Categories
мэдээ улс-төр

Г.Батхүү агсны амь насаа алдсан газар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Энэ үеэр УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Та бүхэн болсон эмгэнэлт хэргийг мэдэж байгаа. Бид өнөөдөр Ардчилсан намын дэд дарга бидний журмын нөхөр, итгэл үнэмшил үзэл бодол нэгтэй Г.Батхүү агсны өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан түүний гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Түүнчлэн энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд ташаа мэдээлэл гараад байгаа. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай онцгой обектод Улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн амь насаа алдсан нь олны анхаарлын төвд байгааг ойлгож байна. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага энэ үйл явдлын үнэнийг хурдан шуурхай олж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.” гэв.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Аудитын байгууллага сайн ажиллавал төр, төсөвт нүүрлэсэн хулгай байхгүй болно

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Төсвийн байнгын хорооны ажилтнууд ажиллалаа.

Төрийн аудитын байгууллага нь 98 жилийн түүхтэй бөгөөд 1922 онд Засгийн газрын Хянан байцаах хэлтэс нэртэй байгуулагдсанаас хойш 13 удаа бүтэц чиг үүргийн өөрчлөлт оржээ. 2003 онд Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар тус байгууллага эрх зүйн шинэ тогтолцоонд шилжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилсон бөгөөд тэрбээр 2003 оноос хойш томилогдсон тав дахь Ерөнхий аудитор болсон байна.

Улсын хэмжээнд нийт 389 аудитор ажиллаж байгаагаас 80 гаруй хувь нь мэргэшсэн санхүүч, нягтлан бодогч нар аж. Нэг аймагт 10-12 хүний бүрэлдэхүүнтэй аудитын байгууллага үйл ажиллагаа явуулдгийг Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд танилцуулав.

2018 онд нийт 4104 аудитыг гурван төрлөөр хийж гүйцэтгэжээ. Үүнээс санхүүгийн тайлангийн аудит 3806, гүйцэтгэлийн аудит 201, нийцлийн аудит 97-г хийсэн байна. Төрийн аудитын байгууллага жилд зөвхөн санхүүгийн аудитыг 6213 байгууллагад хийх ёстой ч хүний нөөцийн боломж хүрэлцээгүйгээс 50 хувьд нь гүйцэтгэдэг гэнэ. Ажилтнуудын ажлын ачаалал их байдаг бөгөөд нэг ажилтан дунджаар жилд 30 гаруй мянган илүү цаг ажилладаг аж. 2018 онд гүйцэтгэсэн гурван төрлийн аудитаараа 18.8 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Үндэсний аудитын байгууллагын хийсэн тайланг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлдэг болж, 2018 онд 6 тайланг хэлэлцүүлсэн нь сайн жишиг болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн хараат бус байдлыг бусад улс орны жишгээр Үндсэн хуулиараа баталгаажуулах шаардлага байгааг ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын албаны дарга бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Батбаяр хэлж байна. Мөн Компанийн тухай, Төрийн аудитын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад давхардал, зөрчил байгааг нэг мөр болгох, төсөв санхүүгийн хараат бус байдлыг хангах, боловсон хүчнийг сургаж, бэлтгэх тал дээр УИХ-аас анхаарал хандуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байлаа. Тодруулбал, хуучин тогтолцооны үед мэргэшсэн, салбартаа олон жил ажилласан нягтлан бодогч нарыг шилж, шигшиж авдаг байсан бол одоо залуучууд голдуу ажиллаж байна. Нэг талаар давуу талтай ч нөгөө талаар төрийн болон аудитын ажлын дадлага туршлага дутмаг байдаг гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн аудитын байгууллагын гаргаж буй дүгнэлт үлбэгэр, үйл ажиллагаа сулбагар байна гэсэн шүүмжлэл их байгаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдаж бий болсон орлогын зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага бол танайх. Аудитын байгууллага сайн ажиллавал төсөвт, төрд хулгай байхгүй болдог хуультай. Гэтэл төсөвт, төрд хулгай нүүрлэлээ гэсэн яриа газар авсан. Эндээс үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, эрс өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон гэдэг нь тодорхой байна. Аудитын байгууллага сайн ажиллавал авлигын индекс буурна. Авлигын хэрэг ч багасна. Ард түмэн шударга ёсыг хүсэж, хүлээж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар чансаа, үр ашиг ямар байгааг та бүхэн надаар хэлүүлэлтэй мэдэж байгаа. Төр, төсвийн хулгайг зогсоож чадвал манайх шиг нөөц баялагтай улс орон асар хурдацтай хөгжиж байгаа жишиг бий.

Дээр үед Ардын Хянан Шалгах Хорооны шалгалт чанартай, үр дүн сайтай байсан. Арга хэмжээ тооцогддог байсан. Өнөөдөр та бүхний танилцуулгад 18 их наяд төгрөгийн зөрчил илрүүллээ гэж байгаа ч түүнийг төлүүлсэн, арга хэмжээ авсан зүйл сонсогдсонгүй. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, төрийн хяналт шалгалтын үйл хэрэгт шинэчлэлт өөрчлөлт хийж, хариуцсан ажилдаа амжилт гаргахыг хүсье” гээд УИХ-ын зүгээс Төрийн аудитын тухай хуулийг өөрчилж, цахим тогтолцоонд шилжүүлэх, ажилтнуудын мэдлэгчадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ

Нидерланд дуучин “Евровидение 2019” тэмцээний ялагч болов

Израилийн Тель-Авив хотноо өнгөрсөн бямба гаригт “Евровидение-2019” тэмцээний эцсийн шалгаруулалт болж өндөрлөв. Тус тэмцээнд 26 орны дуучид өрсөлдсөн байна. Нидерландын дуучин Дункан Лоуренс “Arcade” хэмээх дууг дуулж, тэргүүн байранд оржээ. Ингэснээр ирэх жилийн тэмцээнийг дуучны төрсөн нутаг болох Нидерландад зохион байгуулах эрхтэй болж байгаа юм. Тэмцээний ялагч Дункан Лоуренс “Би энд байгаадаа туйлын баяртай байна. Юу мэдэрч байгаагаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Маш аз жаргалтай байна. Мөрөөдөл маань ийн биеллээ. Энэ нь том мөрөөдлийн төлөөх ялалт юм” гэжээ. Тэмцээний шүүгчид эцсийн шалгаруулалт болохын өмнө Дункан Лоуренс ялах магадлалтайг онцолж байж. “Евровидение-2019” тэмцээний хоёрдугаар байранд итали дуучин Махмууд “Soldi” дуугаараа шалгарчээ. Харин удаахь байрыг Оросын дуучин Сергей Лазарев “Scream” бүтээлээрээ хүртсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр: Талийгаач Г.Батхүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Юуны өмнө талийгаач Г.Батхүүгийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь яах аргагүй би мөн тэр үед цаг нь тэгж таараад манай өрөөгөөр ороод гарсан. Нүүр нь нилээн улайлттай ах нь эмчилгээ хийж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би бүлгийн хурал руу орсон” Гэлээ.

Үргэлжүүлэн сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Талийгаачийг бие хамгаалагчтайгаа хамт явдаг байсан гэсэн. Тэр үед хэнтэй явж байсан бэ?

-Ганцаараа явж байсан.

-Тухайн үед хүн маргалдаж байгаа, чанга ярьж байгаа зүйлс сонсогдож байсан уу?

-Тийм юм байхгүй.

-Тантай уулзахдаа ажлын хэсгийн хуралд нь суусан олон улсын авто уралдааныхаа талаар ярьсан уу?

-Талийгаачийн удирдаж байсан холбоо бол авто машин, мотоциклийн холбоо. Манай холбоо бол тусдаа. Торгоны зам уралдаан долдугаар сард болно гээд ярьж байсан. Би ч бас мэдэж байсан. Миний ойлгосноор Төрийн ордны гурван давхарт З.Энхболд даргын өрөөнд хурал нь болсон юм шиг байгаа юм. Манай төрлийн холбооны өнгөрсөн таван жилийн ажлын дүгнэлт, тамирчдын цол зэргийн асуудал яригдах гэж байгаа. Тамирчдын цол зэргийн асуудлыг Г.Батхүү агсны тэргүүлж байсан холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар хамтраад шийддэг. Миний зүгээс манай холбооны тамирчдын цол зэргийн асуудлыг шийдээч. Хамгийн эхний том тэмцээн зургадугаар 14-15-нд болно. Долдугаар сард олон улсын тэмцээн болно. Тиймээс үндсэн холбоотойгоо хамтраад хурлаа хийе. Хоёулаа 44 мянган авто спорт сонирхогчдынхоо өмнө хэвлэлийн хурал хийгээд хамтран ажиллая гэсэн ажил хэрэгч зүйл ярьсан.

-Сэтгэл санааны хувьд ямархуу байсан бэ?

-Зүв зүгээр явж байсан. Нэлээд жин хассан нь анзаарагдсан. 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй

-Таныг цагдаагийн байгууллагаас шалгасан уу?

-Талийгаачтай уулзсаны дараа 19 цаг 10 минутанд бүлгийн хурал руу орсон. Цаглаагийн байгууллагаас надаас гэрчийн мэдүүлэг авсан. Хаана таарсан, юу ярьсан тухай надаас асуусан. Өөр тодорхой мэдээлэл алга байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ

Image result for ЦЕГ

УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Гаваагийн Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад “Төрийн ордны нэгдүгээр давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна. Цагдаагийн байгуулга шалгаж байгаа учраас олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна” гэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Наки дахин ялагч болжээ

“Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг. Тэгвэл шоуны гурав дахь дугаар өчигдөр /2019. 05.19/ олны хүртээл болж дуучин Б.Нацагдорж буюу Наки ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Тэрбээр ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэрийн “heaven” дууг гайхалтай амилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Сонирхуулахад, тэрбээр өмнөх дугаарт “Luis Fonsi”-гийн “Despacito” дуугаар дугаарын ялагчаар шалгарч дөрвөн сая төгрөгийн эзэн болсон билээ. Шилдэг найман оролцогчид дараагийн дугаарт хос үзүүлбэрийг үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

VI сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөөрэй

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлж байгаа. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 0 болон 5-аар төгссөн бол та тавдугаар сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм гэж гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн арилжааны банкуудад нэхэмжлэх үүссэн тул та өөрт ойр дурын банкинд хандан татвараа төлж болно. Мөн доорх татварын цэгүүдээр ч үйлчлүүлж болно.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс

/БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн билээ.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байдаг.

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн;
  • Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах;
  • “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг;
  • Хүүхдийн зуслангуудын өдөрлөг;
  • Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр;
  • Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”;
  • Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ;
  • Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан;
  • “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг;
  • Хүүхдүүдийг хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах;
  • Холбогдох бусад.

Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны энэ сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын cooperation@mongolchamber.mn, Монголын хүнсчдийн холбооны mfia_ngo@yahoo.com цахим хаягаар тус тус бүртгэж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчдэд өгөх боломж:

  • Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн хураамж төлөхгүй;
  • Үзэсгэлэн худалдааны хугацаанд төв тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн ивэнт зохион байгуулах;
  • Хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулах;
  • Дараах номинацид бүтээгдэхүүнийхээ нэр дэвшүүлэх:
    • “Хүүхдэд зориулав” Гран при;
    • “Хүүхдэд зориулав” Экспортын шилдэг бүтээгдэхүүн;
    • “Хүүхдэд зориулав” Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн;
    • “Хүүхдэд зориулав” Шинэ бүтээгдэхүүн.
  • Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох;
  • Үзэсгэлэн худалдааны дараа гарах “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ оруулах /үнэ төлбөргүй/.

Жич: Үзэсгэлэн худалдаанд зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. Талбайн хуваарилалтыг үйл ажиллагааны чиглэлийг харгалзан Зохион байгуулагч хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий, Дорнод, Сүхбаатарын замыг нээлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар хүндэрсэн тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зарим чиглэлийн замыг хаасан. Тодруулбал, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргасан. Энэ дагуу өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын замыг нээлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Азийн ардын урлагийн наадмын дээд шагналтан 4000 евро хүртэнэ

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээг дэлхий даяар нэвтрүүлж байна. Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авчээ.

Их наадам зохион байгуулах хороо энэ наадмыг ирэх 6 дугаар сарын 12-16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. Одоогоор энэ наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казасктан зэрэг 20 гаруй орны 100 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байна.

Энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно. Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүж, Их наадмын Дээд шагнал /Гранпри/ хүртэхэд 4000 eврогоор шагнана. Дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх юм. Наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, Юнескогийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд ажиллаж байна. Их наадмын үеэр зохион байгуулагч болон зочин орнуудын урлагийн тоглолт, нэгдсэн гала тоглолт, азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг үйл явдал болох юм.