Categories
мэдээ нийгэм

30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн хэмжээнд 600 гаруй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. НМХГ-аас 2019 онд сургуулийн өмнөх боловсролын 109 байгууллагад шалгалт хийжээ. Энэ талаар өнөөдөөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийхэд нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй байна. Мөн цэцэрлэгүүдийн 28 нь буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, төрийн бус өмчийн 36 цэцэрлэг буюу 50 хувь нь цэцэрлэгийн байргүй, 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэж дүгнэхэд хүрчээ.

Улмаар шаардлага хангахгүй байгаа 30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлээд байгаа аж.

Төрийн өмчийн 105 цэцэрлэгийг шалгахад 15 хувь нь барилга байгууллага хуучирч, сантехник шугам хоолой элэгдэлд орсон ч засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн байгааг НМХГ-ын байцаагчид хэллээ.

Мөн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин хүүхэд хүлээн авч анги бүлгийн нягтрал ихэссэн байна. Улмаар ариун цэвэр, эрүүл ахуйн норм 1.5-2 дахин их байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадвар алдахад нөлөөлж байна гэж үзсэн байна.

Улсын цэцэрлэгийн ачаалал 40-60 орчим их байдаг аж. Үүнээс улбаалан амьсгалын замын, бохир гараад дамжих халдварт өвчнүүд хүүхдийн нягтаршил ихэссэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Иймд төрийн байгууллагууд хүүхдийн нягтаршлыг багасгахын тул онцгой анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагуудын “Улаанбаатарын уулзалт” арга хэмжээ болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь байгуулагдсан цагаасаа хойш олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, туршлага хуваалцах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зарласан “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн ажлын хүрээнд 2019 онд бид хэд хэдэн олон улсын уулзалт, арга хэмжээнүүдийг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Үүнд:

1.Олон улсын Хэрэглэгчийн байгууллага хоорондын туршлага солилцох “Улаанбаатарын уулзалт” – 6 дугаар сар

2.Азийн хөгжлийн банк, Японы Шударга худалдааны хорооны дэмжлэгтэйгээр Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын дээд хэмжээний уулзалт – 7 дугаар сар

3.Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Бүс нутгийн өрсөлдөөний байгууллагуудын олон улсын хурал” – 9дүгээр сар

4.Өрсөлдөөний Улсын зөвлөгөөн – 10 дугаар сар

5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой, тэмдэглэлт өдрийг 11 дүгээр сард тус тус зохион байгуулах юм. Эдгээр олон улсын уулзалт, арга хэмжээнүүдээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага хоорондын харилцан сайн туршлагаа хуваалцах, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилготой “Улаанбаатарын уулзалт” олон улсын арга хэмжээг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан 2019 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Дэлхийн улс орнуудын хэрэглэгчийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайн туршлагаас хуваалцах, нөгөө талаар улс орон, байгууллагынхаа үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой “Улаанбаатарын уулзалт” олон улсын арга хэмжээнд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Кувейт гэх мэт улсуудын хэрэглэгчийн байгууллагын зочид төлөөлөгчид оролцож илтгэл, мэдээлэл хийх талаар мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

“ОЮУТАН ЦАГДАА-2019” арга хэмжээний бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн онд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 44.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тус арга хэмжээнд зөв боловсон харилцаатай, гадаад хэлний мэдлэгтэй их, дээд сургуулийн оюутнуудыг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл Монголын Оюутны Холбооны 96909041, 80132349 дугаарт бүртгэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг 70108687 дугаарт хүлээн авдаг бөгөөд Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвүүдийг дараах байршлуудад ажиллуулж байна.

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, IV хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Г эрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, IV хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, I хороо, Чингэлтэй дүүрэг гэсэн хаягаар тус тус бүртгэнэ.

Categories
мэдээ улс-төр

Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо

Ерөнхий сайдын 52-р дугаар захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо.

Ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллах юм. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, удирдан чиглүүлэх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан талаар ажлын хэсгийн гишүүдэд хурлын эхэнд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно. Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 02 дугаар сарын байдлаар эдгээр баримт бчигүүдээс 218 нь хүчин төгөлдөр байгаа аж. Тиймээс одоо боловсруулах хөгжлийн баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд хэлсэн үгэндээ онцолсон юм. Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллахаар боллоо. Олон улсын туршлагыг ч ажлын хэсгийнхэн давхар судлаж байгаа бөгөөд ОХУ, БНАХУ, БНСУ, БНКУ-ын зарим жишээг хурлын үеэр хөндсөн юм. БНСУ-ын хувьд 1999 онд “Алсын хараа 2025” хөгжлийн бодлогоо батлуулсан бөгөөд өнөөг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогоо эрчим хүч, ус, далайн эрэг орчмын ус, газар, цаг агаарын өөрчлөлт, тээвэр, зөрчлийн менежментийг голчлон авч үзэн таван үндсэн чиглэл, хэрэгжүүлэх 48 зорилт, 224 тухайлсан зорилттой боловсруулжээ. БНКУ-ын хувьд “Казахстаны хөгжлийн стратеги 2050” хөгжлийн бодлогоо одоо хэрэгжүүлж байгаа бөгөөд “Казахстан улс 2050 он гэхэд дэлхийн тэргүүлэх 30 улсын нэг болно” гэдэг зорилт уг бодлогод туссан байдаг аж. Монгол Улсын цаашдын хөгжлийн үндсийг “Сайн төр, Монгол хүн, Монголын баялаг” хэмээн тодорхойлж, “Нэгдмэл зорилготой Монгол Улс” гэсэн үзэл баримтлалаар олон тулгуурт хөгжлийн бодлого боловсруулахаар төсөл боловсруулсан гэдгээ ажлын хэсгийн зүгээс хурлын үеэр танилцуулсан. Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг авахаар ажлын хэсгийнхэн төлөвлөжээ. Ажлын хэсгийн анхны хуралдаанаас салбар дундын болон салбар хоорондын бодлогын зохицуулалтын асуудлыг хариуцах “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын хэсгийг байгуулахаар болов. Мөн салбар бүрийн цаашдын хөгжлийн төсөөллийг ЗГ-ын яам бүр яаралтай боловсруулж, эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгосон юм. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогыг 2019 оны 11 дүгээр сард ажлын хэсгийнхэн Засгийн газарт танилцуулах юм.

Categories
гадаад мэдээ

Камбожид Улаан Кхмерүүдийн үйлдсэн геноцидийг эргэн дурсах өдөр болов

Камбожийн засгийн газар 2018 онд жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг Үндэсний Санан Дурсах өдөр болгож, бүх нийтээр амарч байх шийдвэрийг гаргаж байв.

Өчигдөр Камбожийн ард түмэн уг эмгэнэлт өдрийг анх удаа дурсаж өнгөрүүллээ.

Түүхийг сөхвөл, 1976 оны тавдугаар сарын 20-ны өдөр Пол Потын толгойлсон Улаан Кхмерүүд хүн амыг бөөнөөр хядах ажиллагааг эхлүүлсэн юм. Камбожийн нийгмийн бүтцийг өөрчлөх харгис бодлогын хүрээнд Улаан Кхмерүүд хүн амыг хотоос хөдөөд нүүлгэж, фермерийн аж ахуйд хүчээр ажиллуулж байжээ.

1975-1979 онд тогтсон энэхүү харгис дэглэмийн үед хоёр сая орчим буюу Камбожийн хүн амын дөрөвний нэг нь амь үрэгдсэн юм. Амь үрэгдсэн хүмүүсийн 60 орчим хувь нь Улаан Кхмерүүдэд цаазлуулсан бол бусад хэсэг нь өлсгөлөн, өвчний улмаас амиа алджээ.

Өчигдөр нийслэл Пном Пенээс холгүй орших геноцидийн талбар байсан газарт жүжигчид Улаан Кхмерүүдийн харгислалыг дүрсэлсэн тоглолт үзүүлсэн байна.


Categories
гадаад мэдээ

Тажикстаны шоронд бослого гарч, 32 хоригдол амиа алджээ

Тажикстаны Вахдат хотноо байрлах чанга дэглэмтэй хорих ангийн хоригдлууд бослого гаргасан талаар “www.nytimes.com” сайт мэдээллээ. Уг үйл явдлын улмаас 32 хүн амиа алдсан болохыг тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.

Тус хорих ангид алан хядах “Исламын улс” бүлэглэлд элссэн гэх шалтгаанаар хоригдож буй нэгэн хоригдогч хүйтэн зэвсгээр гурван харгалзагч, таван хоригдлын амийг хөнөөсөн нь бослого гарах шалтгаан болсон гэнэ.

tajikistan prison зурган илэрцүүд

Эрх баригчид бослогыг хүчээр дарж, хоригдлуудыг оргон зайлахаас сэргийлэх арга хэмжээ авахыг шоронгийн удирдлагуудад даалгасан аж.

Харгалзагчид бослого гаргасан хоригдлууд руу гал нээсэн бөгөөд хагас цаг орчим буун дуу сонсогдсон талаар тус шоронд эргэлтээр ирээд байсан иргэд ярьсан байна.

А.МӨНХЗУЛ

Categories
гадаад мэдээ

Д.Трамп шаардлагатай гэж үзвэл “Ногоон картны сугалаа“-г зогсооно гэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн пүрэв гаригт Цагаачлалын хуульдаа оруулах шинэчлэлийн бодлогoo танилцуулжээ. Тус хуулийн төсөл нь англи хэлтэй, өндөр боловсролтой гадны залуучуудад илүү боломж олгох аж. Хуулийн гол санаачлагч нь түүний хүргэн хүү Жаред Кушнер юм. Хууль санаачлагчид шинэ төслөө боловсруулахдаа Канад, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын Цагаачлалын хуулийг харьцуулж үзсэн гэнэ. Судалгаагаар АНУ-д гадаадаас ирж буй цагаачдын ердөө 12 хувь нь мэргэжлийн ур чадвартай байдаг аж. Харин шинэ хуулиар үүнийг 57 хувь болгохоор зорьж буй юм. Өөрөөр хэлбэл, Д.Трампын дэвшүүлж буй саналд цагаачдыг юуны өмнө мэргэжил, ур чадварын шалгуураар сонгох нөхцөлийг тусгажээ.

Мөн тэрээр иргэдийн ажлын байрыг хадгалах зорилгод шаардлагатай гэж үзвэл “ногоон картны сугалаа”-г зогсоохоо мэдэгдсэн байна. Ардчилсан намын ууган гишүүд түүний энэ үйлдлийг хурцаар шүүмжлээд байна. Учир нь энэ нь АНУ-д хүүхдүүдийнхээ хамт ирээд удаж байгаа хууль бус хэдэн зуун мянган цагаачдын хувьд иргэншил авахад нь саад болох юм байна.

Д.Трампын дэвшүүлж буй хуулийн төслийг Конгрессоор хэлэлцүүлж батлуулахад нэлээд хугацаа шаардана. Гэвч энэхүү санал нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Бүгд Найрамдах намын цагаачлалын асуудлаар баримтлах үндсэн бодлого болох төлөвтэй гэж ажиглагчид үзэж байна. Д.Трамп шинэчлэлийн асуудлын хүрээнд АНУ жилд гадаадаас авдаг цагаачдын тоог 1.1 саяд хязгаарлаж, мэргэжлийн ур чадвар өндөртэй хүмүүсийг илүү олноор хүлээж авахад анхаарах юм.

Д.Трамп мөн хилийн аюулгүй байдлыг чангатгаж, дүрвэгсдэд хатуу бодлого хэрэгжүүлэхээ мэдэгджээ. АНУ-ын өмнөд хил болох Мексиктэй залгаа Тихуана хотод Латин Америкаас хэдэн зуун мянган цагаачид ирээд байгаа аж. Энэ нь тус хоёр орны хувьд толгойн өвчин болоод буй юм. Хүний эрхийн болон сайн дурын байгууллагуудын тооцоолсноор ойролцоогоор 600.000-880.000 хүн хүнд нөхцөл байдалд аж төрж байгаа аж.

АНУ-ын хилийн ажилтнууд зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд хууль бусаар хил давахыг оролдсон 99 мянган хүнийг саатуулсан байна. Энэ нь 2007 оныхтой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт аж. Уг тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа. Д.Трампын засаг захиргаа саяхан Конгресст хандан Тихуанад үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилготой 4.5 тэрбум ам.долларыг яаралтай гаргаж өгөхийг хүссэн билээ. Үүний дараагаар цагаачдын асуудалд хэрэгжүүлэх бодлогыг танилцуулах үеэр жил бүр олгогддог 1.1 сая ногоон картын квотыг хэвээр хадгална гэжээ.

Ажиглагчдын онцолж буйгаар Д.Трамп дээрх үйлдлээрээ 2020 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хүмүүнлэг, цагаачдын асуудалд эмзэг ханддаг гэж харуулахын сацуу иргэдийн саналыг авах гэсэн давхар санаатай гэжээ. Зарим бизнесмэнүүдийн үзэж байгаагаар дээрх хуулийн төсөл нь фермерчин, мөн улирлын чанартай ажил олгогчдын хувьд түр ажилтан хөлслөх боломж олгохгүй гэж харж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батболд: Хууль бус фэйсбүүк хуудсыг хаах эрх “Фэйсбүүк“ компанид л бий

Эрүүгийн цагдаагийн
албаны кибер гэмт
хэрэгтэй тэмцэх
хэлтсийн эрүүгийн ахлах
мөрдөгч, цагдаагийн ахмад
Б.Батболдтой ярилцлаа.

-Цахим орчинд олны
танил жүжигчин, дуучдын
нэрийг ашиглаж фэйж
хуудас нээж хандалт авах
тохиолдол олон болжээ.
Энэ нь эргээд тухайн
хүмүүсийн нэр төрд
сөргөөр нөлөөлдөг. Ийм
төрлийн фэйж хуудасны
ард байдаг админуудад
ямар хариуцлага тооцдог
вэ?

-Монгол Улсын хэмжээнд
цахим орчинд фэйсбүүк групп,
фэйж хуудсууд хэдэн зуун
мянга байдаг. Үүнээс хуурамч
нь ч олон мянга бий. Үүнд
судалгаа хийнэ. Гэхдээ фэйж
хуудасны ард хэн байгааг
тогтооход их ажиллагаа
ордог. Олны танил хүмүүсийн
нэр барьж нэр төрд халдсан
хуурамч мэдээ, мэдээлэл
цуглуулж хандалт авах
тохиолдол элбэг байна. Бид
эхний ээлжинд энэ асуудлын
зорилго нь юу гэдгийг шалгаж
тогтоодог. Жишээ нь, олны
танил улстөрч, дуучин,
жүжигчин гэх мэт нэр алдартай
хүмүүсийн нэрээр хаяг
нээгээд мэдээлэл тавьдаг.
Мэдээлэлд нь дүгнэлт хийнэ
гэсэн үг л дээ. Тухайн хүнийг
доромжилсон мэдээлэл байна
уу, эсвэл лайк шэйр цуглуулах
мэдээлэл байна уу гэдгийг
тогтооно. Доромжилсон, нэр
төрд халдсан, худал ташаа
мэдээлэл тараах зорилготой
мэдээлэл агуулагдсан бол
Зөрчлийн тухай хуулийн
6.21 дүгээр зүйлд зааснаар
хэрэг үүсгэж дүүргүүдийн
цагдаагийн хэлтсүүдэд
шалгадаг.

-Нэр алдартай хүмүүсийн
нэрийг барьж бусдаас
мөнгө залилсан тохиолдол
гарч байсан шүү дээ. Энэ
тохиолдолд яах вэ?

-Хүний нэр барьж бусдаас
мөнгө төгрөг нэхсэн, мэхэлсэн,
залилах гэмт хэргийн шинжтэй
байвал Эрүүгийн хуулийн 17.3
дугаар зүйлд заасны дагуу
хэрэг бүртгэл нээж шалгана.
Тухайн тавигдсан мэдээллийн
агуулгыг нягталж үзнэ.
Зөрчлийн шинжтэй байна уу,
гэмт хэргийн шинжтэй байна
уу гэдгийг тогтооно.
Иргэд лайк, шэйр
цуглуулж байгаа асуудал нь
google лицензид бүртгүүлээд
данс нээчихсэн хандалтын
тоогоор мөнгө авдаг. Ийм
зорилгоор иргэд янз бүрийн
мэдээлэл хийгээд хандалт
авахыг зорьж байгаа болов
уу гэж харж байна. Гүтгэсэн,
доромжилсон мэдээлэл
агуулагдаагүй, хандалтын тоо
өсгөх зорилготой мэдээллүүд
яваад байна.

-Олны танил хүмүүсийн
талаар худал мэдээллийг
хандалт авах зорилгоор
ашиглахад тухайн иргэн ямар нэгэн хариуцлага
хүлээхгүй юм уу?

-Сүүлийн үед жишээ
татахад “Манай гэр бүлд
онцгой явдал тохиолдлоо,
та энэ хаягт хандана уу” гэх
утга бүхий материалууд их
явж байгаа. Уншиж судлаад
зөрчил, гэмт хэргийн шинжийг
нь тодорхойлно.

-Иргэн бүр л цахим
хаягтай болсон байна.
Үүнийг ашиглаж хувийн
хаягт халдаж залилах
гэмт хэрэг үйлдэх
тохиолдол олон гардаг.
Үүнийг халдлагаас хэрхэн
хамгаалах вэ?

-Фэйсбүүк хаяг алдагдаж
байгаа хэд хэдэн тохиолдол
байна. Энгийн жишээ нь
манайхан нэвтрэх нэр,
нууц үгээ утасны дугаараар
хийчихээд байдаг. Ийм
төрлийн хаяг халдлагад өртөх
тохиолдол эрс нэмэгдэж
байгаа. Халдсан этгээдүүд
хувийн чатыг нь уншиж
мэдээлэлтэй нь танилцаж
судалгаа хийдэг. Хэн хэнтэй
мөнгө төгрөг авч харилцдаг
талаарх мэдээллийг нь олно.
Ингээд мөнгө салгахаар
зурвас бичнэ. Энэ нь залилах
гэмт хэрэг.
Мөн фэйсбүүк хаягийн
нэвтрэх нэр, нууц үгийг
хууль бусаар олзолж авах
зорилгоор хортой кодыг
шинээр зохиогоод линкийг нь
иргэдэд илгээдэг. Линкэндээ
сонирхолтой гарчиг өгч байгаа
юм л даа. “Та урьд насандаа
ямар хүн байсан бэ”, “Одод
таны талаар юу хэлэв”,
“Таны талаар сонирхолтой
мэдээлэл нийтэлсэн байна”
гэх зэргээр. Тухайн линк рүү
нь ороход та фэйсбүүкээсээ
гарчихдаг шүү дээ. Нэвтрэх
нэр, нууц үгээ дахин хийгээд
ороход хортой код илгээсэн
хүний компьютерт таны нууц
мэдээлэл автоматаар очдог.
Ингээд л та нэвтрэх нэр, нууц
үгээ алдчихаж байгаа юм.
Энэ бол цахим халдлага. Иргэд анхааруулаад
байхад л хайхрамжгүй
байдлаасаа болж л халдлагад
өртөж байгаа юм л даа. Гар
утсандаа фэйсбүүк хаягаа
нээлттэй орхичихоод, өнөөхөө
хулгайд алддаг. Энэ түгээмэл
ажиглагддаг тохиолдол.
Үүнээс урьдчилан
сэргийлэх арга нь нэр, хаяг
нь тодорхойгүй хүнээс ирсэн
сэжиг бүхий линк рүү орохоос
эрс татгалзах хэрэгтэй. Иргэд
тухайн линк рүү нэвтэрч “Би
урьд насандаа тийм хүн байсан
байна, тэр миний талаар ингэж
хэлсэн байна” гэх мэтийг
цахим хаягтаа нийтэлсэн
байгаа нь харагддаг. Тухайн
иргэний хувийн аккаунт
цахим халдлагад өртсөн байх
эрсдэлтэй гэсэн үг.
Мөн фэйсбүүкийнхээ
нэвтрэх нэр, нууц үгийг тоо
үсэг, тэмдэгт оролцуулж
тайлахад хэцүү байдлаар хийх
хэрэгтэй. Гэхдээ өөрөө мартаж
болохгүй. Иргэд ихэвчлэн гар
утасны дугаараараа нэвтрэх
нэр, нууц үгээ бүртгүүлчихээд
байдаг. Үнэхээр алдаад нэг
өдөр таны ах, эгч ойр дотны
хэн нэгэн мөнгө хүсээд ороод
ирэхэд урьдчилан сэргийлж,
гар утсаар ч юм уу, дуудлага
хийж баталгаажуулах
шаардлагатай. Дараа нь
мөнгөө шилжүүлнэ. Анхаарах
асуудал нь манайхан хэнийх
нь тодорхойгүй данс руу нь
мөнгө шилжүүлчихээд байдаг.
Шилжүүлэг хийхэд ч хялбар,
гар утаснаасаа л хийдэг
болчихсон шүү дээ.

– Цахим орчинд
янз бүрийн нэртэй
бүлгэмүүд(групп) байдаг.
Садар самуун сурталчилсан,
хууль бус худалдаа наймаа
эрхэлдэг гэх мэт. Ийм
төрлийн бүлгэмүүдтэй
хэрхэн тэмцдэг вэ?

-Тодорхой гэмт хэргээс
урьдчилан сэргийлэхийн тулд
нэгдсэн арга хэмжээг зохион
байгуулдаг. 2018 онд “Unfriend”
нэртэй аяныг өрнүүлсэн. Энэ
аяны хүрээнд үүсгэсэн “Хар
жагсаалт” (Blacklist) нэртэй
хуудас, бүлгэмийг нээсэн.
Энэ хаяг руу тухайн хууль
бус үйл ажилагаа явуулж
буй бүлгэм болон, фэйж
хуудсуудын линк мэдээллийг
илгээж болно. “Санхүү өгнө,
авна”, “Санхүүгийн туслалцаа
үзүүлье” гэх мэт нэртэйгээр
үйл ажиллагаа явуулдаг
бүлгэмүүд байдаг.
Эрүүгийн цагдаагийн
албаны кибер гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтэст бүлгэм,
фэйж хуудсуудыг устгах эрх
байдаггүй. Фэйсбүүк компанид
өөрт нь л байдаг. Иргэд
өөрсдөө тухайн хууль бус үйл
ажиллагаа явуулж буй бүлгэм,
фэйж хуудсуудад репорт
хийж болно. Репорт хийснээр
Фейсбүүкээс хаадаг

.
-Танайд хаах эрх нь
байдаггүй юм байна шүү
дээ. Тэгвэл хууль бус үйл
ажиллагаа явуулж буй
бүлгэм, фэйж хуудсуудын
мэдээллийг цуглуулаад
ямар арга хэмжээ авдаг
юм?

– Би яриандаа “ Х а р
жагсаалт” (Blacklist) бүлгэм,
фэйж хуудас байдаг талаар
дурдсан. Энэ хуудас 16 мянга
орчим дагагчтай. Хууль бус
үйл ажиллагаа явуулж садар
самуун сурталчилж байгаа
хуудсуудыг дагагч гишүүд
репорт хийхэд фэйсбүүк
компаниас устгадаг. Уриалах
үйл ажиллагаа явуулдаг.
Садар самууныг сурталчлах,
цахим орчинд биеэ үнэлэхийг
зохион байгуулах хэргийг
Эрүүгийн хуулиас хасаад
Зөрчлийн хуулиар зохицуулдаг
болсон. Энэ нь цахим орчинд
энэ төрлийн үйл ажиллагаа
явуулдаг бүлгэм олшроход
нөлөөлсөн болов уу гэж
боддог юм. Өөрөөр хэлбэл
гэмт хэргийн шинжгүй гэж
үзсэн л дээ.

Categories
мэдээ нийгэм

“Автомашинт эргүүл” иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн, зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд орчмоор иргэд, олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм.

Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан 1-8 дугаар хорооны нутагт төр захиргаа, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын томоохон аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагааг явуулдаг ба өдөрт 400,000-500,000 хүн дамжин өнгөрдөг байна.

Иймд Энхтайваны өргөн чөлөөний Сүхбаатарын талбайн автобусны буудал, МУБИС-ийн автобусны буудал, нүхэн гарц, Нэгдүгээр эмнэлэг, Төв номын сан, МУИС-ийн автобусны буудал, ШУТИС, Хөгжим бүжгийн коллеж орчим, 100-н айлын автобусны буудал, Цэрэндоржийн гудамж зэрэг газарт тодорхой цагуудад автомашинт эргүүлүүд автомашины чанга яригчаар иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, эргүүл шалгалтын ажлыг явуулж байна.
Categories
мэдээ нийгэм

Увс аймагт цагдаагийн ажилтан хүүхэд хүчирхийлсэн хэрэг гарчээ

Увс аймгийн цагдаа М нь албан тушаалаа ашиглан насанд хүрээгүй охиныг хүчирхийлж жирэмсэн болгосон хэрэг гарчээ. Тухайн хэргийг Увс аймгийн цагдаагийн газрын дарга н.Лхагвадорж зохион байгуулалттайгаар нуун дарагдуулж байгаа гэж тус аймгийн иргэд мэдээлж байна.

Мөн тухайн аймгийн иргэн Д гэгч ЕБС-ийн сурагчтай бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгосон, үүнийг ч бас олон нийтээс нууж байгаа аж.