Categories
мэдээ улс-төр

Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрс тодорлоо

Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцлээ. Тус дэмжигдсэн нэр дэвшигчдийг таницуулж байна.

Монгол Улсаас:

  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,
  • Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй албан хаагчид нь дипломат болон төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид аж.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан Оюутолгойн болон Дубайн хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойгоос нүүрс алга болсон, Хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан, тус үйлдвэрийн 49 хувийн хөрөнгө оруулалт зэрэг хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлах чиглэлийг цагдаа, АТГ, тагнуулын байгууллагад өгчээ.

Уг хянагдсан хэргүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирлагад хамаарах хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт хүргэгдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн Их дүйчэн өдөр энэ Бямба гарагт тохиож байна

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 18-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөртохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр” үйл ажиллагаатай хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулна.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдад сурталчлах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дэд даргаар Ж.Болдыг томиллоо

ЦЕГ-т томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд хурандаа Ж.Болдыг ЦЕГ-ын дэд даргаар томилжээ.

Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй,

-1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

-2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,

-2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.

-Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,

-2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,

-2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр” төв замыг ингэж хаана

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил “Автомашингүй өдөр” 2019 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт болох бөгөөд энэ өдөр дараах автозамуудын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цагийн хооронд хязгаарлах юм.

Тодруулбал: Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас Драмын театр буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буюу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг унадаг дугуй, скүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж ажиллана.

Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх бөгөөд мөн иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын тоо өмнөх оноос 471-ээр нэмэгджээ

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2022 болж, өмнөх оны мөн үеэс 471ээр буюу 30.4%-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд тусгажээ.

Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг ойлгоно.

Нийт аюул үзэгдэлд

  • Объектын түймэр 1817 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 471 (35.0%)-ээр нэмэгдсэн
  • Мал, амьтны халдварт галзуу өвчин 39 удаа
  • Гахайн мялзан өвчин 23 удаа
  • Шүлхий өвчин 5 удаа
  • Хорт салст хатуурал өвчин 2 удаа
  • Боом өвчин 1 удаа тус тус бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 540.1 сая төгрөг зарцуулсан бөгөөд 49 хүн амь насаа алджээ. Шалтгаан нь:

  • Объектын түймрийн улмаас 24 хүн
  • Бичил уурхай, нурангийн улмаас 11 хүн
  • Усны ослын улмаас 10 хүн амь насаа алдсан байна.

Харин 495 495 хүнийг аварч, 23.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.

Categories
мэдээ улс-төр

Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг хаслаа

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, ирэх 2020 оны сонгуульд нэр бүхий гишүүдийн нэр дэвших эрхийг хассан байна. Тодруулбал, хууль зассан үндэслэлээр Ш.Раднаасэдийг, Төрийн нууц задруулсан үндэслэлээр Д.Дамба-Очирыг, ЖДҮХ сангаас зээл авсан, банкаа дампууруулж улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр Б.Ундармаа нарт улс төрийн хариуцлага тооцож, 2020 оны УИХ-д дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Categories
гадаад мэдээ

100 хүн хөнөөсөн сувилагчийг цаазаар авах уу

Энгийн нэгэн сувилагч эр дэлхийн дүүхэн дэх хамгийн их хүний аминд хүрсэн цуврал алуурчин байсан гэвэл та итгэх үү.

Тэгвэл “Үхлийн сахиусан тэнгэр” хочтой Германы иргэн Нильс Хёгел гэгч “1999-2005 оны хооронд сувилагчаар ажиллах хугацаандаа буюу зургаахан жилийн дотор 100 хүний аминд хүрсэн байна. Тэрбээр Дельменхорст хотын ойролцоох эмнэлэгт ажиллаж байхдаа 64 өвчтөн, Ольденбург хотын эмнэлэгт ажиллаж байхдаа 36 өвчтөний амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Хёгел зургаан өвчтөний амийг хөнөөсөн хэргээр аль хэдийнэ насан туршдаа хоригдох ялаар шийтгүүлээд байгаа бөгөөд хоригдож байхдаа хамт хоригдож байсан хэрэгтэнд “Сувилагчаар ажиллаж байхдаа маш олон хүний аминд хүрч байсан” гэж ярьжээ.

Тэрбээр шүүхийн үеэр хохирогчдод үхлийн тунгаар тариа тарьж, эм өгдөг байснаа хүлээн зөвшөөрчээ. “Миний хөнөөсөн хүмүүсийн ихэнх нь сэхээнд байсан. Би зүгээр л тэдний үхлийг нь урагшлуулсан. Тэд хэзээ ч эргэн сэрэхгүй учир би тэдний хүсэлтээр энэ бүхнийг хийсэн” гэж мэдүүлжээ.

Прокурорууд Нильс Хёгелийг хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авахуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Нильс Хёгелийн шүүх хурал үргэлжиж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлсэн байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бага насны хүүхэд болон ганц нэгээрээ яваа иргэдийг хутга тулган дээрэмддэг гурван этгээдийг баривчилжээ. Тодруулбал, дээрх этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг зочид буудалд орогнож байхад нь илрүүлсэн бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн, гурван удаагийн ял шийтгэл эдлэж байгаад энэ 2019 оны хоёрдугаар сард 411 дүгээр хорих ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар болох нь тогтоогджээ. Тэд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн ажээ. Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгорт газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэн бэлчир орчимд тавдугаар сарын 16-ны 17.46 минутад 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл бусад бүс нутагт бага хэмжээнд мэдрэгдсэн ба чичирхийллийн хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй аж.

Тус аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна.

2014 онд 203 удаа, 2015 онд 542 удаа, 2016 онд 1136 удаа их бага хэмжээгээр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлтийг тойм байдлаар нь нэг хүртэлх баллыг сул, 1-7 баллыг хүчтэй, найман балл ба түүнээс дээшхийг сүйтгэгч хөдлөл буюу их хүчтэй газар хөдлөлтөд тооцдог аж.