Categories
мэдээ нийгэм спорт

Олон улсын Хөлбөмбөгийн холбооны шүүгч ​Б.Хаш-Эрдэнэ: Хөлбөмбөг бол мэдрэмж

Бидний эргэн тойронд нар мэт үргэлж гэрэл гэгээ түгээж байдаг хүмүүс олон бий. Тэдгээр эрдэнэсийн дотоод сэтгэлээр нь аялах адтай хүсэл намайг үргэлжид хэмлэсээр байдаг юм. Та бүхэнд тэрхүү хүмүүний дотоод сэтгэлээс дээжлэн энэхүү ярилцлагыг хүргэж байна. Бид дахин уулзаж, түүний хэлж амжаагүй, миний асууж чадаагүй олон асуултыг мэрж суух цаг удахгүй гэж найднам. Монголын үлгэр жишээ спортын холбоо болох Монголын Хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн, Олон улсын Хөлбөмбөгийн холбооны шүүгч, Монголын Хөлбөмбөгийн холбооны нэгдүгээр зэрэглэлтэй шүүгч Болдын Хаш-Эрдэнэтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Б.Хаш-Эрдэнэ нь 11 жил МХБХ-нд шүүгчээр ажиллахдаа Монголын Хөлбөмбөгийн Дээд лигийн 176 тоглолтыг шүүгээд буй юм. Тэрээр одоо Азийн элитийн шүүгчийн шалгалтыг өгч байгаа билээ.


Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та Монголоос анх удаа Азийн элит шүүгчийн шалгалт өгч байгаа, энэ сэдвээр яриагаа эхлэх үү?

Энэ шалгалт өнгөрсөн жилийн 10-р сараас эхэлсэн. Эхлээд Малайзад очиж дүрмийн мэдлэг, англи хэл, фитнесс тест, бие бялдрын бэлтгэлжилт, хүмүүстэй харилцах чадварын шалгалтуудыг өгсөн л дөө. Би Малайзад өгсөн шалгалтандаа тэнцсэн. Дараагийн шат нь Азийн Хөлбөмбөгийн холбооноос томилогдсон хянагч гурван удаа Монголд ирж дотоодынхоо лигийн тоглолтыг хэрхэн шүүж байгааг шалгах ёстой байдаг юм билээ. Эхнийх дээр нь 4-р сарын 23-нд Солонгосын хянагч шүүгч ирж ажиллаад явсан. Хоёр дахь нь өнгөрсөн бүтэн сайн өдөр Хонгконгийн хянагч шүүгч ирж шалгасан. Хэрвээ тэнцвэл ирэх7—р сарын 20-нд гаргаад гурав дахь шалгалтаа авна. Бүх шалгалт 7-р сарын 31-ний дотор дууссан байх ёстой.

Шүүгч хүний баримтлах ёстой хамгийн чухал зүйл юу вэ?

Шүүгч хүний хувьд хамгийн чухал зүйл бол шударга байх. Дараагийн чухал зүйл нь ажлаа чанартай хийх ёстой. Гүйцэтгэлээ сайн хийж өөртөө итгэлтэй байж чадвал бусад зүйл хамаагүй.

Зарим тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид шүүгчийн эсрэг “бүүлэх” тохиолдол бий. Та хөгжөөн дэмжигчдээс ирдэг дайралтуудад хэрхэн өөрийгөө бэлддэг вэ?

Монголд болж байгаа тоглолтуудыг дээд тал нь 100, 200 хүн л үздэг. Олон улсын том тоглолтуудын хувьд эзэн баг хожигдож байвал хэдэн мянган хүн бүүлнэ. Шүүгч хүн хөгжөөн дэмжигчдээс ирэх дайралтуудад сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Хөлбөмбөг өндөр хөгжсөн орнууд хүүхдүүдэд багаас нь шүүгчийг хүндлэх ёстой гэж зааж өгдөг. Одоогоор Монголд ийм дэг сургууль хараахан нэвтрээгүй байна. Манайхан шүүгчтэй зүгээр л энгийн үзэгч шиг харьцаад байдаг. Гэхдээ зарим хүмүүс шүүгчийг хүндлэх ёстой гэдгийг ойлгож эхэлж буйд талархаж байгаа.

Та хэд хэдэн удаа гадаадын улс орнуудад очиж шүүгчийн сургалтанд сууж байсан. Тэдгээр улсууд хөлбөмбөгтөө хэрхэн ач холбогдол өгч байна вэ?

Хөлбөмбөг өндөр хөгжсөн улсууд эхлээд хүүхдийн хөлбөмбөг рүүгээ анхаардаг. Хүүхдүүдийг багаас нь эхлүүлээд алалцуулаад, өрсөлдүүлээд байхдаа гол нь биш. Хүүхдийг 10 нас хүрэхээс нь өмнө хамгийн анхан шатны техникүүдийг сургадаг. Амралтын өдрүүдээр бүх хүүхдийг хөлбөмбөгийн талбайд тоглуулах нь чухал байдаг. Тэдгээр улс орнуудад хүүхдүүд ямар нэгэн тэмцээнд оролцохдоо гол нь биш. Харин хүүхэд бүр хөлбөмбөг тоглож байх нь л хамгийн чухал юм билээ.

ХҮҮХДЭЭ ХӨЛБӨМБӨГ ТОГЛУУЛЖ БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРТ СУРАЛЦУУЛААСАЙ ГЭЖ ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ УРИАЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Хөлбөмбөг хүүхдүүдэд сайн хүн болоход дөхөмтэй онцгой чадваруудыг суулгаж өгдөг. Хамгийн гол нь багаар ажиллах чадварыг хүүхдүүдэд төлөвшүүлдэг шүү дээ?

Бид нийлж байгаад энэ зүйлийг хийх ёстой гэдэг сэтгэлгээг хөлбөмбөг хүүхдүүдэдсуулгадаг. Хүүхдээ заавал хөлбөмбөгчин болгох албагүй. Гэхдээ хүүхдээ хөлбөмбөг тоглуулж багаар ажиллах чадварт суралцуулаасай гэж эцэг эхчүүддээ уриалахыг хүсэж байна. Аливаа зүйлийг ганцаараа хийх биш олуулаа хамтраад хийвэл илүү том зүйлд хүрч болох юм байна гэдгийг хөлбөмбөг хүүхдүүдэд ойлгуулдаг.

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс эхлэн “VAR”системийг хөлбөмбөгт нэвтрүүлж эхэлсэн. Технологийн дэвшлүүдийг хөлбөмбөгт ашиглахыг та дэмждэг үү?

Хөлбөмбөг эрс өөрчлөгдөж байгаа. Бичлэг ухрааж үзэхээс эхлээд электрон хөлбөмбөгт ихээр нэвтэрч байна. Цаашдаа юу гарч ирэхийг хэлж мэдэхгүй. Энэ цаг үеэс өмнө хөлбөмбөг амьд спорт байлаа. Тухайн шүүгч өөрийнхөө мэдрэмжээр, заримдаа тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадаг байсан бол одоо энэ зүйл боломжгүй болсон. Бичлэг ухрааж үзэх болсноор нэг талаараа шүүгчийн шийдвэр илүү шударга болж байгаа, нөгөө талаараа энэ спорт маань илүү технологи руу шилжиж байна. Гэхдээ би “VAR” системийг ашиглаж байгаад баяртай байдаг. Хоёр баг ч хохирохгүй, шүүгчид ч робот биш учраас алдаа гаргаж болно. Гэхдээ алдаагаа тэр дор нь залруулах боломжтой болсонд баяртай байгаа. Ямар нэгэн баг хохиролгүй үлдэх нь л хамгийн чухал шүү дээ.

Та том шийдвэр гаргах үедээ өөртөө эргэлздэг үү?

Эргэлзвэл том шийдвэр гаргадаггүй. Жаахан л эргэлзэж байвал би шүглээ үлээдэггүй. Миний шүгэлдсэн болгон ямар ч эргэлзээгүй байсан гэж ойлгож болно.

Зарим хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн дүрэм мэдэхгүй хэрнээ шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн хараалын үгс хашгирах тохиолдол олон бий. Хөлбөмбөг үздэг хүмүүсийн дүрмийн мэдлэг хэр байгаа вэ?

Хэдхэн жилийн өмнө үзэгчид ч шүүгчид ч хөлбөмбөгийн боловсрол муу байсан. Одоо бол бүх зүйл өөрчлөгдөж байна. Хөлбөмбөг Монголд хөгжихийн хэрээр үзэгчдийн боловсрол нэмэгдэж байгаа.

Шүүгчийн хэлтсийн зүгээс бодлого боловсруулж,томоохон үр дүнд хүрсэн ажлуудаа дурдвал?

Шүүгчийн хэлтэс системтэйгээр жил бүр өөр өөр ажлуудыг хийж байгаа. Хэдэн жилийн өмнө бидэнд хүн хүч хэрэгтэй байсан. Бид цөөхүүлээ учраас олон шүүгчтэй болох хэрэгтэй юм байна. Тэдэн дотроос сайн шүүгчид гарч ирнэ гэдэг тал дээр шүүгчийн хэлтэс маань бодлого боловсруулж ажиллаж байлаа. Одоо манайх 50 орчим шүүгчтэй болсон. Бидний гол зорилго бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн сайн шүүгчдийг бэлтгэх юм. Азийн хөлбөмбөгийн холбооны академид хоёр шүүгч маань суралцаж байна. Дараа дараагийн залуус маань насанд хүрээд энэ академи руу явах байх. ФИФА-д данстай талбайн хөлбөмбөгийн таван шүүгч, Футзалны хөлбөмбөгийн нэг шүүгч байгаа. Энэ тоог бид нэмэгдүүлэхийг хүсэж буй. Би анх удаагаа Азийн элит шүүгч болохоор зорьж шалгуулж байна. Миний араас Азийн хөлбөмбөгийн холбооны тэмцээнүүдийг тогтмол дэнслэх шүүгчид олон гарч ирэх байх гэж бодож байгаа шүү.

Сүүлийн үед шүүгчид алдаа гаргах нь багасч байгаа гэж бодогддог юм?

Сүүлийн жилүүдэд шүүгчдийн алдаа гаргах нь огцом буурч байгаа. Алдаа гаргахгүй байгаа гэж хэлэхгүй гэхдээ алдааны давтамж багассан. Хамгийн гол нь алдаагаа давтахгүй байхыг л гол баримтлалаа болгож байгаа.

Таны мөрөөдөл юу вэ, нууц биш бол?

Миний ойрын мөрөөдөл Азийн Хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болох. Үүний дараа илүү том том мөрөөдлүүд маань биелэх боломж үүсэх байх.

Та Монголын шүүгч ДАШТ-ийг дэнслэх хугацааг хэр ойрхон гэж боддог вэ?

Манай шигшээ багийн Дэлхийн аваргад тоглох хугацааг хэлэхэд маш хэцүү. Харин Монгол хүн ДАШТ-ийг шүүх цаг хугацааг ойрхон байгаа гэж боддог.Энэ бол тавь эсвэл зуун жилийн дараах хол мөрөөдөл биш байх. Магадгүй 10 гаруй жилийн дараа биелж болохоор мөрөөдөл болов уу.

ХӨЛБӨМБӨГ МИНИЙ ХУВЬД ЯГ Л ХАР ТАМХИ ШИГ ЗҮЙЛ БОЛЧИХСОН БАЙЛАА

Өмнөх үеийн шүүгчдийн алдаа юу байв, таны бодлоор?

Алдаа гэхээсээ илүү бидэнд болон биднээс өмнөх үеийнхэнд маань сургах багш байгаагүй. Өмнөх үеийнхэн маань шүүгчээрээ тууштай явж чадаагүй болохоор дараа үеийнхэндээ зааж сургаагүй л дээ. Тэр тал дээр бид маш их цаг хугацаа алдсан. Өөрсдөө эхлээд шүүгч болж туршлага хуримтлуулж байж сургагч багш болоход бид бүтэн нэг үеийг алгассан байгаа. 2000-аад оны эхэн үед багуудад дасгалжуулагчийн хомсдол их байсан. Тухайн үед шүүгчдийн сургагч багшийн орон тоо гэж байгаагүй.

ДАШТ-ийг дэнслэх шүүгчдийг хэрхэн сонгон шалгаруулдаг юм бэ?

Тив тивийн хөлбөмбөгийн холбоодод хуваарь өгдөг. Тухайн тивийнхээ холбооны шилдэг арав дотор багтаж байх ёстой. Тэгэхээр тивийнхээ холбоонд үнэлэгдэх шаардлагатай гэсэн үг. Манайхан Азийн хөлбөмбөгийн холбоондоо шилдэг аравт багтдаг шүүгчтэй болох ёстой. Тэгж байж л ДАШТ-ийг шүүх боломжтой болно.

Таны шүүсэн хамгийн том олон улсын тоглолт ямар тоглолт байсан бэ?

Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны хүрээнд Хонгконгд явагдсан Хойд Солонгос болон Гуамын тоглолт байсан. Тухайн багуудын хувьд хэсгээсээ шалгарахын төлөөх маш чухал тоглолт байсан юм. Тоглолтыг Монголын шүүгч шүүж байна гэдэг Монгол улсын нэр гарч байгаа гэсэн үг. Тиймээс хариуцлага өндөртэй байх ёстой. Энэ тоглолт хоёр улсын хооронд явагдаж байгаа гэдэг утгаараа мөн тухайн тоглолтыг 10 гаруй мянган хүн үзэж байсан учраас маш их хариуцлага шаардаж байсан. Гуам биеийн хүчний тоглолт ихтэй, харин Хойд Солонгосын баг илүү хурдтай учраас их өрсөлдөөнтэй, ширүүн тоглолт болсон.

Одоогийн баримталж буй хөлбөмбөгийн дүрэм мэдрэмжин дээр илүү суурилсан юм шиг санагддаг. Жишээ нь бөмбөгөнд гар хүрсэн эсэхийг дэнслэхдээ арван тохиолдлыг авч үздэг. Тэгэхээр шүүгчээс онцгой мэдрэмжийг шаарддаг байх?

Мэдрэмж хамгийн чухал. Заримдаа бид буруу шийдвэр гаргаж байгаагаа мэддэг ч цааш нь үргэлжлүүлж мэдрэмжээрээ тоглолтыг удирддаг. Дүрмээрээ бол шар хуудас өгөх шаардлагагүй үед шар хуудас өгөх тохиолдол ч бий. Энэ нь тоглолтын уур амьсгалыг намжаах, зарим нэг тоглогчийг хяналтандаа байлгах арга юм. Заримдаа хуудас өгөх ёстой зүйл дээр сануулаад өнгөрдөг. Энэ бол мэдрэмжийн л асуудал. Шүүгч шийдвэр гаргахдаа дээд зэргийн мэдрэмжтэй байж гэмээнэ л үзэгчид, дасгалжуулагчид, тоглогчид болон тоглолтыг удирдана гэсэн үг. Яг дүрмийн дагуу шийдвэр гаргаад тоглолтоо удирдана гэвэл бас хэцүү л дээ. Хөлбөмбөг бол амьдрал гэж үг байдаг. Үүн шиг хөлбөмбөг бол мэдрэмж юм.

Та өөрөө хөлбөмбөг тоглодог байсан уу?

Анх 2007 онд Дээд лигт тоглож байлаа. Тухайн үед УБ Юнайтед гэдэг баг байсан. Тэр багт нэг жил л тоглосон доо. Тэрнээс өмнө сонирхогчдын тэмцээнд оролцож байсан. Шүүгч болохоор шийдээд олон тэмцээнд тоглохоо больсон.

Хөлбөмбөг таны амьдралд хэр том орон зайг эзэлдэг вэ?

Би 14, 15 настайгаасаа эхэлж хөлбөмбөгийг сонирхож байлаа. 17, 18 настай байхдаа хөлбөмбөгт донтчихсон байсан. Тэр үед хөлбөмбөг миний хувьд яг л хар тамхи шиг зүйл болчихсон байлаа. Хөлбөмбөгийн цагаан солио тусчихсан мэт хэдэн жилийг үдсэн. Харин нас биед хүрээд хөлбөмбөгийг ажил мэргэжлээ болгох хэрэгтэй юм байна, зөвхөн энэ замаар явах ёстой юм байна гэдгээ ойлгосон доо. Тэр цагаас хойш илүү мэргэшиж эхэлсэн. Хөлбөмбөг бол миний амьдралын хамгийн том хэсгүүдийн нэг.Тоглолт шүүж байх үед тань хөгжилтэй явдлууд олон тохиолддог байх?

Зөндөө тохиолддог шүү. Нэг удаа завсарлагаанаар өрөөндөө орж амраад, ус ууж сэрүүцчихээд буцаж гараад тоглолтынхоо хоёрдугаар үеийг эхлүүлэх гэсэн чинь өрөөнийхөө ширээн дээр шүглээ мартчихсан байсан. Тэгээд буцаж орж шүглээ аваад буцаж гараад тоглолтоо эхлүүлсэн. Тэр хооронд хоёр багийн тоглогчид бэлэн болчихсон талбай дээр хүлээгээд л байсан даа /инээв/.

Та долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ?

Тэмцээнтэй үед долоо хоногт 2-4 удаа бэлтгэл хийдэг. Гэхдээ дунд нь амралт хэрэгтэй. Тэмцээнгүй үед нэг өнжөөд л бэлтгэл хийнэ.

Ярилцсанд баярлалаа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Телехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан “Цахим бодлогын зөвлөл”-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон цаашид шинээр суурилуулахаар төлөвлөж буй хяналтын камеруудыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.

Энэхүү журмыг хэрэгжүүлснээр:

  • Нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр суурилуулсан хяналтын камеруудыг нэгдсэн мэдээллийн санд бүртгэлжүүлэх, Хот байгуулалтын дундын мэдээллийн санд тулгуурлан бодит дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх;
  • Нийслэлд суурилуулсан телехяналтын системүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцах алба, нэгжийг тодорхой болгож, хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэх;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын стандартын шаардлага хангаагүй болон дур мэдэн эмх замбараагүй камер суурилуулах ажлуудыг зогсоож, нэгдсэн төлөвлөлт, бодлогын хэмжээнд зохион байгуулах;
  • Улаанбаатар хотын гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын нэгдсэн хяналтын систем бий болгон, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг камержуулах урьдчилсан нөхцөл бүрдэнэ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг нэгтгэн, Засаг даргын захирамжаар батлуулах шийдвэр гарсан гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуулийн маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал байгааг хүлээн зөвшөөрөв. Маргагч талууд харилцан ойлголцож улмаар мэдээлэл гаргагч нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн өөрийн мэдээллийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тул ийнхүү маргааныг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж Цэц үзлээ. Үндсэн хуулийн цэцэд иргэдээс энэхүү маргаанд холбогдох асуудлаар өмнө нь олон дахин хандаж байсан бөгөөд тэдгээрийн гол үндэслэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим нэр томьёо тодорхой бус, олон салаа утгаар ойлгох боломжтой, мөн хуулийн зохицуулалт хоорондоо уялдаа холбоо муу зэргээс улбаалан түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий этгээд нөхцөл байдалд тохируулан өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэх, эрх ашиг, сонирхлыг нь хөндөх, хохирох явдал цөөн биш удаа гарч байгаатай холбоотой байна. Мөн хуульчийн мэргэжлийн дадлага олж авсан байдлын шалгуурыг тогтоохдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг албан хаагчдыг орхигдуулахгүйгээр мэргэжлийн байгууллагад дадлага, туршлага, мэдлэг олж авсан байдлыг тодорхойлоход чиглэсэн хэв хэмжээг тусгах замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгааг хууль тогтоогчийн зүгээс анхаарах нь зүйтэй байна гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан магадлалд онцлон тэмдэглэсэн тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Такси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав

Нийслэл хот болон Баянхонгор, Дархан, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Увс, Хөвсгөл, Архангай зэрэг 14 аймаг орон нутагт такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилчид, хувиараа такси үйлчилгээ эрхлэгч иргэдийг хамруулсан “Такси үйлчилгээний өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хэмжлийн нэгдмэл байдалд тавигдах шаардлага, олон улсын туршлага” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээний 10, дуудлагын такси үйлчилгээний 4 ААН тус газартай гэрээтэй ажилладаг бөгөөд тухайн ААН-үүдийн болон “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлуудад хариулт авах, туршлага судлах, зөвлөн туслах, гарц шийдлийг тодорхойлох чиглэлээр санал солилцсон байна. Энэхүү хэлэлцүүлэг нь техник технологийн дэвшлийг ашиглан орон зай харгалзахгүйгээр цаг хугацаа болон зардал хэмнэж, олон хүнийг хамруулснаараа онцлогтой болов гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсэг хуралдав

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 6 дэд хэсэг ажиллаж байгаа юм.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан ахлан ажиллаж байгаа бөгөөд тус дэд хэсэг өнөөдөр (2019.06.26) хоёр дахь удаагаа хуралдав. Дэд хэсэгт шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нар ажиллаж байна.

Дэд хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан санал нэг бүрийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 4 багц сэдвийн хүрээнд 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгагдсан юм. Үүнээс шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дараах асуудлыг тусгасан. Үүнд:

1.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулав.

2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчлөв.

3.Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж,Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлэх, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шинэчлэн найруулав.

4.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор өөрчлөв.

5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгав.

6.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор заав.

7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгож, зөвлөл шийдвэрээ нийт гишүүний олонхын саналаар гаргахаар тусгав.

8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн хариуцлагын зөвлөл гаргахаар нэмнэ. Зөвлөл нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, нэр хүндтэй иргэдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, тус зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгохоор нэмэв.

9.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхын саналаар томилохоор өөрчлөв.

10.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчлөхөөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

4.6 кг алт экспортолжээ

Энэ оны эхний V сард 4.6 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байгаа юм. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн байна. Алтнаас улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр мөн хугацаанд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Алтны ханш дэлхийн зах зээл өсөж 1400 ам.доллар болсон. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханшаар алтыг грамм тутамд нь 122 мянган төгрөгөөр авч байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүд Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

Өнөөдөр /2019.06.26/ УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын хатагтай Пунцог Чоден Церин тэргүүтэй Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн А.Ундраа Бутан улсын төлөөлөгчдийг “Эмэгтэйчүүд – Манлайлал” 2019 олон улсын чуулганд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийнасуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн тэрээр өөрөө санаачлан Монгол улсдаа хэрэгжүүлсэн НҮБ-ын “HeForShe” олон улсын тэгш эрхийн хөдөлгөөнд нэгдэн орохыг уриалж, хөдөлгөөний үзэл баримтлалыг тууштай дэмжин, төлөөлөл болж чадах хүнд дамжуулан өгнө үү хэмээн энгэрийн тэмдэг дурсгасан юм. Монгол Улсын шат шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид тулгардаг сорилтуудын талаар болон хоёр орны хувьд ижил төстэй асуудлуудыг ярилцлаа. Бутан Улсын төлөөлөгч хатагтай Пунцог Чоден Церин Монгол улсад хийж байгаа айлчлалдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, өөрийн улсад эмэгтэй парламентчдийн бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. УИХ-ын гишүүн А.Ундраа эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулах санаачлагыг дэмжиж, сайн туршлагаасаа хуваалцаж, туслаж дэмжихээ илэрхийлэв. Үүний дараа УИХ-ын гишүүн, НББСШУБ хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Бутаны хаант улсын Парламентын төлөөлөгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Бутаны харилцаа, Парламентын түүхийг шинэ шатанд гаргаж анх удаа Бутаны эмэгтэй гишүүд хүрэлцэн ирж байгаад талархаж байгаагаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд илэрхийллээ. Монголын эмэгтэй гишүүд хэрхэн ажилладаг болон ямар шалгууруудыг даван туулж эмэгтэй гишүүд хүлээн зөвшөөрөгдөж, өнөөдөр 13 буюу хамгийн олон эмэгтэй гишүүдтэй энэ удаагийн Их хуралд ажиллаж байгааг онцолж, туршлагаасаа хуваалцсан юм. Нийгэм, эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тодорхой ажлуудыг хийж, хуулийн төсөл эмэгтэй гишүүд санаачлан ажиллаж байгаа тухайгаа танилцууллаа.Мөн энэ цаг үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлцэгдэж эхэлсэн. Уг төсөлд эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал бодол туссан гэдгийг тодотгож байлаа. Бутан эмэгтэй гишүүдийн хувьд Эмэгтэйчүүд-Манлайлал олон улсын чуулганыг Монгол орон амжилттай зохион байгуулж, үр дүнтэй чуулган болсныг онцоллоо. Бутаны Парламентын дээд, доод танхимын эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгэн ажилдаг гэлээ. Монголын Парламентын эмэгтэй гишүүд олон асуудалд анхааран ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харж байна. Та бүгдээс туршлага судалж байгаадаа баяртай байна хэмээсэн юм. Цаашид 2 улсын эмэгтэй гишүүд нягт хамтран ажиллах болно гэж талууд уулзалтын төгсгөлд онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Уул уурхайгаас улсын төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.06.26/ болж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээллээс харахад уул уурхайн салбарын статистик үзүүлэлт өмнөх жилийн мөн үеийнхээс өссөн дүнтэй гарсан байна.

Оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас 1.2 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

– Алт 15.8 тэрбум төгрөг,

– Нүүрс 523.3 тэрбум төгрөг,

– Цайр 41.4 тэрбум төгрөг,

– Зэс 531.0 тэрбум төгрөг,

– Төмөр 9.8 тэрбум төгрөг,

– Жонш 13.5 тэрбум төгрөг,

– Бусад 35.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Үүнд:

– Нүүрс 205.1 (64.4%) тэрбум төгрөг,

– Зэс 105.9 (24.9%) тэрбум төгрөг,

– Төмөр 1.2 (14.4%) тэрбум төгрөг,

– Жонш 7.1 (110.6%) тэрбум төгрөг,

– Бусад АМ 6.0 (20.7%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

– Алт 5.0 (24.1%) тэрбум төгрөг,

– Цайр 2.1 (4.8%) тэрбум төгрөг байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Энхболд Болгарын Эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд өнөөдөр /2019.06.26/ Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар байлцлаа. Уулзалтын эхэнд Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд, Монгол Улс нь Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв. Хариуд нь ноён Эмил Караниколов, Болгар Улсын Үндэсний ассамблей /парламент/-аас Монгол Улсын Их Хуралтай уулзалт зохион байгуулах, хамтын ажиллагааны талаар ярилцах итгэмжлэл, чиглэлийг өөрт нь үзүүлсний дагуу уулзалтад ирснийг тэмдэглээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний ассамблейн гурван гишүүн багтсаныг танилцуулав. Үүний дараа Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд хоёр орны хамтын ажиллагааны талаар тэмдэглэн хэлэхдээ 1965-1985 онд Болгараас 28.2 сая шилжих рублийн зээл авч, Чойбалсан хотод мах комбинат, Дархан хотод нэхий эдлэлийн үйлдвэр, Улаанбаатар хотод гахай бордох завод, хүнсний ногооны хүлэмж, Орхон-Шарын голын жимс, ногооны аж ахуй, Өвөрхангайн Өвдөг худаг, Алтайн тоосгоны үйлдвэр зэргийг барьж байгуулсан нь Монгол улсад том бүтээн байгуулалт болсныг онцлоод хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эргээд хоёр талын харилцаанд чухал суурь, дэмжлэг болох учир парламент, түүний Тамгын газар хооронд шууд холбоо тогтоох, харилцааг бэхжүүлэх талаар ажиллахаа илэрхийллээ. Энэхүү уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон. Энэ ярианы үеэр Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад Болгар улс ямагт дэмжиж, гүүр болж ажиллана хэмээн онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүн Х.Нямбаатар мөн санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр, Болгарт урлагийн боловсрол, мэргэжил эзэмшиж ирсэн урлаг соёлын хүмүүс Монголдоо өндөр амжилтад хүрсэн байдгийг тэмдэглээд, цаашид оюутан залуусыг урлаг соёлын чиглэлээр сургахад хамтран ажиллах, дэмжих хүсэлт гаргасныг ноён Эмил Караниколов талархан хүлээж авлаа. Болгар улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаанд оролцож байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Оросын уран бүтээлч бүсгүй “The Hu” хамтлагт зориулж хүүхэлдэй урлажээ

Монголын “The Hu” хамтлаг рок сонирхогчдын анхаарлыг татаж дэлхийд нэр нь цуурайтах боллоо. Харин Оросын уран бүтээлч Оксана Панченко тэдэнд зориулж хүүхэлдэй урлажээ. Одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй хийсэн бөгөөд энэ нь “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл болж байгааг онцолжээ. Оксана Панченко төслийнхөө талаар “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд РОК-ын жинхэнэ од болцгооно. Би Москвагийн ойролцоо төрсөн. 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” гэж ярьжээ.