Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын 1000 гаруй айл энэ зун орон сууцтай болно

Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нарантуул захын Ахмадын хотхоны зүүн хойно байрлах орон сууцны XIV хорооллын Б, Е хэсэгчилсэн талбайд Зургаан талт, Моннис Урбан Девелопмент болон Цагаан хуаран компаниуд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, орон сууцны барилгын ажил явагдаж байгаа юм.

Моннис Урбан Деволопмент ХХК нь НИТХ-ын 2013 оны 7/29 тоот тогтоолоор БЗД-ийн 13,14 хорооны нутаг дэвсгэр, орон сууцны XIV хорооллын Б хэсэгчилсэн талбайд нийт 11,3 га барилгажих талбайд 165 нэгж талбарт 2304 айлын 14 блок орон сууцны барилга, 300 хүүхдийн цэцэрлэг барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор барилгын гүйцэтгэлийн явц 95 хувьтай, гадна болон дотор заслын ажлаа хийж дуусаад цэвэрлэгээндээ орсон, лифт ашиглалтад ороход бэлэн болсон байдалтай байлаа. Гүйцэтгэх захирал Б.Урантулгатай уулзаж, байдлыг тодруулахад “Манай компани Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 110 айлын газрыг чөлөөлж, барилгын ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжийн 168 айлын орон сууцыг энэ 7 сардаа багтаагаад ашиглалтад өгөх гэж байна. Дараагийн 168 айлын орон сууцыг гадна талаа дуусгаад 9 сардаа дотор заслын ажилдаа орно, оны өмнө буюу 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна” гэв.

Зургаан талт ХХК-ийн захиалагчийн инженер Д.Батсайхан барилгын ажлын явцаа танилцууллаа. “Зургаан талт компани нь 2014 онд БЗД-ийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны XIV хорооллын Е хэсэгчилсэн талбайд 73 нэг талбарт 1599 айлын 21 блок орон сууцын барилга барихаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Эхний ээлжийн 5 блок 470 айлын орон сууцыг ашиглалтад өгч, газар чөлөөлсөн 150 айлд 170-аад орон сууцыг өгч оруулсан. Энэ оны 8 сард 180 айлын 12 давхар орон сууц, энэ оны сүүлчээр дахиад 180 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөөр эрчимтэй ажиллаж байна. Мөн 5 давхар үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулна” гэж ярилаа.

Цагаан хуаран компанийн барилгын ажил дууссан, айлууд нүүж ороход бэлэн байдалтай байлаа. Цагаан хуаран ХХК нь мөн ижил талбайд 72 нэгж талбарт 1584 айлын 15 блок орон сууц болон 250 хүүхдийн цэцэрлэгийг барихаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. 864 айлын 6 блок орон сууцыг ашиглалтад оруулсан. Дараагийн ээлжийн 5 блок 528 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон байна.

Дээрх гурван компани ажлаа эрчимжүүлэн, төлөвлөсөн ажлуудаа хугацаандаа гүйцэтгэн ажилласнаар Нарантуул зах орчим буюу Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын 1000 гаран айл энэ жилдээ шинэ орон сууцандаа орох боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм спорт

​“Токио-2020” олимпийн эрхийн оноо цуглуулах Бадминтоны олон улсын тэмцээн эхэллээ

Өчигдөр Спортын төв ордонд Бадминтоны олон улсын тэмцээн эхэллээ. Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь “Токио-2020” олимпийн эрхийн оноо цуглуулах, Монгол Улсад Бадминтоны холбоо үүсгэн байгуулагдсаны хорин жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээнд 24 орны 170 гаруй тамирчин оролцох юм байна. Тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл Спортын ордонд үнэ төлбөргүй явагдах тул тамирчдаа ирж дэмжихийг хүсье.

Гэрэл зургуудыг У.Уранбилэг

Categories
мэдээ улс-төр

Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Баянхонгор аймагт ажиллаж, Бууцагаан суманд шинээр байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан юм. Тус анги байгуулагдснаар Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 9 сумын ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Мөн энэ үеэр ажил мэргэжилдээ амжилт гаргасан, үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлж байгаа тус ангийн зарим алба хаагчдад ОБЕГ-ын даргын тушаалаар цэргийн цол тэмдэг, баярын бичгээр шагнаж урамшуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.

Хавсралт

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхны наадам

ОРШИЛ

Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан “Анх үзсэн наадам”-ынхаа тухай дурсамж бичихийг санал болголоо, сониныхон маань. Анхны юм болгоныг ил тод дурсахад тусгүй ч, наадмын дурсамж бол олон түмэнтэй хуваалцахад сайхан хууч юм. Зарим нэгнийх нь танил дурсамж сэргэн хөглөгдөж, бушуухан унаа тэргээ бэлдэж аваад нутгийн зүг гараад шидчихмээр болох байх. Нөгөө хэсэгт нь зүгээр л хачин марзан санагдаж ч болох. Тэр ч байтугай, зайлуул бичих юмаа олж ядаад, ингэхдээ тулж дээ хөөрхий гэж эгдүүцэж ч мэднэ. Нарийн яривал, эгдүүцэл гэдэг бол ихээхэн том сэтгэгдэл юм шүү, за энэ ч яахав.

Аа тийм, ил тод дурсах боломжгүй анхны дурсамж гэхээр та нар юу гэж бодсон? Тэр чинь биш ээ, анх удаа хүйтэн төмөрт хэлээ наасан, зууханд гараа түлснээ л хэлж байна.

Ингээд сэтгэлд тодхон санагдах анхны наадмын дурсамжаа хаанаас эхлэхийг мэдэхгүй баахан эргэлзлээ. Тодорхой боловч хаанаас эхтэй нь тодорхойгүй дурсамж бас байна аа. Нэг бол хэтэрхий холоос эхэлчих гээд, эсвэл дутуу үлдчих гээд байгаа ч юм шиг бодогдоод. Ямар ч байсан МЭӨ үеэс эхлэхгүй. Уг нь би төрсөн учраас л миний сэтгэгдэл гэж байгаа юм гэдэг утгаар эхээс унасан мөчөөс наашлуулан ярьж болох ч товчлохоор шийдлээ.

НЭГ. ХАМААТНЫ СУРАГ

Манайх Өвөрхөндлөнд зусч байлаа. Завхан аймгийн Шилүүстэй, Отгоны зааг нутаг л даа. Орон нутагт ямар хил гааль байх биш, сайхан холилдоо л амьдарна шүү дээ. Миний дурсамж, сэтгэгдлүүд тэр зунаас л эхэлдэг.

Нэг удаа гэрийнхээ хажуугийн ар дээр тоглож байгаад Мянган уулын ар шил дээр хуралдсан их үүлний сиймхийгээр харагдах хөх тэнгэрийг хараад учиргүй сэтгэл хөдөлснөө мартдаггүй юм. Тэнгэрт хуран үүдсэн үүлсээс асар том уулс, хадан хясаа, цэлгэр хөндий олж харав. Газраас олж хардаг байгаль үүлэн дунд цогцолсон байхыг үзэв. Өөдөө харсан хүний анхны сэтгэгдэл. Гэртээ, хана униндаа, их сайндаа хажуугийн ууландаа тулаад зогсдог байсан мэдрэмж гэнэт хаяагаа тэлсэн, бүр хязгааргүйгээр шүү. Яг л их тэсрэлт гэдэг шиг, би ч өөрөө учиргүй томрон тэлээд явчих шиг санагдаж билээ. Уул ус, үүл тэнгэрийн нэгэн цогцлолыг хараад сэтгэл минь хачин уяран, ямархан нэгэн хөгжим эгшиглэх мэт. Тэр хөгжим тэнгэрээс бус, миний сэтгэлийн гүнээс эгшиглэхийг мэдрэх хачин. Тэр мөчид л би төрсөн, эсвэл амилсан юм шиг санагднам бөлгөө.

Бас тэр зун би анх унадаг дугуй үзсэн юм. Зусландаа буухын өмнө манайхан “Дашпунцагийнх унадаг дугуйтай юм билээ. Чи айлын хүүхдийн тоглоом булаалдаад байгуузай” хэмээн сануулсан байгаа юм. Унадаг дугуй харах нь бүү хэл ийм нэр анх удаагаа дуулав. Төсөөлөн бодвоос, яаж ч тавьсан уначихдаг нэгэн зүйл дугуй хэлбэртэй тоглоом бололтой.

Айл буугаад үзвэл, мордож аваад, жийгээд давхидаг хөөрхөн унаа ажээ. Миний үе тэнгийн Нямсүрэн гэдэг жаал нөхөрсөг, хөөрхөн ааштай хөвүүн байсан нь миний багын найз нарын нэг болох учиртай байсан ажгуу. Надаас болж хэрүүл гараагүй, бас би дорхон нь тэр дугуйг унаж сураад, хаа сайгүй жийдэг болсныг үзвээс найрсаг сайхан нөхөрлөлийн эх тэнд байжээ.

-Нөгөө наадам анх үзсэн асуудал юу болсон бэ, гэж үү? Одоо орлоо, бараг ярьж эхлэх гээд байна.

Манай хот айлын бараг үүдээр машин зам өнгөрөх. Хөндлөнгийн даваагаар даваад арагшаа Ар Цэцэрлэг, ерөнхий утгаараа Ширээгийн голын эх рүү ороод цаашлан Улиастай ч, Отгоны амралт ордог замаар Отгон сумын мод ачсан машин их явдаг байв.

Нямсүрэн бид хоёр түүгээр явдаг хэдэн машиныг нь нүдлээд тогтоочихсон, заримыг нь өөрийнхөөрөө нэрлэчихсэн. Манай зусч буй Жимээгийн амны жалгаар машинууд тонголзоод, олийсхийн гарч одох тул “Хонхос түмбэс” гэх. Тэнд хонхолзож байгаад машинаа унтраасан нэг жолоочид “тараг асгадаг” гэсэн цол хайрлав. Биднийг гүйгээд очтол хувинтай тараг нь юу ч үгүй асгарчихсан, “хайран юм” гээд кабинаа угаагаад байсан юм. Кабин хайран байсан уу, тараг хайран байсан уу, бүү мэд.

Тэр машинууд заримдаа манай гадаа зогсож цай уугаад явдаг байв. Зочноо цайлах нь монгол ёс, Отгоныхон бараг л нэг дорын улс учраас нэлээд нь танил, ядаж л зүс харсан улс байдаг бололтой. Сарлагийн сүүтэй, зөв болгосон сайхан цай бол алжаал тайлан, бие сэргээх гайхалтай үйлчилгээтэйг одооны хүмүүст тайлбарлахын тулд “хөдөө талд энд тэндгүй тааралдах, үнэгүй старбакс кофены газар” гэвэл их л ойлгомжтой буух байх.

Гэтэл нэг өдөр манайд цайлагсдын дунд нэг бор ногоон бүрх малгайтай, махлаг хүрэн бор хүн байв. Тэр хүний малгайг бодохоор л гуулин данх санаанд ороод байдаг боловч малгай, данх, гууль гурвын дунд ямар ч төсөөтэй зүйл байгаагүй юм. Эсвэл цилиндр хэлбэрээс нь болоод тэгсэн юм болов уу. Түүнийг харуут л манайхан хоорондоо нэг юм сэм шивнэлдээд явчихсаны дотор “Мөн үү, мөн мөн” гэсэн үгс сонсдоод өнгөрөв.

Тэр бол манай хамаатны Цэрэн ах байсан юм. Тэрээр Отгон сумын “Түүхий эдийн эрхлэгч” гэдэг албатай хүн аж. Малын гаралтай бүтээгдэхүүн хариуцсан алба юм даа. Миний анхны наадам энэ хүн манайд ирснээс үүдэлтэй гэж болно.

Эмээ маань нэгэнтээ “Манай зарим хамаатнууд Зүүнхангайд нэлээн байдаг” гэж ярьж байсан юм. Энэ нь Увс аймгийн Зүүнхангай сумыг хэлээгүй, харин манайх Шилүүстэйгээс зүүн хойшоо чигтэй Отгонтэнгэрийн өвөр, Буянт голын эх нутгийг ярьсан юмсанж. Энэ нутгийг Отгон сумын Хангайн бригад ч гэдэг байв. Үнэхээр тэнд Омоо өвгөн хэмээх лам дүрмийн буурал, бид “Гигаа” хэмээн авгайлах боловч жинхэнэ нэрийг нь огт мэдээгүй өнгөрсөн сайхан ааштай эмээ, түүний хөвүүд Доржпалам, Халтайхүү ах бас Очир панз гээд сүйхээтэй эр зэрэг манай төрлүүд түүгээр нутагладаг болохыг нэлээн хожуу мэдэж авсан юм. Энэ бүхэнтэй би Цэрэн ахаар дамжиж сүүлхэнд холбогдсон билээ.

ХОЁР. АЙЛД ХОНОСОН НААДАМЧИН

Хойтон нь манайх Хөндлөнгийн давааны ард, Ар нарийнд зуслаа. Намайг тусад орж, хонь сайн хариулж байгаа явдлыг сайшаан тэмдэглэж, Отгон суманд Цэрэн ахынд айлчин хийлгэх, наадам үзүүлэх юм болов. Ингээд давааны замаар байнга цувдаг машины замыг бараадан унаа хайв. Мод ачсан машин уул даваанд уухилан аахилан удаан явах тул машин айсуй чимээ их л холоос дуулдана. Дөхөөд ирэхийн алдад богцоо бариад гарахад болно.

Хамаатан садандаа миний барьж очих бэлэг гэвэл түүхий сүүний бяслаг, ганц нэг тогооны өрөм. Манай нутгийн түүхий сүүний бяслаг, сарлагийн өрөм бол брэнд юм шүү, гайхуулж байгаа ч юм биш.

Анх удаа гэрээсээ холдож, ганцаараа толгой даан, ах дүүгээ хэсэхээр хол одож байгаа маань энэ. Мод биш цөөн зорчигч, хэдэн хонь ачсан Борис гэдэг орос нэртэй жолооч таарав. Гурилын шуудайны ёроолд хийсэн тээшээ л их хямгадан тэвэрч явлаа.

Борис жолооч наадмын өмнө хонь, айраг цагаа цуглуулж явсан юмсанж. Замаараа Хужиртын голоор айл хэссээр нар жаргав, улмаар шөнө боллоо. Гэтэл “Бензин дуусчээ” гэсэн үг сонсдож, танихгүй айлд хонох боллоо. Тэр үеийн жолооч нар хянах самбараа хардаггүй байв уу, эсвэл түлшний хэмжүүр нь эвдэрсэн байсан уу, бүү мэд. Ямар ч байсан давхиж яваад “За бензин дууслаа” гээд хээр зогсдог жолооч зөндөө л байсан юм.

Ийнхүү хээр саатаж, ойролцоо байсан айлд хонох юм болоод явчихлаа. Анх удаа аян замын барцад садаа учирч байгаа нь энэ. Бас эр хүн болоод танихгүй айлд, гэр бүлээсээ хол хонож үзэж буй нь ч энэ. Нүдэнд дасаагүй, танил бус унь тооно дээр харагдаад эвгүй байсан ч нойрондоо дарагдаад нам унтжээ. Нэг мэдэхэд өглөө болчихсон, хүмүүс намайг сэрээж байлаа.

Машин дээрээ ирээд хамгийн түрүүн нандин тээшээ хайвал байх нь байж байв. Даанч тэвшин дээр хоносон хонины хөлд гишгэгдээд, бурхан минь юу ч үгүй талхлагдан үйрчээ. Өрөм бол “өнгөрсөн хорвоо” болжээ. Харин бяслаг нь “Хөөрхий, энэ хүүхэд уул нь бяслаг авч явсан нь үнэн юм шүү” гэхээр юм бол үлджээ, үлдэж. Анх удаа тээшээ сүйдлүүлж байгаа минь энэ. Харин анх удаагаа айлчилж байгаа хамаатнуудынхаа царайг яаж харна аа гэхээс ичиж байлаа.

ГУРАВ. ХӨТӨЧТЭЙ ЗОЧИН

Борис жолооч намайг Цэрэн ахынд, сүйтгэгдсэн тээштэй нь хамт биечлэн хүлээлгэж өгөв. Хонинд гишгүүлсэн бяслагаа яаж өгснөө санадаггүй юм. Ямар ч байсан өгсөн юмдаг.

Цэрэн ахынхан өнөр өтгөн айл ажээ. Хэнтэй нь уулзсан нүүр дүүрэн инээмсэглэл, найрсаг сэтгэл бялхсан нэгэн айлын босгыг анх алхсанаасаа хойш мөн л олон жил элээсэн дээ. Хамгийн том хүү нь Чулуунхүү ах, тэгээд Загарсүрэн эгч бусад нь миний ойр насны болоод дүүмэд хүүхдүүд. Гэрээрээ нэг ижил ааштай, сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүсийн царайг анх тэгж харж билээ. Намайг Даананжав гэж надаас ганц хоёр ах хөвүүн дааж аваад учиргүй халамжлан, сумын төвийг үзүүлж байв. Анх удаагаа сумын төв үзэж байгаа нь тэр.

Энийг сургууль, тэрийг эмнэлэг, харин энэ бол дэлгүүр гээд дагуулан орно. Анх удаагаа аяллын хөтөчтөй болж үзсэн маань тэр. Том шар хаалгатай, бараа таваараар “хахсан” дэлгүүр нь онцгой сэтгэгдэл төрүүлэв. Илүү гэртээ хэдэн шуудай гурил хурааж, орныхоо хөндийд ойр зуурын чихэр жимс чихсэн, сумын худалдааны агентаас хэтрээгүй миний үзсэн анхны супермаркет тэр байв. Чихэр жимс, еэвэнгийн үнэр лангуунд нь нэвт шингэснээс гадна, олон тавиураар дүүрэн хувин сав, хувцас гутал, тоглоом өржээ. Бурхан минь, энэ хорвоо ч мөн баян ажээ гэх маягийн юм бодогдов.

Даананжав ах тоглож байгаа хүүхдүүд рүү очтол нэг жаал олон нүхтэй төмөр барьчихсан гайхуулж харагдана. Одоо бодоход “газ-69” машины хянах самбарын араам байсан юм билээ.

Даананжав ах,

-Энэ хоёр нь нүд байна, энэ нь хамар байна гээд цоорхой нүхнүүдийг заав. Нөгөө жаал тоглоомыг нь магтсанд нүд нь сэргээд ирэв.

-Энэ тэгвэл ам нь байна гээд доод талын том нүхийг заав.

Урамшсан жаал,

-Нээрээ, тийм байна гэтэл Даананжав ах,

-Тэгээд. Чи л байгаа биз дээ гэчихээд зугтаалаа. Би ч дагаад ухасхийв. Нөгөө жаал уурсан, хойноос жаахан хөөж байгаад болив. Анх удаагаа бусдын дүйвээнд ч болов дүрсгүйтмэр аядаж байгаа минь ч энэ.

Дараа дараагийн жил намайг ирэхэд Даананжав ах ингэж үйлчилсэнгүй. Учрыг хожим дуулахнээ, “гэр орноосоо холдож үзээгүй, айлын жаахан хүүхэд гэрээ санаад уйлж магадгүй. Иймээс уйдах зав гаргалгүй юм үзүүлж, зугаацуул” гэсэн даалгавар авсан байгаа юм даа. Тэгээд тусгай даалгавар биелүүлж явсан хэрэг. Бас л анх удаагаа тусгай даалгавартай, дагуултай явж үзсэн нь тэр байж.

ДӨРӨВ. НААДАМ

Маргааш нь жинхэнэ наадам болов. Буянт голын хөвөөнд асар майхан алаглаад нүд эрээлжилнэ. Өнөө “Улаанбаатарын машины олныг яана аа, лав 100 хүрнэ ээ” гэдэг онигоо шиг тийм олон хүн цуглаад, газар тулдаа л дааж байхыг анх харав. Бөх, морийг бол таг мартжээ. Бөх барилдаж л байсан санагдана. Ер нь морь уралдсаныг мэдээгүй өнгөрсөн шиг байгаа юм.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Лхагвасүрэнгийн Хасар: Аав минь надад яруу найрагч хэмээх хэзээ ч татгалзаж болохгүй албан тушаал хайрласан

Оны шилдэг шүлэг тодруулах “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасартай уулзаж хөөрөлдлөө.


-Таны аавын багш, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн ерэн насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадамд оролцон Хутагтын хишигт найрагчаар тодорсонд баяр хүргэе!

-Ар халхын алт мөнгөн тамгат Ялгуусан хутагт Данзинванчүгийн хишигт найрагч гэсэн шагнал авлаа.

-Цаст их Очирваань хайрханы бэл, түүхт эртний Улиастай хотод очиход ямаршуухан санагдав?

-Ээжтэйгээ, хүү Хасуйтайгаа тэр их онгон дагшин сайхан нутаг оронд очоод ирлээ. Аавынхаа дурсгалыг хүндэтгэн, миний аавыг Монголын уран зохиолд хөтөлж оруулсан Бэгзийн Явуухулан гэдэг агуу их хүний ойд очно гэдэг миний хувьд маш сайхан хэрэг байлаа.

-Таны аав шинийн нэгэнд бурхан зүг одож, уран зохиолд хайртай болоод ер Монголын ард түмэнд гүн их харамсал авчирсан. Хүүгийн хувьд сэтгэл тань хэцүү байгаа гэдгийг гүнээ ойлгож байна. Гэлээ ч, Мишигийн Цэдэндорж гуай “Амьтай голтой мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм, үхсэн хатсан мөртлөө амьд юм шиг хүн байх юм” гэсэнчлэн Бавуугийн Лхагвасүрэн гуай бол мөнх амьтай найрагч юм даа?

-(Удтал дуугүй суув. Л.Б) Би аавыгаа амьд гэж боддог. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд амьд байгаа болохоор миний аав амьд байлгүй яахав. Хүмүүс үхэл гэдэг юмыг тэр чигээрээ үгүй болох, алга болох гэж ойлгодог. Гэхдээ, үхэл гэдэг хүний сэтгэл зүрхэнд илүү ойрхон орших гэж оддог, лагшинг гээдэг шалтгааныг хэлдэг юм бол уу гэж би боддог.

-Аавтай тань хэдэнтээ хөөрөлдөх хувь тохиосны хувьд өв бүтээл болоод үр хүүхдүүдээ үлдээсэн хувь заяандаа харамсах зүйлгүй, эцэг хүний бардам сэтгэлтэй буцсан бол уу гэж боддог юм?

-Хүнийг өнгөрсний дараа хүмүүс их сонин болдог шиг байгаа юм. Миний аав хэдэн сая хүн дотор нэг төрөх гоц авьяастай аугаа хүн байж дээ. Тэр хүнийг орлоно, тэр хүний орон зайд байна гэж байдаггүй. Зүгээр, хүү нь болж төрсний хувьд би тэр хүнийг үргэлжлүүлэх ёстой гэж боддог юм. Эцгийн минь тэр орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Би өөрийнхөө сэтгэлийг дэвсээд, өөрийнхөө бүх арьсыг дэвсээд хэвтсэн ч тэр орон зайг нөхөж чадахгүй том орон зай байсан.


-Аавтай чинь ноднин өдийд хөөрөлдөж суухад яруу найргийн “Морин зэрэглээ” гэдэг ном гаргах санаатай гэж байсан. Тэр ном нь аль хэр цэгцрээ бол?

-Аав минь их өөдрөг байсаан. Монголын ард түмний хайртай хүү өөрийгөө эдгэнэ, сайн сайхан зүйл бүтээнэ гэж бодож байсан боловч яалт ч үгүй бие тэнхээ нь дийлэхгүй, арга буюу өөрөө цөхөрч байсан. Ухаан нь эрүүл мөртлөө юмаа бичиж чадахгүй байсандаа өөрөө их харамсаж байсан.

-Тав зургаан хуудас юм бичихээр л ядраад байх юм гэж байсан шүү, хөөрхий?

-Энэ л сэтгэл зүйд нь маш их дарамттай байсан. Бичиж чадахгүйдээ халаглаад сууж байсан тэр цаг хугацаа бол хамгийн аймаар цаг хугацаа байсан.

-Насаараа хийгээд ирсэн сайн сайхан хөдөлмөрөө биеийн байдлаас болоод хийж чадахгүй байна гэдэг мөн ч хэцүү байсан байх даа?

-Үнэхээр үзгээ даахгүй болсон байсан юм чинь дээ. (Санаа алдав. Л.Б) Тэгэхэд л би аавыгаа хамгийн аймаар цаг хугацааг туулж байгааг нүдээрээ харж суух надад халширмаар байсан шүү. Аавынхаа “Морин зэрэглээ” гэдэг томоохон номыг нь хэвлүүлэхээр бэлдэж байна. Өөрөө гучин хувийг нь бараг бэлдсэн. Тэмдэглэлийн дэвтрүүдээс нь түүхий түүхий шүлгүүдийг нь оруулж байгаа болохоор ажиллагаа ихтэй, суух шаардлагатай байна. Судалгааны эргэлтэд оруулах, Монголын уран зохиолд нэмэр болох үүднээс бодож хийнэ гэдэг бас их хүнд юм. Тиймээс цаг хугацаа их орж байна. Тэрнээс ямар нэгэн байдлаар, зөвхөн өөрийнх нь тэмдэглэлээр шууд хэвлэсэн бол бэв бэлэн байлаа. Шинэ залуу яруу найрагчдад, мэргэжлийн яруу найраг гэдэг юманд их хувь нэмэр болох талаас нь бодож бүтээлийг хийнэ гэдэг нэлээд явдалтай, ярвигтай ажил байна. Энэ номыг яаралтай гаргах нь хүү миний үүрэг. Гэхдээ, өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр дээр байсан бүхнийг бүтэн боловсруулна гэдэг бэрх ажил юм байна. Өөрийнх нь лаборатори гэдэг маш чухал юм шүү дээ. Нэг үгэн дээр гэхэд зургаан төрлийн вариантаар бодож, ажиллаж байсан хувилбаруудыг бүгдийг тусгана гэдэг маш хүнд.

-Ганц оновчтой үг тавьчих гээд тархиа ёстой нэг “гашилгадаг” бясалгадаг найрагч байжээ?

-Тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдлаар нь далаад хувьд нь хүрч ажиллана гэдэг хүнд л юм. Аав минь өөрөө номоо хийсэн бол ямар чамбай байх вэ, яаж ханддаг билээ, ямар сэтгэлээр ханддаг вэ гэдэг чинь их нарийн зүйл л дээ. Яруу найраг гэдэг чинь өөрөө мэргэжлийн урлаг. Маш хүнд.

-Аав маань энэ үгийг л сонгочих байсан бол уу гэсэн үгийг сонгож авч байна уу?

-Ер нь бол барагцаагаар тийм. Судлал шинжлэлийн эргэлтэд оруулах талаасаа бодох юм бол их түвэгтэй л байна л даа. Их хүний бүтээлийг чанаргүй болгочихвол аймаар асуудал шүү дээ.

-Өө, тэгвэл ч ёстой нэг амьдын хар нүгэл гээч болох байх шүү…

-Тэрнээс би их айж байна. Яагаад гэвэл Монголын ард түмний оюуны цангааг тайлах их бүтээлийг би хорломооргүй байгаа байхгүй юу. Тэр бол надад хамгийн хүнд ачаа.

-Аав тань танд маш их хайртай байсан. “Хасар маань хэдэн ч удаа хагалгаанд орлоо” гэж цаанаа л нэг зовнингуй ярьж суусан нь нүдэнд харагдаж байна. Та одоо бие ямаршуухан байна. Хаана, юу хийж байна?

Яруу найрагч Л.Ганзул, А.Эрдэнэ-Очир, Л.Хасар нар. 2018 он

-Миний хувьд гэвэл аав минь надад хэзээ ч татгалзаж болохгүй агуу их албан тушаал өгсөн юм. Тэр бол яруу найрагч гэдэг албан тушаал. Энэ яруу найрагч гэдэг албан тушаал, яруу найргийн төлөө амьдрах миний хувь заяа байж. Тэгээд энэ их хүний сүрэн дор би яруу найргийн буулган дор зүтгэнэ гэдэг маш хүнд ачаа. Өнөөдөр би аавынхаа бүх нооргийг янзлаад суусан ч насаараа янзлаад барахааргүй их юмны дэргэд сууж байгаа. Тиймээс ойрын үед аавынхаа номыг гаргах, ноорог эхийг нь янзлах тийм ажилтай л их сууж байна даа.

-Өөрөө 2003 онд “Зүг чиггүй гурвалжин” номоо гаргасан. Удаах номоо хэзээ гаргах вэ?

-Ганц хоёр шүлгийн ном, эсээний ном гаргана гэсэн бодолтой л байгаа.

-Ханиа алдахаас хэцүү зовлон хорвоод байхгүй. Баасан эгчийн бие лагшин ямаршуухан байна?

-Миний эжий бол бүхий л насаараа аавын минь дэргэд яруу найргаар амьдарсан хүн шүү дээ. Миний эжий ханьтайгаа учирснаас хойш тавин зургаан жилийн дараа ханиасаа бүртийгээд үлдэж дээ. Ийм их хугацаанд хамт амьдарсан ханиасаа хагацаад үлдэнэ гэдэг хэцүү. Миний эжийд нэг сайхан юм байдаг. Миний аавын миний эжийд зориулж бичсэн шүлгүүд миний эжийг өнөөдөр амьд байлгадаг. Энэ их аз жаргал юм даа.

-Лхагвасүрэн ах айлын ганц хүү. Тэр хүнийг өнөр болгож өргөн дэлхийн энгээр хайрлана гэдэг ээжийн тань гайхамшиг л юм даа?

-Миний эжий арван гурав төрсөн байдаг юм. Тэгээд алдсан. Дөрөв таван үрээ алдаад, найман хүүхэд үлдсэн. Миний аавыг найм болтол үржүүлсэн ээжийгээ би хамгаас их хайрладаг.

-Баасан эгч “Хасар надтай хамгийн их адилхан” гэж бахархдаг юм билээ шүү?

-Харин тийм. Царайны хувьд их адилхан. Аав минь хүртэл “Чи өөртэйгөө хамгийн адилхан хүнээ загнах юм” гэж ээжид хэлдэг байсан. (Баяртайгаар инээв. Л.Б)

-Яруу найргийн ертөнцөд сайхан андалж нөхөрлөж явсан найз нөхдийнхөө тухай дурсаач!

-Түрүү жил миний хувьд бол хамгийн хүнд жил байлаа. Миний хамгийн хайртай анд Лхамсүрэнжавын Ганзул, хайртай ах Арлааны Эрдэнэ-Очир… Агуу их ертөнцийн жамын өмнө сөгдсөн өдрүүд байсан. Би тэрэнд харамсдаг. Хэрвээ тэр залуус байсан бол Монголын уран зохиолд маш их юм хийх байсан гэж би одоо харамсаж суудаг.

-Ганзул та хоёр ч оюутан байхаасаа л ишигний эвэр шиг ижилдэж явсан даа?

-Бид хоёр чинь хүүхэд байхаасаа л нийлж нөхөрлөсөн. Нэгнээ нөмөрлөсөн. Хоёулаа хөтлөлцөөд гүйдэг байсан. Хүмүүс миний бичсэн шүлгийг мэдэж болно. Зул бид хоёрын хөтлөлцөөд нөхөрлөж явсан цаг хугацааг бол хэн ч тооцоолж чадахгүй.

-А.Эрдэнэ-Очир та нар ч их ойрхон байсан байх шүү?

-“Цог” сэтгүүлд нэг хамт олон болж хэдэн жил сайхан ажиллаж явсаан. Тэр цаг хугацаа миний амьдралд хамгийн гэгээн цаг хугацаа байсан байх. Аав минь “Цаад Арлааны Эрдэнэ-Очир чинь шүдээ урдаа овоолчихоод явж байна уу” гэдэг байсан юм. Шүдээ урдаа овоолчихсон ахтайгаа, хоёулаа байхуу цай бариад хүн шоолоод явдаг байлаа даа. Би тэгэхдээ ганцхан юмыг одоо болтол ойлгодоггүй юм. Эрдэнэ-Очирын хүнийг шоолохдоо хүртэл хайрлаж чаддаг тэр хайрыг би ойлгож чаддаггүй юм. Энэ яруу найрагчийн мөн чанар юм бол уу гэж түүгээр нь би одоо бахархдаг. Ямар зөөлхөн, ямар ухаалаг хүн байсан билээ. Тэрийг нь бодохоор харамсаад баршгүй байдаг юм.

-Аав чинь гарын таван хуруу шиг сайхан нөхөдтэй хүн дээ?

-Жагдалын Лхагваа ах, Д.Урианхай ах, Л.Дашням, Дармын Батбаяр ах, аав эд нар гарын таван хуруу шиг явсан найзууд аа. Монголын уран зохиолыг үүрсэн цаг хугацаа нь тэр. Монголын уран зохиолыг хамгийн өндөрт өргөж явсан хүмүүс бол энэ тав шүү дээ. Эд бол үнэхээр гавьяатай хүмүүс, яагаад гэвэл кирилл үсгээр бичигдсэн Монголын уран зохиолыг шинэ төвшинд гаргасан гэж би бардам хэлж чадна.

-Аав чинь өөрт чинь олон шүлэг зориулсан уу?

-Би айлын долоо дахь хүүхэд юм. Аав ээж хоёр минь намайг айлын отчиган болно гэж бодож. Эжийг Герман руу хоёр, гурван сараар сургалтад явах хойгуур би хатгаа тусаад тэгээд намайг их эрхлүүлсэн юм гэнэ лээ. Аав маань надад зориулж “Уянгын тойрог” шүлгээ бичээд, анхны номоо ч энэ шүлгээрээ нэрлээд “Хүү минь яруу найрагч болоосой доо” гэж хүсч байсан байдаг юм. Гэтэл муу хүү нь олигтой яруу найрагч болж чадсангүй дээ. Тэрэндээ л би их харамсдаг юм. “Сайн яруу найрагч болж аавынхаа ачийг нэг хариулах юм сан” гэж би өдөр болгон бодож явдаг юм.

-Өөрийг чинь сайн яруу найрагч гэх уншигчид олон бий. “Болор цом”-ын тэргүүн шүлэгч боллоо. Ер нь аавынхаа ачийг хариулах хэмжээний нэртэй, мөртэй яваа юм биш үү?

-“Болор цом” бол яруу найргийн хэмжүүр биш шүү дээ. Яруу найраг гэдэг бол хүний сэтгэл зүрхэнд орших, хүний сэтгэлд хамгийн ойрхон юмыг яруу найраг гэдэг байх. Хүн шиг хүн байж чадахгүй бол яруу найрагч гэгдэх эрхгүй. Хүн чанар гэдэг л явж явж хамгийн гайхамшигтай бүтээл юм даа. Монголчууд бид цөөхүүлхнээ шүү дээ. Нэгнийгээ хайрлахгүй юм бол энэ ертөнц юу юм бэ гэдгийг л би олж харсан.

-Таны ойрын үеийн бодол мөрөөдөл юу байна?

-Аавынхаа бүтээлүүдийг бүрэн ботилох юм сан гэсэн бодол бий. Дор хаяж арван хэдэн боть болох төсөл хэрэгжих байх.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 27-нд болох үйл явдлууд

8.30 цагт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такeши Касай, Эрүүл мэндийн Сайд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллана. Утас: 99179899, 86885060

9.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно.

9.30 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж буй сургалт Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.

9.30 цагт Монголын Үндэсний музейд “Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэнг нээнэ.

11.00 цагт Монголын Үндэсний музейд Хятаны соёл, түүх археологийн дурсгалын талаар Өвөр Монголын музейн захирал доктор, профессор Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шин нар лекц уншина.

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” номыг танилцуулна. Үйл ажиллагаанд АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, яамдын ТНБД, агентлагийн дарга нар оролцоно.

11.00 цагт Cпортын төв ордонд Монголын Пара жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Цагаанбаатар болон удирдах зөвлөлийн гишүүд дэд, Ерөнхийлөгч нар Дэлхийн хараагүйчүүдийн тоглолтод оролцох баг тамирчдыг үдэн гаргаж өгөх ёслол болно.

14.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна. Утас:99779310

14.00 цагт Blue Sky зочид буудлын “Diamond” танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцоно. Холбоо барих: 91915340, 99931551

14.00 цагт ШУА-ийн их чуулганы хурлын танхимд Академичдын өргөтгөсөн зөвлөгөөн болно. Утас 98119897

14.30 цагт ГХЯ-нд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан болно.

Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагт Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Морин Хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нарын хамтын бүтээл “Legend” энтертайнмент шоу тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

Categories
мэдээ цаг-үе

Боловсролын салбарт 56 жил зүтгэсэн математикийн багш Норов

Энэ удаагийн багш нүүртээ Говь-Алтай аймгийн боловсролын салбарыг 28 жил удирдсан МУБИС-ийн Хүндэт профессор, Математикийн багш Самдангийн Норовыг онцолж байна. Тэрбээр 1939 онд Говь-Алтай аймгийн Дарив сумын нутагт төржээ. 1962 онд Монгол Улсын Багшийн Дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр дүүргэсэн юм. С.Норов Монгол Улсын боловсролын салбарт 1962 оноос нийт 56 жил ажиллажээ. Энэ хугацаандаа боловсролын байгууллагыг хөгжүүлэх, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх, залуу боловсон хүчнийг сургасаар иржээ. Тэрээр Говь-Алтай аймагт Гэгээрлийн хэлтсийн байцаагчаар долоон жил, Ардын боловсролын хэлтсийн даргаар 21 жил, математикийн багшаар зургаан жил, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуулийн математикийн багшаар 22 жил ажилласан байна.

Түүний найз Анагаах ухааны доктор, дэд профессор Р.Бямбаа ярихдаа “С.Норов багш 1962-1970 оны хооронд гэгээрлийн хэлтсийн байцаагчаар ажиллаж байх үед миний бие арван жилийн сурагч байжээ. 1968 онд би аравдугаар ангиа дүүргэж, дээд сургуульд явах хүртлээ С.Норов багшаар хичээл заалгаж явсангүй. 1975 онд би сумаас ирээд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын албыг хашиж, долоо хоногт нэг удаа болдог төвийн албан газрын дарга нарын яриан дээр аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга С.Норов гэдэг хүнтэй анх уулзаж, танилцсан. Тэр цагаас хойш 40 гаруй жил бид нөхөрлөжээ. Аймгийн ардын боловсрол, эрүүлийг хамгаалах хоёр салбар аймагтаа тэргүүлдэг ч асуудал дагуулдаг нь хэцүү дээ. Хэцүү гээд яахав болохгүй бүхнийг болгох гэж явсаар нэг мэдэхэд Алтайдаа С.Норов Ардын боловсролын хэлтсийн даргаар 21, миний бие Эрүүлийг хамгаалах газрын даргаар 15 жил тасралтгүй ажиллаж, буг бурхнаа мэдэхгүй л явлаа. Боловсрол, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой юм болохоор нэгэн үзүүрт сэтгэлээр бид олон жил хамт явлаа. Бид бие биеэсээ суралцах, ярилцах, маргалдах, тохирох гээд олон зүйл дээр санал нэгдэх, нэгдэхгүй үе зөндөө л байсан биз ээ. Эцэстээ би С.Норов даргаас их “будаа идсэн” хүн дээ” хэмээв.

С.Норов улсын хэмжээнд ажлаараа сүүлээсээ гуравдугаар байранд явсан Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн ажлыг хүлээн авч, идэвх зүтгэл, бүтээлч ажиллагаа, шургуу хөдөлмөрөөрөө улсын тэргүүний байгууллага болтол хөгжүүлсэн гэдэг. Энэхүү амжилтаа арав гаруй жил батлан ажилласан байдаг. Тэрбээр боловсролыг хөгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, хамран сургах хүрээг өргөтгөх талаар томоохон ажлуудыг удаа дараа хийж, гүйцэтгэсэн байна. МУБИС-ийн багшийн сургуульд ажиллах хугацаандаа математикийн танхим, сургалтын хоёр кабинетийг шинээр байгуулж, иж бүрэн тохижуулснаас нэг анги нь Багшийн сургуулиас зарласан уралдаанд нэгдүгээр байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байсан түүхтэй. Сургалтын аргыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх технологийг өөрчлөн сургалтын аргыг шинэчилсэн. Хичээл зааж байсан оюутнуудын дотроос дөрвөн удаа, дөрвөн бүлгийн оюутнууд хамт олноороо “С.Норов багшаар хичээл заалгая” гэсэн оюутан бүрийн гарын үсэгтэй өргөдлийг сургалтын албанд ирүүлж байсныг сургуулийн зүгээс хэрэгжүүлэн ажиллажээ. Түүний шавь Шинжлэх ухааны гавьяат ажилтан А.Цанжид дурсахдаа “Гаталж чадахгүй байгаа голын өргөнийг, оройд нь хүрч чадахгүй байгаа модны өндрийг олох гээд хүүхдүүдийн ухааныг гижигдсэн хэн хүний сэтгэлд хоногшсон аугаа бодлогууд түүний сан хөмрөгт нь олон бий. Жишээлбэл, ганцхан өгүүлбэртэй атлаа 18 үйлдлээр хариу нь гардаг бодлого ч байна. Сорьж шалгадаг софизмын бодлогоор хүүхдүүдээ сорих, бодлогыг олон аргаар бодуулах зэрэг энгийн юм шиг мөртлөө эгэлгүй арвин туршлагатай багш хүн. Багш минь 8206 бодлогыг сонгон бодож түүндээ судалгаа хийж, “Эвийтэй хөөрхийс миний муусайн хүүхдүүд минь” гэсэн сэтгэлийн өргөлтэй, уншиж бодож ухаарсныхаа охь дээжийг шавь нартаа өглөг болгон түгээсэн. Багш минь буянтай хүн юм” хэмээн ярив.

С.Норов нь боловсролын хэлтсийн даргын үүрэгт ажлыг тасралтгүй 21 жил хашсан нь Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарын түүхэнд энэхүү албыг хамгийн олон жил гүйцэтгэсэн хоёр хүний нэг болжээ. Энэ хугацаанд багш, шавь нарынх нь дотроос Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан, Монгол Улсын Гавьяат багш 41, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан 200 гаруй төрөн гарсан байдаг. Түүний удирдсан боловсролын байгууллага салбарынхаа хэмжээнд улсад 12 жил дараалан эхний байруудад шалгарч Засгийн Газрын “Хүндэт жуух” бичгээр удаа дараа шагнуулж байжээ.

Түүнтэй мөр зэрэгцэн аймгийн Боловсролын хэлтэст ажиллаж явсан Д.Бааст дурсахдаа “1963 оны аравдугаар сарын 20-нд С.Норов Гэгээрлийн хэлтсийн байцаагчаар томилогдон ирэв. Энэ үед гэгээрлийн хэлтэст бага ангийн багш мэргэжилтэй нэг байцаагч, дунд боловсролтой хоёр нягтлан бодогчтой байлаа. Тэнд бас Энхийн Норов гэдэг байцаагч хамт ажилладаг байсан юм. Гаднаас хүн залгаад Норовтой ярья гэхээр нь аль Норов гэнэ. “Хар” Норов гэж харилцуурын цаанаас хэлнэ. Хоёулаа л “хар” шүү дээ гэхээр утсаар ярьж байгаа хүн хүнд байдалд орно. Бид бөөн инээдэм болно” гэж хуучлав.

С.Норов матемакикийн багш болсон түүхээ хуучлахдаа “Математикийн мэргэжлийг төдий л сонирхдоггүй байлаа. Тохиолоор математикийн багшийн мэргэжил эзэмших болсон тул хичээлтэйгээ холбоотой ном их цуглуулан судалдаг байв. Манай сургуулийн захирлаар Т.Балдан ажиллана. Д.Гомбосүрэн, Б.Батжаргал, У.Доёд, Г.Додон, Г.Бямбаа, Га.Дагва, Ц.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат багш М.Насанбуян зэрэг алдартай багш нараар хичээл заалгаж байлаа. Анх багш нар яриад л байдаг. Түүнийг нь бичиж гүйцэхгүй их будилна. Багш нарын хэлсэн болгоныг алгасахгүй бичиж авахыг хичээв ч гүйцэхгүй. Нэг сар оролдсоны дараа багш нарын ярьсан зүйлээс гол санааг нь тэмдэглэж авч сурсан. Нэгдүгээр курст ороход оюутны байранд орох тоо гүйцсэн тул айлд байрлав. Математикийн шинжлэх ухааны доктор Б.Батжаргал багш манай ангид дээд тоо заана. Багш зохиосон номынхоо эхийг надаар хуулуулдаг байлаа. Шагналд нь надад кино үз гээд мөнгө өгнө. Түүгээр нь би голдуу ном л авдаг байсан. Улирал тутам багш бие даалт өгч ажиллуулаад үнэлгээ өгнө. Би дээд математикийн бодлого бодох сэдэв авдаг байлаа. Аналитик геометрийн хичээлийг Монгол Улсын гавьяат профессор У.Доёд багш орно. Хичээлээ их ойлгомжтой заадаг байсан шүү. Самбарт маш цэвэрхэн гоё бичнэ. Самбарын зайг бүрэн цэгцтэй ашиглана. Ном дэвтэр, бичиг цаас, томьёоны гаргалгаа, бодлогын бодолт гээд юу ч харахгүй самбарт цээжээр ямар ч түгдрэлгүй, эндүүрэлгүй бичиж тайлбарладаг нь одоо ч нүдэнд харагддаг юм. Яг л У.Доёд багш шиг болно гэж хүсч, тэмүүлж ирсэн. Эдгээр эрдэмт багш нараар хичээл заалгаж байсан болохоор ачит багш нарынхаа өндөр боловсрол, ур чадвар, заах арга барилыг шавь нартаа үлдээхийг зорьдог юм даа” хэмээн ярив.

С.Норов боловсролын байгууллагад нэгэн насны амьдралаа зориулж, 56 жил энэ салбарт ажилласан тул 1970 онд “Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 1975 онд Засгийн газрын “Хүндэт жуух”, 1986 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1990 онд “Алтан гадас одон”, 2001 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнуулж байв. Тэрээр 2007 онд БСШУЯ-ны “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдэн, МУБИС-ийн “Хүндэт профессор” цолыг хүртсэн ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэрэндаш: Монгол зохион бүтээгчдийн ур чадвар хаана ч гологдохгүй

Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ц.Цэрэндаштай ярилцлаа.

-Монголын зохион бүтээгчдийн ур чадвар хэр вэ?

-Ер нь монголчууд их авьяаслаг. Толгой сайн ажилладаг. Монгол зохион бүтээгчдийн ур чадвар хаана ч гологдохгүй. Ур чадвар нь мэдээж хийсэн бүтээснээрээ илэрнэ шүү дээ. Яг хийе, бүтээе гээд тэр нь урамшуулал сайтай дэмжлэг аваад хөрөнгө оруулалт хийе гэвэл юуг ч хийгээд бүтээгээд гаргаад ирэх боломжтой, чадвартай.

-Дэлхийд хиймэл оюун ухаан хийгээд гаргаад ирлээ. Монголын зохион бүтээгч нар үүнийг хийж чадах түвшинд хүрсэн үү?

-Зохион бүтээгч гэдгийг дотор нь ангилж ойлгох нь зүйтэй. Оюуны өмчийн бүтээлийг зохиогчийн эрх, патент гэх мэтээр ангилдаг. Хиймэл оюун ухаан гэдэг нь компьютер дээр ажиллаж байгаа программ технологийн асуудал юм. Энэ нь оюуны өмчийн бүтээлдээ орно. Техник технологи, механикийн тал нь шинэ бүтээл оновчтой санаа нь патентад орно. Зохиогчийн эрхэд дуу, хөгжим, ном сонин гээд бас орно. Эдгээр нь бас л оюуны өмч. Хиймэл оюун ухаан хийх чиглэлд манайхан сайн явж байгаа. Өнөөдөр манай зохион бүтээгчид АНУ, Япон зэрэг улсуудтай хамтарсан компани бий. Японтой хамтраад хиймэл оюун ухааныг ашиглаад дүн шинжилгээний компани байгуулчихсан ажиллаж байна. Жишээ нь, тэр хиймэл оюун ухааны компани юу хийж байна гэхээр ажилгүйдлийг бууруулахын тулд яаж ажиллах ёстойг хиймэл оюун ухаанаар шийдүүлж болно. Эрүүл мэндийн салбарт аваад үзэхэд 20 гаруй жилийн өмнө би хорт хавдрыг урьдчилан оношлох программ хийж байсан. Уушгины хорт хавдар гэхэд ханиад их хүрч байсан, хатгаа авч байсан. Тамхи татдаг, сүрьеэ туссан гээд хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг. Урьдчилсан нөхцөлүүд гүйгээд байдаг. Эдгээр нөхцөлүүдийг нөгөө программ цааш нь сэтгээд уушгины хорт хавдар нэгэнт тусчихсан хүн цаашид өөр ямар хавдар тусах магадлалтай гэдгийг өөрөө сэтгээд гаргаад ирдэг. Үүнийг хиймэл оюун ухаан гээд байгаа юм.

-Монголын зах зээлд нэвтэрсэн бодит бүтээлүүд юу байна?

-Зохион бүтээнэ гэдэг нэг асуудал. Байгаа юмыг сайжруулна гэдэг бас нэг асуудал. Зохиогчийн нөгөө тал нь үйлдвэрлэл чиглэлдээ шинэ бүтээл оновчтой санаа, эсвэл ашигтай загвар гэх мэтээр патентлагдаад явдаг. Шинэ бүтээл гэдэг нь зохион бүтээчихсэн зүйл дээр байгаа санааг сайжруулж болно. Эсвэл цоо шинээр хийж болно. Эсвэл Монголд хэрэглэгдээгүй гадаадад зөндөө хийчихсэн зүйлийг Монголын нөхцөлд тохируулаад нэвтрүүлж болно. Монголд энэ нь инноваци гэдэг ерөнхий ухагдахуунаар яваад байна л даа. Жишээ нь, монголд цахилгаан автобус хийгээд байна. Энгийн дизель, бензинээр явдаг автобусыг бодвол цахилгаан нь шинэ бүтээл болоод гарч ирж байгаа юм. Хорт утаа үүсгэхгүй. Байгаль орчноо бохирдуулахгүй. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй гээд хэрэглэгчдэдээ ээлтэй маш олон шинэлэг талууд бий. Үүгээрээ шинэ бүтээл болоод явж байгаа юм. Өнөөдөр бид үүнийг нэвтрүүлчихсэн. 2-3 компани хийгээд угсраад явж байна.

-Монголчуудын бүтээсэн утааг бууруулах зуухны танилцуулах өдөрлөг болж байсан. Утааг яг хэдэн хувиар бууруулах вэ. Туркээс оруулж ирсэн зуухнаас хэр сайн байсан бэ?

-Утааг багасгах маш олон арга бий. Шаталт гарч байгаа бол утаа гарч байна. Утаагүй болно гэдэг нь бүрэн шатсаны дараа л утаагүй болох процесс. Галлана гэдэг нь ямар нэг хэмжээгээр дулааныг л гаргаж авах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр шатдаг зуухыг орлуулж болох олон арга байна. Дулаан үүсгэх төрөөхөмж байна. Шалны халаалт байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн нэг сайн зүйл нь сайн чанарын нүүрсээ рекет болгоод түүнийгээ Улаанбаатарын бүх галлагаатай зууханд түлш болгон өгөх гэж байна. Энэ нь огт утаагүй гэвэл үгүй. Утаатай. Гэхдээ утааг 70-80 хувиар багасгана. Гарч буй утаан доторх хүний амьсгалаар орж буй ПМ10, ПМ25 гээд утаан дотор агуулагдаж байдаг тоосонцруудыг багасгасан. Хүхэр, азот гэх мэт утаанд агуулагдах бодисууд байна. Тэр нь маш бага. Үүнд манай Зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо идэвхтэй оролцоод бий болгож буй тоног төхөөрөмж технологи дээр нь хамтарч ажиллаад үр дүнд хүрч л байна. Энэ бас нэг шинэ бүтээл.

-Хийсэн бүтээлүүдээ яаж борлуулдаг вэ. Төсөл хөтөлбөрүүдийнхээ санхүүжилтийг хаанаас авах уу?

-Аливаа шинэ бүтээлийг гаргах, шинжлэх ухааны судалгаа, туршилт хийхэд Монголын нөхцөлд хэцүү болоод байна. БСШУСЯ-ны дэргэд Шинжлэх ухааны технологийн сан гэж байгууллага байдаг. Хуучин бол Инновацийн сан гэж байсан. Аливаа улс орны хөгжил дэвшил шинжлэх ухаан, инновацийн ололт, шинэ санаа, зохион бүтээх зэргийг өөрийн улс ардын бүх аж ахуйн салбарт нэвтрүүлж чадаж байгаа эсэх, үндэсний үйлдвэрлэлдээ шинжлэх ухааны ололт, инновацийг хэр нэвтрүүлж чадаж байна гэдгээс шууд хамаардаг. Үсрэнгүй хөгжилтэй орнуудыг харахад улс ардын аж ахуйн бүх салбартаа шинжлэх ухаанч технологийн бүх шинэ санааг нэвтрүүлж чадсан байдаг. Манай улс энэ салбарт хөрөнгө төсөв маш бага гаргадаг. БСШУСЯ-ны харьяа энэ сан хоёр хувь хүрэхтэй үгүйтэй төсвийг л баталж өгдөг. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5-10 хувийг гаргадаг.

-Заавал төр засгийн гарыг харалгүй өөрсдийн бүтээсэн бүтээлээ рекламдаж, зарж борлуулаад төсөв хөрөнгөө өөрсдөө олох боломж байдаг уу?

-Маш бага. Аливаа шинэ бүтээлийг хийж, туршихад маш их хөрөнгө санхүү, цаг зав, оюун ухаан зэрэг зүйлээ зориулдаг. Томоохон өөрийн хөрөнгөтэй компаниуд, улсын үйлдвэрүүд хажуудаа инновацийн төв гэж жижиг газруудыг байгуулж байна. Энэ нь эдийн засгийнхаа хувьд бэхэжжихсэн компаниудын хувьд зайлшгүй хажуудаа судалгаа шинжилгээний төвтэй болох шаардлагын үндсэн дээр байгуулж байгаа. Тийм төвтэй байна гэдэг нь өөрсдийн үйл ажиллагааны чигэлэлээр шинжлэх ухаан, технологийн судалгаа явуулаад шинэ бүтээл оновчтой санааг нэвтрүүлж байдаг, ажлын байр нэмэгдүүлдэг, хөгжих үндэс. Тийм юмгүй хувь хүмүүс зохион бүтээгч нарт бол хүндрэлтэй. Зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Үндэсний аж үйлдвэрлэлийн төв, Инновацийн газар нийлээд тал талаас нь хэлж ярьж байж Тендерийн хууль 2019 он гараад батлагдлаа. Зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийнд оюуны эрх нь баталгаажсан бүтээгдэхүүнийг тендергүй хэрэгжүүлж, улсын хөрөнгөөр худалдан авна гэж заах ёстой байсан. Гэвч яг ч ингэж тусгаж өгөөгүй.

-Зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо техник технологи, ажлын багаж хэрэгслийн хувьд хэр байдаг вэ?

-Саяны хэрүүл болоод байгаа хашаан дээр аваад үзэхэд манай ямар ч компани үүнийг гарын үзүүрээр хийчихнэ. 700 сая төгрөгийн тендерийг манай нэг компани авсан бол магадгүй 50 юмуу, 80 сая төгрөгийн ашигтай ажиллалаа гэж бодъё. Гэтэл худалдаж авч байгаа нь 3-4 нугалчихаж байна. 300 саяын хашааг халааслаад явчихаж байна. Манай үндэсний үйлдвэрлэгч үүнийг хэрвээ авсан бол өөрсдийн тоног төхөөрөмжөө сайжруулаад, дахиад цааш хөгжих дэвших алхам нь нэг шатаар урагшилж болох байсан. Хэн бүхэн л байгаа зүйлээ улам сайжруулъя, боловсронгуй болгоё, хөгжье дэвшье гэж зорьдог. Энэ салбарт оюун ухаанаас гадна мөнгө хэрэгтэй. Манай холбоонд шаардлагатай тоног төхөөрөмж их хэрэгтэй байна. Хоцрогдсон хэдэн багаж, технологитой. Түүгээрээ л бор зүрхээрээ хийгээд бүтээгээд болж байхад тендер нэрээр гаднаас үнэтэй зүйл оруулж ирээд энэ мэт долоо хонохгүй эвдрэх асуудал өчнөөн гарч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Анхны наадам” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Анхны наадам” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрээс “Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрсэн зам – бодит түүх – (1990/04/05-04/07-ны өдрийн тэмдэглэл)”-ийг уншаарай.

“Улс төр” нүүрт “Хууль сахиулагчид иргэдийнхээ эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хамгаалж чадахгүй байна гэв” хэмээн өгүүлжээ.

“Сангийн сайд асан Э.Бямбажав: “Оюу толгой”-н гүний уурхайг барьсны дараа гэрээний асуудлыг ярих хэрэгтэй” “хэмээн ярьсан байна.

“АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн: Салбар хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарвал Үндсэн хуулийн төсөл хөгжил, дэвшлийг авчирна” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Улс төр” нүүрт “Дархан- Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Баасанжаргал: Дотоод аудитын тухай хуулийг зайлшгүй батлуулж, мөрдөх хэрэгтэй байна” гэж ярьжээ.

“Нийслэлийн түргэн тусламжийн авто баазын ерөнхий инженер З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Боловсрол” нүүрт “Боловсролын үнэл­ гээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор аймаг, дүүргийг эрэмбэлэх боломжгүй” хэмээн ярьжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт “М.Помпео: Дэлхийн терроризмыг гол ивээн тэтгэгч нь Иран” хэмээн ярьжээ.

“АНУ-ын Нью- Йоркийн их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал Ричард Вогел: Банкийг дампуурахаас урьдчилан сэргийлэх шийдлийг монгол судлаач чадварлаг гаргасан” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярилаа.

“МУГЖ, дуучин Б.Дашдондог: “THE HU” цомгийн нээлтээ Америкт хийнэ” хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

“Баримт, үйл явдал” нүүрт “Ц.Энхбаяр: Хүү маань долдугаар сарын 1-ний үймээнд цагдаа нарт буудуулж нас бараагүй бол энэ жил 35 хүрэх байлаа” хэмээн ярьсныг уншаарай.

“Өөрөөс нь” нүүрт “Доктор Х.Мөнхбаяр: Төрийн их баяр наадам Монгол хэмээх үндэсний ижилсэл омогшлыг бий болгодог” хэмээн ярьжээ.

“Багш” нүүрт “Доктор профессор Ч.Ундрам: Оюутнууддаа роботууд хийж чадахгүй ур чадваруудыг эзэмшүүлэх ёстой” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ