зогсоолд 08:00-18:00 цагийн хооронд өдрийн турш тандалт хийхэд дунджаар 10 машины зогсоол дээр л сэлгэлт хийгддэг байна. Бусад зогсоол дээр ойр орчмын албан байгууллага, үйлчилгээний газруудын ажилчдын машин өдөржин зогсдог байна.

Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудлуудыг хэлэлцэж, саналаа тусган дахин боловсруулахаар боллоо.

Хурлын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “УБЗАА-ныхан замын тэмдэг тэмдэглэгээг энэ баасан гараг гэхэд хийж дуусга. Нийтийн тээврийн үйлчилгээний газрыхан богино эргэлт, төлөвлөлт, зогсоолоос хотын төврүү ороход үнэгүй зорчих техник, эдийн засгийн тооцоолол, үндэслэлийг гаргаж энэ баасан гарагт танилцуул. Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар, УБЗАА, Авто замын хөгжлийн газар хамтраад зогсоолын асуудлыг судалж, энэ долоо хоногт багтаан шийдвэрлэ. Ачигч машинуудын журмыг шинэчлэн танилцуул. Тээврийн цагдаагийн газрынхан бүсчлэлд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээнийхээ тооцоог гаргаад холбогдох байгууллагуудад нь өгөөд бэлдүүл. Энэ баасан гарагт бүгд өгсөн үүрэг даалгаварыг бэлэн болгоод танилцуул” хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 102 байршилд илрүүлснээс өнөөдрийн байдлаар 92 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид газрын зөрчил арилгах талаар ажлыг эрчимжүүлэх, төлөвлөгөө гарган батлуулах зорилгоор судалгаа хийж 198 байршлыг илрүүлээд байна. Эдгээр байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэн санал авч байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар дээрх 198 байршлын газрыг чөлөөлөх ажил хийгдэх юм.