Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Инчёон хотод ашигладаг цахилгаан галт тэргийг танилцууллаа

БНСУ-ын Техник, технологийн судалгааны төвийн инженер, профессор Шин Бён Чон тэргүүтэй албаны хүмүүс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа.

Тус судалгааны төвийнхөн цахилгаан соронзон галт тэрэг (maglev) зохион бүтээн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. БНСУ-ын Инчёон хотын нисэх буудалд тус галт тэргийг 2016 оноос ашиглаж эхэлсэн байна.

Уг цахилгаан соронзон галт тэргийг зохион бүтээгч профессор Шин Бён Чон байгальд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, Монгол оны цаг уурын нөхцөлд тохирно гээд олон давуу талтай талаар танилцуулсан юм. Галт тэрэгний дугуй замтайгаа хавирдаггүй учир дуу чимээ гаргаж, тоос, тоосонцор дэгдээдэггүй аж. Нэг бүхээгт ойролцоогоор 115 хүн зорчих боломжтой, зорчигчид цахимаар төлбөрөө төлдөг системтэй, жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг учир эдийн засагт ч хэмнэлттэй гэнэ. Мөн чимээгүй гаргахгүй тул албан байгууллагын дэргэдүүр эсвэл барилгын дотуур явуулах боломжтой юм байна. Тиймээс уг цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж тэд үзэж буй аж.

Улмаар эхний ээлжинд Эхнтайваны өргөн чөлөөний 11.6, Чингисийн өргөн чөлөөний 8.4 км замд явуулах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Нийслэлийн удирдлага дэмжлэг үзүүлбэл үргэлжлүүлэн судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан, шаардагдах зардал, эдийн засгийн үр өгөөжийг судлах санал уулзалтын үеэр гаргасан юм. Мөн нийслэлийн ИТХ-ын даргыг БНСУ-д айлчилж, тухайн техниктэй танилцахыг урьсан.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уг санаачилгаас татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагаанд хүндрэл бий. Хүн ам олон учраас төдий чинээгээр олон автобус явуулах шаардлага гардаг. Энэ нь замын түгжрэлийн нэг том шалтгаан болж байгаа. Нийслэлийн удирдлага үүнийг өөрчлөх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ энэ мэт ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх нь зөв. Харин хамтын ажиллагаа шударга, харилцан ашигтай, эдийн засаг, нийгмийн үр өгөөж өндөртэй байх ёстой. Тиймээс нийгмийн үр өгөөж өндөртэй, эдийн засагт хэмнэлттэй, ухаалаг технологи нэвтрүүлэх сонирхол их байна” гэлээ. Мөн тэрбээр “Бид өмнө нь Улаанбаатар хотод тусгай замын автобус явуулахаар туршсан боловч уг ажил тийм ч амжилттай болоогүй. Нөгөө талаар манайд зардал өртөг багатай, хурдан, хөнгөн, ухаалаг тээврийн хэрэгслийн шаардлага их бий” гээд эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нь нарийн тооцсон, тодорхой, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан танилцуулах санал хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын дарга аа,

Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм.

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ.

Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан Миеэгомбын Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна.

Ийм учраас би УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 – дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

Эрхэм гишүүд ээ,

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя.

  • Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон.
  • УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон.
  • Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.
  • УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна.

Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.

Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

Эрхэм гишүүд ээ,

Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй.

Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун.

Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

‘’Хүүхэд Монголын ирээдүй’’ номын баярm УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо

Өнөөдөр /2019.05.23/ Жанжин Сүхбаатарын талбайд болж байгаа ‘’Номын баяр-2019’’ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Уг баяр жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг Төв талбайгаасаа томоор харах боложмийг хүүхэд багачуудад олгож байгаа зохион байгуулагчдад баяр хүргэж, талархлаа илэрхийлсэн юм. Төв талбайд 130 гаруй асарт номын худалдаа явагдаж байна. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзаж, худалдан авалт хийлээ. УИХ-ын дарга номын асраар зочлох үеэр уншигчдын тоо нэмэгдэж, залуужиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн англи хэл дээрх номын борлуулалт нэмэгдсэн нь уншигчдын хэлний боловсрол дээшилсэн гэдгийг тодотгож байсан юм. УИХ-ын дарга шинжлэх ухааны, судалгааны бүтээлүүдийг түлхүү орчуулж, хэвлэн гаргахыг хэвлэлийн компаниуд болон зохиолчидод санал болгож байсан юм. Энэ жил Халх голын 80 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор номын баярт ОХУ-ын төлөөлөгчид зочноор оролцож байна. Номын баяр гурван өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2019.05.23) Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Ицүка Акио тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус муж нь манай улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлээд 20 гаруй жил өнгөрсөн байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд 20 жилийн түүхт харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх зорилготой байгаагаа ноён Ицүка Акио уулзалтын эхэнд хэлсэн юм. Түүнчлэн Ибараки муж нь хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэлт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлөөрөө Японд дээгүүрт ордог гэлээ. Хоёр улсын иргэд болон муж, аймгуудын харилцааг хөгжүүлэх нь цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг ч тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлээд 1990 оны зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг дурдав. Мөн тэрбээр Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухитог хаан ширээнд заларч, шинэ “Рейва” тоолол эхэлсэнд баяр хүргэсэн юм. Монгол Улс парламентын засаглалтай. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, харилцан айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 2017 онд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монголд, 2018 оны зургадугаар сард УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын гишүүд Японд айлчлал хийсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан парламент хоорондын харилцаанаас илүүтэй орон нутаг, муж, аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газруудын хамтын ажиллагааг ч хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтын үеэр тэмдэглэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой.

Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх, одоо хэрэгжиж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөрт 400 оюутан хамрагдаад амжилттай суралцаж байгааг онцолж байлаа.

Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монголоос Японд гаргах ажиллах хүчний талаар ямар бодлого баримталж байгаа талаар асууж тодруулав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Манай улс олон сая хүн амтай биш. Хөдөлмөрийн насны 1.3 сая хүнтэй учраас залуу ажиллах хүчээ мэдлэг шингэсэн салбарт ажиллуулах сонирхолтой байдаг. Ялангуяа үйлдвэрлэлийн шинэ салбаруудад залуусыг бэлтгэж, сургах хэрэгтэй. Ажиллах хүчийг гадагш явуулахад гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдгийг өмнөх туршлагуудаасаа харж байгаа. Цаашид гадаадад чадварлаг монгол инженерүүдийг “экспортолдог” болох цаг ойрхон байгаа гэдэгт эргэлздэггүй” гэв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэлэлцүүлгээс завсарлага авав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслинй анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байлаа. Гэвч зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүд хангалтгүй байгаатай холбоотойгоор Байнгын хорооны дэмжсэн саналууд унаж, дэмжээгүй саналууд нь дэмжигдэж байлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ирцээ сайн бүрдүүлж байж санал хураалт явуулахгүй бол Байнгын хорооны саналын эсрэг зүйл болоод байна. Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэсэн юм. Гэвч түүний саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Улмаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр уг асуудлыг маргааш өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ажлын хэсэг хуралдлаа

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон холбогдох гишүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж санал хүсэлтээ нэгтгэлээ. Энэ жилийн төв талбайн баярын тоглолтыг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон хариуцан ажиллаж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч МУСТА М.Ариунтуяа ажиллаж байна. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 24-ний өдөр нийтэд мэдээлнэ гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн салбарыг Улс төржүүлэхгүй байхыг уриалж байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцож, үүсээд буй нөхцөл байдалд хариу тайлбар өгч, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын нөр их хөдөлмөрийг улс төртэй хольж хутган, ажил цалгардуулахгүй байхыг хүслээ. Мөн энэ үеэр салбарт хийгдэж буй томоохон ажлуудаас онцлон танилцуулсан юм.


Categories
мэдээ нийгэм

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК арьс ширний арилжаа зохион байгуулна

“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалахаар болсон. Уг ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэн, “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан биржийн арилжааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийжээ

Барилга хот байгуулалтын яамнаас Улаанбаатар хотод 100 мянган айлын, орон нутагт 50 мянган айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавьжээ. Барилга, хот байгуулалтын сайдын хэлснээр, зах зээлд орон сууц байгаа ч иргэд худалдан авах мөнгөгүй байгаа аж. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулах асуудлаар УИХ тогтоол баталсны дараа тус яамнаас орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийжээ. Тухайн үед 5822 орон сууц бэлэн байсан ч төсвийн албан хаагчид ам.метр талбайн үнийг 1.2 саяас доош байлгах хүсэлтэй байсан аж. Барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй бизнесийн зээл авснаас байрны үнээ буулгах боломжгүй гэдгээ мэдэгдэн, мөнгөний асуудал шийдэгдээгүйгээс төрийн албан хаагчдад хямд үнэтэй орон сууц авах бололцоо бүрдээгүй байна. Ипотекийн зээл гурван эх үүсвэрээр олгож байгаа гэж Х.Баделхан сайд хэллээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 айлд 114 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үед 708 айлд 54 тэрбумын зээл олгож байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарласан юм.