Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай руу шөнийн нислэг үйлддэг боллоо

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулж навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор “В” “С” ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой болжээ. Ингэснээр 2019 оны зургадугаар сарын 26-ны үдэш “Аэро Монголиа” ХХК~ийн Embraer145 агаарын хөлгийг хүлээн авч, 20-иод жил Алтай нутгийн ард түмний хүсэн хүлээсэн шөнийн нислэг үйлдэгдэв. Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байдаг онцлогоос шалтгаалан, ялангуяа зуны улиралд, өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг. Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

Үсчин, гоо сайхны газруудын багажны ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 21 үсчний газар, 15 гоо сайхны газар шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:

1. МУ-ын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх, дотоодын хяналт шалгалтын комиссыг хэрхэн байгуулах, журмыг боловсруулах талаар мэдлэг дутмаг, дотоод хяналт тавих комисс ажилладаг гэх боловч төлөвлөгөө тайлан гаргадаггүй, комиссын үйл ажиллагаа тогтворжоогүй, журмаа мөрдөж ажиллахгүй байна.

2. Зориулалтын бус байр, өөрөөр хэлбэл орон сууцны 1 дүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, орон сууцны зориулалттай байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг.

3. Шалгалтад хамрагдсан нийт газруудын гуравны нэг нь өдөр тутмын болон их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй.

4. Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудын 33.3% нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй гоо сайхны багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй, халдваргүйжүүлэлтийн бодис хүрэлцээгүй, үсчний газруудаас 61.9% нь үсчний багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлэлт хийдэггүй.

5. Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 46.6%, үсчний газруудаас 76.1% нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Авсан арга хэмжээ:

– Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 19 газарт 101 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага, 5 газарт 15 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан даалгавар өгч, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн.

– Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар улсын ахлах байцаагчийн актаар зогсоосон.

– Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авсан.

Шалгалтын явцад хийгдсэн шинжилгээнүүдийн дүнг үндэслэн барилгын шугамын болон гүний худгийн усны шинжилгээний тухай улсын /ахлах/ байцаагчийн 28 дүгнэлт, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээс авсан арчдас, гоо сайхны газрын иллэгний өрөөний агаараас авсан эрүүл зүйн шинжилгээний сорьцын дүнгийн тухай улсын /ахлах/ байцаагчийн 8 дүгнэлт, нийт 36 улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт гаргажээ.

Шалгалтад Ч.Сүхбаатар, Энххүрэл, О.Наранзул, Б.Цэрэнчимэд, Л.Навчаа, Долмаа, Буянт Налайх ХХК, Эко бьюти ХХК, Энх-Оюу сайхан ХХК, Хүмүүнгуа ХХК, Цэнгэл сор ХХК, Эрдэнэбулган ХХК, Эвэргүүд ХХК, Б.Мөнхбаатар, Грейтматрикс ХХК, Сэтгэмж салон, Ачлал салон, Нью фасе салон, Каштан ХХК, Цэрмаа, Матилда гэсэн 21 үсчний газар, Ж.Батцэцэг, Wella салон, Lotus салон, Seraz салон, Оюу салон, Цагаан –Уул ХХК, Шинэтуяа, О.Нандинбаяр, Цэнхэр хуар ХХК, Алтангарьд ХХК, МЧБС ХХК, Хан-Импламент ХХК, Индашка ХХК, Бьюти коллаген Монгол ХХК, Эммаспейшилти ХХК-иудын 15 гоо сайхны газар хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалтыг зохион байгуулж байна

ОБЕГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд зохион байгуулж байна.

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгасан юм.

Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч оролцох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан

Түргэн тусламжийн машин замын хөдөлгөөнд оролцох үед санаатайгаар саад учруулсан явдал сүүлийн долоо хоногт хэд хэд бүртгэгджээ. Яаралтай тусламж үзүүлэх машинд зам тавьж өгөлгүй саатуулсны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж ухаан алдсан тохиолдол хүртэл бүртгэгджээ. Мөн ДК дугаартай тээврийн хэрэгсэл гарц эмнэлгийн гарц хааж тавьснаар түргэн тусламжийн төвийн ажилчдад хүндрэл учруулжээ. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн авто баазын ерөнхий инженер З.Орхонсүрэнтэй ярилцлаа.


-Иргэн хутгалуулсан дуудлагад явж байсан түргэний тэрэгт саад хийсэн явдал гарсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 24-ний өдөр л дөө. “Хутгалуулсан иргэн цус алдаад байна” гэх дуудлага хүлээн авсан юм. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь нас нь эрсдэх ч аюултай. Манай ажилтнууд яарч явахад нь өмнө саарал өнгийн жижиг тэрэг саад болсон байгаа юм. Нарийхан зам дээр зөрөх боломж байхгүй. Манай ажилтан “Хутгалуулсан хүн цус алдаад байна. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай ” гэхэд ахимаг насны эрэгтэй “Надад хамаагүй. Би бас ажилтай явж байна” гэж хэлээд бууж ирээд утсаараа зураг дарж, бичлэг хийсэн байгаа юм. Цаг алдсаны улмаас өвчтөн гүн шоконд орж ухаан алдсан байсан. Эмч шаардлагатай үед зөв арга хэмжээ авснаар амь нас нь аврагдсан.

-Саян таны ярьсан тохиолдлоос гадна ДК дугаартай машин түргэн тусламжийн тэрэг хөдөлгөөнд оролцоход саад учруулсан гэсэн. Тухайд үед юу болсон юм бэ?

-“Зүрх муутай иргэний нуруу нь хугарлаа” гэсэн дуудлага энэ сарын 25-ны өдөр бүртгэгдсэн юм. Дуудлага хүлээн авсан даруйдаа богино хугацаанд хүрч шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж эмнэлэгт хүргэж ирсэн байгаа юм. Гэтэл ДК дугаартай машин түргэний машины гарцыг нь хаагаад зогсчихсон байсан. Өвчтөнд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Манай ажилтнуудад их хүндрэл учруулсан байна лээ.

-Энэ мэт түргэн тусламжийн машинд саад учруулсан тээврийн хэрэгсэлд хариуцлага хүлээлгэх хуулийн ямар заалт байдаг вэ?

-Ийм хар амиа хичээсэн бүдүүлэг зан суртахуун гаргасан хүмүүст хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт дутмаг байна. Торгоод, сайндаа л жолоодох эрхийг нь хасаад явуулдаг. Иймд хүмүүс эмнэлгийн түргэн тусламжийн машинд тоомжиргүй хандаад байдаг юм. Цагдаагийн машинаас бол айгаад сүнс нь зайлна. Тэдэнд дүрэм зөрчсөн жолоочид шууд хариуцлага тооцох эрх нь байдаг. Харин 103-ын түргэний тэрэгний жолоочид торгоод явуулах эрх байдаггүй болохоор тоохгүй.

Түргэн тусламжийн машинд саад болсноор та нэгэн гэр бүлийн элэг бүтэн амьдралд заналхийлж байгаа хэрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Түргэний машин таны хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж цаг алдаж хүний амь эрсэдвэл хариуцлага нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирдэг. Бид үүргээ биелүүлж чадаагүй мэт нийгэмд ойлголт өгдөг. Гэхдээ 10 жилийн өмнөхийг бодвол замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд соёлтой болсон шүү. Болдоггүй хүмүүс ч бас байна.

-Нийслэлийн түргэн тусламжийн төвд өдөрт хэдэн дуудлага бүртгэгддэг вэ. Дуудлага хүлээн аваад явахад замын хөдөлгөөнд оролцогчид ямар хүндрэл учруулж байна?

-Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс хоногт 43 машин үйлчилгээнд явдаг. Үйлчилгээнд явахад ачаалалтай үед дуудлага түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд замын түгжрэл хүндрэл учруулдаг. Мөн иргэдийн ухамсрын асуудал байдаг л даа. Яаралтай дуудлага үйлчилгээнд явж байхад зам хаших, гарц хааж тээврийн хэрэгслээ байршуулах зэргээр саад бэрхшээл учруулдаг. Зарим нь энэ талын мэдээлэл хомс байдаг байх. Зориудаар ч зам хааж, хаших тохиолдол байдаг. Түргэн тусламжийн машин хүний амь аврахаар минут секундтэй уралдаж ажил үүргээ гүйцэтгэдэг.

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байгааг ухамсарлахгүй байна уу?

-“Би” гэсэн үзэл өнөөгийн нийгэмд давамгайлаад байна. “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн үзлээр замын хөдөлгөөнд оролцдог. Би энэ уулзварыг түрүүлж нэвтэрч л байвал цаана нь хүн нас барна уу, тахир дутуу болно уу гэдэг хамаагүй байна л даа, манай зарим жолооч нарт. Өөрсдийнхөө амраг садан, ах дүүсээр зүйрлэж үзэх хэрэгтэй. Зай л гарвал хамраа чихэх гэж дайрдаг улс байдаг шүү дээ.

-Маяакийг зориулалтын бусаар ашиглаж байна гэх гомдол их байдаг?

-Нийслэлд олон хувийн эмнэлгүүд бий болсон л доо. Тэр бүхэн дуудлагын түргэний машинтай. Жолооч нар нь хувийн хэрэгцээндээ ашигладаг, үгүйг би мэдэхгүй юм. Мэргэжил арга зүйгээр хангагдаагүй, хэн нэгэн дурын нөхрийг жолоочоор ажилд авсан байдал нь иргэдэд буруу хандлага өгөөд байдаг. Нийслэлийн түргэн тусламжийн машинууд тусдаа логотой, таних тэмдэгтэй байдаг. Зориулалтын дагуу л ашигладаг. 103-ын тэргийг жолооч нь ганцаараа жолоодоод хөдөлгөөнд оролцож явахад “Энэ хувийн ажлаа хийж явна” гэж хардаад байдаг. Шаардлагатай үед эмч нарын тасалгаанд өвчтөн тусламж үзүүлээд явах тохиолдол байдаг. Жолооч бол замын нөхцөл байдлыг зөв тодорхойлоод хурдан шуурхай эмнэлэгт үзүүлэх гээд л явж байдаг.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.06.26-ны өдөр нийт 251 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 162 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 9 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

-2019.06.26-ны оройн 19.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Дашаа” гэх газар /сумын төвөөс 28км/ асфальтан замд амины Toyota Kluger маркийн автомашин онхолдож, жолооч 47 настай эмэгтэй Э, зорчигч 41 настай, эмэгтэй Ц нарын 2 хүн нас барсан байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн, 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Хоногт гарсан ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 4 тус тус бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөд оролцохгүй байхыг тээврийн цагдаагийн газраас уриалж байна. Та болон бусдын амь нас, эд хөрөнгө зөвхөн таны гарт.

Categories
мэдээ нийгэм

Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас зарим сайр, гол үерлэсэнтэй холбогдуулж Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг аялагч, жуулчдад анхаарууллаа.

Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ. Мөн Жанхайн даваа орчмоор үерийн улмаас жижиг автомашин явахад хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчдыг аялалд гарахдаа цаг агаарын мэдээ харж, шөнийн цагаар дээрх голуудаар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Жүжигчин хосууд гэрлэлтээ цуцлуулахаар болжээ

Одоогоос хоёр жилийн өмнө “Нарны үр сад” кино Солонгос төдийгүй азидаа шуугиулж байсан билээ. Энэ кинонд тоглож байхдаа жүжижгчин Сун Жүн Ги, Сун Хэ Гюү нар биедээ сэтгэл алдарч улмаар хуримаа хийгээд байсан.

Тэгвэл “Нарны үр сад” киноноос төрсөн хосууд салахаар болжээ. Тодруулбал, Солонгосын алдарт жүжигчин Сун Жүн Ги, Сун Хэ Гюү нар гэрлэлтээ цуцлуулахаар болсон тухай Сун Жүн Ги-гийн өмгөөлөгч нь өчигдөр мэдэгджээ. Хосууд салж буй шалтгаанаа тайлбарлахдаа “Бид зан ааш хоорондоо таарахгүй байсан. Бид хэтэрхий өөр онцлогтой хүмүүс байсан. Тиймээс шүтэн бишрэгчдийгээ биднийг ойлгох байх гэж найдаж байна. Мөн уучлалт хүсч байна гэжээ”.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 400 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2019.06.27) хуралдлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үйл ажиллагааны зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулан байгуулсан юм. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүн дэх 6 дэд хэсгийн нарийн бичгийн дарга нар оролцлоо. Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн дэд хэсгийн нарийн бичгийн дарга нарт төслийн хэлэлцүүлгийн зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих, хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой чиглэл өгөв.

Categories
мэдээ улс-төр

М.Оюунчимэг:Тогтолцоог өөрчилснөөр амьдрал нь дээшлэнэ гэж иргэд найдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байна

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг өчигдөр /2019.06.26/ тойрогтоо үргэлжлүүлэн ажиллаж, Чингэлтэй дүүргийн 8, 9, 11 дүгээр хорооны иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.

Тэрбээр, иргэдтэй уулзалт хийснийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх нь маш чухал юм гэдгийг иргэд өөрсдөө хэлж байна. Тухайлбал, иргэд “дордуулсан долоон өөрчлөлт” нь яг юу юм гэдгийг мэдэхгүй байна. Тэдгээр өөрчлөлтийг хийхэд иргэдийн саналыг аваагүй учир мэдэхгүй байхаас ч аргагүй юм. Тиймээс энэ удаад Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахдаа санал бодлыг нь сонсож байгаад иргэд талархалтай хандаж байна. Мөн огт хөгжихгүй, орхигдсон хэсэг бол гэр хороолол гэдгийг онцолж хэлж, одоо байгаа энэ тогтолцоог, тогтолцооны гажигийг засахгүйгээр хөгжихгүй гэдэгтэй санал нийлж, тогтолцоог өөрчилснөөр амьдрал нь дээшлэнэ гэдэгт найдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа уулзсан, санал бодлоо илэрхийлсэн иргэдийн дийлэнх олонхи нь хэлж байна. Мөн хариуцлага, хяналт маш чухал гэж тэмдэглэж байна. Хариуцлага, хяналтыг чангатгаж, хуулиа хэрэгжүүлдэг байх нь иргэдийн туйлын хүсэлт болжээ. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс засаг захиргаа, нуаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалттай холбоотой нэг заалтыг арай өөрөөр батлаасай гэж саналаа хэлж байгаа. Тэр нь юу гэвэл дүүрэг, хороог сум, багтай жишиж болохгүй, ийм байдлаар явбал нийслэл хот хөгжихгүй. Тиймээс Улаанбаатар хотын асуудлыг Үндсэн хуульд тусад нь авч үзэж, оруулах хэрэгтэй гэж саналаа хэлж байна” гэлээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан уулзалт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд болсны дараа иргэд дараах байдлаар саналаа хэлэв. Иргэд дүүрэг, хороог сум, багтай адилтгаж, засаг захиргааны хуваарилалтыг тогтоомооргүй байна, УИХ-ын гишүүнд нэр дэвших насны босгыг 35-аас дээш тогтоож, улс төр, эдийн засгийн боловсролтой хүнийг гаргаж ирмээр байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг механизмыг тодорхой оруулж өгөх хэрэгтэй гэх зэргээр саналаа хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэн богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа учир голын эрэг дагуу аялал зугаалгаар явах иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, гэр хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, голын салаа, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.