Categories
мэдээ нийгэм

Японд суралцах хүсэлтэй оюутнаас авах сорилын бүртгэлийн хугацааг сунгав

Монгол, Япон орны Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ЕБС төгсөгчдийг төслийн сорилд бүртгэж байна.

Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1000 хүнийг инженерийн чиглэлээр сургах төлөвлөгөөтэй энэхүү төсөл нь 2014-2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна.

ЭЕШ өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн төслийн сорилд хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой болно.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн сорилыг энэ сарын 19-нд ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд зохион байгуулна. Элсэхийг хүсэгчид энэ сарын 18-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгүүлнэ.

Төслийн Бэлтгэл коосэн сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчид Механик инженерчлэл, Цахилгаан, электроник, Мэдээллийн систем, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Барилга, архитектур, Бусад /Техник технологи/ зэрэг мэргэжлээр ШУТИС-д 1,5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон Улсын Коосэнд 3 жил суралцан төгсөж техник технологиор мэргэшсэн онол, дадлага хосолсон туршлагатай боловсон хүчин болдгоороо давуу талтай. Харин Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцагчид Архитектур, Барилга хүрээлэн буй орчны инженер, Механик инженер гэсэн мэргэжлээр ШУТИС-т 2.5 жил суралцаад кредит дүйцүүлэн Япон Улсын инженер, технологийн чиглэлээр тэргүүлдэг улсын сургуулийн 3 дугаар дамжаанд шилжин суралцдаг.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдын томилгоог хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар хэрэглээний суурь үнийн асуудал, валютын ханш, сүрьеэгийн өвчлөлийн зэрэг цаг үеийн 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар Монгол банкны удирдлагууд валютын ханшийн асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна.

Дараагаар нь Элчин сайдын томилгооны асуудлыг ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүлэг дээрэмчдийг баривчилжээ

Холбоотой Зураг

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид дээрмийн хэрэг хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Улаанбаатарт дөрөвдүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамж руу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг гурван этгээдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилсан байна.

Бүлэг этгээд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван удаагийн ял шийтгэл эдэлж байгаад 2019 оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т нар аж. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Баянмөнх: Монгол бөхөд зургаан шинэчлэлт хийхэд л хуучин хэв маягаа олно

Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аварга “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртлээ. Энэ талаар болон монгол бөхийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртсэнд баяр хүргэе. Монгол бөхийн бүх мэхийг судалж, бүгдийг тайлбарлан, зурагжуулж судалгаа хийнэ гэдэг маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шаардсан ажил байх. Та хэдэн жил энэ судалгааг хийж үр шимийг нь өнөөдөр хүртэж байна вэ?

-Маш олон жилийн судалгааны үр дүн л дээ. Монгол бөхийн мэхийг зохиогоод гаргаад ирчихсэн зүйл огт байхгүй. Бүгд л олон зуун жилийн турш аав нь хүүдээ, ах нь дүүдээ, багш нь шавьдаа зааж сургаж, захиад, ард түмэн ард түмнээрээ дамжуулан монгол бөхийн мэхийг хадгалж ирсэн. Олон зуун жил мэхийн судалгаа хийгдээгүй. Үндсэндээ би сүүлийн 46 жил судаллаа. Хорь гаруй жилийн дараа дэд докторын зэрэг хамгаалсан. 25 жилийн дараа шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа. Үүнд маш өргөн хүрээтэй судалгааг хийсэн. Цаг хугацаа их зарсан. Хүч, хөдөлмөр их зарсан. 725 мэх байна гэдгийг нээгээд нэг бүлэгт зохиол гурван ном бичээд одоогийн байдлаар бэлэн болоод байгаа. Гэхдээ цаашаа мэх бас байгаа. Мэх судалж байх хоорондоо би юуг ойлгов гэхээр ер нь монгол бөх гэдэг аугаа баян түүхтэй. Монголын ард түмэн амьдралын бүх үйл ажиллагаа, хүсэл мөрөөдөл, монгол орны нүүдлийн мал аж ахуйн амьдрал ажил хөдөлмөр, хашаа хороо барих, хангал догшин морь мал сургах зэрэг бүх амьдралынхаа явцад үйлдэх хөдөлгөөний эв дүй өөрийнхөө санаа бодол гээд бүх зүйлээ монгол бөхөд шингээчихсэн. Монгол бөх бол аргагүй Монголын ард түмний дээд соёл, дээж юм. Хурга хаших ганц ажлыг л нарийн ажаад үзэхэд мэхийн олон техник явж байдаг. Энэ нь Монголын ард түмнээс урган гарсан соёл гэдгийг харуулж буй хэрэг. Тиймээс аргагүй монгол түмний түүхэн уламжлалын цогц гэж үзээд мэх судлах ажиллагаагаа эхэлж байсан.

-Анх мэхийг яагаад судлах болов?

-Ш.Ванчинхүү гэж Ховд аймгийн харьяат арслан хүн байсан. Ш.Ванчинхүү гуай анх монгол бөхийн мэхийн талаар хоёр гурван зүйлийг гаргасан. Өөр мэхийн тухай гарсан шинжлэх ухааны баримттай юм байдаггүй. Би судалгааныхаа ихэнх цагийг аргаа буруу хийснээс болоод алдсан үе бий. Яагаад гэвэл хуучны бөхчүүд гар мэх, гар хөлийн хавсарсан мэх гэсэн аргаар судалж байсан. Түүгээр судлахаар явахгүй болохыг хожим ойлгосон.

Гараараа мэх хийж байхад хөл орохгүй байна гэж байхгүй. Хөлөөрөө мэх хийж байхад гар орохгүй байна гэж байхгүй. Тиймээс энэ судалгааны арга ерөөсөө биш болсон. Сүүлд ямар арга олж авсан гэхээр монгол бөхийн зодог шуудаг дэлхийд байдаггүй энэ өмсгөл бол ерөөсөө барьж мэх хийх зориулалттай. Таван газраас барьцтай. Таван газраасаа мэх хийдэг. Барьцаар нь ялгаж мэхний судалгаа хийхэд судалгааны ажил маш эрчимтэй явж эхэлсэн. Би Монгол орны 21 аймаг 260 гаруй сумаар судалгааны ажлаа хийж явсан.

-Та өөрийн барилдсан барилдаанаа тоолж үзсэн үү, ойролцоогоор хэдэн удаа хэдэн хүнтэй барилдсан бол сонирхолтой тоо гарах байх даа?

-Нийтдээ би гадаад дотоодын 1100 гаруй тэмцээнд 13000 бөхтэй гар зөрүүлсэн тооцоо бий. Энэ туршлага дээрээ тулгуурлан Монголын өнцөг булан бүрд сумын бөх ч гэсэн эвгүй барьц, эвгүй хөдөлгөөнийг өөрөөр хэлбэл эзэмшсэн байдаг.

-Тэгэхээр газар нутгийн байршлаасаа хамаараад мэх өөр байна гэсэн үг үү?

-Газар нутгийн байршлаас хамаарч, орон нутгийн бөх хөгжиж байгаа соёл, ямар хүмүүс барилдааныг удирдаж ам гаргаж явна түүнийгээ бас дуурайдаг, тэр мэхээ ач холбогдолтой хэмээн ойлгож, нутаг орны аж ахуй эрхлэх онцлогоос хамаарна. Мөн нутаг орны байгалийн байдал, уул хадтай юу, гол мөрөнтэй юу, говь элсэн талтай юу гэдгээсээ хамааран нөлөөлөх нөлөө өөр. Ингээд газар нутаг бүрт өөр өөр өвөрмөц барьц, өвөрмөц мэх, өвөрмөц хөдөлгөөн нь мэхэндээ шингэсэн байдаг. Аргагүй монгол бөх ард түмний бүтээл. Хэний ч оролцоогүйгээр Монголын ард түмэн бүтээсэн, аугаа том соёл гэдгийг олж мэдлээ.

-Бөх гэдэг нэг талаараа бас тулааны урлаг шүү дээ. Тулааны мэхүүд хэр их байдаг, тэр мэхүүдийг цэрэг байлдааны сургалтад ашиглаж болох уу?

-Бүр нарийн яривал монгол бөхийн барилдаан гэдэг цэргийн урлаг, дайн дажин, өмч булаацалдах аян дайнд оролцох үйл хэрэг юм. Тэд нь бяр чадалтай, овсгоо самбаатай, зоригтой чадалтай, хурдан хөдөлгөөнтэй хүмүүс манлайлан толгойлж тэднийхээ сүр хүчинд бусад нь дагалддаг байсан. Энэ нь явсаар хээрийн зэрлэг араатныг гэрийн тэжээмэл болгон гаршуулж нэг овог жаахан эд хөрөнгөтэй болохоор түүнийгээ булаацалдах дайн өрнөнө. Тухайн үед илд зэвсэг гэж байгаагүй. Гардан тулаанаар шийднэ. Ингээд давсан буюу ялсан нэгнийгээ аялдан дагадаг байсан. Тиймээс бас нэгэн тулааны урлаг. Цэргийн сургалтад үндэсний бөх одоо ч бий. Ядаж л наадмаар цэргүүд хоорондоо барилдаад аваргаа тодруулдаг.

-Таны судалсан 725 мэх цаашид улам баяжин нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Мэх гэдэг хөдөлгөөний том илэрхийлэл. Миний судалгааны нэрэнд “Ов мэх” гэж бий. Тэгэхээр ов гэдэг үг мэх гэдэг үгтэй хамт оролцож явах ёстой. Овсгоотой, хөдөлгөөнтэй, мэдрэмтгий, сэргэлэн цовоо, шийдэмгий хүмүүс мэхээ хийж чаддаг. Тиймээс ов мэх хоёулаа хоорондын шүтэлцээтэй зүйл гэдгийг олж харсан. Мэх бол нэг хэсэгтээ устана. Одоогийн байдлаар манайд сууж өмсөх, сээрэн дунгуй гэдэг мэхийг хийхгүй их удсан. Гэтэл энэ нь хэсэг хугацааны дараа гараад л ирнэ. Хийдэг хүмүүс нь ч гарч ирнэ. Хариулт, хамгаалалтыг хийдэг бөх ч гарч ирнэ. Мэхүүд шилжилттэй хөдөлгөөнтэй, нэг хэсэг гарч ирээд дүрэм нь яаж өөрчлөгдөж байна түүндээ зохицон гарч ирээд эсвэл түр зуур ашиглагдахгүй болох, хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд давтагдаж байдаг.

-Та бөхийн маш олон төрлөөр барилдаж явсан монгол бөхийн амьд домог. Монгол шиг олон мэхтэй бөх байдаг уу?

-Монгол бөхөд хүрэх бөх байхгүй, харьцуулах аргагүй. Монгол бөх үнэхээрийн баялаг. Монгол бөхийн мэх тохойлдох, өвдөглөхөд унасанд тооцдог учир мэхийг маш чадамгай сурах шаардлагатай. Маш олон комбинацитай, давтамжтай. Ганцхан мэх хийгээд л хаячихдаг зүйл биш. Нэг өмсдөг хүн гараад ирэхэд нийтээрээ нэг хэсэг өмсдөг болох жишээний. Нэг хэсэг хошуурч бөөгнөрч, шилжиж байдаг жамтай. Мэхэнд байгаль цаг уур бас их нөлөөлдөг. Өндөр уултай, хад асгатай газрын бөх огцом мэхтэй, бяр ихтэй, ясархуу байдаг. Нам тал газрын хүмүүс хөдөлгөөнтэй. Уудам тал газар хөдөлгөөн нь илүү хангагдах боломжтой байдаг юм байна. Уултай газар хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал. Надад бөхийн судалгаа хийхэд бүх боломж хангагдсан. Би өөрөө барилддаг, багшилдаг, судалдаг болсон. Би чөлөөт бөх, жүдо, сонгомол бөх, самбо гээд бүгдийг нь барилдаж үзсэн. Бараг бүгдэд нь аварга болсон хүн шүү дээ. Энэ мэхийг судлах суурь бааз, үндсийг тавьж өгсөн. 725 мэхний зөвхөн зургийг нь авахад би арванхоёр жилийн хугацааг зарцуулсан байна. Зургийг боловсруулна. Бүгдэд нь тайлбар хийнэ. Миний гурван боть номонд нэг түм орчим бичлэг бий. Тэгээд десартациа 350 хуудсанд багтаан бичээд хамгаалсан л даа.

-Одоо хоёулаа монгол бөхийн хариуцлагын талаар ярьж эхэлье. Жишээ нь, сумотой харьцуулахад сумогийн Аваргуудын зөвлөл гэж бий. Тэд үндэсний бөхийнхөө өмнө маш том хариуцлагыг үүрдэг. Монголын үндэсний бөхийн аваргуудын зөвлөл гэж бий юу, аваргууд үндэсний бөхийнхөө өмнө хариуцлага үүрдэг үү?

-Аваргуудын зөвлөл гэж бий. Гэхдээ үндэсний бөхийн холбооны дүрмэнд заагаагүй. Тиймээс Аваргуудын зөвлөл гэсэн ёс төдий юм л байна. Тэгээд тэд нар урт хошуугаа барьдаг, нэг нэгэндээ илүүрхдэг байдал гарч ирээд асуудал шийдэж чадахгүй байна. Тиймээс би одоо монгол бөхийн ёс жудгийг, ёс суртахууныг жинхэнэ монгол бөхийн гарал үүсэл үндсэн агуулгатай нь холбож өгөхийг хичээж байна. Энд зургаан шинэчлэлт хийхэд хуучин хэв маягтаа орно гэдэг бодолтой явна.

-Өнөөгийн бөхчүүдийн ёс зүй хэр байгаа вэ?

-Монгол бөх маш ёс жудагтай. Ардын сурган хүмүүжүүлэх ухаан. Өвгөд дээдсийн маш өндөр ёс зүйтэй. Бөх хүнээ монголчууд маш их дээдэлдэг. Хоймортоо залдаг. Дээрээ суулгаж бурхан шиг шүтдэг. Яагаад гэвэл бөх хүн монгол хүний хамгийн дээд ёс суртахуунтай, хамгийн зөв шударга үйл явдалтай, ард түмний өмнө үнэнч шударга барилддаг, ард түмнээ эр зоригтой гайхам барилдаанаараа баясгадаг, ард түмнээ амьдрал тэмцэлд дуудаж байдаг тийм аугаа, маш том хэрэгсэл юм. Хамаг Монголын хаан төрийг байгуулахдаа Чингис хаан бөх толгойлуулж байсан гэдэг. Наадам хийж, цэрэг эрсээ баярлуулан хийморийг сэргээдэг байж. Ялалт байгуулаад ирэхээрээ бөх барилддаг. Хамаг Монголыг байгуулах гэж ядарч зовох үедээ Чингис хаан хажуудаа бөхчүүдээ л дагуулж явдаг байж. Дэв Тэнгэрийг үзэл бодол нэгдэхгүй болоод ирсэн цагт Чингис хаан түүнийг дуудсан. Дуудаад орж ирэхэд нь хэдэн үг солиод таарахгүй болохоор аваад гар борвийг нь бохируул, бөгсийг нь шороодуул, гадаа дөрвөн бөх бэлдчихсэн байгаа гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд бөх хүн Монголын төрт ёсыг буй болгох, улс их орон, төрийн үйл хэргийн төлөө маш үнэнч зүтгэж явсан төр ард түмний итгэлийг олсон баяр наадмын чимэг байжээ. Гэтэл өнөөдөр монгол бөхчүүдийн сахилга ёс зүй түүхэн уламжлалт зүйлийг асар уландаа гишгэж маш олон дутагдал гаргах болсон. Монгол бөхийн тэргүүлэх албыг мэдэх мэдэхгүй хүмүүс эзэгнэж байгаа. Дураараа авирлан асуудал шийдэж байгаа зэрэг янз бүрийн үйлдлүүд монгол бөхийн нэрийг доош унагаж байна. Одоо хамгийн шившигтэй нүүр хийх газаргүй болгож байгаа асуудал бол даваа бүрдээ шавдаг. Начин болон бусад цолыг худалдаж авдаг. Мөнгө өгдөг, авдаг гэсэн ийм их яриа гарах болсон. Би бол түүнд итгэхгүй байгаа. Гэхдээ олон түмэн яриад нийгмээрээ шуугьж байгаа асуудлыг мэдэхгүй хаачих вэ. Одоо сүүлийн үед ийм юмыг таслан зогсоох арга боловсруулаад явж байна л даа.

-Танд мэдэгдсэн юм байхгүй юу?

-Надад бол мэдэгдсэн юм байхгүй. Ярьдаг. Тэгж байна, ингэж байна гэж ярьдаг. Нүдээр үзээгүй, би ингэж байна гэдэгт нь итгэдэггүй. Одоо бараг итгэлтэй болох шахаж байна. Олон хүн олон удаа ярилаа. Худал зүйлийг мянга яривал үнэн болдог гэдэг шүү дээ. Би монгол бөхийн барилдааны шинжлэх ухааны ажлыг хийлээ. Нас ахилаа. Тиймээс монгол бөхийн барилдааны зургаан шинэчлэлд оруулах зорилготой явж байна. Энэ зургаан шинэчлэлийг хийвэл монгол бөх өөрийн хэв маягаа олно. Ард түмэндээ өөрийн гэсэн нэр хүндээ олно. Тэгэхээр гайхамшигтай сайхан бурхан шиг шүтдэг хүмүүс тэндээс гараад ирнэ.

-Ямар шинэчлэл хийх вэ?

-Түүнийг одоо хэлэх арга байхгүй. Одоо хэлчихвэл цөмөөрөө хагас дутуу хийгээд “Будаа идээд” дуусна. Жинхэнэ төгс хийж чадахгүй. Будлиулаад хаячихна.

Допинг А.Сүхбатаас эхэлсэн байж болох талтай

-Бөхчүүдээс допинг илэрлээ гэж сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Дэлхийн бөхийн холбооноос гаргасан хориотой эм бэлдмэл хэрэглэх явдал А.Сүхбат аваргаас эхэлсэн гэх яриа байдаг. Энэ хэр үнэн, бодит зүйл вэ?

-Энэ үнэн байж болох талтай. Яагаад гэвэл бяр чадлаа нэмэгдүүлэх талаар олон улсын харилцаа их өргөжжээ. Дэлхийн даяарчлал явагдаж байна. Нэг улсад нэг тамирчин хэрэглээд бяр чадалтай болж байгаа зүйлийг дэлхий ертөнц даяар хүлээгээд авчих боломжтой болсон байна шүү дээ. Дэлхий түүнтэй тэмцэж байгаа. Монгол орон энэ допингтой тэмцэх ёстой. Яагаад гэвэл нэгдүгээрт, энэ нь шударга бус зүйл. Хоёрдугаарт, манай шилдэг эрчүүдийн генийг алдагдуулах, эд, эсийн гэмтэлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс үр хүүхэд, удам судар, өөрийн бие организм гээд бүх зүйлд нь хортой нөлөөлж байгаа энэ нийгмийн том өвчин болж байна. Жишээд үзэхэд хар тамхитай ойртох эд. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Манайх бол Олон улсын олимпийн хорооны дүрмийн баримтлалын дагуу явдаг. Тэр буруу. Бид өөрсдөө хууль гаргах хэрэгтэй. Баяр наадмын тухай хуулийг 2016 онд батлан шинжилгээ авна гээд л заачихсан. Сүүлийн үед бөхчүүдийг сонгоод тэрнээс ав гэж дуудаад, илэрхээр нь барилдах эрхийг хасдаг. Шүүх хуулийн байгууллага хүний эрх зөрчдөг. Шүүхийн шийдвэрийн л үр дүн. Манай Монгол Улсад монгол бөхөд шүүхийн шийдвэр нь асар том дутагдалтай. Энэ бол маш бохир үйлдэл. Монгол бөхийн шударга ёс, ёс суртахуун, монгол бөхийн сайн сайхныг устгаж байгаа үйлдэл.

– Шинээр гарч ирж буй залуу бөхчүүд дээд үе, ахмад настнаа хэр хүндэлдэг вэ?

-Хүндэлнэ. Миний хувьд ямар ч залуу бөхөд үг хэлсэн анхааралтай сонсдог. Надтай л харьцаж байгаа залуу бөхчүүдээр төсөөлөхөд ахмад үеэ маш их хүндэлдэг юм байна. Үг сайн сонсдог, сайхан ёс жудагтай, ёс суртахуунтай байгаа юм байна гэж бодогддог. Зарим нэг үйлдлүүд бол дутагдал гардаг. Бөхийн цээртэй зүйлүүд гарч ирж байгааг дор нь зогсоох хэрэгтэй. Тэр допингийн асуудлыг бол Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулчих хэрэгтэй. Бүх бөхчүүдээс авах шаардлагатай. Тэгээд хяналттай хуулийн дор авна. Хуулиараа барилдах эрхийг хасах юмуу, цолыг хурааж авах гэх мэтээр шийддэг байвал зохино. Ингээд боловсронгуй нэг багц хууль болгоод оруулчих юм бол амархан шийдэгдэх асуудал. Жишээлбэл, манай бөхийн барилдааны хууль 21 жил өөрчлөгдөөгүй. Ямар ч холбооны дүрмэнд захирагдаагүй. Дөрвөн жил болоод л нэг өөрчилж байдаг. Хэлэлцэж засч байдаг тийм номтой. Ингээд яваад байхаар дутагдал үүснэ биз дээ. Энэ бол гажуудал. Нийтэд зориулсан юм байхгүй. Нэг хүнд зориулчихаад алдас болгочихоод бусад нь түүнийг нь хэрэглэдэггүй. Ийм бүдүүлэг зүйл хүртэл гарсан. Дураараа авирлах асуудал Үндэсний бөхийн холбоонд маш их байгаа.

-Энэ асуудлыг яаж цэгцлэх ёстой юм бол оо?

-Дүрмийг сайн сахиулах хэрэгтэй. Цэцдийн зөвлөлийн бага хурал байдаг. Түүнээс барилдааны дүрмийг сайн бод оод, бөхчүүдтэйгээ ярьж байгаад, мэргэжилтэн эрдэмтэд бүгдийг нь цуглуулаад сайн дүрмээ гаргаад, сахилга зөрчсөнийг хатуу шийтгэж, түүнийгээ баримтлуулж сурах хэрэгтэй. Тэгээд л нэг таньдаг хүн нь орохоор за яахав гээд барилдуулчихдаг. Жаахан шүүмжилэхээр “Боль, битгий барилдуул” гэх жишээний. Ийм л цагийн аясаар явж ирлээ. Нэг дүрэм баталсан бол дөрвөн жил түүнийгээ өөрчлөхгүй, ягштал баримтлах хэрэгтэй. Түүнээс нэг хүнд үйлчлээд нэг хүнд үйлчилдэггүй дүрэм байх ёсгүй. Ер нь аливаа нэгэн спорт дэлхийд ч бай, Монголд ч бай яаж амжилттай явдаг вэ гэхээр тоглоомын дүрмийг сайн зохиож өгөх хэрэгтэй. Тиймээс бөх барилдах дүрмийг нь сайн зохиож өгөх шаардлагатай. Тэгээд түүнийгээ ягштал биелүүлэх ёстой. Дэлхийн спортууд ч тийм л байдаг.

-Одоогийн дүрэм нь хэр тодорхой заалттай, ямар дүрэм байх уу?

-Дүрэм уг нь байна. Тэр нь хуучирсан. Хэдэн онд зохиогдсон, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Ямар дүрмээ баримтлах нь мэдэгдэхгүй. Олон жил хэлэлцээгүй. Бөхийн холбоо гэж Монголд одоо байхгүй. Зүгээр л эрх мэдэл, бөхийн өргөөг булаацалдсан хэдэн хүн байдаг болохоос бөхийг сайжруулъя гэсэн хүмүүс ерөөсөө байхгүй. Нэг нь нэг юм хэлээд л алга болдог. Тэгээд л худал хэлдэг. Тийм зүйл маш их дэлгэрсэн.

-Бараг хагас жил Монгол бөхийн өргөө үйл ажиллагаа явуулсангүй. Саяхнаас үйл ажиллагаа нь сэргэлээ. Цаашдаа Монгол бөхийн өргөөний асуудал хэрхэх бол?

-Ер нь бол Монгол бөхийн өргөөг булаацалдаад байгаа нэг ч хүн байхгүй. Худлаа тийм нэр өгч олон түмний толгойг эргүүлж байгаа болохоос өргөөг авах гэсэн хүн манай бөхчүүд, бөхийн хүрээнийхэн дунд нэг ч байхгүй. Эрх мэдэл булаацалдсан асуудал л үүссэн. Өөрөөр хэлбэл хууль дүрэм зөрчөөд нэг хэсэг нь дураараа байдаг. Бодвол түүнээсээ ашиг олдог юм байлгүй.

– Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгчийн төлөө л өрсөлдөөд байгаа гэсэн үг үү?

-Ерөнхийлөгчийн төлөө. Тэр ажлыг явуулах эрхийн төлөөд л өрсөлдөөд байгаа. Эрх мэдлийг хуучин маягаар нь эзэмшээд дураараа, дүрэм номд баригдахгүй байхыг хүсдэг. Хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг ч юмуу, ашиг хонжоо хайдаг ч юмуу яадаг юм мэдэхгүй. Нэг тийм эрх ашиг байх шиг байна. Би бол тэнд ажиллаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. 17 жилийн дотор хяналтын шатны шүүхийн хоёр шийдвэр гарлаа шүү дээ. Тэгтэл ажлаа өгдөггүй. Шүүхдээд л ажлаа хийгээд байдаг.

– Монгол бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарыг ямархуу ажилласан гэж боддог вэ, монгол бөхийн хөгжилд хэр хувь нэмэр оруулсан гэж бодож байна?

-Монгол бөхийн хөгжлийн төлөө Р.Нямдоржийг би ажил хийгээгүй гэж хэлэхгүй. Тэр хүн өргөө барьж холбоо байгуулаад бөхийн төлөө их зүйл хийсэн. Ер нь их менежмэнт сайтай хүн юм. Өдийг хүртэл бөхийн өргөөг авч явсан. Гэхдээ бөх хүн биш учир бөхийн амьдралд орж үзээгүй. Өөрөөр хэлбэл бөх хүний дотоод ертөнцөт амьдралыг мэдэхгүй. Тэр хүн хэдэн хүний үгэнд ороод болох болохгүй юм их хийдэг. Арслангийн бодлогыг буруу зохиосон. Үүнээс болж арав гаруй жил арслан төрөөгүй. Түрүүлсэн бөхөд арслан цол өгнө гээд дүрэм гаргачихсан. Түрүүлж өгдөггүй. Тэгээд харцага, гарьд гэдэг хоёр цол нэмсэн. Энэ бол бөхийн түүхэнд байгаагүй зүйл. Нэг удаа орж ирээд гарсан байж болно. Шигшигдсэн дөрвөн цолоо л өгдөг баймаар. Тэр цолоо заримд нь өгдөг. Заримд нь өөр журмаар өгдөг. Алагчилж үздэг. Тэгээд яаж байна гэхээр бөхийн барилдааны жинхэнэ амин сүнс болсон зүйлийг мэдэхгүй учраас шинэчлэлт хийж чадаагүй. Зүгээр л нэг сонирхогч идэвхтэй хүний хийдэг зүйлийг номон дээр бичиж, дүрэм ном янз бүрийн зүйл гаргах ийм л зүйлүүд хийсэн.

-Арслангийн дүрмийг буруу баталснаас болж арван хэдэн жил арслан төрөөгүй гэлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд жил бүр өөр хүн түрүүлдэг боллоо. Олон аварга, арслан төрлөө. Энэ юутай холбоотой вэ, таны үед нэг бөх олон жил дараалан түрүүлж далай, даян дархан аварга болдог байсан шүү дээ. Гэтэл одоо яагаад авсан цолоо баталж чадах нь ховор болов?

– Миний үед бол өрсөлдөөнтэй байсан. Тэр үед би гурваас илүү дараалан түрүүлж үзээгүй. Би найман аварга, арван хэдэн арслантай үзэж байсан хүн шүү дээ. Сүүлийн үед өрсөлдөөний чадвар, бөхчүүдийн ур чадвар өсч байна. Нэг хүн давамгайлаад байх боломж алга болж. Судалж байна. Сайн муу талаа ойлголцож байна. Дараагийн асуудал нь дүрмийг шинэчлэхгүй бол шинэ цолтнууд төрөөд байгаа асуудалд жаахан сэжигтэй хандаж байна. Начин цолтны даваа их буруу байгаа. Үүнийг маш хурдан өөрчлөх хэрэгтэй. Наадмаас өмнө. Начны давааг мөнгө өгч худалдаж авдгийг устгачих маш амархан арга байна.

– Ямар арга байна. Түүнээсээ ганц нэгийг дурдвал?

-Түүнийг хурал хийж, бөхийн холбооны дүрэмд оруулж байж л өөрчилнө. Тэгэхгүй наана нь зарлачихвал эсэргүүцэл үүсчихдэг байхгүй юу.

-Тэгэхээр таны бодлоор Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр заавал бөх хүн л ажиллах ёстой гэсэн үг үү?

-Болж өгвөл бөх хүн байх ёстой. Бөх бөхдөө нэлээн ажил хариуцаж сурсан хүнийг бөхчүүд дундаасаа сонгоод томилох хэрэгтэй байгаа л даа.

-Таны хувьд бодсон хүн бий юу?

-Надад бол олон байна л даа. Тэрийг хурал болоход хэлэлцээд тунгаагаад сонговол хүн зөндөө бий.

-Та түрүүн хэлсэн, би 13000 гаруй хүнтэй нударга зөрүүлэн барилдсан гэж. Тэгэхээр тэр олон хүн дундаас сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Зөндөө бий. Миний барилдсан бөхчүүд дунд онгоцны инженер, үйлдвэрийн инженер, их эмч, багш, барилгачин, морин тэрэгчин, далайн тээвэрчин гээд байхгүй мэргэжлийн хүн байсангүй ээ. Энэ чинь юу хэлээд байна гэхээр төрөл бүрийн мэргэжлийн өөр өөр боловсрол мэдлэгтэй хүмүүс байгаа юм. Барилдаж байх хугацаанд бол барилдах дүрэм нь нэг. Боловсрол мэдлэг нь өөр өөр. Тэгээд тэр дүрмэнд хандах хандлага нь бүгд өөр. Тухайн үед дэвжээн дээр гараад гурав гурваар гурван үе барилдахад есөн минутын дотор тэр хүнийг таньж мэдээд зохицуулаад, дутагдалтай талыг нь ашиглаад, сайн талаас нь өөрийгөө авраад барилдааныг ялалтаар дуусгана гэдэг бол хүн хүнээс асар их авьяас шаардана. Секундээр уралдаж, оюун ухаанаа ажиллуулж, тэр хүнийг таних нь чухал. Өрсөлдөгч маань ийм хүчтэй, ийм мэхтэй, ийм талтай юм байна. Үүнд нь орж болохгүй. Үүнээс нь зайлж, тэр талдаа арай муу юм шиг байна, ийм мэхэнд тааруу бололтой үүнийг хийгээд ялах боломжтой юм байна гэх мэтчилэнгээр дотроо байнга бодлого боловсруулж байдаг. Ер нь бөх хүнээс нэг барилдаанд маш их ухаан шаарддаг. Янз бүрийн арга зальтай хүн гарч ирнэ. Ядраад үхэх шахаад за энэ муу шүү тэнхээгүй болох нь гэж бодоход л хоёр тахимаар аваад өргөөд чулууддаг хүн зөндөө бий. Баруун хөл рүү орох гэж байна даа гэж бодоход л хуураад зүүн хөлийг авдаг, айлган сүрдүүлдэг, өөрийнхөө мэхэнд дууддаг гээд элдэв дээдийн арга байна шүү дээ. Оноо авах дүрэм нь нэг ч, оноо авах олон арван арга хэрэглэхийг мэх гээд байгаа юм.

– Бусад спорт дээр ажиглагддаггүй мөртлөө үндэсний бөх дээр ялангуяа наадмаар, сүүлийн үед бүр заалны жижиг барилдаанд хүртэл халх, ойрадаараа ялгарах үзэл их боллоо. Яагаад адилхан зүс царай, хэл яриатай монгол хүмүүс байж увс, халх гэж ялгардаг болчихов?

-Энэ бол хэзээнээсээ тийм. Би бол үүний том жишээ нь. Би анх наадамд гарч байхад нэг, есийн харьцаатай байсан. Нэг нь би. Ес нь бусад бөхчүүд. Барилдаан дээр надтай нэг л бөх гарч барилдана шүү дээ. Би амлаад авахад нэг л хүнийг амлана. Дүрмээрээ л явна. Тэр хүмүүс тэгж л байг, шуугьж л байг. Бөх бол дүрмээрээ л явна. Хоёр хүн нэг хүнтэй барилдахгүй. Нэг нэгээрээ барилдана. Барилдах дүрэм журмаараа барилдана. Амлалт, оноолт хийгдэх журмаараа хийгдэнэ. Тэр хүмүүсийн хооронд юу болж байна, юу гэж хашгирч байна хамаа байхгүй. Тэр бөх өөрийн хийх ёстойгоо хийгээд л амжилтаа гаргаад, цол хэргэмээ аваад л өөрийнхөө хөдөлмөрийг түүхэнд үлдээгээд явах ёстой. Түүнээс болж гайтай юм байхгүй. Харин түүнээс болж нөгөө нутгийнхаа бөхчүүдийг сайн дэмжих, бэлтгэл хийлгэх, алдар гавьяа олгох, шагнах энэ ажлууд явж байх хэрэгтэй. Үүнд л бөхийн хөгжил явагдаж байна. Энэ жил Увс нуур галын хорин жилийн ой тохиож байгаа. Ойд зориулсан бөхийн барилдаан тавдугаар сарын 19-нд болно.

-Үүнээс болоод ард түмэн хагаралдаад байгаа юм биш үү. Наадмаар халх хүн түрүүлбэл Увсынхан муу хэлдэг. Харин Увсын хүн түрүүлбэл халхууд нь муу хэлнэ. Энэ үзлийг яаж болиулах вэ?

-Тэр бол үзэгч олон түмний тухайн үеийн сэтгэл хөдлөлийн л асуудал. Маргааш нь гарч яваад ойрад халхууд хоорондоо зодолддог асуудал нэг ч байхгүй. Цөмөөрөө найз нөхдөдөө баяр хүргэсэн, нэг нэгнийхээ найранд очсон, хадаг самбаагаа барилцсан, үнсэлцсэн, сүйд болсон хүмүүс л байдаг. Тиймээс миний хувьд бол тэр талцаж байгаа асуудал онцгой зүйл биш. Харин ч спортын өөрийн хууль талцуулж байх ёстой. Хөлбөмбөгт юу болдог билээ. Сагсан бөмбөгт яадаг вэ. Дэлхийд аймшигтай зүйлүүд сонсогддог. Тийм учраас үүнийг зөв ч гэж хэлэхгүй. Буруу гэж буруутгахгүй.

-Та багадаа хар бор ажил их хийж явснаас таны бөх болох суурь тавигдсан байх?

-Би арван насандаа өнчирсөн. Ээж минь хоёр эрэгтэй хүүхэдтэй. Нэг эгч минь сургуульд явчихсан. Нэг эгч хүнтэй суучихсан. Арван настай, арвантаван настай хоёр эрэгтэй хүүхэдтэй ээж минь хоцорсон. Нэгдэлд мал хариулж, сургуульд явна. Ах минь ажил төрөл хийж амьдралын төлөө тэмцсэн. Би арван настай даа ой цэвэрлэж мөнгө олж байсан. Манай нутаг Ховд аймгийг модоор хангадаг. Асар их хэмжээний мод банз хэрэгтэй. Ховд аймгийн тэрэг ирээд л миний ачсан дүнзнүүдийг ачаад явдаг байлаа. Жаахан хүүхэд их мод хийхээр мөчирт нь орооцолдоод явахын аргагүй болно. Түймэр гарна. Түүнийгээ жижиг сүхээр цохиод гал цоггүй, модгүй хол газар аваачиж овоолдог. Нэг модны ой цэвэрлэж овоолоход 240 хүн ажилладаг. Би тийм ажлыг л арван настайгаасаа хийж эхэлсэн. Барилгад ажиллаж байлаа. Шавар, ус зөөнө. Ууланд мод хийнэ гээд бага балчираасаа хүний хийдэг хар бор ажлуудыг бүгдийг хийсэн. Одоо бодоход хувь заяаны эрхээр намайг их спортод бэлтгэж байсан байна лээ. Би бол маш том суурьтай тамирчин. Тиймээс олон жил барилдаж чадсан. Ямар нэгэн тамирчныг бэлтгэхэд тэр бааз суурь их чухал. Тэр тамирчны суурь эхэндээ байшингаар ярихад маш том орон сууц барих хэмжээний хундаменттай байна. Сүүлдээ тэр нь хумигдаад нэг өрөө байшингийн хэмжээнд хүрдэг. Тэгэхээр тэр шаардлагыг миний амьдрал биелүүлж өгсөн.

-Гэвч та “Хагас зуун жилийн ганцаардал” хэмээх ном яагаад бичих болов. Төр ард түмний хайранд өлгийдүүлсэн хүн яагаад ганцаардах болов. Спортод ганцаардсан гэдэг утгаар бодож бичсэн юм уу?

-Үгүй. Ажил хөдөлмөр, амьдрал бүх зүйлд. Бөхийн спортын талбарт ганцаардсан. Хоёр хүн гарч барилддаг ч гэсэн ганцаардалд хүрдэг байхгүй юу. Түүнийг би хоёрдугаар дэвтэртээ маш тодорхой бичсэн. Жишээлбэл, арван настай байхдаа нэг өдөр ахтайгаа хамт хүүхдүүдэд зодуулаад, хувцас хунараа уруулаад, ээж минь өмөлзөөд хоёр эрэгтэй хүүхэдтэй, хань ижил нь өөд болсон ганц бие эмэгтэй хүн ихэр татаад уйлж байсан. Энэ мэт чинь ганцаардал. Үүнийг бол би тэмцлээрээ, ариун шударга хөдөлмөрөөрөө, хатуужилаараа давахаас өөр арга байхгүй. Нэгэнт давчихсан би түүнийгээ бахархаж бичихээс өөр арга байхгүй.

– Танд одоо хийж гүйцэтгэнэ гэсэн зүйл бий юу?

-Би одоо нэг зүйлд л санаа зовж байна. Миний нас 80 дөхлөө шүү дээ. Энэ хугацаанд амьдарч тэмцэж явахад санаж бодсон зүйлдээ бараг хүрсэн. Монгол бөхийг Монголын ард түмэн хэнтэй ч хуваахгүйгээр өөрсдөө бий болгосон юм. Зодог шуудаг өмсдөг бөх өөр дэлхийн хаана ч байхгүй. Унасан бөх дахиж барилдахгүй ганцхан дүрэм манайд л бий. Ийм хатуу журамтай эр хүний тэвчээр хатуужлыг сорьсон, эр хүнээс гарч болох бүх тэсвэр тэвчээр, эр зориг бүхнийг гаргуулдаг. Түүнийг биелүүлснээрээ түүхэндээ үлддэг. Ийм аугаа соёлыг Монголын ард түмэн бүтээчихсэн. Гэтэл энэ соёл минь одоо буруу замаар явчих гээд байна.

-Яг хэзээнээс буруу зам руу орсон гэж харж байна?

-Ер нь явдал дундаа аажим аажмаар буруу замаар их явсан даа. Барилдааны дүрэм журмыг дуртай цагтаа өөрчилдөг. Дөрөв, зургаагийн даваанд онооно гээд дүрэм гарсан. Нэг хоёр жил барилдаад л зургаагийн давааны оноолтыг болиулна гэсэн. Тэр ямар учиртай юм. Энэ бол монгол бөхийн завхрал байхгүй юу. Тэгээд л арслан цолыг түрүүлээгүй бөхөд өгөхгүй гэсэн. Дахиад 1024 бөх барилдаад ес давсан бөхөд арслан цол өгнө гээд л өгсөн. Эд бүгд цөм завхарлууд. Залуу үеийг залхааж байна шүү дээ. Монгол Улсын хууль, баяр наадмын тухай хуульд биччих л дээ, нэг л өгүүлбэр. Бичихгүй байж санаанаасаа хэдэн хүн гаргаад допингийн шинжилгээ авлаа, илэрлээ гээд хасчихдаг. Өөрөөр хэлбэл бөхчүүдээс допингийн шинжилгээг авахдаа дуртай цагтаа дуудаж авчирна. Болоо. Тийм хууль байхгүйгээр шүүхийн шийдвэр гаргаад эрхийг нь сэргээчихээд, дахиад барилдуулахгүй. Шүүхийн шийдвэрийг нь Бөхийн холбоо нь хүлээж авахгүй. Энэ дэлхий дээр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ямар хүн байдаг юм. Долоон тэрбум хүнээс зургаан тэрбум гаруй нь шүүхийн шийдвэрээр л амьдарч байгаа шүү дээ. Сири, Иран, Ирак гээд тэр дайнтай улсууд яадаг юм. Тэгэхэд тэр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Арван хэдэн жил яваад амьдраад л байна. Өөрөөр хэлбэл, энэ бол маш том танхайрал. Монгол бөх, Монголын ард түмний соёлыг устгах, мөхөөх зүйл. Одоо начны найраа, авлига ороод ирвэл бүр юу ч үгүй болно. Авлига байгаа газар мөхдөг, сөнөдөг жамтай. Тэр эхэс дотроос нь ялзрал, үхжилийг авчирдаг байхгүй юу. Ийм юмнаас л салгаж дүрэмтэй, номтой болгох асуудал хэрэгтэй байгаа юм. Би ийм зүйлийн төлөө л одоо тэмцэж явна. Энэ чинь нэг ганцаардал биз дээ.


Categories
мэдээ улс-төр

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй

Хяналтын ерөнхий хороо Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудалтай нь холбогдуулан түүнд таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. ХАрин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намаас таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргаснаар тэд ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

АТГ: ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн

Image result for 461-р хорих анги

АТГ-аас ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тэднийг тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Уг хэрэгт холбогдуулан тус яамны өөр хэд хэдэн хүнийг шалгаж байгаа тухай мэдээлэл ч байна.

Энэ талаар АТГ-ын ажилтан, “ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар АТГ-аас яриа, тодруулга өгөх боломжгүй байна. Та бүхэн Прокурорын байгууллагаас нэмэлт мэдээллийг авах нь зүйтэй юм” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайжруулсан нүүрсээ эхэлж тараалгүй түүхий нүүрсийг хориглосонд иргэд бухимдаж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Нийслэл даяар өчигдрөөс эхлэн түүхий нүүрс худалдаалахыг хориглолоо. Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Улаанбаатар руу ордог постууд дээр нүүрс нэвтрүүлэхгүй, гэр хороололд худалдахыг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглэх ажлыг хот даяар зохион байгуулж эхэллээ.

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс худалдаалбал Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгоно гэж албаныхан мэдэгдэж байгаа. Тэгвэл Засгийн газрын эл шийдвэр гэр хороололд хэрхэн хэрэгжиж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Албаны хүмүүсийн мэдээлж байснаар бол өчигдрөөс эхлээд түүхий нүүрсний худалдааг зогсоож, оронд нь сайжруулсан түлш зарж эхлэх ёстой байв.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эх чиглэлийн зам дагуу өчигдөр 15:00 цагийн үед мод, нүүрс худалдаж байлаа. Ингэхдээ сайжруулсан түлш бус, түүхий нүүрс худалдаалж байв. Нэг шуудай нь 4000 гэнэ. “Өчигдөр 3000 төгрөгөөр зарж байсан шуудай нүүрсийг өглөө босоод 1000 төгрөгөөр нэмэгдэлтэй авч байна” хэмээн бухимдсан иргэд нүүрс худалдааны цэг дээр ар араасаа нэмэгдсээр байв. Уржигдар шөнө цас орж хүйтэрсэн, дээр нь түүхий нүүрсийг хориглосонтой холбоотой нүүрс хомсдсон тухай худалдагч залуу учирлав. Буудал орчим яваад зам дагуу бас нэг нүүрс худалдаалах цэг байна. Иргэд түүхий нүүрс нэг, хоёр шуудайгаар машиныхаа тээшний хэсэгт хийлгэж харагдана. Бас тэрэг түрж ирээд нүүрс авч байгаа иргэд ч байна. Тэд “Сайжруулсан нүүрс нь хаана байгаа юм бэ. Өвөлжин, хаваржин ярьсан. Аль байгаа нүүрсийг л авч байна” гэцгээж байв. Худалдагч бүсгүй С.Алтантуяа “Сайжруулсан нүүрс байхгүй учраас түүхий нүүрсээ зарахаас өөр арга алга. Хориглосон шийдвэр гарснаас хойш түүхий нүүрс нийлүүлэх үнэ нэмэгдчихлээ. Өмнө нь бид нэг тонныг нь 65 мянган төгрөгөөр авдаг байсан бол хоёр хоногийн өмнө 80 мянгаар авлаа. Тэгэхээр жижиглэнгийн үнийг нэмэхээс аргагүй.

Өнөөдөр хот руу нүүрс оруулахгүй байна гэсэн” гэж байна.

Цааш хөдлөөд буудал гаруй явбал түүхий нүүрс, сайжруулсан түлш аль, алиныг нь зарж байгаа цэг таарлаа. Иргэд сайжруулсан түлшнээс авч байна. Тэд “Одоо л түлж үзэх гэж байна. Жижиг савлагаатай хэрнээ үнэ нь их юм. Цаанаасаа ирж байгаа бөөний үнэ нь хямд л байж таараа” гэв. Харин хариуд нь худалдагч залуу “Та нар зүгээр түлээд үз. Өнөөдрөөс л жигдэрч байна” хэмээн уурлангуй хэлэв.

Харин тус цэгээс цааш сайжруулсан, түүхий нүүрсний худалдааны аль, аль нь таарсангүй. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбын эцэст явж очлоо. Дамбын эцсийн буудал дээрх нүүрсний худалдаанаас иргэд тэргэн дээр, машиндаа нэг, хоёр шуудайгаар авч байна. Нэг шуудай нь 4000 төгрөг болжээ.

Түүхий нүүрсийг хориглосноос хойш борлуулах цэгүүд хаасан байна. Цөөн тооны газарт шуудай тутамд нь 500-1000 төгрөгөөр нэмэгдэлтэй худалдаалж байв. Сайжруулсан түлш зарж байгаа ганц л цэг байсан юм. Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй. Түүхий нүүрс хомсдсон, зарж байгаа нэг нь үнээ нэмчихсэн, сайжруулсан түлш худалдаанд гараагүй байгаад иргэд ихээр бухимдаж байлаа.

Хоёр хоногийн өмнө нөөцийн махыг 127 цэгээр худалдаалж эхэлсэн талаар салбарын сайд нь мэдэгдсэн ч иргэд олж авч чадахгүй байгаа, кг тутам нь 10 мянгаас 13 мянган төгрөгийн үнэтэй махыг авахаас аргагүйд хүрч байгааг ч шүүмжилж байв. Бас дээр нь шатахууны үнэ нэмэгдсэн тухай хөндөж “Энэ улсад амьдрах арга алга. Идэх мах, түлэх түлш, явах бензинийх нь үнэ тэнгэрт хадаад, төр засаг шал хэрэггүй шийдвэр гаргаж иргэдийн нуруун дээр улам дараа болж байна” гэцгээх хөгшчүүл олон таарав.

Иргэд ийнхүү ярьж байна.

БОРЛУУЛАГЧ Ц.УНДРАХ: САЙЖРУУЛСАН НҮҮРС ЗАРАХААР АВААД ШАТАЖ БАЙНА

-Түүхий нүүрсийг хорьж болно. Оронд нь түлэх нүүрс нь хүрэлцээ, чанар сайтай байх хэрэгтэй. Сайжруулсан түлшний 10 орчим үйлдвэр байгаа гэсэн. Чанартай нь цөөн гэх юм билээ. Арван үйлдвэрийн ганц нэг нь л чанартай байх жишээтэй. Учир нь борлуулагчид сайжруулсан түлш зарахаар аваад шатчихсан байна. Иргэд голоод авахгүй, чанаргүй байна гэсэн хүмүүс олон байна. Манайх нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хорихоос өмнө нөөцөлж чадсан. Гэтэл өнөөдөр зараад дуусах шинжтэй. Иргэд ч ихээр авч байна.

Ц.ТӨМӨР: МАХ, НҮҮРС, БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЧИХЭЭР БИД ЯАЖ АМЬДРАХ ВЭ?

(СБД-ийн 16 дугаар хорооны иргэн)

-Энэ хүйтэнд түүхий нүүрс түлэхээс өөр арга алга. Сайжруулсан түлшээ бэлдээд түгээчихээд дараа нь түүхий нүүрсээ хориглоод, торгож шийтгэх ажлаа хиймээр юм. Өнгөрсөн намраас хойш худлаа ярилаа. Мах 16 мянган төгрөг болчихлоо. Нөөцийн мах зарж байна гэсэн хаана байна, алга. Долоон буудал, Бэлх рүү хайгаад олсонгүй. 60 сая малтай хэрнээ тэнгэрт хадсан үнэтэй мах иддэг ард түмэн хаана байна вэ. Мах, нүүрс, бензиний үнийг нэмчихээр яаж амьдрах болж байна.

Б.ЦЭЦГЭЭ: БУУДАЛ ГАРУЙ ГАЗАР АЛХАЖ НҮҮРС АВЧ БАЙНА

(БЗД-ийн 21 дүгээр хорооны иргэн)

-Эгч нь хоёр шуудай нүүрс 7000 төгрөгөөр аваад харьж явна. Уг нь манай урд дэлгүүрт нүүрс зардаг байсан. Хориглосон гээд зарахаа больчихож. Тэгээд аргагүйн эрхэнд буудал гаруй алхаж байж нүүрс авлаа. Нялх зээгээ даарчих вий гээд нүүрсээр галлахаас өөр арга алга. Сайжруулсан нүүрсээ зараагүй хэрнээ ингээд хорьчихоор хүүхэд, хөгшид хөлдөх юм байна.

Л.ХАТАНБААТАР: ӨЧИГДӨР 3000 ТӨГРӨГӨӨР АВСАН НҮҮРС 4000 БОЛЧИХЖЭЭ

(СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн)

-Өчигдөр нэг шуудай нүүрс 3000 төгрөгөөр авсан юм. Өнөөдөр 4000 болчихож. Бүгд л адилхан нэмсэн байна. Нүүрс түлэхгүй бол хүйтэн нойтонд хэцүү юм. Зурагтаар гоё гялгар өнгөтэй түлш харуулаад байсан. Аваад түлье гэхээр алга.

Ш.ТУУЛ: ДООД ДАВХАРГЫНХАН ТӨРИЙН ШИЙДВЭРТ ҮРЭГДЭЖ БАЙНА

(СБД-ийн 16 дугаар хорооны иргэн)

-Сайжруулсан нүүрс түлж үзсэн, илчгүй юм билээ. Түүхий нүүрснээс үнэтэй. Гэтэл түүхий нүүрс олдохгүй байна, олдсон ч үнэ нь нэмэгдэлтэй. Амьдрал маш хүнд байна. Хүйтэнд нүүрсээ авч чадахгүй, махаа ч авч чадахаа байлаа. Мал аж

ахуйтай орны иргэд мах идэж чадахгүй байна гэдэг эмгэнэл биз дээ. Төрийн хүмүүсийн шийдвэрт доод давхаргын хүмүүс л үрэгдэх юм.

Д.ДОРЖГОТОВ: САЙЖРУУЛСАН ТҮЛШ АСАХГҮЙ БАЙНА

(СБД-ийн 20 дугаар хорооны иргэн)

-Энэ хүйтэнд дааралтай биш, нүүрсээ авч байна.Сайжруулсан түлш гээч юмыг нь түлж үзсэн. Ерөөсөө асдаггүй юм билээ.

Шавартай хольчихсон. Өвөл бол хөлдөж үхнэ, уугиад л байдаг. Таван толгойн нүүрс нь л илчтэй болов уу гэж горьдож байна. Хотын эргэнд байгаа үйлдвэрүүдийн сайжруулсан түлш бол авах юм байхгүй гэв.

Түлэх нүүрсгүй, хийх бензингүй, идэх махгүйдээ хүрч буй ард түмэн одоо яах вэ?

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88003247

09.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт Ангиографийн оношилгоо эмчилгээний шинэ аппаратыг ашиглалтад хүлээн авна. Утас: 90082028

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийтийн тээврийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас 89091819

11.00 цагт “Blue Sky” зочид буудалд Ардчилсан намын үзэл баримтлалыг олон нийтэд сурталчилах III аяны нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд АН-ын гишүүн Н.Тэгшбаяр УИХ-ын зарим гишүүдийг эгүүлэн татах үндэслэлийн талаа мэдээлнэ.

12.00 цагт Монголын Үндэсний музейд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейн үзмэрүүдэд тулгуурлан Монголын түүхийн хичээл заана. Утас: 99123922, 70110913

12.00 цагт ХХААХҮЯ-наас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.

12.00 цагт МУИС-ийн хичээлийн II байранд “МУИС-ийн олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг” болно. Утас: 99002019

13.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулна.

13.00 цагт Үндэсний номын санд “Шинэ толь II” улсын уралдааны шагнал гардуулах ёслол, яруу найрагчдын уулзалт болно. Утас: 88062609

14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт болно. Утас: 80059798, 99106671

14.00 цагт Монголын театрын музейд “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл:Алтайн ятга” үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт Хангарьди ордонд “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн болно.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг дахь салбар салбар зөвлөлтэй видео хурал хийнэ.

11.00 цагт “В” танхимд Ерөнхий сайдын зөвлөх нар “Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг эрчүүд нэгдэж байна” сэдвээр мэдээлнэ.

14.00 цагт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулсны 60 жилийн ойд зориулсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн” болно. Утас: 91915340, 99047423, 99519677

Categories
мэдээ цаг-үе

Б.Саранчимэг: Итгэлийн зээлийг ямар ч Засгийн газар байсан үр өгөөжтэй л ашиглах хэрэгтэй

-МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭЭС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХГҮЙ, ХАРИН ЦААШДАА АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭДЭГ ДЭЭР САНАЛ НЭГДСЭН-

УИХын гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа.


-ман-ын бүлэг итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжих улс төрийн шийдвэр гаргасан. энэ зээл хэрэгжих боломжтой юу?

-Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий Итгэлийн зээл олгох бодлого баримтална гэж туссан байгаа.

Өнгөрсөн намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Итгэлийн зээлийн төслийн талаарх танилцуулгыг хийж, гишүүд санал бодлоо илэрхийлсэн. Одоогоор энэ зээлийн тухай тодорхой шалгуур нөхцөлүүдийг тусгасан хуулийн төслийг Их хуралд өргөн бариагүй. Гишүүдийн гар дээр ирээгүй байгаа учраас тодорхой ярих боломжгүй байна. Гэхдээ зээлийг өгөхдөө өнгөрсөн алдаа, сургамж дээрээ тулгуурлаж олгох нь чухал. Тодруулбал, ямар ч Засгийн газар төр барихаас үл шалтгаалан үр өгөөжтэй байлгах хэрэгтэй. Иймийн тулд баримтлах зарчмууд нь тодорхой байх ёстой юм. Зээл бол халамж биш, харин боломж гэдгийг өгч, авч байгаа хэн хэн нь ухамсарлан ойлгох хэрэгтэй. Зээлийг ямар зорилгоор, хэр хэмжээтэй, хэдий хугацаагаар өгөх шалгуурууд нь тодорхой байх ёстой. Тэгэхгүй бол зээл өгөөжгүй болж, улсын төсвийг дэмий үрсэн хэрэг болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Би өнөөгийн нөхцөл байдалд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэгтэй байдаг. Гэхдээ ямар ч хуулиас бүр өндөгнөөс хүртэл өө олддог гэдэг шиг хуулийг зөвөөр тайлбарлах, дагаж мөрдөх ухамсар байхгүй бол өөрчлөх заалтууд гарч ирсээр л байна. Өнөөгийн улс төр нийгэм, эдийн засгийн шаардлагаар Монгол Улсын Үндсэн хууль тодорхой хэмжээнд өөрчлөгдөх ёстой гэж бодож байна.

Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл хуваарилах болон засаглалтай хамааралтай асуудлыг хариуцлагатай, тогтвортой байхаар өшөө илүү тодорхой заах ёстой.

-Ус бохирдуулсны тухай хууль батлагдсан. Хуульд ямар гол зохицуулалтууд тусгагдав?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Тухайн үед Засгийн газрын дагалдан гарах журам батлагдан гарч хэрэгжих ёстой байсан. Гэсэн ч журам нь батлагдаагүйгээс болж хууль хэрэгжээгүй. Усны бохирдлыг зайлшгүй авч үзэх ёстой гэж үзсэн учир энэ Засгийн газрын үед оруулж ирж байгаа юм. Миний хувьд УИХ-ын ажлын хэсгийг ахалж ажилласан. Уг хууль нь усныхаа нөөцийг хамгаалж, дахин ашиглах, бохир усыг цэвэрлэн ашиглах технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Тиймдээ ч миний бие зарчмын хувьд энэ хуулийг дэмжиж, ахлаад явж байна. Манай ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Хуулийн төсөлд усны доод болон дээд төлбөрт өөрчлөлт оруулсан. Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтооно. Тодруулбал, ус бохирдуулсны төлбөрийг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь баталж, харин ногдуулах эрх нь Засгийн газарт үлдэнэ гэсэн үг.

-Уул уурхайн компаниудыг ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөх нь гэх мэдээлэл гарсан. Хуульд ийм зохицуулалт туссан юм уу?

-Уул уурхайн компаниудаас ус бохирдуулсны төлбөр авахгүй нь гэдэг буруу мессэж нийгэмд тархсан. Энэ бол худал мэдээлэл юм. Хаягдал усны чанар стандартад заасан хэмжээнд байвал ус бохирдуулсны төлбөр бага төлнө.

Харин стандартаас хэтэрвэл өндөр нөхөн төлбөр төлөх юм. Энэ нь эрх тэгш, шударга байх зарчмаар ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж байгаа явдал гэж үзэж байгаа.

-Мал аж ахуй эрхлэгчдээс ус ашигласны төлбөр авах уу?

-Мал аж ахуй, газар тариалан бол хамгийн их ус ашигладаг салбар. Засгийн газрын зүгээс хуулийн төсөлд мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авна гэж оруулж ирсэн байсан. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзсаны үндсэн дээр мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авахгүй, харин цаашдаа авах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.

Ер нь бол манай улсад 120 сая м.куб ус бохирдолтой байна. Энэ хууль батлагдсанаараа Туул, Хэрлэн, Орхон, Хараа, Хангал зэрэг гол, горхи руу цутгаж байгаа бохир ус багасна.

Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын сангаас Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин цэвэрлэж ашиглах үйлдвэр барихад зориулж 360 сая ам.долларын тусламж үзүүлэх юм. Энэ хууль батлагдсанаараа уг тусламж орж ирэх нөхцөл бүрдэж байгаа. Мөн цаашдаа усыг хамгаалах, дахин ашиглахад чиглэсэн гадны хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ гэсэн үг. Бид энэ Мянганы сорилтын сангийн тусламжийн хүрээнд үүрэг хүлээсэн. 2013 оны усны бохирдолын түвшин одоогийнхоос хамаагүй бага байж. Иймд усны бохирдлын хэмжээг 2013 оныхтой ч болтугай ижил түвшинд аваачихыг бидэнд үүрэг болгосон. Ямартаа ч хууль хэрэгжиж эхэлснээр хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, гол, нуур цэвэршиж, байгаль орчны доройтол буурна гэж харж байна.

Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь чухал байна. Хууль зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Ус бохирдуулсны төлбөрийг иргэд, аж ахуйн нэгжээс хэрхэн төвлөрүүлэх вэ. эргээд ус бохирдохоос сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагдаж чадах уу?

-Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд төлбөр ногдуулж, ус бохирдуулсны төлбөрийн орлогыг татварын байгууллагаар дамжуулж төвлөрүүлнэ. Энэхүү Байгаль хамгаалах санд орсон орлогыг усны бохирдлыг арилгах, хяналт шалгалт хийхэд зориулах юм. Бүр цаашлаад төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна гэж тусгасан. Тэгэхээр хуульд ийм тодорхой заачихсан учраас цэвэрлэх байгууламжууд засвар үйлчилгээгээ тогтмол хийж, хэвийн ажиллах нөхцөлөө бүрдүүлэхэд анхаарч, хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Улаанбааатар хотын хэмжээнд байгальд хаягдал ус шууд нийлүүлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн усны дээжийг авч, Байгаль орчны төв лабараторидоо шинжлүүлээд усны төлбөрийг ногдуулах юм. Хуулийн хэрэгжилтийн хяналтын үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн сав газрын хяналтын байцаагч хариуцаад явна. Улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрийг төлөх аж ахуйн нэгж байгууллагууд 60-иад мянга байна гэж тооцсон. Эдгээр байгууллагуудаас жилд гурван тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөнө.

Бид аж ахуйн нэгжээс ус ашигласны төлбөр авах гээд байгаа мэт харагдаж байгаа байх. Гэхдээ өнөөдөр хамгийн үнэтэй, чандмань эрдэнэ болсон усыг хайрлан хамгаалах, багаар бохирдуулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Оюу толгой дээр Төрийн бодлого, алсын хараа үгүйлэгдэж байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай Оюу толгойг тойрсон асуудлаар ярилцлаа.


-Оюу толгойн шалгалтын эргэн тойрны асуудал нэлээдгүй газар авлаа. Эдийн засгийн байнгын хороон дээр ч энэ асуудал яригдаж шуугиан дэгдээсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн өмчийн оролцоотой стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд УИХ хяналт тавих эрх нь нээлттэй байх. Гэвч УИХ дээр нэгдсэн байр суурь байхгүй гэж харагдаж байгаа. Ажлын хэсэг дотроо үл ойлголцол байна гэж харсан. Ажлын хэсгийн ахлагч нь гишүүд ирэхгүй байна гэдэг. Гишүүд нь ажлын хэсгийн ахлагч хурлаа зарлахгүй байсаар, сүүлд нь бараг хүчээр гарын үсэг зуруулах гээд байна гэдэг. Эндээс төрийн түшээд аливаа асуудалд яаж хандаж байгаа нь харагдаж байна л даа. Ажлын хэсэгт орсон зарим гишүүний ярьж байгааг хараад харамсал төрсөн. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайд зурагдсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөөг уншаагүй, ойлгоогүй юм байна гэж харагдсан.

Оюу толгой хот байгуулах, цахилгаан станц барих үүрэг хүлээсэн гэж байх юм. Гэрээгээ хараагүй л хүний үг. Процессын алдаа л гэж байна. Яг хаана ямар процесс нь алдагдчихсан юм. Энэ төслийг босгож ирэхэд маш их хувь нэмэр оруулсан хүмүүс эргээд төслөө хэт үгүйсгээд байгаа нь сонин.

Бизнесээс болон төрөөс төрсөн тэрбумтан гэж хэлж болохоор хөрөнгө чинээтэй, бэлтэй улстөрчид нэг зүйлийг ердөө ойлгохгүй байгаа харагдах юм. Энэ төслийг зогсоогоод, хөрөнгө оруулагчаа хөөгөөд гаргачихвал ажилгүйдэл өснө. Дагаад банкны сектор савлана. Зөвхөн дунд давхарга ч биш, ер нь эдийн засаг хямарвал хор хохирол нь хамгийн түрүүнд эмзэг бүлэгт очно. Доллар ч хомсодно.

Хор хохирлыг үл хайхраад хувиа хичээн, зөвхөн сонгуульд зориулж, мэдлэг дутмаг, мэдээлэл муу жижиг тойргийн сонгогчид руу чиглэсэн популизм л улам газар авах нь. Үндсэн хуулийн дараа орох Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд баримт бичиг бий. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг аль болохоор тэнцвэртэй байлгаж, нэг улсаас хараат байлгаж болохгүй гэж заасан байдаг. Гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалтаа ад үзээд байгааг нь ойлгохгүй байна.

-Оюу толгойг ингэж ухаж төнхөж шалгаж байгаа нь зөв үү?

-Шалгах эрх бүхий байгууллагууд олон бий. Гэтэл УИХ-ын гишүүд шалгаад байгаа нь ерөөсөө маш том асуултын тэмдэг.Зарим гишүүд ус хулгайлаад аваад явчихсан юм шиг ярьж байна. Монгол Улс маань өөрөө Усны тухай хуультай. Байгаль орчны яам болон орон нутаг ОТ-д хатуу хяналт тавьдаг. Усныхаа төлөвлөгөөг батлуулдаг, шалгуулдаг. Усны ай сав газрынхан буюу төрийн эрх бүхий байгууллагынхан нэхэмжлэхээ өгөөд тэр дагуу Оюу толгойн арван тэрбум төгрөг жил бүр төлөөд ирсэн байсан. Тэр бүхэн вэб хуудсан дээр нь байна. Энэ чинь уг нь олоход их хялбар, маш энгийн зүйл шүү дээ. “Эрдэнэс Оюу толгой” гээд Оюу толгойн 34 хувийг хариуцдаг компани байна, дээр нь толгой компани болох Эрдэнэс Монгол гээд байна. Эд нар хяналт тавих ёстой. Эд нарыгаа ажиллуул л даа. Манай татвар, гааль ч гэсэн бүгд л маш сайн хянаж байгаа. Татварын маргаан гарвал маргаан таслах зөвлөл гэж бий. Тэрэн дээр шийдвэр гарчихсан байна. Бас манай улсын шүүхээр эвлэрлийн гэрээ байгуулж байсан юм билээ. Эхэлж монголчуудаасаа, засгийн газрын харьяа байгууллагуудаас бодитой мэдээлэл зөв авчих л даа. Цаад хөрөнгө оруулагч нар нь аргаа бараад мэдэгдэл энэ тэр гаргаад байгаа шүү дээ. Жишээ нь, Техник эдийн засгийн үндэслэлээр үр өгөөжийг тооцдог. Тогтсон жишгээр таван жил тутам тодотгож байх ёстой. 2010 онд эхний ТЭЗҮ-г хүлээж авсан байдаг. 2015 онд тодотгол орсон. 2020 он гараад дараагийн тодотгол орох хуулийн хугацаа нь болчихож байгаа юм. Хөндлөнгийн шинжээчдийг томилоод нөгөө талынхныг суулгаад ТЭЗҮ санхүү эдийн засгийнхаа тооцоолол дээр хамт суу л даа. Бэлэн ашиглачих тогтолцоо, механизм нь байна. Өөрөөр хэлбэл чиглэл, чиглэлээр хяналт тавьдаг төрийн байгууллагууд хангалттай байна. Тэдэнтэйгээ л эхэлж уулз л даа. Дотроо нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Гэтэл гишүүд дотроо бие биеэ гаднын тагнуул, урвагчаар дуудаад байгаа нь илүү зүйл шүү дээ. Энэ жил долларын ханш яах нь мэдэгдэхгүй, олон улсын харилцаа хүндэрчихсэн, хятад америкийн худалдааны дайн гүнзгийрэх шинжтэй болчихсон, зэс нүүрсний үнэ унах төлөвтэй болчихсон ийм хүнд үед яагаад Оюу толгойгоор улс төр хийгээд байгааг ойлгохгүй байна. Хэвлэлээр дайн хийж байхаар Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Монголын захирлуудаа дуудаж авчраад тэндээ хаалттай ярь л даа. Дубай дээр очоод таван тэрбумын өрөнд оруулчихлаа гэх юм. Үгүй шүү дээ. Харин ногдол ашиг хойшлох эрсдэл бий юу гэвэл бий. Учир нь 2010-2012 онд зардал хэтэрсэн. Тэр хэтрэлт мэдээж ногдол ашигт нөлөөлнө. Дээр нь 2014-2015 онуудад зэсийн үнэ огцом унаж байсан. Зэсийн түүхэн дундаж үнэ ер нь л их бага байж ирсэн шүү дээ. Тэгэхээр үнэ унасан үед мэдээж аль, аль талын ногдол ашиг хойшилж таарна. Далд уурхай хойшилбол мөн л ногдол ашиг хойшилно. Байдал маш хүнд байх үеийн төсөөлөл, таамаглалыг сонсчоод Дубайн төлөвлөгөөтэй наагаад байгаа нь хоосон улс төр. Хөрөнгө оруулалтыг гадны санхүүжилтээр хийдэг нь бизнест байдаг л жишиг. ЖДҮ-ийн сангаас зээл авсан сайд, гишүүд олон байгаа. Тэд нар татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн сангаас гурван хувийн хүүтэй зээл авсан. Оюу толгой ч тэр хөрөнгө оруулагчтайгаа нийлээд,хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан механизмын дагуу л бага хүүтэй зээл аваад ирж байгаа юм. Тэгэхээр гишүүд сайд нар ЖДҮС-гаас зээл авахаар зөв, тэр мөнгөөрөө ард түмэнд мундаг бүтээн байгуулалт хийж харуулж болдог. Харин гадаадын хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн оролцоотой монгол компани гаднаас санхүүжилт татаад хөрөнгө оруулалт хийхээр Монгол Улс өрөнд орлоо гэх юм. Нэг юмыг хоёр янзаар хэлээд байгаа байхгүй юу.

-Оюу толгойг ингэж шалгаж байгаа нь манайх руу орж ирэх хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх вэ. Гадаадын хөрөнгө оруулагчдад энэ байдлыг юу гэж харж байгаа бол?

-Манай аж ахуйн нэгжүүдийн зээлдэх зэрэглэл буураад эхэллээ. Гол шалтгаан нь улстөржилт буюу сонгууль угтсан популизм гэж харж байна. Манай эрх баригчид 2011 онд эдийн засгийн өсөлтийг 12 хувь болгосон гэдэг. Одоо ч тэр эдийн засгийг сэргээж байна л гээд байдаг. Энэ бүхний цаана Оюу толгой л байгаа. Оюу толгойд итгэж байгаа учраас гадныхан бидэнтэй харьцдаг. Оюу толгойн орлогод найдаж ОУВС хөтөлбөр орж ирсэн, бас бус бондуудыг шинээр босголоо. Оюу толгой жилд 1.0-1.4 тэрбум орчим долларын экспортын орлогыг Монгол Улсад оруулж ирж байгаа. Энэ орлого байхгүй болно гэдэг манай эдийн засагт маш том шок үүсгэнэ. Рио Тинто ойролцоогоор 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа байх. Үүнээс долоон тэрбум доллар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт шингэсэн гэж би хөндлөнгөөс харж байна. Ашиглалтад орсноор сүүлийн хэдхэн жилийн нийт борлуулалтын орлого зургаан тэрбум доллар байгаа байх. Өөрөөр хэлбэл 10-ыг зараад 6-г олжээ гэж болно. Хөрөнгө оруулалтаа нөхөх болоогүй байна. Монгол Улсын Засгийн газар гэтэл татвар, роялти гээд аль хэдийнэ 2.2 тэрбум доллар авчихсан. Баялгаа үнэгүй алдаж байна гэдэг дэгс үг. Гааль маш сайн хяналт тавьдаг. Лондонгийн бирж дээр байгаа жишиг үнээр тооцоод тэрүүгээрээ АМНАТ буюу роялтигаа авчихаж байгаа. Дээр нь манай төр Эрдэнэтийн 51 хувийг эзэмшдэг. Олон улсын гэрээ конвенц, худалдааны эрх зүйгээр бол аливаа нэг улсад байгаа экспортлогч нар үгсэн хуйвалдахыг зөвшөөрдөггүй. Энэ бол ерөнхийдөө дэлхийн худалдааны нэг зарчим. Эрдэнэт, Оюу толгой хоёулаа Монголын компани ч гэсэн үнэ дээрээ хуйвалдах замаар гадаадын зах зээлд нөлөө тогтоох боломжтой. Ийм учир худалдан авагч нар аль алинд нь нууцлалын хатуу нөхцөл тавьдаг. Эрдэнэт бол мэдээж дундын зуучлагчаар дамжуулж байгаа. Үнийг нь бид мэдэхгүй. Оюу толгойн хувьд эрх бүхий гаалийн байцаагч нар нь мэдэж байх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд мэдэх шаардлагагүй. Тэд нар чинь хууль тогтоогч нар, мөн танхимд хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээхгүй тул байгууллагын бизнес нууцыг задлахдаа сийхгүй шүү дээ. Гол нь манай улс роялтигаа Лондонгийн биржийн үнээр тооцож авдаг учир гэрээний үнэ ач холбогдол багатай.

-Нууцын зэрэглэлтэй мэдээлэл Рио Тинто-д оччихсон байна гээд байгаа. Нууцын зэрэглэлтэй гэхээр ямар материалыг хэлээд байна?

-Монгол Улсад Төрийн нууцын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд аливаа зүйлийг хоорондоо нууцалж явуулж болдог. Тэр шаардлагыг хангасан байх. Нууц гэдэг нэрийн дор улс төрийн асуудал явж байдаг зүйл дэлхийн түүхэнд олон гарсанбайдаг. Оюу толгой дээр нууцын материал очсон үгүйг хэлж мэдэхгүй. Оюу толгойгоос гаргасан мэдэгдлийг харахад нууцын зэрэглэлтэй материалтай танилцаагүй гэсэн байсан. Эдийн засгийн Байнгын хороо өөрсдөө хүргүүлээд тайлбар авсан байна гэж ойлгосон.

-Оюу толгойг шалгачихаад яагаад өөрсдөд нь шалгалтын дүнг үзүүлэхгүй байгаа юм бэ. Ийм хууль зүйн акт байдаг юм уу?

-Байхгүй. Энэ зүйлд УИХ-ын гишүүд хариулт өгөх байх. УИХ мөрдөн байцаах эсвэл шүүх байгууллага биш. Байнгын хороо нь ОТ-д 47 хуудас материал өгсөн. Тайлбарыг нь авсан гэж харсан. Нууц гээд байгаа нь гишүүд улстөржүүлээд байна уу гэж харж байгаа. Гишүүд явуулсан бичиг, ирүүлсэн тайлбараа ч ил болгочих л доо. Нүүрсний үнэ өссөн, Олон улсын валютын сангаас таван тэрбум доллар зээлээд авчихсан. Эндээ хэт найдаад байх шиг байна. Үнэндээ тэр ОУВС-гийн таван тэрбум өрнөөс бодитой үлдэж байгаа зүйл байдаггүй. Ингэхээр гишүүд ирэх оны сонгуулийг бодоод нэг сэдэв барьж аваад л нүдэх чиглэлээр хоорондоо уралдаад байна. ОТ мэдээж хамгийн амттай, мөлжүүртэй сэдэв. Энэний үр дүнд ард түмэн, эдийн засаг хохирно. Оюу толгой өрөнд оруулаад байна л гэнэ. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь эзэмшинэ гээд манайхан өөрсдөө л хуульдаа заасан. Анх 2009 онд манай улс 770 сая долларыг оруулах байсан. Даанч тэр үед мөнгөгүй байсан бололтой юм билээ. Уг нь лицензээ үнэлж болох байсан. Гэтэл 2002-2003 онд Их өрийг дарна гэдэг нэрийн дор ашиглалтын лицензүүдээ өгчихсөн гэж дуулдсан. Мордохын хазгай тэгэхэд л эхэлсэн гэмээр харагддаг. Их өр дарахыг улс төрийн шоу болгосон. Энэ шоугаа Оюу толгойд өгсөн лицензээрээ санхүүжүүлчихсэн. Ингээд л Оюу толгой анхнаасаа улстөржөөд явчхаж байгаа юм. Нэгэнт ашиглалтын лиценз авчихсан хүн 30 жилийн өмчийн баталгаатай болчихдог. Тэгээд 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед жишээ нь нэгдүгээр босоо ам бараг дуусаж байсан гэдэг л юм билээ. Жирийн иргэн хүн бол эхэлж ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэлээ хийнэ, дараа нь тэр санхүүгийн тооцоололдоо үндэслэн гэрээгээ хийж, эцэст нь лицензээ хөрөнгө оруулагчдаа шилжүүлэх байх. Гэтэл манай улстөрчид эхлээд лицензээ өгчихсөн. Дараа нь гэрээгээ хийгээд эцэст ньТЭЗҮ-гээ хүлээн авсан. Энэ буруу голдрил бол үе үеийн улстөрчдийн хийсэн алдаа. Ер нь 2002 оны Засгийн газар туршлагагүйтэж суурийг нь буруу тавьчихсан нь эцэс төгсгөлгүй маргааны эх болсон гэж хардаг.

-Оюу толгойн асуудал манайх руу гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхэд хүндрэл үүсгэх үү?

-Маш том хүндрэл үүсгэнэ. Гаднынхан хараад, ажиглаад, гайхаад сууж байгаа. Тэдний хувьд Энхбаярын ЗГ, Баярын ЗГ, Сайханбилэгийн ЗГ, Хүрэлсүхийн ЗГ гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар гэж л бий. Гэтэл тэр Засгийн газруудад сайд дарга, за тэгээд олон жил парламентад суусан улс төрчид нь яагаад ингээд байгааг ойлгохгүй байх. Эдийн засаг, уул уурхайн анхан шатны мэдлэггүй гэдгээ ааш аяг, асуултаараа харуулаад байгаа гишүүд яаж ийм том төслийг мэдээд шүүмжлээд шалгаад байдагт нь гайхах байх. Оюу толгой байж болох тайлбарыг өгөөд байгаа. Гадны хүний нүдээр харвал ОТ-н тайлбар, Риогийн учирласан, сүрдүүлсэн, аргадсан гэмээр мэдэгдэл илүү бодитой үндэслэлтэй харагдаж байна. Монголд өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт орж байж ажлын байр бий болно. Ядуурлаас гарна. Манай төгрөгийн ханш тогтворжино. Бид импортоос асар их хараат болсон тул ханш унавал амьжиргаа хэцүүднэ. Монголын төр ийм харалган байж болохгүй. Өнөөдөр үнэхээр аливаа асуудалд цогцоор нь хандаж, углуургаар нь нягталж, бодож сэтгэж, улмаар зангаргатай үг хэлээд бусдыгаа дагуулаад явчих төрийн зүтгэлтэн дутаад байна даа.

-Манай эдийн засгийн байдал ямархуу түвшинд байна вэ?

-Эдийн засгийн байдал тоо, статистсик сайхан байгаа. Гэхдээ цалингийн өсөлт үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Энэ чинь л бүгдийг хэлчхэж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгоод эхэллээ. Албан ёсоор ажилгүйдэл буурсан гээд байгаа. Үнэндээ далд ажилгүйдэл, дээр нь ядуурал ихсэхээр иргэд бухимдана.Энэ бухимдал дээр нь оноо авахын тулд нөгөө социализмын үед гаргаж ирдэг байсан хий үзэгдэл, хий дайсан гаргаж ирж байгаа юм. Уг нь Рио Тинто зүгээр л,байдаг л нэг хувьцаат компани шүү дээ. Хувьцааг нь хэн ч авч болно. Тэтгэврийн хөгшид, мөнгөтэй оюутнууд. Хөрөнгө босгоод тэрүүгээрээ төсөл санхүүжүүлээд явж байгаа улс. Гэтэл өнөө гадны хөрөнгөтнүүд Монголыг маань сорон мөлжих гээд байгаа мэт. Эсвэл Оюу толгойгоос Рио Тинтог хөөж гаргаад буцаад социализмруугаа орох хэрэгтэй. Рио Тинто санхүүжилтээ татвал Оюу толгойд оронд нь Хятадын төрийн өмчит компаниуд л орно. Хятад эрэлт,нийлүүлэлт дээрээ монополь үүсгэнэ. Хүссэн үедээ тоглолт хийнэ. Бид яаж ч чадахгүй. Ер нь Эрдэнэт Оюу толгойн татварын ачаалал 30 хувь байгаа. Дэлхий дээр дундаж нь 10 хувь байдаг. Маш өндөр татвар төлж байгаа. Гэтэл асар их улстөржиж байна. Монголыг тэжээж байгаа хоёр үйлдвэр маань үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. Дээр нь хувиа хичээсэн улстөрчид наалдчихаж байгаа юм. Эдийн засгийн тусгаар тогтнолоо аварч үлдье гэж байгаа бол улстөрчид маань холын бодол, алсын хараатай баймаар байна.

Олон улсын биржид бүртгэлтэй, нээлттэй компанийн веб дээр байршсан мэдээнээс харвал 2025 оноос эхлээд Оюу толгойн мөнгөн урсгал эрс сайжрах юм билээ. Тэгэхээр өнөө “өр” гээд байгаа хойшлуулсан хөрөнгө оруулалтаа хэдхэн жилийн дотор дарах боломж харагдсан шүү. Одоо Эрдэнэс-Оюу толгой, Эрдэнэс-Монгол компаниуд ажлаа хиймээр байна. Тэд зардлаа хянаад ажиллах хэрэгтэй. Бас тэр ногдол ашгийн хуваарилалтад 34 хувийн хөрөнгө оруулалтын урьдчилгаа амлалтаа тодорхой үе шаттайгаар суутгуулаад явбал үнэхээр бодитой алхам болно. Энэ мэт ногдол ашгийг авах хугацааг наашлуулах бодит ажлын оронд хий хоосон улстөржүүлснээр бид бүр том алдагдалд хүрэх вий гэж болгоомжилж байна.