Categories
мэдээ улс-төр

​Н.Алтанхуяг С.Эрдэнийг АТГ-т шалгуулахаар өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Капитал банканд байршиж байсан иргэдийн мөнгө эрсдэлд орсон нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой хэмээлээ.

Н.Алтанхуяг “Капитал банканд иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгах гомдлыг АТГ-т гаргаж байна. Энэ асуудлаар өмнө нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж байна гэж 2-3 жил ярьсан. Гэвч тоогоогүй. Иймд би АТГ-т хандаж байгаа юм. АТГ энэ асуудлыг шийдэж 240 гаруй тэрбум төгрөгийг олж өгөх болов уу гэсэн горьдлого тээж байна. С.Эрдэнэ энэ асуудал дээр худал ярьж байгаа. Банканд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог байсан. Байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журамд аль банканд байршуулахыг заавал С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авна гээд заачихсан. Өөрөө хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж байгаа нь их муухай юм. Тиймээс нягтлаад үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Тэр 240 тэрбум төгрөг маш их мөнгө. Арилжааны банканд байршуулах бол боломжтой банканд байршуулах ёстой байсан” гэсэн юм.

Г.Хонгорзул

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлын эсрэг модерн балетын тоглолт болно

Хүмүүс аливаа зүйлийг урлагаар дамжуулан ойлгосноор сэтгэлдээ илүү гүн гүнзгий шингээж авдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ тулж гамшигийн хэмжээнд хүрсэн энэ үед балетчид уран бүтээлээрээ дамжуулан энэхүү гамшгийн эсрэг тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна.
Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулах ойлгуулах санаачилгыг эхлүүлжээ. Энэ удаад балетын урлагаар дамжуулан агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд “Амьдрал тэтгэгч-O2” модерн балетыг тавдугаар сарын 19-ний өдөр “Корпорэйт Конвеншн” төвд тоглоно.
Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдах аж. Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим бүжгийн консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь бүжгийн эрдмийн театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн балетын академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулжээ. Мөн уг тоглолтын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 17-нд 976 Art Gallery-д Улаанбаатар хотын агаарын бохирдлыг харуулсан Францын гэрэл зурагчин Эммануэлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

Г.ХОНГОРЗУЛ

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Цэцэрлэг хотод болно

Чөлөөт бөхийн 2019 оны Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод болно. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Арж групп, Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Архангай аймгийн Биеийн тамир спортын газар сонгогдсон бол тэмцээнийг МЧБХ болон аймгийн ЧБХ хамтран зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмийн дагуу их онооны системээр дүгнэх энэ тэмцээнд 18-20 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд аваргаа шалгаруулна. Жин тус бүрийн эхний 10 байранд шалгарсан тамирчинд 25-2 оноо өгөх юм. Монгол Улсын залуучуудын 2019 оны аваргаар шалгарсан тамирчдаас Ази тивийн болон ДЗАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулна.

Categories
мэдээ улс-төр

Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн зургаан тохиолдол шинээр илэрчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл өглөө. “Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ерөнхий боловсролын бүх сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд сүүлийн үед үүсээд байгаа сүрьеэгийн мэдээллүүд гарч байгаа. Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгдэж байна. Бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ эрт илрүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны бодлого 2020 онд урьдчилсан сэргийлэх үзлэгт чиглэж ажиллана. 2020 онд 21 аймгийг амбулаторийн бүрэн тоноглосон автомшинаар хангахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн шүдний эрүүл мэндэд чиглэсэн ажилд төсөв суулгасан. Урьдчилан сэргийлэх үзлэгээр өнөөдөр хавдрын илрүүлэг нэмэгдсэн. Улсын хэмжээнд 52 мянган хүнд хорт хавдрын илэрч, дараагийн шатны эмчилгээгээ хийлгээд явж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн. Энэ мэтчилэн өвчнийг бага дээр нь илрүүлж, эмчлэх үүднээс 10-аад үйл ажиллагааг санхүүжилтын хамт үндсэн чиглэлд суулгасан. Нярайн эндэгдэлд дутуу нярайн эндэгдэл зонхилох хэсгийг эзэлдэг. Энэ чиглэлээр 2020 онд хөрөнгийг суулгаж өгсөн. Хамгийн гол анхаарч байгаа зүйл бол томуу, томуу төст өвчний вакциний хөрөнгийг үндсэн чиглэлд суулгасан. Ингэснээр аливаа эрсдэлээс сэргийлж чадна” хэмээн танилцууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Г.Хонгорзул

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас явуулж буй бодлого, гаргасан шийдвэрийн талаар танилцуулав. Жилийн өмнө Говь-Алтай аймгийн иргэд аймгийн хэмжээнд тулгамдаж буй 15 асуудлыг дэвшүүлснийг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласнаа Ерөнхий сайд мэдэгдэв. Тухайлбал Эмнэлэг, сургууль, онцгой байдлын албаны барилгуудын санхүүжилт царцаж, барилга угсралтын ажил зогссон байсныг 2019 оны төсөвт суулгуулж гүйцэтгэлийн ажил хийгдэж байна. Мөн Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох “Тайшир-Алтай ус хангамж” төсөл, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэл 127 км хатуу хучилттай автозам тавих төслийг тус тус хэрэгжүүлж, барилга гүйцэтгэлийн ажлыг эхлүүлээд байна гэв. Олон жил дамнаж, үе үеийн Засгийн газрын удирдлагуудад Говь-Алтай аймгийн иргэдийн дийлэнхи олонхийн гаргадаг эдгээр голлох томоохон асуудлуудын шийдлийг гаргаж, төслүүдийг эхлүүлснээ богино хугацаанд гүйцэтгэж дуусгахын төлөө ажиллах болно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр шударга ёсыг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг өргөжүүлэх, бүтээн байгуулалтуудыг дуусгаж, үр шимийг нь хүртээх ажлыг тууштай явуулахыг Ерөнхий сайдаас иргэд хүслээ. Мөн улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд нөлөөлөх томоохон төслүүдийг эрчимжүүлэхийг захив

Categories
мэдээ улс-төр

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтран ажиллана

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг байр суурийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баримталж буй. Энэ хүрээнд хотын Захирагч өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын удирдлагуудыг нийслэлийн ЗДТГ-ын байранд хүлээн авч уулзан, “100 мянган айлын орон сууц” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэж тохирсон билээ. Тэгвэл энэ удаад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцоод, зарим чиглэлээр талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хүн амын хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, хадгалалт, боловсруулалт, түүнтэй холбоотой нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар, ХХААХҮЯ-ны бодлого, шийдвэртэй уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд, оршин суугчдыг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Улаанбаатар хотын баруун, зүүн хоёр талд 21 аймгуудтайгаа холбосон хүнсний хангамжийн томоохон худалдааны түгээлт, нийлүүлэлтийн цэгийг барьж байгуулах саналтай байна. Тиймээс энэ бодлого, шийдвэр, төлөвлөгөөгөө салбарын яамтайгаа хамтарч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна” хэмээн уулзалтын эхэнд онцолсон. Энэ асуудлаар салбарын сайд холбогдох газар, хэлтсийнхээ судалж, саналаа нэгтгэн боловсруулахыг даалгалаа.

Энэ үеэр талууд Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах талаар болон нийслэлд махны үнийг тогтворжуулах боломжийн тухай, 2020 оны хаврын мах бэлтгэл, нөөцлөх ажлыг зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцлоо. Сонсголонгийн гүүрнээс баруун гар тийш эргэх уулзвар хүртэлх 10 га газарт 20 тонн хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорь, худалдааны цогцолбор байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг төслийн хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэхээ хэлэлцэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн худалдаан дахь ченжийн тогтолцоог халах бүрэн бололцоотой, төрийн худалдан авалтыг нэг дороос хийж, баталгаатай эрүүл, аюулгүй хүнсээр нийслэлийн хүн амыг хангах боломжтой гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун хэллээ. Ард иргэдээ дөрвөн улирлын турш хүнсний нарийн ногоогоор тасралтгүй хангах зорилгоор ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Тяньжин Фүүдс” компанийн хүлэмжийн аж ахуй эрхлэх төслийн талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов.

Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцын зэрэглэлээс гаргана

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргах болсон байна. ОУПХ-ноос уг хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Түр хороо өчигдөр буюу энэ сарын 15-нд Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзаж, шүүхийн шийдвэрүүдийг ил болгохоор тохирчээ.

Түр хорооны дарга Ж.Батзандан, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй гурван хүнтэй уулзах хүсэлтийг ОУПХ-ны шинжээчид ирүүлсэн. Түр хорооны гишүүд ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ, УЕПГ-ын удирдлагуудтай ярилцаж, шинжээчдийг хэрэгтнүүдтэй уулзуулах боллоо. С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа хуулийн байгууллагууд олон иргэнийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл ирэх боллоо. Тиймээс иргэдийг 267155 дугаарын утасаар холбогдох, эсхүл Түр хорооны гишүүдтэй биелэн уулзаж, гомдол, мэдээллээ өгөх боломжтой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар марафон ирэх Бямба гаригт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 18-д Д.Сүхбаатарын талбайд болно. Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид /мэргэжлийн/ болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болох юм. Уг гүйлтийн техникийн зөвлөгөөн маргааш “Хангарьди” ордонд 15:00 цагаас болох аж. Энэ үеэр тэмцээнд оролцогч дотоод болон гадаадын мэргэжлийн тамирчдын танилцуулга, оролцогч байгууллага болон бусад мэдээллийг хүргэх юм байна.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний өдөр төвийн замын автомашиныг хөдөлгөөнийг хаах юм.

“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга иргэн хамрагдсан бол өнгөрсөн жил мөн хотод болон орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Усчин аврагчдын сургалт явагдаж байна

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Гал түймэр унтраах, 58, 56,81, 68 дугаар ангийн нийт 13 алба хаагч хамрагдаж байгаа юм. Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн мэргэжилтэн, спорын дэд мастер, дэслэгч Г.Уртнасангийн санаачилгаар зохион байгуулагдаж тус сургалт дөрвөн сарын хугацаатай үргэлжилнэ.

Сургалтын анхан шатны болон тогтмол усны сургалт Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хилэм” усан спортын төв болон хиймэл нууранд зохион байгуулагдах бол хээрийн дадлага сургууль Булган аймгийн Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт өчигдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгуулж байна. Цэргийн дүйцүүлэх алба хаагчид нь тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх, улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна.