Categories
мэдээ улс-төр

Боловсролын салбарт хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нар боловсролын салбарт хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Герман улсын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3.500 хавтгай дөрвөлжин талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 хавтгай дөрвөлжин талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөсөн юм. Төсөл хэрэгжүүлснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг Монгол Улсад чанартай бэлтгэхэд үр өгөөжөө өгнө гэж талууд үзэж байна. Төслийн санхүүжилтийг ХБНГУ-ын төрийн өмчит банк болох Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан олгох бөгөөд Монгол Улсын БСШУСЯ хэрэгжилтийг хариуцан ажиллах юм. Гарын үсэг зурах ёслолд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэнээс 1234 зөрчил илэрчээ

Нийслэлийн хэмжээнд 2019 онд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрснээс 799 буюу 64.7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 55 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан зөрчил гаргасан 87 аж ахуйн нэгж, иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 80, зөрчлийн хэрэг 7 газарт нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажилласан байна.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

Хүнс, мал эмнэлэг, эрүүл ахуйн хяналтаар:

1. Үйлдвэрүүдийн 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, зохион байгуулалт, дотоод бүтэц буюу өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, барилгын засвар үйлчилгээ хийгдээгүй байна. /СХД-ийн Дөрвөн Од интернэшнл ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК, Тэрх сэрвэн ХХК, Шилдэг мах ХХК, ХУД-ийн иргэн Б.Нацагдорж, Их ноён хүнс ХХК, Мон сүндэ ХХК, БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, БЗД-ийн Баян тал борц ХХК, Мөнх төгрөг ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Голден мийт ХХК-иуд/

2. ЧД-ийн Цэнгэг айс ХХК-ийн ажлын байр нь хүнсний үйлдвэрийн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлийн хэсэгт ажилчдын ариун цэврийн өрөө нь байрладаг, мэргэжлийн ажилчингүй байна.

3. Иргэн Ж.Ариунзулын махны агуулах, мах ангилан савлах үйлдвэр нь улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй барилгад явагддаг.

4. Мах махан бүтээгдэхүүний 83 үйлдвэрийн 43.7 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулах, гүн хөлдөөлтийн камерт хадгалахдаа ангилж, төрөлжүүлэн хана шалнаас зайтай хураагаагүй, хаягжилт, тэмдэглэгээ хийгээгүй, технологийн горимд хяналт тавьдаггүй. /СХД-ийн Мон мийт ХХК, Ж.Ариунзул, Ихэршарангад ХХК, Тун од ХХК, УБ импекс ХХК, Бийлэг ХХК, Бийлэг хүнс ХХК, Оргилон гүн ХХК, Капитал маркет ХХК, ХУД-ийн Баялаг комплекс ХХК, иргэн Нацагдорж, БГД-ийн Хос гарьд ХХК, Жэй Экс Си Эс ХХК, Ванкалби ХХК, Баялаг мийт фүүдс ХХК, Монгол маркет ХХК, СБД-ийн Ажигана ХХК, Билгүүн марал од ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Дибиюу цех, БНД Өнөөгийн цех, БЗД-ийн Мөнхийн хүнс, Их нэмэр ХХК, Баян тал борц ХХК, Титэм тэнгэр, Домогт хийц ХХК, Хүнскомлекс ХХК, Очир дангинас ХХК НД-ийн Монгол мах эко ХХК-иуд /

5. ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү, Буян Ундарга Ди Эс ХХК, Б.Нацагдоржийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан үндсэн түүхий эд маханд гарал үүслийн баталгаажилтгүй, архивлаж хэвшээгүй байна.

6. Мал эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй /өөрсдөө угаалга цэвэрлэгээ хийдэг/, 52 хувь нь тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчилтэй. /БГД-ийн Хьелти фүүдс ХХК, Баялаг мийт ХХК, Дэвжих оюу ХХК, Ванкалби ХХК, Жэй Экс Си Эс ХХК БЗД-ийн Мөнхтөгрөг ХХК, Мөнхийн хүнс ХХК, ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү ХХК, Буян ундрага, Ди Эс ХХК-иуд, иргэн Б.Нацагдорж нар зөрчсөн/

7. БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, Хьеэлти фүүдс ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Номт монгол ХХК, НД-ийн Монгол эко мах ХХК-иуд нь махны үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус, угаалга цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, ус чийгэнд тэсвэргүй зэвэрсэн, бүтээгдэхүүнд дам бохирдол үүсгэхээр тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэсэн.

8. Хан Уул дүүргийн иргэн Б.Нацагдоржийн цехийн унд, технологийн ус /зөөврийн/ нь лабораторийн сорилтын дүнгээр бичил биетэний ерөнхий тоо их /212/ гарсан.

9. Хүнс компекс ХХК, Дөрвөн Од интернэншл ХХК зэрэг шалгалтад хамрагдсан газрууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл, магадлагаа, баталгаажилт дутуу байна.

10. Сонгинохайрхан Тэрх сэрвэн ХХК, Язгууртан эко хүнс ХХК, иргэн Б.Нацагдорж нарын үйлдвэр, цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний дүнгээр нянгийн бохирдол илэрсэн.

11. махны 77 үйлдвэр буюу 93 хувь нь өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар аюулгүй байдалд баталгаа гаргах дотоодын лабораторигүй, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй.

12. Нийт үйлдвэрүүдийн 64 буюу 77.3 хувь нь дотоод хяналтын ажилтан томилсон тушаал, ажиллах журам боловсруулсан ч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авдаггүй, зохистой дадлыг нэвтрүүлээгүй байна. /Дөлгөөн эх тэнгис ХХК , Агро нэгтгэл трейд ХХК , Хоргын хүү ХХК, Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК, Их шарангад ХХК, Шилдэг мах ХХК, Капитал маркет ХХК, Оргилон гүн ХХК, Бийлэг ХХК, Улаанбаатар импекс ХХК, иргэн Д.Туул, Ди Эйч Ти Эн ХХК-иуд/

13. СХД-ийн Монгол фүүд ХХК, СБД-ийн Ажигана ХХК-иуд бүтээгдэхүүний шошгод хадгалах хугацааг 14-30 хоног гэж бичсэн, СБД-ийн Очирваань сүлд уул, Аажаагийн хишиг ХХК-ийн банш буузны үйлдвэр нь бүтээгдэхүүний шошгод тэжээлэг чанар, ханасан болон ханаагүй тосны агууламжийг тусгаагүй.

14. Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөх тосны агууламж лабораторийн шинжилгээгээр 56-74%-тай гарсан боловч бүтээгдэхүүний шошго дээр өөх тосны хэмжээг 20-30% гэж бичсэн, БЗД-ийн Хүнс комплекс ХХК нь хиамны орцод тахиан мах /тахиан махан фарш/ хийдэг боловч шошгод тэмдэглэдэггүй, Очирдагинас ХХК нь “Баянмонгол” нэрийн нөөшилсөн махны шошгод орцыг тодорхой тэмдэглээгүй, ЧД-ийн Тэнгэрийн хас шил ХХК, Дибиюу ХХК, БЗД-ийн Мөнхийн хүнс, Мэргэн ойл говь хоршоо, Мөнх төгрөг ХХК, иргэн Г.Амгаланчимэг, Д.Чимэдцэеэгийн үйлдвэр цех нь бүтээгдэхүүний шошгонд тэжээлэг чанар, шимт бодисыг огт бичээгүй.

15. Нийт махны үйлдвэрүүдийн 40 буюу 48 хувь нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайварыг дахин боловсруулдаг болон хаана нийлүүлдэг нь тодорхойгүй.

16. Ихэр шарангад ХХК, Мах маркет ХХК, Преком ХХК, Ундрага хайрхан ХХК-иас бусад шалгалтанд хамрагдсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 79 буюу 95 хувь нь цахилгаан тасарсан нөхцөлд ажиллах нөөц үүсгүүргүй, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах журамгүй байна.

17. Махны үйлдвэрүүдийн 75 буюу 90.9 хувь нь махыг агуулахаас чөлөөлсний дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, агуулахын дотоод орчноос улиралд 1-ээс доошгүй удаа нян судлалын шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг архивлаж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг тооцдоггүй зөрчил илэрсэн. Газрын харилцаа, Байгаль орчны хяналтын чиглэлээр: Ихэр шарангад ХХК, Преком ХХК, Циан сэн тиан ий ХХК-иуд нь эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн Преком ХХК нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшдэг. Дун фан интернэйшнл ХХК нь нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй. Преком ХХК, Дун Фан интернэйшнл ХХК, Цан сэн тиан ий ХХК, Шилдэг мах ХХК, Монгол эко мах ХХК, Ди эйч ти эн ХХК, Юнисолван ХХК, Мах экспорт ХХК, Хүнс комплекс ХХК, Жагаа санрайс ХХК-иуд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр:

Шалгалтаар Есөн Од Фүүд Интернэшнл ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтын дагуу үндсэн ажлаас гадуур байгуулсан Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлдэг даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулаагүй, Идлэг фүүдс, Дойчевурст, Шилдэг мах, Бийлэг хүнс, Үүлэнгөү ХХК нь зарим ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн боловч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт, баталгаажуулалтыг дутуу хийсэн.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад:

Шалгалтаар Саян-Уул ХХК, ХКҮ ХХК, Монмийт ХХК, Домогт хийц ХХК, Мөнхтөгрөг ХХК, Цэнгэг айс ХХК, Хатансүйх хүнс ХХК, Дөрвөн од интернэшнл ХХК, Мөнхтөгрөг ХХК, Стандарт мах ХХК, Рояал хүнс ХХК, Ди Эйч Ти Эн ХХК, Мөнхтөгрөг ХХК, Русские калбосы ХХК, Мах маркет ХХК, Монгол марке” ХХК, Мах импекс ХХК, Нью оникс ХХК, Хүнс комплекс ХХК, Ванкалби ХХК, Дунфань ХХК…. зэрэг нийт 34 аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй аюулгүй ажиллагааны журам боловсруулаагүй, эрсдлийн үнэлгээ хийгээгүй зөрчил хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөө төсөв батлаагүй ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөггүй, тоног төхөөрөмжийн гэрчилгээ аваагүй, даралтад савны баталгаажилт хийгээгүй ашиглах зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулаагүй, эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулж, дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчил гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч, хатагтай Бу Шяолин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Шадар сайд илэрхийлэв. 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийн хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхэд ӨМӨЗО чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ дурдав. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах зэрэгт анхаарч байгааг тэмдэглэв. Энэ оны зургаадугаар сард гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аар батлуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж байгааг хэлэв. Цаашид Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг бууруулахгүй байх, нэмүү өртөг шингэсэн нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх санал гаргав. Мөн Шивээхүрэн-Сэхээ боомтоор жилд 25-30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдсэн учир боомтуудын хүчин чадлыг дээд зэргээр ашиглах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшин, бүх салбарт амжилттай хөгжиж байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Бу Шяолин тэмдэглэв. Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг үлгэр жишээ бүтээн байгуулалт болгохын төлөө ӨМӨЗО өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгийг онцлов. Уулзалтаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэг, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбар болон хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах талаар ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо

Өнөөдөр “Орд” арт галерейд Япон-Монгол иргэдийн хамтарсан бүтээл болох “Соёлын харилцаа-45 жил” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

1974 оны 9 сарын 23-ны өдөр Монгол, Японы хооронд соёлын харилцааны хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ жил 45 жилийн ой тохиож байна. Ойн жилтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулжээ.

“Соёлын харилцаа-45 жил” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, мөн Монгол-Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн оригами төв, Японы Мэгүмино Кай нийгэмлэг хамтран оролцож байгаа юм байна.

Үзэсгэлэнд Япон улсын Сайтама мужын Камикава хотын “Мэгүмино кай” нийгэмлэгийн гишүүд, “Таншоо” бага сургуулийн сурагчид, Япон улсын иргэд фото болон гар зургийн бүтээл, Монголоос БЗД-ийн “55-р сургууль” “Хишиг”, “Төгсдэлгэрэх”, бүрэн дунд сургуулийн багш сурагчид, “Оригами” төвийн багш нар цаасан урлал, гар зургийн бүтээлүүдээ ирүүлжээ.

Нээлтийн үеэр Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Д.Содном “Энэ үзэсгэлэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, харилцаа улам гүнзгийрэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм” гэв. Мөн Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Янигисава Токүжи “Ойн хүрээнд Япон-Монголын хамтарсан мод тарих үйл ажиллагаа, “Соёлын харилцаа-45 жил” үзэсгэлэнг зохион байгуулж байна.Мөн 12 сард “Snowboard”-ын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.

Э.АМИНАА

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Image result for бороо

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 29, 30-нд нутгийн хойд хэсгээр, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэнд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс дулаарна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 29, 30-нд зарим газраар, 27, 28-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: 30-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 27, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд багавтар үүлтэй, түр зуурын бороо орох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэрэгжсэн төслүүдийн үр дүнгийн талаар санал солилцох уулзалт боллоо. Уулзалтанд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Швейцарийн холбооны улсын Монгол Улсыг хариуцсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарийн холбооны улсын Холбооны улсын Гадаад харилцааны хэлтсийн дарга Клаудио Фишер болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Төслийн үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдэл буурсан байна. Тиймээс төслийн туршлагыг Сонгинохайрхан дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр зорилтот дөрвөн төсөл хэрэгжиж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонслоо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна. Өнөөдөр (2019.06.27) УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналыг нь сонслоо. Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар, зөвлөх С.Энхцэцэг нар оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хэнтий аймгийн бүх сумд “Аравт”-ын системийн нэвтрүүлж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтад Бор-Өндөр сумын 66 аравтын ахлагч, төрийн албан хаагчдын төлөөлөл зэрэг нийт 90 гаруй хүн оролцов.

Бор-Өндөр сумын 3 дугаар багийн иргэн С.Байгалмаа: Байгалийн баялгийг тэгш, шударга хуваарилж ашиглах зохицуулалтыг тусгасан нь сайн талтай байна. Гэхдээ байгалийн баялгийг ашиглахдаа алсын хараатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуульд тодорхой тусгах байх гэж бодож байна. Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь зүйтэй. Хууль зөрчвөл сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг болмоор байна. УИХ-ын гишүүд хууль батлах үндсэн ажлаа хариуцлагатай хийдэг болохын тулд ядаж 45 гишүүний саналаар хуулийг баталдаг болох хэрэгтэй.

Бор-Өндөр сумын 5 дугаар багийн иргэн Н.Баатарчулуун: Үндсэн хуульд сумын хөгжлийн талаар нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй. Газар нутаг багатай, хүн ам цөөн сум олон байна. Цаашид сумдаа энэ байдлаар нь байлгаад байх уу эсхүл нэгтгэж хөгжүүлэх үү гэдгээ тодорхой болго. УИХ-ын гишүүнд тавигдах шалгуурыг илүү өндөрсгөмөөр байна. Парламентад туршлагатай, чадвартай хүн гардаг болмоор байна. УИХ, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлж байгааг дэмжиж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь УИХ-ын сонгуулийн 40 дүгээр тойрог буюу Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Батширээт, Өмнөдэлгэр сумын иргэдийг УИХ-д төлөөлж байгаа юм. Тэрбээр энэ сарын 21-23-ны өдрүүдэд тойрогтоо ажилласан. Мөн парламентад төлөөлөлгүй болоод байгаа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэдтэй ч уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалт зохион байгуулж байна

65020140_2343453705901869_1707399738116014080_n.jpg

ОБЕГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд зохион байгуулж байна.

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгасан юм. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эхний 6 сарын байдлаар 9220 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ оны эхний 6 сарын байдлаар 9220 хүн эрүүлжүүлэгджээ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас санаачлан Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвтэй хамтран ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Л.Цогтхүү, Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Адьяахүү, Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр болон тус төвийн нийт алба хаагчид бүрэн хамрагдсан байна.

Тус төвд энэ оны 6 дугаар сарын 20-ны байдлаар 9220 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 32,9 хувиар, 346 хүнийг албадан саатуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Эрүүлжүүлэх, саатуулах төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Цэрэндашийн сонсголыг авч хэлэлцэн, ажлын явцад гарч буй зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар харилцан ярилцаж санал солилцов. Мөн ахлах прокурор Л.Цогтхүү зөвлөгөөнд оролцогчдод тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Монголын Урианхай Сурын Холбооноос Монголын эртний уламжлалт харвааны нэгэн төрөл урианхай сурын харвааг хөгжүүлэх, уламжлалт ёс заншил, өв соёлыг залуу хойч үе болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үндэсний спортын цол зэргийн болзол хангуулах, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улсын аварга шалгаруулах тэмцэээнийг зохион байгуулдаг. Тэмцээнийг “Монголын урианхай сурын харвааны дүрэм”-ийн дагуу зохион байгуулна.

Тэмцээнийг 2019 оны 06 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын үндэсний сурын талбайд зохион байгуулах бөгөөд багийн харваа болон цуваа харваа гэсэн хэлбэрүүдээр явагдана.
Багийн харваа
· Баг тус бүр дасгалжуулагч 1, нөөц харваач 1, үндсэн тоглогч 10, нийт 12 харваачтай оролцоно.
· Баг харваанд оролцогч талуудын харваач тус бүр дүрэмд заасан жин, хэмжээтэй 2 ширхэг сур/чих/ өрнө.
· Тэмцээнд эвэр элэгтэй шөрмөсөн артай нум болон уламжлалт модон хавчаахай нум, гурван модон сумаар харвана, сум буцаахгүй.
· Багийн тамирчид үндэсний хувцас өмсөж оролцоно.
· Баг харваанд оролцох нэг багийн мандат 180000 төгрөг
Цуваа харваа
· Харваачид цол зэрэг болон насны дарааллаар зогсож харвана.
· Өрөгт 20 сур өрөх бөгөөд өргийн урт нь 2 метр байна.
· Харваж гаргаад оноонд тооцсон сурыг буцааж өрнө.
· 40 метрийн зайнаас саалтгүй харвана.
· Харваач тус бүр 30 сум харвана.
· Нэг удаа 4 харваач зэрэгцэн босч, гурван сумаа ээлжлэн харвана.
· Дүнг онооны тоогоор гаргаж байр эзлүүлнэ. Оноо тэнцвэл товхлоно.
· Ахмад харваачдыг харвуулан шалгаруулж байр эзлүүлнэ.
· Цуваа харваанд оролцох харваачийн мандат 15000 төгрөг
Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багт “Улсын аварга баг”, цуваа харваанд түрүүлсэн харваачид “Улсын аварга харваач”, мөн цуваа харваанд 30 сумнаас 22, 23 оновол “Спортын дэд мастер”, 24 ба түүнээс дээш оносон харваачдад “Спортын мастер” цол зэргийг олгуулна.