Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарч байна. Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна.

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

1.Бөмбөгөр худалдааны төв

2.Хайлаастын эцэс

Жич: Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын музейн өдөр тохиож байна

Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна. Энэ хүрээнд Олон улсын музейн өдрийг “Музей-нийгмийн соёлын төв: Уламжлалаа ирээдуйд” уриатайгаар энэ онд тэмдэглэхээр зөвлөмжийг орон даяар хүргүүлсэн.

Монгол Улс Олон улсын музейн өдрийг 1998 онд анх тэмдэглэж ирсэн уламжлалтай.Олон улсын музейн зөвлөлийг Монголын Үндэсний хороо 2003 онд байгуулсанаар энэ өдрийг албан ёсоор 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.

ОУМЗ жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэж иржээ. Тус үйл ажиллагааны зорилго нь соёлоор харилцах, соёлыг улам хүртээмжтэй болгох, дэлхий дахины хүмүүсийг харилцан ойлголцож, тайван амгалан хамтаараа аж төрөхөд музейн үүрэг ач холбогдлыг чухалчлахад оршино гэжээ.

Дэлхийн музейнүүд энэ өдрийг угтаж тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

Төв аймгийн музей энэ өдрийг угтаж, 2019 оны 4 дүгээр сарын 15-наас 6 дугаар сар хүртэл тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Энэ ажлынхаа хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумаас гаралтай Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан тэдний алдрыг мөнхжүүлэн “Алдартны танхим”-ыг шинээр байгуулж, гэрэл зургийн цомог болон бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.

Музейн сан хөмрөг, Монголын зоос судлалын холбооны гишүүдийн цуглуулгад түшиглэн “Гүйлгээний зоос, мөнгөн тэмдэгт” сэдэвт үзэсгэлэнг 5 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах аж. Мөн Зуунмод сумын ЕБС-уудын 10-11 ангийн сурагчдын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулж, сурагчдаас гаргасан шинэ санаачилгыг дэмжиж ажиллахаар төлөвлөжээ.

2018 онд 152 орны 40000 музей Олон улсын музейн өдрийн арга хэмжээнд оролцжээ.

Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна

Олон улсын музейн өдөр Улаанбаатар хотын музей, “Зориг” сангийн залуу манлайлагч хөтөлбөрийн “Улаанбаатар музей төсөл”, “1vs100 Label” байгууллага хамтран “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэ өдөрт зориулан “Улаанбаатар музей төсөл”-ийг санаачлагчид төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулангаа музейн хамт олонтой хамтран сонирхолтой хэлбэрээр боловсролын хөтөлбөрүүд, уран бүтээлчдийн үзүүлбэрүүд, бас хөгжмийн шоу зохион байгуулах юм. Үүнээс гадна “Монгол-Америк” хүүхдүүдийн зургийн хэцний үзэсгэлэнг үзэж, зургийн агуулга, өгүүлэмж, зурсан арга барил, зохиомж, дүрслэл зэргийг боловсролын ажлаар хийсэн бүтээлтэйгээ харьцуулан үзэх боломжтой юм.

Энэ арга хэмжээний чухал хэсэг болох “Би хотын иргэн” боловсролын ажлын талаар товч танилцуулъя. Улаанбаатар хотын музейгээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Би хотын иргэн” боловсролын ажлын хөтөлбөрийг 2014 онд боловсруулж, одоогийн байдлаар 26 ерөнхий боловсролын сургуулийн 3100 гаруй хүүхдийг хамруулаад байна.

Энэхүү боловсролын ажлын гол зорилго нь хүүхдүүдэд Улаанбаатар хотын түүх, соёлын талаарх мэдлэг, мэдээллийг танин мэдэхүйн сонирхолтой, хөгжөөнт байдлаар олгох бөгөөд дотроо Улаанбаатар хотын түүх, соёл, бүтээн байгуулалт, бусад гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг.

Олон Улсын музейн өдөрт зориулсан “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээний нэг хэсэг болсон “Би хотын иргэн” боловсролын ажлыг хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, нээлттэй гэсэн дөрвөн чиглэлээр тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.

Боловсролын ажилд хэрэглэгдэх бүх материалуудыг музейгээс урьдчилан бэлтгэсэн бөгөөд уншигч та хүүхэд, гэр бүлээ дагуулан ирж, Улаанбаатар хотын тухай өөрсдийн төсөөллөө бүтээл болгон хувиргах боломжтой аж.

Хамтран ажиллах “Зориг” сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн залуус “Улаанбаатар музей төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд залуу манлайлагчид төслийнхөө хүрээнд музейн засварын санхүүжилтийг босгох ажил хийхийн сацуу олон нийтэд хотынхоо музейг, түүх соёлыг таниулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Баярбат: Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгэд хамрагдах нь иргэн бүрийн үүрэг

Монгол Улс жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох өдөр болгон зарласан. Тэгвэл энэ жил уг өдрийг тохиолдуулан ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаар болон эрт илрүүлэлтийн ач холбогдлын тухай иргэддээ мэдлэг олгох үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга С.Баярбаттай ярилцлаа.


-Удахгүй Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр болох гэж байгаа юм байна. Эрт илрүүлэг гэж яг юуг хэлээд байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдрийг эрт илрүүлэлтийн өдөр болгон зарласан. Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт гэхээр л заавал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах ёстой юм байна, тусгай сургуулийн хүүхдүүд л очиж үзүүлэх юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь тийм биш. Бүх хүүхдэд хамаатай асуудал. Хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр тухайн хүүхэд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засагдах нөхцөл бололцоотой болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа ч бий.

-Эрт илрүүлгийн өдрийг хэзээнээс эхэлж тэмдэглэж ирсэн бэ?

-2009 оны тавдугаар сарын 13-нд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Энэ өдрийг тэмдэглэн Засгийн газрын 2013 оны тогтоолоор жил бүрийн энэ өдрийг Монгол Улсын хувьд эрт илрүүлэлтийн өдөр болгон тэмдэглэж байхаар баталсан. Өдгөө бид долоо дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байна. 2019 оны хувьд бид энэ өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 13-ныг хүртэл хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой сарын аяныг зохион байгуулж байна.

-Аяны хүрээнд ямар ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна вэ?

-Аяны хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмч, ажилтнуудад болон хорооны нийгмийн ажилтнуудад зориулсан сургалт явуулж байгаа. Энэ сарын хувьд Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад Чингэлтэй дүүргийн бүх хороо буюу нийт 19 хорооны өрхийн эмнэлгийн ажилтнуудыг сургалтанд хамруулаад байна. Мөн энэ өдрийн ач холбогдлыг нийгэмд хүргэхийн тулд цахим сүлжээгээр нэлээд их мэдээлэл түгээлээ. Өнгөрсөн бямба гариг буюу тавдугаар сарын 4-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоодтой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд сэргээн засах, хараа, шүд, сонсголын нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь үзлэг оношлогоо хийж, протез, ортопедын үйлчилгээ, хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгч ажилласан. Мөн энэ өдрийг олон нийтэд сурталчлах, салбар бүрийн алба хаагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, МУБИС-ийн сайн дурын клуб, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төлөөллүүдийг хамруулан нийт 260 хүнийг хамарсан “Бид өөрчлөгчид” флаш моб-ыг зохион байгуулсан.

-Өөрийнхөө хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юу гэдгийг эрт илрүүлгээр мэдэх боломжтой гэсэн үг үү?

-Эрт илрүүлэлт бол хүн бүрийн, иргэн бүрийн оролцох ёстой асуудал. Эцэг эхчүүд үүнд хамрагдсанаар өөрийнхөө хүүхдийг эрүүл өсгөх, амьдралаа чанартай байлгах боломжийг л алдалгүй олж авч байна гэсэн үг. Эцэг эхчүүд маань мэдлэггүйгээсээ болж их алдаж байна л даа. Тиймээс энэ талаар нийгэмд мэдээлэл өгөх үүднээс эрт илрүүлэлтийн өдрийг зохион байгуулсаар байна.

Эцэг, эхчүүд хүүхдэдээ хөгжлийн ямар нэг хоцрогдлын шинж тэмдэг илрэх юм бол заавал шинжилгээ өгч, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, гэр бүлийн гишүүд, багш, өрхийн эмч нар, хорооны нийгмийн ажилтнууд зэрэг олон талын ажиглалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлдэг. Дан ганц эмнэлгийн байгууллагын хийх ажил гэж даатгаж болохгүй гэсэн үг.

Б.НАРАНТУЯА: ЭЦЭГ, ЭХ НЬ АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛТЭЙ БОЛ ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛГҮЙ ХҮҮХЭД ТӨРӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙДАГ

-Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны зөвлөх, ДЭМБ-ын FDRG-ын гишүүн, НЭМС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Aнагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Нарантуяагаас хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн талаар тодруулга авлаа.


-Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээл гэхээр дандаа өвдсөнийх нь дараахь үеийн тухай яригдаж байдаг. Ийм өвчтэй хүнийг ямар эмнэлэгт хэвтүүлэх үү, ямар сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх үү, ямар халамж тэтгэмж олгох вэ гэх зэргийн асуудалд түлхүү анхаараад урьдчилан сэргийлэх тал дээр арай бага анхаарал хандуулаад байдаг. Засгийн газрын баримталж буй бодлогын түвшинд эдгээр иргэдийн орчныг нь ямар байлгах вэ, харааны бэрхшээлтэй хүнд ямар орчин хэрэгтэй вэ зэрэг асуудлуудыг хөндөж ярьдаг л даа. Тодорхой хэмжээнд ажлууд хийгдээд явж байгаа ч бүрэн гүйцэд шийдэгдээгүй хэвээрээ л байна. Наад зах нь харааны бэрхшээлтэй хүний зам гэж байдаг бил үү, гэрлэн дохион дээр тусгай дуут дохио бий юу, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан дуугүй чиглүүлэгч гэх мэт зүйлс байна уу гээд олон асуудал бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань гадагшаа гарч нийгмийн амьдралд оролцъё гэхэд заавал асран халамжлагчтай явах шаардлагатай болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээл нь зөвхөн тухайн хүний биш, гэр бүлийн асуудал болж хувирдаг. Цаашлаад тэр гэр бүлийн амьдралын чанарын асуудал болж томорч байгаа юм. Манай байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг судалгааг хийсэн. Энэ судалгааны үр дүнд эрт илрүүлэлтийн үзлэгийг тогтмол хийж байя гэсэн шийдэлд хүрсэн.

-Эрт илрүүлэлтийн үр дүн бодитоор харагдаж эхэлсэн үү?

-Би өөрөө Анагаах ухааны докторын ажлаа эрт илрүүлэлтийн чиглэлээр хийсэн. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 10000 орчим хүүхдийг хамруулсан эрт илрүүлэлтийн судалгаа хийхэд хөгжлийн хоцрогдол 24.1 хувьтай гарсан. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хөгжлийн хоцрогдолтой байна гэсэн үг. Энэ нь өөрөө маш өндөр үзүүлэлт юм.

-Эрт илрүүлэлтэд хэдээс хэдэн насны хүүхэд хамрагдах ёстой вэ?

-0-3 насны хүүхдүүд хамрагдана. Эрт илрүүлэлтийн үзлэг, оношлогоог олон улсад бол хуульчилсан байдаг. Жишээ нь, Японд гэхэд л 18 болон 36 сартай хүүхдийг эрт илрүүлэлтэд заавал хамруулах ёстой гээд хуульд заагаад өгчихсөн байдаг.

-Манай улсад Эрүүл мэндийн сайдын 2017 оны гуравдугаар сард батлагдсан тушаалаар 18 болон 36 сартай хүүхдийг эрт илрүүлэлтэд хамруулна гэсэн эрх зүйн бичиг баримтууд нь гарчихсан. Үүнтэй холбоотой эрт илрүүлэлтийн шалгуур хуудаснуудыг боловсруулах шатандаа явж байна.

-18, 36 сартайд оношлуулдаг дэлхийн жишиг байдаг гэлээ. Энэ нь мэдээж анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй байх?

-АНУ-ын Хүүхдийн эмч нарын холбооноос хүүхдийг яг энэ насанд эрт илрүүлэлтэнд хамруулна гэж санал болгосны дагуу хуульчилсан байдаг. Энэ нь хүүхдийн насны онцлогтой шууд холбоотой. 18 сартай хүүхдийн чадвар тодорхой болсон байдаг. Юм түшээд зогсож чаддаг, ганц хоёр алхаж чаддаг, аав аа, ээж ээ гэх мэт ойр зуурын үг хэлж сурсан, дуудахад эргэж хардаг, юм барьж чаддаг байх гэх мэтчилэн тодорхой чадамжуудтай болсон байх ёстой. Цэцэрлэгийн өмнөх нас учраас тухайн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй байна гэдгийг эрт илрүүлчихвэл ямар цэцэрлэгт хамрагдах вэ, ямар асаргаа сувилгаа хэрэгтэй байна, хөгжлийг нь дэмжих, сэргээн засах ямар эмчилгээ хийлгэх вэ гэх зэрэг олон асуудлыг эрт шийдэх боломжтой болно гэсэн үг. 36 сартай хүүхдийн хувьд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг, хүнтэй харилцан ярилцаж чаддаг, гүйж, алхаж, шатаар явж чаддаг болсон байх ёстой. Хүүхдийн хөгжлийн тодорхой ийм үеүд дээр үндэслэж хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх боломж бүрддэг.

Судалгаанаас харахад хүүхэд хөгжлийн хоцрогдолтой болох гол хүчин зүйл нь юу байв?

Энэ судалгааныхаа хүрээнд эрсдэлт хүчин зүйлүүдийг авч үзсэн. Ингэхдээ эцэг, эхийн амьдралын хэв маяг, төрөхийн өмнөх, төрсний дараахь, төрөх үе гэсэн дөрвөн байдлаар тандалт явуулсан. Хөгжлийн хоцрогдлыг арилгах гэдэг маш энгийн зүйл юм байна гэдэг нь уг судалгаанаас харагдаж байсан. Ерөөсөө л эцэг, эх амьдралын зөв хэвшилтэй байхад л болдог. Архи, тамхи хэрэглэдэг эцэг, эхтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдол өндөр гарч байсан. Жирэмсний хугацаандаа эх архи тамхи хэрэглэхгүй байх, гэр бүл төлөвлөж байхдаа эцэг нь хорт зуршлаа хаяхад л энэ өндөр үзүүлэлт буурах боломжтой.

Эцэг, эхчүүд гэр бүл төлөвлөлтөө анхнаасаа маш зөв хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, хүүхэдтэй болъё гэж шийдсэн цагаасаа өөрийгөө бэлдэж эхлэх нь хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх маш том хүчин зүйл юм. Хоёрдугаарт, нэгэнт жирэмсэн болсон бол жирэмсний хяналтад яаралтай орох хэрэгтэй. Хяналтад ороход эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гээд ягаан дэвтэр өгдөг. Тэр дэвтэр тухайн гэр бүлийн үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, чанартай амьдралаар амьдрах эх үүсвэр нь болдог. Хэдийд эмчдээ үзүүлэх вэ, ямар шинж тэмдэг илэрч байна вэ, ямар арга хэмжээ авах вэ гэх зэргийг тодорхой зааж өгсөн байдаг. Түүнээс гадна таны хүүхэд одоо хөгжлийн ямар шатанд явж байна вэ гэх зэрэг шинж тэмдгүүдийг хэлээд өгчихсөн байдаг. Ээж, аавууд тэр зааварчилгааны дагуу хүүхдээ ажиглаад явах боломжтой. Хэрвээ ямар нэг эмгэг, хоцрогдол ажиглагдвал мэргэжлийн эмчээс тэр дор нь зөвлөгөө аваад хөгжлийг нь дэмжиж чадвал хоцрогдлыг богино хугацаанд нөхөх боломжтой гэсэн үг.

А.МӨНХЗУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Гоо үзэсгэлэн байхад талбайд хөлсөө дуслуулаад яах юм бэ

Газрын теннист нэгэн цагт найдвар төрүүлж овоо дээгүүр тоглох магадлалтай хэмээн үнэлэгдэж явсан канад бүсгүй Эжени Бушар гэгч бий. 2014 оны хавьцаа газрын теннисний талбайд гялалзаж “Их Дуулга”-ын хоёр ч тэмцээний финальд шалгаран цойлон гарч ирэхдээ хорь ч хүрээгүй явсан Бушар тэр цагаас хойш амжилт нь уруудсаар одоо рейтингээрээ шилдэг зуун теннисчдийн эгнээнд ч багтахааргүй болсон. Хэдий цохиур бариад гүйх авьяас нь нэгхэн жилийн хугацаатай үргэлжлээд унтарсан бол мөнгө олох авьяас нь харин ч улам сайжирсаар байгаа шүү. Жилийн өмнөх Forbes сэтгүүлийн судалгаагаар хамгийн өндөр орлоготой арван тамирчин бүсгүйн есдүгээр байранд нь дээрх канад бүсгүй бичигдсэн байна лээ. Теннисчин, боксчин, сагсан бөмбөгч гээд бүх төрлийн спортын эмэгтэйчүүдийг багтаасан үзүүлэлтэд шүү дээ. Жаахан авьяас нэмэх нь үзэсгэлэн гоо байхад теннисний талбайд муужирч унатлаа хөлс дуслуулаад гүйх хэрэггүй гэдэг зарчимыг анх нээсэн Анна Курниковагийн(Энрике Иглесиасын эхнэр) замыг улам боловсронгуй болгоод орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваа эмэгтэйн талаар нэгэн эрхэм хэлэхдээ “Канадад теннис сүүлийн үед хүчээ авч байна. Раонич, Шаповалов эрэгтэйчүүдийн ангилалд дээгүүр бичигдэн Андреску 18-хан насандаа эмэгтэйчүүдийн ангилалд 23-т ороод ирлээ шүү дээ. Харин Бушар инстаграмдаа хатан хаан” гээд л атаархчихсан байх. Жиннигийн инстаграмын дагагчид нь аль хэдийнэ хоёр саяыг давж зарим нэг хорон үгтэй нь “би теннисчинтэй холбогдоод байна уу, топ модельтэй харилцаад байна уу” гэсэн асуулт хүртэл асуухад “Хоёулантай нь зэрэг холбогдоод байна” гээд хариулчихсан байх жишээний. Бие бялдар, тэвчээр хатуужлаас гадна тэмцээний үеэр халуун наранд хоёр гурван цагаар хүчээ шавхан тоглодог уг спортын бүсгүйчүүд тэр бүр төгс харагддаггүй дутагдалтай агаад түүнийг нь Бушар овжин ашиглажээ. Олигтой амжилт байхгүй мөртлөө теннисний ертөнцөд Серена, Шарапова, Федерер, Надаль, Жоковичийн дараа “олны анхааралд орших теннисчин” хэмээн үнэлэгдэх хүртлээ өндийсөн Эжени Бушарын инстаграм дахь идэвхтэй амьдрал, тэгш бие, үзэсгэлэнт царай зүс зэрэг нь түүнийг зар сурталчилгааны жинхэнэ “мангас” болгон хувиргасан гэлтэй. Олны анхааралд мөнхийн багтаж байхын тулд байн байн ямар нэгэн шуугианыг “шидэж” байх ёстой юм гэнэ. Жишээ нь, Эжени Бушар тээр жилийн Супер боулийн үеэр “Нью-Ингленд Пэтриотс” –“Атланта Фэлконс” багуудын тоглолтын үеэр Атлантаг дэмжиж сэтгэгдлээ твиттерт үлдээх үед түүний дагагч бооцоо тавин эсрэг багийг нь дэмжсэн адал явдал бий. Эцэстээ уг залуу ялж Бушар амласан ёсоороо түүнийг болзоонд урьсан үйл явдал тухайн үедээ Канадын хамгийн шуугиантай мэдээллээр тодорч байсан бол удахгүй Холливуд тэр түүхээр кино хийнэ гэчихсэн гүйж байна шүү дээ.

Гэхдээ тэр “үндсэн ажил” теннисээ мартаагүй. 2019 он гараад Оклендын тэмцээний хосын төрөлд түрүүлээд жаахан шуугиулчихсан. Тиймээс дөрвөн сар гараад “хэсэг хугацаанд завсарлага авч теннис тоглохоо болилоо” гэж зарлаад загварынхаа ертөнц рүү шургаад орчихож байгаа юм. Ийм нэг зальжин бүсгүй спорт ба загварын ертөнцийг хослон шуугиулж, энэ цагийн харилцааны гол хэрэглүүр инстаграм,твиттерийг бүрэн ашиглаад амьдарч явна.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл хэлэлцүүллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн явцын талаарх өндөр хэмжээний уулзалтад оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран өнгөрсөн 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын үр дүн, бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, механизмын талаар танилцуулга хийсэн юм.

Мөн тэрээр “Шадар Сайд нарын албан ёсны мэдэгдэл”-ийн хуралд оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл хэлэлцүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 17.00 цаг хүртэл нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Өнөөдөр “Автомашингүй өдөр” болно. Уг өдөртэй холбогдуулан хэдэн байршилд зам хааж байгаа. Уг үйл ажиллагааны хүрээнд Их тойруу доторх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно. Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ. Тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсоно. Энэ зохицуулалтаар өнөөдөр 17.00 цаг хүртэл үйлчлэх юм.

Өнөөдөр 17.00 цаг хүртэл нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Автомашингүй өдөр” болно

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн 6 дахь удаагийн тэмцээн өнөөдөр болно. Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон – 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг асуудлыг хариуцах юм байна.

ННБТСХ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээнд ажиллах шүүгч нарт зориулан сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 150 гаруй зэрэглэлтэй шүүгч ажиллана. Мөн 500 орчим оюутан сайн дураар ажиллана.

Categories
мэдээ нийгэм

АПУ-гийн Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас баржээ

УИХ-ын гишүүн асан, АПУ-гийн гэгддэг Г.Батхүү зуурдаар нас баржээ.

Тэрээр өнөөдөр Төрийн ордонд явж байгаад гэнэт нас барсан байна. Энэхүү золгүй явдалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан, Төрийн ордныг хамгаалалтад аваад байна.

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэнэт бие нь муудаж унахдаа шатны уруу ойчсон бололтой.

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт” сэдвээр сургалт хийв

МХЕГ-ын ХАБХААХГ-аас “Хүнсний аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдыг хамруулан цахим болон танхимын хэлбэрээр зохион байгууллаа.

Хуванцар савны дэлхийн үйлдвэрлэлтийн орчин үеийн чиг хандлага, хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа сав баглаа боодлын материал, Химийн бодисын сав баглаа боодол болон зориулалтын бус хуванцар савны нөлөөлөл, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв. Мөн шинэчлэгдэн батлагдсан Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага стандарт, Зөрчлийн тухай хууль, ЗШШТХ-ийг хэрэгжүүлэхэд улсын байцаагчдад тулгарч буй болон цаашид анхаарах асуудал, Хяналт шалгалтын объектийн эрсдэлийн төлөв байдлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгчээ. Сургалтад хамрагдсан улсын байцаагчид сургалтаар өгөгдсөн мэдээлэл, хичээл, хяналт шалгалтын үйл ажилллагаанд тулгардаг асуудлаар тодруулга, зөвлөгөө авсан байна. Түүнчлэн Хүүхдийн баярын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад анхаарах асуудал, ААН-д зөвлөмж сэрэмжлүүлэг өгөх, Органик хүнсний сарын аяны хүрээнд хийгдэх тандалт судалгааг хэрхэн хийх талаар чиглэл өгөв.