Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын нийтийн тээврийн жолоочдын ажил амралтын дэглэмийг чанд сахиулна

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос хойш хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүний хүрээнд эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг. Эхний хагас жилийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд давхардсан тоогоор шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд хот хоорондын нийтийн тээвэрт гарсан зам тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн тээвэрлэлтийн үед гарсан судалгаа бий.

Олон улсын жишигт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн тээврийн үйлчилгээг олон арга хэлбэрээр гүйцэтгэдэг нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг.

Тэгвэл Авто тээврийн үндэсний төв, ТӨҮГ-аас зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тодорхой зохион байгуулалтын ажлыг хийхээр холбогдох судалгаа, төлөвлөлтийн ажлуудыг хийж байна. Зам тээврийн осол зөрчилөөс урьдчилан сэргийлэхийн тулд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн тус үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзон хэллээ.

Үүний тулд 1000 километрээс дээш зайтай чиглэлүүдэд тээвэрлэлт хийхдээ авто буудлыг түшиглэн богино эргэлтээр өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах судалгааны ажлыг хийж байгаа аж. Ингэснээр тээвэрлэлт гүйцэтгэж буй жолоочийн ажил, амралтын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор жолоочийг сэлгэн ажиллуулах, амраах бөгөөд энэ нь зам тээврийн ослоос сэргийлэх нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой хэмээн АТҮТ-өөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ: Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулжээ

Related image

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж байгаа. Хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өнөөдрийн хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулж иржээ. Ж.Батсайхан НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн юм.

Categories
мэдээ улс-төр

Хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүлэгч хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ ӨМӨЗО бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны гүүр болж ирснийг онцлон тэмдэглээд үүгээр дамжин худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, ард иргэд, хүүхэд залуучуудын гээд бүхий л салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа тогтмол идэвхитэй өрнөж байна гэв. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2018 оны байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрч Монгол Улсын нийт худалдааны 67,7 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нягт хамтран ажиллах зорилтыг Монгол Улсын Засгийн газар тавин ажиллаж буйг хэлэв. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон чухал ажил арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд харилцан тэмдэглэв. Монгол Улс , ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллаагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой “Монгол- Өвөр Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум”-ыг тогтмол зохион байгуулж ирснийг өндрөөр үнэлж мөн “Монгол-Хятадын экспо” арга хэмжээг гуравдахь удаа Хөххотноо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарч, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. БНХАУ, ӨМӨЗО-оос хийх хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт илүү татах, дэвшилтэт технологи, инновацийг нутагшуулахыг зорьж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар анхааралдаа авч, зарим боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, 24 цагийн үйл ажиллагаатай, ОУ-ын зэрэглэлтэй болгох талаар харилцан ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 72 хувь болж өсчээ

Дэлхийн банкнаас “Төсвийн зардлын тойм судалгаа”-г энэ сарын 24-нд танилцуулсан юм. Тэдний зүгээс төсвийн орлогод хамаарч буй уул уурхайн салбарын нөлөөллийг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэхийг зөвлөв. Мөн “Эдийн засгийн өсөлт нь уул уурхайгаас хэт хамааралтай байгаа гол шалтгаан нь мөчлөг дагасан төсвийн тэлэлт бий болсонтой холбоотой” хэмээн Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, ноён Жон-Паскаль үзэж байв. Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан тайланд “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалт, нийт ГШХО-д эзлэх хувь 1990-2004 онуудад 44 хувьтай байсан бол 2018 онд 72 хувь болж өссөн байна. Мөн 2011-2016 онуудад төсвийн зардал их хэмжээгээр нэмэгдэн, энэхүү зардлын тэлэлтийг өрөөр санхүүжүүлсэн нь Засгийн газрын өрийг нэмэгдэхэд хүргэжээ” гэдгийг онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

ОУХМ Э.Даваахүү Монгол Улсын рекордыг шинэчилжээ

Буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд “Токио-2020” олимпийн эрхээ аваад байгаа ОУХМ Э.Даваахүү хийн гар бууны дасгалд 587 оноогоор Монгол Улсын рекорд амжилтыг шинэчилж, эмэгтэйчүүдийн гурван байдлаас буудах дасгалд ОУХМ О.Янжинлхам 458,9 оноогоор финалын рекорд тогтоолоо.

Олимпийн мөнгө, дэлхийн хүрэл медальт О.Гүндэгмаа, Азийн наадмын аварга Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, Зүүн Азийн наадмын аварга Ц.Мөнхзул нарын шилдгүүд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах уг тэмцээнд оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 41 барилга усанд автжээ

Үерийн аманд барьсан барилга, орон сууцнууд эхнээсээ хөрсний ус, бороо усанд автаад эхэлжээ. Усыг нь зайлуулах системгүйгээс төвлөрсөн бохирын шугамруу нийлүүлэх асуудалд хүндрэл гарч байгаа аж.

Үүнээс болоод төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж, улмаар шугам, хоолой эвдэрч гэмтэх асуудал үүсээд зогсохгүй өндөр үнээр худалдаж авсан орон сууцны суурь бетон нь чанарын шаардлага хангахгүйгээс болоод тухайн барилга хэзээ мөдгүй нурж ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироох эрсдэл яригдаж эхэлжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хөрсний усанд автсан барилга, байгууламжийн судалгаа, дүгнэлтийн талаар танилцуулах уулзалт”-ыг зохион байгуулав. Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, СӨХ-ны дээд зөвлөл, Хувийн орон сууцны мэргэжлийн холбоод болон ШУТИС-ын багш нарын төлөөлөл бүхий 20 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Тус хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон ШУТИС-аас хамтран хэрэгжүүлсэн “Хөрсний усанд автсан барилга, байгууламжид хийсэн судалгаа”-ны дүгнэлтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд ашиглахад зориулан гаргасан “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт –гарын авлага” номыг тарааж өгсөн. Мөн усанд автсан барилга, байгууламжуудыг хариуцан ажилладаг СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад тус судалгааны дүгнэлтийг хүргүүлэх тухай мэдээллийг өглөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дээрх асуудлыг дан ганцаар хариуцан шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд цаашид Засгийн газрын хэмжээнд буюу салбарын зохицуулалтын бодлого, эрх зүйн хүрээнд шинэчлэн, сайжруулах шаардлагатай байгаа талаар дурдаж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралд тус санал, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар иргэдээс санал асуулга авч байна

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм. Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх зэрэг хэд хэдэн зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНД дарж саналаа өгнө үү гэж нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой 11 гомдол иржээ

Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Харин улсын хэмжээнд 2006-2018 онд нийт 11 гэмт хэргийг хянан шийдвэрлэж, 13 хүнд ял шийтгэл оногдуулжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд мөрдөн шалгах явцад нийтдээ есөн удаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой гомдол Хяналтын шатны шүүхэд иржээ.a

Categories
мэдээ нийгэм

Орхон голд осолдсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн “Товуу-Хан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ “Орхон” голд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн А /30 настай, эмэгтэй/ өчигдөр 13:03 цагийн орчимд осолджээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 5 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 11 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, “Товуу-Хан” гэдэг газраас хойд зүгт 6 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, “Орхон” голын эрэг, тохой дагуу 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 21:26 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Өнөөдөр 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын завсарлага өнөөдөр дуусч байна

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, өнгөрсөн долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллан чуулганыг түр завсарлуулсан. УИХ-ын завсарлага өнөөдөр дуусч, гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх учиртай ч олонх нь тойргоосоо ирж амжаагүй байгаа тул маргааш хуралдах байсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаан зэрэг цуцлагдах нөхцөл байдал үүсчээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар бол УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдаж, гишүүд тойрогтоо ажилласан мэдээллээ танилцуулахаар төлөвлөөд байсан юм. УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга хийх үеэр уг төсөлтэй холбогдуулан 20 мянга гаруй иргэний санал ирээд байсан билээ.