Categories
мэдээ цаг-үе

Бүдрагчаагийн Даш-Ёндон: Монгол хоёр их гүрний дунд байгаадаа маш сайхан, олон хөрштэй байвал олон асуудал үүснэ

Түрүүч нь 097(6199) дугаарт


Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонтой уулзаж хөөрөлдлөө.


-Нийгмийн баримжаатай эдийн засгийн тогтолцоо руу л орох гээд байгаа гэсэн үг үү?

-Ертөнц бол тэр рүү хөтлөх гээд байна. Яаж хөтлөх гээд байна гэхээр тогтчихсон, барьчихсан юм чинь хэцүү. Нэг хоёр дарга, нэг хоёр нам тэрийг бас хөдөлгөж чадахгүй байна. Одоохондоо яриад байгаа. Тэр яриа нь чухал юм. Хятад, Орос хоёр дэлхийн толгойд гараад ирэхийн цагт юм өөрчлөгдөнө. Монгол бол хоёр их гүрний дунд байгаадаа маш сайхан. Манайхан “Олон хөрш олон ханьтай” гээд зарим нь яриад байдаг юм байна лээ. Олон хөрштэй байвал олон асуудал үүсдэг юм. Хоёр хөрштэй бол хоёрхон л асуудал байна. Тэр хоёрынхоо дунд учрыг нь олоод байж байхад энэ хоёрыг давж бидэнд дээрэлхэх тийм амьтан байхгүй.

-Ёстой л үнэн юм даа…

-Яаж энэ хоёрыг давж бид нарыг харвах юм.

-Та “Хөөрсөн түмэн” гэж нэг ном орчуулсан даа?

-Сая чамайг орж ирэхээс өмнө нэг хүн утасдаж байна. Их оюунлаг хүн л дээ. “Хөөрсөн түмэн” номыг чинь хэвлэж өгье гэж байна. Тэр бол бас юм бодож яваа хүн байхгүй юу. Хөөрсөн түмэн гэдэг чинь хэцүү. Одоо тэр Украин энэ тэрийг чинь баллаад хаячихлаа шүү дээ.

-Баахан л өнгөт хувьсгалууд дэгдээд, аливаа улс орныг ч баллаад хаячих юм аа?

-Тийм. Тэгээд байгаа юм. Манайх хоёр их хөрштэй учраас арай гайгүй шүү.

-Бид тогоон дотроо ходоод хагалаад бужигнаад унавал хэцүүдэх байх шүү?

-Хэцүү болно шүү дээ.

-Та нийгмийн хөгжил гэж их ярих юм. Нийгэм хөгжинө гэж таныхаар чухам юуг хэлээд байна?

-Нийгмийн салбаруудын хөгжлийг уялдуулах ёстой. Нэгийг нь ч чухал гэж онцолж болохгүй. Одоо чинь болохоор “Уул уурхайгаар л Монгол Улс хөгжинө” гэсэн яриа гарчихсан. Гэтэл уул уурхай чинь хөгжил биш, сүйтгэл яваад байгаа юм. Ерэн оноос хойш манай улс хөгжсөн юм тэгвэл хаа байна. “Алт” хөтөлбөр гээд нэг юм гаргаад пижигнэчихсэн. Тэгээд Монгол нь хөгжчихсөн нь хаана байгаа юм. Ямар учиртайг би мэдэхгүй.

-Гурван хүн тутмын тэн хагас нь л машинтай болчихлоо. Энэ хөгжил биш үү?

-Хөгжил биш, биш, биш. Хүний ёс суртахуун л хөгжлийн хамгийн том үзүүлэлт байх ёстой. Мэдээжийн хэрэг, хүн бол хөгжлийг авч яваа, хөгжлийг бий болгох этгээд учраас өөрөө хөгжих ёстой. Манайд одоо яах вэ дээ, ёс суртахууны тухай үргэлж ярьдаг боллоо шүү дээ. Энэ санамсаргүй хэрэг биш. Ёс суртахуун мянга яриад чиг хөгжилтэй очиж нийлэхгүй, хүн дээрээ тусахгүй байна. Яагаад гэвэл ёс суртахууны тухай яриа чинь ерөнхий философийн тухай яриа юм. Гудамжинд нус цэрээ хаяад явж байгаа хүн дээр очиж буухгүй, энэ яриа. Энэ замаар явж байгаа нөхдийг харж байхад машин дотроосоо асаалттай тамхиа шидчихэж байна шүү дээ. Манай эхнэр унаа бариад явж байтал жолооч нь тамхиа шидчихэж байна гэнэ. “Чи яаж байгаа юм. Болохгүй шүү дээ” гэсэн чинь “Үгүй юун сүртэй юм. Цэвэрлэгч байгаа биз дээ. Ажлаа хийг” гэж байна гэсэн. Нэгнийгээ ингэж болохгүй ш дээ. Харин тэр цэвэрлэгчийн ажлыг бүр хөнгөлөх сөн гэж л бид бие биенээ бодож явахгүй бол хэцүү еэ. Бид хүний хөгжил гэж зөндөө ярьж байгаа шүү дээ. “Хөгжлийн төвд хүн байна” юу юу ч гэнэв, сэтгүүл сонин, дарга нар, бүх намууд бүгд л энэ тухай ярьж байгаа. Тэрнийхээ төлөө хийж байгаа юм байхгүй. Тиймээс одоогийн сургалтын тогтолцоогоо их тодорхой болгож өөрчлөх хэрэгтэй.

-За яаж өөрчлөх вэ?

-Ёс зүйн хичээлийг философийн зузаан сурах бичгээр биш бага, дунд сургуульд байхад хэлж байх учиртай. Чиний үед байсан юм уу, үгүй юу, бидний үед “Сурагчийн дүрэм” гэж байлаа.

-Байсан шүү…

-Сурагчийн дүрэм “Хичээл дээр ширээ тохойлдон лаглайн сууж болохгүй” гээд эхлэхээр чинь л цаашаа бол бүх юм цээртэй, хориотой, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй болоод явчихаж байна аа даа. (инээв. сур) Хүний тухай ярихад хамгийн түрүүнд сургалтын талаар ярих хэрэгтэй. Хоёр дахь нь эрүүл мэндийн салбар байгаа. Хүн эрүүл байж байж ихийг бүтээж хөгжинө. Ер нь хүний настрийн гэдэг чинь эрүүл мэндээсээ л хамаардаг. Бие нь муу байгаа хүн бүр нурмайчихдаг. Ажлын чадваргүй болно. Эрүүл мэнд муудаад ирэхээр тухайн хүн “Энэ муу нийгэм юу юм, чёрт” гэж бодож байгаа ш дээ. Эрүүл мэндэд мөнгө хүрэхээ байна. Гадаадад явах мөнгө нь өндөр. Ийм учраас эрүүл мэндийн салбарыг дээд зэргээр хөгжүүлэх ёстой.

-“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг чинь л хөгжлийн гол философи юм биш үү?

-Наадахь чинь хөгжлийн том философи. Фидель Кастро өөрийнхөө тогтолцоог яаж удаан тогтоож чадсан бэ гэвэл “Куба улсыг эрүүл мэндийн гүрэн болгоно” гэж уриа дэвшүүлж, тэрийгээ биелүүлсэн. Кубын иргэн хэзээ ч гадаадад очиж эрүүл мэндийн шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэдэггүй. Одоо ч тийм л байгаа. Эрүүл мэндийн салбар дотроо эхэлж барьж авсан юм нь шүд. Шүд эсэн мэндийн бат хаалга, эрүүл мэндийн нэг том шалтгаан юм байна шүү дээ. Шүдний эмчилгээгээр Кубыг давах улс байдаг юм уу мэдэхгүй. Тэр хүн үүнийг л олоод харчихсан байгаа юм. Бидэнд энэ бүхнийг зангидах төрийн нэгдсэн бодлого чухал. Ингэхийн тулд нэг л хүнээр удирдуулах ёстой гэж зарим хүн ярьдаг юм байна лээ. Тэгэх ч бас хэрэггүй л дээ. Ер нь нийтээрээ санаа нийлэх шиг сайхан юм хаа байх вэ. Энэ бүхнийг яриад байвал их юм бий дээ.

-МАН-ынхантайгаа ойр байгаа юу?

-Ойрдоо очиж чадаагүй л байна.

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумандаа ойрхон очив уу?

-Ах дүү, хамаатан саднууд нутагт байгаа байгаа. Аав, ээж хоёр байхгүй болчихсон болохоор тийшээ тэгтлээ ч их очоод байхгүй юм. Нутаг явна гэхээр ач зээ нар гэсэн золигнуудыг чирч явах хэрэгтэй болно. (“Золигнуудыг” гэхдээ их л хайрласан шинжтэй цаанаа жаргалтай инээв. сур)

-Танайх олон хүүхэдтэй айл уу?

-Ач, зээ нараа оруулаад гэр бүлээ тоолбол арван гурван айл болчихоод байгаа. Амьдрал тэгээд сонин доо. Нэгийг нь дагуулаад явчихаар нөгөөх нь урвайчихдаг. Тэгэхээр тэр адилхан юмнуудыг чинь алийг нь гэх вэ, бараг зуслан дээрээ хэвтэж байсан нь дээр болчихоод байдаг юм.

-Та философийн ухааны доктор хүн. Яруу найрагч, гүн ухаантан Д.Урианхайн ганц хүний хөдөлгөөнийг юу гэж боддог бол?

-Би Урианхайгийн найз доктор Лувсандамбын Дашнямд “Та нар нэг юм хэлэх гээд байдаг. Хэлээд байгаа юм чинь амьдралтай яаж авцалдах вэ” гэж хэлдэг юм. Тэд Монголын ч юм уу, бас нэг тийм ардын философи юм уу, нэг тийм нэгдсэн юм гаргах гэж бодоод байх шиг байгаа юм.

Цаад санаа нь нэг тийм юм байх шиг байгаа юм. Гэхдээ хэцүү. Явсаар байгаад тэгээд юу болох нь вэ. Бас дахиад л “Төр нэгдсэн нэг уураг тархитай болох хэрэгтэй” гэсэн рүү л орж ирнэ шүү дээ.

-Манай их хааныг судалсан эрдэмтэд олон. Зарим нь алуурчин талуурчин байсан гэх юм. Дэлхийн олонх хүн Чингис хааныг маань газар дэлхийд бууж ирсэн тэнгэрийн бошготой эгэлгүй хүн байж гэх нь байх юм. Та түүхч хүнийхээ хувьд чухам аль талд нь байр суурьтай байдаг бол?

-Чингис бол энэ дэлхийн хамгийн аугаа хүний нэг мөн. Тэрэнд бол ямар ч эргэлзээ байхгүй. Энэ Монгол нутаг дээр чухам юу үлдээснийг яг хэрэг дээрээ өнөөгийн бид мэдэхгүй. Зарим хүн ганц сургууль соёл ч байгуулаагүй гэх маягтай юм ярьсан байна лээ. Тухайн үед ямар сургууль байгуулж байсныг бид мэдэхгүй. Манай Монголын нутаг дээр, газрын доор бүхэл бүтэн хотууд хэвтэж байгаа. Найман зуун жилийн өмнө, бараг мянгаад жилийн өмнөх юм би ярьж байна шүү. Нэгэн мянга есөн зуун хорин нэгэн оныхоо юмыг мэдэхгүй хэвтэж байж тээр тэнд очиж “Чингис тийм байсан, ийм байсан. Алаанч хядаанч” гэж донгосох шаардлагагүй. Чингис бол өөрийгөө, улс орноо л хамгаалж байсан хүн. Түүнээс биш сууж байснаа гэнэтхэн ухасхийж “Алив хурдал, одоо нэг байлдахгүй бол бүр уйдчихлаа” гэж амь нь тэмцэж байсан хүн биш шүү. Аюул хаана байна, хаанаас заналхийлж эхэлж байна, тэрийг л дарна. Чингисийн аян дайн бол эзлэн түрэмгийлэх биш, хамгаалах бодлогоо дэлгэрэнгүй явуулсан илбэн тохинуулалт. Тэгээд явж явж бид одоогийн энэ Монголын хавтгай дээр үлдсэн. Энэ дээр юутай үлдэв гэхээр хоёр сайхан хөршийн дунд монгол хүн монгол цусаараа байж байна шүү дээ. Энэнээс илүү яах юм. Чингис бол дэлхийн төдийгүй Монголын хамгийн их хүн мөн. Зарим номон дээр бичиг мэддэггүй байсан гэж бичдэг юм. Би бол үүнд гайхаад л байгаа юм. Нэг хүний тэмдэглэлд Чингис “За, чи наадахаа сайхан бичээд хавтаслаадах. Би дараа эргэж харна аа” гэсэн байгаа юм. Үгүй энэ чинь, бичиг мэддэггүй хүн ингэж хэлдэг юм уу. Сонин л байгаа юм. Өөрөө нэг их ном сэлт бичээд, сургаал айлдвар гаргаж явж байсан нь хаашаа юм, мэдэхгүй. Гэхдээ хэлж байсан үг нь нарийн юм байдаг л юм шиг байна лээ.

-Хэл бичгийн ухааны доктор, ардын багш С.Дулам “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үг манай хааных биш ээ, Хятадын их сэтгэгч Күнзийн суртал байгаа юм гэж цахимаар сануулсан байсан?

-Мань хүний (Чингис хааны. сур) хэлсэн үг тодорхой биш шүү дээ. “Чингисийн арван гурван алтан сургаал” ч гэх шиг нэг юм яриад л, нөгөө “Их засаг”-ийг нь дурдацгаагаад байдаг. Чингис “Их засаг”-ийг хийх нь хийсэн гэж байгаа юм. Бүрэн эхээрээ хаа ч байхгүй. Энд тэндээс хүний дурсамж, ном зохиолд байдгаас бөөгнүүлээд нэг юм ярьж байдаг. Ямартаа ч Хятад болон Азийн их том гүрнүүдээс эрдэмтэй чадалтай хүмүүсийг авч ашиглаж байсан нь тодорхой. Хэрвээ над шиг нэг дурак байсан бол Хятадын их эрдэмтэн Чанчунь бумба хаа байсан Дундад Ази руу очиж манай их хаантай уулзахгүй л байсан. Тэр чинь Алтан улс, Сүн улсын хаад ордондоо урихад очоогүй хэтийдсэн их даяанч хүн байсан шүү дээ. Тэр өвгөнийг очихоор уулзаад баахан юм асуугаад харилцан ярилцаад байдаг чинь эрдэмтэй соёлтой хүний л хэрэг биз дээ.

-МАХН-ыг удирдаж явсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг шүүмжлэх улс ч мэр сэр байх юм?

-Маршал Чойбалсан, Цэдэнбалыг байтугай мар мархийж суугаа бид хоёрыг муулах болсон цаг үе шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзах боллоо” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзах боллоо” хэмээн өгүүлжээ.

“Засгийн газраас батлах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт малчдыг хамруулах нь” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Мянга гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдоод байна” хэмээн бичжээ.

“Дүйчин өдрөөр Сүхбаатарын талбайд бясалгалын флашмоб болно” хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлэв.

““Цэвэр бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн” 1В ангийнхан” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт ““Маккинси”-д эргэлзүүлсэн төсөл” хэмээн бичив.

“Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргал: Дэлхийд ховордсон цоохор ирвэс хамгийн олон байгаа голомт нутгийг хамгаалахаас аргагүй” хэмээн “Өөрөөс нь” ярьжээ.

“Охиноос англиар юм асууж мэдэхгүй гэх тоолонд зодсон гэв” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичсэн байна.

“Дэвжээ” нүүрт “Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх: Допинг А.Сүхбатаас эхэлсэн байж болох талтай” хэмээн ярьжээ.

“Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 10 сая ам.долларын яриа ирэх сонгуультай холбоотой байж магадгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Энэ өдөр” нүүрт “Өдөр бүр Дракертай хамт” номын тухай өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшилжээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшилжээ. Дараагийн сонсгол зургадугаар сарын 11-ны өдөр Куала Лумпурын Шах Аламын дээд шүүхийн танхимд болно. Талийгаачийн гэр бүлийнхэн Малайзын засгийн газраас 100 сая Малайз ринггит буюу 24 сая орчим ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж, хэргийг үнэн шударгаар шийдэж өгөхийг шаардаж байгаа.

Одоогоос 13 жилийн өмнө Малайзын төрийн өндөр албан тушаалтнуудын орчуулагчаар ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдсан монгол эмэгтэйн хэрэг олон жил шийдэгдэлгүй сунжирсан. Бүсгүйг хөнөөсөн этгээдүүд одоо ч ялаа эдлээгүй байгаа.

Харин өнгөрсөн жил Малайз улсад засаг төр солигдож сөрөг хүчин сонгуульд ялснаар энэ хэргийн үнэн мөнийг илрүүлэх найдлага гарч ирсэн. Сөрөг хүчин болох одоогийн Ерөнхий сайд Махатирын нам сонгуульд ялахад экс Ерөнхий сайдын авлига хээл хахууль, мөнгө угаалт, шумбагч онгоцны гэрээн дээр ажилласан монгол эмэгтэйн хэрэг маш чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Тиймдээ ч Малайзын одоогийн эрх баригчид дээрх хэргийн үнэн мөнийг илрүүлж, хэрэгтэн, захиалагчдыг шийтгэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд нь нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ. Хан-Уул дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж хахууль авсан байж болзошгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа …-р цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар, тавилга, эд зүйл авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн прокурорын газраас баривчлах төвд шалгалт хийжээ

Related image

Нийслэлийн прокурорын газраас “Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас баривчлах байранд хүлээлгэн өгч, шийтгэлийг эдлүүлж байгаа байдал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шалгажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Ганц худаг” гэх газарт байрлаж байсан Баривчлах төвийн эрүүл ахуй, байрны багтаамжийг сайжруулах зорилгоор 409 дүгээр хаалттай хорих ангид хуучин ашиглаж байсан хоригдлын байранд нүүлгэн шилжүүлж, засвар үйлчилгээ хийснээр одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд 2019 оны 4 дүгээр сарын байдлаар Нийслэлийн 8 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр баривчлагдсан нийт 2566 хүнийг хүлээн авч, шийтгэлийг эдлүүлсний 96 хувь буюу 2463 хүн нь эрэгтэй, 4 хувь буюу 103 нь эмэгтэй хүмүүс байна. Баривчлагдсан этгээдүүдийн тоон үзүүлэлтийг урьд оныхтой харьцуулж үзвэл, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар баривчлагдсан 1601 хүн байсан бол энэ оны мөн үеийн байдлаар баривчлагдсан хүний тоо 2566 болж, 965-аар буюу 38 хувиар өсчээ.

Шалгалтын хугацаанд Цагдаагийн байгууллагаас шүүхийн шийтгэврээр баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийг Баривчлах төвд хүргэж өгөөгүй зөрчил тогтоогдоогүй, 1 хүний биед эмч үзлэг хийхэд цээжин тус газартаа гэмтэлтэй байсан тул “Баривчлах байрны дотоод журам”-д заасны дагуу хүлээн авалгүй, энэ тухай шүүхийн шийтгэвэрт тэмдэглэл үйлдэж, прокурорт мэдэгдэн, буцаасан байв. Баривчлах шийтгэлтэй этгээдийг хүлээн авахдаа холбогдох хууль, журамд заасны дагуу хүргэж очсон албан тушаалтныг байлцуулан иргэний бичиг баримт, зурагтай нь тулгалт хийн, шийтгэврийн бүрдлийг шалгаж хэвшсэн ба хөтлөгдвөл зохих бүртгэлийг бүрэн хөтлөн ажиллаж байна.

Баривчлагдсан этгээдийн тоо нэмэгдснээр байрны багтаамж нь хүрэлцэхгүй болж, 1 хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байгаатай холбогдуулан Нийслэлийн ерөнхий прокуророос 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр прокурорын шаардлага хүргүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 409 дүгээр хаалттай хорих ангийн эзэмшилд байгаа 2 давхарын 24 өрөө бүхий 1660 м.кв талбайтай хэсгийг төвийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэн, засварын ажлыг эхлүүлэхээр бэлэн болоод байна.

Дээрх шалгалтын дүнг Баривчлах төвийн албан хаагч нарт танилцуулж, цаашид Цагдаагийн байгууллагаас баривчлагдсан хүнийг хүргэж өгсөнийг “Баривчлах байрны дотоод журам”-д заасан үндэслэлээр хүлээн аваагүй буцаасан үндэслэлийн талаар прокурорт даруй танилцуулга ирүүлж байх үүрэг чиглэл өгч ажиллажээ гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт 3.5 баллын хүчтэй газар хөдөлжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн “Хирсэнгийн хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км-т,/ 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг өчигдөр 12:06 цагт аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид сэтгэл зүй, сэргээн заслын эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж байна

Хэнтий аймгийн Батширээт суманд ОХУ-ын хилээр 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нийт 540 гаруй алба хаагч, 22 хоног үүрэг гүйцэтгэсэн юм.

Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд сэргээн засах сувиллын эмчилгээ, сувилгаа болон сэтгэлзүйн үйлчилгээнд хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхйи газраас мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Мэргэжлийн сургалтын багийн хамт олныг хүлээн авч уулзав

Туул Ротари клуб болон Олон улсын Ротари сангийн дэмжлэгтэйгээр БНЭУ-ын нарийн мэргэжлийн сургалтын баг 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Монгол Улсад хүрэлцэн ирж Шастины Нэрэмжит Улсын III төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Амгалан амаржих газар зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажлын байран дахь гардан үйлдэл бүхий мэргэшлийн дагалдуулах сургалт, семинар зохион байгуулах болсон ба уг багийн 16 эмч, 8 сайн дурын ажилтан бүхий ээлжит баг энэ удаад УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ болон Амгалан амаржих газарт ажиллаад буцаж байна. Энэ удаагийн томилолтын хүрээнд монгол эмч мэргэжилтнүүдийн хамт нийт 70 гаруй мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн дээрх эмнэлгүүдэд нэн шаардлагатай 115 сая төгрөгний тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлажээ.

Мэргэжлийн сургалтын багийн хамт олныг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр төслийн удирдагч ноён Ражендра Сабу, төслийн захирал ноён Мадухар Малотра, эмч нарын багийн ахлагч Доктор Бану Партар Син Пармар нарыг Эрүүл мэндийн яамны Хүндэт медалиар шагнаж, багийн бусад эмч, сайн дурын ажилтнуудад талархлын бичиг гардуулав. Уулзалтын төгсгөлд төслийн удирдагч ноён Ражендра Сабу Шастины Нэрэмжит Улсын III төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ болон Амгалан амаржих газрын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсэж талархал илэрхийлэв.
Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш борлуулж буй цэгүүд

“Таван толгой түлш” ХХК сайжруулсан түлшээ борлуулж эхэлсэн бөгөөд цэгүүдийн байршлийг танилцуулж байна.

Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил:

1. СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө
Т.Энхтайван Утас: 89896990
2. СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/
Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг
3. БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04
Ц.Бямбаа Утас: 99143253
4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах
А.Эрдэнэжаргал Утас: 88019801
5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 – 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд
В.Сүрэнхорлоо Утас: 96651133
6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 – 139 тоот
Б.Алтанзул Утас: 99992089
7. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж – 770 тоот
М.Батсанал Утас: 99233299
8. Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот
Ч.Жанлав Утас: 99157340
9. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот
Б.Бат-Отгон Утас: 88751313
10. ХУД, 7-р хороо, Жаргалантын 1/1
Л.Баярсайхан Утас: 94040899

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид цахим сургалтад хамрагдаж байна

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг цахимаар зохион байгуулж байна. Сургалтад Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 61 алба хаагч хамрагдаж байна. Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой тус сургалт энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.