Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад очлоо

Хүүхэд хамгааллын асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бямба /2019.05.18/ гаригт буюу Бурхан багшийн дүйчин өдрөөр үргэлжлүүлэн ажиллаж, төрийн халамж шаардагдсан хүүхдүүдийг асарч, сурган хүмүүжүүлдэг байгууллагуудаар явж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Ёс суртахуун, хүнлэг сэтгэлийг эрхэмлэх агуулгаар тэмдэглэж буй Бурхан багшийн их дүйчин өдөр УИХ-ын дарга хүрэлцэн ирсэнд багш, хүүхдүүд баяртай байв.

Ээлтэй ертөнц” ТББ-ын харьяа “Энэрэл” хүүхэд хөгжлийн төв тархины саажилт, булчингийн чангарал болон оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих өдөр тутмын сургалт, сэргээн засах эмчилгээг явуулдаг. Дэргэдээ “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрлэл эрхэлж, хүүхдүүдийн асран хамгаалагч буюу голчлон ээжүүдийг ажлын байраар хангажээ. Ээжүүд хүүхдээ төвд авчирч өгөөд, дэргэд нь байрлах үйлдвэртээ ажилладаг, тэдний урласан зөөлөн тоглоомыг зарж борлуулж олсон ашгаараа төвийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг талаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Батцэцэг УИХ-ын даргад танилцууллаа.
Тэрбээр, эдгээр хүүхдүүдийг энгийн хүүхэдтэй адил сурган хүмүүжүүлж, боловсрол олгох зорилгоор төвөө байгуулсан. Эцэг эхчүүдийн санаачилгаар бий болсон энэ төвд өдгөө 2-14 насны 18 хүүхэд бичиг үсэгт суралцаж, өсөн торниж байгаа. Хүүхдүүдийг зохих хэмжээнд сургаж, хөгжүүлсний дараа үе тэнгийн энгийн хүүхэдтэй сургалтын байгууллагад, ялангуяа авьяас чадвартай хүүхдүүдээ аль болох чанартай сургуульд үргэлжлүүлэн суралцуулахыг зорьж, нэг хүүхдийг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй сургаж, мөн 5 хүүхдийг гадаадад сургахаар хөөцөлдөж буй талаараа ярилаа. Тэдэнд үйл ажиллагаа явуулахад санхүүжилт дутагдаж байгааг тэрбээр хөндөв. Сард 20 сая орчим төгрөгийн зардал гаргадаг, уг зардлаа дөнгөн данган олдог учир зөөлөн тоглоомын борлуулалтыг нь нэмэгдүүлж өгөхөд дэмжлэг хүсч байгаагаа танилцуулсан. Мөн хүүхдүүдэд нь зориулсан, тэдний тусгай хэрэгцээг хангах болон оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгаа талаар дурьдаж, тархины саажилттай хүүхдүүдийг эрт, зөв оношлох нь манай улсын хамгийн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо. Хүүхэд хөгжлийн төвийн байр болон зөөлөн тоглоомын үйлдвэрлэлийн байрыг “MCS” компани үнэ төлбөргүй ашиглуулдаг юм байна. Салбарын яамнаас тодорхой хэмжээний дэмжлэгийг тус төвд үзүүлдэг аж. 2018 онд 60 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн талаар УИХ-ын даргыг дагалдан ажилласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны “Багваахай” төвд очсон.
Холбооны тэргүүн С.Сэлэнгийн танилцуулснаар тус холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст эрхийг нь энгийн хүүхэдтэй адил тэгш эдлүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй, бие даасан иргэн болгож төлөвшүүлэх чиглэлд зонхилон үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2000 онд байгуулагджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хот, хөдөөнийх гэлтгүй нэгтгэн, чадавхижуулах нь эдний бас нэг гол зорилт юм. Тиймээс хот, хөдөөд 20 гаруй салбартай болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сул дорой, бусдаас дутуу, өвчтэй гэж хардаг нийгмийн хандлагыг өөрчилж, бусдын адил эдлэх эрхтэй, авьяас чадвартай гэсэн ойлголтыг төлөвшүүлэх нь тус холбооны алсын хараа гэдгийг тэргүүн С.Сэлэнгэ хэллээ. Тэрбээр, тусгаарлах тогтолцооноос салж, хүүхэд бүрт ижил түвшний стандартын боловсрол эзэмшүүлэх шилжилтийн хөтөлбөрөөр хүүхдүүдээ сургадаг талаар танилцууллаа.
Энэ үеэр эцэг, эхчүүдийг төлөөлөн 240 гаруй хүн гарын үсэг зурсан хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран халамжлахын тулд ээж, аавуудын дийлэнх нь ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй учир байнгын асаргаа шаардлагтай хүүхдийн асран хамгаалагчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч болов тооцож, төрөөс хариуцдаг болох хуулийн зохицуулалт бүрдүүлэхийг уг хүсэлтэд дурьдсан байв.
Энэ өдөр УИХ-ын даргын ажилласан гурав дахь байгууллага нь “Манай гэр” хүүхдийн асрамжийн төв байлаа. Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд 18 хүртэл бүх насны хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг асран халамжилж, сургаж хүмүүжүүлж, амьдралд бэлтгэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг тус төвд одоогоор 21 хүүхэд аж төрж байна. Төвийн захирал Д.Гаамаа “Манай гэр” үйл ажиллагаагаа эхлээд 20 гаруй жил болсон, хүүхдүүд 18 хүрээд төвөөсөө явдаг ч эргээд байнга холбоотой байдаг. Бага насны хүүхдүүд тусгай хэрэгцээт болон ерөнхий боловсролын ердийн сургуульд суралцдаг, дунд сургуулиа амжилттай дүүргэж буй хоёр хүүхэд удахгүй Япон улсыг зорьж суралцах болсон талаар танилцууллаа. Тус төвд Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсээс хүүхэд хамгааллын зардлын санхүүжилтээс сард 828 мянга, жилээр нь тооцвол 9.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, уг мөнгийг хүүхдүүддээ хоол хүнс авахад зарцуулдаг, хүүхдүүдийг харж, асардаг багш нарт улсаас өгдөг цалин гэж байхгүй учир ТББ-ынхаа шугамаар цалинжуулдаг юм байна.
Төвийн 310 ам метр 8 өрөө тохилог байрыг Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг захиралтай “Их үйлсийн эрэлд” корпорацаас өгчээ. Тус корпораци ашиглалтын бүх зардлыг нь хариуцдаг байна. Ажил, амьдралд бэлтгэхийн үүднээс гэрээ тохижуулах, гоёх, зочинд бэлэглэх дурсгал зэрэг наад захын бүх зүйлийг хүүхдүүдээр өөрсдөөр нь оёулж, урлуулдаг аж. Мөн Сонгинохайрхан дүүрэгт хөөцөлдөж авсан 2 га газартаа Хөдөлмөр зуслан байгуулах зорилготой байгаагаа тэргүүн Д.Гаамаа танилцуулсныг УИХ-ын дарга дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Ийнхүү ажилласныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг нэгтгэсэн байгууллага бий болгож, тулгамдаж буй асуудлыг ийм байгууллага болон засаг төр хамтран ажиллах замаар шийдвэрлэх нь илүү оновчтой. Тус тусдаа, салангид байх нь бодлого боловсруулах, үр дүнг тооцох, хөрөнгө санхүүжилт гээд бүх зүйл дээр нэгдмэл зохицуулалтгүй, тарамдсан байдал бий болгож байна. Тиймээс энэ талаар хууль эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх чиглэлээр Улсын Их Хурал ажиллах болно гэв.
Мөн “Их үйлсийн эрэлд” корпораци шиг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө мөнгө зарцуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайн зардлыг нь татвараас чөлөөлөх, ийм санаачилгыг дэмжих замаар хүүхдийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, хүүхэд асрах, халамжлах төвүүдийг том, жижиг гэлтгүй стандарт хангасан үйл ажиллагаа явуулж байвал хүүхэд асрах болон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааны зөвшөөрлийг нь олгож, төрөөс дэмжих шаардлагатайг тэмдэглэсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар ийнхүү сүүлийн хоёр долоо хоног хүүхэд хамгааллын байгууллагуудад ажиллалаа. Ирэх долоо хоногт түүний ивээл дор Төрийн ордонд энэ асуудлаар зөвлөгөөн болно. Энэ үеэр хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар зохих шийдлүүд гарах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Австралид “Либераль” нам ялалт байгууллаа

Австралид өчигдөр бүх нийтийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Тэгвэл уг сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Скотт Моррисоны “Либераль” нам ялалт байгуулаад буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Сонгуулийн хороо “Өнөөдөр 10.00 цагийн байдлаар эрх баригчид Доод танхимын 151 суудлын 74-д, сөрөг хүчин “Хөдөлмөр”-ийн нам 66 суудал, бусад намууд 6 суудал авлаа” гэж мэдээлсэн байна.

Сонгуулийн дүнг нийтэд зарласны дараахан Ерөнхий сайд ард түмэндээ хандан “Маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдлахгүйн тулд бүхий л хүчээ дайчлах болно. Би үргэлж гайхамшигт итгэсээр ирсэн. Хамгийн түрүүнд хийх алхам бол улсынхаа эдийн засгийг хүчирхэгжүүлэх” гэж хэлжээ.

Ялагдал хүлээгээд буй сөрөг хүчний тэргүүн эрх баригчидтай хамтарсан Засгийн газар бүрдүүлэх боломжгүйгээ дуулгахаас гадна өөрөө намын даргаас огцорч буйгаа зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Танилц: Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршил

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна.

Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

  • 1.Баянхошууны эцэс
  • 2.Толгойтын эцэс
  • 3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

  • 1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
  • 2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

  • 1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

  • 1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

  • 1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

  • 1.Бөмбөгөр худалдааны төв
  • 2.Хайлаастын эцэс
Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгийн чиглэлийн замыг түр хаажээ

Өнөөдөр ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд байгаа. Тодруулбал, Хөвсгөл-Улаанбаатар, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд Солонготындаваанд таван см орчим цас орж, хальтиргаа үүссэн байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Мөн Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргаад байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар алтан медаль хүртжээ

Чөлөөт бөхийн “Байгаль Опен” олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болж байна. Гурван өдөр үргэлжилж буй уг тэмцээнд манай улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, эхнээсээ амжилт үзүүлээд байна.

Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алтан медаль, спортын мастер Н.Анударь мөнгөн медаль, ОУХМ Буяндалайн Чимгээ нар хүрэл медаль тус хүртжээ. Мөн ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль, ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул мөнгөн медаль, ОУХМ А.Батцэцэг, П.Шинэхүү нар хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг мөнгөн медаль, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 65 кг-д ОУХМ Б.Нямдорж нар хүрэл медалийн эзэн болжээ.

Тус тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д ОУХМ П.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д ОУХМ Ө.Пүрэвсүрэн, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, спортын мастер Г.Ариунжаргал нар алтан медалийн төлөө барилдсан байна. Эхний өдөр манай зургаан бөх шигшээд шалгарсан бол өчигдөр дахин зургаан бөх финалд шалгарчээ.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Б.Шоовдор, спортын мастер Д.Түмэнхүслэн, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг, спортын мастер Н.Загардулам нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг жингийн медалийн төлөөх барилдаан болсноор тэмцээн өндөрлөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Монгол Улсын гадаад бодлого хамгийн тогтвортой, зарим утгаараа боловсронгуй болж төлөвшсөн гэж би итгэдэг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Гадаад харилцааны яам ойрын үед ямар ажлууд дээр голчлон анхаарч байна вэ?

-Гадаад харилцааны яам бараг 24 цаг ажилладаг гэж болохоор өвөрмөц үйл ажиллагаатай байгууллага. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, манай улс дэлхийн олон улс орон, бүс нутагт дипломат төлөөлөгчийн газруудтай, байнга л тэдгээртэйгээ холбоотой ажилладгийг хэлж байгаа юм л даа. Манай яам гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцан ажилладаг. Энэ тал дээр түлхүү тоймлон ярихыг хүсч байна. Ойрын үед хийхээр төлөвлөж буй ажлуудаас дурдвал бизнесийнхэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор Худалдааны төлөөлөгчийн газруудыг шинээр сэргээн байгуулахаар болоод байна.

Томоохон компаниуд гадаад зах зээлд биеэ даагаад, учраа олоод явчихаж байна. Харин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хараахан чадахгүй байгаа юм. Тиймээс энэ талд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид 2024 он хүртэл хөтөлбөр гаргаж, экспортын урсгал хаана илүү амжилттай явж байгааг тооцож худалдааны төлөөлөгчийн газруудын байршлыг тогтооно. Бид нэг хэсэг зөвхөн мөнгө, эдийн засаг гэж явлаа. Дэлхийн байдал их өөрчлөгдөж, олон орны эдийн засгийн хүндрэл улс төрийн асуудал болж байна. Иймээс бид сонгодог дипломат үйл ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож байх нь эдийн засгийн ч, улс төрийн ч ач холбогдолтой болчихоод байгаа хэрэг.

-Засгийн газраас сүүлийн үед уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах тал дээр түлхүү анхаарч байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ. Уул уурхайн бус, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн экспортлоход бид анхаарч ажиллаж байна. Саяхан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод нарын хамт нийслэлийн зарим сүүний үйлдвэртэй танилцлаа. Өнгөрсөн жил ноён А.Винод итгэмжлэх захидлаа гардуулах үеэр нь хамтдаа манай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй танилцах санал тавьж байсан юм. Эрхэм А.Винод уг саналыг ажил хэрэгчээр орхилгүй сануулснаар бид хамтдаа үйлдвэрүүдээр орж танилцсан. Зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн гэлтгүй хүнс, арьс ширэн эдлэл, оёмол сүлжмэл зэрэг барааны чанар стандарт сайжрахын хэрээр манай бүтээгдэхүүн гадаад зах зээлд гарах боломж баталгаажина.

Гадаад харилцааны яам энэ чиглэлийн зах зээлийг нээлттэй байлгах дээр илүүтэй анхаарч байгаа. Бид мах гаргах дээр дэмжлэг үзүүлж ажилласнаар экспорт эрс нэмэгдсэн. 2014 оныхтой харьцуулахад 2018 онд 30 дахин өссөн. Гол нь төр бизнесүүдийн урдуур нь орж, ажлыг нь авч хийх гэж зүтгэж байна гэдэг утгаар ойлгож хэрхэвч болохгүй. Хувийн салбарынхны үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гаргаад, зарах нөхцөл боломжийг нь тэлэхийн төлөө л ажиллах ёстой. Энд бас нэг зүйлийг онцлоход гадаадын хөрөнгө оруулагчдад учирдаг хүндрэлийг багасгах зорилгоор “Invest in Mon­golia Center” нэг цэгийн үйлчилгээний төвийг нээгээд байна. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд ойролцоогоор 13 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон. Экспортын хэмжээ долоон тэрбум ам.долларт хүрсэн нь бас түүхэн амжилт. Мөн өнгөрөгч онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 1.5 дахин нэмэгдэж, 2.01 тэрбум ам.долларт хүрсэн. 2019 онд энэ хүрсэн түвшингээ бататгах, ахиулахын төлөө ажиллаж байна. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан хоёр дахь компакт гэрээ байгуулагдаж бодит ажил хэрэг болоод эхэллээ. Зөвхөн эдийн засаг, худалдааны чиглэлд хийгдэж байгаа ажлуудаа тоймлон ярихад ийм байна.

Гадаад бодлогын асуудлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монгол Улсын гадаад бодлого хамгийн тогтвортой, зарим утгаараа боловсронгуй болж төлөвшсөн гэж би итгэдэг. Монгол Улс дэлхийн долоон тэрбум хүнтэй хэрхэн зохицож, өөрийгөө таниулж, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зэргээ маш өвөрмөцөөр боловсруулчихсан улс. Түүнийгээ дэлхийн хамтын нийгэмлэгээр ч хүлээн зөвшөөрүүлчихсэн. Монголын хичнээн зүйлийг дэлхий даяараа зөвшөөрсөн байдаг билээ дээ. Ингээд бодохоор манай гадаад бодлого бас их боломжийн түвшинд боловсронгуй болжээ гэж хэлж болохоор байгаа биз.

-Монгол Улсын уугуул иргэн байх нөхцөлтэйгөөр давхар иргэншил авах хүсэлтэй байдаг талаараа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын зүгээс хэлдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь зөв юм бэ?

-Харьяатын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Монгол Улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй. Мөн энэ хуулийн 7.1-т зааснаар эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бол хүүхэд нь ч бас Монголын иргэншилтэй байх учиртай. Гэхдээ манай иргэд тэдний үр, хүүхэд давхар иргэншилтэй болсон байх тохиолдлууд бий. Бид асуудалд хүлээцтэй ханддаг хэдий ч цаанаасаа учир шалтгаантай гарсан хууль тогтоомжоо бас биелүүлнэ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Ямар өөрчлөлтүүд тусгагдаасай гэж бодож байгаа вэ?

-Үндсэн хуулийн анхдагч бөгөөд суурь үзэл санаанд нийцсэн өөрчлөлтүүд орох ёстой. Өөрөөр хэлбэл парламентын сонгодог тогтолцоог жинхэнэ утгаар нь бүрэлдүүлэн хөгжүүлэхийг дэмжинэ.

-Ойрын үед хийсэн томоохон айлчлал болоод түүгээр шийдвэрлэсэн асуудлуудын талаар тодруулаач?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын өмнөхөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар тус улсад айлчилсан. Айлчлалын үр дүнгийн талаар хэлбэл, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа нь тус тусын гадаад бодлогод тэргүүлэх байр суурь эзэлдгийг санал нэгтэй тэмдэглэсэн. Энэ онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа. Эдгээр ойн хүрээнд улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, ингэхдээ худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон. Мөн хамтын ажиллагааны төслүүдийн явцын талаар Ван И сайдтай дэлгэрэнгүй ярилцсан. Хятадын талаас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хорооллыг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн болон бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн. Монгол, Хятадын хилийн боомтуудын зэрэглэлийг дээшлүүлэх, зарим боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах, боомт дээр үүсдэг хүндрэл, бэрхшээлийг бууруулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ч тохиролцлоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийснийг онцлох нь зүйтэй. Хоёр орны Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний дараа олон гэрээ хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж үзэж байна. Айлчлалаас гадна олон талт хамтын ажиллагааны хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд оролцсон. Энэ үеэр Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхийн тулд тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагуудыг уялдуулж, хялбаршуулан хөнгөвчлөх талаарх саналаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна энэ оны хоёрдугаар сарын дундуур ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон 55 дахь удаагийн “Мюнхений аюулгүй байдлын бага хурал”-д оролцож, Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал, хатагтай Кристин Лагардтай уулзсан.

-Та өнгөрөгч сард Минск явсан. Яг ямар ажлаар явсан бэ?

-Беларусийн Минск хотноо дөрөвдүгээр сард болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын бага хуралд оролцсон. Энэ бага хурлын нээлтэнд нь үг хэлсэн. “Олон улсын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь “Бүс ба Зам” санаачилгын амжилтын үндэс” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцон, бага хурлын төлөөлөгчидтэй Торгоны замын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон.

-Элчин сайд нарыг томилох асуудал хэзээ шийдэгдэх бол?

-Одоогийн байдлаар яамныхаа түвшинд саналаа боловсруулчихсан байгаа. Энэ удаа 10 гаруй Элчин сайдын асуудал яригдана. Төрийн албаны тухай хуулийн дагуу, ажиллах ур чадвар, төрийн албаны туршлага, өгсөн үүрэг даалгаврыг шинэлэгээр сэтгээд биелүүлж чадах зэрэг шалгуураар хүмүүсээ оруулж ирнэ. Элчин сайд томилогдоход тодорхой цаг хугацаа орно. Энэ хооронд түр хамаарагч ажиллаад, дипломат албаны үйл ажиллагаа тасалдахгүй явж байдаг. Австрали, Тайландын Элчин сайд нар одоо ч ажиллаж байгаа. Буцааж эгүүлэн татаагүй байна. Тэдний хугацаа нь зургадугаар сард дуусна. Түүнээс өмнө татдаггүй.

-Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр аль улсын Элчин сайд болохоор яригдаж байгаа вэ?

– Н.Анхбаяр Гадаад хэргийн яаманд олон жил ажиллаж байгаа. АНУ-ын Сан-Франциско хотод ерөнхий консулаар ажиллаж байсан туршлагатай. Өөрөөр хэлбэл, дипломат төлөөлөгчийн газрыг удирдаж үзсэн туршлагатай, элчингээр ажиллах цаг нь болсон хүн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мянга гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдоод байна

-ХӨСҮТ 14 СУРГУУЛЬД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНГЭЭ ОДОО БОЛТОЛ НЭГТГЭЭГҮЙ ГЭВ-

Сургууль, эрүүл мэндийн байгууллагууд бие бие рүүгээ буруугаа чихэж байх хооронд анх 15 дугаар сургуулийн хүүхдүүдийг нөмөрсөн сүрьеэгийн халдвар улам эрчимжиж нийслэлийн 97 дугаар сургууль болон орон нутгийн хэд хэдэн сургуулийг хамарч эцэг эхчүүдийг түгшээж эхэллээ. Тодруулбал, 97 дугаар сургуулийн хоёр хүүхэд сүрьеэгээр өвчилж, 70 гаруй сурагч халдвар авсан байна. Мөн Төв аймгийн Сүмбэр сумын дунд сургуулийн зургаан хүүхэд өвчилж, 200 гаруй нь халдвар авчээ. Ингэснээр Ерөнхий боловсролын 1000 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар аваад байна. Уг тоо цаашид хэрхэн өсөх нь тодорхойгүй байгаа юм. Мөн зөвхөн сургууль гэлтгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд ч халдвар өндөр хувиар тархсан байж болзошгүй байна. Учир нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг ХӨСҮТ-өөс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад явуулж байгаагаас гадна уг үзлэгийг албан газруудад ч оруулахаар болжээ.

Д.ЭНХМАНДАХ: НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ АВААГҮЙ БАЙНА

Сүрьеэгийн өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаас тодруулга авлаа.


-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан байна. Манай улсад нэг дор ийм олон тохиолдол бүртгэгдэж байсан уу?

-Сүрьеэ агаар дуслын замаар халдварладаг. Манайд сүрьеэгийн өвчлөлийн 4000 тохиолдол нэг жилд бүртгэгддэг. Үүний 10 хувь нь хүүхэд байдаг. Манайд халдвар тээгч олон хүн байгаа. Халдвар авсан хүн халдвар тараадаггүй. Бид үүнийг эрт илрүүлж таслан зогсоох ажил өрнүүлж байна. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол энгийн арга нь дархлаагаа сайжруулах юм. Урьдчилан сэргийлэхийн тухайд зөв найтаах, ханиахаас эхлээд хувь хүний хариуцлага байх ёстой. Мөн эрт үед нь эмнэлэгт ирж хандахгүй байна. Урьд жилүүдэд техник тоног төхөөрөмжөөс шалтгаалаад тандалт судалгааг цөөхөн хийж байсан. Эндээс шалтгаалж халдвар, өвчлөл цөөн бүртгэгддэг байсан.

-97 дугаар сургууль дээр 70 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч, хоёр хүүхэд өвчилсөн байна. энэ тухай мэдээллийг хэзээ авсан бэ?

-Энэ жилийн хувьд 14 сургууль дээр үзлэг хийж байна. Цаашид олон сургуулийн сурагч, албан газрын ажилтнуудыг үзлэгт хамруулна.

-97 дугаар сургуульд хэзээ үзлэг хийсэн бэ. Үр дүнг нь яагаад нийтэд мэдээлээгүй юм бэ?

-97 дугаар сургууль дээр хоёр хоногийн өмнөөс шинжилгээ хийсэн. Би одоогоор үр дүнгийн талаар албан ёсны мэдээллийг аваагүй байна.

-Нийслэлийн Ерөнхий боловсролын 14 сургуульд шинжилгээ явуулсан гэлээ. Сүрьеэгийн халдвар авсан, өвчилсөн хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Нэгдсэн мэдээлэл аваагүй байна.

-Удахгүй дунд сургуулийн хичээл амарна. үлдсэн сургуулиудад үзлэг хийж амжих уу?

-Намар есдүгээр сараас эхлээд он дуустал төлөвлөгөөний дагуу үзлэг шинжилгээгээ хийгээд явна. Зун сургуулиуд амрахад бусад албан газар, хувь хүмүүст шинжилгээ хийнэ.

-Сүрьеэгийн халдвар авсныг яаж мэдэх вэ. Хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Шалтгаангүйгээр 14-өөс дээш хоног ханиах, турж эцэж, жин буурсан үед яаралтай дүүргийн эмнэлэгт очиж цээжний рентген зураг авахуулж, цэрний шинжилгээ өгөх шаардлагатай. Сүрьеэг эмчилдэг оношилдог бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.

ХӨсүТ сүрьЕэгийН өвчлөлийнүр дүнг Хэдий болТол НУУХ вэ

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах 97 дугаар сургуульд дэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн нэгдсэн дүн мэдээлэлгүй байсан тул 97 дугаар сургуулийн эмч Л.Золжаргалаас тайлбар авлаа. Тэрбээр “Энэ сарын 8-ны өдөр 389 сурагчийг сорилд хамруулахад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй буюу халдвартай гэж гарсан. Гэхдээ энэ нь өвчлөлтэй гэсэн үг биш. Халдвар авсан. Дархлаа нь сайн тохиолдолд өвчилдөггүй. Тиймээс 70 сурагчийг рентген аппаратанд оруулж, цээжний зураг авсан. Үүний дараа ямар нэгэн өвчлөлтэй хүүхэд алга гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Халдвар авсан хүүхдүүдийн дархлааг дэмжихийг эцэг, эхчүүдэд нь зөвлөсөн. Энэ нь гэхдээ уушгины сүрьеэ биш. Булчирхайн сүрьеэгээр хоёр хүүхэд өнгөрсөн арванхоёрдугаар сард өвчлөөд эмчлүүлж байгаа юм билээ. одоо эмчилгээ нь дуусах үе шатандаа орж байгаа” гэж хэлсэн юм.

Бидний хандсан албаны хоёр ч хүний ам, ажил зөрж байна. Тодруулбал, нийслэлийн 97 дугаар сургуульд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албанаас энэ сарын 8-ны өдөр шинжилгээ явуулсныг тус сургуулийн эмч л.Золжаргал хэлсэн. гэтэл Тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах “Хоёр хоногийн өмнө авсан, нэгдсэн мэдээлэл аваагүй байна” гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмнөөс үүрэг хүлээсэн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагын удирдлагын үг, үйлдэл зөрлөө. Энэ нь сүрьеэгийн өвчлөлийг нуун дарагдуулж, бодит байдлыг олон нийтэд хүргэхээс татгалзсан үйлдэл гэж хардахад хүргэж байна.

Түүнчлэн, халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш хэмээн тайлбарлаж, иргэдийг тайвшруулах гэж оролдож байна. гэтэл энэ халдвар цааш даамжирвал өвчин болох эрсдэлтэй. Улмаар хүндэрвэл амь насанд эрсдэлтэй билээ. Ирэх сард Ерөнхий боловсролын сургууль амарна. Иймд бүх сургуулийн сурагчдыг зургадугаар сараас өмнө шинжилгээнд хамруулж чадахгүй. Энэ нь олон хүүхэд сүрьеэгийн халдвар тээж зуны амралтаа авах эрсдэлийг бий болгож байна. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын хараа хяналтаас гурван сарын турш “мултарна” гэсэн үг. амралтаа авсан ихэнх хүүхэд хөдөө гарах, амралт зугаалгаар явахаас гадна гэртээ дүүгээ харж үлдэх зэргээр зуны саруудыг өнгөрүүлдэг. Тэгвэл халдвартай хүүхдүүд энэ хугацаанд өвчилж, бусдад халдвар тарааж өвчинд нэрвэгдэх эрсдэл бий болохыг үгүйсгэх аргагүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарантуяа “Бүх Ерөнхий боловсролын сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байгаа. Үүний үр дүнд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр 38 хүүхэд өвчилсөн, 200 гаруй хүүхэд халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай байна. Сүрьеэг эрт илрүүлж оношилж эмчлэх ёстой. Үүнийг нуух асуудал гарахад байдал хүндэрнэ. Багш сурагчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирна” хэмээн мэдэгдсэн юм.

Эцэст нь салбарын сайд нь сүрьеэгийн мэдээллийг нуун дарагдуулж болохгүй гэдгийг онцгой анхааруулж, мөн халдварын тархалт улам нэмэгдэх эрсдэл байхад сүрьеэтэй тэмцэх төв байгууллага болох ХӨСҮТ-ийнхөн 14 сургуульд хийсэн шинжилгээний ердөө нэг сургуулийн үр дүнг хэлээд сууж байна. Энэ нь аль эрт дуулиан дэгдсэн 15 дугаар сургууль юм. Үлдсэн сургуулиудын мэдээллийг нэгтгэж аваагүй хэмээн өдий болтол сэтгүүлчдийн амыг таглах гэж оролдож байна. Гэхдээ бусад эх сурвалжаар сургуулиудад халдварын тохиолдол илэрсэн нь дэлгэгдэж, өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна.

Сүрьеэгийн өвчлөл хэрхэн илэрдэг тухай мэдээллийг хүргэж байна. Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхэлдэг байна. Энэ үеийг л сүрьеэгээр өвчилсөн гэж үздэг ажээ.

Уушгины сүрьеэгийн үед:

Удаан хугацаагаар (хоёр долоо хоног ба түүнээс дээш) ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдгүүд илэрдэг гэнэ.

Мөн бие суларч ядрах, жин буурах, хоолонд дургүй болох, халуурах, шөнө хөлрөх зэрэг өөрчлөлт хүний бие организмд гардаг юм байна.

Мөн сүрьеэгийн нян нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтэнд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэдэг юм байна. Энэ хэлбэрийн сүрьеэг уушгины бус эрхтний сүрьеэ гэж нэрлэдэг гэнэ. Харин өвчилсөн хүмүүс нь бусдад халдвар тараах аюулгүй аж. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид шинжилгээ өгөх шаардлагатай юм байна. Мөн гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотнынхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэж эмч зөвлөж байна.

О.ДАШ

Categories
мэдээ нийгэм

Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ

УИХ-ын-ын дэд дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү энэ сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн. Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, “2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад “Төрийн ордны 1 давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адель Блох Бауэр”

Австрийн Мона Лиза гэгддэг энэ зураг бол Густав Климтийн хамгийн алдартай бүтээл. Тэрээр энэ зургаа 1907 онд туурвижээ. Дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудын дөрөвдүгээрт жагсдаг уг бүтээлд мөнхөрсөн Адель бодит хүн байжээ. Энэ зураг дэлхийн шилдэг уран зургуудын нэгд тооцогдох болсон нэг шалтгаан нь зургийн түүхтэй холбоотой байж болох юм. Вень хотынхон тэр даяараа зураач Густав, Адель бүсгүйн амрагийн харилцааны талаар сэм ярьдаг байжээ. Аделийн нөхөр Блох Бауэр энэ тухай дуулаад өшөөгөө авахын тулд Густавт эхнэрийнхээ зургийг зураачид захиалахдаа 100 удаа ноороглож зурахыг шаардсан байна. Блох Бауэрийн цаад санаа нь Густав эхнэрийнх нь зургийг олон удаа дахин дахин зурахдаа эцэст нь уйдаж залхана гэж бодож байжээ. Ингээд зураг бүтээх үйл явц хэдэн жилийн турш үргэлжлэх ёстой гэсэн нөхцөл тавьж, гар таталгүй их хөлс төлжээ. Ингэж удаан зуруулснаар Адель, Климтийн холбоо замхран алга болохыг нүдээрээ үзнэ гэж тооцоолжээ. Түүний төлөвлөгөө ч биелж амрагууд холдсон байна. Зураг дөрвөн жилийн дараа дуусахад амрагуудын сэтгэл хөржээ. Харин Адель нөхөр нь өөрийнх нь нууц харилцааг мэдээд ийм арга хэрэглэснийг огт мэдээгүй байжээ. Ингэж энэ алдарт бүтээл төрөн гарсан юм байна.

Густав Климт бол XIX зууны үеийн Австрийн нөлөө бүхий зураач бөгөөд Венийн урлагийн Салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг байжээ. Климт 1862 онд Венид Моравиан гаралтай нийгмийн дунд ангийн нэгэн гэр бүлд мэндэлж. Түүний эцэг сийлбэрчин, алтны дархан хүн байсан учраас амьдралд хүрэлцэхээргүй бага хэмжээний мөнгө олж амьдралаа чадан ядан авч явдаг байсан болохоор зураачийн хүүхэд нас ядуу зүдүү амьдрал дунд өнгөрчээ. Хожим нь Климт бурхан болтлоо гэр бүлдээ санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэн байдаг. 1898 онд Климт анхны томоохон хэмжээний захиалгаа хүлээн авчээ. Тэрбээр Венид амьдардаг грек худалдаачин Николаус Думбагийн харшид хөгжмийн өрөөг тохижуулан өрөөний доторх тавилга, эд зүйлсийн зохиомжийг гаргаснаас гадна “Хөгжим” болон “Шуберт төгөлдөр хуурын ард” гэсэн хоёр зураг зуржээ. Харамсалтай нь энэ хоёр зураг устаж үгүй болсон юм байна. Тэрээр тухайн үедээ “Сониа Нипсийн хөрөг”, “Серена Ледерерийн хөрөг” зэрэг алдартай бүтээлээ туурвижээ. Климт төгс дүр төрхийг гаргаж зурдаг байсан бөгөөд хөрөг зурах бүртээ хэдэн зуун ноорог зураг зурдаг байжээ. Өөрөөр хэлбэл зуруулж байгаа хүний сэтгэл нь ханатал дахин дахин зурдаг байжээ. Өөрийн олж авсан боловсрол нь Климтийг сонгодог зураг зурахад хүргэдэг байсан гэж болно.

Климт 1904 оноос 1908 оны хооронд өөрийн хөрөг зурах арга барилаараа үргэлжлүүлэн зурсаар байжээ. Түүний зурсан хөрөг зурагнуудаас дурдвал “Хермайн Галлия”, “Маргарет Стонбороу-Витгенштейн”, “Фритза Риедлер”. Энэ үед зурагдсан алтан стилийн зурагнуудад “Данае”, “Найдвар 2” болон түүний хамгийн алдартай зурагнуудын нэг болох “Үнсэлт” ордог. Австрийн нэрт зураач Густав Климт тархины цус харвалтаар 1918 онд насан өөд болсон бөгөөд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл уран бүтээлээ туурвиж байсан ч олон тооны бүтээлээ дуусгаж чадалгүй насан эцэслэжээ.

Густавын “Адель Блох Бауэр” уран зургийг 2006 онд хувийн худалдаагаар Роналд Лаудер худалдан авчээ. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн магнат Роналд Лаудер энэ бүтээлийг өөрийн болгохын тулд нэлээд хүчин чармайлт гаргаж 135 сая ам.доллараар худалдан авчээ. 138х138 см хэмжээтэй, зотон дээр алт, мөнгө, тосон будгаар зурсан уг зургийн өнөөгийн үнэ цэнэ нь 158.4 сая ам.доллар гэж тооцжээ.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Эв нэгдэлтэй нэгэн үеийн төгсөлтийнхөн

Увс аймгийн арван жилийн дунд сургуулийг 1993-2003 онд төгссөн нэгэн үеийнхний төлөөлөл манай энэ удаагийн “Нэг анги” буланд зочиллоо. Тухайн үеийн аймаг сумын арван жилийн сурагчид нийлсэн 900 гаруй хүүхэд төгсөж байжээ.

Нэгэн үеийнхний төлөөлөл Ж.Бурмаа ярихдаа “Тухайн үед бид төгсөлт гэхээс илүү анги хамт олондоо маш эв нэгдэлтэй байсан. Аливаа уран сайхан урлаг спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна нэгэн үеэрээ олон тэмцээнд хамт оролцож, хүч чадлаа сорьдог байсан. Хамгийн гол нь биднийг нэгтгэж байгаа зүйл бол идэвх санаачилга, хүсэл тэмүүлэл. 1993-2003 онд төгссөн нэгэн үеийнхний маань нэгдсэн арга хэмжээ эхлээд жил гаруй хугацаа өнгөрчихсөн байна. Бид олуулаа цуглаж чаддаг нь ямар эв нэгдэлтэйг тод харуулж байгаа байх. Аливаа нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад хамгийн багадаа 200 гаруй хүн ирдэг. Идэвх санаачилга сайтай хүмүүс нэгдсэн байдаг юм” хэмээн хуучиллаа.

Эл төгсөлтийнхнөөс өдгөө олон алдартай хүмүүс байдаг аж. Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын гарьд Ж.Өлзий-Орших, МУБИС-ийн математикийн багш доктор Чойсүрэн, MNB телевизийн Монголын радиогийн диктер Б.Бурмаа, ИЗОУИС-ийн хуулийн багш Я.Батханд, Содон констракшны ерөнхий захирал Хүдэрбаатар, Сareer хөгжлийн төвийн захирал Булгаа, Хаанбанкны содон салбарын захирал Нямдорж, Jet сургуулийн захирал Алтансор, Хөх толбо компанийн захирал Оргил зэрэг салбар салбартаа төлөөлөл болсон залуучууд олон байгааг тэд хэлж байв. Хамгийн гол нь нийгэмд өөрийн гэсэн байр суурийг бий болгож, хүмүүсийг удирдан зохион байгуулаад явж байгаа хүмүүс олон байгааг хэлж байлаа. Банк санхүү, эрүүл мэнд, урлаг спорт, улс төр, нийгмийн салбарт өөр өөрсдийн өнгө төрхийг бий болгож, салбар бүртээ амжилттай яваа залуучуудын төлөөлөл бий гэдгийг тодотгож байлаа. Мөн тэдний үеийнхэн аймаг сумдын иргэдийн төлөөлөгчөөр ихэнх нь ажиллаж байгааг дуулгав.

Нэгэн үеийнхэн ярихдаа “Анх бид Career хөгжлийн төвөөр дамжиж залуучуудад хандаж сургалт хийснээр нэг нэгнийгээ мэдсэн. Бид аливаа нэг эхлүүлсэн ажлынхаа ард нь гарч байж санаа амардаг тууштай. Бид уулзаад ярьдаг юм. Саяхан л жоохон байна шүү дээ гэцгээдэг юм. Дэлхий ямар хурдан хөгжиж байгаа билээ. Зүгээр суух завгүй нас шүү дээ. Бидний залуучууд үнэхээр шижигнэсэн залуучууд байдаг. Тухайн үед манай тэнд хоёр гуравхан жил болоод шилжсэн хүүхдүүд чинь мөн л бид нартай нэгдчихсэн явж байгаа юм. Ингээд харахаар бид ямар эв нэгдэлтэй болохыг харж байгаа юм л даа” хэмээн хуучлав.

Нэгэн үеийнхэн “Залгамж 2003” нэртэй төрийн бус байгууллага байгуулж байгаа аж. Тэд энэхүү төрийн бус байгууллагаараа нийгэмд хандсан олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Тус аймгийн төгсөлтүүдийн хооронд урлаг, спортын тэмцээн их болдог гэнэ.

Эл төгсөлтийнхөн Б.Чойжилсүрэн гишүүний төгсөлтийн 40 жилийн ойг тохиолдуулан волейболын тэмцээнд энэ үеийнхэн “Маамуу нааш ир” нэртэйгээр анх удаа оролцон цомыг нь авч түрүүлж байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгэн үеийнхэн Тэрэлжид сагсны тэмцээн зохион байгуулж мөн цомыг нь авсан талаараа ярьж байв. 15 хоногийн дараа тэмцээн болно гээд бид хоорондоо ярилцаж байхад нэг ч хандивын сан байхгүй хэрнээ хүн бүр сэтгэлээрээ хандаж 12 сая төгрөг цуглуулж чадсан. Манай төгсөлтөөс хамгийн их нь ирсэн. Тэмцээнд оролцоогүй нь хайлмаг, боорцог цайгаа бариад хүрээд ирж байгаа юм. Үнэхээр нэгдэж нийлсэн хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байгааг хараад бид ч өөрсдөө бахархдаг. Хамт олон гэдгийг өөрсдөөсөө л орж хардаг юм. Мөн Тэрэлжид хоёр хоног зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр манай төгсөлтийн тогооч найз маань нялх хүүхдээ дагуулаад тусдаа гэр авч, бидний хоол цайг хийж өгсөн. Аливаа зүйлд сэтгэл зүрхээрээ ханддаг тийм хүмүүс нэг үеийнхэн болчихсон юм” хэмээв.

Тэд үргэлжлүүлэн “Бидний албан ёсны анхны арга хэмжээ энэ жил эхэлж байгаа. Нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байна. Өнгөрсөн намар бидний хэсэг хүмүүс мод тарих үйл ажиллагаанд гэр бүлээрээ оролцсон. Маш олуулаа нэгдэж нэг санаа зорилго дээр тулгуурлан ажиллаж байгаа учраас нийгэмдээ сайн сайхан зүйлийг хийхээс гадна залуучуудыг зөв зүйлд уриалан дуудсан ажлууд санаачлан зохион байгуулах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Бидний үеийнхний хийж бүтээх цаг ирчихсэн байна шүү дээ. Зарим хүмүүс бидний үеийнхнийг гайхаж байгаагаа хэлдэг юм. Яаж энэ олон хүнийг нэгтгэж чадаж байна аа гэдэг. Үнэндээ бол хүсэл зорилго нэгтэй хүмүүс байгаа шүү дээ” хэмээн ярьцгааж байв.

Энэхүү төгсөлтийнхөөс олон хосууд төрсөн гэнэ. Тэд арван жилд байхаасаа үерхэж өдгөө нэгэн гэр бүл болсон хүмүүс олон байгааг дурсацгаасан юм.

Тэдний төлөөлөл болсон хэдэн гэр бүл хамтран мод тарьж, түүнийгээ тордож байдаг гэнэ. Мөн энэ төгсөлтийнхөн Хан-Уул дүүргийн номын санг тохижуулж байжээ. Мод тарихаас эхлүүлэн нийгэмдээ хэвшил болгох ёстой зүйл шүү дээ. Эхлэл нэгээр тавигдвал нэлээн хэд болох нь тодорхой байдаг хэмээн ярьцгаав.

Тэд хүүхэд нас, арван жилийн тухайгаа дурсахдаа “Бидний арван жилд инээд хөөртэй олон сайхан дурсамж байдаг. Тэр жил математикийн олимпод оролцох гээд манай үеийн хэдэн хөвгүүд зэргэлдээх сум руу явж л дээ. Нөгөө сумандаа очоод таних айл байхгүй. Гэтэл жолооч нь хээр гадаа хүүхдүүдийг орхилтой нь биш гээд нэг айлд оруулж өгч л дээ. Нөгөө хэд маань 13-ын түмпэнгээр дүүрэн боорцгийг нь идээд дуусгачихсан байсан гэдэг. Тэр нь бас л манай төгсөлтийн охиных байсан байгаа юм. Намар бид хэд уулзаж яриад бөөн инээдэм болж билээ” хэмээн хөхрөлдөв.

Бидэн дотор Х.Баянмөнх аваргын тахилын авдрыг сийлдэг сийлбэрчин залуу байдаг. Тэр маань шинэхэн байгуулагдаж байгаа төрийн бус байгууллагын тамга тэмдгийг хийж өгч байгаа юм” хэмээн сонирхууллаа. Тэд “Нөхөрлөлөөр манлайлъя” гэсэн уриатай аж. Ажлын хэсэг байгуулж хамт олноо удирдан чиглүүлж явдаг гэнэ. Ажлын хэсэгт Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын гарьд Ж.Өлзий-Оршихоос эхлүүлээд шижигнэсэн 12 залуучууд байгааг хэлж байлаа.

Тэд нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж өөр өөрсдийн салбартаа анхаарлаа хандуулж ажиллах талаараа дурдаж байв. Нэгдэж нийлж чадаж байна гэдэг олон зүйлийн эхлэл болно гэдгийг ч тодотгож байлаа. Нэгэн үеийн үлгэр жишээ болсон эл төгсөлтийнхөн удахгүй шинэ үйл хэргээрээ дахин уулзахаа хэлсэн юм.