Categories
гадаад мэдээ

Зеленский өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөнө

Украины түүхэнд анх удаагаа соёл урлагийн салбараас төрөн гарсан Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр албан ёсоор тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Уг тангараг өргөх ёслолтой холбогдуулан өнөөдөр 11.00 цагт Дээд Радад баярын хурал зохион байгуулагдах гэнэ.

“Энэхүү баярын хуралд зөвхөн Украины төр, нийгмийн зүтгэлтэн, өндөр албан тушаалтнуудаас гадна Латви, Литва, Эстони, Гүрж болон Унгарын Ерөнхийлөгч нар, мөн Туркийн Дэд ерөнхийлөгч, Молдавын Ерөнхий сайд, Азербайжаны Засгийн газрын тэргүүн нар оролцохоор болсон” гэж Украины Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Уламжлалын дагуу шинэхэн Ерөнхийлөгч Дээд Радагийн танхимд тангаргаа өргөх гэнэ. Мөн нийслэл Киев хотын төвд баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар болжээ.

Украинд өнгөрөгч сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский үнэмлэхүй ялалт байгуулж, нийт сонгогчдын 73.22 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, тун удахгүй эрх мэдлээ шилжүүлэн өгөх Петр Порошенко 24.45 хувийн санал авчээ.

Categories
мэдээ нийгэм

Ватиканы нууц архиваас Монголын түүхэн баримтыг хүлээлгэн өгчээ

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас энэ 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн 2 жилийн хугацаанд уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бич

гүүдээс эх хуулбараар нь Монголынхоо ард түмэнд хүргэж чадахаар боллоо. Эдгээр захидлууд нь олон нийтэд ил болоогүй, одоогийн байдлаар судалгааны эргэлтэд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, цаашлаад түүхийн судалгаанд шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм.

Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгүүдийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирлоор 80 саяын хоёр азтан тодров

НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 80 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодров.

Сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт явагдаж энд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм. Тохирлоор хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгч 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгч 100 мянган төгрөг хожих эрхтэй юм. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таарсан бол таван сая, долоон орон бол арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих юм.Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 23.659
  • 100 мянган төгрөгийн азтан 2.327
  • 1 сая төгрөгийн азтан 230
  • 5 сая төгрөгийн азтан 24
  • 10 сая төгрөгийн азтан тодроогүй
  • 50 сая төгрөгийн 1 азтан
  • 80 сая төгрөгийн 2 азтан тус тус тодорлоо.

Энэ дашрамд НӨАТ-ын урамшууллын сугалаанаас өнгөрсөн онд тодорсон азтанууд хэдэн төгрөг хожиж байсныг дурдвал, 2017 онд 500 сая төгрөгийн нэг азтан тодорч байсан нь хамгийн супер азтан болж байв. 2018 онд 225 сая төгрөгийн азтан мөн нэг хүн, 100 саяын азтанаар гурван иргэн тодорч, нэг удаагийн 100 саяыг нь хуваан авч байв.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН, АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

УИХ-ын байнгын хороод болон чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Нотариатын тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгийн сүүлчийн 60 тэрбумтанг сонгуулийн урьд өдөр халчихаад өндийтөл…

Дэлхийн шилдэг кинонуудын нэг Майяагийн эзэнт улсын хожуу үеийн үйл явдал өрнөдөг “Апокалипто”-г үзээгүй хүн цөөн байх. Хүн төрөлхтний соёлт нийгмээс хоцорсон харанхуй бүдүүлэг овгууд бие биенийгээ баривчилж, тосгондоо авчирдаг. Ган гачиг тайлахын тулд наранд өргөл барьц өгч, олзлогдсон хүмүүсийн зүрхийг олны өмнө суга татаж туг тахиж байгааг тод харуулдаг. Киноны өрнөл хэсэгт нар хиртэж, аллага түр зогсох үеэр Барын савар нэртэй эр арайхийн зугтааж амьд гардаг. “Апокалипто” кино гоё төгсдөг. Киноны хамгийн оргил хэсэг гэж хэлж болох тэр хэсэгт гол дүрийн жүжигчин олзноос зугтааж, хэдэн арван саад бэрхшээлийг туулсаар арайхийн эхнэр, хүүхдээ аван ширэнгэн ойн зах далайн эрэг дээр гараад ирдэг. Тэгсэн тэнд нь соёлт ертөнцөөс хүмүүс ирчихсэн зогсож байдаг. Урт дурангаар дурандаад л, бүрэн зэвсэгтэй цэргүүдээр хамгаалуулчихсан. Тэгээд зогсохгүй том цагаан тугтай усан онгоцон дээр лам суулгачихсан. Найруулагч соёлт ертөнцөөс ирсэн хүмүүсийн дүр төрхийг уран нарийн гаргаж өгсөн нь олон үзэгчийн таашаалд нийцсэн байдаг. Киноны төгсгөлөөс хойших түүхийг та бид мэднэ. Майяа үндэстэн байхгүй болсон. Соёлт хүн төрөлхтөн харанхуй бүдүүлэг үндэстнийг үгүй хийсэн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө дээрх киноны гол дүрийн жүжигчин Руди Янгблад манай улсад ирсэн байна лээ.

“Апокалипто” киноны үзэгдэл шиг үйл явдал МАН-аас илт харагдаад байх боллоо. Харанхуй бүдүүлэг, увайгүй улс төрийн бүлэглэлийн тэмцэл өдгөө ид өрнөж байна. МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбум төгрөг босгож, сонгуульд ялалт байгуулж чадсан. Тиймдээ ч УИХ-ын сонгуулиар МАН-ынхан 65 суудал авсан юм. Тэр үед МАН-аас “Бор халзан төлөг сойсон ч сонгогдож байна” гэсэн яриа гарч байв. Гэвч “Олдохоороо өлдөнө” гэдэг шиг зүйл болсон. Тухайн үед МАН-ын удирдаж байгаа төр засгийг гартаа авсан эрх мэдэлтнүүд төрийн албан тушаалыг өөрсдийнхөө хамаатан саднууддаа бэлэг болгон өч төчнөөнөөр нь өгсөн. Хамгийн ойрын жишээ гэхэд, МАН-ын удирдлага өөрийнхөө саданг Ерөнхий сайд болгосон. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан залуухан улстөрч Ерөнхий сайд болж, өөрийнхөө Засгийн газрыг байгуулах гэж инээдэмтэй томилгоо хийгээд эхэлсэн. Зангараггүй Ерөнхий сайд болсон даруйд МАН-ынхан албан тушаалын төлөө хоорондоо алалдаад эхэлсэн. Ардчилсан намын гэх нэртэй хүн бүрийг толгой дараалан өдөр шөнөгүй ажлаас нь халчихаад л “Би ч тийм албан тушаал авна. Чи тэнд дарга бол. Миний хүнийг энэ даргын суудалд тавь” гээд л бүлэглэл хоорондын зодоон эхэлсэн түүхтэй. МАН-ынхан ингэж дотроо эв түнжингээ алдаж, мунгинаж, халаа сэлгээ, дарга мэргэжилтний сандал суудал булаацалдаж байх хооронд Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан нэг жилийн хугацаанд үнэндээ юу ч хийгээгүй. Өмнөх Засгийн газар буюу Ардчилсан намынхны үед хийгдсэн ганц нэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд дууссан болохоос МАН-ынхан өөрсдөө санаачилж тахир хадаас, ганц шон ч босгож чадаагүй. Сандал, суудалтайгаа зууралдаад ямар ч ажил хийж чадалгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынхан М.Энхболдыгоо нэр дэвшүүлээд орчихсон. Тэр үед төрийн албан тушаалыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгосон гэх асуудлыг эсрэг намынхан хүчтэйгээр гаргаж ирсэн байдаг. Ингээд МАН-ынхан ард түмэнд өнгөрсөн нэг жилийнхээ дүнгээ тавиулсан сонгууль болж өнгөрсөн. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав. Тэр үед 2016 оны УИХ-ын сонгуульд яагаад ч юм нэр дэвшилгүй үлдчихсэн байсан У.Хүрэлсүх ардын баатрын дүрд хувилчихсан сүртэй “амьтан” гараад ирсэн. У.Хүрэлсүх “60 тэрбумын хэрэгтнүүд муухай. Эднийг үр үндсээр нь улс төрөөс зайлуулна. МАН-ыг шинэчилж, нам дамжсан бүлэглэлийг устгаж үгүй хийнэ” гэх мэдэгдлүүдийг ар араас нь хийсэн. Бүр УИХ-ын гишүүдийг хоёр хувааж 33, 34-ийн бүлэглэл гэдгийг бий болгосон. У.Хүрэлсүхтэй нэг бүлэглэлд багтсан 34-ийнхөн 33-ын бүлэглэлдээ “60 тэрбумынхан” гэсэн нэр өгч, нийгэмд муухай харагдуулах гэж төрийн мөнгийг хувьдаа завшиж, идсэн уусан гэх асуудлуудыг зохион байгуулалттай гэмээр цацаж эхэлсэн. МАН-ын 33-ын бүлгийнхэн ч зүгээр суугаагүй. 34-ын бүлэглэлд багтсан УИХ-ын гишүүд болон томоохон албан тушаалтнууд ЖДҮ-гээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бага хүүтэй их хэмжээний зээл авсан асуудлыг ил гаргаж эхэлсэн. Ингэж л “60 тэрбумынхан”, “ЖДҮ”-чид гэсэн улс төрийн хоёр том бүлэглэл өөр хоорондоо ард түмний нүдэн дээр ил цагаан үзэлцэж байна. Гэхдээ уншигч та бүхэн энэ “зодоонд” У.Хүрэлсүхийн толгойлсон “ЖДҮ”-чин бүлэглэл одоогоор ялалт байгуулж яваа гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. “ЖДҮ”-чин бүлэглэл “60 тэрбум” бүлэглэлд нэр холбогдсон хүн бүрийг толгой дараалан ажлаас нь халж байгаа. Мөн “ЖДҮ”-чид бүлэглэлийн нэр аажим аажмаар өөрчлөгдөж “Шинэ МАНАН” гэх нэртэй болоод буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүлэглэлийг ил, далд дэмжих болсноос үүдэн “Шинэ МАНАН” гэх нэр зүүж байна. “Шинэ МАНАН”-гийнхан өдөр шөнө, өглөө оройгүй 60 тэрбумынхан гэх тодотголтой хүмүүсээ ажлаас нь халаад сүйд хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гэхэд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг ажлаас нь халлаа. Үүний цаана МАН-ынхан 2016 оноос хойш хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар олигтойхон ямар ч ажил хийхгүй зөвхөн халаа, сэлгээ хийсээр байна. Сүүлийн жилд гэхэд л Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхэлсэн халаа сэлгээ Ерөнхий шүүгч, УЕП, АТГ-ын дарга, орлогч, хэлстийн даргаар үргэлжилж буй. Удахгүй цагдаагийн байгууллагад халаа сэлгээ хийгдэх юм гэсэн. Бүр ЦЕГ, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газар, дүүргүүдийн цагдаагийн дарга, хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч хүртэл халах юм гэх мэдээлэл гараад байгаа. Толгой өндийх сэхээгүй тэр ч 60 тэрбум, тэр ч авлигачин гэж хэн нэгнийг ажлаас нь халж, дараагийн өөр нэгэн хүнийг ажилд томилох ажил ирэх жилийн зургадугаар сарын 30-нд хүртэл үргэлжлэх нь тодорхой байна.

Хойтон жилийн зургаан сарын 30-нд “60 тэрбумын” гэх хамгийн сүүлчийн хүнийг ажлаас нь халаад өндийгөөд харахад ямар дүр зураг байх вэ. Шал өөр улс төрийн хүчин УИХ-ын сонгуульд ялчихсан, МАН-ын хоёр бүлэглэлийнхэн хүний өөрийн гэлтгүйгээр бүгд ялагдчихсан, ганцхан У.Хүрэлсүх ялчихсан зогсож байгаа дүр зураг харагдаад байна. Өөрөөр хэлбэл, энэ зодоон дундаас МАН-ынхнаас У.Хүрэлсүх ганцаараа УИХ-ын сонгуульд чадвал арай гэж ялах боломжтой хувилбар болж харагдах ажээ. У.Хүрэлсүхийг УИХ-ын сонгуульд ялна гэж хэлээд байгаа нь саяхан хаанаас ч гэлээ нэг судалгааны байгууллага улстөрчдийн рейтингэд судалгаа хийсэн юм байна лээ. Судалгаагаар МАН-аас У.Хүрэлсүх 200 хувийн рейтингтэй байна гэсэн. У.Хүрэлсүх ээ, 76 хувилахгүй юм бол МАН ирээдүйд УИХ-д хаана ч ялалт байгуулахгүй. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилд төр засгийг гартаа авсан МАН олигтой нэг ч ажил хийгээгүй. Дандаа л өөр хоорондоо алалцаж өнгөрөөсөн. Ухвал олны анхаарлыг татахаар ганц нэг ажил хийсэн байгаа. Тэр нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал юм.

Саяхан МХЕГ-ын байцаагч нарын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэн хэрэгсэхгүй болсон. Ил цагаан авлига авсан хэрэг яагаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан юм бэ гээд асуудал яригдаж эхэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачилж, хөөн хэлэлцэх хугацааг богиносгох хуулийг УИХ-аар баталчихсан нь ил болоод байна. Үүнээс үүдэн авлигад холбогдсон хүмүүсийн хэрэг хоёр жил хүрэхгүй хугацаанд шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийн дор хаагддаг болоод байна. МАН-ынхны хийсэн өөр нэг томоохон ажил гэвэл Салхитын мөнгөний орд газар, Асгатын ордыг төр мэдэлдээ авсан асуудал юм. Тусгайгийнхнаар хамгаалуулсан ажлын хэсэг орд газрыг эрх мэдэлдээ авч байгаа бичлэг цахим орчинд цацагдсан.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авах ажлыг МАН-ынхан гардаж хийсэн. Одоо Оюу толгойг эргүүлэн авна гээд л ноцолдоод байгаа. Оюу толгойг төр мэдэлдээ авна гэж улайрч байгаад МАН-ынхан сонгуульд үсгүй арчуулах дээрээ тулах вий. Ард түмнийг ажилгүй болгож байгаа намынхан ирэх сонгуульд хэрхэн оролцохыг харах л үлдлээ. Ямар ч ажил хийгээгүй хүмүүс сонгуульд ялдаггүй юм.


Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна

Image result for Д.Цогтбаатар

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын 2 танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөжээ. Мөн айлчлалын хүрээнд талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Зургаан настнууд эрдмийн тайлангаа тавилаа

Хичээлийн дүрэмт хувцас дээр ганган улаан зангиа зүүсэн охид, хөвгүүд бие бие рүүгээ бөмбөлөг шидэж, зарим нь сургуулийн заалаар араас нь хөөцөлдөн гүйлдэнэ. Бүгд л баяр баясгалантай байх аж. Харин ангид эцэг, эхчүүд “бужигнана”. Аавууд хананд юм өлгөх, ширээ сандал зөөх зэрэгт дайчлагдаж байхад ээжүүд хүүхдүүдийн бүтээлийг наах, эмхэлж цэгцлэх зэрэг нарийн чимхлүүр ажлуудад ханцуй шамлан оржээ. Энэ бол Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн Д.Цэнгэл багштай 1(11) ангид өрнөж байгаа дүр зураглал юм.

Эрдмийн их далайд хөл тавьж, уншиж бичиж сурсан бяцхан багачууд эцэг эх, өвөө эмээ, ах дүү, багш нарынхаа өмнө тайлангаа тавих энэ мөч олон хүний сэтгэлийг баясгаж, бас догдлуулжээ. Ангиа тойруулан дэлгэсэн бүтээлийг бүх хүн шимтэн сонирхох аж. Зарим нь ээж, аавдаа зориулж шүлэг бичсэн бол бяцхан наамал хийж, цаасаар цэцэг урласан нэг нь ч байв. Мөн хүүхэд бүрийн танилцуулгыг ханаар өлгөжээ. Цонхны тавцан дээр эгнүүлэн тавьсан ууттай бэлэгнүүд бяцхан сурагчдын харааг булааж, сониуч нэг нь хэрэгт дурлаж өнгийн харах нь хөгжилтэй. “Танайд өнжье” булангаа зургаан настнуудын эрдмийн баяраас бэлтгэхээр ирсэн бидний хувьд ч эерэг дулаан энергид умбаж байлаа.

Товлосон цаг болж урлагийн зааланд эхлээд эцэг эхчүүд хуран цуглав. Удалгүй хүндэтгэлийн ая эгшиглэж бяцхан сурагчид цувран орж ирэхэд алга нижигнүүлэн ташлаа. Мөн камерын гэрэл гялалзана. Сурагчдад ч туйлын тааламжтай байгаа бололтой. Бүгд л нүүрэндээ мишээл тодруулж, гараараа даллаж байв. Тус анги 43 сурагчтай.

Хөвгүүд хамгийн олон буюу 25-уулаа. нь охид аж. Эцэг, эхийн төлөөллийн хараа хяналт дор сугалааны зарчмаар хэн ямар үсэг болохыг шийдсэн байна. Мэдээж 35 үсэг бий. Тиймээс 10 хүүхдэд үсэг давхардуулан өгчээ. Өөрөөр хэлбэл, ы, ий, е, ь, ъ тэмдэг зэрэг үсэг эрэгтэй, эмэгтэй хүүхэд аль аль нь болсон гэсэн үг юм.


СУРАГЧДЫН ЦАНГИНАСАН ДУУНД УЯРНА

Үсэглэлийн баярт арваад хоногийн өмнөөс бэлтгэж эхэлсэн тухай Д.Цэнгэл багш ярьсан. Ер нь эцэг эх, хүүхэд, багшийн хамтын ажиллагаа тун чухал аж. Тиймээс эцэг, эхчүүдийг таван багт хувааж хамтран ажилладаг тухай хэлсэн юм. Тухайлбал, үсэглэлийн баярыг “Хэрэглэгдэхүүн” баг хариуцан багшид тусалсан байна. Уг багийн эцэг эхчүүд бичиг цаас боловсруулах ажилд чадамгай тул ийн сонгосон гэнэ. үлдсэн багууд “Авьяас”, “Спорт”, “Эрүүл мэнд”, “Төлөвшил” гэсэн нэртэй. нэрнээс нь харахад юуг зохион байгуулах, ямар чадвартай хүмүүс болохыг таньж болно. үүнд өвөө, эмээгийн гавьяаг дурдахгүй өнгөрч болохгүй. Эцэг, эхийн ажлыг хамгийн их нугалж, арын албыг дааж яваа хүмүүс гэдгийг багш онцоллоо. Тэд хүүхдүүдийг сургуулиас нь авах, даалгавар хийлгэх, зааж зөвлөх, амраах зэргээр бараг эцэг, эхээс илүү анхаарал халамж тавьдаг байна.

Урлагийн зааланд эгнэн зогссон бяцхан багачууд бэлтгэлээ сайн базаасан нь харагдана. Микрофон үлээж шалгана. Эгнээгээ зөв эзлэхийг нэгэндээ сануулна. Эгшиг долоон үсэгнээс эхэлж, туслах дөрвөн эгшиг, заримдаг гийгүүлэгч гэх зэргээр дуулсаар хамгийн сүүлд цагаан толгойн дуугаа хамтаа дуулав. Дуугаа цовоо цойлгон дуулж, зааланд цугласан эцэг эх, өвөө эмээ нарын сэтгэлийг уяраагаад авлаа. Мөн ах, эгчээ дэмжихээр ирсэн дүү нарыгаа хөөргөн баясгав.

Ихэнх үсэглэлийн баяр дээр хүүхэд тус бүр өөрийн үсэгнийхээ шүлгийг уншдаг. Тэгвэл 1(11) ангийнхан хоор болж дуулсан нь сонин содон байлаа. Энэ нь багаараа ажиллах, үсгээ нүдэлж улам баталгаажуулах зэргээр олон талын ач холбогдолтой аж. Эцэг, эхчүүдийн хувьд ч амьдралдаа үзсэн хамгийн сайхан тоглолт хэмээн ам булаалдан ярилцаж байлаа. Арга ч үгүй юм. үр үндэс гэдэг амьдралын утга учир хийгээд баяр баясгалан байдаг билээ.

Тайлант тоглолтоо хааж зургаан настнууд

“Үзэг барьсан турьхан гарт минь

Үг холбох аргыг заасан

Бага ангийн багшдаа баярлалаа

Балчирхан би чинь бичиж сурлаа…” хэмээн цангинатал дуулна. Сурагчдынхаа дунд цэцэг барин зогсох багшийн магнай тэнийж байгаа нь харваас андашгүй. Багш хүний мэргэжлээрээ бахархах хамгийн сайхан мөч энэ биз ээ.


“БАГА АНГИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН МИНЬ АЗ ЗАВШААНТАЙ ХЭРЭГ”

Зургаан настнуудад хичээл заана гэдэг багшаас нөр их хөдөлмөр, мэдлэг чадвар, арга барил шаарддаг. Тийм ч учраас 1(11) ангийн багш Д.Цэнгэлийг энд онцлохоос өөр аргагүй. Тэрбээр боловсролын байгууллагад 20 шахам жил ажиллаж байгаа туршлагатай багш аж. Өмнө нь таван анги төгсгөж, одоо зургаа дахь нэгдүгээр ангиа хүлээн авсан нь 1(11)-гийнхэн юм. Д.Цэнгэл багш “Бага ангийн хүүхдүүдтэй амьдралаа холбосон минь аз завшаантай хэрэг” хэмээн сэтгэл догдлон хэлсэн нь мэргэжилдээ хичнээн хайртай болохыг илэрхийлсэн. Хүүхэд нэгдүгээр ангидаа уншиж, бичих чадварыг бүрэн эзэмших учиртай. Улмаар хоёрдугаар ангид дүрэм үзэж эхэлдэг. Тиймээс маш сайн ажиллаж, 1,2 дугаар ангид нь мэдэх ёстой зүйлийг бүрэн таниулж, зөв сурах арга барилыг эзэмшүүлж чадвал анги ахих тусам сайжраад явдаг гэдгийг онцолсон. Ер нь багш ам нээх бүртээ хүүхдээ хэрхэн сайжруулах, анхаарал тавих тухай зөвлөгөө мэдээллийг өгдөг зуршилтай юм байна. Ямар ч зүйл асуусан нэг мэдэхэд “хүүхэдтэйгээ зөв ажиллахын тулд…” хэмээн нөгөө зүйл рүүгээ “хадуурчихна”.

ЭЦЭГ, ЭХИЙН АНХААРАЛ ХАЛАМЖИЙГ ЮУ Ч НӨХӨЖ ЧАДАХГҮЙ

Хавар нь цэцэрлэгтээ эрхэлж байсан багачууд намар нь дэвтэр, номоор дүүрэн том цүнх үүрч, өдөрт 4-5 цагаар ширээний ард сууж үсэг, тоо нүдэлж, гараа чилтэл юм бичээд, орой нь гэрийн даалгаврын ард гарах гэж эцэг, эхийн зэмлэл, бүр заримдаа “алганы амт”-ыг үзнэ гэдэг том сорилт. Эцэг, эхчүүдийн хувьд ч мэдээжийн, ойлгомжтой зүйлийг хүүхэд нь мэдэхгүй байгаа юм шиг санаж, зэмлэхийг түрүүнд тавьдаг нь нууц биш. Багшийн хэлснээс хүүхдийг ахицаар нь үнэлэх нь хамгийн чухал болохыг ойлгосон. Тодруулбал, хүүхэд ямар ч байж болно. Удаан ойлгож, бичдэг. Анхаарал төвлөрөл сул, нэг зүйлийг олон дахин хэлүүлж тархиндаа суулгадаг гэх зэрэг нийтлэг төлөв бий. Тэгвэл ямар байх нь чухал биш. Харин тэр түвшнээсээ хэрхэн ахиж дэвшиж байна вэ гэдэг нь үнэлгээний гол үзүүлэлт аж. Анх байсан түвшингээсээ ахиц гараад л байвал нэг л мэдэхэд бусадтайгаа нэг түвшинд хүрч, улмаар энэ хичээл зүтгэлээрээ хошуучилж болдог байна. Үүний тулд тасралтгүй ажиллагаа хэрэгтэй гэдгийг Д.Цэнгэл багш хэлсэн. Завгүй байлгаж, өдөр бүр уншлага хийлгэж, үеийг нь маш сайн нүдлүүлэх хэрэгтэй аж. Үеэ нүдэлсэн хүүхэд уншиж, бичихдээ сайн байдгийг онцолсон юм.

Манай эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ажиллах арга барилаа мэдэхгүйгээс загнаж зэмлэх нь их байдаг тухай багшаас тодруулахад “Хүүхдүүд гэнэн цагаан шүү дээ. Тэд хичээлдээ ирэхдээ аав, ээж загнасан, би уйлсан гэх зэргээр хэлдэг. Миний шаардлага бас хатуу. Би хүүхдүүддээ нэгдсэн шаардлага тавьдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ очиход нь өндөр дуугаар шаарддаг байж болохгүй. Гол нь хичээл хийхэд юуг ойлгохгүй байна, тэрийг ойлгуулахын тулд ямар арга барилаар, хэрхэн ажиллах вэ гэдгийг мэдэх ёстой. Багшаас лавлаж асуух нь чухал. Хүүхдийнхээ онцлогийг судлаагүй байж бусдын хүүхэдтэй харьцуулаад загнаад байж болохгүй” хэмээсэн. Мөн “Авиа үсэг таниулах миний онцлог байдаг. Танин мэдэхүй талаас нь их ажилладаг. Үзүүлэн их ашиглана. Заавал самбар дүүрэн үзүүлэнтэй явдаг. Үгээ хэлнэ. Үгээ өгүүлбэр болгоно. Жишээ нь, А үсэг заалаа гэхэд тус үсэг орсон нэртэй хүүхдүүдийг гаргаж ирнэ. Ингээд нэг нэгээр нь хэлүүлээд явна. Зүгээр амаараа хэлээд нэмэргүй. Үеээ нүдлэх нь хамгийн чухал. Үеийг автоматаар цээжлүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан хүүхэд заавал уншиж, бичиж чадна” гэж захисныг анхаарах хэрэгтэй биз ээ.

СУРАГЧИД ЯДРАХААР ГАРАА ДЭРЛЭЭД УНТЧИХНА

Хүүхдүүд нэгдүгээр ангид ороод их ядардаг байна. Анх эхний цаг дээр гараа дэрлээд шүлсээ гоожуулаад унтах тохиолдол олон байсан аж. Дуудахад нүдээ нухлан босоод ирдэг ч цаанаа л нэг унтаа байдалтай байдаг гэнэ. Багш “За миний хүү ариун цэврийн өрөө ороод нүүрээ угаагаад ир” хэмээн явуулахад хэсэг хугацааны дараа цовоо цойлгон болоод ороод ирдэг тухай хэлсэн. Харин одоо хичээлдээ дасаад энэ байдал арилжээ.

Багшийн эцэг, эхчүүдэд хандаж хэлсэн дараагийн чухал зүйл бол үр хүүхдэдээ цаг их гаргаж байх ёстой гэсэн үүрэг даалгавар юм. Д.Цэнгэл багш “Зарим эцэг, эх хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд даатгадаг. Яалт ч үгүй ажилтай учир ингэхээс өөр арга байдаггүй байх. Үүнийг би ойлгодог. Гэхдээ өдөр өнжүүлэх бүхэн эцэг, эхийг орлох хэмжээний анхаарал тавьж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Өглөө 7:00 цагт өдөр өнжүүлэхэд оруулж өгөөд орой 18:00 цагт хичээл тарахад авахаар хүүхэд их ядарна. Ингэснээр хичээлээ ойлгохоос эхлээд хүндрэлтэй зүйл их. Тиймээс хүүхэдтэйгээ цаг зав заавал гаргаж ажиллаж байх ёстой” хэмээлээ. Ер нь эцэг, эхийн ажиллагаа дутсанаас болж хүүхэд нэг хоцорчихвол бусдыгаа гүйцэж түрүүлэхэд ихээхэн цаг ордог байна. Сургуульд удахгүй хүүхдээ элсүүлэх эцэг, эхчүүд ч үүнийг анхаараад авахад илүүдэхгүй.


ХҮҮХДҮҮДЭЭ ХАРААД БҮХНИЙГ МАРТДАГ

Эрдмийн баярын зураг татуулах, хүүхдүүддээ дурсамжийн зүйлс өгөх зэргээр завгүй гүйх багшаас та мэргэжлийнхээ юунд нь их хайртай вэ, хүүхдүүдтэйгээ хамт байхад ямар байдаг вэ хэмээн асуухад нүднээс нь баяр баясал, догдлол улам бүр ундарсан юм. Багш “Хүний амьдрал өдөр бүр аз жаргалтай байдаггүй. Эрээн бараантай, бүх зүйл ээлжилдэг. Заримдаа тааламжгүй зүйл тохиолдсон үед сургуулийн хаалга татаад, анги руугаа ороод хүүхдүүдээ хараад л бүхнийг мартдаг. Хүүхдүүдийг маань инээд, шуугиан бүх зүйлийг гэгээлэг болгодог. Ер нь анги руугаа орохоор л би бүхнийг мартчихдаг юм. Тэгээд ажлаа тараад гараад явж байхад гэрээс залгаж тэгнэ ингэнэ, тийм зүйл авчирна гэсэн яасан бэ гэж сануулж байх жишээтэй. Миний анх багшилж байсан хүүхдүүд одоо ахлах ангид орж, зарим нь их сургуулиа дүүргэж ажил амьдралд хөл нийлүүлэн алхаж байна. Заримтай нь фэйсбүүкийн найзууд. Тэгээд оруулсан постыг нь уншихаар тэднийгээ өөрийн мэдэлгүй анхаараад байдаг. Манайхан намайг хааяа урина. Тэгээд уулзаад суухаар би хэлдэг юм. Чи тэгсэн үү, ингэсэн үү гэх зэргээр ярихаар та яаж мэдсэн юм бэ гэж гайхдаг. Багш хүн судлаач, сэтгэл зүйч болдог. Заримдаа над руу залгаад зөвлөгөө авна. Саяхан ангидаа байж байтал одоо оюутан болсон 10 гаруй сурагч маань гэнэт ороод ирсэн. Том залуучууд ороод ирэхээр би уйлчихсан. Багш мэргэжлийн нэг сайхан нь энэ юм даа” хэмээн ярилаа.

1(11) ангийнхан ч мөн сайн суралцаж, багш, эцэг, эх, өвөө эмээгийнхээ ачийг бага ч болов хариулах нь гарцаагүй биз ээ. Бүгд л их цовоо цойлгон, найрсаг, бас ч гэж сурлагын амжилтаараа тэргүүлдэг байна. Эрдмийн баяр нь таалагдаж байна уу, бүгд хичээлдээ сайн шамдаж байгаа биз дээ гэхэд дуу нэгтэй л “Тийм ээ. Гоё байна. Манай ангийнхан нэг нэгэндээ тусалж сайн суралцдаг” хэмээн хариулах аж. Мөн дэггүйтэх үе байдаг ч багшийнхаа үгийг сайн сонсож үгэнд нь ордог гэдгийг хэлж байсан.



БАГШДАА, АНГИЙНХАА НАЙЗУУДДАА БҮГДЭД НЬ ХАЙРТАЙ

Тэдний дундаас “ъ” болсон Н.Бэлгүдэйтэй ярилцлаа.


-Анх хичээл хийх хэцүү байсан уу. Одоо даалгавраа сайн хийж байгаа биз дээ?

-Эхэндээ хэцүү байсан. Дараа нь хичээлээ хийсээр байгаад одоо амархан болчихсон.

-Сурахад хамгийн хэцүү ямар үсэг байв?

-Ф үсэг. Анх хэлэхэд хэцүү, бас уншихад сонин санагдаад байсан.

-Ямар хичээлд дуртай вэ?

-Тооны хичээл гоё. Өгүүлбэртэй бодлого бүр гоё.

-Хичээлээ хэнтэй хийх дуртай вэ. ангидаа олон найзтай байх?

-Баяржавхлан, Тэмүүлэн хоёртой хичээл хийх дуртай. Бид гурав бие биедээ их тусалдаг. Бас нэг юмаа мартчихсан байвал харамлалгүй өгдөг. Ер нь ангийнхаа бүх хүүхэдтэй найзууд.

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Нисгэгч, зохион бүтээгч болохыг хүсдэг. Өөрийнхөө зохиосон онгоцоор хүүхэд, мөнгөгүй хүмүүсийг авч ниснэ ээ.

-Ангийнхаа найзууд, багшдаа хандаж юу хэлэх вэ?

-Багшдаа, ангийнхаа найзууддаа бүгдэд нь хайртай шүү. Үгэнд нь сайн ороорой гэж хэлье.

ЭМЭЭ, ӨВӨӨ ДЭЭРЭЭ ӨССӨН ХҮҮХДҮҮД ХЭВЛҮҮХЭН БАЙДАГ

Бага ангийн хүүхдүүдийн дунд хөгжилтэй зүйлс олон тохиолддог байна. Д.Цэнгэл багш Говьсүмбэр аймагт 10 орчим жил ажиллажээ. Нэг удаа сурагчийн ширээн дээр байсан номыг шууд аваад сурагчдад энэ даалгаврыг хийх ёстой хэмээн тайлбарлаж байтал номны эзэн харж байснаа “Хүний юмыг өөрийн юм шиг авчихлаа” гэсэн байна. Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхдүүд ийм хэвлүүхэн байдаг аж. Мөн яагаад гүйгээд байгаа юм бэ гэхэд “Би жоохон л хурдалсан ш дээ” гэх зэргээр хэлж, багшийг тавих тайлбаргүй болгох тохиолдууд байдаг тухай ярив. Түүнчлэн, Говьсүмбэр аймгийн бага ангид багшилж байхад тохиолдсон нэгэн явдлыг өгүүллээ. Тэрбээр “Мартын найман болоход хөвгүүд нь охиддоо бэлэг өгдөг. Тэр тохиолдол бүрт манай ангийн нэг охин бэлэггүй үлддэг байсан юм. Ээж аав нь анхаарал муу тавьдаг. Амьдрал ахуй нь зутруухан. Эрүүл мэндийн хувьд сайнгүй. Байсхийгээд эмнэлэгт хэвтдэг охин байлаа. Тийм болохоор хөвгүүд тэрийг сугалахгүй гэж боддог юм шиг байгаа юм. Би ч гадарладаг. Тиймээс санаа зовдог байлаа. За тэгээд сугалаа сугаллаа. Хэн нь сугалсан бол гээд ажиглаад байлаа. Тэгсэн нэг бор хүү сугаллаа. Ширээндээ очоод суулаа. Ярвайж байна. Дургүйцэж байна. Ширээ нэг цохиж авч байна. Гэтэл араас нь нэг найз “хэнийг сугалсан бэ” гэж асууж байна. Сонсоод л байлаа. Тэрийг сугалсан, би лав бэлэг өгөхгүй гэж байна шүү. Тэгтэл нөгөөх нь “чамайг өгөхгүй болохоор хэн өгөх юм” гэж байна. Тэгсэн “өгөхгүй л гэсэн бол өгөхгүй” гээд гүрийж байгаа бололтой. Би ч очоод гуйлаа. Бэлэг өгөхгүй гэж байгаа юм биш биз дээ гэлээ. Тэгсэн ард нь сууж байсан найз нь гэнэт “чи ямар гэр бүл болж амьдрах гэж байгаа биш. Зүгээр л бэлэг өгөх юм чинь өгчих за юу” гэдэг юм даа. Тэгсэн нөгөөх нь нээрээ тийм шүү дээ гээд инээгээд. Ямар хөөрхөн хэлдэг юм бэ гэж бодсон. Надаас илүү сэтгэж байгаа байхгүй юу. Би ухаанаа олохгүй яая даа гэж байхад тэгж хэлсэн” хэмээн ярив.


БАГШДАА БАЯРЛАЛАА

Онц дүнгийн төлөө бус зөв хүн болгож төлөвшүүлэх нь чухал болохыг багш захисан. Ялангуяа, хүүхдүүдийг багаас нь номтой нөхөрлүүлж, уншиж, сэтгэж сургах хэрэгтэй аж. Ахлах ангид ороод номтой нөхөрлөнө гэвэл хэцүү. Тиймээс багаас нь номтой нөхөрлүүлснээр ядаж л сууж сурна, улмаар номонд дуртай болсоноор цэгцтэй зөв мэдээллээр хангагддаг байна. Фэйсбүүк хөгжих, интернэтээс олон төрлийн мэдээлэл авах болсноор сөрөг үр дагавар ч гарах болсон байна. Тухайлбал, мэдээллээр илүү их хангагдсанаар тэндээсээ зөв бурууг нь шүүж чаддаггүй. Ингэснээр их мэдэгч болчихсон. Тэгээд багшийн өмнөөс заавал тайлбар тавьдаг гэх зэрэг сөрөг хандлага гардаг аж. Тиймээс номтой нөхөрлөхийг эрхэм багш захисан юм.

Г.БАТЗОРИГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: Төрсөн сум, өссөн газар, төгссөн сургуульдаа тусалдаг болчихвол хүн болж төрсний хэрэг тэр

Үндэсний бөхийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулж явсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Рэгжийбуугийн Нямдоржтой нийгмийн гэгээрлийн талаар хөөрөлдлөө.


-Нийгмийн гэгээрлийн холбоо байгууллаа гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Нийгмийн гэгээрлийн ажлыг Данзан бид хоёр 2005-2006 оны үеэс эхэлсэн юм. Тэр үеийн баримт гэвэл “Нийгмийн гэгээрлийн төлөө” уриатай “Жин” гээд сэтгүүл байна. Таван ч дугаар гарсан. Анхны 2006 оны есдүгээр сарын дугаарын хавтсан дээр гэхэд ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай заларч байлаа. Бөхийн холбоог 2006 онд өгчихөөд нийгмийн гэгээрлийн ажлаа хийе гэсэн бодолтой байсан ч хурал хуралдаж өгөхгүй хойшлоод байсан. Данзан бид хоёрыг сүүлийн хориод жил бөх барилдуулчихсан болохоор бөхийн спортын улс гээд ойлгочихсон. Бид хоёр чинь МУиС-ийн физикийн ангийг хамт төгсөөд Данзан тэндээ багшлаад, би хуулийн салбарт багшлахын тулд хуулийн анги төгсөн, тэндээ 15 жил ажиллахдаа лабораторийн эрхлэгч, багш, деканы алба хашиж явсан улс. “Амьдрал таньсан хүний үг” гэдэг номыг 2007 онд гаргасан. Монголын 12 алдартнаас өмнө нь аваагүй сэдвээр ярилцсан.

-Хэн хэний яриа орсон ном билээ?

-Хөдөлмөрийн баатар Д.лувсаншарав, Пүрэвдорж, Ж.Хайрулла, ардын жүжигчин Цогзолмаа, Жаргалсайхан, төрийн шагналт зохиолч Д.Гармаа, Д.Батбаяр, Долгорын нямаа, ардын уран зохиолч Д.Цоодол, төр нийгмийн зүтгэлтэн Ц.лоохууз, Шагдарсүрэн багш нарын ярилцлага орсон. нийгмийн олон төрлийн авьяастай эрдэмжчихсэн энэ хүмүүсээс хүний амьдралын утга учир, хүн бэрхшээлийг хэрхэн давж туулах ёстой вэ, яаж амьдрахыг зөв гэж үзэх вэ гэсэн асуултуудад хариу авсан юм. ийм ажлуудыг бид тухайн үедээ “Нийгмийн гэгээрэл сан” төрийн бус байгууллагын нэрээр хийж эхэлсэн. одоо бид үүнийгээ “Нийгмийн гэгээрлийн холбоо” болгоод ажиллаж байна.

-Нийгмийн гэгээрлийн ажил гэж юуг хэлээд байна?

-Хамгийн товчоор хүнд зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл бий болгоход чиглэнэ. Энэ бүхэн хүмүүст түгээмэл ойлголт л доо. Арай том сэтгэгчдийн үзэж буйгаар бол зөв үзэл гэдэгт энэрэн нигүүлсэхүй сэтгэл орох юм байна. Зөв бодол гэхээр шунахын сэтгэлгээнээс ангижрахыг хэлж буй юм. Зөв тэмүүлэл гэхээр үйлдэл, амьдрал үйлээ зөв үзэл, зөв бодолд тулгуурлаж явуулах юм байна л даа, хүн төрөлхтний хувьд бол. Өнөөдөр хүмүүс юуг зөв, юуг буруу гэж ойлгож байна гэхээр хулгай хийх, худлаа ярих буруу гэж ойлгож байгаа. Бидний хувьд нийгмийн гэгээрлийн ажлаа дөрвөн чиглэлд тодорхойлсон.

-Ямар дөрвөн чиглэл тодорхойлов?

-Нэн түрүүнд, Монголын ирээдүй хойч үед Монголоо дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлнэ. ямар ч хүнээс “Та Монголоо дээдэлдэг үү” гэхээр “Дээдэлдэг” л гэдэг. “Та юуг нь дээдэлдэг вэ” гэхээр онгон дагшин байгалаа ч юм уу, Чингис хаанаа дээдэлнэ гэж ганц хоёрхон юм хэлдэг. Монголоо дээдлэх үзлийг яаж хүнд бий болгох вэ гэсэн нэгдмэл цогц ойлголт тогтоогүй байгаа. Үүнийг хүн бүхний тархинд суулгах учиртай. Монголоо дээдлэх үзэлтэй болохын үр дагавар Монголоо дорд үзэх үзэлгүй болж төлөвшинө. Удаах нь, эх орондоо туслах сэтгэлгээг хүн болгонд бий болгож амьдралд нэвтрүүлье гэж байгаа юм. одоогийн нийгмийн араншин ч юм уу, хүмүүс хүнээс, эх орноос юу авах вэ л гэдэг сэтгэлгээтэй болчихсон. Хүн өөрөө төрснөө бодоод хүн тодорхой эцэг эх, нутагт харьяалагддаг шиг утга агуулгаа бодвол хүн байгальдаа, бусдадаа тусалж байх ёстой. Өгч байх ёстой.

-Хариутай бол бариутай гэдгийг л эергээр хэрэгжүүлэх нь байна шүү дээ?

-Тийм. Хүн хаа нэг газар төрөөд, бас хаана ч юм өсдөг юм байна. Хүн бүхэн аль нэг сургууль төгсдөг юм байна. Төрсөн сум, өссөн газар, төгссөн сургууль гэж хүн болгонд бий. Хүн болгон ядуу, баянаас үл хамааран төрсөн сум, өссөн газар, төгссөн сургуульдаа хүн бүхэн тусалъя л даа. Тийм биз дээ. Хүн яаж туслах юм бэ гэдэгт “Нутаг-100” гэсэн хөтөлбөрийг боловсрууллаа.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын жишээ байна. Туслах ажлыг тэр нутгаас төрсөн баян хүн заавал хийнэ гэсэн утгаар биш, ерөөсөө л тухайн нутагт төрсөн хүн бүхэн амь олсон газартаа төлбөр төл, заяа хайрласан нутагтаа тус бол гэсэн аргачлалыг бид боловсруулсан. “Олны олон таван цэн” гэдэг төслөөр л нутаг орон маань хөгжиж цэцэглэнэ.

-Эх орон сумаас эхэлдэг гэдэг ч сайхан үг шүү. Хүн бүхэн ийм л сэтгэлээр хандвал ч болоод явчих байх шүү?

-Туслах ажлын санхүүжилтийг босгоход тухайн нутгаас бизнес хийж байгаа хүнээс хэдэн сая төгрөг авъя гэхээс илүүтэй тухайн нутагт төрж, өссөн боломжийн 100 хүнээс сард 50 мянган төгрөг авахад л тэр нь жилд 600 мянган төгрөг болно оо доо. Энэ хагас тэрбум төгрөгөөр улсаас, төр засгийн хийж чадахгүй байгаа мөртлөө тэр нутагт аж төрж буй хүмүүсийн тавлаг, эрүүл амьдрах боломжийг хангаж өгөх зүйлд зарцуулбал эх орондоо тусалж буй хэрэг мөн өө дөө. Ямар ч хүн сум, дүүрэг, хороо гээд харьяалагдахгүй газар үгүйеэ дээ. Манай Чандманийнхан гэхэд зуун хүн яг ийм байдлаар ажиллаж байна. Энэ зуун хүнээ “Мөнхийн дурсгал” гэсэн байгууламж барьж мөнхөлнө. Өнөөдөр арван хэдтэй миний ач, зээ одоогийн биднээс насаар ах болсон ч үр удмаа дагуулж очихдоо дээд өвгөөрөө бахархах болно оо доо. “Чандмань-100” хөтөлбөрт гэхэд 15 бүлэгт хуваагдах зуун ажил тусгагдсан. Энэ хөтөлбөр Монголын 335 суманд хөдөлгөөн болж өрнөвөл Монголын ард түмэн эх орондоо тусалдаг уламжлал тогтоно. Би үүнд ач нараа хүртэл багтааж хамруулсан. Манайхан сумынхаа сургуулийг их сайхан тохижуулсан. Говь-Алтайд, Монголд тийм сайхан газарзүй, дуу хөгжмийн танхимтай сургууль өөр байхгүй.

-Гурав дахь ажил тань юу билээ?

-Хүн хүндээ туслах хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэн дадуулах ажил байна. Энэ угаасаа монголчуудад байсан чанар л даа. Монгол хүний бусад үндэстнээс илүү ялгарч байгаа зүйл нь ах дүүс, амраг саднаа гэсэн халуун сэтгэл. Бид Япон, Германд ажиллаж, амьдарч байсан улсаас нэлээд судалгаа явуулсан. Герман хүн монголчуудын юуг сонирхож байна вэ гэхээр “Яаж танайхан шиг ах дүүсээ гэдэг сэтгэлтэй болох вэ” гэж гайхширч байна гэж байгаа. Хүн хүндээ тусалдаг халуун сэтгэл Монголд байж байгаа. Бараа таваар экспортолно гэдэг шиг Монгол дэлхийд юу зааж өгөх вэ гэвэл нэг брэнд нь халуун сэтгэл юм. Энийг өнөөгийн хөрөнгө хөөсөн нийгэмд байнга дадуулж, сануулж байх юм. Өөрийг чинь ирэхээс өмнөхөн би “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш нарт лекц уншаад ирсэн.

-Дөрөв дэх нь юу байх бол?

-Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийг иргэн бүрт төлөвшүүлмээр байна. Ойлголт зөв бол үйлдэл зөв гэсэн логик байхгүй юу. Юмыг хэрхэн ойлгосноос үйлдэл нь тийм болчих учраас нийгмээрээ зөв ойлголттой болчихмоор байна. Жишээлбэл, нам гэдгийг Монголын ард түмэнд туйлшруулаад ойлгуулчихсан. Намд аав, ээжээсээ илүү хайртай болгочихсон шүү дээ. Нам гэдэг тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, тэр үзэл санааг нийгэмд хэрэглэх үү, үгүй юу гэдэг институтици. Намыг дагахгүй бол амьдрал сүйрчих юм шиг, ах дүүс хоорондоо муудах үзэл санааг Монголд тогтоочихсон. Жаргалыг гэхэд бас л буруу ойлгуулчихсан. Жаргал гэж ухаандаа Богд уул шиг юм байгаад тэр өөд авирах юм шиг л бодоод байгаа. Жаргал гэж юу юм бэ гэхээр сэтгэл санаа амгалантай байх мөч болгон л юм. Чи бид хоёр сайхан хөөрөлдөөд сууж байгаа чинь жаргаж байгаа байхгүй юу. Түүнээс биш эд хөрөнгө, байшин сав барихад жаргалын мөн чанар оршихгүй. Сэтгэлийн амар амгалан жаргал юм бол эхнэр нөхөр хоёр хэрэлдэх гэж байснаа болих хэрэгтэй. Энэ бүхнээс зөв ойлголт зөвдөөд явах жишээтэй юм. Нийгмийн гэгээрлийн зорилго үүнд чиглэнэ.

-Та бүхэн нийгмийн гэгээрлийн ямар ажлууд хийж байна?

-Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийн төлөөх нийгмийн гэгээрлийн хөтөлбөр гээд арван хоёр жилийн хөтөлбөр гаргалаа. Эхнийх нь “Эрдэмт хүн-улсын баялаг” гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. ШУА-ийн жинхэнэ гишүүн 16 академич оролцсон. Эднээс “Хүний амьдралын утга учир юу вэ” гэсэн асуултад хариу аваад бүтэн нэвтрүүлэг бэлтгэж байна. Үүнийгээ бид телевизийн шинэ контент гэж үзэж байгаа. Оюун санаа нь хөгжчихсөн хүмүүсээс амьдралын алтан мөрдлөгүүдийг мэдэж авна гэсэн үг. Бүтэн жилд хорин нэвтрүүлэг явна. Удаахь нь “Үгийг тань сонсъё” нэвтрүүлэгт Монгол Улсын ардын болон гавьяат багш нар оролцож байгаа. Нэвтрүүлэг “ТВ-5” сувгаар гарна. Монголын залуучуудын олзуурхууштай зан чанарын тухай, багш хүний эзэмшвэл зохих гурван чухал зүйлийг яриулж байна. Мөн л хорин дугаар явна. Нийгмийн гэгээрлийн сэдвээр онцгой ойлголт тогтоочихсон хүмүүсийн яриа ч орно. Эмч Шагдарсүрэн гэхэд “Болих сэтгэлгээ”-ний тухай ярьдаг. Болих сэтгэлгээ дэлхийд ид хүчээ авч байгаа юм билээ. Бусдаас авах сэтгэлгээ, бэлэнчлэх сэтгэлгээг л хазаарлахыг хэлээд байна шүү дээ. “Эх орондоо тусалъя” нэвтрүүлэг энэ оны намраас “TВ-5” сувгаар цацагдана. Мөн “Ухаарлын номууд” цувралаар “Амьдрал таньсан хүнээс суралцах бичиг”, “Монголоо дээдэлье”, “Яаж жаргах вэ”, “Зөв явахыг зүйр үгээс асуу”, “Дэлхий Монголоос суралцагтун” гэсэн тус бүр нь наян нүүр бүхий найман ном бүтээнэ. Энэ ном хэний ч амьдралд хариултаа хүлээж байдаг бэрхшээлийг яаж даван туулах вэ, хүний амьдралын утга учир, амжилт гаргахад, амьдрахад ач тусаа өгдөг ямар зан чанар байдаг вэ гэх мэт арван асуулт хариултаас бүрдэж байгаа.

-Үнэхээр өгөөжтэй л гэгээн үйл болж дээ?

-Энэ номын уншигч арван хүний зуун хариултыг уншина. Зуун хариултыг уншсаны дараа өөрийн бодол эргэцүүллээр шинэ хариулт гарган номонд байгаа “Таны хувилбар” гэсэн зориулалтын зайд гараараа бичих юм. Бичсэн хариулт нь тухайн хүний цаашдаа мөрдөх үзэл баримтлал болохын зэрэгцээ уг номоор дамжин үр хүүхэд, ач зээ нарт нь өвлөгдөн үлдсэнээр хойч үеийнхэн маань амьдралын тодорхой асуудлаар зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэлтэй болж сайн нийгэм төлөвшихөд нөлөө үзүүлэх юм. Энэ ном бол залуу үеийг амьдралд бэлтгэхэд чиглэгдсэн, урьд өмнө хаана ч гарч байгаагүй, хамгийн амархан уншигдах, хамгийн өгөөжтэй бүтээл болсон. Тиймээс энэ бүтээлийг айл бүхэнд хүргэх учиртай. Үр хүүхдэдээ хар буруу санадаг хүн орчлонд нэг ч байдаггүй болохоор эцэг эхийн үг хүнд маш үнэтэй. Тиймээс аавынх нь гараараа бичсэн арван асуултын хариу хожим хойно асар их үнэ цэнтэй алтан өв болж хадгалагдана. Манай Нийгмийн гэгээрлийн зорилго ийм гэгээн төсөл боловсрууллаа. Аливаа оюуны удирдагч гэдэг чинь оюуны тодорхой өндөр түвшинд гарчихсан улс байдаг. Эрдэм мэдлэг, авьяас чадварыг өндөр үнэлдэг нийгэмтэй болчихсон байхад Монгол Улсын маань ирээдүй ямар сайхан гэрэл гэгээтэй болно гээч.

-Та бүхний нийгмийн гэгээрлийн үйл хэрэг чинь Томас Морын “Наран хот” зохиолд гардаг шиг сайхан нийгмийг цогцлоох гэсэн хэт утопи мөрөөдөл юм биш үү?

-Ер нь одоо бидний шилжин орсон нийгэм бол эд хөрөнгө, материаллаг баялгийг сайтар бий болгодог гэдэг нь дэлхийд батлагдчихсан. Хамгийн гол нь хүн чанар, ёс суртахууныг их доошлуулдаг гэдэг нь амьдрал дээр ч харагдаж байгаа. Өмнө нь ч хүмүүс мэдэрч байсан юм билээ. Жишээлбэл, Английн ерөнхий сайд У.Черчиль “Энэ нийгэм бол тийм ч төгс мундаг тогтолцоо биш. Гэхдээ энэнээс сайн нийгмийн тогтолцоог хүн төрөлхтөн бодож олоогүй байгаа учраас бид түүнийг сайжруулж хөгжүүлэн зохицож аж төрөхөөс өөр аргагүй” гэж хэлсэн байдаг. Манай Монголд айлчилж ирсэн гадны хөгжилтэй улсын эрхэм дээд ханхүү “Энэ нийгэм бол эд зүйлийг бий болгоно. Энэ нийгэм ёс суртахууныг үрж балладаг нийгэм” гэж хэлсэн. Монголчуудад дэлхийд гайхуулах юм их байна. Тэрний нэг нь халуун дулаан сэтгэл. Японд арван долоон жил уулзаагүй ах дүү хоёр байна гэж байгаа. Надад их ойрхон жишээ ч байна. Ама Бямбадоржийн ойрын нэг чинээлэг япон хүн байгаа. Бидэнтэй хамт хоол унд идээд явдаг. Тэр баян Амад “Би танай гэр бүлээс хүн яаж амьдрах ёстойг ойлгосон. Тиймээс би энд тэнд тарсан хүүхдүүдээ цуглуулж, өөрийн компанидаа авчирсан” гэж хэлсэн байгаа юм. Энэ чинь тэр өндөр хөгжилтэй орны иргэн биднээс суралцаж байгаагийн нэг жишээ мөн биз. Монголын уламжлалт анагаахын шинжлэх ухааны академич Болд юу гэж ярив гэхээр Германд нэг хүн ээжийнх нь нас барсан тухай бичиг асрамжийн газраас ирснийг мэдэлгүй ажилдаа улайран халаасалчихаад оршуулсных нь дараа л мэдээд харамссан тухай юм. Болд академич юу захиж байна гэхээр “Монголчуудынхаа энэ халуун дулаан сэтгэлийг хадгалж үлдмээр байна. Асрамжийн газрыг Монголд олноор бий болгомооргүй байна. Эцэг эхээ хайрладаг ёсоо уландаа гишгэлгүй явах сан” гэж бидний нэвтрүүлэгт орохдоо ярьж байсан. Дэлхийд монголчуудаас сурах зүйл тэгэхээр их байгаа биз.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баярмаа: Засгийн газар ард түмний хяналтаас гарчихлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянадаг тогтолцоог хасч баталсан нь олон нийтийн дунд багагүй маргаан дэгдээгээд байна. Хууль үйлчилж эхэлснээр Засгийн газрын шийдвэрүүд шүүхийн хяналтаас гарах эрсдэлтэйг хууль зүйн салбарынхан онцолж байгаа. Тэгвэл үүнээс дутахааргүй өөр нэг том эрсдэл нь ард түмний төр засагт тавих хяналтыг хуулийн өөрчлөлтөөр үгүй хийж байгааг иргэний нийгмийнхэн ярьж эхэллээ. Энэ талаар “Төлсөн авснаа нийтэл” эвслийн зохицуулагч, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.


-Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахааргүй болгосон хуулийг УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт баталлаа. Нийтийн эрх ашгийг өмгөөлдөг иргэний нийгмийнхэнд Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт хэрхэн тусч байна вэ?

-Захиргааны хэргийн шүүх байгуулагдахад иргэний нийгмийн байгууллагуудын уул уурхай, ашигт малтмалтай холбоотой нэхэмжлэх эрх хязгаарлалттай байсан. Харин Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Гэхдээ хязгаарлалтууд хэвээрээ байгаа. Байгаль орчин, уул уурхай, ашигт малтмалтай холбоотой захиргааны олон байгууллагын хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн эсрэг эрх нь зөрчигдсөн жирийн иргэд тэр бүр эрхээ хамгаалж явж чаддаггүй. Тэдний өмнөөс иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд хандаад явдаг. “Төлсөн авснаа нийтэл” олборлох үйлдвэрлэлийг ил тод болгодог чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын гишүүн байгууллагууд гэхэд бараг аймаг бүрээс нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулбал, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Төв гэх мэт уул уурхайтай бүх аймаг, орон нутгийн Засгийн газар, захиргааны байгууллага, тэдний засаглал, удирдлагатай холбоотой гомдлууд байгаа юм.

Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар энэ олон хэргүүдээр эхнээс нь шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдүүлэх боломжтой болсон. Гэтэл энэ өөрчлөлтөөр иргэний нийгмийн байгууллага нийтийн эрх ашгийг өмгөөлөх боломжоо алдлаа. Магадгүй өнөөдөр хүртэл захиргааны хууль бус шийдвэрийн эсрэг нэхэмжлэл үүсгэхээр явж байсан, хэрэг үүссэн ч захиргааны шүүх хойшлуулж, буцааж байсан гэх мэтчилэн олон ажиллагаа явагдсан хэргүүд байгаа. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл гэдэг олон жилийн нөлөөлөл, зүтгэл, тэмцэл, шаардлага, шахалтын үр дүнд бий болдог. Захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэрэг 3-4 жил явж байж шийдэгддэг. Гэтэл энэ бүх зүйл буцаад эхнийхээ цэг дээр очиж байна.

-Захиргааны ерөнхий хуулиар нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан ямар жишээ байна вэ?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй үндэслэлээр Засгийн газрыг шүүхэд өгөөд нэхэмжлэлээ тогтоолгож чадсан. “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар суманд олгогдсон 21 мянган га талбайн лиценцийг анхан шатны шүүхээр хууль бус байна гэдгийг тогтоолгосон гэх мэт нааштай алхмууд гарч эхэлж байсан. Гэтэл энэ их ажиллагаа буцаад бүрхэг байдалд орох нь.

Одоо уул уурхайн баялгийг ашиглана, алтыг эдийн засгийн эргэлтэд оруулна гээд УИХ-ын тогтоол гаргалаа гэхэд энэ малгай дор Засгийн газар ямар ч шийдвэр, үйл ажиллагаа, үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа орон нутгийн захиргааны байгууллагуудын хууль бус үйлдэл хамгаалагдаад явах эрсдэлтэй. Эцэст нь байгаль орчин сүйрлээ, нутгийн иргэдийн эрх ашийг хохироолоо гэхэд шүүхээр иргэд эрхээ хамгаалуулах ямар ч боломжгүй болж байна. Энэ бол маш аймшигтай ухралт.

-Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэсэн Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны дүгнэлт байна. Өнөөдрийн хуулиар бол Үндсэн хуулийн Цэцтэй маргах боломжгүй шүү дээ?

-Үндсэн хуулийн Цэцэд 2005 онд нэр бүхий хэсэг иргэд гомдол гаргахад Цэц Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаж. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц өнөөдөр ямар байгууллага болчихсон байгаа билээ. Цэцийн дээр мөнх тэнгэр байна уу, бид мэдэж байгаа. Улс төр, бизнесийн бүлэглэл, эрх барьж байгаа нам л байгаа.

-Бас гомдол, маргааныг Захиргааны хэргийн шүүхээс өөр субьектэд гаргах эрх нь нээлттэй гэж байгаа?

-Засгийн газрын шийдвэрийг УИХ хяначихна гэж байгаа. Төрийн эрх мэдэл ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой. Засгийн газар өөрөө ямар байгууллага вэ гэдгээ ойлгохоо байх нөхцөл рүү орж байна. Энэ бол эрх мэдлийг хуваарилах, эн тэнцүү байх, харилцан бие биенээ хянах тогтолцоог үгүй болгосонтой холбоотой. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсонтой, давхар дээл өмссөнтэй холбоотой. Бие биеэ хянах, засаглал хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхгүй болтлоо төөрөлдөж том андуурч байна.

Цэц өнөөдөр Үндсэн хуулийг зөрчсөн байна уу, үгүй юу гэдгийг хянаж чадахгүй болчихсон байгууллага. Тэнд байгаа хүмүүс хэний ч нөлөөгүй, лоббид автахгүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг хянах ёс зүйн болон ёс суртахууны чадвартай хүмүүс биш. Ямар их будлианыг өнөөдөр хүртэл хийж ирлээ. Цэцэд иргэд хэзээ ч итгэхгүй.

-Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийн гол үндэслэлийг Эрдэнэтийн 49 хувийг төрд буцааж авахтай холбож зарим улстөрч тайлбарлаж байгаа. Эрдэнэтийн орд газар бас л Монголын баялаг гэж үзвэл ард түмний баялгийг хамгаалсан шийдвэр биш үү?

-Магадгүй Эрдэнэтийн 49 хувийг төрд эргүүлж авах гэж, ард түмэнд таалагдах гэж, тэдний эсэргүүцлийг зогсоох гэж ийм арга тактик хэрэглэж байж болно. 49 хувийг буцаагаад төрд авчихаад тендергүй, хяналтгүйгээр дахиад өөр хэн нэгэнд өгчихөд буцааж түүнийг нь шүүхдэх аргагүй. Тэр нь бүр илүү аюултай. Засгийн газрын гаргасан шийдвэрийг ямар нэгэн байдлаар эргэлзээнд оруулах үндэслэлгүй болгох эрсдэлтэй.

Үнэндээ энэ 49 хувь гэдэг чинь ард түмэнд бус нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжүүлж байгаа л явдал. Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал руу халдаж байна. Засгийн бүх эрх мэдэл бол ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн 3.1 дэх заалт бий. Бас тус хуулийн 6.1-д Монгол орны газрын дээр, доорх бүх баялаг, газрын хэвлий, ус, агаар, байгалийн бусад бүх нөөц ард түмний мэдэлд байна гэсэн том хоёр заалт руу халдлаа. Үндсэн хуулиар олгогдсон ард түмний мэдэлд байх ёстой Засгийн эрх рүү, байгалийн баялгийн эрх рүү халдлаа. Төрийн эрх мэдэл ингэж хэтрэхэд эсрэгээрээ ард түмний эрх, эрх чөлөө хумигддаг зүй тогтолтой.

-Тэгвэл ард түмэн төрд төлөөлсөн хүмүүсийн шийдвэрийг хянах боломжгүй боллоо гэж ойлгож болох уу?

-Засгийн эрх мэдлийг ард түмний гарт байгааг илүү баталгаажуулсан хэлбэр нь Захиргааны ерөнхий хууль байсан юм. Мэдээж бид Үндсэн хуулийг барина. Энд нэг том эрх алдагдаж байгаа нь байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг заалт Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөөр үгүйсгэгдэж байна. Энд Үндсэн хуулийн зөрчил харагдаж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэхдээ Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж Үндсэн хуулийн дүгнэлтийг үндэслэж байж өөрчлөлт оруулж байна. 2005 оны дүгнэлтээс хойш өнөөдөр 2019 он хүртэл явж ирсэн практикаас буруу байжээ гэдэг нь харагдаж байгаа. Цэцийн дүгнэлтээс хойш Засгийн газар шийдвэрээ шүүхээр хянуулахаа больсон. Маш дураараа шийдвэрүүд гаргасан. Энэ дураараа гаргасан шийдвэрүүдээс болж ашигт малтмал, байгалийн нөөцийг ашиглахтай холбоотой маш олон иргэдийн эрхийг зөрчсөн. Иргэд эрхээ хамгаалуулахаар олон газраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон хэрэг үүсээд байгаа.

Энэ олон асуудлыг шийдэх газар бол шүүх. Шударга ёсыг тогтоох эрх мэдэл шүүх дээр байгаа. Гэтэл ийм байдлаар захиргааны шүүхийн хянан шалгах эрх мэдэл рүү, бие даасан байдал руу эрээ цээргүй халдаж байна.

-Нийтийн эрх ашгийг хамгаалж Захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн хэргүүд цаашид яаж үргэлжлэх нь тодорхойгүй болчихов уу?

-Захиргааны шүүх дээр ашигт малтмал, өмч хувьчлал, байгалийн нөөц, газартай холбоотой маргаан дийлэнх байдаг. Эдгээр гол гомдол, маргааны асуудал шүүхийн хяналтаас гарахаар болж байна. Одоо бол Захиргааны шүүх агентлагаас дооших цөөн тооны томилгооны асуудлыг шийднэ. Үндсэндээ энэ шүүхэд хийх ажил байхгүй. Ард иргэд, иргэний нийгмийнхэн бид ч гэсэн байгалийн баялгийг хянаад явлаа, хууль бус байна гэдгийг гаргаад ирлээ, хичнээн хэлээд захиргаа үүн дээр чихгүй, дүлий, ямар ч реакци үзүүлэхгүй байх нь тэдний дурын асуудал болно. Бид үүнийг чинь шүүх дээр аваачиж хариуцлагын асуудал ярьдаг байсан. Тэр зүйл байхгүй болчихлоо. Засгийн газар хүссэнээ хийнэ, хэн ч зогсоож чадахгүй.

-Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих нэг гарц байгаа?

-Энэ хуулийн өөрчлөлтөөр Захиргааны хэргийн шүүх стратегийн орд, ашигт малтмал, өмч хувьчлал гээд УИХ-ын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэрүүдийг хянахгүй болж байна. Гэтэл төрийн өмчийн хувьчлалын асуудал, ашигт малтмалын орд нөөц, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой асуудал бол өнөөдөр төрд байгаа олигархуудын булаацалддаг, маш их ашиг сонирхолтой хэсэг юм. Тиймээс энэ хууль зогсохгүй тэр чигээр батлагдах байх. Хориг ч тавигдахгүй байх магадлалтай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг нэрийн дор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг тал болчихоод байгаа.

Маш их үгсэн хуйвалдсан, зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор бэлтгэж гаргасан хууль боллоо. Өнгөрсөн жилийн Хаврын чуулганаар хэлэлцсэн асуудал шүү дээ. Тэр үед гишүүд дэмжээгүй, буцаасан. Өнөөдөр УИХ-ын бүрэлдэхүүн хэвээрээ байгаа. Тэд өмнө нь гаргасан шийдвэрээсээ буцаж байна гэдэг энд эрх ашиг байна гэсэн үг. Иргэний нийгмийн хяналт, оролцоо, хариуцлага тооцох бүх боломж энэ хуулийн өөрчлөлтөөр байхгүй болж байна. Нийтийн баялаг, нийтийн өмч хөрөнгийг хууль гаргаж байж тонон дээрэмддэг хуульчлагдсан тонуул гэдэг ажиллагааны маш том жишээ бол Захиргааны ерөнхий хуульд хийж байгаа энэ өөрчлөлт боллоо.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй “Яг түүн шиг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Манай сонины даваа гариг бүрт уламжлал болон гардаг “Танайд өнжье” булан энэ удаад Уран зохиолын шүүмжлэлд “гал өрдсөн” доктор Г.Батсуурийнд өнжлөө

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй “Яг түүн шиг хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцала, Чуулганы эргэн тойронд болж өрнөсөн үйл явдлыг багцлан хүргэлээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.АмгаланНийгмийн аюулгүй байдлыг хангахад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль чухал үр нөлөөтэй” гэлээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй хийсэн ярилцлагыг уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ