Categories
мэдээ спорт

Д.Саруултөгс ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа

Д.Саруултөгс ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа

БНХАУ-ын Бээжин хотод пара хөнгөн атлетикийн Ази тивийн Гран-при тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд зээрэнцэг шидэлтийн төрлөөр оролцсон Монгол улсын пара үндэсний шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс хүрэл медаль хүртлэ. Тэрбээр энэхүү амжилтаараа ирэх арваннэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират улсад болох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Пара хөнгөн атлетикийн Ази тивийн Гран-при тэмцээнд Монгол улсаас зургаан тамирчин оролцож өндөр амжилт гаргажээ. Мэдээллийг эргэн хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хуруугаа тасдуулсан охинд мэс засал хийжээ

Долоон настай охин 51 настай нагац ахдаа хуруугаа тасдуулсан хэрэг гарсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн.

Охин өчигдөр орой 23.00 цагийн үед ГССҮТ-д хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тайрагдсан, халуун усанд гуя нь түлэгдсэн байдалтай хүргэгдэн иржээ. Баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс заслыг яаралтай хийсэн бөгөөд гурван хуруу нь сэргэх магадлал 80-90 хувьтай байгаа гэнэ. Хурц ирмэгтэй зүйлээр тасалсан учир хуруу сэргэх магадлалтай. Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн аж.

Охины эмчилгээг хагалгааны дараа Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлын нээлт боллоо

“Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлын нээлтийн ёслол өнөөдөр ХХААХҮЯ-ны байранд боллоо.

Нээлтийн ёслолд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, МХЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, НХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Р.Ундармаа, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, ХАА-н Ирээдүй Виртуал Тинк Танк байгууллагын Судлаач Кевин Галлагхер, ХААИС –ийн Агроэкологийн сургуулийн профессор багш Д.Ундармаа нар оролцов.

Монголд төдийгүй дэлхий нийтэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдсаар байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч, аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна. Иймд дэлхийн улс орны Засгийн газруудын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд органик үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлж байна. Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал ХБНГУ-ын ХАА-н Сайд Клокнер 2030 он гэхэд хөдөө аж ахуйн эдэлбэр газрынхаа 20 хувийг органик технологид нэвтрүүлэхээр зорилт тавиад байгаа аж.

Манай улсын хувьд “Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлыг 2 үндсэн чиглэлээр зохион байгуулна. Нэгдүгээрт сургалт сурталчилгааны ажлууд хийнэ. Тодруулбал, органик хүнсний талаар ерөнхий ойлголт, ашиг тус, мөн буруу шошголсон хуурамч органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн мэдэгдлийг ашигласан бараа бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу авах арга хэмжээний талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчилах юм. Мөн “Органик хүнс, тэдгээрийн үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд, органик хүнсний салбарын эрх зүй, хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалт” сэдвээр 8-10удаагийн сургалт зохион байгуулах, гадаадын экспертийг урьж ажиллуулахаар төлөвлөжээ.

2017 оны эхний байдлаар дэлхийн 87 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд дэлхийн 179 улсын 2.4 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 50,9 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 81.6 их наяд ам.долларын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Нэг хүнд ногдох органик бүтээгдэхүүний хэрэглээ жилд 11.1 доллар байгаа нь 1999 онтой харьцуулахад 4.4 дахин өссөн байна

Дээрх дотоод болон гадаад нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн УИХ, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны 4 сард, мөн 2018 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайдын А-09, А-180 тушаалаар нийт 4 журам, 1 аргачлал, 1 жагсаалтыг тус тус баталсан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “…Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ…” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд үр дүн өгч байна. Хэдийгээр органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн ч хүндрэлүүд байгаа аж.

Тухайлбал, малчид, тариаланчид органик арга, зарчмын талаар, мэдлэг мэдээлэл хомс, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ хүрэхгүй байна, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг дутмаг, “Органик” гэсэн үгийн маркетингийн үнэ цэнийг ашиглан, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн мэдэгдлийг хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал түгээмэл байна. Мөн баталгаажуулалтын байгууллага төлөвшөөгүйгээс өнөөдөр нэг ч дотоодын бүтээгдэхүүнийг баталгаажуулж, ХХААХҮЯ бүртгэн, зах зээлд нийлүүлээгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Вьетнамын гадаад худалдааг 70 сая ам.долларт хүргэх боломжтой

Монгол, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын гадаад худалдааны эргэлтийг 2020 онд 70 сая ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг давуулан биелүүлэх боломжийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар өнөөдөр болсон “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулав.

Монгол, БНСВУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг угтан зохион байгуулж буй энэхүү хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улс БНСВУ-тай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрхзүйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирснийг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцолж байв. Үүнээс хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хамгийн олон жилийн түүхтэй бөгөөд одоо ч эрчимтэй хөгжиж буй юм. Тодруулбал, 1955-1975 онд болсон социалист улс орнуудаар дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ тэргүүтэй капиталист орнуудын дэмжлэг авсан Өмнөд Вьетнам байлдсан. Тухайн үед Монгол Улс социалист Вьетнамыг дэмжиж, 200 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож байжээ. Харин Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа буюу 1993 онд Вьетнам улсаас 200 мянган ам.долларын хүнсний тусламж илгээснийг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Цэрэнлхам илтгэлдээ дурдсан юм.

Хоёр орны хамтын ажиллагаанд хамгийн сул хөгжиж буй нь худалдаа, эдийн засгийн салбар юм. Энэхүү салбарыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүн шууд нислэгтэй болох шаардлагатай гэдгийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар дурдлаа.

Тэрбээр, “2013 оноос өмнө Монгол Улс БНСВУ-аас цагаан самар, хатаасан жимс, давсалсан ногоо импортоор авдаг байсан. Харин 2013-2018 онд импортын бүтээгдэхүүний нэр төрөл цагаан будаа, угаалгын нунтаг, гоо сайхны бараагаар өргөжсөн юм. Гэсэн хэдий ч Монгол, БНСВУ 2018 онд 60 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн нь хангалтгүй үзүүлэлт. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зөвхөн хувийн хэвшлийн байгууллагууд ажиллах хангалтгүй. Үүнд төр, засгийн дэмжлэг хэрэгтэй. 2016 онд БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилсан. Энэ үеэрээ БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад мах, арьс, шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, эмийн ургамал тарих чиглэлд хамтран ажиллах санал тавьж байсан юм. Үүнийг одоо ажил хэрэг болгох хэрэгтэй. Мөн үеэр БНСВУ-ын нислэгийн компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Тэгэхээр хоёр орны төрийн байгууллагууд шууд нислэгийн шугам нээхэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр далайн гаралтай бүтээгдэхүүнээс эхлээд түргэн мууддаг бүтээгдэхүүнийг шуурхай авах боломж бүрдэнэ. Цаашдаа БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шаардлагыг хангах, татвар төлөхөөс эхлээд асуудлуудыг бүрэн шийдэх юм. Монгол, БНСВУ-ын Засгийн газраас хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 70 сая ам.долларт хүргэх зорин ажиллаж байгаа. Хэрэв шууд нислэгтэй бол энэ зорилтыг давуулан биелүүлэх ч боломжтой” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Тост, Тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-өөс шаардлага гаргав

Тост, тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Коэл Транс” компанийн талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.05.15/ хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Тус хуралд “Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-ийг санаачлагчид болох Ардын жүжигчин, соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй Өмнөговь аймгийн уугуул иргэд оролцож “Саусгоби коэл транс” компанитай холбоотой шинэ баримт дэлгэлээ. Тэд уг газар нутагт үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Тост, Тосон бумбын нурууны хувьд хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс газар орныг нэрлэж ирсэн нэршил нь тухайн газар нутагт агуулж байгаа, орчин цагийн технологиор судлагдан батлагдсан эрдэс, баялагтай харилцан хамаарал бүхий агуулгатай юм. Энэ нь манай өвөг дээдэс чанад далдыг таньж мэдэх, үр хойчдоо өвлүүлэх гэсэн монгол ухааны гайхамшиг билээ. Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт 308 км, Гурвантэс сумаас баруун тийш 40 км, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог Говийн Алтайн нурууны салбар, Алтайн нурууны зүүн төгсгөл болох Тостын нуруу юм. Нутгийн иргэдийн үе дамжин тахиж, шүтэж ирсэн Тост, Тосон Бумбын нуруунд Монгол орны улаан номонд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай говь хээрийн бүсэд ховорт тооцогдох баялаг нөөц, шим тэжээл бүхий нутаг юм. Дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн идээшин амьдардаг, өндөр нягтаршилтай цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын дүгнэлтээр дэлхийд цоохор ирвэсний амьдрах сүүлчийн орон зай, онцгой орчин гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Тийм ч учраас Де Нэйчэ Консерванси Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийж хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай газрын тоонд Тост, Тосон Бумбын нуруу орсон байна.

Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээ байна. Үүнд ашиглалтын 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК, үлдсэн ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл бүхий 16361,72 га талбай болон хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га талбайн хамт нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК, харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг долоон ААН, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 ААН, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг нэг ААН тус тус эзэмшиж байгаа гэсэн тойм мэдээлэл энэ хурлыг зохион байгуулагчдад байгаа аж. Тус уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Мөн Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар ч энд багтжээ. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцдаг байгаль экологийн онцлог бүс юм. Иймээс уг нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг. Энэ бүхэн өнөөдөр уул уурхайн ашиглалтын явцад ширгэх, устаж үгүй болох бодит аюул тулгараад байгаа аж.

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2016 оны 3 дугаар сарын 28-нд өргөн барьж батлан гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоон 896000 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

“Харин Э.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газрын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн зааг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га байхаар тогтоосон байдаг. Уг тогтоолуудаар тус газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ нэмэгдэж байгаа гэж танилцуулж байсан юм. Засгийн газраас гарсан энэ тогтоолын үр дүнд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтад байх газар нутгийн хэмжээ өмнө тогтоосноос багассан асуудал яригдах болсоор хариултгүй өнөөг хүрлээ.

Өнөөдөр Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарч уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан бидний нүдэн дээр дайжин хорогдож байна. Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногоор манай нутаг торлогдох болов. Байгаль орчинд үүсээд байгаа энэ хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал хариулт нэхэж байна” гэв.

“Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бус мэдээлэл бидэнд байна. Үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн тоон баримт бий. Бид энэ тоо баримтыг дахин нягталж байна. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нуруунд том ачаа боллоо. УИХ, Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтанд авагдсан Тост,Тосон бумбын нуруу орчмыг талхлан сүйтгэж байгаа гол эзэн тус компани юм. “Саусгоби коэл транс” ХХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж байна. Иймд төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэнд хандан шаардлага хүргүүлж байна” хэмээн онцлов.

Categories
гадаад мэдээ

GOT-ын найруулагчид “Оддын дайн”-ы дараагийн ангийг хийнэ

Хаан сэнтийн тоглоом” цувралыг бүтээсэн найруулагч Дэвид Бениофф, Дэниел Бретт Уайсс нар ирэх 2022 онд дэлгэцнээ гарах “Оддын дайн” киноны дараагийн ангийг хийхээр болжээ.

Энэ тухай “Walt Disney” компанийн захирал Роберт Айгерын хэлснийг “Variety” сэтгүүл иш татан мэдээлжээ. “Хаан сэнтийн тоглоом” цуврал киног бүтээснээрээ алдартай Дэвид Бениофф, Дэн Уайсс нартай бид гэрээ байгуулсан” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Сонирхуулахад, “Оддын дайн” киноны есдүгээр анги буюу “Star Wars: The Rise of Skywalker” кино энэ онд дэлгэцнээ гарах юм.

Categories
гадаад мэдээ

Филиппинд тавдугаар сарын13-нд парламентын сонгууль болж өндөрлөжээ

Филиппинд тавдугаар сарын13-нд парламентын сонгууль болж өндөрлөжээ. Минданао арал дээр болсон сонгуулийн үеэр улс төрийн хүчний хооронд маргаан үүсч, нударга зөрүүлсэн байна. Уг хэрэг Ланао-дель-сур мужийн Марантагийн Баконг сургуулийн байранд байрлах сонгуулийн штаб дээр болжээ. Ажиглагчдын үзэж буйгаар энэ удаагийн сонгуульд ерөнхийлөгч Родриго Дутертег ялалт байгуулах магадлал өндөр аж.

Categories
мэдээ нийгэм

Консерваторийн хамт олонд дуулгасан таатай мэдээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр (2019.05.15) Монгол Улсын Консерватори (Хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

1937 онд Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй анх байгуулагдаж байсан Хөгжим бүжгийн коллежийг 2017 онд ангилал ахиулж, Консерватори болгосон юм.

Бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй дээд сургууль болгох ажлын хүрээнд хийсэн ажлуудаа захирал Ц.Пүрэвхүү, дэд захирал Ш.Ариунаа нар танилцуулж, бүрэлдэхүүний дөрөв болон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд уулзалтад оролцов.

Танилцуулга уулзалтын дараа Консерваторийн дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн зарим анги, бүжиг, тоглолтын танхимуудаар орлоо.

Консерваторийн хувьд корпус гурван байртай. Хичээлийн хуучин байр нь 1962 онд баригдсан бол сурагчдын байр, гал тогооны хэсэг нь 1967 онд ашиглалтад оржээ. Цаашид гал тогооны хэсгийг буулгаж, оронд нь Олон улсын циркийн сургууль болон сурагч, оюутнуудын дотуур байрны цогцолбор байгуулах ажлын зургаа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн дотуур байранд 76 сурагч, оюутан амьдарч байна. Дотуур байрны нөхцөл муугаас гадна бүтэн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байгаа нь үнэхээр чамлалттай гэдгийг санхүүгийн ажилтнууд нь учирлаж байлаа.

Консерваторийн хувьд сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг нь хөгжмийн зэмсэгүүд байдаг онцлогтой. Сургалтын хэрэглэгдэхүүн, ерөнхий боловсролын сургуулийн ширээ, сандалын хүрэлцээ хангалтгүй байгаа нь анхаарах асуудлын нэг ажээ.

Сайдууд нөхцөл байдалтай танилцаад Консерваторийн дотуур байрны барилга болон сургалтын хэрэглэгдэхүүний төсвийг ирэх оны төсөвт суулгах боломжтой гэж үзлээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп твиттертээ НАСА-д 1.6 тэрбум ам.доллар нэмж олгох шийдвэр гаргасан тухайгаа жиргэжээ

Сар, Ангараг гаригийг эзэмшихэд зориулж, НАСА-д 1.6 тэрбум ам.доллар нэмж олгох шийдвэр гаргасан тухай АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп твиттертээ жиргэжээ. НАСА-гийн захирал Жим Брайденстайн “Энэ нь НАСА-г урагш ахиж, дахин нэг эрэгтэй, анхны эмэгтэйг Сар руу илгээхэд шаардлагатай тусламж юм. Ерөнхийлөгч Дональд Трампад баярлалаа” гэжээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин, Р.Т.Эрдоган нар өнгөрсөн даваа гаригт утсаар холбогджээ

Орос, Туркийн удирдагчид болох В.Путин, Р.Т.Эрдоган нар өнгөрсөн даваа гаригт утсаар холбогджээ. Хоёр орны ерөнхийлөгчид Сирийн Идлиб мужийн цэрэггүй бүсэд гал зогсоох дэглэмийг зөрчиж байгаа тухай санал бодлоо солилцсон талаар Кремлийн хэвлэлийн албанаас онцолжээ. Туркийн талын санаачилгаар В.Путин, Р.Т.Эрдоган нар утсаар холбогдсон юм байна.