Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригт дурьдсан асуудлаар Сангийн яамнаас тайлбар гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Татварын багц хуульд хориг тавиад байгаа. Сангийн яамнаас Ерөнхийлөгчийн хоригт дурьдсан асуудлаар тайлбар өгчээ. Уг тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Уг багц хуулинд эдийн засгийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хувь хэмжээг бууруулан татвар төлөгчдийн эрх ашиг, татварын суурийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорацууд татвараас зайлсхийж зугтах боломжийг хязгаарлах, татварын хууль тогтоомж хоорондын хийдэл, зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, ногдуулсан татварыг бүрэн хурааж, татварын тэгш шударга байдлыг хангах зүйл заалтууд орсон билээ.

Татварын багц хуулийн төслөөр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран улс орон даяар 39 удаа танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж татвар төлөгч, иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн 1,783 саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан.

Түүнчлэн хуулийн төслийг Төсвийн байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг тусгайлан хэлэлцэж, 6 саналыг хүлээн авч тусган баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр татварын багц хуульд хориг тавихдаа Улсын Их Хурлаас огт батлаагүй Хүн амын орлогын албан татварын тухай гэх хуульд хориг тавьжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдсан асуудал тус бүрээр дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

Нэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль:

1.1.“Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэх асуудалд

Хуульд “Оюу Толгой” ХХК болон бусад aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчид хамаарахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.5-д “aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан. Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулан, ил тод болгож гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд арилжаалсан тохиолдолд татварын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хуулийн зохицуулалт юм.

1.2.Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм, зээлийн хүүгийн зардлын хязгаарлалтыг сулруулж, “Оюу толгой” ХХК-ийн татварын алдагдлыг нэмэгдүүлж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулах сөрөг нөлөөтэй гэх асуудалд

Шинээр батлагдсан хуулиар одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг өөрчлөлгүй хадгалсан. Үүн дээр нэмж “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг – BEPS”-ийн зөвлөмжид заасан их хэмжээний зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах дүрмийг шинээр тусгасан. Ийнхүү өмнөх зохицуулалтыг чангаруулсан тул “Оюу Толгой” ХХК-ийн татварын тайлангаарх алдагдлыг нэмэгдүүлэхгүй.

Ийнхүү зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах 1 бус 2 дүрэм зэрэг үйлчлэхээр болж, одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм” илүү боловсронгуй болгосон тул татварын суурь бууруулахгүй, татвараас зайлсхийх боломж хаагдах юм.

2006 оны болон 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн харьцуулалт

2006 оны болон 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварын хуулийн харьцуулалт

Одоогийн хуульд

Шинэчлэн батлагдсан хуульд

14.2.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн нийт ажил гүйлгээний энэ хуулийн 14.1-д заасан хасагдах зардлын хэмжээ нь тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлыг хассан дүнгийн 30 хувиар хязгаарлагдана.

Одоогийн зохицуулалттай хамт хэрэгжих BEPS-ийн заалт

14.3.Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасныг үл харгалзан хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээний тухайн хөрөнгө оруулагчийн зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.

Одоогийн зохицуулалт хэвээрээ

1.3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод ногдох албан татварыг дордуулсан гэх асуудалд

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулж буй 30 хувийн татвар өндөр байгааг хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгчид удаа дараа шүүмжилж, бууруулах саналаа илэрхийлж байсан.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хууль хоорондын зөрчил үүсэж байгааг уялдуулсан.

1.4.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр тайлагнахаар зохицуулж, татварын зардлыг давхардуулан хасаж, татвараас зайлсхийх боломж олгосон, татварын тайлагналыг хялбаршуулах хуулийн зорилгыг гажуудуулж, орлого их хэмжээгээр бууруулна гэх асуудалд

Зардлыг давхардуулан хасах нь нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлээр ч хориотой, хуулийн зөрчил учир боломжгүй.

Татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, хуулийн хийдлийг арилгах, ил тод болгох зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр орлого, зарлагаа салгаж татварын тайлан гаргах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ нь байгалийн баялаг ихтэй бусад улс орнуудад ашиглагддаг татвараас зайлсхийхийн эсрэг, татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой (ring-fencing rule) дүрэм юм. Уг дүрмийг хэрэгжүүлснээр олон тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрт хамаарах бүх зардлаа нэгтгэн тайлагнаж, хооронд нь ашиг алдагдлаа шилжүүлэн төлөх татвараа бууруулах боломжгүй болно.

Тайлангийн маягт, тайлангийн хугацаа, тайлагналын системийн хувьд хуульд заасан нийтлэг жишгийг мөрдөх бөгөөд татвараас зайлсхийх явдлыг бууруулах, татварын сууриа хамгаалах хуулийн зорилгод нийцэж байна.

1.5.Арилжааны банкнуудын татан төвлөрүүлсэн эх үүсвэрт хамаарах хүүгийн орлогод ногдуулах суутган татварыг бууруулсан хирнээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамтыг татварын бодлогоор бууруулахад чиглэсэн, оновчтой зөв шийдлийг тусгаж чадаагүй гэх асуудалд

Дотоодын банкнуудын татан төвлөрүүлсэн зээлийн эх үүсвэрийн хүүд ногдох суутган татварыг бууруулах нь иргэн, аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү бууруулахад чиглэсэн бодлогын хэмжээ юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар татвар ногдуулахаар тусгасан.

Түүнчлэн, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл гаргасан тохиолдолд хүүгийн дарамтыг бууруулж 5 хувь байхаар хуульд тусгасан болно.

Ийнхүү татварын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад чиглэгдсэн бодлогын цогц арга хэмжээг тусгасан.

Нөгөө талаас, арилжааны банк татвараас зайлсхийх, зугтах зорилгоор энэхүү заалтыг

1.6.Татварын хялбаршуулсан горимд хамрагдсанаар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна гэх асуудалд

Жилийн 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн сонголтоор хялбаршуулсан горимд хамрагдаж болно. Хүсэлт гаргаагүй буюу хялбаршуулсан горим сонгоогүй татвар төлөгч нийтлэг жишгийн дагуу орлого, зарлагаа тайлагнан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээлттэй.

Хоёр. Татварын ерөнхий хууль:

2.1. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахад хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх тухай асуудалд

Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татварын дүнгийн 10 хувийг урьдчилж төлж, хэрвээ татвар төлөгчийн талд гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилж төлсөн татварыг алдангийн хамт буцаан олгохоор хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь татварын улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, үндэслэлгүй акт тавихыг хязгаарлах, татвар төлөгч хугацаа хойшлуулж урт хугацаанд удаа дараа маргаан татварын өрөө төлөхгүй байх, зайлсхийх сөрөг үзэгдлийг хязгаарлах зорилготой зохицуулалт юм. Тухайлбал, татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс хойш 8 жил гаруй хугацаанд татвараа төлөхгүй маргах тохиолдол байна.

2.2.Сангийн сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөх холбогдох журмуудыг зөвхөн Сангийн сайд батлахаар байгаа гэх асуудалд

Өмнөх хуулиар Сангийн сайдын батлан мөрдүүлдэг байсан дүрэм, журмын тоог өмнөхөөс цөөрүүлж батлан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгож байна.

Түүнчлэн, Хуулиар эрх олгосны дагуу батлах захиргааны акт Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд эрх зүйн зөрчилтэй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй. Иймд Сангийн сайд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөж хууль тогтоомжид нийцэхгүй журам батлах боломжгүй. Сангийн яам, Татварын ерөнхий газрын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, ирүүлсэн саналд үндэслэн батлах болно.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар нийт 22 журам батлах эрх олгогдсон байгааг цөөрүүлэн батлахаар ажиллаж байна.

2.3.Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан гэх асуудалд

Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө тодорхойлж тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхийн шийдвэргүйгээр татварын алба хураахаар тусгасан. Одоогийн харилцаанд татвар төлөгчийн нэгэнт хүлээн зөвшөөрсөн өрийг хураах асуудлаар маргаан таслах зөвлөл, шүүхийн 3 шатаар эцэслэн шийдвэрлүүлдэг үр ашиггүй, зардал ихтэй тогтолцоо байна.

Харин татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжилсэн хөрөнгөөс татварын өр гаргуулах ажиллагааг явуулахгүй.

Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн арга, хэлбэрийг зохицуулах эрх нь нээлттэй тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргийн хүрээнд татвар төлөгчийн төлөхөөр тайлагнасан татвар, татварын албанаас төлүүлэхээр тогтоосон татварыг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөөгүй.

Одоогийн болон шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулиар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангах, зөвлөгөө өгч үйлчлэх, зөвлөмжгаргах нь татварын албаны үндсэн чиг үүрэгт нийцсэн бүрэн эрх юм.

Ийнхүү татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг зөвлөгөө мэдээллээр хангаж, үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохицуулалттай болгох үүднээс олон улсад түгээмэл хэрэглэдэг “public ruling” буюу татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж гаргах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, шинээр тусгасан. Энэхүү зөвлөмж нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж буй хэрэг биш юм.

Шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзах тул Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар хуульд заасан зөвлөмж гаргахгүй.

2.4.Татварын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэх асуудлаар

Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн энэхүү зохицуулалтыг татвар төлөгчдийн саналд үндэслэн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн үеэр тусгаж шийдвэрлэсэн.

Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон бууруулсан.

2.5.Татвар төлөх үүрэг бүхий хоёрдогч этгээдийн үүргийн талаар

Татварын өртэй этгээд маргаан шийдвэрлэх хугацаанд өөрийн хөрөнгийг үнэгүй, эсхүл хэт бага үнээр бусдад шилжүүлэн төлбөрийн чадваргүй болох замаар татвараас зугтаж байна. Үүнээс сэргийлэх зорилгоор олон улсын жишиг, туршлагад нийцүүлэн татварын алба хөрөнгийг шилжүүлж авсан этгээдээс шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татварын өрийг хураах бөгөөд хоёрдогч этгээдийн шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болсон авлагаас илүү хэмжээгээр хөрөнгө гаргуулахгүй. Ийнхүү зөвхөн шилжүүлж авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татвар төлөх хоёрдогч үүрэг хязгаарлагдах тул эрх зүйн бусад зохицуулалттай зөрчилдөхгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй гэж тодорхой заасан байдаг тул хуульд заасан татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдийн зохицуулалт нь Иргэний хуультай зөрчилдөхгүй.

2.6.Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцахаар зохицуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгийг зөрчиж байна гэх асуудлаар

Татварын улсын байцаагч үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэж татвар төлөгчдийг хохироох явдлаас сэргийлэн, татварын улсын байцаагч, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн зохицуулалт юм.

Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн татварын улсын байцаагч, хураагчийг хариуцлагажуулсан дээрх зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон зохицуулалттай нийцсэн ба татвар төлөгчдөд үзүүлдэг татварын улсын байцаагчийн хууль бус дарамт, нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт юм.

Гурав. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль:

3.1. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч хувь хүнийг тодорхойлох зохицуулалтыг сулруулсан гэх асуудлаар

Дэлхийн улс орнууд оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох шалгуурыг өөрийн онцлогт тулгуурлан дотоодын хууль тогтоомждоо тусгадаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад байнга оршин суугч татвар төлөгч 10 хувиар, оршин суугч бус татвар төлөгч 20 хувиар татвар төлөхөөр заасан. Энэ нь татвар төлөгчийг аль болох байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ. Өнөөгийн мөрдөгдөж буй хуульд заасан “орон байртай байх” гэсэн шалгуурыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байхаас гадна “орон байртай байна” гэдгийг хэрхэн тодорхойлох нь маргаан дагуулдаг.

Давхар татварын хэлэлцээрийн загвар нь улс орнууд хооронд хэлэлцээр байгуулахад ашиглаж болох жишиг баримт бичиг бөгөөд тусгаар улс орнууд заавал дагаж мөрдөх, тэр дундаа дотоодын хууль тогтоомжийг уг загварт нийцүүлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн “орон байртай байх” гэсэн шаардлага нь хувь хүн хуулийн дагуу хоёр улсад нэгэн зэрэг оршин суугч болсон тохиолдолд давхар татварын хэлэлцээрийн хүрээнд хэлэлцэн тохиролцогч улсууд татварын давхардлыг арилгах зорилгоор оршин суугч улсыг тодорхойлох шаардлага буюу “tie breaker” дүрмийн нэг хэсэг юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч хувь хүн Монгол Улсад 183 хоног ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно. Гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдрахаар бол харьяа татварын албандаа хандан, байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх боломж нээлттэй юм.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

Categories
мэдээ улс-төр

​Ц.Даваасүрэн:10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 24-28-ны хооронд БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын нэг нь 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдсон байж магадгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон.
Их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн хардагдаад буй сайд нарын нэг нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн билээ. Тэрбээр энэ асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.

Тэрбээр “Би айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгаагүй. Харин “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. Энэ асуудлын талаар надад мэдээлэл алга.

Ер нь бол 10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо. Хараад байхад одоо дөхөж байгаа сонгуультай холбоотой байж магадгүй. Дээр нь тийм их хэмжээний мөнгөний тухай ярьж байна гэдэг нь үнэмшил муутай юм. Тийм их хэмжээний мөнгө гэж байгаа нь өөрөө худлаа гэж харагдаад байна” гэлээ.

Г.Хонгорзул

Categories
мэдээ нийгэм

101 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 161 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 32 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 95 бүтээлд патент олгосны 59 нь шинэ бүтээлийнх, 36 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 4 дүгээр сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 25 бүтээлд шинээр патент олгосны 16 нь шинэ бүтээлийнх, 9 нь бүтээгдэхүүний загварынх байна. Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 19 нь хими, төмөрлөг, 16 нь хүний хэрэгцээг хангах зүйлс, 9 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 15 нь бусад ангилалд хамаарч байна. Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний 4 сард 76 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 51 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 4 дүгээр сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 16 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна. Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 оны эхний 4 сард 1500 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 762 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 1165 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 278 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин 2019 оны 4 дүгээр сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 233 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний 4 сард 391 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 4 дүгээр сард 101 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

​Охиноо хүчиндсэн хойт эцэгт 20 жил хорих ял оноожээ

Баянгол дүүрэгт оршин суудаг Р.Х нь 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 настай дагавар охиноо хүчиндсэн гэмт хэрэг гарсан.
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 6-ны өдөр Р.Х-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 16 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас өнгөрсөн сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүургийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасан.

Иймээс Төрийн албаны төв байгууллагын саналыг авч, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адилтгаж тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэнг цагдаагийн байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалын цалинтай адилтган тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл –ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Сангийн сайд илтгэлдээ, Үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Салбарын төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй уялдуулан яамд, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулж боловсруулсан. Тухайлбал, Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан нийт 118 арга хэмжээний 58 хувь нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай, 90 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 23 хувь нь төрөөс баримтлах салбарын бодлогын баримт бичигтэй уялдаж байгаа гэдгийг дурдав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хуний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн гээд эдгээр бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтуудыг товч танилцуулсан юм. Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2020 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах; төсөв, мөнгөний бодлогыг хослуулах замаар инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийг дунд хугацаанд эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Харин Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимтэй хөгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах; хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх; бодит салбарын өсөлтийг дэмжих зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хэллээ.

Мөн Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах; агаар орчны бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх; гамшгаас хамгаалах бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулж, гамшгийн үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тусгасан.

Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх; соёл урлагийн салбарт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх; судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлж, дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих; шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж, судалгаа боловсруулалтын ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх; харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх; төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх; эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх; хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, цагдаагийн байгууллагын мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлж; үндэсний стандартыг шинээр боловсруулж, орон нутгийн стандартын байгууллагын чадавхыг бэхжүүлэх; хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьсан талаар танилцуулав.

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгаад байна.

Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйгаа Сангийн сайд илтгэлдээ дурдлаа.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт, Ц.Гарамжав, С.Бямбацогт, Л.Болд, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Д.Дамба-Очир нар Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэхҮндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар салбарын яамдаас нийтдээ 34 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 400 гаруй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал, жагсаалт ирүүлсэн. Эдгээрт шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг харгалзан Сангийн яам хянан үзэж нэгтгээд нийт 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд 10 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төсөлд тусгасныг дурдав.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2020-2022 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байгаа. Татварын шинэчлэлийн үр дүнд татвар төлөх үйл ажиллагаа хялбаршиж, татварын ачаалал буурахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулах бизнесийн орчинг сайжруулсан. Үүний үр дүнд бизнесийн ашигт ажиллагаа дээшилж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байна. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2020 оноос дуусах шатандаа орж, хөрөнгө оруулалтын хэмжээ багасах хэдий ч газрын тосны үйлдвэр барих, цэвэрлэх байгууламж барих төслүүд эрчимжиж, барилга, угсралтын ажил идэвхжинэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзэж буйгаа Сангийн сайд онцолж байв.

Эдийн засгийн өсөлт, хүн амын хэтийн төлөвт үндэслэн тооцоход ажиллагсдын тоо жилд дунджаар 5.0 орчим хувиар өсөхийн зэрэгцээ ажиллах хүчний оролцооны түвшин сэргэх төлөвтэй байгаа аж. Энэ нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийн зорилтын нэгдүгээр үе шаттай нийцэж буй юм. Дунд хугацаанд уул уурхай, эрчим хүч болон дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн үндсэн зорилтуудыг хангасны үр дүнд ажилгүйдлийн түвшин 6.0-7.5 хувь байх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн инфляцийн түвшин дунд хугацаанд буюу 2020-2022 онд 8 орчим хувьд байхаар байна. Эдийн засгийн өсөлт идэвхжиж байгаа нь хүн амын худалдан авах чадвараар дамжиж, эрэлтийн гаралтай инфляци нэмэгдэх дарамтыг бий болгож байгаа бол ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтээ танах бодлого хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гадаад зах зээлд газрын тосны үнэ өсөж болзошгүй байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас татварын багц хуулийн шинэчлэл хийж, бизнесийн орчныг сайжруулах, 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж байгаа зэрэг нь бизнесийн зардлыг бууруулж, үйлдвэрлэл, нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр байгаа тул инфляцийн түвшинг зорилтод хэмжээнд, тогтвортой байлгах боломж бүрдэхээр байна гэдгийг дурдаж байлаа.

Харин голлох ашигт малтмалын зах зээлийн хандлагаар зэсийн үнэ 2018 онд дунджаар 6,530 ам.доллар байж, өмнөх оны дунджаас 6 орчим хувиар өссөн байна. Олон улсын мэргэжлийн шинжээчид зэсийн үнэ 2019 онд буурах, харин 2020 онд эргээд өсөхөөр төсөөлсөн байгаа. Тиймээс зэсийн үнийг 2020 онд 6,340 ам.доллар буюу 2019 оны үнийн төсөөллөөс 70 ам.доллароор илүү байхаар төсөөлж байгаа.

Олон улсын шинжээчид алтны ханшийг 2019 онд үргэлжлэн өснө гэж таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ 2019 онд дунджаар 1,320 ам.доллар, 2020 онд дунджаар 1,330 ам.доллар байх төлөвтэй байна. Харин дэлхийн гангийн үйлдвэрлэл сүүлийн дөрвөн жил дараалан өсөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс өсөлттэй, цаашдаа дэлхий нийтийн гангийн эрэлтийн нэмэгдэх хандлагатай байна. Нүүрсний тухайд судалгааны байгууллагууд 2019, 2020 онд Австрали нүүрсний үнийг буурахаар төсөөлж байна. Харин БНХАУ-ын нүүрсний импорт сүүлийн 4 жил дараалан өсөөд байгаа. Бидний хувьд баяжуулсан нүүрсний үнийг 2019 оныхтой адил түвшинд байхаар төсөөлж байгаа гэдгээ Сангийн сайд хэллээ.

Мөн бодит салбарын хөгжлийн талаар үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд, гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн санхүүжилт, мал аж ахуй, газар тариалангийн салбарын өгөөж, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулахтай холбоотой асуудлууд, түүнчлэн үндсэн чиглэл нь мөнгөний бодлоготой хэр уялдаж байгаа талаарх гишүүдийн асуултад Засгийн газрын бусад гишүүд, Монголбанкны удирдлагууд хариулт өгсөн юм.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 14 цаг хүртэл цаг сунган хуралдаж, гишүүд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Сангийн сайд болон салбарын сайд нараас асуулт асууж тодруулсан. Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Төв аймгийн Сүмбэр суманд халдвар авсан 200 тохиолдол бүртгэгдсэн

Image result for сарангэрэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар халдварт өвчний эрт илрүүлэлтийн талаарх гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд сүрьеэгээр өвчилсөн, халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн талаар хэлжээ. Тэрээр “2018 оны X сараас эхлэн орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн явуулж байна. Үр дүнд нь 52 мянган хорт хавдрын тохиолдлыг илрүүлсэн. Мөн сүрьеэгийн асуудлаар тушаал гаргаж ЕБС-иудад урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний дүнд 15 дугаар сургуулийн 38 хүүхэд өвчилсөн, 200 гаруй хүүхэд халдвар авсан тохиолдол илэрсэн. Урьдчилан сэргийлэх үзлэгээр энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд өвчлөлийн зургаа, халдвар авсан 200 тохиолдол бүртгэгдсэн. Эрт илрүүлж эмчлэх нь чухал” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ТАВЬСАН ХОРИГТ ӨГӨХ ХАРИУ ТАЙЛБАР

Image result for сангийн яам

Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Уг багц хуулинд эдийн засгийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хувь хэмжээг бууруулан татвар төлөгчдийн эрх ашиг, татварын суурийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорацууд татвараас зайлсхийж зугтах боломжийг хязгаарлах, татварын хууль тогтоомж хоорондын хийдэл, зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, ногдуулсан татварыг бүрэн хурааж, татварын тэгш шударга байдлыг хангах зүйл заалтууд орсон билээ.

Татварын багц хуулийн төслөөр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран улс орон даяар 39 удаа танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж татвар төлөгч, иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн 1,783 саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан.

Түүнчлэн хуулийн төслийг Төсвийн байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг тусгайлан хэлэлцэж, 6 саналыг хүлээн авч тусган баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр татварын багц хуульд хориг тавихдаа Улсын Их Хурлаас огт батлаагүй Хүн амын орлогын албан татварын тухай гэх хуульд хориг тавьжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдсан асуудал тус бүрээр дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

Нэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль:

1.1.“Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэх асуудалд

Хуульд “Оюу Толгой” ХХК болон бусад aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчид хамаарахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.5-д “aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан. Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулан, ил тод болгож гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд арилжаалсан тохиолдолд татварын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хуулийн зохицуулалт юм.

1.2.Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм, зээлийн хүүгийн зардлын хязгаарлалтыг сулруулж, “Оюу толгой” ХХК-ийн татварын алдагдлыг нэмэгдүүлж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулах сөрөг нөлөөтэй гэх асуудалд

Шинээр батлагдсан хуулиар одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг өөрчлөлгүй хадгалсан. Үүн дээр нэмж “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг – BEPS”-ийн зөвлөмжид заасан их хэмжээний зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах дүрмийг шинээр тусгасан. Ийнхүү өмнөх зохицуулалтыг чангаруулсан тул “Оюу Толгой” ХХК-ийн татварын тайлангаарх алдагдлыг нэмэгдүүлэхгүй.

Ийнхүү зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах 1 бус 2 дүрэм зэрэг үйлчлэхээр болж, одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм” илүү боловсронгуй болгосон тул татварын суурь бууруулахгүй, татвараас зайлсхийх боломж хаагдах юм.

2006 оны болон 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварын хуулийн харьцуулалт

Одоогийн хуульд

Шинэчлэн батлагдсан хуульд

14.2.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн нийт ажил гүйлгээний энэ хуулийн 14.1-д заасан хасагдах зардлын хэмжээ нь тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлыг хассан дүнгийн 30 хувиар хязгаарлагдана.

Одоогийн зохицуулалттай хамт хэрэгжих BEPS-ийн заалт

14.3.Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасныг үл харгалзан хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээний тухайн хөрөнгө оруулагчийн зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.

Одоогийн зохицуулалт хэвээрээ

1.3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод ногдох албан татварыг дордуулсан гэх асуудалд

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулж буй 30 хувийн татвар өндөр байгааг хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгчид удаа дараа шүүмжилж, бууруулах саналаа илэрхийлж байсан.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хууль хоорондын зөрчил үүсэж байгааг уялдуулсан.

1.4.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр тайлагнахаар зохицуулж, татварын зардлыг давхардуулан хасаж, татвараас зайлсхийх боломж олгосон, татварын тайлагналыг хялбаршуулах хуулийн зорилгыг гажуудуулж, орлого их хэмжээгээр бууруулна гэх асуудалд

Зардлыг давхардуулан хасах нь нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлээр ч хориотой, хуулийн зөрчил учир боломжгүй.

Татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, хуулийн хийдлийг арилгах, ил тод болгох зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр орлого, зарлагаа салгаж татварын тайлан гаргах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ нь байгалийн баялаг ихтэй бусад улс орнуудад ашиглагддаг татвараас зайлсхийхийн эсрэг, татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой (ring-fencing rule) дүрэм юм. Уг дүрмийг хэрэгжүүлснээр олон тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрт хамаарах бүх зардлаа нэгтгэн тайлагнаж, хооронд нь ашиг алдагдлаа шилжүүлэн төлөх татвараа бууруулах боломжгүй болно.

Тайлангийн маягт, тайлангийн хугацаа, тайлагналын системийн хувьд хуульд заасан нийтлэг жишгийг мөрдөх бөгөөд татвараас зайлсхийх явдлыг бууруулах, татварын сууриа хамгаалах хуулийн зорилгод нийцэж байна.

1.5.Арилжааны банкнуудын татан төвлөрүүлсэн эх үүсвэрт хамаарах хүүгийн орлогод ногдуулах суутган татварыг бууруулсан хирнээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамтыг татварын бодлогоор бууруулахад чиглэсэн, оновчтой зөв шийдлийг тусгаж чадаагүй гэх асуудалд

Дотоодын банкнуудын татан төвлөрүүлсэн зээлийн эх үүсвэрийн хүүд ногдох суутган татварыг бууруулах нь иргэн, аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү бууруулахад чиглэсэн бодлогын хэмжээ юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар татвар ногдуулахаар тусгасан.

Түүнчлэн, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл гаргасан тохиолдолд хүүгийн дарамтыг бууруулж 5 хувь байхаар хуульд тусгасан болно.

Ийнхүү татварын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад чиглэгдсэн бодлогын цогц арга хэмжээг тусгасан.

Нөгөө талаас, арилжааны банк татвараас зайлсхийх, зугтах зорилгоор энэхүү заалтыг

1.6.Татварын хялбаршуулсан горимд хамрагдсанаар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна гэх асуудалд

Жилийн 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн сонголтоор хялбаршуулсан горимд хамрагдаж болно. Хүсэлт гаргаагүй буюу хялбаршуулсан горим сонгоогүй татвар төлөгч нийтлэг жишгийн дагуу орлого, зарлагаа тайлагнан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээлттэй.

Хоёр. Татварын ерөнхий хууль:

2.1. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахад хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх тухай асуудалд

Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татварын дүнгийн 10 хувийг урьдчилж төлж, хэрвээ татвар төлөгчийн талд гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилж төлсөн татварыг алдангийн хамт буцаан олгохоор хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь татварын улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, үндэслэлгүй акт тавихыг хязгаарлах, татвар төлөгч хугацаа хойшлуулж урт хугацаанд удаа дараа маргаан татварын өрөө төлөхгүй байх, зайлсхийх сөрөг үзэгдлийг хязгаарлах зорилготой зохицуулалт юм. Тухайлбал, татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс хойш 8 жил гаруй хугацаанд татвараа төлөхгүй маргах тохиолдол байна.

2.2.Сангийн сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөх холбогдох журмуудыг зөвхөн Сангийн сайд батлахаар байгаа гэх асуудалд

Өмнөх хуулиар Сангийн сайдын батлан мөрдүүлдэг байсан дүрэм, журмын тоог өмнөхөөс цөөрүүлж батлан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгож байна.

Түүнчлэн, Хуулиар эрх олгосны дагуу батлах захиргааны акт Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд эрх зүйн зөрчилтэй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй. Иймд Сангийн сайд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөж хууль тогтоомжид нийцэхгүй журам батлах боломжгүй. Сангийн яам, Татварын ерөнхий газрын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, ирүүлсэн саналд үндэслэн батлах болно.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар нийт 22 журам батлах эрх олгогдсон байгааг цөөрүүлэн батлахаар ажиллаж байна.

2.3.Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан гэх асуудалд

Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө тодорхойлж тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхийн шийдвэргүйгээр татварын алба хураахаар тусгасан. Одоогийн харилцаанд татвар төлөгчийн нэгэнт хүлээн зөвшөөрсөн өрийг хураах асуудлаар маргаан таслах зөвлөл, шүүхийн 3 шатаар эцэслэн шийдвэрлүүлдэг үр ашиггүй, зардал ихтэй тогтолцоо байна.

Харин татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжилсэн хөрөнгөөс татварын өр гаргуулах ажиллагааг явуулахгүй.

Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн арга, хэлбэрийг зохицуулах эрх нь нээлттэй тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргийн хүрээнд татвар төлөгчийн төлөхөөр тайлагнасан татвар, татварын албанаас төлүүлэхээр тогтоосон татварыг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөөгүй.

Одоогийн болон шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулиар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангах, зөвлөгөө өгч үйлчлэх, зөвлөмжгаргах нь татварын албаны үндсэн чиг үүрэгт нийцсэн бүрэн эрх юм.

Ийнхүү татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг зөвлөгөө мэдээллээр хангаж, үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохицуулалттай болгох үүднээс олон улсад түгээмэл хэрэглэдэг “public ruling” буюу татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж гаргах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, шинээр тусгасан. Энэхүү зөвлөмж нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж буй хэрэг биш юм.

Шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзах тул Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар хуульд заасан зөвлөмж гаргахгүй.

2.4.Татварын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэх асуудлаар

Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн энэхүү зохицуулалтыг татвар төлөгчдийн саналд үндэслэн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн үеэр тусгаж шийдвэрлэсэн.

Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон бууруулсан.

2.5.Татвар төлөх үүрэг бүхий хоёрдогч этгээдийн үүргийн талаар

Татварын өртэй этгээд маргаан шийдвэрлэх хугацаанд өөрийн хөрөнгийг үнэгүй, эсхүл хэт бага үнээр бусдад шилжүүлэн төлбөрийн чадваргүй болох замаар татвараас зугтаж байна. Үүнээс сэргийлэх зорилгоор олон улсын жишиг, туршлагад нийцүүлэн татварын алба хөрөнгийг шилжүүлж авсан этгээдээс шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татварын өрийг хураах бөгөөд хоёрдогч этгээдийн шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болсон авлагаас илүү хэмжээгээр хөрөнгө гаргуулахгүй. Ийнхүү зөвхөн шилжүүлж авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татвар төлөх хоёрдогч үүрэг хязгаарлагдах тул эрх зүйн бусад зохицуулалттай зөрчилдөхгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй гэж тодорхой заасан байдаг тул хуульд заасан татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдийн зохицуулалт нь Иргэний хуультай зөрчилдөхгүй.

2.6.Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцахаар зохицуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгийг зөрчиж байна гэх асуудлаар

Татварын улсын байцаагч үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэж татвар төлөгчдийг хохироох явдлаас сэргийлэн, татварын улсын байцаагч, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн зохицуулалт юм.

Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн татварын улсын байцаагч, хураагчийг хариуцлагажуулсан дээрх зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон зохицуулалттай нийцсэн ба татвар төлөгчдөд үзүүлдэг татварын улсын байцаагчийн хууль бус дарамт, нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт юм.

Гурав. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль:

3.1. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч хувь хүнийг тодорхойлох зохицуулалтыг сулруулсан гэх асуудлаар

Дэлхийн улс орнууд оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох шалгуурыг өөрийн онцлогт тулгуурлан дотоодын хууль тогтоомждоо тусгадаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад байнга оршин суугч татвар төлөгч 10 хувиар, оршин суугч бус татвар төлөгч 20 хувиар татвар төлөхөөр заасан. Энэ нь татвар төлөгчийг аль болох байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ. Өнөөгийн мөрдөгдөж буй хуульд заасан “орон байртай байх” гэсэн шалгуурыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байхаас гадна “орон байртай байна” гэдгийг хэрхэн тодорхойлох нь маргаан дагуулдаг.

Давхар татварын хэлэлцээрийн загвар нь улс орнууд хооронд хэлэлцээр байгуулахад ашиглаж болох жишиг баримт бичиг бөгөөд тусгаар улс орнууд заавал дагаж мөрдөх, тэр дундаа дотоодын хууль тогтоомжийг уг загварт нийцүүлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн “орон байртай байх” гэсэн шаардлага нь хувь хүн хуулийн дагуу хоёр улсад нэгэн зэрэг оршин суугч болсон тохиолдолд давхар татварын хэлэлцээрийн хүрээнд хэлэлцэн тохиролцогч улсууд татварын давхардлыг арилгах зорилгоор оршин суугч улсыг тодорхойлох шаардлага буюу “tie breaker” дүрмийн нэг хэсэг юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч хувь хүн Монгол Улсад 183 хоног ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно. Гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдрахаар бол харьяа татварын албандаа хандан, байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх боломж нээлттэй юм.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

2019.05.16

Categories
мэдээ эдийн-засаг

ЗАРИМ ГИШҮҮН КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СЗХ-НООС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Image result for сзх

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот тогтоолоор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай дараах нэр бүхий 13 компанийн дилерийн болон андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Үүнд:

Компанийн нэр Тусгай зөвшөөрлийн төрөл
1 “Асе энд Т Капитал ҮЦК” ХХК Дилер, андеррайтер
2 “Тэнгэр капитал ҮЦК” ХХК Дилер, андеррайтер
3 “Монсек ҮЦК” ХХК Дилер, андеррайтер
4 “Блүмсбюри секьюритис ҮЦК” ХХК Андеррайтер
5 “Эм Ай Би Жи ҮЦК” ХХК Андеррайтер
6 “Эм Ай Си Си ҮЦК” ХХК Андеррайтер
7 “Эф Си Икс ҮЦК” ХХК Андеррайтер
8 “Блюскай секьюритиз ҮЦК” ХХК Дилер
9 “Гацуурт трейд ҮЦК” ХХК Дилер
10 “Батс ҮЦК” ХХК Дилер
11 “Зэт Жи Би ҮЦК” ХХК Дилер
12 “Өндөрхаан инвест ҮЦК” ХХК Дилер
13 “Масдак ҮЦК” ХХК Дилер

Categories
мэдээ нийгэм

Шар тэмдэглэгээний зөрчлийг камерын автомат системээр хянана

Авто замын ар тэмдэглэгээний дүрмийг хяналтын камерын автомат системээр хянана. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн ЗХД ийн 15.2-р заалтыг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Энэ сарын 20-ноос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан шар тэмдэглэгээний дүрмийг мөрдүүлэхээр болсон байна. Ингэхдээ дүрэм зөрчвөл хариуцлага тооцно. Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилсан байна.

Жолооч танд: Таныг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй, та тухайн уулзварыг чагтлах бол таныг уулзвар руу нэвтэрч орохгүй байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын зөвлөл 10 сая ам. долларын асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их хэмжээний мөнгө буюу 10 сая ам.долларыг авлига хэлбэрээр авсан байж болзошгүй хэмээн Засгийн газрын нэр бүхий сайдыг нэрлэх болсон. Тэгвэл УИХ-дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдээлэл авахаар хүсэлт хүргүүллээ.

Хүсэлтэд “Таны тэргүүлж буй Засгийн газрын нэр бүхий сайд 10 сая америк долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл газар авч Засгийн газрын нэр хүндэд ноцтой асуудал үүсгээд байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ-руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбогдсон эсэх талаар мэдээллийг бидэнд яаралтай ирүүлнэ үү гэжээ.

Мөн Засгийн газрын танхимын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хэвлэлийн хурал дээр “Би 10 сая америк долларын авлигын асуудалд хамаагүй, энэ талаар гүтгэлэг явсан тул хуулийн байгууллагад хандсан байгаа. Урд хөрш рүү Ерөнхийлөгчийн айлчлалд би яваагүй, хариуцсан хүмүүс нь юу гэж бодож байгаа юм” гэх мэдээллийг хийсэн тухай дурджээ.