Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Ховд аймагт ажиллав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-ны өдөр Ховд аймагт ажиллалаа.

Энэ үеэр Ховд аймгийн ОБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нэр бүхий алба хаагчдад цэргийн цол, ОБЕГ-ын жуух бичиг, сайшаалын үнэмлэх гардуулан өгч, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ. Мөн Ховд аймгийн ОБГ-ын дэргэдэх “Усан спорт сургалтын төв”-ийн нээлтэд оролцов. Усан спорт сургалтын төвийг 2017 онд аймгийн ИТХ-ын 35 дугаар тогтоолоор Ховд аймгийн ОБГ-т шилжүүлж, ОБЕГ болон орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Тус сургалтын төв нь хоёр давхар, 15 өрөө, нийт 130 мкв талбайтай. Усан сангийн гүн нь 1.8 метр, урт 20 м, өргөн 15 м юм. Нэг ээлжиндээ 40-50, өдөрт 200 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай гэж албаныхан мэдээллээ. Энэ сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлснээр баруун аймгуудын ОБГ-ын усчин аврагчдыг бэлтгэх, чадваржуулах, улмаар дадлага сургуулийг тогтмол зохион байгуулах боломжтой болов. Мөн орон нутгийн иргэд, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд усан спортоор хичээллэх, бие бялдраа эрүүлжүүлэх, хөгжүүлэх боломж нээлттэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадам зүүдэлж зүүрмэглэсэн “Наран хонгор”-ын уяанд саатлаа

Тод манлай уяач Д.Даваахүүгийн уяа Хүй долоон худаг. 2019.06.25

Өнө эртний түүхтэй Хүй мандалын ногоон дэнжид уяачдын их ажил ид өрнөж байна. Даага эргэдэг Цагаан хөтөлийн орчмоор уяачид гэр, майхнаа бариад хурдан хүлгийнхээ уяа сойлгыг нь засч сууна. Хүлгүүд нь уяан дээрээ үүрсч, хүүхдийн гийнгоон дуу цангинатал шуранхайлж сэтгэл баясгаад монгол наадам удахгүй болох нь ээ.

Энд Монгол Улсын тод манлай уяач Н.Даш-Өлзий, Монгол Улсын тод манлай уяач Б.Энхболд, улсын манлай уяач Б.Энхтөр, “Дааган Цэндээ” нэрээр олонд танигдсан манлай уяач Ц.Цэнд-Аюуш нарын гал айлсжээ.

Бид төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн хөдөлмөрийн баатар, улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуайн галд саатлаа. Өвгөн уяачийн уяа өнөр байна. Гол төлөв, хул хонгор зүсмийн 30 орчим морьд уяатай харагдлаа. Бүгд л улс, бүсийн чанартай томоохон наадмуудад дээгүүр давхиж танигдсан хүлгүүд аж.

Уяатай морьдын хамгийн дээд талд нь өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын азарганы уралдаанд айргийн гуравт хурдалсан “Наран хонгор” азарга нь налайгаад тайван гэгч зогсож байна. Хажууханд соёолон насандаа улсын наадамд арваннэгээр давхисан “Саран хонгор” азарга уяатай зогсоно. Өнөө жил хавчиг азарга тун хурдан байгаа гэсэн.

Наран хонгор азарга

Д.Даваахүү гуайн хүү улсын алдарт уяач Баянбат уяан дээрээ ирчихжээ. Аавынхаа ажилд туслаад заавар зөвлөгөөг нь анхааралтай сонсож, санаа оноогоо нэгтгэж сууна. Энэ өдөр эдний уяаныхан бага сунгаагаа хийж байна. Эцэг малаа эхэнд нь мордуулдаг монгол ёсоор азаргаа сунгаж байна. 10 орчим азарга гарааны зурхай руу хөдөллөө. Зургаан км-ээс сунгахад “Наран хонгор” өнгөндөө, бөгтөрдүү жижигхэн хээр азарга зуузай холбоод л хөл чангатай орж ирлээ. Д.Даваахүү гуайн унаган адуу энэ хээр азарга өнөө жил анх удаагаа л Хүй мандалын ногоон дэнжид тоосоо өргөж том адуунуудтай шандас сорихоор сойгдож байгаа юм байна. Алдарт Тогоруу халтарын төлийн төл энэ азарга төрийн наадамд дээгүүр давхих хүлгүүдийн тооцоонд байгаа юм гэсэн.

Хүрэн азарганы ард үүдэн хойморын зайтай “Саран хонгор” азарга нь орж ирж байна лээ. Энэ уяаны азарганууд ер нь хурдан байсан шүү. Тод манлай Д.Даваахүү “Наадам дөхөөд сайхан байна аа. Хүүхдүүдтэйгээ энэ дэнжид гарахаар бага нас бодогдоод сайхан байдаг юм. Ах нь 1956 оноос эхлээд энэ сайхан дэнжид гарч наадаж байна даа. Таван настай жаахан хүү аавынхаа хурдан буянгуудыг унаж уралдаж эхэлсэн. Тэр цагаас хойш 63 жил өнгөрсөн байна. Энэ уяанаас мордсон 14 азарга төрийн наадамд өнгөлж байсан юм даа. Засгийн, хүний, өөрийнх гээд 10 гаруй их насны морь наадамд сойж түрүүлгэсэн” гэж дурслаа.

Энэ уяаны бүгд л Даваахүү манлайн унаган хүлэгүүд ажээ. Сүүлийн үед хэл ам татлаад буй эрлийз монгол морь ялгах асуудал дээр сэтгэл дундуур явдаг бололтой. “Монгол наадамд, монгол хөрсөнд монгол адуу л давхиж ирсэн ирсэн уламжлалтай. Сүүлийн үед чинь дэнхийсэн өндөр, нарийхан урт хөлтэй жигтэйхэн амьтад үзэгдэх боллоо. Ийм морио тэгээд монгол гээд л уралдуулчих юм” гэж хэлж байна. Их уяач “Наран хонгор” азарганыхаа талаар “Өнгөрсөн жил жаахан дутуу мордоод айраг амссан. Өнөө жил өнгө нь аятайхан байна. Хонгор азаргаа өвөл, хаврын уралдаануудад хайрлаад мордуулдаггүй юм. Хөлийг нь авчихна. Ингэж гамнаж байж л уяач, хүлэг хоёр сая нэг юм санасандаа хүрнэ дээ” гэж хэлээд уяа руугаа алхлаа. Саяхан сунгаад ирсэн хонгор азарганы хөлс нь гүйцэд хатаагүй эвшээж байна. Төрийн наадамд түрүүлчихээд Төв цэнгэлдэхэд эвшээж мэдэхээр хүлэг энэ уяанд сойгдож байна. Өнгөрсөн жилийн дутуугаа энэ жил гүйцээж мэднэ дээ. Д.Даваахүү манлайн уяаны хул хонгор азаргануудын аль нь наадмаар цоллуулж мэднэ.

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн Бидэрт халиун азарга түрүүлж улс даяар л шуугиулсан. Сумын алдартын уяанаас мордсон азарга улсын наадамд түрүүлсэн содон сонин явдлыг одоо хэр нь морь сонирхогчид ярьж л байдаг. Төрийн наадамд түрүүлсэн хөлс нь гүйцэд хатаагүй байхад “Мон Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн нэр дээр давхиулах болсныг монгол түмэн мэдэж байгаа. Давхар уяагаар уралдаж Хангайн бүсийн даншиг наадамд түрүүлж гүйцэгдэхгүй хурднаа баталсан энэ хүлэг өнөө жил Угтаалцайдамдаа сойгдож байгаа юм байна. Аймгийн шинэхэн алдарт Б.Баттөр Бидэрт халиуныхаа уяа сойлгыг тааруулж байгаа гэсэн. Булганы хангайн бүсийн даншиг наадмаас хойш давхиагүй энэ азарга Хүй мандалын дэнжид түрүүлнэ л гэж үзнэ дээ. Бороотой, газар балчигтай байвал халиун азарга өнгөлөх байх шүү гэж морь шинжээчид ярьж байна.

Өнгөрсөн жил улсын их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Бидэрт халиунтай ширүүн уралдаж үзүүр дээр дайруулж аман хүзүүдсэн улсын тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд азарга Налайхын голын хөндийд байгаа гэнэ. Өвсний соргог, усны тунгалгийг харж гол төлөв Дорнодод хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулдаг Монгол Улсын тод манлай уяач Д.Онон өнөө жил Налайхын голын хөндийг барааджээ. Тэнд ногоо эрт гарсан гэсэн. Онон манлайн уяанаас төрийн наамдын аман хүзүү зээрд азарганаас өөр наадамд дээгүүр давхих азарга хэд хэд бий. Энэ хөндийд аймгийн алдарт уяач Билэгсайхан, улсын их хурлын гишүүн Ч.Улаан нар айлссан байгаа гэсэн. Улсын алдарт А.Алтангадас хурдан хүрэн азаргаа улсын наадамд сойх юм гэсэн. Хашир уяачийн хурдан азарга улсын наадмын өнгөнд давхиж мэднэ.

2017 оны улсын их баяр наадамд түрүүлсэн Хөвсгөл аймгийн харьяат улсын алдарч уяач Түдэндоржийн Болдбаатарын “Магнай халиун” азарга хурдны өлгий Сүхбаатар аймагт байгаа гэнэ. Уяа сойлгыг туршлагатай уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ тааруулж байгаа юм байна. Наадам дөхүүлээд Жаргалантын аманд буух юм гэнэ лээ. Өнгөрсөн жил есд хурдалсан халиун азарга өнөө жил айраг амсах нь дамжиггүй гэж ахмад уяачид ярьж байна лээ.

Улс, бүсийн чанартай наадмуудаас 16 удаа айраг амссан дүү хээр азарганууд энэ жил Төв аймгийн Сэргэлэн сум, Авдарын уулын өвөрт сойгдож байгаа ажээ. Дүү хээрийн уяа сойлгыг тааруулж буй улсын алдарт уяач Б.Сүхбаатар сүүлийн жилд чамбайхан уяж байгаад чанартай тавьж мэднэ. Улсын наадамд айраг амсаж сурсан л хүлэг.

Бага сунгаанд Наран хонгор өнгөлж, хээр азаргатай аман хүзүүдлээ

Их хүлэгч Д.Даваахүү морины хөлс хусч байна

Унаач хүүхдүүд

Төрийн наадамд дээгүүр давхих магадлалтай хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тандахад ийм байна. Харин хурдан их насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд морийг түрүү магнайгаар нэрлэх уяач олон байна. Өнгөрсөн жил хүй мандалын дэнжид гүйцэгдээгүй энэ хурдан ажнай ахиад ч торгон жолоо өргүүлж мэднэ.

Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол Улсын манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь дээгүүр уралдаж мэднэ. Хүрэн морь өнгөрсөн жил айргийн гуравт хурдалсан.

Өөр нэг хурдан хүрэн морь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монголын Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын уяанаас төрийн наадамд уралдана. Өнгөрсөн жил айрагдсан энэ хурдан хүлэг өнөө жил амжилтаа ахиулах боломжтой гэж морь сонирхогчид үзэж байна.

Мөн Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын уяанд дээгүүр давхих олон хүлэг сойгдож байгаа юм байна. Төрийн наадамд хурдан хязаалан түрүүлгэж байсан залуу уяач энэ жил их нас түрүүлгэхэд байг гэх газаргүй.

Хүй мандалын ногоон дэнжид өнөө жил ногоо эрт цухуйжээ. Уяачдын сэтгэл тэнэгэр дэлгэр сайхан зун болж байна. Эрт ногоо зуусан адуу дийлж уралддаг гэх өвгөн уяачдын сургаал байдаг. Энэ чигийн адуу өнгөнд уралдах магадлал өндөр байгаа талаар уяачид ярьж байна. Уяач бүхэн л уясан хүлэгтээ битүүхэн найдаж, ирэх наадмын өнгийг өөр өөрийнхөөрөө л харж байгаа байх. Хэний хүлэг торгон жолоо өргүүлж, хэний хүүгийн магнайд азын од гийхийг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх даа. Монгол наадам өдөр өдрөөр л ойртож байна. Наадам сайхан даа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Санжаадамбын допингтой бөхтэй барилдахгүй гэх Санжаахандын ДОХ-той эртэй хавьтахгүй гэдгээс ялгаа юун

Ч.Санжаадамба аварга допингтой бөхтэй барилдахгүй гэдгээ эрс шийдэмгий мэдэгдчихлээ. Энэ нь ч үнэхээр зөв өө. Санжааханд гэдэг хүүхэн ДОХ-той эртэй хавьтахгүй гэж байгаагаас ялгаагүй л зүйл шүү дээ. ДОХ-тойг нь мэдсээр байж ямар амьтан хавьтах билээ. Допингтой бөхтэй барилдах бидний алмас хэмээн төсөөлдөг адгуустай барилдаж буй мэт, бүр түүнээс ч илүү араатантай ноцолдож байгаа мэт хэцүү байдаг юм гэсэн. Зодог, шуудагны уяа нь гар хөлийг нь тасдахаа алддаг гэж байгаа. Ер нь ч тэгээд түмэн олноо баясгахаар зүлэг ногоон дэвжээнээ гарахдаа “Үнэн хүчийг үзэж барилдана” хэмээн зарлан тунхаглуулдаг бөхчүүд маань допинг хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. Спортын амин сүнс болсон шударга өрсөлдөөн гээчийг үгүйсгэж, уландаа гишгэж буй явдал шүү дээ. Ёс суртахууны хувьд ч асар дорой байгааг илтгэнэ. Монгол бөхийн барилдааныг спортын төрөл мөн, биш гэж маргадаг. Энэ бол бөхийн спорт мөн. Тэмцэлдэх, бусдыг баясгах, хөгжөөх гээд спортод байх ёстой зүйлүүд монгол бөхийн барилдаанд бий гэдгийг энд тодотгоё.

Эцэст нь хэлэхэд дэлхийд допинг шүүхээр цагаатгасан тохиолдол байдаггүй юм аа. Монголчууд бид л бусдын үзээгүйг үзэх юм даа, хөөрхий. Шүүх өөрөө лабораторитой болчихсон хэрэг үү. Шүүхэд битгий хэл Монгол Улсын хэмжээнд допинг илэрсэн эсэхийг шинжлэх нэг ч лабораторигүй шүү дээ. Тиймдээ ч бид БНСУ-руу сорьцоо явуулж өндөр үнээр шинжлүүлдэг юм. Шүүх өөрт хамаатай зүйл дээр л дуугарах хэрэгтэй бус уу. “Зусарч хүн зулгаа барна” гэгчээр шүүх юм, юм руу үсчиж нэр хүндээ унагахаа болимоор байгаа юм.

Ер нь цаашдаа ч допинг хэрэглэсэн л бол хэнбугай нь ч байсан барилдуулахыг нь хориглох хэрэгтэй. Толгойг нь илж, гааруулж огтоос болохгүй. Тиймээс Ч.Санжаадамба аваргын тун зөв өө.

Categories
мэдээ улс-төр

40 гаруй гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойрогтоо танилцуулжээ

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан. 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байна.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд хэрхэн оруулж нэгтгэх, санал, дүгнэлт боловсруулах, зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулахаар долоо хоног ажиллаж байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэнэ. Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар 40 гаруй гишүүн тойрог, орон нутагтаа ажиллаж, 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байгааг Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн мэдээллийн үеэр онцолжээ. Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх болсныг онцлохын зэрэгцээ эдгээр боловсруулсан санал, дүгнэлтийг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын хэсгийн Дэд ажлын хэсгийнхэнд энэ сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болсон тул хариуцлагатай, шуурхай ажиллахыг анхааруулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хилээр нэвтрүүлсэн этгээдүүдэд 1-4 жилийн ял оноолоо

Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Н, М нарын 4 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Н, М нар нь 2017 онд БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Тэдэнд шүүхээс Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1-4 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

#Pray4Dulguun: Хандивын тоглолт болно

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа юм. Түүний эмчилгээний зардалд хүн бүр оролцоо нэмж, найз нөхөд, хувь хүн, албан байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна. Энэ удаад #Pray4Dulguun аянд О.Дөлгөөний дунд сургуулийн ангийнхан буюу Биеийн тамир, спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн анхны төгсөлтийнхөн нэгджээ. Тэдгээр залуус “Хандивын тоглолт” эвент санаачилсан бөгөөд “MNG” эвент, “Hypeman entertainment” хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Тоглолт зургаадугаар сарын 29-ны 19:00 цагт Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Хар сувд” онгоцон дээр болно. Та бүхэн О.Дөлгөөнд бодит дэмжлэг үзүүлэхийг хүсвэл тус тоглолтыг үзэж, түүний эмчилгээнд дэм болоорой.

Тоглолтод урилгаар оролцох залуу хамтлаг, дуучид

-Wolfizm

-Don Dior

-Jacool

-Vandebo

-Maberrant

-Lil Thug E

-Mrs.M

-Fla

-Gurvel

-Nimba

-OG MOB

-Pacrap

-Хишигдалай

-Зоригт

-Наки

-Жүжигчин Т.Бархүү

-Тэнүүн

-Чойжоо

-Ariu (Voice of Mongolia)

-Илбэчин Ононмөрөн

-MC Sodoo (UB Comedy)

-MC, Jijgee (+17)


Тасалбарын үнэ 20000 төгрөг ба бүх орлогыг 100% О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлана.

Фэйсбүүк эвент:

https://www.facebook.com/events/1785024504934386/?ti=cl

Хамтрагч байгууллагууд

MNG event

Hypeman Entertainment

Хар сувд

Зиндаа.мн

Холбогдох утас: 89090820

Categories
мэдээ улс-төр

АТГ Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ

Өнөө өглөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ. Түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан ийн мэдүүлэг авсан байна. АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсэн даруйдаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээлсэн юм.

Тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ер нь бол “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг тухайн үед УИХ гаргах ёстой байсан. Одоогийн УИХ улсдаа авъя гэдэг шийдвэр гаргасныг иргэд ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас одоо буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох ОХУ-д буруу өгөх аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гэх юм алга. Тийм учраас хуулийнхан энэ хэргийн учрыг олох гээд ажиллаж байгаа юм байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоо тариалах ажлыг төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас төвийн зургаан дүүргийн хэмжээнд хүнсний ногоо тариалах ажлыг хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архины хамаарал бүхий тусгай төвийн төрийн бус байгууллагууд, хөдөлмөрлөх насны тодорхой эрхэлсэн ажилгүй нийт зургаан дүүргийн 780 иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, түр ажлын байраар ханган ажилуулж байна. Тавдугаар сарын 10-аас эхлэн нийт 52 га газар хөрс боловсруулалт хийж, хагалж, борнойдон тариалалтад бэлтгэсний 32 га газарт төмс, 10 га-д сонгино, таван га газарт шар манжин , таван га газарт лууван тарьжээ. Мөн 52 хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү зэргийг тариалан ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ур чадвар олгох эрхийн бичгийн сургалт явагдаж байна

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулагдаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулахаар эрх авсан 50 байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс “Дүнжингарав” дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дүүргүүдийн ХХҮХ-ээс суралцах эрхийн бичиг авсан иргэдэд сургалтын байгууллагуудын мэдээллийг хүргэж, сургалтад хамрагдах эрхийн бичгийн бичилт хийн ажиллаж байна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хонио хариулж явсан 14 настай хүү аянгад ниргүүлж нас баржээ

Баянхонгор аймагт 14 настай хүү улсын дугааргүй ногоон өнгийн “Mustang” маркийн мотоцикл унаж хоино хариулж явахдаа аянгад ниргүүлж амиа алджээ.

Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас тус аймгийн Эрдэнэцогт сумын Намын гол гэх газарт хүүхэд аянгад цохиулж нас барсан гэсэн дуудлага, мэдээлэл 16.00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.