Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс ОХУ-ын Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуультай эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зорилгоор хамтран ажиллах протоколыг байгууллаа.

Хамтран ажиллах протоколд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, Красноярскийн Хөдөө аж ахуйн Улсын их сургуулийн дэд захирал П.Л.Бопп нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр туршлага солилцох, шинжлэх ухааны судалгааны чиг үүрэг, хөгжлийн сэдэвчилсэн асуудлаар зөвлөлдөх уулзалт, семинар, бага хурал зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Сайншандад газрын тосны үйлдвэр барих гэрээ байгууллаа

Энэтхэг Монгол Улстай газрын тос боловсруулах үйлдвэр барих гэрээ байгууллаа. Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай ажээ.

Уг төслийг Энэтхэгийн зүгээс нээсэн нэг тэрбум долларын зээлийн шугамын хүрээнд “Exim” банк санхүүжүүлэх болсон байна.

Монгол Улс нь БНХАУ-тай хөрш боловч ЗХУ-тай улс төрийн түүхэн холбоотой орон юм. Харин Энэтхэг нь Монголын гуравдагч хөрш бөгөөд хоёр орныг холбодог бас нэгэн хүчин зүйл нь буддын шашин билээ. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлах үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг талууд анхлан баталсан байна.

Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны мэдэгдэлд, “энэхүү төсөл нь Монголыг эрчим хүчний хараат бус байдлын эрин үеийг эхлүүлээд зогсохгүй эдийн засгийн шинэ боломж бололцоог бий болгож, Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн бүтцийг баяжуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх юм” гэж дурджээ.

Мөн Монголын эдийн засгийг өргөжүүлж, тус улсын эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд үр нөлөөгөө үзүүлэх энэхүү үйлдвэрийн түүхий эдийг Монголын газрын тосны ордуудаас дамжуулах хоолойгоор татах болно гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Зүүн чиглэлийн зарим аймгийн замыг хаалаа

Зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэлийн орон нутгууд руу зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр эдгээр байнгын хороод хуралдана


1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан;

– “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

– “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;

– “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;

•Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох,

– Бусад

Categories
гадаад мэдээ

Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй байсан гэв

Путин Помпео зурган илэрцүүд

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Сочи хотод хийсэн яриа хэлэлцээгээ үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

В.Путин болон түүний бодлогод та урьдын адил шүүмжлэлтэй хандаж байна уу хэмээх сэтгүүлчийн асуултад М.Помпео хариулахдаа, “Бид АНУ, ОХУ хоорондын харилцаа болон цаашид энэ харилцааг хамтдаа хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэж байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш юм. Бид ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно. Тэд ч мөн ашиг сонирхлоо хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийхийг зорьж байгаа” гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар ОХУ-д анх удаа айлчилсан М.Помпеогийн В.Путинтэй хийсэн яриа хэлэлцээ 1 цаг 30 минут орчим үргэлжилжээ. Талууд Сири дэх сөргөлдөөн, Ираны асуудал зэрэг олон улсын асуудал болоод “Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путиний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй байгаа уулзалтын талаар хэлэлцсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан юм.

Цаашид айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй бөгөөд дээрх шийдвэр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх нь айл өрхүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс түлдэг байсан нэг өрх хоёр дахин бага сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байна. 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон 1000 орчим цэгээр борлуулж эхэллээ. Түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзэж байна.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь богино хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Үүнтэй зэрэгцэн иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг мөн давхар хэрэгжүүлж байна.

Нийслэлийн түүхий нүүрсний жилийн хэрэглээ жилд 1.2 сая тонн бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар АТГ-ын удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай өчигдөр уулзаж, тус газрын үйл ажиллагаатай танилцав.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдрийн байдлаар 41.000 орчим төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлига албан тушаалын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн зорилгоо болгож байна хэмээн З.Дашдаваа онцлоод, авлигын нөхцөл амаргүй байгаа ч бид төрийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах болно гэлээ.

Авлигатай тэмцэх газрын удирдлагаас эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэд хэдэн санал танилцуулав. Тухайлбал, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг дуулгаад, гомдол мэдээлэл их ирдэг, шалгах хэргийн тоо олон байгаатай холбоотойгоор Мөрдөн шалгах хэлтэс, мөрдөгчдийн ачаалал эрс нэмэгдсэн ч орон тоо өөрчлөгдөөгүй хэвээр байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийгмийн тэгш бус байдал газар авч, шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзэл эрчээ авч байгаа нь зөвхөн Монголыг төдийгүй дэлхий дахиныг хамарсан үйл явц болж байна. Авлигаас ангижрах, урьдчилан сэргийлэх, албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг, түүний дотор олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шударгаар шийдвэрлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт та бүхэнд итгэж байна гэлээ. Түүнчлэн авлига авсныг илрүүлж шийтгэхээс илүү авахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажил та бүхний гол зорилго. Тиймээс соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатай гэж онцоллоо.

Тэрээр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй байлгах, ажилтнуудын хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр боловсруулж буй Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг тус газрынханд өгөөд “Төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх ёстой, хэрхэн зөрчигддөг, яаж сэргийлбэл зохилтойг хамгийн сайн мэдэх хүмүүс бол та нар. Тиймээс хуулийн төсөлд саналыг тань авахаар тусгайлан өгч байгаа юм. Хэлэлцэж, санал бодлоо нэгтгээд, ойрын үед Улсын Их Хуралд ирүүлэх хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгөв. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа хуулийн зүйл, заалтын талаарх саналаа Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлэхийг даалгав.

Categories
мэдээ улс-төр

Томуугийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрэх аюултайг анхааруулж байна гэв

Томуугийн зөвлөлдөх уулзалт болж байна. Зөвлөлдөх уулзалтын талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-гийн Номхон далайн баруун бүсийн зөвлөх ирж Монголын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг томуу, томуу төст өвчин гэж дүгнэж байна. Энд зөвхөн эрүүл мэндийн салбарын бус мэргэжлийн хяналт, боловсролын салбарынхан оролцож байнан Томуу дэгдсэн үед бус урьдчилж бэлтгэлээ хангах ёстой. Томуугийн дэгдэлтийн үед 977 оронд 1700 хүүхэд хэвтэж байлаа. Тэр үед бусад эмнэлгээс ор гаргаж, арга хэмжээ авч байлаа. ДЭМБ-ийн зөвлөхийн танилцуулгаас “Томуу томуу төст өвчин жил бүр дэгдэх нь тодорхой байгаа. Цар тахлын хэмжээнд очих нь тодорхой байгаа. Тэр дундаа амьтны гаралтай томуугийн вирус үүсэх магадлал өндөр учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Ус, цахилгааны салбарт ажилладаг хүмүүс томуугийн цар тахалд өртвөл асуудал үүснэ” гэж цоо шинэ зөвлөмжийг өгч, анхааруулж байна. Томуугийн дэгдэлтийг дан ганц ЭМЯ хариуцах бус бүх салбарынхан бэлэн байх ёстой. Сүүлийн хоёр удаагийн томуугийн дэгдэлтийн үед салбар хоорондын уялдаа хангалтгүй байсан. Эрүүл мэндийн салбарын хийж байгаа тандалт, дүгнэлт дээр үндэслэн сургуулийн амралтыг шийдэх нь илүү үр дүнтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр

гэр бүлийн өдөр зурган илэрцүүд

Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг дэлхий нийтээр 1994 оноос, манай улс 2003 оноос тэмдэглэж ирсэн юм. Тухайн онд УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм. Энэ уламжлалаар өнөөдөр “21 зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсын “Улаанбаатар” их сургууль, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангадаг болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэгээр нөлөөлдөгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтад 40 гаруй алба хаагч хамрагдлаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилгоор танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нарын нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хууль, дүрэм, журамтай танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг ярилцаж, харилцан туршлага солилцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.