Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанкны МЭДЭГДЭЛ

Өнгөрсөн өдрүүдэд цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Худалдаа, хөгжлийн банкны удирдлагын талаар эх сурвалжгүй, худал мэдээллүүдийг санаатайгаар олон нийтэд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар цацаж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсаас Олон улсын зах зээлд бонд амжилттай гаргасан Монгол улсын хамгийн анхны аж ахуйн нэгж, цорын ганц арилжааны банк бөгөөд нийтдээ 5 удаагийн бондыг амжилттай гаргаж, тухайн бондуудаа цаг хугацаанд нь амжилттай эргүүлэн төлж харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдалгүй, бизнесийн үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдын дунд Монгол улсын банк санхүү, бизнесийн салбарын нэрийн хуудас болсон банк гэдгээ нэр төртэйгөөр харуулж ирсэн.

Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нь Олон улсын зах зээл дээрээс 6 дахь удаагийн буюу 5-н жилийн хугацаатай 300 сая ам.долларын бонд арилжаалах албан томилолттой явж байгаа. Энэхүү арилжаа нь амжилттай хийгдсэнээр, Монгол улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа энэ үед Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгалах болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд жинтэй хувь нэмэр оруулах юм. Энэ чухал ажлыг гүйцэтгэж буй цаг мөчид санаатайгаар Худалдаа, хөгжлийн банкны бизнесийн нэр хүндэд халдаж, энэ ажлыг унагах, саад болох гэсэн оролдлого мэдээллүүдийг зохион байгуулалттайгаар олон нийтэд цацаж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд, Худалдаа, хөгжлийн банкны болон удирдлагын талаар огт үндэслэлгүйхудал мэдээллийг олон нийтэд түгээж, тус банкны нэр хүндэд ноцтойгоор халдаж буй нэр бүхий, бүртгэгдсэн хуулийн этгээдүүдийг энэхүү хууль бус үйлдлээ даруй зогсоохыг шаардаж, эдгээр хууль бус үйлдэлтэй холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай хамтран банкны зүгээс хатуу тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2019.05.23

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярын тоглолтыг М.Ариунтуяа найруулж байна

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон холбогдох гишүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж санал хүсэлтээ нэгтгэлээ. Энэ жилийн төв талбайн баярын тоглолтыг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон хариуцан ажиллаж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч МУСТА М.Ариунтуяа ажиллаж байна.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 24-ний өдөр нийтэд мэдээлнэ гэжнийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ширээний теннисийн ахмадын УАШТ эхэллээ

Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо ширээний теннисний ОЧ клубт эхэллээ. Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Чулууны Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлог юм.

Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ-ны зүгээс улсын болон бүсийн спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн тамир спортын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тамирчид, бүх ард иргэд спортоор идэвхтэй хичээллэх боломж илүү сайжирсан болохыг онцлоод тамирчдад амжилт хүслээ.

23 дахь удаагийн Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 аас дээш насны 70 гаруй тамирчин, 70 аас дээш насны 24 тамирчин буюу эрэгтэй 45 баг, эмэгтэй 30 гаран баг оролцож байна. Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад анх удаа Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана. Мөн улс орон даяар ахмад үеийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг Монголын хүүхдийн спортын VI наадамд зохиогдоно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч УИХ-ыг тарах шийдвэр гаргахыг дахин уриаллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр:

-Миний бие урьд тавьж байсан саналаа дахин тавих гэж байна. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах санал гаргасан. Тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболд энэ саналыг УИХ-аас хэлэлцүүлэх боломжгүй гэж надад бичгээр хариу ирүүлж байсан. Хагас жил болоход энэ УИХ-ын хариуцлагагүй байдал улам нэмэгдэж байгаа тул хугацаанаасаа өмнө тарах тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож байна.

Энэ УИХ ард түмний эрх ашигт харшлах олон гэмт зүйлийг удаа дараа хийж ирлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессийн гэрээг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанитай байгуулж, олон алдаатай бодлого явуулснаас огцорсон. УИХ-ын 39 гишүүн ЖДҮХС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан авсан нь тогтоогдсон. Төрийн албыг наймаалж, “60 тэрбум”-аар худалдаж байсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна.

Албан тасалгаандаа архи согтууруулах ундаа хадгалж, хэрэглэснээр хүний амь ч үрэгдлээ. Татварын хуулиар хүний эрхийг зөрчлөө. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь төр. Төрийн албан хаагчид ёс зүйг сахиж ирсэн. Өнөөдөр УИХ нь ард олныг сайн сайханд манлайлах чадамжгүй байна. УИХ маань гэмтнүүдийн чуулга болсныг ард түмэнд ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг та бүхнээс уриалж байна.

Монголын төр өөрийгөө цэвэрлэх чадвартайг монголчуудад төдийгүй дэлхий дахинд үлгэрлэх нь дамжиггүй. Улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд та бүхний эр зоригтой чухал шийдвэрийг гаргахад оройлон дэмжигтүн. Энэ бол та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин нэмэгдэж байна

Голуудын усны түвшин нэмэгдэн хүчтэй үерлэж байна. Хаврын шар усны үерээс сэрэмжлээрэй. 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Хойд тамир, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Булган, Харбут зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 10-30 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрөөс 50-110 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурдсан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн удирдах албан тушаалтнуудад жендэрийн сургалт явуулж байна

Төрийн удирдах албан тушаалтнуудад зориулсан “Жендэр ба Хүний эрх” сургалт 2019 оны 05 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймагт эхэллээ. Тус сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг зохион байгуулж байна.

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэхэд төрийн албан хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилготой энэхүү сургалтыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн төрийн байгууддагуудын удирдлагуудад явуулах юм. Ажлын хэсэг дээрх аймгуудад 2019 оны 05 дугаар сарын 22-29-нийг хүртэл ажиллаж, сургалт нөлөөлийн ажиллагаа явуулахаас гадна Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгана. Шалгалтыг аймаг, сумдын холбогдох төрийн байгууллагуудад хийх бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, төрийн үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчигдөж байгаа эсэхийг тогтоож шаардлагатай арга хэмжээг авах юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс уг ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй ” Монгол Улсад мэргэжлийн , иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь ” төслийн ” Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх ” 3 дахь үр дүнгийн ажлын хүрээнд хариуцан гүйцэтгэж, хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийх юм. УИХ-ын Дэгийн хуулиар Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа оролцох заалттай. Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, мэдээлэл хийх хүсэлт хүргүүлжээ. Тиймээс үдээс хойшхи хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрийн нөхцөлд бус гэрийн нөхцөлд тарган дотор хулгана орсон гэх шинжилгээний хариу гарчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх товчооны ойролцоох “Сансар” худалдааны төвөөс авсан “Сүү” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Амтлаг” тарагнаас хулгана гарч ирлээ гэх мэдээллийг иргэн Б хамгийн анх олон нийтийн сүлжээд нийтэлсэн байдаг. Тэрбээр уг асуудлаар Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан юм. Иргэний гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын лаборатори хулгана гарсан тарагнаас дээж авч шинжлэхэд “Хулгана үйлдвэрийн орчинд уутанд орсон бус гэрийн нөхцөлд орсон” гэдэг нь шинжилгээгээр тогтоогджээ. Одоогоор шинжилгээний дүгнэлтийг Прокурорт шилжүүлсэн тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

Categories
мэдээ нийгэм

“Полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг илрүүлжээ

Гаалийн Ерөнхий Газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК-ийн импортлож буй цемент дунд “полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Тус компаний 11.7 тонн химийн бодисыг гаалийн байгууллагад “цемент” гэж мэдүүлэн, улсын хилээр хууль бусаар нэврүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

​”FIBA 3×3 U18″ ДАШТ ирэх сард Монголд болно

“FIBA 3×3 U18” насны сагсан бөмбөгийн ДАШТ ирэх сарын 3-наас 7-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. Олимпийн төрлийн багийн спортын ДАШТ анх удаа Монголд болох гэж байгаа нь энэ юм. Монголын талаас ч уг тэмцээний бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгаа. “FIBA 3×3 U18” насны ангиллын сагсан бөмбөгийн ДАШТ-д ОХУ, АНУ, Франц, Латви, Аргентина зэрэг 30 гаран улсын эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 багийн 160 тамирчин өрсөлдөх юм. Монголыг төлөөлөн эрэгтэй, эмэгтэй багууд оролцоно. Манай эрэгтэй багийн хувьд АНУ, Латви, Гүрж, Беларусын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтсан бөгөөд эмэгтэй баг Франц, Недерланд, Филиппин, Чех улсын багуудтай нэг хэсэгт оржээ.