Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай

-ФЕЛЬЕТОН-

Монголчууд хүний эд юмыг хэлэлгүй авдаг хүнийг хулгайч гэх боловч, мал хулгайлдаг хүнийг “сайн эр” гэдэг. Мал хулгайлдаггүй эр хүнийг “муу эр” гэдэггүй ч гэсэн “сайн эр”-д бол яасан ч тооцохгүй жишээний. Сайн эр буюу олон жил тасралтгүй малын хулгайгаар амжилттай “занимаалсан” хүмүүстээ хөшөө босгодог уламжлалтай. Харин олон хулгайч барьсан цагдаагийн хөшөө гэж байдаггүй нь нэгийг өгүүлэх мэт.

Монголын “эс өгсөн малыг ологчид” өөрсдийн гэсэн сүлд дуутай байсан ба тэрхүү алдарт бүтээлд:

Гучин гурван шарга адуу (эс өгснийг авснаас)

Гурваас бусад нь усан тэлмэн жороо…

…Танай заяа дийлбэл

Тал дотор гүйцээрэй

Манай заяа дийлбэл

МанАн будан татаарай… хэмээн өгүүлэх ажгуу.

Их төлөв сайн эрсээс бүрдсэн “Ман-Ан” эвсэл өнөө засгийн эрх барьж байгаа нь бас л хоёрыг өгүүлэх мэт ээ.

Шилийн сайн эрсийн бизнесийг ивээдэг гэх нэгэн овоонд монгол эрчүүд юмыг яаж мэдэхэв, тааралдсан хүүхнүүд “нэгэн сайн эр явж байна” гэж бодох юм билүү гэх маягаар очиж мөргөх нь элбэг. Ялангуяа Цагаан сараар тэдний дотор төрийн албан хаагчид олноороо байдаг нь АТГ-ын анхаарлыг их татдаг гэх. Хүчний байгууллагынхны дунд тарсан цуурхлаар бол, АТГ-аас Шилийн Богд орох замд камер байрлуулж, хүслээ шивнэдэг овоонд нь микрофон нуусан гэх.

Домогт өгүүлдгээр, хуучин цагийн сайн эрчүүд хулгайлсан малаа тарааж, ядуурлыг бууруулах ажил хийдэг байж. Харин шинэ цагийн сайн эрс ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс хусдаг болсон гэх. Иймээс ядуурлыг бууруулах бүх хөтөлбөр өөрөө ядуураад хаагдсан авай.

Одоо, монголчуудын хулгай хөгжлийн шинэ шатанд гарсан бахдам амжилтаас ярина аа. Өвөг дээдэс нь адуу хулгайлан хошуу алгасч давхидаг байсан бол цог жавхлант үр ач нь тив алгасуулан хүн хулгайлж,даяаршлын бизнест амжилттай хөл тавьсан билээ.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, саяхан Туркүүд сайн эрсийн эх оронд сайн эрийн явдлаар явах гээд жаахан баарсан явдал болов. Тэд өмнө нь Казахстан, Косовогаас амжилттайгаар хүн хулгайлсандаа эрдэж, “нэгэн амсгаагаар сайн эр болов” гэж бардсан уу,“чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр биднийг гэртээ сэрэмжгүй хэмээн бодсон уу, аль ч талаас нь харсан гоомой явдал гаргав.

Монголчууд хуучны малын хулгайн “кэйс”-үүдийг үлгэр домог болгон хэлэлцээр ирсэн бол өнөөгийн хүний хулгайн хэргээр бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлдөг заншилтай. Өөрсдөө хүн хулгайлбал хэрэг явдал өрнөсний дараа олон нийтээрээ хэлэлцэн дүн тавьдаг. Харин Турк сургуулийн захирал Вэйсэл Акчайг хулгайлж буй үйл явдлыг газар дээр нь шүүн хэлэлцэж, “хулгайлж байгаа хэсэг нь тааруу байна”, “хулгайдаа унадаг халиун жэт нь тэр мөн ”, “хүнийг ингэж хулгайлдаггүй л байхгүй юу” гэхчлэн санал нэмэрлэн, анализ хийж байлаа.

Эцсийн эцэст Туркүүдийн хийж буй хүний хулгайд муу дүн тавьж, шүүлгийн дэвтэрт нь “үл тооцов” хэмээн тэмдэглээд, олонхын саналаар хулгайг цуцалсан байна.

Дараа нь хулгайлагдсан Акчайгийн инээсэн зурагтай сэтгэгдэл,Туркийн элчингийн инээмсэглэсэн зурагтай ярилцлага цуврав. Туркүүд ээ гэж, нүүрний баясгалантай улс юм аа. Алуулангаа алдаж байхдаа ч малийгаад л, ажил нь нурж байсан ч малийгаад л…зүгээр ч юм уу?

Туркүүд “хүн хулгайлаагүй” хэмээн мэдэгдэв, дараа нь манайхан “нийлж хулгайлаагүй” хэмээн мэтгэв. Тэдний үгэнд үнэмших юм бол Акчай гуай өөрөө өөрийгөө хулгайлсан болж таараад байна. Мань хүн өөрийгээ ховсдон “ажилдаа явна” гэрээсээ гаргаад, дараа нь өөрийгөө эзэнгүй машинд хүчээр чихээд, тэр машинаа хүчээр өөрийг нь явуулаад, хүлээстэй чигээрээ машинаа бариад онгоц буудал ороод, орой нь өөрийгөө хүчээр сулласан шиг байгаа юм. Бас тэр мөрөөрөө явсан Туркийн тагнуулын онгоцыг хэрхэн яаж Улаанбаатарт хүчээр буулгасан нь бөөн оньсого. Монголжсон турк хүн л ийм юм хийдэг юм байлгүй. Магадгүй, хүн өөрөө өөрийгөө амжилтгүй хулгайлсан анхны тохиолдол энэ болох байх.

Харин дэлхий даяараа Монголыг бахдаж энэ талаар эгнэх өөр улс байхгүйн тухайд санал нийлсэн гэх. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд “ Бен Ладеныг америкчууд өөрснөө хулгайлсан нь эргэлзээтэй. Монголчуудыг хөлсөлсөн байх” гэсэн таамаг дэвшүүлээд эхэлж. ОУВС-ынхан ч эдийн засгаа тогтворжуулах, төгрөгийн ханш уналтыг зогсоох гэхчлэнгийн үл бүтэх юм ярьж байхаар “чаддаг юмаараа дагна “гэж зөвлөсөн сурагтай.

Манай тагнуулын газар “ийм, тийм нэр бүхий террористуудыг олоод аваад ирээч” гэхчлэнгийн гадаад захиалгад дарагдаж байгаа сураг байна.

Монголчууд бид ч юу чадахаа ойлгоод эхэлж байх шиг. Ойлгоод эхэлсэн учраас амьдрал нь дорхноо сайжирч эхэлж.

Жишээлэхэд, саяны гарсан хүний хулгайг хууль зүйн сайд Ц.Нямдорж гуай өөрөө мэдсэн нь ард олны бахадлыг төрүүлэв. Хөөрхий ядуу сайд маань гэртээ зурагтгүй учраас тээр жил Намбарын Энхбаярыг АТГ-аас хулгайлж байхад мэдээгүй өнгөрсөн түүхтэй. Харин амьдрал нь дэвжээд аминдаа зурагтай болсон учраас л турк сургуулийн захирлыг хулгайлах ажлыг үзэж мэдсэн хэрэг.

Цаашдаа манай Хууль зүйн сайд олон олон гэмт хэргийг зурагтын мэдээгээр тухай тухайд үзэж мэдэх нь дамжиггүй болов. Үүнд нь урамшсан Ерөнхий сайд “Монголчууд баяжиж байна, хоёр жилийн дараа улам баян болно” гэсэн мэдэгдэл хийжээ. Бодвол, Нямдорж гуайнх хоёр телевизортой л болж таарах байх даа.

Сониноос, манай аяллын жуулчлалын газар “Хэрвээ та нар ирэхгүй бол бид авчирна”сэдэвтэй олон улсын форум зохиож байгаа гэнэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Мишель Форст: Монголд хоёр сэтгүүлч тутмын нэгнийх нь гэр бүлийг сүрдүүлсэн байсан

-МОНГОЛД ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛСАН ХУУЛИУД БАЙДАГ Ч ХЭРЭГЖДЭГГҮЙ-

НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форстой ярилцлаа.


-Таны албан томилолтын зорилго юу байв. Монголд хаана ажиллаж, хэнтэй уулзав?

-Айлчлалын гол зорилго нь Монгол Улс олон улсын Хүний эрхийн хууль, стандарт, “НҮБ”-ын Хүний Эрхийн Хамгаалагчдын Тунхаглал”-ын дагуу Хүний эрх хамгаалагчид нь үйл ажиллагаа явуулахад аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх үндсэн суурийг бүрдүүлсэн эсэхэд үнэлгээ өгөх явдал байсан л даа. Үнэлгээг хамтын ажиллагаа, харилцан ярианд тулгуурлаж хийдэг. Энэ айлчлалыг хийснээр Монголд Хүний эрхийг хамгаалагчид айх аюулгүй бүх талаар дэмжигдэж байна уу гэх асуултад хариулт өгөхийг зорьсон юм.

Би Улаанбаатар хот болон Дорноговь аймагт ажиллахдаа нийт 100 гаруй Хүний эрхийг хамгаалагчидтай уулзлаа. Үүний талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байсан. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, байгаль хамгаалагч, хуульчид, идэвхтэн малчид, шүгэл үлээгчид зэрэг хүмүүстэй уулзсан. Эдгээр хүмүүс өөрсдийн болон бусдын эрх, эрх чөлөөг хамгаалагчид мөн.

-Хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлдэг юм бэ. Энэ талаарх ойлголт манайд дутмаг байгаа ажиглагддаг?

-Хүний эрхийн хамгаалагчид гэдэг нь ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах биелүүлэхийн төлөө тайван замаар ажиллаж байгаа хүмүүсийг хэлдэг хэмээн томьёолсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалагч байхын тулд аль нэгэн байгууллага, хэн нэгний удирдлага дор харьяалагдах шаардлага байхгүй. Хэн ч байсан хүний эрхийг хамгаалагч байх боломжтой. Хүний эрхийг хамгаалагчид бол өөрчлөлт шинэчлэлийг авчирдаг, ардчиллыг дэмждэг, түүнийг нээлттэй байхыг шаарддаг, олон ургалч үзэлтэй, идэвхтэй хүмүүс юм. Энэ тодорхойлолтыг Монголд тэр бүр сайн мэддэггүй, ойлгодоггүй бололтой. Хүний эрхийг хамгаалагчидтай уулзах үеэр ажиглагдлаа.

-Хүний эрхийг хамгаалал дээр санаа зовоосон олон асуудал байгаа талаар та илтгэлдээ дурдаж байсан. Та өөрөө ч хүний эрхийг хамгаалагч. Өнөөдөр Монгол Улсад ажиллах хугацаанд төрийн албан хаагч эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзах хүсэлт тавихад хүлээж авахгүй татгалзах тохиолдол гарсан уу. Хүндрэл бэрхшээл юу байв?

-Төрийн байгууллагуудаас туслалцаа авч ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий прокурорын газар болон Дээд шүүхийн төлөөлөлтэй уулзсан. Шаардлагатай байгууллагуудад хүсэлт явуулахад хамгийн өндөр түвшинд хүртэл хүлээн авч цаг гаргаж байлаа. Орон нутагт явахад ч удирдлагуудтай нь уулзахад таатай хүлээж авч байсан.

-Монгол Улсад Хүний эрхийг хамгаалагчдын хувьд аюулгүй таатай орчин бүрдсэн байна уу. Засч залруулах ямар ажил байна?

-Монголын Хүний эрхийг хамгаалагчид шударга ёс, жендерийн тэгш байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, байгаль хамгаалал, нийгэм, эдийн засгийн, соёлын эрх зэрэг салбарт идэвхтэй ажилладаг юм байна. Монголд Хүний Эрхийн хамгаалагчдын эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах заалтуудыг олон сайн хуулиуд байгаа. Гэхдээ бодит амьдрал дээр хэрэгжилт сул байдаг нь Хүний эрхийг хамгаалагчдын ажилд хүндрэл учруулж байна. Сүүлийн үед батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь хуульд захирагдах зарчимд ухралт гаргаж, иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэл дагуулж байгаа нь анхаарал татлаа. Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад талуудаас авсан мэдээллийг сайтар судалж үзээд Монгол Хүний эрхийг хамгаалагчдын хуульд харьцангүй аюулгүй орон гэж дүгнэлээ. Хүний эрхийг хамгаалагчдын эсрэг халдлага гарч, шахалт дарамт ирж байсан зарим тохиолдлууд бүртгэгдсэн ч, Хүний эрх хамгаалагчдын эсрэг зохион байгуулалттай халдлага үйлдэх явдал Монголд байхгүй байна гэж үзэж байна.

-Хүний эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн үед нь дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг хүмүүс бол сэтгүүлчид. Гэвч зоригтой дуугарсан сэтгүүлчийг Зөрчлийн хуулиар сүрдүүлэх, заналхийлэх тохиолдол их байдаг. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Монголд аюулгүй орчин байгаа хэдий ч, Хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааг дэмждэг, тэдэнд боломж олгодог, бүрэн эрхийг нь эдлүүлдэг таатай орчин бүрдээгүй байна.

Хүний эрхийг хамгаалагчдын тэргүүн эгнээнд сэтгүүлчид байдаг. Сүүлийн хоёр жилд 300 сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшний талаар хийсэн судалгааг үзэхэд сэтгүүлчид, тэдний гэр бүлийг сүрдүүлэн заналхийлэх, доромжлох явдал хоёр сэтгүүлч тутмын нэгд тохиолдсон байсан. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу сэтгүүлчидтэй холбоотой заалтыг шүүмжлэлийн эсрэг ашиглах болсон нь буруу. 2017 оны долдугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд 230 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний хэрэглэгчид мөрдөн шалгагдаж, их хэмжээний мөнгөн торгууль төлсөн байна лээ. Хүний эрхийг хамгаалагчид авлигын хэргүүд дээр шантардаг, мохдог болсон нь судалгаанаас харагдсан.

Ил тод байдлыг дэмжин ажилладаг хүний эрхийн нэгэн байгууллагад 2015 онд Ерөнхий сайдаас авлигач үйл ажиллагаануудыг зарлаад байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн сүрдүүлсэн захиа ирсэн байсан. Мөн авлигын томоохон хэргийг илрүүлсэн сэтгүүлчийг цагдаагийн байгууллага мөрдөж, гүйцэтгэх ажиллагаа явуулан занаж сүрдүүлснээр аргагүй эрхэнд аюулгүй байранд түр шилжин суухад хүрсэн байна лээ.

Эдгээр жишээнээс харахад Монгол Улс сэтгүүлч, шүгэл үлээгч, хүний эрхийг хамгаалагчид өс хонзон, айх аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр илүү сайн ажиллах шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол урт хугацаандаа хүний эрхээ эдлэхэд сөргөөр нөлөөлж болно.

-Хүний эрхийг хамгаалагчдын эрх ашгийг хамгаалахын тулд ямар ажил хийх хэрэгтэй байна вэ. Юу дутагдаж байна?

-Хүний эрхийн хамгаалагчдын эсрэг зөрчил, хүчирхийлэл болон дайралтын хэргийг үр дүнтэй мөрдөж, яллахаас гадна эрхийг сэргээх хэрэгтэй. Мөн аян явуулах болон өндөр албан тушаалтнуудаар мэдэгдэл гаргуулах замаар хүний эрхийг хамгаалагчдын Монгол Улсад гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Хамгаалагчдыг айлган сүрдүүлдэг, мөрдлөг хавчлага болон хүчирхийллээс ангид байлгаж, төрийн бодлого, хууль тогтоомжийн шийдвэр гаргах үйл явцад оролцуулдаг байх нь зүйтэй.

-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн зохицуулалтаар фэйсбүүкт регистрээрээ нэвтэрдэг болох тал дээр та ямар байр суурьтай байна. Хүний эрхийг хамгаалагчдын эрх ашигтай зөрчилдөх үү?

-Олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглаж байгаа хэрэглэгч регистрийн дугаараар баталгаажуулахыг шаардах хуулийн төсөл яригдаж магадгүй байгаа нь хэрэглэгчдийн хувь хүний, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, иргэний нийгмийн чөлөөт үйл ажиллагааг боомилоход хүргэж болох юм.

-Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Хууль зүйн яаманд очоод саатсан байсан. Засгийн газраас бие даасан хууль байх шаардлагагүй гэж үзсэн байна лээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Хуулийн хэсэг дээр ажиллаж байсан гишүүд болон Гадаад хэргийн сайдтай уулзаж ярилцсан л даа. Энэ хуулийн төслийг парламентад өргөн барих талаараа хэлж байна лээ. Үүнээс өмнө хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалахад хангалттай зүйл заалт байна уу, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах механизм хэрэгтэй юу гэх зэрэг асуудлуудыг судалж байгаа юм билээ. Мөн хэрэв энэ хууль батлагдвал төсвийн ямар хуваарилалт шаардлагатай болох зэргийг тодорхойлох шаардлагатай юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Цэрэнпилийн Балхаажав: Ерэн оноос хойш би улс төрийн тухай бодохоо ч байсан, намайг хүмүүс тоохоо ч байсан


Ц.Балхаажав, В.Алзахгүй нар Монголын багш нарын долдугаар их хурлын үеэр. Төрийн ордон

1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуайн яриаг хүргэе. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор эл эрхэм монгол тооллоор өдгөө 92 насны сүүдэр зэрэгцэж байгаа. Өмнө нь сонин хэвлэлд хүн судлал, философийн тухай гээд ихэвчлэн эрдмийн ажил, судалгааны бүтээлийнхээ талаар ярьсан байдаг. Харин энэ удаад нам төрд зүтгэсэн он жилүүдийнхээ тухай цухас цухасхан дурдсан. Балхаажав гуайтай түүхийн ухааны эрдэмтэн доктор Вандангийн Алзахгүйн албан өрөөнд гурвуулаа хөөрөлдсөн юм.


-Балхаажав гуай, та чинь Завхан нутгийн хүн. Ус нутаг, удам гарлынхаа тухай эхлээд ярихгүй юу?

-Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Нарийн цахир хэмээх уулын зүүн биед орших Баруун туулайтын Үүдэндээ цохиот гэдэг өвөлжөөнд 1928 онд төрсөн. Өвөг эцэг минь Бат-Очир тайжийн хүү Түвдэнсүрэн гэж язгууртан, тамгын бичээчээр он удаан жил ажилласан өвгөн байсан. Надад хуучин бичгийн зүг чигийг анх заасан хүн. Бичих уншихыг энэ хүнээр заалгаад Сандуйжав мээрэн гэж тухайн үеийн зуны түр сургуулийн багшаар мөн бичиг үсэг заалгасан.

Өвөг эцэг минь мээрэн дээр аваачиж “Чи энэ хүүхдийг л бичиг үсэгтэй болгож үз” гэж хэлсэн байдаг. Түр сургууль байгуулахыг Сандуйжав мээрэнд Засгийн газраас даалгасан юм билээ. Сургуульд хориод хүүхэд хичээллэдэг байв. Тэр чинь гучин долоон оны үе. Япон улс манайх руу үе үе довтолдог байсан цаг. Тиймдээ ч болоод тэр үү, бидэнд Японыг буруутгасан утга агуулгатай ном уншуулдаг байсан. Д.Нацагдожийн зохиол хуучин бичгээр хэвлэгдсэн байсан. Бас нэг морины тухай тууж гарчихсан байлаа. Өвөг эцэгт маань том даавуун баринтагтай дээхнэ үеийн ганжуур данжуурын уламжлалтай модон дармал бичигтэй номнууд олон байсан. Би гэртээ байхдаа бараг бүгдийг нь уншсан. Ингээд гучин долоон оныхоо өвөл буюу түр сургуульд суралцсаныхаа өвөл одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Цагаан оломын бага сургуульд очиж суралцсан. Гончиг гэж багш дээр очиж хоёрдугаар ангид орсон. Цагаан оломд Батмөнх гэж Шилүүстэй сумын өндөр хар хүү байлаа. Сандив гэж Дэлгэрт багш байсан, сүүлд Төв музейд ажиллаж байсан. Их бага Санжмятав гэж байсан. Бага Санжмятав нь сүүлдээ Намын төв хорооны боловсон хүчний хэлтэст ажиллаж байсан хүмүүс “буурал Санжмятав” гээд анддаггүй байв. Дамдинжав, Норов гэж Рафак төгссөн орос хэлтэй хоёр багш байв. Дамдинжав багш сүүлд Дотоодыг хамгаалах яамны орлогч сайд хүртэл байсан хүн. Мөн бас нэг хүнийг дурдах хэрэгтэй. Бид хоёр нэг ангид, нэг өрөөнд байсан, тэр маань саяхан соёлын гавьяат болсон зураач Даваасамбуу юм. Засгийн газарт олон зураг зурж өгсөн мундаг зураач хүн. Жаалхүү гэж хүний хүүхэд. Тагнуулын Баатарын төрсөн ах гэдэг шүү. Гончиг багш бүх хичээлийн конспектээ надаар хуулуулна. Миний бичгийн хэв энээ тэрээ чинь тэндээс сайхан болсон юм. Сургуульдаа сүрхий сурагч нь байлаа. Миний өөрөөр нь овоглодог нагац ах Цэрэнпил цээж тоонд сайн болгосон. Зургаа, долоо настайгаас минь цээжээр тоо бодуулж сургасан, би гэдэг хүн нэг саяын дотор толгой өвдөхгүй хариуг нь шууд хэлдэг байв. Нутагтаа амралтаар очиход багийн дарга зүгээр суулгахгүй, малын тоонд авч явна. Бүр багаасаа л би бичээч хийж, тоо бодож суманд ч багт ч зарагдаж явсан. Мөн улаа нэхнэ, өртөө хийнэ гээд барагдахгүй их юм үзэж туулж дээ. Цагаан оломд гурван жил суралцаж төгсөөд Завханы дунд сургуульд ирсэн. Дөчөөд оны үе. Говь-Алтай аймаг Завханаас дөнгөж салж тусдаа аймаг болж байсан цаг гээд бодохгүй юу

-Улиастайд ирээд сурахад ямар хүмүүс хичээл ном заах уу?

-Шар Рэнцэн гэж өндөр багш хүлээж авч хичээл заасан. Их сургуульд сүүлд багшилж байгаад нас барсан алдартай Дашцэдэн багш арван наймхан настай залуу Завханы дунд сургуульд анх крилл бичиг зааж байсан. Миний кирилл бичиг Дашцэдэн багшийн бичгийн хэлбэр юм. Биеийн тамирын Ламзав гэж багшаас их айна. Тэвхэлзсэн намхан бор багш. Биднийг жагсааж байгаад хөл гарын сургууль хийлгээд. Завханы дунд сургууль аймгийн төвөөс жаахан зайдуу. Ширэн ултай монгол гутлаараа мөсөн дээр гулгаж сургуульдаа очно. Голын эрэг дээр гутлаа тайлж хаячихаад бахиал ч юм уу арай хөнгөн юм өмсөөд хичээлдээ ордог байв. Хавар нь багш болж сумандаа очсон ч хоёр жилийн хугацаанд хөдөө мал малласан. Учир нь яг тэр үед ээжийн бие муудаж, дөчин гурван онд таалал болсон. Ээж минь Түвдэнсүрэнгийн Намнансүрэн гэж хүн байв. Дөчин таван онд би бичиг үсгийн багш болсон. Албан ажилд анх томилогдсон нь тэр. Бичиг үсгийн багш нэг жил хийгээд улаан булангийн эрхлэгч, дараа нь сумын бага сургуулийн захирал болсон. Ингээд дөчин найман онд Улаанбаатарт хотноо Намын дээд сургуульд ирсэн.

-Намын сургуульд ирээд хэн хэнтэй хамт суралцав, ямар хүмүүс багшилж байв гэдэг бас сонин байх болов уу?

-Хассүрэнгийн Лхамдорж гэж миний найз байж байгаад өнгөрсөн, тэр бид хоёр цуг ирсэн. Лениний ботиудыг орчуулсан, Маркс, Энгельс гээд бүгдийг нь орчуулсан мундаг сэхээтэн. Пүрэвжав гэж Монцамэ-гийн даргаар ажиллаж байсан тэр мөн суралцаж байсан. Лувсансамбуу надаас хоёр жилийн өмнө ирсэн байсан. Хамт төгссөн хүмүүсээс одоо амьд мэнд хүн бараг л байхгүй болоод байна. Намын сургуульд суралцсанаар би номонд дуртай болсон. Мөн орос хэлийг надад сургасан. Доржсүрэн гэж түүхийн багш намайг орсон жил “Хүний үүсэл гарал” гэсэн жижигхэн номыг “Чи үүнийг орос хэл дээр орчуул, хавар гэхэд надад өгөөрэй” гээд намар өгдөг юм. Би чинь оросоор ганц ч үг мэдэхгүй. Үнэнээ хэлтэл, “чи үг бүрийг словарьд, чиний толгойд энэ номын утга санаа, үг бүхэн үлдэнэ” гэв. Би үг бүрийг нэг бүрчлэн толиос харж хажууд нь монголоор бичлээ. Тэгээд тэрхүү үгнүүдээ өгүүлбэр болгон найруулах гэхээр миний үгнүүд орос хэл дээр утга санаа нь дүйж найрч өгдөггүй. Овоо найрлагатай өгүүлбэр боллоо гэтэл үг нь таардаггүй. Хожим бодоход инээдтэй санагддаг. Тийм л зовлон эдэлж байж орос хэлний зүг чигийг олж авсан юм. Доржсүрэн багшийн буян. Хүн судлалын сэдэв маань ч тэндээс үүдэлтэй. Их буянтай багш гэдэг үгүй ээ мөн хэрэгтэй дээ. Намын дээд сургуулийн Сүхбаатарын нэрэмжит цалинт онц сурлагатан байлаа. Ямар сайндаа гурван жил миний зургийг самбартаа хадах билээ. Тэр зургаа би сүүлд нь дурсгал болгоод авчихсан.

-Та бол тухайн цагтаа дэлхийн шинжлэх ухааны гол төв болж байсан Москвагийн их сургуулийг төгссөн хүн. Тэртээ 60 жилийн өмнө буюу тавин есөн онд Монголоос таван оюутан философийн ангид суралцахаар явсны нэг нь та?

-Москвагийн их сургууль дэлхийн шинжлэх ухааны гол төв гэдэг үнэн л дээ. Ёстой уншиж барахын эцэсгүй баялаг номын сантай. Миний бие чадах ядахаараа л уншсан. Таван хүн томилж философийн ангид явуулсны дунд чинь Содномгомбо, философийн нэртэй эрдэмтэн багш болсон Пүрэв, за тэгээд Цэрэн, Нансал бид хэд байв. Нансал бол намын дээд сургуульд философийн багш байсан хүн. Философийн шинжлэх ухаан гэдэг чинь ерөөсөө л ертөнцийг үзэх түгээмэл үзэл шүү дээ. Аливаа юмны голыг нь олж үзэх үзэлд сургахыг хэлж байгаа юм. Тоо, физик, хими гээд байгалийн шинжлэх ухаанаар хэрхэн суурь хийж үзэгдэл юмсыг тайлбарлах вэ гэдгийг сургана. Мэдээж байгалийн ухаануудыг заана. Би хими, биологийн чиглэлийг голлож авсан. Байгалийн шинжлэх ухаан философитой нийлэхээрээ юу болох уу гэдэг суурь ойлголтын гаргалгааг хэлж өгдөг. Үндсэндээ философи, байгалийн ухаан хоёрыг нийлүүлж нэгтгэж өгдөг ийм л сургуульд сурсан. Миний багш Молодцов Василий Сергеевич гэж философийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн байлаа. Философийн факультет нь Москвагийн төвд байсан. Молодцов багш манай факультетийн захирал, намайг бие дааж хариуцаж байсан хүн. Тэр багшийг би хэзээ ч мартах эрх байхгүй. Буруу юм хийвэл багшийнхаа нэрийг гаргах учир одоог хүртэл шүтэж дээдэлж явдаг. Тэнд таван жил сурч ирээд нийгмийн ухааны академидаа тасгийн эрхлэгчээр ажилд орсон. 1967 он хүртэл гурван жил тасаг хариуцаад дахиад аспирантурт явсан. Докторын зэрэг хамгаалахаар бас л Москва явж байгаа. Би чинь аль тэртээ жаран долоон онд тухайн үеийн дэд эрдэмтний зэргийг философиор хамгаалаад түүнээсээ гучин жилийн дараа буюу 1997 онд “Хорьдугаар зуун ба хүн судлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан. Ажил төрөлд дайчлагдаж гүйсээр байгаад гучин жил болсон байдаг. Энэ хугацаанд бараг л үндсэн сэдвээ мартах нь холгүй болсон.

-Таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил боловсролын тухай яриад байвал уртаас урт дараалал болно. Тэгэхээр одоо яриагаа Төв хороонд ажилласан он жилүүд рүү хандуулбал яасан юм бэ. Төв хороонд ажиллаач гэсэн үүрэг чиглэлийг хэн анх өгсөн бол?

-Төв хороонд үзэл суртал эрхэлсэн Дэжидийн Чимэддорж гэж дарга байсан. Тэр хүн нэг өдөр дуудаад “Лхамсүрэн гуай хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар явна. Чи үзэл суртлын хэлтсийн эрхлэгч” болно гэж далан хоёр онд хэлсэн. Ингэж тушаал буулгаад Улс төрийн товчоонд орж батлуулсан. Тэгээд долоон жил үзэл суртлын хэлтсийн дарга хийлээ. Түүний дараа нь С.Жалан-Аажав дарга дуудаад “Чи үзэл суртлын хэлстийн даргыг ажлыг Адъяад өгнө. Чи өөрөө намын байгууллагын хэлтсийн эрхлэгч болно” гэдэг юм. Намын байгууллагын хэлтэст очоод гурван жил болж байтал Гомбожав дарга дуудлаа. “Чи намын байгууллагын хэлтсээс гадаад харилцааны хэлтэст очно” гэдэг юм. Ингэж би Төв хороонд гурван хэлтэс дамжсан хүн. Гадаад харилцааны хэлтэст гурван жил болсон. Гадаад яамыг, мөн гадна дотны харилцаа, элчин сайд гээд Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой бүх асуудлыг хариуцна. Чадал чансаа хүрэхгүй зүйл байсан. Намын Төв хорооны нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд зүтгэхийг надад Батмөнх дарга хэлсэн. Наян дөрвөн оноос ерэн оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд төрийн өндөр албанд зүтгэсэн. Ерэн оны гуравдугаар сарын онцгой их хурлаар огцорч хөөгдөөд дээлээ үүрээд, номоо тэврээд гэртээ харьсан ийм л түүхтэй. Төв хорооны нарийн бичгийн дарга байхад Цахилгаан, Жанцанноров, Баасансүрэн, Түмэндэлгэр, Даваадаш, Пүрэвдаш, Дашдаваа, Бордух, Дондов гээд хорь гучаад залуустай ажиллаж байсан. Үзэл суртлын хэлтэс, шинжлэх ухаан боловсролын хэлтэс, намын байгууллагын хэлтэс, гадаад харилцааны энэ дөрөв чинь үнэн хэрэг дээрээ миний харьяалал байсан. Түмэндэлгэр мэдлэгтэй намуухан, эвлэг хүнтэй ажиллахад сайн алт шиг хар хүү байлаа. Одоо энэ Баасансүрэн байна, соёлын хэлтэст байсан, мундаг залуу.

-Цэдэнбал даргатай ойр байсан хүний нэг та яах аргагүй мөн. Ер нь Бал дарга таныг өөр дээрээ авсан гэх яриа байдаг?

-Бал даргын цэрэг нь юм чинь би ойр байлгүй яахав. Дуудсан цагт нь яваад орно, ажлаа танилцуулна. Гадаад харилцааны хэлтэс Бал даргын шууд харьяалалд байсан. Намын байгууллагын хэлтэс, үзэл суртлын хэлтэс өөр дарга нараар дамжина. Гадаад харилцааны хэлтэст очсоноос хойш байнга юмаа танилцуулна. Намайг Улс төрийн товчооны хуралд ороход Бал дарга “Би чамайг өөр дээрээ авлаа” гэж хэлээд шууд батлуулж байсан. Бал дарга тэгж намайг өөрөө дээрээ авсан нь үнэн юм. Гомбожав дарга “Чи надаар заалгалтгүй гадаад харилцааны юмандаа өөрөө суралц” гэж хэлж байсан. Гадаад харилцааны хэлтэст байхад нэг албан бичигт жижиг алдаа гаргаж Бал даргаас бүтэн цаг лекц сонсож байсан удаа бий. Ер нь Бал даргатай өдөр тутам гэх нь юу юм, гэхдээ их л ойр байсан. Заримдаа манай өрөөгөөр ороод ирнэ. Бал даргыг ороод ирэхэд би чинь босоод харайна биз дээ. Тэгэхэд “суу суу, ажлаа хий. Би зүгээр л юм сонирхож явна” гэдэг сэн. Их товчхон үүрэг өгдөг байсан. Үг яриа нэг их хэлээд тайлбарлаж удаад байхгүй. Хүнийг урдаар буруутгах, наануу цаануу болохгүй. “Энэ чинь ийм ийм учиртай, тэр улсуудыг чи сайн мэдэх үү, судалсан уу” гэнэ. Тэгээд өөрөө заримыг нь хэлж өгнө дөө.

-Та амьдралынх нь сүүлийн жилүүдэд хэр ойр байсан бол. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-1988 онд хойно байхад нь очиж уулзсан. Даргын авгай Филатоватай утсаар яриад “Москвад ирснийх дарга та хоёртой уулзаж болох уу” гэхэд “Болно” гэж зөвшөөрсөн. Дөчин хэдэн минут уулзсан. Комиссар нь Чулуун байсан. Авгайтай эхлээд Улаанбаатарын амьдралын тухай жаахан ярилцсан. Авгай Улаанбаатарын амьдралыг юу гэж харж байна, та нар энэ хүнийг юу гэж боддог уу гэж Бал даргын асууж байсан. Ингээд цаанаа дарга орж ирсэн. Намайг хараад шууд таньсан. “Чи хаачиж яваа юм” гэж асууж билээ. Даргад тэр үед нэг дутагдалтай нь мартаж санах асуудал байсан. “Тэр хаана байгаа вэ” гэж зарим нэг хүний тухай дахин дахин асууна. Дарга бол хүмүүсийг овог нэртэй нь шууд хэлдэг, тийм онцгой ойтой хүн байсан юм. “Монголын байдал ямар байна” гэхээс өөр зүйл нэг их асуугаагүй. Тэгтэл авгай “Одоо болно, чи ядарчихлаа” гээд даргыг цаад өрөө рүү нь оруулсан. Тэр бол бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан.

-Наяад оны сүүлээс социализм нэг л болохгүй нь гэх зүйл танд мэдрэгдэж байв уу. Энэ тухай Алзахгүй доктор сонирхож байна л даа?

-Социализмыг би насаараа буруутгаж чадахгүй. Тэр тухайгаа би хэлдэг. Коммунист үзэл суртал надад муу юм өгөөгүй, ер нь хэнд ч муу юм өгөөгүй дээ. Өөрчлөлт гэдэг наян таван оноос эхэлсэн юм. Горбачёв очоод шинэчлэлт өөрчлөлтийг хийе, социализмыг улам боловсронгуй болгоё, сайжруулъя гэснээс халъя гэдэг асуудал байгаагүй юм. Миний хувьд Намын төв хорооны нарийн бичгийн даргын хувьд социализмыг хэрхэн сайжруулах талаар хүмүүст үүрэг даалгавар өгч байсан. Өөрөө ч энэ тухай бодсоор байгаад ерэн онтой золгосон доо. Харин ерэн оноос хойш бол би улс төрийн тухай бодохоо ч байсан, намайг хүмүүс тоохоо ч байсан. Ерэн оны гуравдугаар сард болсон намын онц их хурал, Төв хорооны бүгд хурлын чуулган хоёуланд нь би үг хэлсэн. Тэгэхдээ “Огцорно гэдэг үг хэрэглэхгүй ээ” гэдгээ хэлсэн юм. “Би намаас огцрохгүй, намын ажлаас огцрохгүй. Би намд өөрөө элсэж даалгаврыг нь биелүүлж ирсэн. Намайг хөөгөөгүй цагт би холдохгүй” гэж хэлсэн. Огцорно гэдэг үгийг хэрэглэх хүн нь хэрэглэдэг юм байгаа биз, би лав хэрэглэхгүй гэж Бугын Дэжид гуай биднийг цуглуулахад хэлсэн.

-Намын Төв хорооныхныг хүмүүс шүүмжилдэг. Улс орныг удирдах нь байтугай төр гэдгийг ч мэдэхгүй хэдэн залуучуудад Монгол орныг тэр чигээр нь өгөөд та хэдийг зугтсан гэдэг. Үүнд та ямар тайлбар хэлэхсэн бол?

-Бид нарын бууж өгснийг буруу гэдэг юм аа. Миний бие огцорно гэдэг үгийг хэрэглэхгүй байсан болохоос залуучууд шинэ юм хийе гэхийг хүлээн зөвшөөрч байсан. Итгэж үлдээх нь зөв. Бид бол мөнхийн дарга нар биш шүү дээ. Халаатай, солиотой байх ёстой. Үнэхээр Монгол Улсаа хөгжүүлье, хөгжлийн шинэ шатанд гаргая гэж бодлогоо тодорхойлоод зорьж байгаа бол надад татгалзах зүйл алга гэсэн тийм л бодолтой байсан.

-Жамсрангийн Самбуу гуайтай хэр ойр байв?

-Самбуу гуай намайг танина, би бол сайн танина. “Амьдралын сургаал” ч бил үү хуучин бичгийн номоо кирилл болгож надаар хуулуулсан юм. “Энэ номыг чи кириллд оруулаатах. Чамд хугацаа тогтоохгүй ээ” гэж хэлээд өглөө. 50, 60-аад хуудас ном байсан. Самбуу гуай тэр үед АИХ-ын дарга байсан. Би өнөөхийг нь гурав хоногийн дотор бичээд өгчихлөө. “Чи сайн хийсэн биз” гэж асууж байсан. Яг л байгаагаар нь хийхийг бодсон гэдгээ хэллээ. Түүнээс хойш нэг жил тойрсны дараа АИХ-ын нарийн бичгийн дарга Готов гуай “Чамайг Самбуу дарга дуудаж байна” гэдэг юм. Дахиад л бас нэг ном өгөх нь дээ, яаж хийж өгнө дээ гэж бодоод орсон чинь 400 төгрөг өглөө. Дандаа тавьтын дэвсгэрт. “Чи миний номыг сайн хийсэн байна лээ” гэв. Даргаа би зүгээр л бичээд өгсөн шүү дээ гэтэл “чи ав ав” гэдэг юм. Тэгээд би одоо хүртэл нэг 50 төгрөгийг нь хадгалдаг юм. Нэг номын завсар хийчихсэн, хаана байгааг нь олохгүй байгаа. Том ногоон далбагар тавьтын дэвсгэрт. Хуучны мөнгө их том байсан. Далаад оноос мөнгө жижиг болсон. Ном сөхөх бүрийдээ Самбуу гуайн өнөө миний хадгалсан тавьтын дэвсгэрт байж байх вий гэж горьдож хардаг юм.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

•Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;
•“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;

•“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл;

•Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Categories
мэдээ цаг-үе

“Сүүдэр цармын цэцэг” хагдрахгүй


Зураг дээр: Баруун гараас О.Дашбалбар, Ц.Хулан, Д.Банзрагч, Ш.Дулмаа, Н.Нагаанбуу

“Сүүдэр цармын цэцэг”, “Хөвсгөл далай” тэргүүт шилдэг дуунууд, “Чингис хааны гал булаг”, “Чингис хааны хонины морь” зэрэг шилдэг зохиолуудын эзэн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дашзэвэгийн Банзрагчийн тухай МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Цэрэннадмидын бичсэн хөрөг нийтлэлийг хүргэж байна.


…Тэр дүн өвлийн цасан бударсан үдшээр, бүр шинэ жилийн сүлд модны баярт маань гэнэт л өвлийн өвгөн шиг хүрээд ирсэн. Гэнэт л онгог буурал үсээ зүүн гараараа ойр ойрхон даялан илбээд, саарал каракуль малгайгаа нөгөө гартаа базаж бариад жаахан санаа зовсон маягтай үүдэнд зогсож байсан сан. Манай дэлгүүрийн хүүхнүүд ч дуу дуугаа авалцан тэднийг урин хоймороо залж:

-Өө. Ямар сайхан учрал вэ.Ийм мундаг яруу найрагч нар вэ гэлцэн Пунцагийн Бадарч гуай тэр хоёрыг тойрон эргэлдэж хөхин баясч байж билээ. Хуучин пионерын ордны баганат танхим дүүрэн эгшиглэх шинэ жилийн аялгуунд хамтдаа бүжиглэж, хамт олонд минь хэд хэдэн шүлгээ уншиж, манай хүүхнүүдийг нэгмөсөн нурааж уярааж өгөөд, арын өрөөнөө тусгайлан зассан эрхлэгч дарга нарын бяцхан найранд тэр хоёр дуртайяа оролцсон юм . Бадарч найрагч чухам дуулж шүлэглэж олон бүсгүйчүүд тойруулан онгод нь орж арай л уйлж үзүүлээгүй их ч хөгжилтэй сайхан байлаа.

Одоогийн Ардын уран зохиолч П.Бадарчтай манай шинэ жилийн баярт ирсэн тэр хүн бол Төв аймгийн Өндөр ширээт сумын уугуул Дашзэвгийн Банзрагч хэмээх нэрт яруу найрагч байсан юм.

Тэр 1988 оны өвөл найрагч дөнгөж 40 насны босгон дээр зогсож байж залуухан,,цэвэрхэн, дэгжин хувцасласан дөлгөөн сайхан эр байлаа. Бадарч найрагч ч бадарч явалгүй яах вэ, 50 нас ч хүрээгүй гялалзаж ид мандаж “Болор цом” авсан жил нь. Алдар хүндийн оргилд дэрвэх аугаа найрагчид өөрсдөө ирсэнд эхлэн бичигч над шиг амьтан баярлалгүй яах билээ..

Анхны хэдэн шүлгээ “Утга зохиол,урлаг ” сонинд дөнгөж хэвлүүлсэн миний мэт шүлэг зохиолын хорхойтон хоёр том найрагчийг орж ирсэнд машид бэлгэшээж, амтат идээ, “Арарат” морь сарлагаа хуваалцлаа. Тэр хоёрын царай улам, улам гэрэлтэж,үгийн сувдан хэлхээ тасрах мэт асгарч улам яруу уншиж, улам хөгжилтэй болж дотрын бүрзэн нь нэгмөсөн арилж байгаа бололтой.

Сүүлд би Банзрагч найрагчаас та хоёр яаж яваад тэнд орж ирсэн бэ? гэхэд:

-Бид нар тэр өдөр нэг шинэ жилд орж тэр чигтээ үргэлжлүүлээд ид сайхан байхад дарс дууссан.Хороон дээрээсээ гараад урамгүйхэн алхаж явтал хөгжим нүргэлээд хүмүүс дуулалдаад нэг их гэгээн зүгийн анир мэдрэгдээд хоёулаа орсон юм. Тэгээд л чамайг олсон доо гэж хэлдэг сэн.

Шинэ жилийн арга хэмжээ өндөрлөв. Саран мэлтэрсэн, цасан бударсан сайхан чиг үдэш байсан сан. Бид гурав хамтдаа гарлаа. Бадарч найрагч “Миний эртний танил хар Санжжав хэмээх яруу найрагчийн гэрт очсугай” гэхэд нь дөнгөж танилцсан байж огтхон ч эргэлзэлгүй мань хоёрыг дагаад л 10 дугаар хороолол руу тэр айлд очсоноо одоо гайхдаг юм. Гээд яахав сайхан яриа хөөрөө өрнүүллээ. Цай хоол ганц шил юм гээд тэр үеийн л хамгийн сайн сайхан бүгдээр дайлуулж, цайлууллаа. Алдарт дуучин Түмэндэмбэрэл гуайд зориулж “Хун” гэдэг шүлгээ бичсэн найрагч байж билээ тэр гэрийн эзэн Санжжав гуай. Домог шиг сайхан хууч яриа сонсож, бүгдээрээ хэд хэдэн шүлэг дуудлаа. Би анх удаа том найрагчдын өмнө аюумшиггүйгээр шүлэг уншиж үзэв. Тэд миний шүлгийг урам хайрлан “Хүн дуурайгаагүй өөрийнхөөрөө их зүгээр” хэмээн магтахад нь сэтгэл хөөрөн догдолж байлаа.

Санжжав гуайхаас гараад хөлсний тэргээр тэр хоёр намайг гэрийн минь үүдэнд хүргэж өгөөд буцаж билээ…

Анд найз шиг, ачит багш шиг, амраг сэтгэлтэн шиг, ахан дүүс шиг нөхөрлөх болсон түүхийн эхлэл ийм буюу….

Он жилүүдийн буурал тоосонд сэтгэлийн доторх гэгээн дурсамж хуучрахгүй. Буурал Банзайгийн алдарт, аялгуут шүлгүүд аниргүйн орчинд байраа тавьж өгөхгүй.

Банзрагч найрагчийн шүлэг аядуу намуухан атлаа, алсаас ирэх морин төвөргөөнийг чагнаархан байх болзоот бүсгүйн зүрхний айзамт цохилго мэт дуулдсаар чимээлсээр монгол түмнийхээ дунд удаан амьдарна. Түүний дуу эгшиглэсээр.. Тэр бүтээлээрээ мөнхөрчээ.

Оргилон ирээд хатан ширгэж хөрснөө шургах жаахан булаг биш он удаан жил амны ус алдахгүй хүн малыг ундаалах цэнгэг горхи мэт түүний уран бүтээл, шүлэг дуу түгэн тархсаар уянгалан дуулсаар байна даа. Түүний бүтээлүүд эрчлэн дайрах хуй салхи шиг биш, түүний зурсан зургууд догшин хэрцгий биш билээ.Алаг хорвоог аргадсан, эв найрыг тааруулах гэсэн хүнийй сэтгэлийг зөөлрүүлэх гэсэн айзам, хэмнэл төгс, бас нүд эсгэм хурц хурдангүй ч маш их эрчимлэг өөрийн өнгө аяс, хөгжимлөг хөдөлгөөнийн дотроо агуулж байдаг юм .

Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дашзэвгийн Банзрагч хэмээх том зохиолчийн уран бүтээлийг миний мэт шаврай амьтан яахин үнэлж дүгнэн судлах билээ. Санаан зоргоор өөрийн бодлоо бичиж буй нь энэ. Ингэж үзэг цаас нийлүүлэн суухын учир нь Банзрагч найрагч сэрүүн тунгалаг байсансан бол энэ жил 70 насныхаа ойг тэмдэглэж уран шүлгээ уншиж, уянгат дуугаа алдарт дуучдаар дуулуулан жаргаж наргиж суух байсан биз ээ. Түүний 70 насны ойд зориулан энэхүү дурсамжаа тэрлэлээ. Ойр дөт явж, орь залуу насны гэгээн сайхан сэтгэлээр итгэн танилцаж, уран бүтээлийн замд жолоог минь чиглүүлж өгсөн ачтанаа, эрхэм нөхрөө, нэгэн цагийн дотно хүнээ зүгээр л халуун элгэн сэтгэлээр дурсахын учир эдгээр мөрүүдийг бичиж сууна. Уран бүтээлийн багш гэж байхгүй хүн юм аа би гэдэг хүн. Залуу халуун насандаа “Таны багш хэн бэ?” гэх асуултад “ном” гэж торохгүй хариулаад би багш магшгүй өөрийнхөөрөө гэж нэг их бардам тэнэг явдаг байсан цаг бий. Одоо бодоход Банзрагч маань миний багш байжээ. Би л гаднаа хүлээн зөвшөөрөхгүй дүр эсгэхээс биш яруу найргийн ертөнцийн болоод яруу найрагчийн ёс зүйн олон үнэт зүйлсийг заан сургаж, намайг МЗЭ гэдэг их айлын өндөр босгоор хэн хүн элсдэггүй хүндтэй эрхэм цагт нь давуулж тоот гишүүний дансанд ихээ эрт бичигдсэн байх юм. Цаг төрийн ороо бусгаа эргэлтийн эхэн үед анхны номыг минь ерөөлийн сайхан үгээр мялааж, хянан тохиолдуулж Улсын хэвлэх үйлдвэрэээр хэвлүүлж өгсөн билээ. Банзрагчтай нөхөрлөж явсны ачаар ХХ зууны сор болсон олон сайхан уран бүтээлч, зохиолч, яруу найрагчидтай танилцаж, аян замын ганзага нийлж, алт мэт сургаалийг нь сонсож,хааяахан бор дарс хуваан хүртэж шидэт үгсийг амнаас нь сонсож,бишрэн хүндэлж явдаг найрагчдаа ёстой л амьдаар нь харж уулзаж ярьж хөөрч явлаа.

Тийм ээ. Банзрагч найрагч миний уран бүтээлийн багш юм. Муухан шүлэгч боловч халуун сэтгэлээр багшаа дурсан он жилүүдийн цэнхэр манант хөшгийг ярж эрхэм найрагчаа үгүйлэхүйд сэтгэлийн угт нэг их гуниг задарчих гээд байх шиг хүнд оргино. Тэр өдийд тэнхлүүхэн гялалзаж, бүтээл туурвилаа хийгээд хөдөөгийн агаар мэт тунгалагхан шүлгээ хэлхэн амьд л явах учиртай хүн юмсан даа.

Ширээтийн бор уулсын дунд төрж өссөн малчны хүү, эрүүл чийрэг биетэй, амьдралын буулганд тийм амар бөхийхгүй хал үзсэн эр хүн юмсан. Ажаа, ижий хоёр нь ная холж давж сайхан насалсан буянт буурлуудюм билээ. Гэвч тэр минь өнөөдөр алга. Эргэж төрөхгүйн орчлон руу олоон жилийн өмнө одсон доо. Бүх юм уруугаа харсан мэт түнэр хорвоод заримдаа түүнийг их л үгүйлэх юм аа. Гэхдээ надад түшигтэйсэн гэхээсээ илүү түүний ид сайхан насандаа, хийж бүтээхийн хамгийн оргил үедээ, Нацагдоржийн шагнал дөнгөж аваад удаагүй холын аянд мордсоныг бодохоор харуусалтай. Гэлээ ч ийм хорвоог яалтай билээ.

Би ижийгээ бурхан болсны дараахан адилхан хүн харахаар дагаад явчихмаар, өөрийн эрхгүй үг солимоор санагдаж, гуч гарсан бүсгүй байж бүүр сэмхээн араас нь алхаж, нулимсаа урсгаж явсан ч үе бий. Яг түүн шиг хааяахан Арлааны Эрдэнэ-Очир найрагчтай уулзахаар тэр их нийцэч зан нь, хүнийг дээр доор ялгахгүй тэгш сайхан хандлага нь, хөдөөг мэдрэх унаган байгалийн өгөгдлийг нь хараад өөрийн эрхгүй “Банзрагчтай адилхан юм даа, хэн” гэж сэтгэлдээ сэм шивнэж байдагсан. Дух, шанаа руугаа хэзээнийл сул унжиж ирэх урт үсээ сурмагхан илж арагшлуулах нь, эр хүн байж эвдрээгүй цэвэрхэн сайхан гар нь,бас цэмцгэр, цэгцтэй атлаа донж маягийг нь тааруулан хувцаслах нь гээд олон талаараа Банзайг санагдуулагсан тэр сайхан найрагч залуу дүү минь бас л хаврын шувууд ирэх цагаар зөрөөд нисээд явчихсан. Хайртай олон хүмүүсээ ирээдүйд өөрөө очих, үл мэдэхийн хязгаар руу нулимстай үдэж байна даа хөөрхий хорвоо…

Миний шүлгээр бүтсэн анхны дуу 90-ээд оны дундуур олноо түгж, тухайн цаг үедээ л нийтийн дууны хит парад гэгчийн тэргүүн эгнээнд нэрлэгдэж эхэлж байхад Банзрагч маань ганц сонсоод л “За энэ дуу жигүүрээ дэлгэнхэн дэвжээ. Чи энэ дуугаараа л олонд танигдана. Уран бүтээлийн жам гэдэг ийм” гэж хэлээд талархан хундага өргөж билээ. Тэр үнэн байсаан. Банзрагч найрагч Ч. Сангидорж хэмээх авъяас, ааш хоёр нь хэтийдсэн Хонгор нутгийн хөгжмийн зохиолчтой андтайгаа хамтран “Монгол далай” гэдэг алдарт дуугаа зохиож анхны“Морин хуур” наадмын тэргүүн шагналын 1990 онд авч гал улаан сарнай цэцгийн баглаа тэврэн баяр хөөр дүүрэн ирээд надад цэцгээ бэлэглэж, манай ажил дээр бид тэр баярыг нилээн сүртэй тэмдэглэж билээ.

Ер нь Банзрагч тэр үеэс л бүх цаг үеийн хит болсон гайхамшигт дуунуудаа зохиож, дууны яруу найрагт шимтэн орсон санагдана. “Монгол далай”, “Шүүдэр царамын цэцэг”, “ Жирмийн цагаан нуур”дууны шүлгээ зохиоход нь миний бага залуугийн анд, нэрт яруу найрагчийн охин болон одоогийн төрийн соёрхолт нэгэн эрхэм хүн бид хамт анхны сонсогч нь болж байсан түүхэн үнэн бий.

1988- 1994 оны хооронд тэрээр “Галтай чулуу”, “Бодь модны навч”, “ Хул азаргатай адуу”хэмээх шүлгийн гурван номоо, “Гал булаг” шүлэглэсэн романаа хэвлүүлж, “Хүннү” хэмээх теле дууриа алдарт “Цэнхэр залаа”гийн Баатарсүхтэй хамтран бүтээсэн гээд уран бүтээлийн цалгисан онгодтой жилүүд нь байсан юм. Миний хувьд Банзрагчид хийсэн ганцхан тус нь “Хул азаргатай адуу” нэртэй шаргалхан хавтастай номыг нь хэвлэх зардлыг дааж,тэр үедээ л тийм ч бага биш мөнгө 40 000 төгрөгөөр хэвлүүлж өгч байсан минь юм байна. Сонингийн цаас ч олдохгүй ховор хэцүү байсан шилжилтийн үед Цэргийн хэвлэхийн дарга Бадамсэдтэй хамтдаа бид гурав сууж байгаад адууны сэдэвт шүлгээрээ дагнасан ном хийх санаа ярилцаж байгаад даруй хэвлэхээр дайчин төлөвлөгөө гаргав аа. Цаас бэлэн Бадамсэд аргална. Шүлэг бэлэн цээжээр ч уншина гэнэ найрагч маань. Өмнөх үгийг төрийн соёрхол аваад удаагүй нэг нутгийн анд их найрагч Бавуугийн Лхагвасүрэн нь бичих гэнэ. Харин зардал л яах ийх дээрээ туллаа. “Би дааяа” гэж би дуугарсан тэгээд даасан.Тэр нимгэхэн ном яг одоо ч ширээн дээр минь сонингийн бор цаасан дотроос сүрэг адуу янцгаах мэт хөг айзамт шүлгээ бүртийлгэн байж л байна.

Банзрагч найрагч ганцаараа явахгүй ээ.Сүрэг адууны манлай аятай сэрүүн салхинд сэвлэг үсээ хийсгэн хэсэг уран бүтээлч нөхөдтэйгөө ирнэ.Тэдний дунд яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч, төрийн сайд, хөдөөх эр, дуучин, овоо зэгсэн архичин ч байдаг л байсан. Ганцхан тэд бүгд уран зохиолд хайртай дуртай, түүнгүйгээр амьдрах утгагүй гэдэгт санал нэгтэй хүмүүс байсан юм. Гэрэлт хүмүүс. Хүний сэтгэлээс туяарах гэгээн гэрлийг би тэр л сайхан хүмүүсээс харж ойлгож, сурч авсан юм. Түүний төлөө би Банзрагч найрагчийн гэгээн дурсгалд мэхийнэм.

Залуу халуун насандаа бадаг шүлгээ зориулж хэн хэндээ уншиж, дурсгаж л явлаа.Шүлэг болон номын хуудсанд дурайх ч бий. Дуу болон эгшиглэсэн ч бий. Өнөөдөр энэ надад зориулсан би түүнд зориулсан гэж дэлгэх нь зөв бурууг мэдэхгүй юм. Нэгэнт л найрагчийн тухай дурсамж юм чинь шүлгийн мөрүүдээс ишлэхгүй яахин болох вэ. Банзрагч ерөнхийдөө их л иргэнлэг уянгын найрагч билээ. Анд найзууд бидэнтэйгээ уулзахдаа уншсан тэр шүлгүүдээс нь голдуу бүрдсэн “Галтай чулуу”, “Бодь модны навч”хэмээх яруу найргийн түүврүүд нь бол хайрын сэтгэл, дурлал хайрын тухай уяран бичсэн шүлгүүд олон бий. Ихээхэн зайг нь ХАЙР эзэлсэн зөөлхөн халуухан ном билээ.

Гучин насны минь төрсөн өдрөөс хоногоор хожимдож ирээд энэхүү шүлгийг надад зориулан бичлээ гээд олны өмнө уншиж өгсөн өдрийг одоо ч би тодхон санадаг.

“Хонгор дүү, болзоот хүүхэн, хайрт охин минь болсны чинь төлөө..” А.Блок гэсэн ишлэл үгийн доор :

Сэтгэл минь цогшин галаа манаж

Цээжин дотор минь халуун бодол хононо

Сэрвүү холоос чамайгаа санаж

Шөнийн харанхуйд гэрэл цацруулан хэвтэнэ

Чиний минь надад хэлсэн үгс

Чимххэн ч буруугүй гомдол тунирхлын аяс

Үнэн хайрын гэрэлтэй үгс байсныг

Үгүйлэн санахын цагт хоолой зангирна….

…Огтхон ч буруугүй чинийхээ хайрын сэтгэлийг

Ойртохын аргаүй холоос бодож л явна даа

Олон шөнийн зүүдэндээ чамайгаа харж

Орой намрын насандаа ч гэрэлтэж л байна даа… гэсэн мөрүүд бий.

Тэртээх хаврын урт өдрүүдэд хүнд өвчтэй ижийгээ сахиад нутагтаа сар гаран болоод ирэхдээ би түүнд зориулан:

Үйзэн хорвоогийн гэгээн өдрүүдэд

Үд дундын хонгор нас чинь хайрлалтай

Намар эртийн нуурын цахлайд шиг

Намирах үсний чинь мөнгөн сор уяралтай

Ухаан тэтгэх хонгор хүү минь

Учрал дээдлэх амраг хүү минь

Алаг хорвоогийн гэгэлгэн өдрүүдэд

Аяар аяархан чамайг дуудаад байлтай

Аргагүй үнэн үгийг чинь сонсон

Атгахан зүрхээ амраан жаргалтай

Ухаан тэтгэх хонгор хүү минь

Учрал дээдлэх амраг хүү минь гэсэн шүлэг зохиож түүнд МУУГЗ Г.Тэрбиш ая зохион тэр үеийн БЦДБЧ-ийн гоцлол дуучин Оюунцэцэг дуулж байсансан. Бидний цаг үе улиран өнгөрч үйл явдал нь түүх болон үлджээ. Хагас жаран ард хоцорч… Түүнтэй найзлан нөхөрлөж явсан олон олон андууд нь өнөөдөр энх тунх ажил үйлсээ хийж, ач гучаа өсгөн сайн сайхан амьдран байгаа. Хэний ч амнаас “Банзрагч жинхэнэ монгол эр байсан даа “ гэх бахархсан сайхан үг гарна гэдэгт би гүнээ итгэнэ. “Сэтгэлд гал баййвал зууханд гал олдоно” гэх яруухан үгсийг үлдээсэн сайхан найрагч Л.Лувсандорж андаа үгүйлэн дурсах дуртай байсансан. Сүүлд “Хөдөөгийн зохиолчдын холбоо” гэж Барнангийн Доржпалам агсантай нэг хэсэг хөдөө хотгүй их явсан байх. Тэр цагаас эхлэн уулзах маань ховор болсондоо. Бүүр сүүлд Бээжинд соёлын ажилтнаар явсан билээ. Хоног сар биднийг аажим аажмаар холдуулсаар аж амьдралын амаргүй хүнд сорилтуудын нугачаанд бие биеэсээ сураг төдий алсран одовч сайны чимээ сонсох бүртээ баярлан хааяа нэг олны дунд учрал ерөөл таарч бүтэн мэнд, бүлээн зүсээ харалцдаг байлаа, амьдралын сүүлийн жилүүдэд нь бид хоёр.

Үйлдвэрчний соёлын төв ордонд болсон Болор цомын тайзан дээрээс Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаа гардаж аваад байхдаа завсарлагаар хоёулаа таарч аяга кофе хувааж уугаад, барьж явсан цэцгийн баглаагаа “Чингис хааны хонины морь” нэртэй сайхан номынхоо хамт дурсгаад л салсан. Тэр бид хоёрын нартад уулзсан сүүлчийн уулзалт байжээ. Тэр номон дээр нэр овгийг минь бүтнээр нь тавиад “ Хайрт шавь чамдаа дурсгав” хэмээн онцолжээ. Он жилүүдийн цаана ингэж гансран бичихийг минь мэдсэн юм шиг, багш минь байж гэж хүлээн зөвшөөрч харамсахыг мэдсэн юм шиг бүтэн шилмэл шүлгийн түүврээ үлдээгээд явжээ.

Болор цом үзэх гэж хүүхнүүд нойргүй хонодог байхад Болорцомын тасалбар олох гэж СТӨ гадаа шөнөөр дугаарлаж зогсдог байхад “Хонины морь”, “”Хурданы морь,” Уургын морь” шүлгээрээ олны талархлыг хүлээж мөндөр шиг шаагих алга ташилтын чимээнээс чихний дөжрөө арилаагүй шахам байхад андууд цуглан наргиж шүлэглэж дуулж байх цаг дор айргийн тавд үлдээд хасагдсан түүнийг аргадан тайвшруулж уншиж байсан шүлгээрээ энэхүү дуртгалаа өндөрлөе. Бүх цаг үеийн андуудыг нь төлөөлж ийн дурсвай. Тэд ч бас буурал Банзрагч найрагчийнхаа дурсгалын цэцэрлэгт өөрсдийн дурсамжаа нэмэх буй заа.

Шүлэгчид

Амгалан сэтгэлийн бодрол уянга намуун, өнгө зохиролт шүлгүүд чинь

Алга нижигнүүлэн таших гэнэн соёрхол горилоогүй бодлын хүлэг

Айл харан ам булааж, алхаа хөнгөрөх агсам морин бус

Алс холын замдаа явдал гангарах наран шарга ажнай

Сэтгэлийн хий морин минь ижлээ эрэн найргийн талд эргэцэн байхуйд

Сэмхэн надад онгодын сахиус илгээсэн чи минь тэнгэрийн хүн

Яруу айзамт шүлгийн хэм тэгшлэх заяат чамайг хайрласан

Янжинлхам бурхан – охин тэнгэр танаа сүслэн сүслэн мөргөм үү би..

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай” нэртэй фельетон хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Засгийн газрын түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ тогтоол гэр хороололд хэрхэн хэрэгжиж байгаа талаар бид сурвалжилсан юм. Энэ тухай нэг болон 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нэрийн хуудас болсон алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай” нэртэй фельетон хэвлэгдлээ.

Улс төрийн нүүрнүүдээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг унших боломжтой.

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьегийн халдвар авч, 38 хүүхэд, нэг багш уг өвчнөөр өвдсөн нь тогтоогдсон. Сүрьеэ өвчнөө нуусан багш хуурамч бичиг үйлдэн ажилд орсноор халдвар тараасан гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай Баримт, үйл явдлыг долдугаар нүүрэнд бэлтгэн нийтэллээ.

Эдгээр болон бусад мэдээ, мэдээлэл, дэлхий дахинд болж буй гол гол үйл явдлуудын тухай уншигч та бүхэн манай сонины өнөөдрийн дугаараас дэлгэрэнгүй уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Танилц: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүд

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхлээд байна.

Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Таван толгой түлш” ХХК өнөөдрөөс сайжруулсан түлшээ дараах 10 цэгээр борлуулж эхэллээ.

Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил:

  1. Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т.Энхтайван) Утас: 89896990
  1. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын сургуулийн I гудамж (122 сургуулийн ард) Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг
  1. Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-04 (Ц.Бямбаа) Утас: 99143253
  1. Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Гялгар зах (А.Эрдэнэжаргал) Утас: 88019801
  1. Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булагийн 1 – 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд (В.Сүрэнхорлоо) Утас: 96651133
  1. Сүхбаатар дүүрэг, есдүгээр хороо, Чингэлтэйн гудамж 17-139 тоот (Б.Алтанзул) Утас: 99992089
  1. Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх I гудамж – 770 тоот (М.Батсанал) Утас: 99233299
  1. Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлзийт 11-159 тоот (Ч. Жанлав) Утас: 99157340
  1. Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1462А тоот (Б. Бат-Отгон)Утас: 88751313
  1. Хан-Уул дүүрэгт долдугаар хороо, Жаргалантын 1/1(Л. Баярсайхан) Утас: 94040899
Categories
мэдээ нийгэм

Даргынхаа гэрийг нүүлгэж яваад осолдож амиа алджээ

Өвөрхангай онцгой байдал зурган илэрцүүд

Энэ сарын 12-ны өдөр Онцгой байдлын албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Дэд хурандаа Б нь Булган аймагт шилжин ажиллаж, гэрээ Өвөрхангай аймгаас нүүлгэхээр болжээ. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын даргатай тохиролцон албаны машинаар тус газрын хоёр албан хаагч, ШШГГ-ын нэг алба хаагчын хамтаар нүүлгүүлжээ.

Уг албан хаагчид гэрийг нь нүүлгэн ачиж явах замдаа осолдож, Онцгой байдлын газрын нэг албан хаагч газар дээрээ нас барсан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна

цасан шуурга зурган илэрцүүд

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш өдөр Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 15-ны 20 цагаас 05 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. цасан шуурга шуурна. Сэрүүсч Хэнтийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-20-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Фэйсбүүкээр “Live” хийхэд хязгаартай боллоо

Холбоотой Зураг

Фэйсбүүк компани “Live streaming” үйлчилгээндээ хязгаар тогтоожээ. Энэхүү журам өнөөдрөөс /2019.05.15/ хэрэгжиж эхэлж байна.

Одоогоос хоёр сарын өмнө Шинэ Зеландын хоёр Исламын сүмд зэвсэгт халдлага гарч гэмт этгээд сүм рүү гал нээн 50 хүний амийг хөнөөсөн билээ. Энэхүү аймшигт халдлагаа фэйсбүүк “Live”-аар шууд дамжуулсан нь дэлхий нийтийг цочирдуулсан юм. Энэхүү хэргээс үүдэн фэйсбүүк сүлжээгээр өнөөдрөөс хэлэн хэн дуртай нь шууд бичлэгээ цацах боломжгүй болж байна.

Тус үйлчилгээний журмыг зөрчиж, олон нийтэд хор хөнөөлтэй агуулга бүхий дүрс бичлэг тараасан хэрэглэгчийн фэйсбүүк Live үйлчилгээг ашиглах эрхийг 30 хоногийн хугацаанд цуцлах ажээ.

Нийгэмд хор хөнөөлтэй гэсэн ангилалд одоогийн байдлаар терроризмийг сурталчилсан агуулга бүхий дүрс бичлэгийг тооцож байгаа юм байна. Цаашид шалгууруудаа ч нэмэх гэнэ. Үүнээс гадна терроризмийн агуулга бүхий вэбийн холбоосыг өөрийн хуудсанд нийтэлсэн бол шууд дамжуулах эрхээ хасуулах юм байна. Цаашлаад зөрчил гаргасан хэрэглэгчийн сурталчилгаа явуулах эрхийг хаах хүртэл арга хэмжээ авахаар болжээ