Categories
мэдээ нийгэм

Маргааш халаалт зогсоно

халаалт зурган илэрцүүд

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлыг эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа.

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа тавдугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна

Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулаад байна.

Тус систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтайгаар малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Архангай [link]
Баян-Өлгий [link]
Баянхонгор [link]
Булган [link]
Говь-Алтай [link]
Говьсүмбэр [link]
Дархан-Уул [link]
Дорноговь [link]
Дорнод [link]
Дундговь [link]
Завхан [link]
Орхон [link]
Өвөрхангай [link]
Өмнөговь [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Төв [link]
Увс [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар зургаан иргэн, нэг аврагч амиа алджээ

Амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан байна. Онцгой байдлын байгууллагаас ард, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон багц мессеж үйлчилгээгээр дамжуулан хүргэж ажилласан байна.

Цасан шуурганы улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малаа хайж яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны 81 алба хаагч, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас замын үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад аймгийн Засаг даргын захирамжаар замын байгууламжийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажиллажээ.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Мөн энэ үеэр Өвөрхангай аймагт ажиллаж байсан Онцгой байдлын албан хаагч амь эрсэджээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурах аж.

Иймд иргэд та бүхэн сонор, сэрэмжтэй байж салхи шуурганд малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүрт авч байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ёс суртахууны тулгуур багана


БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Хүний мөс чанар муудлаа, хүн хүнийгээ бараа таваар мэт үздэг болж, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больж, хүний мөн чанар үгүй болж бүтээгч биш, хэрэглэгч хүн буй болжээ гэх. Ийм яриа төдийгүй ойлголт манайд сүүлийн 20 жил маш түгээмэл болсон юм. Үнэндээ ийм ойлголт үнэлэмж хүн төрөлхтний бүхий л соёл иргэншлийг дагажээ. Нийгмийн байгууламжаас үл хамаараад. Гагцхүү нацизм, коммунизм, фашизм зэрэг нийгэмчлэгдсэн нийгмүүдэд л суртал нэвтрүүлгийн зорилгоор өөрсдийгөө “хүн хүндээ нөхөр” болсон тухай ярьж бусад газрыг “хэрэглэгчийн нийгэм” гэж харааж байсан.

Капитализмын мөн чанарыг “хүний мөн чанарыг муутгахад зориулагдсан нийгэм” гэх үзэл хангалттай тархмал юм. Одоо ч Өрнөдөд ийм хандлага ойлголт шүүмж хааяа өрнөдөг. “Капитализмд мөнгө гол үүрэгтэй, магадгүй шийдвэрлэх эцсийн үүрэгтэй, үнэндээ хүний үнэлэмж гэж огт байдаггүй” – гэсэн туйлширсан шүүмж ч олон дэмжигчтэй. Чухам ийм шүүмж олон хүний үзэл бодол болон хувирсан учраас хүмүүнлэг бус энэ нийгмийг түлхэн унагах, нийгэмчлэгдсэн нийгэм байгуулах үзэл бодол XIX зууны Европын сэхээтнүүдийн дунд газар авчээ. Загварыг нь олон суутан, сэтгэгч, гүн ухаантан тус тусынхаараа бодон олж, зураглаж, хүрэх арга замыг нь тодорхойлжээ. “Хувьсгалыг оюунтнууд бодож олдог, фанатикууд хэрэгжүүлдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг” гэсэн Бисмаркийн үг үнэн болохыг л эцэст нь баталсан даа. Харин нийгэмчлэгдсэн нийгэм байгуулах туршилт болгон хүний түүхэнд тохиосон хамгийн том эмгэнэл болж, хүний эсрэг байж болох бүхнийг үйлджээ.

Тэгвэл Чөлөөт зах зээлийн илэрхий давуу талуудыг харцгаая. Хүний иргэншил анх үүсэхээсээ нэг хэсэг нь нөгөөгөө дарлан мөлжиж боолчилдог тогтолцоон дээр буй болсон. Энэ нь нэн эртний Мизопотам, Шар мөрөн, Нил мөрний анхны иргэншлүүдээс эхлээд XVII зуун хүртэл нийтдээ зургаан мянган жил үргэлжилжээ. Байдал Евроазиас алслагдмал Инк, Маяагийн иргэншилд ч адил байсан. Чухам чөлөөт зах зээл л хүнийг чөлөөлж, нийгэм болон хуулийн өмнөх тэгш эрхийг нь тунхагласан. Капитализм бол чөлөөт иргэдийн нийгэм. Хоёрдугаарт, чөлөөт зах зээл нь хэн нэгний зурсан зургаар гэхээсээ нийгмийн хөгжлийн бодит эволюцийн үр дүн юм. Мэдээж энд суут оюунтуудын таамаглал, мөрөөдөл, төсөөлөл урьд нь байсныг үгүйсгээгүй. Иймээс капитализм бол зохиомол биш, жамын нийгэм мөн. Гуравдугаарт, чөлөөт арилжааны нийгэм. Иймээс хүний цаад мөн чанартай таарч байдаг. Үүнийг ялангуяа Адам Смит уг сурвалжаар нь тодорхойлсон. Дөрөвдүгээрт, чөлөөт зах зээл нь эрх чөлөөний нийгэм. Тавдугаарт, нэгэнт эрх чөлөөт иргэдийн зөвшлийн нийгэм учраас өөрийг нь тогтолцоо болон мөн чанарынх нь хувьд шүүмжлэх ямар ч шүүмжийг чөлөөтэй байлгадаг тул өөрөө өөрийгөө засан сайжруулах дотоод бололцоотой аж.

Капитализм нь хүний нийт түүхтэй харьцуулбал тун залуу нийгмийн тогтоц юм. Иймдээ ч маш олон уламжлалт зан заншил, ойлголт, бүтцийг эвдсэн боловч өөрийн нийтлэг шинэ норм, хэм хэмжээг тогтоон уламжлал болгож байгаа. Харин энэ нь ерөөс хүний гэх мөн чанарт харшилж байна уу? Хүний моралийн эсрэг нийгэм мөн үү? Монтэскью, Смит гээд олон оюунтан капитализм болон зах зээлийн нийгмийг хүний моралийг эвдэн сүйтгэхгүй, харин ч бэхжүүлж улам баяжуулна гэж итгэл төгс сургаж байв. 200 жилийн өмнө Самүэль Рикар хэлэхдээ “Арилжаа нь хүмүүсийг бие биенийх нь өмнө үүрэг хариуцлагатай болгож өгдөг. Арилжааны ертөнцөд л хүн илүү сэтгэдэг, үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, хэлсэндээ хүрдэг. Хувь хүн ийм нийгэмд улам их амжилт олохын тулд улам ухаалаг, илүү шудрага байхыг хичээж алдаанаас аль болох зайлсхийнэ. Үгүйдээ л тэд арилжигчиддаа дайсагнасан сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд зан чанарын хувьд илүү эелдэг, найрсаг байх гэж хичээнэ”.

Олон хүн моралийг хариу харахгүй буянлаг, өгөөмөр, тусархаг байхаар хэмждэг тул хариу тус, ирээдүйн ашгаа харсан сайн санааны үйлсийг арилжааны шинжтэй учраас моральгүй гэж үздэг. Ц.Доржготовын нэгэн өгүүллэгт хожим диваажинд очихын тулд өнөөдөр буян хурааж байгаа ламыг шүүмжилсэн байдаг. Ёс суртахууныг ингэж Кант маягаар хэмжих нь нэг талаас дэндүү доголдолтой. Энэ нь хүний цаад мөн чанараас хөндийрсөн хэт өрөөсгөл дүгнэлт юм. Хүн мэдээж илүү цалин мөнгийг нь харж ажилд ордог. Гэхдээ удах тусмаа компани, албан газар, эрхэлж буй ажилдаа дуртай болон илүү цагаар ажиллах, сайн дураараа аль нэг зүйлийг ямар ч шан хөлсгүй хийх нь тун энгийн үзэгдэл. Энийг хүнийрхэхгүй байх, өөриймсөг загнах гэж бид ярьдаг. Хэрэв та найзаасаа юм өргөлцөөд өгөөч гэж гуйхад хариуд нь маргааш гэрийг нь цэвэрлэж өгөхийг шаардвал нөхөрлөл ингээд тасарлаа гэсэн үг. Халтирч унасан хүнийг түшиж босгоод шороо тоосыг нь гөвж өгөнгүүт урдаас тооцоо хийгээд мөнгө сарвайвал олон хүн шууд уурлана.

Бидний гурван үеэрээ туулсан нийгмийн үнэлэмж, моралийн хэмжүүр үнэндээ нэг талаас нь харахад маш хүмүүнлэг юм шиг мөртөө нөгөө талаас нь харахад хүний мөн чанараас дэндүү ангид, тэр утгаараа маш хүмүүнлэг бус ойлголт байж. Хувь хүний аз жаргалыг хамт олны баяр хөөрөөр орлуулах гэсэн туршилт нь сүүлдээ эмгэнэл болж дууссан юм. Хүн бол цаад мөн чанараараа өөрийгөө юун түрүүн боддог байгалийн бодгаль. Нөгөө талаасаа сүрэглэж хамтарч биенийхээ дэмээр болдог нийгмийн амьтан. Үүний нэг талыг нь бүрэн үгүйсгэсэн албадлагын нийгэм нь үнэн хэрэгтээ хувийн тун ч өчүүхэн гэж хэлж болохуйц жижиг эрх ашгийн төлөө бусдын ямар ч үнэ цэнэтэй нийтлэг эрх ашгийг хорлон сүйтгэхэд бэлэн шинэ төрлийн моральтан гарч ирж байгаа юм. Тэд тэрхүү өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд нийгмийн хамгийн том гэгдэх эрх ашгийг барьж аван хамгаалах бамбай болгодог хоёр нүүртэн. Чухам ийм хүмүүс л эх орон, ард түмэн, анги нийгмийн төлөө, гэрэлт ирээдүйн төлөө, хүн төрөлхтний аз жаргалын төлөө сая сая гэмгүй хүний амийг хохироож, айл болгоны, хувь хүн болгоны хувь заяагаар наадсан билээ.

Өдгөө жилд хагас сая монголчууд хилийн дээс алхаж байна. Эдний олон нь уламжлалт зах зээлийн орнуудаар очиж урт богино хугацаагаар ажиглалт хийж байгаа. Мэдээж тэнд хөдөлбөл хөлс гэсэн зарчим үйлчилнэ. Үйлдэл болгоны төлөө мөнгө төлнө. Мөнгөгүй бол амьдралгүй. Гарсан ч орсон ч мөнгө. Эндээс гарах дүгнэлт: мөнгө бүхнийг шийднэ. Харин энэхүү хамаг юмаа мөнгөөр зарчихдаг юм шиг арилжааны нийгмийн цаана ёс суртахууны ямар том тулгуур, хариуцлагын ямар том багана байгааг олж хардаг нь цөөн. Энэхүү том моралийг авч яваа шашин, хууль, уламжлал, зан заншил, хэв маяг, ухамсар, хариуцлага, гэр бүл, нөхөрлөл, хайр гэх асар олон зүйл нь дайраад өнгөрөх “нийгэмжсэн хүний үлдэнгэрт” тэр болгон харагддаггүй, харагдсан ч ойлгогддоггүй. Иймдээ ч ардчилал, эрх чөлөө, чөлөөт худалдаа, зах зээл, тэгш эрх, шудрага ёс гэсэн хүн төрөлхтний хөгжлийн явцад олсон хамгийн ариун нандин зарчим эд мөнгөөр амархан арилжиж борлогддог бараа таваар шиг ойлгогдох аж. Иймээс манай нийгэм дахь ёс суртахууны гэнэтийн хурдацтай уналт нь ардчилал зах зээлийн тогтолцооноос болсон хэрэг биш, тогтолцоог буруу ойлгосон нийгмийн сэтгэлгээнээс үүдэлтэй. Эрх чөлөөг – зодох, танхайрах, тэгш эрхийг – увайгүй жудаггүй загнах, хувийн эрх ашиг гэдгийг – хулгайлах шамшигдуулах хэмжээнд ойлгодгоос манай нийгмийн нэг хэсэг нь үүнд ардчилал, зах зээлийг буруутгадаг бол нөгөө хэсэг нь үүнийг шууд утгаар нь ойлгон найгүй загнадаг. Гурав дахь хэсэг нь нийгмийн энэ төөрөгдлийг ашиглан шударга үнэнийг тогтоогчоор идэвхийлэн ажиллаж буй дүр гарган олны төлөө гэх мөртөө олон түмнийг хохироох замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг, үүнд нь ч буруу ойлголттой нийгэм маань амархан автдаг. Магадгүй энэ нь шилжилтийн нэг гамшиг биз. Шилжилт гэдэг харьцангуй ойлголт, иймээс тогтсон нийгмийн тогтсон ёс суртахуунд хүрэхийн тулд хэд хэдэн үеийг элээх шаардлагатай ч байж болох.

Нийгмийн хөгжлийн явцад буй болсон нэг том ололт бол хувь хүний эрх ашгийг нийгмийн бусад ямар ч эрх ашгаас дээгүүр тавьсан явдал билээ. Энэ санаа Монгол Улсын шинэ Үндсэн хуульд хуульчлагдан тусаад даруй 17 жил болж байна. Улсын, үндэстний, дэлхийн, хотын, компанийн гээд ангилбал үй түмэн эрх ашиг бий. Энэ дотроос ганцхан хувь хүний, магадгүй дараа нь өрх гэрийн эрх ашиг гэдэг л барьцтай, бодитой, ойлгомжтой зүйл байдаг. Бусад “том” эрх ашгууд цаг хугацаа орон зайнаас гадна хэн тодорхойлж байгаагаас хамаараад яаж ч хувирч болдог субьектив шинж чанартай тул “том” эрх ашгийн төлөө үй олон бодит хувийн эрх ашгууд сүйтгэгддэг. Хүн болгонд хувийн эрх ашиг байдаг учраас хэн нь ч үүнийхээ төлөө нөгөөгийнхөө хувийн эрх ашгийг хохироож болохгүй. Энэхүү хувийн эрх ашгийн цаад мөн чанар, логик, утга учир чухам энд бий. Ингэхээр асуудалд тухайн хүн хувийн эрх ашгаа бодсон талаас нь биш, бусдын эрх ашгийг хохироосон талаас нь авч үзэх учиртай. Хэдийгээр хувийн эрх ашиг хамгийн том нь гэж хуульчилсан боловч үүнийг бид маш муухай зүйл гэж үздэг. Мэдээж бурхад биш, хүн юм болохоор хувийн эрх ашгийнхаа төлөө үхэн хатдаг боловч энийгээ маш их нууна. Муухай гээд ойлгочихсон учраас. Ингэхээр л үүнээ далдлах хамгийн сайхан нуувчаар эх орон, ард түмэн хэмээх лоозонг сонгон нохойд барьдаг мод болгоно. Муу тал нь юу вэ? Хувийн эрх ашиг хамгийн том, хамгийн ариун гэдгийг хүлээн зөвшөөрвөл энэ нь ганц хүний биш 2.6 сая хүн тус бүрт хамаарах учир бусдыг хохироохгүй гэсэн санаа нь ил тод болно. 2.6 сая хүний эрх ашгийг бөөндөж хамгаална гэхээр хамгаалагч эх орончийнхоос бусдынх нь ихэнхдээ хохирно.

Яахаараа бид хүн алчихсан эрүүгийн гэмт хэрэгтнийг хувийн эрх ашгаа бодсон гэж ялладаггүй мөртлөө авлига авсан төрийн зүтгэлтнийг хувийн эрх ашгаа нийгмийхээс дээгүүр тавьсан гэж шүүмжилдэг юм бэ? Энэ хоёр хэрэг бусдын эрх ашигт халдсанаараа яг ижил агуулгатай. Харин ч авлигач нь алуурчнаа бодвол илүү олон хүний хувийн эрх ашигт зэрэг халдсан байна шүү дээ. Авлигаа байг гэхэд ард түмэн эх орны нэрийн өмнөөс нийгмийн баялгийг хайр гамгүй үрэн таран хийх, ашиггүй хөрөнгө оруулалт, үр дүнгүй халамж зэрэг нь эрх мэдэлтний зүгээс бусдын эрх ашгийг хохироож байгаа үйлдэл гэдгийг бид ойлгодог болтол, цаашлаад татварт өгдөг мөнгөнийхөө араас “хувийн эрх ашгийн” үүднээс хянадаг, харамладаг, үглэж яншдаг болтол бас л өдий байна. Мах цавчигч, мэс засалч хоёрын ялгааг урлаг гэдэг. Мөн бусдын эрх ашгийг үл хөндөх, бусдын эрх ашгийн төлөө “чөмгөө дундартал зүтгэх” хоёрын ялгааг олж харж чаддаг байх нь ч бас л урлаг. Үүнд юутай ч удаан хугацаагаар суралцдаг бололтой. Ямартаа ч гүн ухаантан Нассау Сэниорын үгийг эшилж энэ өгүүллийг төгсгөе: “Баялаг хайж, мөнгө эргэлдүүлнэ гэдэг нь ёс суртахуунаа дээшлүүлэх аугаа их булаг руу хүн төрөлхтөн хамтаараа тэмүүлнэ гэсэн үг”.

2009.3.30

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн нь Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйл боллоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, С.Зоригийн хэргийг замхруулсан гэсэн. Харин дэд сайд асан Б.Энхбаяр “Засгийн газрын өргөн барьсан төсөлд тийм зүйл байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг гишүүд өөрчилж, хуулийг баталсан” гэж буй. Та өөрчлөөд, баталчихсан юм биш үү?

-Аливаа хуулийг гардаж хийж байгаа нь мэргэжлийн ажлын хэсэг байдаг. Уг дэд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд ахалж, мөн Дээд шүүхийн хоёр шүүгч, Улсын ерөнхий прокурорын орлогч зэрэг хүмүүс орж ажилласан. Ер нь бол дэд ажлын хэсэг нь хуулийг хийдэг. Тэр ажлын хэсэг тухайн хуулиа УИХ-ын өмнө хариуцдаг. Гишүүдийн асуултад тэд хариулдаг. Дээрээс нь УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг гардаг. Уг ажлын хэсэгт Х.Нямбаатар гишүүн болон миний бие орсон. Энэхүү ажлын хэсэг нь гишүүдээс гарч буй албан ёсны саналыг хэлэлцээд хуульдаа тусгах, үгүйг нь шийддэг. Улмаар байнгын хороон дээр санал хурааж шийддэг юм. Хуульд аливаа хийдэл, буруу зөрүү зүйл орсон бол мэргэжлийн ажлын хэсэг хамгийн эхэнд хариуцна. Энэ хуульд орсон өөрчлөлтүүд нь ийм үр дагавартай шүү гэдгийг хэлэх ёстой. Гэтэл Засгийн газраас өргөн бариагүй, УИХ-ын ажлын хэсэг дээр яригдаагүй асуудлыг дэд ажлын хэсэг байнгын хороон дээр хөтлөөд, хариулаад, боловсруулж өгөөд, хулгайгаар УИХ-аар батлуулаад явчихсан. Үүнийг л би хэлээд байгаа юм. С.Зоригийн хэргийн асуудлыг судлаад явж байхдаа хуульд тэрхүү өөрчлөлтийг шургуулчихсаныг мэдсэн.

-Хуулийг баталж байх үед нь та энэ зүйлийг хэлж болоогүй юм уу?

-Хүний эрх ярьж байгаад л бидний саналыг авчих. Цаад зорилго нь авлига, албан тушаалын хэргүүдийг хаацайлах, С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах байж. Ийм зорилготой хуулийн хулгай явчихаж. Тэр үед чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Лүндээжанцан гишүүн “Энэ маш үр дагавартай хууль шүү.

Ямар хэргүүдэд яаж нөлөөлөх вэ” гэх зэргээр мэргэжлийн зүйлүүдийг ярьж байсан байна. Ер нь ч тэгээд энэ хуулийг хэлэлцэхэд хэний ч саналыг авахгүй, тулгаад л, явц дундын нэг санал хураалт болгоод л явуулчихсан. Хуулийн хариуцлагагүй санал хураалтууд явагддагтай л адил юм болсон. Харин энэ үед ажлын дэд хэсгийг ахалсан Б.Энхбаяр алчуураа гаргаж шидэх ёстой байсан юм. Дээд шүүхийн шүүгчид, прокурорын орлогч ч мөн адил юу болоод байгаа талаар тайлбарлаж болох байсан. Гэтэл таг чиг байж. Ганцхан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч “Ш.раднаасэд гишүүний тавьж байгаа асуудал зөв байна. Нэг жилийн ялтай хүн бүх насаараа яллагдагч болох гээд байгаа. Үүнийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд өөрчлөлт оруулснаар шийдэж болно” гэх зүйлийг ярьсан. Хүмүүс ч итгэсэн. Мэргэжлийн хүмүүст, мэргэжлийн ажлын хэсэгт л хүмүүс итгэдэг юм шүү дээ. Тэд бусдыг хөтөлсөн байна. Харин үр дагавар нь өнөөдөр гарч байна. УИХ дээр хуулийн хулгай их гардаг л даа. Түүхэнд олон тохиолдол бий.

-Энэ хуулийн өөрчлөлт хэнд ашигтай байв. О.Баасанхүү гишүүн бол танд ашигтай байсан гээд байгаа шүү дээ.

-Надад яагаад ашигтай байдаг билээ.

-О.Баасанхүү гишүүн таныг “Хэргүүдийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас ингэж шударга дүрд тоглож байна” гэсэн байна лээ.

-Намайг таван жил хонгилоороо оруулаад төрснөөс хойших бүх зүйлийг минь шалгачихсан. АТГ, ТЕГ-ын дарга, бүрэн эрх мэдлийг барьчихсан хонгил намайг нэг бүрчлэн шалгасан. Солонгосын гүтгэлгээс өөр юу ч олоогүй. Тэр нь гурван шатны шүүхээр гүтгэлэг гэдэг нь тогтоогдчихсон. О.Баасанхүү гишүүн дахиад шалгаж байгаа юм гэсэн. Дахиад шалгаасай. О.Баасанхүү гишүүн надтай холбоотой бүх материалыг өг гээд л АТГ гэх мэт байгууллагууд руу дарамталж ярьж байгаа сурагтай байна лээ. Үүнийг би маш зөв гэж бодож байгаа. О.Баасанхүүд их баярлаж байна. Миний нэрийг цэвэрлэж өгөх хамгийн сүүлийн хүн нь О.Баасанхүү байх нь.

Ер нь энэ хуулийн өөрчлөлтийн ард би олон зүйлийг хардаж байгаа. Эрдэнэтийн асуудлаас эхлээд 23 том хэрэг бий. Энэ хэргүүдтэй уяж үзэж байна. Хамгийн гол нь С.Зоригийн хэргийг гэм зэмгүй хүмүүст ял тулгаж шийдчихээд, захиалагч, хамжсан тусалсан, энэ бүхнийг булзааруулсан хүмүүсийг илрүүлэхээс зайлсхийж буй хэрэг. Үүнд их олон хүний сонирхол нийлсэн гэж харж байна. Мөн дээрээс Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч зэрэг нь шинэ гишүүдийг хөтлөөд, өөр юм ярьж байгаад өнөөх санаагаа шургуулчихсан. Гэхдээ хөвөнд боочихсон чулуу байсныг өнөөдөр л ойлгож байгаа. Миний хувьд энэ асуудлыг нэг жилийн өмнөөс л ярьсан. Огт тоохгүй байсан.

-Хөөн хэлэлцэх хугацаанд буцаан өөрчлөлт хийх үү?

-Байнгын хороон дээр тусгайлан шалгаж байгаа. Өргөн баригдаагүй, ажлын хэсгээр яригдаагүй учир энэ бол хууль бус хууль юм. УИХ ч гэсэн алдаагаа засаад хүчингүй болгочих хэрэгтэй. Угтаа бол энэ бүхнийг эрүүгийн хэрэг нээж шалгах ёстой. УИХ-ыг төөрөгдүүлж, хулгай луйврыг хаацайлж байгаа асуудал бол тоглоом биш. Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйлийн нэг. Үүний цаана ял завшсан хүмүүс энэ бүхнийг зохион байгуулсныхаа төлөө ял хүлээх ёстой.

-Таныг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үедээ байгууллагадаа төсвийн мөнгөөр машин авахаар бол “Бодь авто”-оосоо, үүдний харуулаа ч “Бодь секьюрити”-гээсээ гаргаж, гэрээ хийдэг байсан талаар дэд сайд асан Б.Энхбаяр хэлсэн. Энэ үнэн үү?

-Ингэж л гүтгээд байгаа юм. Шүүхдэлцдэг л байх даа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан хүн ингэж ярьж байхаар мэргэжлээ сольсон нь дээр. Энэ бол гутамшиг. Ичиж үхмээр юм. Өөрийгөө УИХ-д нэр дэвших гэж байна гэж бодоод том, том юм яриад байх шиг байна. Эцэст нь ярьсан зүйлдээ бантаад сүйрч байх шиг байна л даа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүн бүх хуулийг хэрэгжүүлдэг. Тийм байж миний гэмт хэрэг хийснийг мэдсэн гээд байгаа юм бол өнөөдөр хэлж байгаагаараа мань эр гэмт хэрэгтэн болох биш үү. Албан тушаалаараа олж авсан мэдээллээ өнөөдөр илчилж байгаа нь ч гэмт хэрэг. Тиймээс энэ хэргүүдийн үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Энэ бол хамгийн инээдтэй асуудал. Одоо ийм юм болгонтой зууралдаад байх маш залхуутай асуудал л даа. Тэрнээс ч айхавтар хэрэгт нь гүтгэгдээд гурван шатны шүүхээр орж яллаа шүү дээ.

-Түр хороо эрүүдэн шүүсэн нийт зургаан өдрийн бичлэгийг үзнэ гэсэн үү?

-Түр хорооны ойрын үед хийх ажлын цар хүрээ маш тодорхой болсон. Эхний ажил маш сайн үр дүнтэй байгаа. Энэ хэрэгт хилсээр шийтгэгдсэн гэж үзэж байгаа Содномдаржаа, Чимэгээ нарыг суллах, хүний эрхийг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Эрүүдэн шүүсэн асуудлаар Хүний эрхийн Үндэсний комиссын дүгнэлтийг гаргуулсан. Эрүүдэн шүүсэн гэдэг нь хүний эрхийн байгууллагаар нотлогдчихлоо, Хууль зүйн байнгын хорооноос энэ дагуу эрхийг нь хангах арга хэмжээ ав гэсэн албан ёсны шийдвэр гарчихлаа. Одоо энэ асуудал Засгийн газар, хууль шүүхийн байгууллагаар үргэлжлээд явна. Энэ бол түр хорооны хийх нэн тэргүүний ажил юм. Улмаар Содномдаржаа, Чимэгээ нарын өмгөөлөгчтэй уулзаж, хуулийн байгууллагуудаас мэдээллийг нь сонсоно. Хамгийн гол нь дэлгэрэнгүй бичлэгүүдийг үзэх юм. Нууцын зэрэглэлд байх 70 хуудас материал, 70 минутын бичлэг бий юм билээ. Эдгээрийг ажлын хэсгийн хүрээнд үзэх ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна.

-“Шинэ нам” байгуулагдсан. Нийгэм та бүхнийг эерэг, сөрөг гээд янз бүрийн байдлаар л хүлээж авч байна. Намынхаа болон шинэ гишүүнийхээ тухай яриач?

-УИХ-ын гишүүнийг улс төрийн намын гишүүнчлэлгүй болгох нөхцөл бүрдүүлсэн. Бид олон жил гишүүнээр нь байж, намаа дэмжин хэдэнтээ суудалтай болгож байлаа. Намын гишүүнчлэлээсээ хасна гэдэг бол улс төрийн замналаа дуусга гэсэн үг л дээ. Гэхдээ дүнг нь сонгогчид л тавина. Тиймдээ ч бид хуулиар хүлээсэн үүрэг, өөрсдийнхөө улс төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлж сонгогчдодоо тайлангаа тавьж, дүнгээ тавиулах ёстой. Энэ хүрээнд МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдлийн байгууллагууд, иргэд, тэмцэгчид тавьсан зорилгоо ажил хэрэг болгохын төлөө улс төрийн цоо шинэ хүчин зохион байгуулах ажилд орсон. Үүнийг Ж.Батзандан гишүүн бид хоёр дэмжээд нэгдээд явж байгаа. Мөн С.Жавхлан гишүүн дэмжлээ. Ямартаа ч УИХ-д гурван суудалтай улс төрийн хүчин Монголын түүхэнд анх удаа мэндэлж байна. Үүнийг хэн ч өөрийнхөө өнцгөөр юу гэж ч харж болно. Гэхдээ улс төрийн хууль бол маш хатуу. Тоглоомын дүрэм маш ойлгомжтой. Тодруулбал, сонгууль л байдаг. Бидний тавьж буй зорилт, тэмцэл ард түмний эрх ашиг, сонирхолд нийцэж байгаа бол тэд дэмжинэ. Дэмжихгүй бол бид буруу байж. Ердөө л ийм. Энэ бол улстөрч хүний хувь заяа. Бид маш тодорхой зорилтуудын төлөө тэмцэж байгаа. Баялаг, газраа ард түмэндээ өгөх, нийгэмд шударга ёсны тогтолцоог хэвшүүлэх улс төрийн сонголтын төлөө эцсээ хүртэл явна.

-Шинэ нам ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-Эхний ээлжинд хорио цээртэй байсан Баян-Өлгий аймгаас бусад бүх аймгуудаар явчихаад ирлээ. Цаг нь болохоор Баян-Өлгий аймагт ажиллах болно. Энэ долоо хоногт бүх дүүргүүдэд очсон. Бүх, дүүрэг аймагт энэ улс төрийн шинэ хүчний нэгж, бүтэц бий болчихлоо. Өөрийн гэсэн дэмжигчидтэй ч болсон. Харин одоо үндэсний хэмжээний Их хурлаа хийх, Дээд шүүхэд бүртгүүлэх зэрэг ажлууд үлдээд байна.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн баталлаа. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчсөн явдал боллоо гэж байна. Та энэ хуулийг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Захиргааны хэргийн шүүх дээр иргэн хүн очоод ялаад байгаа юм байхгүй. Дандаа хувийн компани ялдаг шүүх шүү дээ. Төр, иргэд үргэлж ялагддаг. Захиргааны шүүхийг шударга шүүдэг болгохын тулд том реформ хийх хэрэгтэй. Харин энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт ганцхан зүйлд хамаарч байгаа юм. УИХ-ын шийдвэрийн дагуу гэж л заасан. УИХ-ын шийдвэр бол хууль шүү дээ. Тиймдээ ч хамгийн дээр УИХ байх ёстой биз. Гэтэл УИХ-ын дээр Захиргааны шүүх байгаад байна. Эрдэнэт, Монголросцветмент гээд Монголын баялгийн 60 хувь бүрэлддэг энэ хоёр компанийг өнөөдөр хувьд, хулгайд алдчихсан. УИХ нь хуралдаад энэ бүхэн ард түмнийх байх ёстой, Үндсэн хууль хэрэгжих ёстой гэж үзсэн. Цэц ч УИХ-ын шийдвэр зөв байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх өнөөх шийдвэрийг нь үгүйсгэчихэж байгаа юм. Тухайн хувийн компанийх нь ажилтан байсан хүн Захиргааны хэргийн шүүгч болчихсон УИХ болоод Цэцийн шийдвэрийг үгүйсгэсэн. Гурван шатны шүүхийн шийдвэрийг өнөөх хувийн компанийнхаа талд гаргасан. УИХ, Засгийн газар, Цэц хэрэггүй, ганцхан Захиргааны хэргийн шүүхэд өөрийн компанийн ажилтныг хахуулиар тавьчихад болох нь л дээ. Монгол Улсын бүх зүйлийн эзэн нь тэр болчихож байгаа юм.

Ер нь өнөөдөр ямар иргэн Захиргааны шүүхэд хандаад өмч хөрөнгөө олоод авчихсан юм бэ. Тийм юм байхгүй шүү дээ.

Намайг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар очиход агентлаг 60 хэрэг дээр Захиргааны шүүхэд ялагдсан байсан. Бүгд лицензийн маргаан байсан юм. Би ажлаа аваад нэг ч хэрэг дээр ялагдаж үзээгүй. Төрөө төлөөлөөд хуульчдаа оруулахад ялагдахгүй. Харин хүчээр ялагдахдаа хүрвэл хүн нь ирэхгүй байхад, чимээгүй суухад л болдог гэж байгаа юм. Ийм л байгууллага болгочихсон юм аа.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Гэрээг өөрчилнө гэхээр ямар ч компани хөрөнгө оруулалтаа нэн даруй зогсооно

Эдийн засагч Ч.Хашчулуунтай Оюу толгой ордыг тойрсон асуудлаар ярилцлаа.


-Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсэг шалгалтын дүнг гишүүдэд танилцуулахаар зэхэж байна. Монгол Улсын эдийн засагт нөлөө бүхий ордыг хэлэлцэж байгаа энэ үед эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн түрүүнд эдийн засгийн ач холбогдлыг ярих нь чухал байх. Манай улсад сүүлийн 30 жил нэг ч томоохон төсөл шинээр хэрэгжиж байгаагүй. Ийм үед Оюу толгойн гэрээг батлаад, уулын баяжуулах үйлдвэр шинээр байгуулсан. Засийн экспортыг гурав дахин нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмжээг өсгөх, 11 мянган ажлын байрыг бий болгох нэлээд ач холбогдолтой үйл явц юм. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш нүүрсний салбар болон бусад салбарын эдийн засгийн хувьд өндөр ач холбогдол бий болж, Монгол Улс 2009 оны эдийн засгийн маш хүнд хямралаас богино хугацаанд гарч чадсан. Одоо бол улсын төсвийн орлого маш их нэмэгдсэн. Энд татварын орлого ч гэсэн байгаа. Нийтдээ Монголын эдийн засагт 6-8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдлээ. Эдийн засаг сайн тэллээ. Энэ бол сайн үр дүнгүүд. Гэрээ хэлцлийг хийхдээ юуны өмнө бидний анх тавьж байсан зорилго буюу Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, орон нутгийг хөгжүүлэх том зорилтууд биелээд явж байгааг хэлэх нь зүйтэй.

Аж ахуйн нэгж ашгийн төлөө байгаа гэдгийг манайх ойлгох хэрэгтэй. Монгол Улсад ч гэсэн энэ хөрөнгө оруулалт ашигтай байгаа. Хоёрт,мэдээж газрын гүнд байгаа их нөөц Монголын нөөц мөн. энэ нөөцийг тэр гүнээс гаргаж ирээд боловсруулж, баяжуулаад зах зээл дээр гаргаж борлуулах нь үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. 1980-аад онд манайд оросууд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг байгуулсны дараа Эрдэнэтийн баялаг зах зээл дээр гарсан. Түүнтэй адил. Оюу толгойн баялаг газрын гүнд байж л байсан бол татварын орлого эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй. Эдийн засгийн эргэлтэд маш богино хугацаанд оруулж, бодит хувь нэмэр оруулж байгаа талаас нь хөрөнгө оруулагчийн гаргасан чармайлтыг илүү үнэлэх ёстой байх.

-Гэхдээ бас Монголын тал ч асуудлаа ярих ёстой юу?

-Ийм асуудлыг хэлэлцэх нь буруу зүйл биш байх. Монгол Улс өөрөө хувьцаа эзэмшигч учраас төслийн явцад хяналт тавих, өөрийн саналыг хэлэх бүрэн бололцоотой. Тэр талаас ойлгох нь зөв. УИХ-ын гишүүд зөв хандлагатай байна лээ. Төслийг зогсоох тухай яриа байхгүй. Харин цааш боловсронгуй болгох, сайжруулах талаар хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Аль, аль талынхаа ойлголтоор зохицоод явах ёстой.

-“Оюу толгой”-н гэрээг бид олон талаас нь хөндөж байгаа асуудлын хариуд “Рио тинто” компани далд уурхайн санхүүжилтийг зогсоох тухай саяхан мэдэгдсэн?

-Бид хөрөнгө оруулагчийн байдлыг бас ойлгох хэрэгтэй. Гадаадын банкуудаас олон тэрбум ам.доллар зээлчихсэн. Түүнээс гадна Монголд хөрөнгө оруулалт хийхдээ гэрээг үндэслэсэн. Гэрээ нь манай Ашигт малтмалын хуультай нийцэж байгаа. Гэрээг үндэслээд гүний ажлын маш том бүтээн байгуулалтыг явуулж байна. Энэ үед гэрээг өөрчилнө гэж ярих бол хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгдэнэ. Тэр талаас нь хэлэх ёстойгоо хэлж байна гэж үзэж байна.

Манайх бол гэрээг нийтээрээ чухал зүйл биш, алдаа гарвал өөрчилж бодлог гэж ойлгоод байна. Бизнесийн ухаанаар бол гэрээ бүх юмны үндэс суурь болдог. Гэрээг зөрчвөл манай улс өөрөө ч гэсэн торгууль төлдөг гашуун туршлагыг эрх биш мэдсэн. Уран дээр ялагдаад төлбөрт орчихсон байгаа. Стандарт банкин дээр 40 сая ам.доллар төлж байж харьцангуй жижиг асуудлаас салсан. Харин энд бол олон тэрбум ам.долларын асуудал яригдана. Хариуцлагагүй хандвал эдийн засгаа өсгөх биш бүр унагаагаад, дээр нь олон тэрбум ам.долларын төлбөрт орчих юм бол хүнд асуудалд орно гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй.

Тэгэхээр эргээд сайжруулах зүйл дээр ярилцаж болно. Зарчмын юмнуудаа хөдөлгөх нь маш аюултай. Олон улсын гэрээ учраас олон улсын шүүхээр л шийдэгдэнэ. Хөрөнгө оруулагч талын хэлж байгаа зүйлийг тусгах нь зөв байх. Тэр бол өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байгаа байдал.

-Оюу толгой ордын үнэ цэнийг эдийн засаг талаас нь та бүхэн ингэж тайларлаж байна. Тэгвэл энгийн иргэдийн хувьд, зарим хүмүүс Оюу толгойг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулдаг. Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд том хот байгуулаад болсон. Түүнээс илүү ашигтай ажилладаг Оюу толгой яагаад хот байгуулж болохгүй байна вэ гэх хүмүүс байна. Эдийн засгийн талаас энэ хардлага зөв үү?

-Оюу толгой дээр зориудаар хүмүүс тоглож байгаа байдал их ажиглагддаг. Хүмүүсийн толгойг төөрөгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг уур амьсгалыг бий болгох гэж хичээж, түүгээрээ сонгогдох сонирхол бий. Одоогийн Эрдэнэтэд бол 1980-аад онд бүтээн байгуулалт явагдсан. Тэр үед дөнгөж үйлдвэр ашиглалтад орж, экспорт эхэлж байсан. Тэр үеийн гэрээг аваад үзэхээр Монголд нэг их орлого оруулдаггүй байдал харагдаж байсан. Аливаа том бүтээн байгуулалт, ялангуяа уул уурхайн салбарт эхлээд үйлдвэр, дэд бүтцээ барьж байж экспорт, борлуулалт эхэлдэг. Тэгээд зардлаа нөхөх хугацаа хэдэн жилээр хэмжигддэг. Оюу толгой ч ялгаагүй, Эрдэнэтийн 70, 80-аад онтой адилхан эхэлж байна. Үйлдвэр ашиглалтад ороод дөнгөж таван жил болж байна. Гүний уурхай ашиглалтад ороогүй байна. Дөнгөж бүтээн байгуулалт нь эхэлж байгаа үед “Та нар энэ ашиггүй байна” гэж шүүмжлэх нь утгагүй. Одоохондоо ашигтай ажиллах болоогүй байна. Гэхдээ л Монгол Улсад 20 гаруй тэрбум ам.долларын татварыг төлчихсөн. 11 мянган хүнийг ажилтай, 900 монгол компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.

-Хотын тухайд?

-Хотын тухай яриа бол тусдаа ойлголт. Манайх хот байгуулах нь уурхайн үүрэг гэдэг ойлголттой болчихсон. Үнэн хэрэгтээ энэ бол хуучин социализмын үеийн сэтгэлгээ. Уурхайн дэргэд хот байгуулах практик нь туйлын буруу. Оросууд бол тэр алдаагаа 90-ээд онд ойлгочихсон. Оросоор бол үүнийг “моногород” гэж хэлдэг. Ганцхан орлогын эх үүсвэртэй, тэгээд уурхай нь өөрийн настай. Нөөц нь дуусахаар ажил нь дуусна. Тэгэхэд дэргэд нь байгуулсан хот тэр чигээр үхмэл болдог. Үхмэл хөрөнгө болоод хүмүүс нь ажилгүй, хот нь орлогогүй, эдийн засгийн хүнд байдалд ордог түүхтэй. Манайд бол үүний хамгийн тод жишээ бол Налайх. Одоо Налайхыг сэргээх гэж олон талаар оролдож байна. Гэвч гол нүүрсний нөөц нь дуусчихсан. Эрдэнэтийн хувь заяа ч гэсэн үүнтэй адил. Нөөцийн хэмжээг нь бага багаар уртасгаад л байна. 20 орчим жилийн нөөц байгаа байх. Тэр нөөц дуусвал Эрдэнэт хотынхон яаж амьдрах вэ, хүмүүс нь ямар цалинтай байх вэ, хаана ажиллах, сургууль эмнэлгийг хэн тэтгэх талаар огт яригдахгүй байгаа. Гэтэл энэ чинь тулчихаад байгаа асуудлын нэг. Тун удахгүй ийм асуудал гарч ирнэ. Тэгэхээр Эрдэнэтээ яахаа мэдэхгүй байж дахиад Оюу толгойн ордод хот байгуулах юм бол хойч үедээ шийдэх ёстой асуудлууд нэмнэ.

Хот байгуулахад үлэмж их зардал гарна. Үлэмж зардал чинь төслийн ашгийг улам л багасгана. Зардлыг улам нэмэгдүүлнэ. Манай талаас хэлэлцээр хийгээд зардлыг улам багасгах гэж оролддог гэж ойлгож байгаа. Эсрэгээр түүн дээр илүү том зардал гаргаад хот байгуул гэх юм бол манай улсын хувьд ашиг орлого улам л багасна гэсэн үг. Монгол Улсын хувьд ирээдүй багатай говь газар хот байгуулах нь чухал уу, эсвэл өөр салбаруудаа хөгжүүлж, ард түмний орлогыг нэмэгдүүлээд боловсруулах үйлдвэрүүд байгуулах нь чухал уу.

Харин Ханбогд сум байна. Аажмаар хөгжиж байгаа. Ханбогд дээр дэд бүтэц, цахилгаан, зам сайжирсан. Олон улсын нислэгтэй болсон. Хотын статустай болгоход энүүхэнд байна. Үнэхээр хот хүсээд байгаа бол Ханбогдыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. “Оюу толгой” компаниас мөнгө гаргаад орон нутгийг хөгжүүлээд явж байна. Жилд бараг хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Тэгэхээр аливаа зүйлийг бодитойгоор харж хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Хэрэв нөхцөл байдал энэ чигээр үргэлжилж, Рио тинто далд уурхайн санхүүжилтээ зогсоовол яах вэ?

-Гүний уурхай олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Гэрээг өөрчилнө гэхээр ямар ч хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа нэн даруй зогсооно. Дахиж илүү алдагдал хүлээхийг хүсэхгүй. Гэрээг өөрчилбөл бүх юм тодорхойгүй болно. Компани бизнесийн хуулиар нэн даруй ажлаа зогсоогоод бүх зардлаа хумьж эхэлнэ. Мэдээж болзошгүй алдагдлаас өөрийгөө сэргийлнэ. Манай талд эдийн засгийн хувьд маш том цохилт болно. 11 мянган хүн ажилгүй болно гэдэг цаана нь байгаа 55 мянган хүний амьжиргаа алдагдана. Тэр олон ажилгүйчүүдийг хаана, юугаар тэжээх вэ. Ханган нийлүүлэгч компаниудыг хаашаа оруулах вэ. Татварын орлого маш ихээр тасарна. Энэ жил зэсээс нэг их наяд төгрөг олно гэж тооцож байгаа. Тэр орлого болно.

Нэгэнт том хөрөнгө оруулалт дээр манай талаас хариуцлагагүй хандаад байвал дараа нь манайд хөрөнгө оруулах нэг ч хүн олдохгүй байх. Яахав, Хятад, Оросын Засгийн бодлогоор хөрөнгө оруулалт явагдах байх. Тэр нь манай нөхцөлд харш л болох юм. Хоёр хөршөөс хараат байдалд ороод Засгийн газруудаас нь мөнгө аваад байвал яг үнэн хэрэгтээ Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө. Гуравдагч орны, ил тод засаглалтай компанитай хамтран ажиллах нь манай сонирхолд илүү нийцнэ.

2008, 2009 оны маш хүнд хямралын үед “Оюу толгой” компанийн зүгээс хөрөнгө оруулалт хийсэн. Том уурхай ашиглалтад оруулбал манай зэсийн экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ, татварын орлого ч өснө. Хоёр гуравхан жилийн дараа үр дүнг нь харчих гээд байна. Хүнээр байшин бариулчихаад хоёрхон хадаас дутуу байхад нураагаад, дахиж барина гэж ярьж болохгүй.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 08-нд болох үйл явдал

08.30 цагт “Новотел” зочид буудалд “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд болно.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99237173

09.00 цагт Мөрдөн байцаах албанд “Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус, хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь” зөвлөгөөн болно.

09.00 цагт Монголбанкинд “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийн хаалтын ёслол болно.

09.00 цагт “Барилгын хөгжлийн төв”-д “Бохир ус урьдчилсан цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 80189929, 88010867

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт “UBH” төвд Монгол Улсын Органик бүтээгдэхүүний барааны тэмдэгийг хэрэглэх “Органик хөгжил” хамтын баталгаажуулалтын байгууллагын гишүүдийн тангараг өргөх ёслол болно. Утас 94004324

10.00 цагт Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэн байгуулсны 94 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Харвардын их сургуулийн профессор Такэучи Хиротака “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншина.

10.00 цагт МУЗН-ийн байранд Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагад шагнал гардуулна. Утас: 80077114

11.40 цагт “Интерном” номын их дэлгүүрт МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт болно.

12.00 цагт Нийслэлийн 126 дугаар цэцэрлэгт “Өргөө” амаржих газрын эх баригч нар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахад эх баригч бидний оролцоо” аяны хандивыг хүлээлгэн өгнө. Утас: 99096685, 99002474

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Байгаль орчны салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэд томоохон компаниудын хууль зөрчсөн үйлдлийг зогсоох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандан мэдэгдэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Судлаач Д.Ганхуяг: Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн

-ХЭНТИЙ АЙМАГТ НӨХӨН СОНГУУЛЬ ХИЙХ НЬ ХЭНД Ч АШИГГҮЙ-

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж судлаач Д.Ганхуяг үзээд байгаа. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлаар хандаад байна. Түүнтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол хууль бус гэж та үзэж байгаа юм билээ. Яг ямар хуулийн заалт зөрчсөн юм бэ?

-Хүүхдийн зохиол байдаг шдээ. Ялаа яагаад заан болсон бэ гээд үлгэртэй адилхан зүйл болсон юм. Маш жижигхэн асуудал явсаар байгаад том зүйл болон хувирсан. Бүр сүүлдээ Үндсэн хууль, парламентын дархлааг байхгүй болгосон хогийн асуудал болон хувирсан. Нэг буруу шийдвэр гаргасан бол дараа нь засахгүй өнгөрч болохгүй. Буруу шийдвэр гаргаснаас болж дараа нь олон буруу шийдвэрийг гаргах болдог. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэх асуудал гарсан. Хэвлэлээр бүтэн жил гаруйн хугацаанд “балбасан”. Үүний дараа Д.Гантулга өргөдлөө өгсөн. Түүний УИХ-д өгсөн өргөдөл маш сайн өргөдөл. Д.Гантулга би чөлөөлөгдөж байгаад шалгуулъя гэсэн утга агуулгатай. Хамгийн сайн жишээ энэ байхгүй юу. Манайд хэн өөрөө өргөдлөө өгөөд шалгуулж байсан юм бэ. Нэг талаараа түүний гаргасан шийдвэр сайн талтай. Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол буруу шийдвэр гэдгийг тухайн үед би мэдэж байсан. Гол нь шүүхийн байгууллага үнэн зөвийг олох байх гэж найдаад өнөөдрийг хүртэл чимээгүй суугаад байсан хэрэг. Шүүх хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах байсан. Нэгдүгээрт, хүүхэн хүчиндсэн байна. Д.Гантулга буруутай гээд шийтгэх. Эсвэл гэм буруугүй байна гэж үзээд цагаатгах. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш хоёр жил, Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш нэг жил болж байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдээгүй байна. Бүр сүүлдээ түүний холбогдсон хэрэг онигоотой зүйл болон хувирчихсан. Нөгөө холбогдсон хэрэг чинь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст нэг хүүхэн өргөдөл гаргаад Д.Гантулга найзын хамт намайг хүчиндэх гэж оролдсон гэх гомдол гаргасан. Өмнөх хүчиндсэн гэх хэрэг нь алга болоод дараагийн хэрэг гараад ирсэн. Сүүлдээ Д.Гантулгыг сайн байна уу гэсэн хүүхэн л намайг хүчиндсэн гэдэг болчихсон байна. Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, улмаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн Улсын Их хурлын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Энэ шийдвэрийг гаргасны дараа УИХ нөхөн сонгуулийг зарлахдаа хэргийн шийдлийг харж байж зарлах ёстой байсан. Нөхөн сонгуулийг хэргийн шийдлийг харалгүй зарласан нь бүр хууль зөрчсөн асуудал болон хувирсан. Үүнээс болоод маш буруу жишиг тогтох гээд байна. Одоо дурын УИХ-ын гишүүнийг дарамталж, гэр бүлийг нь ямар нэгэн асуудалд оролцуулж байгаад өргөдлийг нь өгүүлж болно. Өргөдлийг нь өгөнгүүт УИХ хүлээж аваад чөлөөлчихдөг. Энэ чинь улс төрийн хүчний харилцаа өөрчлөгдөх аймшигтай үр дагавар болон хувирч байна. Би хэрэв энэ жишгээр асуудал шийднэ гэвэл арав гаруй УИХ-ын гишүүнийг чөлөөлүүлж чадна.

-Үндсэн хуулийн Цэцэд хандсан талаараа тодорхой ярихгүй юу?

-Улсын Их хурлын гишүүн нь нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, Ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллахаар төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн улс төрийн албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх бөгөөд энгийн төрийн албан хаагчийн нэгэн адил хүссэн үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байдаг онцлогтой.

Тийм ч учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их хурлын гишүүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байна.

6.6.1. Нас барсан;

6.6.3. Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.4. Хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.5. Үндсэн хуулийн Цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.6. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан зэрэг болно.

Д.Гантулга нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад“гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэж заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй байна. Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрбээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

Хуулийн зохицуулалтаас үзвэл гишүүн хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байх бөгөөд Улсын Их Хурлын зүгээс хүсэлтийг хүлээн авахдаа хүндэтгэн үзэх шалтгаан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон онцгой нөхцөл байдал бий болсон эсэхийг тодруулж, тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Гэсэн атал энэ талаар тодруулалгүй, хуульд заасан үндэслэлгүй хүсэлтийг хүлээж авах ёсгүй хүсэлтийг шууд хүлээн авч, тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Долдугаар зүйлийн нэг дэх хэсэг “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр, … бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн нь халдашгүй байдаг бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг эхлээд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эргүүлэн татна. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд зохицуулах журамтай байхад хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад өөрийн хүсэлтийн дагуу гэх хуульд байхгүй үндэслэлээр чөлөөлсөн нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байгаа юм.

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг чанд баримтлан, зөвхөн хуулиар тодорхойлсон, хуульд заасан хүрээ хязгаарын дотор, гагцхүү хуульд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн хууль дээдлэх ёсны зарчмыг баримтлалгүй, хуульд үндэслээгүй 49 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл, ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах Улсын Их Хурлын гишүүнийг хуульд заасан үндэслэлээр бус, харин өөрсдийн үзэмжээр хуулийг тайлбарлан, чөлөөлсөн гэдэг нь тодорхой болчихоод байгаа юм. Ингээд л Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрог төлөөлөлгүй нэг жил болж байна гээд байгаа шүү дээ?

Дараагийн асуудал нөхөн сонгууль. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахын тулд улсын төсвөөс 280 гаруй сая төгрөг зарцуулна гээд байгаа. Дээрээс нь арав гаруй нам, хувь хүн сонгуульд оролцохоор маш их мөнгө дэмий үрэгдэх болчихоод байна. Парламентын засаглалаа сайжруулж, бэхжүүлэх ёстой гээд л төр барьж байгаа улстөрчид орилолдоод байгаа. Тэгсэн мөртлөө дурын гишүүнийг сугалж аваад чөлөөлөөд байж болохгүй биз дээ. Би парламентын засаглалд дургүй хүмүүсийн нэг. Гэхдээ хэн ч байсан аятайхан тогтвортой байгаасай гэж хүснэ. Ярих нь ондоо, хийх нь өөр байж болохгүй. Нөхөн сонгууль хийх ямар ч шаардлага байхгүй. Нэг жилийн дараа үндсэн УИХ-ын сонгууль болох гэж байна. Нэр дэвших гэж байгаа хүмүүс жоом шиг гүйж байна шүү дээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог УИХ-д төлөөлөл байхгүй. Төлөөлөл байхгүй нэг ч өдөр байж болохгүй гэсэн яриа гараад байгаа. Энэ шал худлаа гудамжны хэллэг. УИХ-ын гишүүд ард түмний элч гэж явдаг болохоос нэр дэвшиж гарсан тойргийнхоо элч биш. Зарчим өөр асуудал шүү дээ. Яг үнэндээ 42 дугаар тойргийн иргэд УИХ-д манайх төлөөлөлгүй болчихлоо. Үхлээ хатлаа гэсэн зүйл огт байхгүй шдээ. Цөөн хэдэн хүн ийм хэллэг гаргаж ирээд шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй дураараа загнаад байна. Асуудлын гол нь энд байна. Миний дургүй хүрээд байгаа юм. Нөхөн сонгууль хийх цаг зав, мөнгөтэй юм.

-Нөхөн сонгууль явуулснаар МАН, АН зэрэг намуудад ямар нэгэн ашиг хонжоо байгаа юм уу?

– Нэг жилийн дотор аль нэг намын гишүүн УИХ-ын гишүүнээр ажиллахад ямар ч ашиг хонжоо байхгүй. МАН одоогоор 64 суудалтай байгаа. МАН 64 суудалтай байна уу, 65 байна уу чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй. Ардчилсан нам нэг суудал аваад зөвлөл гэсэн утгагүй зүйлээ бүлэг болгож чадахгүй. Нэг хүн УИХ-ын гишүүн болсон ч дахиад нэг хүн дутна. Хуулийн, улс төрийн ямар ч ашиг байхгүй. Хэнд ч ашиггүй, эдийн засгийн хохиролтой нөхөн сонгууль хийгээд яах юм. Үүнийг би тооцоолж үзээд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан юм. Минийхээр хамгийн зөв гарц нь Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээр буцаагаад тавьчих. Хэнд ч гай болохгүй. Хэдхэн сарын дараа сонгууль эхлэх гээд байхад нөхөн сонгууль хийх хамгийн тэнэг харагдана.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ёс суртахууны тулгуур багана” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ёс суртахууны тулгуур багана” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт “А.Ундраа: Хэр найдвартай зээлдэгч вэ гэдгийг харж “Итгэлийн зээл” олгох тухай ярьж байгаа” хэмээн ярьсан байна.

“Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор 4-5 хүн авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ шалгаж байна” гэж “Улс төр” нүүрт бичжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилж, 500 гаруй хүүхэд далд хэлбэрийн халдвар авсан нь оношлогджээ” хэмээн өгүүлжээ.

“Өд,бэх” нүүрт “Х.Хангайсайхан: Надад ч бас ном хаан ширээнээс үнэтэй” хэмээн ярив.

“Өдрийн сурвалжлага” нүүрт “Ч.Улаан: Нөөцийн махыг худалдаанд гаргаснаар махны үнэ тогтворжино” хэмээн ярьсан байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт “Гэн Шуан: Амжилтад хүртлээ хэлэлцээг үргэлжлүүлнэ” хэмээн бичсэн байна.

“Улаан сарнай” бүжгийн студийн үүсгэн байгуулагч, “Улаан сарнай” бүжгийн хамтлагийн багш, дасгалжуулагч Б.Мөнх- Очир: “Улаан сарнай” хамтлаг спорт бүжгийн эхлэлийг Монголд анх тавьсан хэмээн “Соёл, урлаг” нүүрт ярьжээ.

“НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст: Монголд хоёр сэтгүүлч тутмын нэгнийх нь гэр бүлийг сүрдүүлсэн байсан” гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

Энэ тухайгаа “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв.

ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино.

Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байна.

Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй.

Түүнчлэн бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Олон Улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудыг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй.

Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна. Үүнд:

Нэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд:

  1. Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, 5 хувийн татвартай болгосон. Үүний хүрээнд “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний баримт бичиг”-ийн 5.5 дахь заалтын дагуу олон улсаас зээлсэн 4.2 тэрбум ам.долларын зээлийн төлбөрт “Оюутолгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх бүх төрлийн төлбөр “хүүгийн орлоготой адилтгах” орлогод тооцогдож, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулиар ногдуулах 20 хувийн татвар 5 хувь болох бөгөөд энэ нь үүсэж болох ноцтой үр дагаваруудын нэг юм.
  1. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд олон улсын жишгийн дагуу тусгагдан зохицуулагдсан байгаа “Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулан, хүүгийн зардлын хязгаарлалтыг сулруулсан, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын “хүүгийн зардал хэлбэрээр ашгийг гадагш зувчуулж байгаа” үйл ажиллагааг хуулиар дэмжиж дотоодын татварын орлогын суурийг хумигдуулсан. Үүний хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн татварын тайлангаарх алдагдал их хэмжээгээр өсөж, манай улсын ногдол ашиг авах хугацаа дахин хэдэн арван жилээр хойшлох сөрөг үр дагаварт хүрэхээр байна.
  1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилж, нэмүү өртөг үүсгэхгүйгээр уул уурхайн салбараас хууль бус ашиг олох үйл ажиллагааг хуулиар дэмжсэн.
  1. Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан нь тухайн компаниудад татварын зардлыг давхардуулах замаар татвараас зайлсхийх боломжийг олгож, татварын бүртгэлийг энгийн болгох, тайлангийн хугацааг цөөлөх, тайлагналын системийг хялбаршуулах зэрэг хуулийн шинэчлэлийн зорилгыг гажуудуулан, төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр бууруулахад хүргэхээр байна.
  1. Арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулахаар зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулж, уг татварыг 2 дахин бууруулж 5 хувь болгосон. Дэлхийн жишигт байхгүй өндөр хүүтэй зээл олгож, Монгол Улсын эдийн засгийн салбарт хамгийн өндөр ашиг олж байгаа арилжааны банкуудын татварыг бууруулах бодлого баримталсан хирнээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамтыг татварын бодлогоор бууруулахад чиглэсэн, оновчтой зөв шийдлийг тусгаж чадаагүй байна.
  1. Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд татварын хялбаршуулсан горимын дагуу жилд нэг удаа татварын тайлан гаргах бол хуульд заасан бүх төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болохоос гадна гадаад улсад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасагдуулах эрхгүй болох зохицуулалт тусгасан. Энэ нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг тунхагласан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад нийцэхгүйгээс гадна “татварыг үл давхардуулан ногдуулах” зарчмыг тунхагласан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон НҮБ-ын 1977 оны Татварын загвар гэрээний 23 дугаар зүйлийг ноцтой зөрчинө. Түүнчлэн энэ зохицуулалтаар борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд “хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчийн албан татварыг Улаанбаатар хотоос 500 км-ээс хол бол 50 хувиар, 1000 км-ээс хол бол 90 хувиар хөнгөлөх хөнгөлөлт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулсан, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, сүү, тахианы мах, махан бүтээгдэхүүн ба дотоодод шинээр инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн зэрэг тохиолдолд олгох” албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна.

Хоёр. Татварын ерөнхий хуульд:

  1. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт нийцэхгүй бөгөөд “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх” иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, хязгаарласан шинжтэй байна.
  1. Төлөөгүй эсхүл үндэслэлгүй хураасан татварт тооцох алдангийн хэмжээг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалах, дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх, татвар төлөгчид сануулах байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авах, зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, хүсэлтийн маягт, зөвлөмжийн маягт, зөвлөмжийг хүчингүй болгох, олон нийтэд мэдээлэх, татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг буцаан олгох зориулалттай дансыг хөтлөх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон журмуудыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан бөгөөд үүний хүрээнд өмнө нь Засгийн газраас шийдвэрлэж ирсэн зарим асуудлыг Сангийн сайдад шилжүүлж, нэг албан тушаалтанд эрх мэдлийг хэтэрхий төвлөрүүлсэн гэж үзэж болохоор байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” нь Засгийн газрын нийтлэг чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрхийн нэг байхаар хуульчилсан бол Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх… үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх…” гэж заасан. Татвар төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаагаар болон шууд гэрээгээр зарах, тээврийн хэрэгслийнх нь хөдөлгөөнийг хязгаарлах, татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг буцаан олгох зэрэг ажиллагаа нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөх тул холбогдох журмуудыг зөвхөн Сангийн сайд батлах нь учир дутагдалтай байна.
  1. Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан нь татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх ноцтой үр дагаварт хүргэхээр байна. Тухайлбал шүүхийн шийдвэргүйгээр хэрэгжүүлэх татварын албаны өр хураах үйл ажиллагааны цар хүрээ хэт өргөссөн, маргаан таслах зөвлөлийн эрх мэдэл, ашиг сонирхлоор асуудлыг шийдвэрлэх боломж нэмэгдсэн, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргах эрхийг тусгайлан олгосон зэрэг нягталбал зохих асуудал нилээдгүй тусгагдсан байгаа юм. Эдгээрээс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад олгосон “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргах” эрхийн хүрээнд үүсэх хүндрэл, хууль зүйн зөрчлийг жишээ болгож, тухайлан тайлбарлавал, Хууль тогтоомжийн тухай хуулиар “хуулийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих” шаардлага тавьсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” нь Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Иймд зөвлөмж нэртэйгээр “хууль хэрэгжүүлэх”-тэй холбогдсон тайлбар өгөх /гаргах/ эрхийг “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга”-д улам дэлгэрүүлэн олгож байгаа нь хуульд нийцэхгүй юм. Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн баримт бичгийн дагуу Оюутолгой ХХК-д татварын илт давуу байдал олгож, ийм төрлийн эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг үйлдсэн нь хуулийн байгууллагаар шалгагдаж буйг анхаарах шаардлагатай.
  1. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Татварын ерөнхий хуульд татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар зохицуулсныг 4 жил болгосон нь ач холбогдол, үр дагаврын хувьд ойлгомжгүй, иргэд олон нийтэд хардлага төрүүлэхээр байна.
  1. Татварыг аливаа авлагаас түрүүлж гаргуулах, түүнчлэн татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд өр үүссэн хуулийн хугацаанаас нэг жилийн өмнөх өдрөөс хойш хугацаанд тухайн өртэй татвар төлөгчтэй иргэний эрх зүйн харилцаанд орсон этгээдийг татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байхаар хуульчилсан нь Иргэний хуульд заасан өмчийн болон гэрээний эрх зүйн зохицуулалтад нийцэхгүй гэж үзэж болохоор байгаа тул нягтлан хэлэлцэх зайлшгүй шаардлага үүсэхээр байна.
  1. Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцна гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн “…Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан энэ дарааллыг алдагдуулах нь татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнг бууруулах, авлига хээл хахуулийн суурийг бэхжүүлэх болон иргэн, хуулийн этгээдийн хувьд захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлоо авч чадахгүйд хүрч мэдэх сөрөг үр дагавар үүсэхээр байна.

Гурав. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд:

  1. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд орлогын татвар төлөгчдийг аль болохоор өөрийн улсын байнга оршин суугч татвар төлөгч хэвээр байлгах, гадаадын өндөр орлого бүхий хүмүүсийг байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгэх болон татварыг нь улсдаа үлдээхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд манай улс ч энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинээр орсон 5.3.2 дахь заалт болон 5.4 дэх хэсэг нь уг бодлогын эсрэг гэж үзэж болохоор зохицуулалт болжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр заалтыг ашиглан “гадаадын болон дотоодын компани хооронд байгуулсан гэрээнд Монголд ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний цалинг бүхэлд нь эсвэл 50-иас дээш хувийг нь гадаадын компаниас олгох заалт оруулах, тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний ажил, амралтын хугацааг оновчтой болгох шийдлээр халхавчлан үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад байх хугацааг 183 хоногоос бага байхаар зохицуулсан /ингэж зохицуулах боломжтой/ тохиолдолд ялангуяа оршин суугч бус татвар төлөгчдөөс Монгол Улс татвар авч чадахгүй болох нөхцөл бүрдсэн байна. 2018 онд оршин суугч бус татвар төлөгчдийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогын хэмжээ 150.0 гаруй тэрбум төгрөгт хүрч, түүнээс 30.0 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрсөн байна. Түүнчлэн Орлого ба хөрөнгийн татварын загвар конвенци болон Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газартай байгуулсан Давхар татварын гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтын а-д “Байнга амьдардаг орон гэр нь хэлэлцэн тохирогч аль улсад байгаагаар нь тэр улсад байнга оршин суугч гэж тооцно. Хэрэв хувь этгээд нь хэлэлцэн тохирогч 2 улсын аль алинд нь байнга амьдардаг орон гэртэй бол Хэлэлцэн тохирогч аль улсад түүний хувийн ба эдийн засгийн харилцаа (язгуур эрх ашгийн төв) нь илүү ойр дөт байгаагаар нь тэндхийн байнга оршин суугч гэж тооцно” гэж заасан байдаг бөгөөд хувийн ба эдийн засгийн харилцаа (язгуур эрх ашгийн төв) гэдэгт тухайн хүний гэр бүл ба нийгмийн харилцаа, ажил эрхлэлт, улс төрийн, соёлын буюу бусад үйл ажиллагаа, түүний аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг газар, өмч хөрөнгөө захиран зарцуулдаг газар зэргийг хамааруулан үздэг болно. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээ /Давхар татварын 26 гэрээ/-нд ийнхүү заасан байтал Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд байнга оршин суугчийг тодорхойлох гол шалгуур болсон “орон байртай байх” шалгуурыг хасаж, хэлэлцэн тохирогч 2 улсад “орон байртай байх” байх тохиолдолд хэрэглэдэг хувийн ба эдийн засгийн харилцаа (язгуур эрх ашгийн төв) шалгуурын нэг болох “ажил эрхлэлт, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг газар”-тай холбоотойгоор бий болдог албан татвар ногдох орлогын 50 болон түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байх асуудлыг байнга оршин суугчийг тодорхойлох гол шалгуур болгосон нь олон улсад хүлээн зөвшөөрч мөрддөг зарчмыг гажуудуулсан эрх зүйн зохицуулалт болсон байна.

Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох нэг гол шалгуур болсон “Монгол Улсад оршин суух байртай” байх шалгуур байхгүй болсонтой холбоотойгоор гадаадад олон жил амьдарч байгаад эх орондоо суурьшин амьдрахаар эргэж ирсэн Монгол Улсад оршин суух байртай Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгэн адил 20 хувиар татвар төлөх шаардлагатай тулгарч болохыг анхаарах нь зүйтэй юм.

  1. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн агуулгад анхаарч, оршин суугч бус татвар төлөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суусан хугацааг түүний Монгол Улсын хилээр анх орж ирсэн өдрөөс эхлэн 183 дахь өдөр хүртэл, байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суусан хугацааг Монгол Улсад оршин суусан 183 дахь өдрөөс хойш тоолж албан татвар ногдуулах хугацааг тодорхойлох зохицуулалтыг хуульд оруулж өгөх шаардлагатай байна.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.