Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхий сайд,

-Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан макро эдийн засгийн зорилтууд, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтуудаа бизнес эрхлэгчид та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Манай орны зээлжих зэрэглэл сайжирч 2018 оны эхэнд В3 зэрэглэлд хүрснээр арилжааны банкууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэглэл сайжрах нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлж өгснийг онцлон тэмдэглэе.

Өнгөрөгч 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8,6 хувьд хүрч сүүлийн 5 жилийн дээд түвшинд хүрлээ. Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсын нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг зориуд цохон тэмдэглэж, Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн орлогын нийт хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 96 хувьтай байгаа нь 2015 оноос 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. ТОП-100 аж ахуйн нэгжүүд 2018 онд төлсөн татварын хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 29 хувиар өсч, Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувь болж байна. Эдгээр ТОП аж ахуйн нэгжүүдийн олгосон ажлын байрны тоо нийт ажил олголтын 6,6 хувийг эзэлж байгаа нь өмнөх оныхоос өсчээ.

Энэ мэт өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлтүүдийг ирэх жилүүдэд улам бүр бататган, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг хадгалсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын 2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлууд, нийт ажилтан, албан хаагчид Та бүхний ажил үйлсэд улам өндөр амжилт хүсэн ерөөе гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН үзэл баримтлалаа сурталчлах үндэсний аян эхлүүлжээ

Ардчилсан намаас үзэл баримтлалаа орон даяар сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хэмжээний аяныг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аяны нээлт өнөөдөр /2019.05.17/ “Блю скай” зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын хүмүүс оролцож, аяны талаарх мэдээллийг өгсөн юм. Ардчилсан намын суурь зарчим, тулгуур бодлого болох үзэл баримтлалыг орон даяар сурталчлах аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн есөн дүүрэгт уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

117 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 11-17-ны өдрүүдэд Баянхонгор, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий, Сүхбаатар, Ховд аймгийн 28 сумын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдсны улмаас иргэд малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагч болон орон нутгийн 240 гаруй хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 117 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Хүчтэй салхи шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, Баян-Өлгий аймгийн Булган суманд 835 толгой мал Их ширэгийн голд унаж хорогдсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ

Ерөнхий боловсролын сургуулиудад хийж байгаа сүрьеэгийн үзлэг, шинжилгээний талаар сайд Д.Сарангэрэл танилцуулав. Цаашид үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов.

Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байна.

Цаашид сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа сургуулийн агааржуулалтад анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт чанартай, бүрэн хамруулж хяналт тавих нь зүйтэй гэж үзэж байна.

Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Засгийн газрын хуралдаанаар махны хангамж, нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл сонсов.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 18-наас 06 дугаар сарын 15-ны хооронд нөөцийн махыг худалдан борлуулах чиглэлээр ажиллахыг сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав.

Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохдоо хүсэлт гаргасан тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо нөөцийн махны үнээр худалдах гэрээ байгуулж байхыг үүрэг болголоо.

Хонь, ямааны мах болон дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, мал төллөх үе буюу 4, 5 дугаар сад мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байх болон шаардлагатай бусад арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагуудын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгав.

Нөөцийн мах бэлтгэх, үнийн савлагаа, хангамж тасалдахаас сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.

Цаашид мах, гурил, үр тариа, төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн хуралдаанаар валютын ханш, зээлийн хүү, шатахуун, түлшний үнийн талаар мэдээлэл сонсов.

Нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив

Монгол Улсаас:

– Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж

– Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав

– Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг

– Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр

– Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар

– НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд

– Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Товч мэдээ

– “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татахаар болов.

– “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Байнгын хороод дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгоно.

– “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дхь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Санхүүжилтийн гэрээний төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгох юм.

– “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Байнгын хороо дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Нямдоржид олгоно. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. БНСВУ-д Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг байна. Монгол Улс 17 улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Салбартаа тэргүүлэгч ТОП 100 аж ахуйн нэгж тодорлоо

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг эрэмбэлэн өргөмжилдөг арга хэмжээ 18 дахь удаагаа болж байна.

Шилдэг 100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг билээ.

ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд дараах салбаруудаас аж ахуйн нэгжүүд багтсан байна.

Салбар Нэр Ерөнхий эрэмбэ Борлуулалтын орлогын эрэмбэ Татварын орлогын эрэмбэ Даатгуулагчийн тооны эрэмбэ Ашгийн хэмжээний эрэмбэ Хөрөнгийн эрэмбэ
УУЛ УУРХАЙ Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ 1 2 1 1 2 4
Эрдэнэс-Таван Толгой ХК 2 3 3 37 1 1
Оюу Толгой ХХК 3 1 2 3 100 3
БАНК САНХҮҮ Хаан банк 4 5 9 2 4 7
Худалдаа хөгжлийн банк 8 9 34 11 12 8
Голомт 9 11 30 7 9 11
ХАРИЛЦАА ХОЛБОО Мобиком корпораци ХХК 16 28 18 14 15 21
Юнител ХХК 29 37 36 22 16 26
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК 40 97 75 12 60 34

ШИЛДЭГ 100-Г БҮРДҮҮЛЭГЧИД САЛБАРААР

Эдгээрээс бид дараах гурван салбарт тэргүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүйгээр нь харуулж байна.

Аж ахуйн нэгжийн салбар Тоо Борлуулалтын орлогын дүн (тэр бум төг) Татварын орлогын дүн (тэр бум төг) Ажиллагсдын тоо Ашгийн дүн (тэр бум төг) Хөрөнгийн дүн (тэр бум төг)
1 Худалдаа үйлчилгээ 24 4,104 525 11,788 253 851
2 Уул уурхай, олборлох үйлдвэр 21 12,376 2,134 22,219 1,434 23,626
3 Газрын тосны хангамж 11 3,687 539 4,140 251
4 Хүнсний үйлдвэрлэл 10 1,282 319 5,090 116 853
5 Банк санхүү 8 4,645 258 14,807 307 4,309
6 Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 7 1,531 107 6,640 22 1,366
7 Харилцаа холбоо 6 805 112 6,225 75 683
8 Барилга, зам 5 584 82 3,627 25 154
9 Хүнд үйлдвэр 4 414 17 2,629 512
10 Тээвэр ложистик 2 1,286 40 3,189 56 770
11 Хөнгөн үйлдвэр 2 201 29 3,009 6 127
Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрөл олгох харилцааг ил тод, хяналттай болгох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.17) хуралдаан 10 цаг 34 минутад 57.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан.

Лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийг боловсруулжээ.

Өнөөдрийн байдлаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгохоор байгаа боловч салбарын бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгох, ерөнхий төрлийг задалж олгох байдал түгээмэл болсон байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл буюу тодорхой үйл ажиллагааг эрхлэхээр эрх олгосон, тэдгээртэй холбоотой нэгдсэн мэдээллийн сан байхгүй бөгөөд зөвшөөрөл олгож буй нэгж бүр мэдээллийн дэд сан үүсгэдэг байна. Түүнчлэн мэдээллийн сан үүсгэх, ямар мэдээллийг оруулах, лавлагаа мэдээллийг хэрхэн гаргах зэрэг асуудлуудын зохицуулалт тодорхой бус байдаг аж.

Иймд нэг удаагийн болон олон удаагийн шинжтэй бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх ба зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох шаардлага байна. 

Түүнчлэн цаашид зөвшөөрлийг цахимаар олгох, олгосон зөвшөөрлийг цахимаар сунгах тохиолдолд “цахим гэрчилгээ” буюу “цахим код, эсхүл дугаар”-ыг олгох боломжтой буюу дээрх код, эсхүл дугаараар тухайн этгээд үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээд эсэхийг шалгах, нягтлах, цаашид зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.


Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох зохицуулалтыг тусгах бөгөөд хуулийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд хариуцлага хүлээх үндэслэл болохоор тусгасан байна. Мөн хуульд заасан тохиолдолд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээний болон цахим хэлбэрээр зохион байгуулж болох ерөнхий зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн зөвшөөрлийг 2 ангилах ба хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгох зохицуулалтыг тусгажээ. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, зөвшөрлийн бүртгэл, мэдээлэл, цахим сангийн талаар, долоодугаар бүлэгт Монгол Улсад нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглох үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрлийг тус тус тусгана. Энэ бүлэгт нэг удаагийн шинжтэй болон олон удаагийн шинжтэй зөвшөөрлөөр хийх үйл ажиллагааны чиглэл, төрөл, зөвшөөрөл олгох этгээдийг тодорхой заасан байна.

Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, О.Батнасан, Д.Лүндээжанцан, Н.Учрал, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авлаа. Төрийн бус байгууллагууд зарим төрлийн зөвшөөрөл олгож байгаа талаар тодруулсан О.Батнасан гишүүний асуултад хариулт өгөв. Өнөөдрийн байдлаар хуулиар зөвшөөрөөгүй учраас хориглоно гэдэг агуулгаар төрийн албан хаагчид хандаж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байдаг. Харин төслийн гол үзэл баримтлал нь Иргэний хуулийн үзэл баримтлалтай адил хуулиар хориглоогүй л бол зөвшөөрөх зарчим гэдгийг С.Бямбацогт гишүүн тайлбарлав. Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах 9 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан байна. Тухайлбал, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэхийг хориглох аж. Мөн садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих, хуульд өөрөөр заагаагүй бол казиногийн үйл ажиллагаа эрхлэх, олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглохоор заажээ. Түүнчлэн аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг тус тус хориглохоор төсөлд тусгаад байгаа гэдгийг төсөл санаачлагч тайлбарлалаа.

Харин 13 төрлийн 448 төрлийн үйл ажиллагааг эрхлэх бол энгийн болон тусгай зөвшөөрөл авдаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан бөгөөд бусад төрлийн үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй гэдгийг хэлэв. Түүнчлэн хуульд заасан зөвшөөрлийг хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар олгохыг, хуулиас давсан журам гаргах, хуулиас гадуур өөр хуулиар зөвшөөрөл олгох зохицуулалт бий болгохыг мөн хориглосон байна. Шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хөндөх бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр шийдвэр гаргах юм байна. Энгийн зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 5 хоногийн дотор, тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 10 хоногийн дотор шийдэх зохицуулалтыг тусгасан байгаа аж. Ингэхдээ хуульд заасан бүрдлээс илүү баримт, материал шаардах, нэмэлт төлбөр авахыг хориглосон гэлээ.

Төрөөс олгож буй зөвшөөрлийн үйл ажиллагаа нь төрийн хүнд суртал, авлигалын нэг суурь болдог талаарх бусад орны жишээ, үүнийг шийдвэрлсэн талаар Д.Лүндээжанцан гишүүн хэлж, Гүржийн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. 110 хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг нэгтгэн, мэдээллийн нэгдсэн сан байгуулах нь зүйтэй хэмээн дэмжив. УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөлд тухайлбал, франчайзийн болон мерчандайзийн гэрээгээр харилцаагаа зохицуулах эрхийг авах, олгохтой холбоотой заалт бий гэдгийг Н.Учрал гишүүн тайлбарлав. Мөн оюуны өмчийн арилжаа хийгдэх, зуучлалын үйл ажиллагаа явуулахыг төрийн захиргааны төв байгууллага нь зохицуулах хэлбэрээр тусгагдсан байна. Боловсролын салбарын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт гэх мэт харилцаа байдгийг тэрбээр дурдаад Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааны талаар тусгасан эсэхийг тодруулж хариулт авсан юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд эдгээрийн уялдааг хангахтай холбоотой саналыг хэлж байв. Бизнесийн орчин дахь оролцоогоо төр бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлээд, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн төрийн албан хаагчид тооцох хариуцлагын талаарх төсөл дэх зохицуулалтыг лавлав.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Оюундарь, Ж.Бат-Эрдэнэ нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэллээ. Авилгал, төрийн хүнд суртлыг бууруулах ач холбогдолтой энэхүү төслийг дэмжиж буйгаа Б.Бат-Эрдэнэ гишүүн илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү зөвшөөрөл олгох үйл явцад хүний оролцоог багасгах, зөвшөөрөл олгох, хянан шалгах чиг үүргийг салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүд гүйцэтгэж байх шаардлагын талаар санал хэллээ.


Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийнхэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Үндэсний аюулгүй байдал, улс орны болон нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлт, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, ил тод, нээлттэй байх зарчимд нийцүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна. Зөвшөөрлийн ангилал, төрлийг шинэчлэн тогтоож иргэдийг чирэгдэлгүй болгох, зөвшөөрөл бүрийг кодын системд оруулж, түүнийг олгох, бүртгэх, хянах үйл ажиллагааны нэгдсэн журмыг шинэчлэх, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг баталгаажуулах нөхцөлийг хангах зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг тодорхойлж, хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх, эрхээ бусдад шилжүүлэх үндэслэл, журмыг тогтоох, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сан бий болгох талаар төсөлд тусгажээ. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, дүгнэлт гаргах, хуульд холбогдох шинэчлэл хийх асуудлаар Зөвшөөрлийн хяналтын зөвлөлийн ажиллах эрх зүйн орчинг бий болгохоор хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.


Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс хариулт авсан.

Өнгөрсөн хугацаанд нэгдсэн зохицуулалтгүйн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж ирсэн төрийн үйлчилгээг цэгцлэх зорилгоор Засгийн газар хэд хэдэн хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ. Нэгдсэн зохион байгуулалтгүй явж ирсэн төрийн үйлчилгээний нэг нь зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болохыг жишээ дурдан тайлбарлав. Зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 22 гишүүн өргөн мэдүүлсэн, мөн Засгийн газраас төстэй агуулга бүхий төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд зөвшөөрөл мэдээллийн нэгдсэн бүртгэл хийх асуудлыг хөндсөн нь УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөс ялгаатай юм байна. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд аль болох хүний оролцоог багасган, цахим хэлбэрт шилжүүлэх, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэлээ. Жил тутам олгож буй зөвшөөрлийн тооллого явуулах, гурван жил тутам хяналт шинжилгээ хийх, энэхүү төслөөс гадуур зөвшөөрөлтэй хамааралтай харилцаа үүссэн байвал үүнийг шууд зохицуулж байх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Аль нэг төрийн албан хаагч өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэх, зөвшөөрөлтэй хамааралтайг асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд татан авсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалтуудыг тусгажээ. Зөвшөөрлийг гурван хэлбэрээр ангилсан байна. Зарчмын хувьд 6 ялгаа бий гэдгийг сайд дэлгэрэнгүй тайлбарласан.


Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Болд, А.Сүхбат нар үг хэллээ. Дараа нь хуралдаанд даргалж байу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар зарласнаар УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу амралтын өдрүүдээр Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Эдгээр үзэгдлийн улмаас замд халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах, цасанд дарагдах нөхцөл бүрдэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

2019 оны 05 дугаар сарын 17-ны 20 цагаас 05 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байн

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас, өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19,20-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Монголын өв, соёлыг олон улсад түгээж буй “THE HU” хамтлагийнхнийг хүлээн авч уулзлаа

Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл хумигдмал байсан талаар дурсаж, тухайн үедээ хамтран амьд хөгжмийн тоглолт зохион байгуулсан нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, амьд хөгжмийг мэдрэх зэрэг шинэлэг зүйл авчирч байсан талаараа дурсан ярьцгаав.

Харин продюсер Б.Дашдондог “THE HU” хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд хамтлагийг хөгжмийн зах зээлд гаргаж ирэхийн тулд олон жилийн турш судалгаа хийсэн байна. Одоогоор 9 дуутай “Гэрэг” нэртэй анхны цомгоо энэ онд гаргахаар төлөвлөж, эхний хоёр дуу цацагдсан нь “Yu ve yu ve yu”, “Чонон сүлд” юм. Эдгээр дуу нь жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчдэд хүрчээ.

Одоогоор “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хард рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн Billboard-д эхний 10-т багтсан юм.

“Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ.

Эдгээр амжилт нь Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархан баяр хүргэж, нэр алдарт хүрсэн ч түүндээ эрдэлгүйгээр хамтлагаа байнга тордож, эв нэгдлээ эрхэмлэх хэрэгтэй хэмээн сануулсан юм.

Мөн хамтлагийн хувцас, хөгжмийн зэмсэг, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсож, санхүүжилтийн асуудлаар тогтож ярив. Тухайлбал, хамтлагийн гишүүдийн хэрэглэдэг хуур, цуур зэрэг зэмсэг нь нөөцгүй тул дахин бүтээх, хамтлагийн өвөрмөц шинж, урсгалыг илүү хурцлах хувцас загварын бүтээлийг хийлгэх, гадаад улсад аялан тогтлолтоор явах зэрэгт олон сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай болдог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд хамтлагийн гишүүдэд болон цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Баянмөнх: Допинг А.Сүхбатаас эхэлсэн байж болох талтай

Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аварга “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртлээ. Энэ талаар болон монгол бөхийн асуудлаар түүнтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор цол хүртсэнд баяр хүргэе. Монгол бөхийн бүх мэхийг судалж, бүгдийг тайлбарлан, зурагжуулж судалгаа хийнэ гэдэг маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шаардсан ажил байх. Та хэдэн жил энэ судалгааг хийж үр шимийг нь өнөөдөр хүртэж байна вэ?

-Маш олон жилийн судалгааны үр дүн л дээ. Монгол бөхийн мэхийг зохиогоод гаргаад ирчихсэн зүйл огт байхгүй. Бүгд л олон зуун жилийн турш аав нь хүүдээ, ах нь дүүдээ, багш нь шавьдаа зааж сургаж, захиад, ард түмэн ард түмнээрээ дамжуулан монгол бөхийн мэхийг хадгалж ирсэн. Олон зуун жил мэхийн судалгаа хийгдээгүй. Үндсэндээ би сүүлийн 46 жил судаллаа. Хорь гаруй жилийн дараа дэд докторын зэрэг хамгаалсан. 25 жилийн дараа шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа. Үүнд маш өргөн хүрээтэй судалгааг хийсэн. Цаг хугацаа их зарсан. Хүч, хөдөлмөр их зарсан. 725 мэх байна гэдгийг нээгээд нэг бүлэгт зохиол гурван ном бичээд одоогийн байдлаар бэлэн болоод байгаа. Гэхдээ цаашаа мэх бас байгаа. Мэх судалж байх хоорондоо би юуг ойлгов гэхээр ер нь монгол бөх гэдэг аугаа баян түүхтэй. Монголын ард түмэн амьдралын бүх үйл ажиллагаа, хүсэл мөрөөдөл, монгол орны нүүдлийн мал аж ахуйн амьдрал ажил хөдөлмөр, хашаа хороо барих, хангал догшин морь мал сургах зэрэг бүх амьдралынхаа явцад үйлдэх хөдөлгөөний эв дүй өөрийнхөө санаа бодол гээд бүх зүйлээ монгол бөхөд шингээчихсэн. Монгол бөх бол аргагүй Монголын ард түмний дээд соёл, дээж юм. Хурга хаших ганц ажлыг л нарийн ажаад үзэхэд мэхийн олон техник явж байдаг. Энэ нь Монголын ард түмнээс урган гарсан соёл гэдгийг харуулж буй хэрэг. Тиймээс аргагүй монгол түмний түүхэн уламжлалын цогц гэж үзээд мэх судлах ажиллагаагаа эхэлж байсан.

-Анх мэхийг яагаад судлах болов?

-Ш.Ванчинхүү гэж Ховд аймгийн харьяат арслан хүн байсан. Ш.Ванчинхүү гуай анх монгол бөхийн мэхийн талаар хоёр гурван зүйлийг гаргасан. Өөр мэхийн тухай гарсан шинжлэх ухааны баримттай юм байдаггүй. Би судалгааныхаа ихэнх цагийг аргаа буруу хийснээс болоод алдсан үе бий. Яагаад гэвэл хуучны бөхчүүд гар мэх, гар хөлийн хавсарсан мэх гэсэн аргаар судалж байсан. Түүгээр судлахаар явахгүй болохыг хожим ойлгосон.

Гараараа мэх хийж байхад хөл орохгүй байна гэж байхгүй. Хөлөөрөө мэх хийж байхад гар орохгүй байна гэж байхгүй. Тиймээс энэ судалгааны арга ерөөсөө биш болсон. Сүүлд ямар арга олж авсан гэхээр монгол бөхийн зодог шуудаг дэлхийд байдаггүй энэ өмсгөл бол ерөөсөө барьж мэх хийх зориулалттай. Таван газраас барьцтай. Таван газраасаа мэх хийдэг. Барьцаар нь ялгаж мэхний судалгаа хийхэд судалгааны ажил маш эрчимтэй явж эхэлсэн. Би Монгол орны 21 аймаг 260 гаруй сумаар судалгааны ажлаа хийж явсан.

-Та өөрийн барилдсан барилдаанаа тоолж үзсэн үү, ойролцоогоор хэдэн удаа хэдэн хүнтэй барилдсан бол сонирхолтой тоо гарах байх даа?

-Нийтдээ би гадаад дотоодын 1100 гаруй тэмцээнд 13000 бөхтэй гар зөрүүлсэн тооцоо бий. Энэ туршлага дээрээ тулгуурлан Монголын өнцөг булан бүрд сумын бөх ч гэсэн эвгүй барьц, эвгүй хөдөлгөөнийг өөрөөр хэлбэл эзэмшсэн байдаг.

-Тэгэхээр газар нутгийн байршлаасаа хамаараад мэх өөр байна гэсэн үг үү?

-Газар нутгийн байршлаас хамаарч, орон нутгийн бөх хөгжиж байгаа соёл, ямар хүмүүс барилдааныг удирдаж ам гаргаж явна түүнийгээ бас дуурайдаг, тэр мэхээ ач холбогдолтой хэмээн ойлгож, нутаг орны аж ахуй эрхлэх онцлогоос хамаарна. Мөн нутаг орны байгалийн байдал, уул хадтай юу, гол мөрөнтэй юу, говь элсэн талтай юу гэдгээсээ хамааран нөлөөлөх нөлөө өөр. Ингээд газар нутаг бүрт өөр өөр өвөрмөц барьц, өвөрмөц мэх, өвөрмөц хөдөлгөөн нь мэхэндээ шингэсэн байдаг. Аргагүй монгол бөх ард түмний бүтээл. Хэний ч оролцоогүйгээр Монголын ард түмэн бүтээсэн, аугаа том соёл гэдгийг олж мэдлээ.

-Бөх гэдэг нэг талаараа бас тулааны урлаг шүү дээ. Тулааны мэхүүд хэр их байдаг, тэр мэхүүдийг цэрэг байлдааны сургалтад ашиглаж болох уу?

-Бүр нарийн яривал монгол бөхийн барилдаан гэдэг цэргийн урлаг, дайн дажин, өмч булаацалдах аян дайнд оролцох үйл хэрэг юм. Тэд нь бяр чадалтай, овсгоо самбаатай, зоригтой чадалтай, хурдан хөдөлгөөнтэй хүмүүс манлайлан толгойлж тэднийхээ сүр хүчинд бусад нь дагалддаг байсан. Энэ нь явсаар хээрийн зэрлэг араатныг гэрийн тэжээмэл болгон гаршуулж нэг овог жаахан эд хөрөнгөтэй болохоор түүнийгээ булаацалдах дайн өрнөнө. Тухайн үед илд зэвсэг гэж байгаагүй. Гардан тулаанаар шийднэ. Ингээд давсан буюу ялсан нэгнийгээ аялдан дагадаг байсан. Тиймээс бас нэгэн тулааны урлаг. Цэргийн сургалтад үндэсний бөх одоо ч бий. Ядаж л наадмаар цэргүүд хоорондоо барилдаад аваргаа тодруулдаг.

-Таны судалсан 725 мэх цаашид улам баяжин нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Мэх гэдэг хөдөлгөөний том илэрхийлэл. Миний судалгааны нэрэнд “Ов мэх” гэж бий. Тэгэхээр ов гэдэг үг мэх гэдэг үгтэй хамт оролцож явах ёстой. Овсгоотой, хөдөлгөөнтэй, мэдрэмтгий, сэргэлэн цовоо, шийдэмгий хүмүүс мэхээ хийж чаддаг. Тиймээс ов мэх хоёулаа хоорондын шүтэлцээтэй зүйл гэдгийг олж харсан. Мэх бол нэг хэсэгтээ устана. Одоогийн байдлаар манайд сууж өмсөх, сээрэн дунгуй гэдэг мэхийг хийхгүй их удсан. Гэтэл энэ нь хэсэг хугацааны дараа гараад л ирнэ. Хийдэг хүмүүс нь ч гарч ирнэ. Хариулт, хамгаалалтыг хийдэг бөх ч гарч ирнэ. Мэхүүд шилжилттэй хөдөлгөөнтэй, нэг хэсэг гарч ирээд дүрэм нь яаж өөрчлөгдөж байна түүндээ зохицон гарч ирээд эсвэл түр зуур ашиглагдахгүй болох, хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд давтагдаж байдаг.

-Та бөхийн маш олон төрлөөр барилдаж явсан монгол бөхийн амьд домог. Монгол шиг олон мэхтэй бөх байдаг уу?

-Монгол бөхөд хүрэх бөх байхгүй, харьцуулах аргагүй. Монгол бөх үнэхээрийн баялаг. Монгол бөхийн мэх тохойлдох, өвдөглөхөд унасанд тооцдог учир мэхийг маш чадамгай сурах шаардлагатай. Маш олон комбинацитай, давтамжтай. Ганцхан мэх хийгээд л хаячихдаг зүйл биш. Нэг өмсдөг хүн гараад ирэхэд нийтээрээ нэг хэсэг өмсдөг болох жишээний. Нэг хэсэг хошуурч бөөгнөрч, шилжиж байдаг жамтай. Мэхэнд байгаль цаг уур бас их нөлөөлдөг. Өндөр уултай, хад асгатай газрын бөх огцом мэхтэй, бяр ихтэй, ясархуу байдаг. Нам тал газрын хүмүүс хөдөлгөөнтэй. Уудам тал газар хөдөлгөөн нь илүү хангагдах боломжтой байдаг юм байна. Уултай газар хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал. Надад бөхийн судалгаа хийхэд бүх боломж хангагдсан. Би өөрөө барилддаг, багшилдаг, судалдаг болсон. Би чөлөөт бөх, жүдо, сонгомол бөх, самбо гээд бүгдийг нь барилдаж үзсэн. Бараг бүгдэд нь аварга болсон хүн шүү дээ. Энэ мэхийг судлах суурь бааз, үндсийг тавьж өгсөн. 725 мэхний зөвхөн зургийг нь авахад би арванхоёр жилийн хугацааг зарцуулсан байна. Зургийг боловсруулна. Бүгдэд нь тайлбар хийнэ. Миний гурван боть номонд нэг түм орчим бичлэг бий. Тэгээд десартациа 350 хуудсанд багтаан бичээд хамгаалсан л даа.

-Одоо хоёулаа монгол бөхийн хариуцлагын талаар ярьж эхэлье. Жишээ нь, сумотой харьцуулахад сумогийн Аваргуудын зөвлөл гэж бий. Тэд үндэсний бөхийнхөө өмнө маш том хариуцлагыг үүрдэг. Монголын үндэсний бөхийн аваргуудын зөвлөл гэж бий юу, аваргууд үндэсний бөхийнхөө өмнө хариуцлага үүрдэг үү?

-Аваргуудын зөвлөл гэж бий. Гэхдээ үндэсний бөхийн холбооны дүрмэнд заагаагүй. Тиймээс Аваргуудын зөвлөл гэсэн ёс төдий юм л байна. Тэгээд тэд нар урт хошуугаа барьдаг, нэг нэгэндээ илүүрхдэг байдал гарч ирээд асуудал шийдэж чадахгүй байна. Тиймээс би одоо монгол бөхийн ёс жудгийг, ёс суртахууныг жинхэнэ монгол бөхийн гарал үүсэл үндсэн агуулгатай нь холбож өгөхийг хичээж байна. Энд зургаан шинэчлэлт хийхэд хуучин хэв маягтаа орно гэдэг бодолтой явна.

-Өнөөгийн бөхчүүдийн ёс зүй хэр байгаа вэ?

-Монгол бөх маш ёс жудагтай. Ардын сурган хүмүүжүүлэх ухаан. Өвгөд дээдсийн маш өндөр ёс зүйтэй. Бөх хүнээ монголчууд маш их дээдэлдэг. Хоймортоо залдаг. Дээрээ суулгаж бурхан шиг шүтдэг. Яагаад гэвэл бөх хүн монгол хүний хамгийн дээд ёс суртахуунтай, хамгийн зөв шударга үйл явдалтай, ард түмний өмнө үнэнч шударга барилддаг, ард түмнээ эр зоригтой гайхам барилдаанаараа баясгадаг, ард түмнээ амьдрал тэмцэлд дуудаж байдаг тийм аугаа, маш том хэрэгсэл юм. Хамаг Монголын хаан төрийг байгуулахдаа Чингис хаан бөх толгойлуулж байсан гэдэг. Наадам хийж, цэрэг эрсээ баярлуулан хийморийг сэргээдэг байж. Ялалт байгуулаад ирэхээрээ бөх барилддаг. Хамаг Монголыг байгуулах гэж ядарч зовох үедээ Чингис хаан хажуудаа бөхчүүдээ л дагуулж явдаг байж. Дэв Тэнгэрийг үзэл бодол нэгдэхгүй болоод ирсэн цагт Чингис хаан түүнийг дуудсан. Дуудаад орж ирэхэд нь хэдэн үг солиод таарахгүй болохоор аваад гар борвийг нь бохируул, бөгсийг нь шороодуул, гадаа дөрвөн бөх бэлдчихсэн байгаа гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд бөх хүн Монголын төрт ёсыг буй болгох, улс их орон, төрийн үйл хэргийн төлөө маш үнэнч зүтгэж явсан төр ард түмний итгэлийг олсон баяр наадмын чимэг байжээ. Гэтэл өнөөдөр монгол бөхчүүдийн сахилга ёс зүй түүхэн уламжлалт зүйлийг асар уландаа гишгэж маш олон дутагдал гаргах болсон. Монгол бөхийн тэргүүлэх албыг мэдэх мэдэхгүй хүмүүс эзэгнэж байгаа. Дураараа авирлан асуудал шийдэж байгаа зэрэг янз бүрийн үйлдлүүд монгол бөхийн нэрийг доош унагаж байна. Одоо хамгийн шившигтэй нүүр хийх газаргүй болгож байгаа асуудал бол даваа бүрдээ шавдаг. Начин болон бусад цолыг худалдаж авдаг. Мөнгө өгдөг, авдаг гэсэн ийм их яриа гарах болсон. Би бол түүнд итгэхгүй байгаа. Гэхдээ олон түмэн яриад нийгмээрээ шуугьж байгаа асуудлыг мэдэхгүй хаачих вэ. Одоо сүүлийн үед ийм юмыг таслан зогсоох арга боловсруулаад явж байна л даа.

-Танд мэдэгдсэн юм байхгүй юу?

-Надад бол мэдэгдсэн юм байхгүй. Ярьдаг. Тэгж байна, ингэж байна гэж ярьдаг. Нүдээр үзээгүй, би ингэж байна гэдэгт нь итгэдэггүй. Одоо бараг итгэлтэй болох шахаж байна. Олон хүн олон удаа ярилаа. Худал зүйлийг мянга яривал үнэн болдог гэдэг шүү дээ. Би монгол бөхийн барилдааны шинжлэх ухааны ажлыг хийлээ. Нас ахилаа. Тиймээс монгол бөхийн барилдааны зургаан шинэчлэлд оруулах зорилготой явж байна. Энэ зургаан шинэчлэлийг хийвэл монгол бөх өөрийн хэв маягаа олно. Ард түмэндээ өөрийн гэсэн нэр хүндээ олно. Тэгэхээр гайхамшигтай сайхан бурхан шиг шүтдэг хүмүүс тэндээс гараад ирнэ.

-Ямар шинэчлэл хийх вэ?

-Түүнийг одоо хэлэх арга байхгүй. Одоо хэлчихвэл цөмөөрөө хагас дутуу хийгээд “Будаа идээд” дуусна. Жинхэнэ төгс хийж чадахгүй. Будлиулаад хаячихна.

Допинг А.Сүхбатаас эхэлсэн байж болох талтай

-Бөхчүүдээс допинг илэрлээ гэж сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Дэлхийн бөхийн холбооноос гаргасан хориотой эм бэлдмэл хэрэглэх явдал А.Сүхбат аваргаас эхэлсэн гэх яриа байдаг. Энэ хэр үнэн, бодит зүйл вэ?

-Энэ үнэн байж болох талтай. Яагаад гэвэл бяр чадлаа нэмэгдүүлэх талаар олон улсын харилцаа их өргөжжээ. Дэлхийн даяарчлал явагдаж байна. Нэг улсад нэг тамирчин хэрэглээд бяр чадалтай болж байгаа зүйлийг дэлхий ертөнц даяар хүлээгээд авчих боломжтой болсон байна шүү дээ. Дэлхий түүнтэй тэмцэж байгаа. Монгол орон энэ допингтой тэмцэх ёстой. Яагаад гэвэл нэгдүгээрт, энэ нь шударга бус зүйл. Хоёрдугаарт, манай шилдэг эрчүүдийн генийг алдагдуулах, эд, эсийн гэмтэлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс үр хүүхэд, удам судар, өөрийн бие организм гээд бүх зүйлд нь хортой нөлөөлж байгаа энэ нийгмийн том өвчин болж байна. Жишээд үзэхэд хар тамхитай ойртох эд. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Манайх бол Олон улсын олимпийн хорооны дүрмийн баримтлалын дагуу явдаг. Тэр буруу. Бид өөрсдөө хууль гаргах хэрэгтэй. Баяр наадмын тухай хуулийг 2016 онд батлан шинжилгээ авна гээд л заачихсан. Сүүлийн үед бөхчүүдийг сонгоод тэрнээс ав гэж дуудаад, илэрхээр нь барилдах эрхийг хасдаг. Шүүх хуулийн байгууллага хүний эрх зөрчдөг. Шүүхийн шийдвэрийн л үр дүн. Манай Монгол Улсад монгол бөхөд шүүхийн шийдвэр нь асар том дутагдалтай. Энэ бол маш бохир үйлдэл. Монгол бөхийн шударга ёс, ёс суртахуун, монгол бөхийн сайн сайхныг устгаж байгаа үйлдэл.

– Шинээр гарч ирж буй залуу бөхчүүд дээд үе, ахмад настнаа хэр хүндэлдэг вэ?

-Хүндэлнэ. Миний хувьд ямар ч залуу бөхөд үг хэлсэн анхааралтай сонсдог. Надтай л харьцаж байгаа залуу бөхчүүдээр төсөөлөхөд ахмад үеэ маш их хүндэлдэг юм байна. Үг сайн сонсдог, сайхан ёс жудагтай, ёс суртахуунтай байгаа юм байна гэж бодогддог. Зарим нэг үйлдлүүд бол дутагдал гардаг. Бөхийн цээртэй зүйлүүд гарч ирж байгааг дор нь зогсоох хэрэгтэй. Тэр допингийн асуудлыг бол Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулчих хэрэгтэй. Бүх бөхчүүдээс авах шаардлагатай. Тэгээд хяналттай хуулийн дор авна. Хуулиараа барилдах эрхийг хасах юмуу, цолыг хурааж авах гэх мэтээр шийддэг байвал зохино. Ингээд боловсронгуй нэг багц хууль болгоод оруулчих юм бол амархан шийдэгдэх асуудал. Жишээлбэл, манай бөхийн барилдааны хууль 21 жил өөрчлөгдөөгүй. Ямар ч холбооны дүрмэнд захирагдаагүй. Дөрвөн жил болоод л нэг өөрчилж байдаг. Хэлэлцэж засч байдаг тийм номтой. Ингээд яваад байхаар дутагдал үүснэ биз дээ. Энэ бол гажуудал. Нийтэд зориулсан юм байхгүй. Нэг хүнд зориулчихаад алдас болгочихоод бусад нь түүнийг нь хэрэглэдэггүй. Ийм бүдүүлэг зүйл хүртэл гарсан. Дураараа авирлах асуудал Үндэсний бөхийн холбоонд маш их байгаа.

-Энэ асуудлыг яаж цэгцлэх ёстой юм бол оо?

-Дүрмийг сайн сахиулах хэрэгтэй. Цэцдийн зөвлөлийн бага хурал байдаг. Түүнээс барилдааны дүрмийг сайн бод оод, бөхчүүдтэйгээ ярьж байгаад, мэргэжилтэн эрдэмтэд бүгдийг нь цуглуулаад сайн дүрмээ гаргаад, сахилга зөрчсөнийг хатуу шийтгэж, түүнийгээ баримтлуулж сурах хэрэгтэй. Тэгээд л нэг таньдаг хүн нь орохоор за яахав гээд барилдуулчихдаг. Жаахан шүүмжилэхээр “Боль, битгий барилдуул” гэх жишээний. Ийм л цагийн аясаар явж ирлээ. Нэг дүрэм баталсан бол дөрвөн жил түүнийгээ өөрчлөхгүй, ягштал баримтлах хэрэгтэй. Түүнээс нэг хүнд үйлчлээд нэг хүнд үйлчилдэггүй дүрэм байх ёсгүй. Ер нь аливаа нэгэн спорт дэлхийд ч бай, Монголд ч бай яаж амжилттай явдаг вэ гэхээр тоглоомын дүрмийг сайн зохиож өгөх хэрэгтэй. Тиймээс бөх барилдах дүрмийг нь сайн зохиож өгөх шаардлагатай. Тэгээд түүнийгээ ягштал биелүүлэх ёстой. Дэлхийн спортууд ч тийм л байдаг.

-Одоогийн дүрэм нь хэр тодорхой заалттай, ямар дүрэм байх уу?

-Дүрэм уг нь байна. Тэр нь хуучирсан. Хэдэн онд зохиогдсон, ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Ямар дүрмээ баримтлах нь мэдэгдэхгүй. Олон жил хэлэлцээгүй. Бөхийн холбоо гэж Монголд одоо байхгүй. Зүгээр л эрх мэдэл, бөхийн өргөөг булаацалдсан хэдэн хүн байдаг болохоос бөхийг сайжруулъя гэсэн хүмүүс ерөөсөө байхгүй. Нэг нь нэг юм хэлээд л алга болдог. Тэгээд л худал хэлдэг. Тийм зүйл маш их дэлгэрсэн.

-Бараг хагас жил Монгол бөхийн өргөө үйл ажиллагаа явуулсангүй. Саяхнаас үйл ажиллагаа нь сэргэлээ. Цаашдаа Монгол бөхийн өргөөний асуудал хэрхэх бол?

-Ер нь бол Монгол бөхийн өргөөг булаацалдаад байгаа нэг ч хүн байхгүй. Худлаа тийм нэр өгч олон түмний толгойг эргүүлж байгаа болохоос өргөөг авах гэсэн хүн манай бөхчүүд, бөхийн хүрээнийхэн дунд нэг ч байхгүй. Эрх мэдэл булаацалдсан асуудал л үүссэн. Өөрөөр хэлбэл хууль дүрэм зөрчөөд нэг хэсэг нь дураараа байдаг. Бодвол түүнээсээ ашиг олдог юм байлгүй.

– Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгчийн төлөө л өрсөлдөөд байгаа гэсэн үг үү?

-Ерөнхийлөгчийн төлөө. Тэр ажлыг явуулах эрхийн төлөөд л өрсөлдөөд байгаа. Эрх мэдлийг хуучин маягаар нь эзэмшээд дураараа, дүрэм номд баригдахгүй байхыг хүсдэг. Хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг ч юмуу, ашиг хонжоо хайдаг ч юмуу яадаг юм мэдэхгүй. Нэг тийм эрх ашиг байх шиг байна. Би бол тэнд ажиллаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. 17 жилийн дотор хяналтын шатны шүүхийн хоёр шийдвэр гарлаа шүү дээ. Тэгтэл ажлаа өгдөггүй. Шүүхдээд л ажлаа хийгээд байдаг.

– Монгол бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарыг ямархуу ажилласан гэж боддог вэ, монгол бөхийн хөгжилд хэр хувь нэмэр оруулсан гэж бодож байна?

-Монгол бөхийн хөгжлийн төлөө Р.Нямдоржийг би ажил хийгээгүй гэж хэлэхгүй. Тэр хүн өргөө барьж холбоо байгуулаад бөхийн төлөө их зүйл хийсэн. Ер нь их менежмэнт сайтай хүн юм. Өдийг хүртэл бөхийн өргөөг авч явсан. Гэхдээ бөх хүн биш учир бөхийн амьдралд орж үзээгүй. Өөрөөр хэлбэл бөх хүний дотоод ертөнцөт амьдралыг мэдэхгүй. Тэр хүн хэдэн хүний үгэнд ороод болох болохгүй юм их хийдэг. Арслангийн бодлогыг буруу зохиосон. Үүнээс болж арав гаруй жил арслан төрөөгүй. Түрүүлсэн бөхөд арслан цол өгнө гээд дүрэм гаргачихсан. Түрүүлж өгдөггүй. Тэгээд харцага, гарьд гэдэг хоёр цол нэмсэн. Энэ бол бөхийн түүхэнд байгаагүй зүйл. Нэг удаа орж ирээд гарсан байж болно. Шигшигдсэн дөрвөн цолоо л өгдөг баймаар. Тэр цолоо заримд нь өгдөг. Заримд нь өөр журмаар өгдөг. Алагчилж үздэг. Тэгээд яаж байна гэхээр бөхийн барилдааны жинхэнэ амин сүнс болсон зүйлийг мэдэхгүй учраас шинэчлэлт хийж чадаагүй. Зүгээр л нэг сонирхогч идэвхтэй хүний хийдэг зүйлийг номон дээр бичиж, дүрэм ном янз бүрийн зүйл гаргах ийм л зүйлүүд хийсэн.

-Арслангийн дүрмийг буруу баталснаас болж арван хэдэн жил арслан төрөөгүй гэлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд жил бүр өөр хүн түрүүлдэг боллоо. Олон аварга, арслан төрлөө. Энэ юутай холбоотой вэ, таны үед нэг бөх олон жил дараалан түрүүлж далай, даян дархан аварга болдог байсан шүү дээ. Гэтэл одоо яагаад авсан цолоо баталж чадах нь ховор болов?

– Миний үед бол өрсөлдөөнтэй байсан. Тэр үед би гурваас илүү дараалан түрүүлж үзээгүй. Би найман аварга, арван хэдэн арслантай үзэж байсан хүн шүү дээ. Сүүлийн үед өрсөлдөөний чадвар, бөхчүүдийн ур чадвар өсч байна. Нэг хүн давамгайлаад байх боломж алга болж. Судалж байна. Сайн муу талаа ойлголцож байна. Дараагийн асуудал нь дүрмийг шинэчлэхгүй бол шинэ цолтнууд төрөөд байгаа асуудалд жаахан сэжигтэй хандаж байна. Начин цолтны даваа их буруу байгаа. Үүнийг маш хурдан өөрчлөх хэрэгтэй. Наадмаас өмнө. Начны давааг мөнгө өгч худалдаж авдгийг устгачих маш амархан арга байна.

– Ямар арга байна. Түүнээсээ ганц нэгийг дурдвал?

-Түүнийг хурал хийж, бөхийн холбооны дүрэмд оруулж байж л өөрчилнө. Тэгэхгүй наана нь зарлачихвал эсэргүүцэл үүсчихдэг байхгүй юу.

-Тэгэхээр таны бодлоор Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр заавал бөх хүн л ажиллах ёстой гэсэн үг үү?

-Болж өгвөл бөх хүн байх ёстой. Бөх бөхдөө нэлээн ажил хариуцаж сурсан хүнийг бөхчүүд дундаасаа сонгоод томилох хэрэгтэй байгаа л даа.

-Таны хувьд бодсон хүн бий юу?

-Надад бол олон байна л даа. Тэрийг хурал болоход хэлэлцээд тунгаагаад сонговол хүн зөндөө бий.

-Та түрүүн хэлсэн, би 13000 гаруй хүнтэй нударга зөрүүлэн барилдсан гэж. Тэгэхээр тэр олон хүн дундаас сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Зөндөө бий. Миний барилдсан бөхчүүд дунд онгоцны инженер, үйлдвэрийн инженер, их эмч, багш, барилгачин, морин тэрэгчин, далайн тээвэрчин гээд байхгүй мэргэжлийн хүн байсангүй ээ. Энэ чинь юу хэлээд байна гэхээр төрөл бүрийн мэргэжлийн өөр өөр боловсрол мэдлэгтэй хүмүүс байгаа юм. Барилдаж байх хугацаанд бол барилдах дүрэм нь нэг. Боловсрол мэдлэг нь өөр өөр. Тэгээд тэр дүрмэнд хандах хандлага нь бүгд өөр. Тухайн үед дэвжээн дээр гараад гурав гурваар гурван үе барилдахад есөн минутын дотор тэр хүнийг таньж мэдээд зохицуулаад, дутагдалтай талыг нь ашиглаад, сайн талаас нь өөрийгөө авраад барилдааныг ялалтаар дуусгана гэдэг бол хүн хүнээс асар их авьяас шаардана. Секундээр уралдаж, оюун ухаанаа ажиллуулж, тэр хүнийг таних нь чухал. Өрсөлдөгч маань ийм хүчтэй, ийм мэхтэй, ийм талтай юм байна. Үүнд нь орж болохгүй. Үүнээс нь зайлж, тэр талдаа арай муу юм шиг байна, ийм мэхэнд тааруу бололтой үүнийг хийгээд ялах боломжтой юм байна гэх мэтчилэнгээр дотроо байнга бодлого боловсруулж байдаг. Ер нь бөх хүнээс нэг барилдаанд маш их ухаан шаарддаг. Янз бүрийн арга зальтай хүн гарч ирнэ. Ядраад үхэх шахаад за энэ муу шүү тэнхээгүй болох нь гэж бодоход л хоёр тахимаар аваад өргөөд чулууддаг хүн зөндөө бий. Баруун хөл рүү орох гэж байна даа гэж бодоход л хуураад зүүн хөлийг авдаг, айлган сүрдүүлдэг, өөрийнхөө мэхэнд дууддаг гээд элдэв дээдийн арга байна шүү дээ. Оноо авах дүрэм нь нэг ч, оноо авах олон арван арга хэрэглэхийг мэх гээд байгаа юм.

– Бусад спорт дээр ажиглагддаггүй мөртлөө үндэсний бөх дээр ялангуяа наадмаар, сүүлийн үед бүр заалны жижиг барилдаанд хүртэл халх, ойрадаараа ялгарах үзэл их боллоо. Яагаад адилхан зүс царай, хэл яриатай монгол хүмүүс байж увс, халх гэж ялгардаг болчихов?

-Энэ бол хэзээнээсээ тийм. Би бол үүний том жишээ нь. Би анх наадамд гарч байхад нэг, есийн харьцаатай байсан. Нэг нь би. Ес нь бусад бөхчүүд. Барилдаан дээр надтай нэг л бөх гарч барилдана шүү дээ. Би амлаад авахад нэг л хүнийг амлана. Дүрмээрээ л явна. Тэр хүмүүс тэгж л байг, шуугьж л байг. Бөх бол дүрмээрээ л явна. Хоёр хүн нэг хүнтэй барилдахгүй. Нэг нэгээрээ барилдана. Барилдах дүрэм журмаараа барилдана. Амлалт, оноолт хийгдэх журмаараа хийгдэнэ. Тэр хүмүүсийн хооронд юу болж байна, юу гэж хашгирч байна хамаа байхгүй. Тэр бөх өөрийн хийх ёстойгоо хийгээд л амжилтаа гаргаад, цол хэргэмээ аваад л өөрийнхөө хөдөлмөрийг түүхэнд үлдээгээд явах ёстой. Түүнээс болж гайтай юм байхгүй. Харин түүнээс болж нөгөө нутгийнхаа бөхчүүдийг сайн дэмжих, бэлтгэл хийлгэх, алдар гавьяа олгох, шагнах энэ ажлууд явж байх хэрэгтэй. Үүнд л бөхийн хөгжил явагдаж байна. Энэ жил Увс нуур галын хорин жилийн ой тохиож байгаа. Ойд зориулсан бөхийн барилдаан тавдугаар сарын 19-нд болно.

-Үүнээс болоод ард түмэн хагаралдаад байгаа юм биш үү. Наадмаар халх хүн түрүүлбэл Увсынхан муу хэлдэг. Харин Увсын хүн түрүүлбэл халхууд нь муу хэлнэ. Энэ үзлийг яаж болиулах вэ?

-Тэр бол үзэгч олон түмний тухайн үеийн сэтгэл хөдлөлийн л асуудал. Маргааш нь гарч яваад ойрад халхууд хоорондоо зодолддог асуудал нэг ч байхгүй. Цөмөөрөө найз нөхдөдөө баяр хүргэсэн, нэг нэгнийхээ найранд очсон, хадаг самбаагаа барилцсан, үнсэлцсэн, сүйд болсон хүмүүс л байдаг. Тиймээс миний хувьд бол тэр талцаж байгаа асуудал онцгой зүйл биш. Харин ч спортын өөрийн хууль талцуулж байх ёстой. Хөлбөмбөгт юу болдог билээ. Сагсан бөмбөгт яадаг вэ. Дэлхийд аймшигтай зүйлүүд сонсогддог. Тийм учраас үүнийг зөв ч гэж хэлэхгүй. Буруу гэж буруутгахгүй.

-Та багадаа хар бор ажил их хийж явснаас таны бөх болох суурь тавигдсан байх?

-Би арван насандаа өнчирсөн. Ээж минь хоёр эрэгтэй хүүхэдтэй. Нэг эгч минь сургуульд явчихсан. Нэг эгч хүнтэй суучихсан. Арван настай, арвантаван настай хоёр эрэгтэй хүүхэдтэй ээж минь хоцорсон. Нэгдэлд мал хариулж, сургуульд явна. Ах минь ажил төрөл хийж амьдралын төлөө тэмцсэн. Би арван настай даа ой цэвэрлэж мөнгө олж байсан. Манай нутаг Ховд аймгийг модоор хангадаг. Асар их хэмжээний мод банз хэрэгтэй. Ховд аймгийн тэрэг ирээд л миний ачсан дүнзнүүдийг ачаад явдаг байлаа. Жаахан хүүхэд их мод хийхээр мөчирт нь орооцолдоод явахын аргагүй болно. Түймэр гарна. Түүнийгээ жижиг сүхээр цохиод гал цоггүй, модгүй хол газар аваачиж овоолдог. Нэг модны ой цэвэрлэж овоолоход 240 хүн ажилладаг. Би тийм ажлыг л арван настайгаасаа хийж эхэлсэн. Барилгад ажиллаж байлаа. Шавар, ус зөөнө. Ууланд мод хийнэ гээд бага балчираасаа хүний хийдэг хар бор ажлуудыг бүгдийг хийсэн. Одоо бодоход хувь заяаны эрхээр намайг их спортод бэлтгэж байсан байна лээ. Би бол маш том суурьтай тамирчин. Тиймээс олон жил барилдаж чадсан. Ямар нэгэн тамирчныг бэлтгэхэд тэр бааз суурь их чухал. Тэр тамирчны суурь эхэндээ байшингаар ярихад маш том орон сууц барих хэмжээний хундаменттай байна. Сүүлдээ тэр нь хумигдаад нэг өрөө байшингийн хэмжээнд хүрдэг. Тэгэхээр тэр шаардлагыг миний амьдрал биелүүлж өгсөн.

-Гэвч та “Хагас зуун жилийн ганцаардал” хэмээх ном яагаад бичих болов. Төр ард түмний хайранд өлгийдүүлсэн хүн яагаад ганцаардах болов. Спортод ганцаардсан гэдэг утгаар бодож бичсэн юм уу?

-Үгүй. Ажил хөдөлмөр, амьдрал бүх зүйлд. Бөхийн спортын талбарт ганцаардсан. Хоёр хүн гарч барилддаг ч гэсэн ганцаардалд хүрдэг байхгүй юу. Түүнийг би хоёрдугаар дэвтэртээ маш тодорхой бичсэн. Жишээлбэл, арван настай байхдаа нэг өдөр ахтайгаа хамт хүүхдүүдэд зодуулаад, хувцас хунараа уруулаад, ээж минь өмөлзөөд хоёр эрэгтэй хүүхэдтэй, хань ижил нь өөд болсон ганц бие эмэгтэй хүн ихэр татаад уйлж байсан. Энэ мэт чинь ганцаардал. Үүнийг бол би тэмцлээрээ, ариун шударга хөдөлмөрөөрөө, хатуужилаараа давахаас өөр арга байхгүй. Нэгэнт давчихсан би түүнийгээ бахархаж бичихээс өөр арга байхгүй.

– Танд одоо хийж гүйцэтгэнэ гэсэн зүйл бий юу?

-Би одоо нэг зүйлд л санаа зовж байна. Миний нас 80 дөхлөө шүү дээ. Энэ хугацаанд амьдарч тэмцэж явахад санаж бодсон зүйлдээ бараг хүрсэн. Монгол бөхийг Монголын ард түмэн хэнтэй ч хуваахгүйгээр өөрсдөө бий болгосон юм. Зодог шуудаг өмсдөг бөх өөр дэлхийн хаана ч байхгүй. Унасан бөх дахиж барилдахгүй ганцхан дүрэм манайд л бий. Ийм хатуу журамтай эр хүний тэвчээр хатуужлыг сорьсон, эр хүнээс гарч болох бүх тэсвэр тэвчээр, эр зориг бүхнийг гаргуулдаг. Түүнийг биелүүлснээрээ түүхэндээ үлддэг. Ийм аугаа соёлыг Монголын ард түмэн бүтээчихсэн. Гэтэл энэ соёл минь одоо буруу замаар явчих гээд байна.

-Яг хэзээнээс буруу зам руу орсон гэж харж байна?

-Ер нь явдал дундаа аажим аажмаар буруу замаар их явсан даа. Барилдааны дүрэм журмыг дуртай цагтаа өөрчилдөг. Дөрөв, зургаагийн даваанд онооно гээд дүрэм гарсан. Нэг хоёр жил барилдаад л зургаагийн давааны оноолтыг болиулна гэсэн. Тэр ямар учиртай юм. Энэ бол монгол бөхийн завхрал байхгүй юу. Тэгээд л арслан цолыг түрүүлээгүй бөхөд өгөхгүй гэсэн. Дахиад 1024 бөх барилдаад ес давсан бөхөд арслан цол өгнө гээд л өгсөн. Эд бүгд цөм завхарлууд. Залуу үеийг залхааж байна шүү дээ. Монгол Улсын хууль, баяр наадмын тухай хуульд биччих л дээ, нэг л өгүүлбэр. Бичихгүй байж санаанаасаа хэдэн хүн гаргаад допингийн шинжилгээ авлаа, илэрлээ гээд хасчихдаг. Өөрөөр хэлбэл бөхчүүдээс допингийн шинжилгээг авахдаа дуртай цагтаа дуудаж авчирна. Болоо. Тийм хууль байхгүйгээр шүүхийн шийдвэр гаргаад эрхийг нь сэргээчихээд, дахиад барилдуулахгүй. Шүүхийн шийдвэрийг нь Бөхийн холбоо нь хүлээж авахгүй. Энэ дэлхий дээр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ямар хүн байдаг юм. Долоон тэрбум хүнээс зургаан тэрбум гаруй нь шүүхийн шийдвэрээр л амьдарч байгаа шүү дээ. Сири, Иран, Ирак гээд тэр дайнтай улсууд яадаг юм. Тэгэхэд тэр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Арван хэдэн жил яваад амьдраад л байна. Өөрөөр хэлбэл, энэ бол маш том танхайрал. Монгол бөх, Монголын ард түмний соёлыг устгах, мөхөөх зүйл. Одоо начны найраа, авлига ороод ирвэл бүр юу ч үгүй болно. Авлига байгаа газар мөхдөг, сөнөдөг жамтай. Тэр эхэс дотроос нь ялзрал, үхжилийг авчирдаг байхгүй юу. Ийм юмнаас л салгаж дүрэмтэй, номтой болгох асуудал хэрэгтэй байгаа юм. Би ийм зүйлийн төлөө л одоо тэмцэж явна. Энэ чинь нэг ганцаардал биз дээ.


Categories
мэдээ нийгэм

Галт тэрэг автомашинтай мөргөлдөж хоёр хүний амь нас хохирсон ноцтой осол гарлаа

Өчигдөр буюу тавдугаар сарын 16-ны 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352 дугаар км-ийн есдүгээр зуутын гармаар суудлын 263 дугаар галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан хоёр иргэн газар дээрээ нас барсан байна.

Уг ослыг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж байна.