Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын комиссын чуулганыг даргална

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын ээлжит 75 дугаар чуулганд оролцож, чуулганы даргаар ажиллана.

Комиссын 75 дугаар чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд “хэнийг ч орхихгүй” гэсэн уриатай Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг Ази, Номхон далайн бүс нутагт хэрхэн бууруулах асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганд Науру Улсын Ерөнхийлөгч Барон Вака, Тувалу, Вануату Улсын Шадар сайд, Бутан, Лаос, Тайланд, Тимор-Лесте Улсын Гадаад хэргийн сайд оролцох бөгөөд АНДЭЗНК-ын 50 гаруй гишүүн улсын төлөөлөгчид чуулна. Түүнчлэн Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдик Хун Сен нар хүндэт зочноор уригдан оролцоно.

Манай улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 45, 55 дугаар чуулганыг даргалж байсан. 20 жилийн дараа чуулганы даргаар ажиллах болсон нь НҮБ болон түүний системийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны сайд чуулганы Бүгд хуралдаан болон Буурай хөгжилтэй, арлын жижиг, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний тусгай хуралдааныг тус тус даргалахаас гадна манай улсын санаачилгаар зохион байгуулах “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээрх тусгай арга хэмжээнд оролцоно. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга агсан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр 05.40-07.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд боллоо.

Г.Батхүү 1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд хуучнаар ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторантыг тус тус төгсөж, 1999 онд ШУТИС-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Монгол Улсад парламентат ёс, ардчиллыг хөгжүүлж төлөвшүүлэх, дэд бүтэц, зам тээврийн салбарын төрийн бодлогыг тодорхойлоход оюун билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдон, Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжил, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад тод томруун ул мөр үлдээсэн төрийн зүтгэлтэн байв. Түүний санаачилж батлуулсан олон хууль тогтоомж эдүгээ Улсын Их Хурал, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Г.Батхүү улс төрийн нөр их ажлын зэрэгцээ төрийн түшээдийн томоохон төлөөллийн хувьд хөрш орнуудтай харьцах харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дэд дарга, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгч зэрэг албан тушаалд өндөр хариуцлага, идэвх санаачлагатай ажиллаж байв.

Тэрбээр үндэсний АПУ компанийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсын тэргүүлэгч аж ахуйн нэгж “Шунхлай” групп болж өргөжсөн бөгөөд олон улсын стандартыг нутагшуулах, шинэ техник технологи, менежмент, маркетингийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Г.Батхүү олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө идэвхийлэн ажиллаж Монголын Ардчилсан Нам хөдөлгөөн, Ардчилсан залуучуудын холбоо, Монголын баг сумдын үндэсний холбоог үүсгэн байгуулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч, даргаар удаа дараа сонгогдон ажиллажээ. Тэрбээр Үндэсний Их баяр наадамд 20, 21 дүгээр зуунд дээд насны 3 морь түрүүлүүлсэн хоёр уяачийн нэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ:

10.00-17.00 цагт: 9, 19, 22, 24, 26-р хороо Шар хадны 13, 20, Цахлайн 13, 15, 19-р хорооны 24, 26, зүүн Алтан-Өлгийн 8-14, Цайзын 25-59, Монелийн 32-53, Жамсран уулын өврийн 4-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 16-р хороо 9-19, 27/Б, 45, 74, 75, 100-104-р байрууд, Альфа моторс ХХК, Саруул тэнгэр хотхон болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР:

11:00-18:00 цагт: 19-р хороо Гоодойн зуслан, Эм Си Ай ХХК,

ХАН-УУЛ:

10:30-18:00 цагт: 10-р хороо Монгол Вояаж, Эрхэт сүлд, Сандей, Морин нуур, Ди Си Би, Рэс, Хийт констракшн, АУМ алт, Боржин зам, Бат бөх ремикон, Арамдаүн Мүёг ХХК-ууд, Тахианы ферм, Иргэн Мөнх-Очир, МТ ШТС-129, 153, Жаргалант-Эко хотхон болон эдгээрийн ойр орчмоор

11.00-14.00 цагт: 10-р хороо Иргэн Аранзал, Гончигсүрэн, Худаг, Батбөх ремикон зуурмагийн үйлдвэр, Арамдаүн Мүёг ХХК МТ ШТС-129, 153 орчмоор,

БАЯНГОЛ:

11:00-18:00 цагт: 10, 11, 20-р хороо 2, 4, 6, 8-р байрууд, МВС групп, Хар Хорин зах, Төмөр транс ХХК, Цаг уурын станц, Горькийн гудамж, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамжууд,

НАЛАЙХ:

10.00-13.00 цагт: 5-р хороо Городок Гандан-Ам

14.00-17.00 цагт: 5-р хороо Городокийн ус сувгийн ажилчдын байр,

11.00-17.00 цагт: Илч Орд НӨГ, Халаалтын зуух

ТӨВ АЙМАГ:

09.00-18.00 цагт: Баянчандмань сум ОБЕГ-ын нөөцийн газар, замын зүүн талын дэлгүүр, гуанзууд, 081-р ЦА, Полигон, Сүүж, Гоо марал, Хааны хишиг, Тод болор, Оч амралтын газрууд, Баасанжав /худаг/

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
гадаад мэдээ

Вашингтоны худалдааны түрэмгий бодлого: Гүтгэлэг ба андуурал

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо орших Цагаан ордон. 2019 оны 3 дугаар сарын 15-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Лю Зе)

Худалдааны маргаанд Бээжингээр буулт хийлгэхийн тулд Вашингтон “худалдааны түрэмгий кампанит” ажил явуулж байна.

Шударга бусаар их хэмжээний гаалийн нэмэлт татвар ногдуулж буй Трампын засаг захиргаа “одоо болж буй худалдааны маргаанд Хятад улс буруутай” гэж олон улсын хамтын нийгэмлэгт итгүүлэх оролдлогыг ч мөн хийж байна.

Хятад улс зориудаар АНУ-ыг их хэмжээний худалдааны алдагдалд оруулж байна гэх худал мэдээллийг Вашингтон анх тараасан.

Дэлхийн нөлөө бүхий эдийн засагчид Вашингтоны энэ мэдэгдэлд хэдэнтээ няцаасан хариу өгсөн билээ.

Йелийн их сургуулийн ахлах судлаач Стефен Роачийн хэлснээр, АНУ 2018 онд 102 улстай алдагдалтай худалдаа хийсэн бөгөөд энэ нь дотоодын нийт хуримтлал эрс хомсдсоны илрэл юм.

Америкчууд чадлынхаа хэрээс хэтэрсэн их юм хэрэглэж, хуримтлал үүсгэхээсээ илүүтэйгээр үрж буй энэ цаг үед АНУ гадаад худалдааны ашгаасаа хуримтлал бий болгож, урсгал дансны алдагдлыг багасгах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын гадаад худалдааны алдагдал нь гадны ямар нэгэн хуйвалдааны нөлөө бус дотоодын бодлого зохицуулалтаас үүдэлтэй байна.

Импортын бараа бүтээгдэхүүнүүдэд гаалийн нэмэлт татвар ногдуулснаар АНУын худалдааны алдагдал усанд хаясан чулуу шиг алга болчихгүй. Үнэн гэвэл энэ л байна.

2018 оны статистик мэдээнээс үзвэл, Вашингтон худалдааны “түрэмгий” бодлого хэрэгжүүлж эхэлсний уршгаар АНУ-ын бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээний худалдааны алдагдал өнгөрсөн онд өмнөх оны мөн үеийнхээсээ 12.5 хувиар буюу 621 тэрбум доллароор өссөн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их алдагдал амссан тохиолдол болжээ.

Хятадтай хийж буй худалдааны улмаас АНУ-д ажлын байрны тоо эрс цөөрч байна гэсэн нь АНУ-ын өөр нэгэн ор үндэслэлгүй гүтгэлэг юм. АНУ-Хятадын бизнесийн зөвлөлөөс гаргасан тайланд дурдсанаар, Хятад-АНУ-ын худалдаа нь АНУ-д өргөн цар хүрээг хамарсан салбарт бараг 2.6 сая хүнийг ажлын байраар хангаж байна.

Гаалийн татварыг нэмснээр нийлүүлэлтийн сүлжээ доголдох учир гаалийн татвар нэмэх шийдвэр нь АНУ-д олон хүнийг ажилгүй болгох магадлалтай байна.

Технологийг хүчээр шилжүүлэн авч, хулгайлж байна гэж Хятадыг Вашингтон мөн буруутгаж байна. Үүнд бүү итгэ. Энэ мэт гүтгэлэг нь АНУын улс төрчдийн оноо авах гэсэн оролдлогоос өөр юу ч биш. Хятадын компаниуд гадаад түншүүдтэйгээ харилцан зөвшилцлийн үндсэн дээр технологи солилцдог.

Сүүлийн жилүүдэд Хятад улс дэвшилтэт технологийн салбарт ихээхэн амжилт гаргасны сацуу инновацийг хөхиүлэн дэмжих, оюуны өмчийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүдийг эрчимжүүлж байна.

Хятад улс нь оюуны өмчийн тухай олон улсын бараг бүх конвенцид нэгдэн ороод байгаа юм. Тус улсын компаниуд патент ашигласныхаа төлбөрийг байнга төлдөг. 2017 онд Хятад улс патент ашигласны төлбөр гэж АНУ-д 7.13 тэрбум ам.доллар өгчээ. Энэ нь тус онд Хятад улсаас бусад улсад төлсөн патентын төлбөрийн дөрөвний нэг хувьтай тэнцэж байна.

Хятад улс нь гадаадын хөрөнгө оруулагчид бизнес эрхлэх орчныг сайжруулахаар шаргуу ажилласаар байна. Энэ оны нэгдүгээр сард АНУын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Шанхай хотод байгуулах үйлдвэрийн шаваа тавьсан. Ингэснээр тус компани нь Хятадад үйлдвэр барих эрх авсан автомашин үйлдвэрлэгч гадаадын анхны компани болсон юм. Тус компанид үйлдвэр байгуулах эрх олгосон нь АНУ-тай харилцан итгэлцлээ бэхжүүлэх гэсэн Хятад улсын хүчин чармайлтын нэг хэсэг билээ.

АНУ-ын засгийн газрын тогтоосон гаалийн нэмэлт татварыг төлөхөөс өөр арга Хятадын талд байхгүй гэсэн Вашингтоны итгэл үнэмшил бол андуурал. Үнэндээ эдгээр нэмэлт татвар нь Хятадад бус америкчуудад ногдуулж буй татвар юм.

АНУ-ын хэрэглэгчид үүний горыг хэдийн мэдэрчэхлээд байна. Чикагогийн их сургуулиас саяхан явуулсан судалгааны тайланд дурдсанаар, гаалийн нэмэлт татвар ногдуулсны дараа Америкт угаалгын машины үнэ дунджаар 12 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, нэг угаалгын машины үнэ бараг 100 орчим доллароор өссөн гэсэн үг.

Хятадтай хийж буй АНУын худалдааны дайныг Америкийн аж үйлдвэрийн салбарынхан эрс эсэргүүцэж байна.

АНУ-ын аж үйлдвэрийн салбарын хэд хэдэн холбоо, тухайлбал Америкийн шар буурцгийн холбоо, Үндэсний жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо болон Мэдээлэл технологийн салбарынхны зөвлөлийн үзэж буйгаар, Трампын засгийн газрын бодлогогүй үйлдэл нь “америкчуудын ажлын байрыг аюулд оруулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдий үнэ өсөхөд хүргэж байна.”

Хятад болон АНУ-ын эдийн засаг нь хоорондоо нягт уялдаатай учир худалдааны дайнаас Вашингтон өөрийгөө “цэвэрхэн” авч гарах боломжгүй юм.

Цаашлаад, Вашингтоны гаалийн нэмэлт татварын стратеги нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хөрөнгийн биржүүд “галзуу хулганад суусан аятай л” байна. Хөрөнгө оруулагчид асар их эргэлзээтэй, дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв байдал ч маш их эргэлзээтэй байна.

Худалдааны түрэмгий, дээрэнгүй бодлого явуулах нь Бээжинтэй өдөөсөн худалдааны маргааныг шийдвэрлэх зөв арга зам биш гэдгийг Вашингтоны шийдвэр гаргагчид ойлгох хэрэгтэй. Хятадын бүрэн эрхт байдал, хууль журмуудыг хүндэтгэсэн худалдааны гэрээ хэлэлцээр л энэ маргааныг шийдвэрлэнэ.

Америкийн шар буурцаг тариалагч Жон Бойд 2019 оны 5 дугаар сарын 15-нд АНУ-ын Виржини муж улсын Васкервилл тосгонд ярилцлага өгөх үеэр авсан зураг. Тэрбээр дөрвөн үе дамжсан шар буурцгийн аж ахуйн эзэн бөгөөд энэ онд тарихаар төлөвлөсөн шар буурцгийнхаа ердөө дөрөвний нэг хүрэхгүй хувийг одоогоор тариалаад байна. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Лю Зе)

ХУДАЛДААНЫ МАРГААН АНУ-ЫН ШАР БУУРЦАГ ТАРИАЛАГЧДЫН ИТГЭЛ НАЙДВАРЫН “ЦОНХЫГ ХААЖ БАЙНА”

ВАСКЕРВИЛЛ. (Синьхуа)

-Худалдааны маргааны улмаас АНУ-ын шар буурцгийн аж ахуй эрхлэгчдийн сэтгэлийн түгшүүр нэмэгдэж, итгэл найдварын “цонх нь хаагдаж байна.”

АНУ-ын Виржини муж улсын шар буурцаг тариалагч Жон Бойд энэ онд тарихаар төлөвлөсөн шар буурцгийнхаа ердөө дөрөвний нэг хүрэхгүй хувийг л одоогоор тариалаад байна.

“Би маш их санаа зовж, бас бухимдаж байна. Үнэхээр сэтгэл дундуур байна” гэж Ж.Бойд ярив.

Энэ долоо хоногийн эхээр тэрбээр Виржини муж улсын өмнөд хэсэгт орших Васкервилл тосгонд орших дөрвөн үе дамжсан гэр бүлийн шар буурцгийн тариалангийн талбайдаа байхдаа “Синьхуа” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Бидний хувьд шар буурцаг тариалалтын цонх хаагдаж байна. Хэрвээ одоо нэг сарын дотор үлдсэн шар буурцгаа тариалахгүй л бол … миний хувьд бүх зүйл дуусна. Зөвхөн намайг ч биш Америкийн бусад шар буурцгийн аж ахуй эрхлэгчийг адил хувь заяа хүлээж байна” гэв.

Ж.Бойд нь газар тариалангийн зориулалтаар 283 га талбай эзэмшдэг бөгөөд үүний 161 га нь шар буурцгийн талбай бол үлдсэн нь эрдэнэ шиш болон улаан буудайн талбай аж. Өдгөө 53 настай тэрбээр өнгөрсөн онд тариалангийн аж ахуйгаа өргөжүүлэхээр төлөвлөж байсан боловч АНУ-ын Хятадтай өдөөсөн худалдааны маргаан сүүлийн саруудад хурцдаж буй нь түүнийг хүнд байдалд оруулж байна.

“Гаалийн татварын асуудал бидэн шиг тариаланчдад үнэхээр хүнд тусаж байна” гэж Ж.Бойд яриад “Хятад улс АНУ-ын шар буурцгийн хувьд хамгийн том зах зээл байсаар ирсэн. Ерөнхийлөгч (Дональд) Трамп … гаалийн нэмэлт татвар тогтоохоо зарламагц л шар буурцгийн үнэ “навс” унаж, бид үнэндээ ямар ч зах зээлгүй болсон гэхэд болно” гэлээ.

Өнгөрсөн зун АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд хэ – дэн тэрбум ам.долларын гаа – лийн нэмэлт татвар ногдуулсны хариуд Хятад улс адил хариу арга хэмжээ авсан нь АНУ-ын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд, түү – ний дотор шар буурцгийн экспортод ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

“Худалдааны маргаан дэгдэхээс өмнө шар буурцаг нэг бушель нь 11 ам.долларын үнэтэй байсан бол одоо 8 хүрэхгүй ам.доллар болоод байна. Өөрөөр хэлбэл, шар буурцгийн үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр, бидний орлого 50 хувиар буураад байна” гэж Ж.Бойд ярьсан юм.

Ж.Бойд хурааж авсан ургацаа тариалангийн талбайдаа хамгийн ойр орших Хятадын гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “WH Group” компанийн Америк дахь охин компани “Smithfield Foods”-т худалддаг байна. Шар буурцгийн үнэ эрс буурахад Ж.Бойд алдагдал авчирсан бүхнээ зарж борлуулсан байна.

Саяхан эвдэрсэн нэг трактораа засварын газраар засуулах мөнгө байхгүй байсан учир Ж.Бойд уг тракторыг өөрөө засах гэж оролдохоос өөр аргагүйд хүрчээ. Шар буурцгийн үнэ өндөр байх үед тэрбээр эвдэрсэн техник хэрэгслээ мэргэжлийн засварчин дуудаж засуулдаг байсан аж.

“Шар буурцгийн үнэ эрс унасан нь бидэнд үнэхээр хүндээр тусаж байна. Бэлэн тоолоод өгчих мөнгөгүй болсон учир “маш их хэрэгцээтэй” техник хэрэгслээ ч засуулж чадахгүй байна. Манай шар буурцгийн аж ахуй санхүүгийн хямралд ороод байна” гэж зургаан хүнийг ажлын байраар хангадаг Ж.Бойд ярилаа. Шар буурцгийн аж ахуйн цаашдын төлөв байдал бүрхэг байгаа учир тэрбээр зээл авч зүрхлэхгүй байгаа аж.

“Бидэнд тохиолдож буй энэ бүх асуудал ерөнхийлөгчийн тогтоосон гаалийн татвараас үүдэлтэй. Түүний энэ шийдвэрийг би “маш муу” шийдвэр гэж үзэж байгаа. Энэ шийдвэрийн улмаас миний бизнесийн ирээдүй бүрхэг болоод байна” гэж шар буурцаг тариалагч Ж.Бойд ярилаа.

АНУ дахь африк гаралтай америк фермерчдийн холбоог үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Ж.Бойд цааш нь ярихдаа “Гаалийн нэмэлт татвар ногдуулах нь АНУ болон Хятад улсын хоорон дахь аливаа асуудлыг шийдвэрлэх зөв арга зам, зөв шийдэл яавч биш. Үүний оронд “илүү дипломат арга зам”-аар асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ чи сайн ярьж чаддаг бол ямар ч муу зүйлийг сайнаар эргүүлж болно гэсэн үг байдаг шүү дээ” гэлээ.

АНУ-Хятадын худалдааны маргааны улмаас Ж.Бойдын сэтгэл санаа маш түгшүүртэй байна.

“Би өдөржин тариалангийн талбайд ажилласныхаа дараа гэртээ орж хурдхан шиг шүршүүрт орчхоод л мэдээ үзэх гэж яардаг. Шар буурцаг тариалагчид бид маш их сэтгэлийн дарамттай байна” гэж тэрбээр ярив.

Өөрт тохиолдож буй эрсдлийг саармагжуулахын тулд Ж.Бойд хэдийгээр ямар ч туршлагагүй ч олсны ургамал хүртэл тарьж эхлээд байна. Энэ ургамлыг тарихад цаг хугацаа их орохоос гадна цаашлаад ургамлыг борлуулах борлуулалтын сувгуудыг бий болгохоос эхлээд олон сорилт түүнийг хүлээж байна.

Америкийн шар буурцгийн холбооны тэргүүн Дэви Стефенс саяхан “Синьхуа”-д ярилцлага өгөхдөө “АНУ-ын фермерчид Хятадад шар буурцгийн зах зээл бий болгохын тулд 40 гаруй жилийн хугацаа зарцуулсан. АНУХятадын худалдааны маргааныг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол Америкийн шар буурцгийн аж ахуй эрхлэгчдийн энэ их хичээл зүтгэл юу ч үгүй салхинд хийсэх нь байна” гэв.

Түүний хэлснээр, 2019 онд шар буурцгийн үнэ улам бүр буурч, агуулах дахь шар буурцгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. “Америкийн шар буурцгийн аж ахуй эрхлэгчид бид АНУын Хятадтай хийж буй эцэс төгсгөлгүй худалдааны маргааны “барьцаа” болмооргүй байна” гэж АНУ-ын Кентаки муж улсад шар буурцаг тариалдаг Д.Стефенс ярьсан юм.

АНУ-ын Засгийн газар өмнө нь шар буурцаг тариалагчдад 12 тэрбум долларын нөхөн олговор олгохоо мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, шар буурцгийн нэг бушель тутамд 1.65 долларын нөхөн олговор олгоно гэсэн юм.

“Энэ нөхөн олговрыг би өнөө хэр нь аваагүй. Нөхөн олговор өгөх ажил маш удаашралтай байна” гэж Ж.Бойд ярив.

Ж.Бойд засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тэд – ний дотор Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердьютэй холбогдох гэж хичээсээр байна.

“Шар буурцгийн аж ахуй эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудаар би засгийн газрын олон хүнтэй уулзах хүсэлтийг удаа дараалан гаргасан. Харамсалтай нь, тэдний нэг нь ч миний хүсэлтэд хариу өгөөгүй, нүдэн балай чихэн дүлий царайлаад явж байна. Засгийн газрын олгоно гээд буй нэг удаагийн нөхөн олговор бидэнд ямар ч хэрэггүй. Бид тусламж хүсээгүй. Зүгээр л хөлс хүчээ зориулан тарьж буй шар буурцгаа урьдын адил боломжийн үнээр борлуулахыг хүсэж байна” гэж Ж.Бойд ярив.

Гаалийн нэмэлт татвар ног – дуулах тухай хамгийн сүүлийн мэдээг сонсоод Ж.Бойдын тэвчээр, итгэл найдвар алдарч эхэлжээ.

“Хэдийгээр сэтгэл санаа түгшүүртэй байсан ч энэ долоо хоногийг хүртэл би бизнесийнхээ ирээдүйг өөдрөгөөр харсан хэвээр байсан. Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд ногдуулах гаалийн татварыг цаашид илүү нэмэх тухай АНУ-ын ерөнхийлөгчийн саяхан гаргасан шийдвэр нь худалдааны маргааныг шийдвэрлэхээр хоёр талын гаргаж байсан хүчин чармайлтыг юу ч биш болгож орхилоо. Фермерчдийн итгэл найдвар, горьдлогыг талаар өнгөрөөлөө” гэж тэрбээр ярив.

Тэрбээр цааш нь ярихдаа “Би одоо яг юу хийхээ мэдэхгүй байна. Энэ хэвээрээ шар буурцгийн аж ахуйдаа найдаад суух хэцүү боллоо. Фермерчид бид өдөр сараар бус жилээр ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Гаалийн татвар ногдуулах тухай ерөнхийлөгчийн удаа дараагийн шийдвэр бидний төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж орхилоо” гэв.

Гаалийн татвар ногдуулахыг болиулах нь шар буурцгийн аж ахуй эрхлэгчдэд тулгарч буй энэ бүх асуудлыг шийдвэрлэх гол арга зам гэж Америкийн шар буурцгийн холбооны тэргүүн Д.Стефенс үзэж байна.

“АНУ-ын шар буурцгийн аж ахуй эрхлэгчид Хятадтай “хэвийн худалдаа” хийхийг хүсэж байна. Бид нээлттэй зах зээлд чөлөөт худалдаа хий – мээр байна” гэж тэрбээр хэлэхийн сацуу яриа хэлэлцээ хийж, харилцан ашигтай шийдвэр гаргахыг АНУ болон Хятад улсад уриаллаа.

Шар буурцгийн аж ахуй эрхлэгч Ж.Бойд болон түүний хамтран зүтгэгчдийн хувьд цаг хугацаа маш хурдтайгаар урагшилж байна.

“АНУ болон Хятад улс хугацаа алдалгүйгээр яг одоо л маргаанаа шийдвэрлээсэй л гэж бид хүсэж байна” гэж Ж.Бойд ярьсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзах боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Тус бүлгийнхэн “Өнөөгийн нийгэмд ажилгүйдэл ядуурал их байгаа учир өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлагатай гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачиллаа. Нийгмийн боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч байгаа ч орлого багатай зорилтот бүлэг энэ төрлийн зээл авч чадахгүй байгаа нь барьцаа хөрөнгөгүйтэй холбоотой” гэж үзэж буйгаа илэрхийлж төр, иргэний итгэлцлийг зээлээр бий болгоно гэж яриад буй. Итгэлийн зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байх бөгөөд төсвөөс эхний ээлжинд 300 тэрбумыг гаргаж уг зээлийн асуудлыг шийдвэрлэх юм байна.

300 тэрбумыг төсвөөс гаргуулна гэж яриад байгаа энэ намынхан төрийн эрхийг 60 тэрбумаар авсан гэх хэл амтай орооцолдож дөрвөн жил болж байна. Өөрсдөө үүнийгээ эсэргүүцэж няцаадаг ч хийсэн бүхнээ хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Үүний баталгаа бол УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыгоо 60 тэрбумыг санаачилж, боловсруулж, гардан хийсэн гол этгээд, гол буруутан хэмээн үзэж суудлаас нь унагахын тулд МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг хоёр сар шахам хугацаанд гацааж шуугиан дэгдээсэн. Эцэст нь М.Энхболдыг чирч буулгацгаасан. 60 тэрбумын асуудлыг тойрсон дуулиан ар араасаа дэгдэж, МАН-ынхан хоорондоо хөлөө жийлцсэнийг иргэд харж л байсан. Юу болж өнгөрснийг бүгд мэдэж байгаа, мартаагүй. 60 тэрбумын асуудлаас болж гурван жил тасралтгүй “дайтацгаасан”. Энэ асуудал нь намжаагүй байхад Итгэлийн зээл гэж юм гаргаж ирж төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэх боллоо. Эрх баригчид судалгаа явуулахад иргэдийн 90 хувь нь банкнаас 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байжээ. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээг хуулийн төсөлд тусгахдаа, 20 сая төгрөг байхаар тооцоолж, зээл олгохдоо иргэдэд хэд хэдэн шаардлага тавина гэв. Хугацаа хэтэрсэн зээлтэй, бусдын зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах гэж буй хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх боломжтой юм байна. Дээрх болзлыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авах боломжтой аж. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Судалгаагаар Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байгааг мэдэж, МАН-ын бүлэг иргэдийн хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төсөл шаардлагатай гэж үзжээ.

Ийм л юм яриад энэ хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганаар оруулж яаралтай горимоор батлуулах тухай ярьж эхлэв бололтой. Эд нар одооноос иргэдэд зээл олгох гэж улайрч байгаа нь ирэх онд болох сонгуультай шууд хамааралтай. Наадуул чинь ямар үйл ажиллагаа төлөвлөж, юу гэж хэлэх нь ойлгомжтой байна. “Манай намыг ялуулбал бид Итгэлийн зээлийг буцааж авахгүй шүү. 20 саяыг тэр чигээр нь бэлэглэе” гэнэ. Ингэж л үгээ бэлдэж, ард түмэндээ гэнэт итгэсэн дүр үзүүлж эхлээд байна. Ийм амлалт өгөхөөр ялахаас яах вэ. Хэрвээ төрийн нэр барьж иргэдэд итгэл үзүүллээ гэдэг нэрийн дор 20 саяар нь хэдэн мянган хүнд зээл хэлбэрээр төгрөг олгоод эргүүлээд авахгүй орхивол Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, энэ улс сүйрнэ. Эрх мэдлийн төлөө явж байгаа хүмүүст эх орон, иргэдийн ирээдүй огтхон ч хамаагүй байдаг. Төрийн эрх мэдлийг авч байвал ард түмэн, улс орон нь мөхөж байна уу, ядарч байна уу өчүүхэн ч хамаагүй. Эрх мэдэлд хүрсний дараа юу ч хийхээс буцдаггүйг та бид сүүлийн дөрвөн жилд харлаа шүү дээ. Одоо энэ Итгэлийн зээл гээчийг нь эсэргүүцэж, эдийн засгийн үндэслэлгүй зээлийг их хэмжээгээр олговол эргэн төлөлтөөсөө эхлүүлээд асар их бэрхшээл тулгарна гэдгийг эрүүлээр харж байгаа хэсэг бий. Ард түмэн ч үүнийг нэг их ойшоолгүй “Тэр их мөнгийг цацсанаас нийлүүлээд томоохон үйлдвэрүүд бариад ажилгүйчүүдийг ажилтай болго”, “Банкны шалгуурыг хангаж чадахгүй байгаа ард түмэн улсын мөнгийг буцааж төлж чадахгүй”, “Банк тоож зээл өгөөгүй байхад 20, 20 саяар нь мөнгө өгье гэж гэнэт сайхан зан гаргаж байгаа нь сэжигтэй” гэх мэтээр туйлын болгоомжтой хандаж, болвол томоохон бүтээн байгуулалтад тэр 300 тэрбумыг зарцуул гэсэн байр суурь илэрхийлж байна. Итгэлийн зээлд эхний жилд 200-300 тэрбумыг олгоно гэж байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс “Судалгаагүй ийм зүйл ярьж байгаа нь эргээд эдийн засагт маш том тушаа, дарамт болно” гэж байгаа юм. Үндэслэл, тооцоотой зүйлүүдийг ярьж байгаа хүмүүсийг “Ард түмэнд мөнгө өгөхийг эсэргүүцэж байна” гэж яллана. Тэр мэдээж. Итгэлийн зээл бол сонгуульд зориулагдсан төлөвлөгөө. Тиймээс Ардчилсан нам үүн дээр “Бид ялбал Итгэлийн зээлийг эргүүлэн авахгүй” гэж адилхан л үзэлцэхээс өөр аргагүй болно. Тийм болохоор эхний ээлжинд Итгэлийн зээлд олгогдох 300 тэрбум төгрөг бол 2020 оны сонгуулийн зардал юм.

Гэнэт л ард түмэн нь ядуу амьдарч, банкинд очоод 1-20 хүртэлх сая төгрөгийн зээл авахын тулд дараалал үүсгэж, ихэнх нь хоосон буцдагийг мэдэж байгаа нь харамсалтай. Хэрвээ сонгууль дөхөөгүй байсан бол ард түмнийхээ ахуй амьдралыг судлахгүй л байж. Өөрсдөө тэрбум тэрбумаар нь ямар ч шалгуургүйгээр ард түмний мөнгө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэгэндээ өгдөг атлаа нэг л өглөө “Бид ард түмэн та бүхэнд итгээд 20 саяын зээл өглөө шүү. 300 тэрбумыг бол төсвөөс өлхөөн гаргачихна” гэх нь ёс зүйтэй үйлдэл биш ээ. Төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар авсан гэгддэг нам одоо төрийн эрхийг 300 тэрбумаар авна гэж даналзаж буйг ард түмэн харж байгаа.

Өрмийг нь идэж, сүүг нь ууж гэдсээ цатгачихаад хусмыг нь ард түмэндээ өгөхдөө цаагуураа сонгуулиар дахин гарч ирэх далд санаа, төлөвлөгөөгөө шингээсэн нь тоогүй еэ.


Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм

08.00 цагт ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнд “Усны салбарын хөгжилд мэргэжлийн байгууллагуудын оролцоо” уулзалт болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө” боловсруулах зорилго бүхий “Боловсролын салбарын судалгаа” хэлэлцүүлэг болно. Утас: 99012549

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Эрүүл мэндийн тэгш байдал ба салбар дундын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно. Утас: 94947115

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Багш хөгжлийн ордонд Ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтнуудыг сүрьегээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх сургалтад хамруулна.

11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Мишээл Экспо төвд “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт болно.

11.40 цагт Мишээл Экспо төвд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдовт БНСУ-ын Бусан хотын “Кандун” эмнэлгийн Элчийн батламж гардуулах ёслол болно.

12.00 цагт “АСА цирк”-ийн гадна талбайд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Халх голын ялалтын 80 жилийн ойн ёслолыг зохион байгуулах Дорнод аймгийн ажлын баг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тогтохсүрэн: Үндсэн хууль ирэх сарын эхээр өргөн баригдах болов уу

-ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГСӨН-

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөнтэй холбоотойгоор багагүй үйл явдал өрнөлөө. Нийгмийн шүүмжлэлд өртөөд буй энэхүү өөрчлөлтийг эргээд хуучин хэвэнд нь оруулах уу. Эсвэл энэ чигээр нь үлдээх үү?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гараад байгаа. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал анх тусгагдаад түүнтэйгээ уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орчихсон юм билээ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст боломж олгочихсон зүйл болчихож байгаа юм. Ойрын үед УИХ-ын зүгээс Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хурдан өргөн бариач ээ гэх чиглэлийг Засгийн газарт өгч байгаа. Энэ хүрээнд авлигын асуудал цэгцэрнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах олон асуудал байгаа гээд байгаа юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргүүд гэх зэрэг асуудалтай холбоотойгоор Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс энэ хаврын чуулганы хугацаанд багтааж тодорхой санал оруулж ирнэ гэж бодож байна.

-Оюу толгойн гэрээний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ тун удахгүй хэлэлцэж эхэлнэ. УИХ-аас Засгийн газрыг Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух чиг үүргийг өгөх үү?

-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсгийн зүгээс Дубайн гэрээг хүчингүй болгох, 2009 онд болсон хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг эргэж харах, сайжруулах чиглэлээр ажиллах гэсэн хоёр гол дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтийг ойрын хугацаанд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос шийдэл гарна гэж бодож байна. Эдийн засгийн байнгын хороо чуулган руу оруулж хэлэлцүүлье гэвэл чуулганы хуралдаанаар хэлэлцэж болно. Шаардлагагүй гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороо тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгчихөж болно. Энэ гэрээг Засгийн газар болон Оюу толгой компани байгуулсан. УИХ-аас ажлын хэсэг гарч гэрээний хэрэгжилтийг шалгасан. Гэрээний хэрэгжилттэй холбоотой саналууд дээр бэлтгэх шийдвэрийн төсөл бэлэн болгоод байнгын хорооны юм уу, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх болов уу. Шийдвэр гарсны дараа Оюу толгой, Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, гэрээгээ сайжруулах чиглэлээр ажиллана байх гэж бодож байна. Энэ асуудлыг улстөржүүлж олон түвшинд яриад байх асуудал биш. Улстөржүүлэхийн оронд эдийн засгийн үүднээс хандаж аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай юм.

-Рио Тинтогийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсэн. Талууд хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээнд нааштайгаар өөрчлөлт оруулах боломж бий юү?

-Боломжгүй зүйл гэж байхгүй. Энэ бол хоёр талаасаа байгуулж буй гэрээ. Гэрээний гол зарчим нь хоёр талдаа харилцан ашигтай байх ёстой.

Ажлын хэсгийн дүгнэлт “Монголын талыг ашиг бага байна. Тиймээс гэрээг сайжруулах хэрэгтэй” гэж гарсан. Ажлын хэсэг дотроо таван дэд хэсэгтэйгээр жил гаруй хугацаанд ажилласан шүү дээ. УИХ нэгэнт ажлын хэсэг гаргаж ажлуулсан учраас дүгнэлтийг нь хэлэлцэж, чиглэл өгөх болно. Цаашид яаж, хэрхэн сайжруулах вэ гэдгийг Засгийн газар, Оюу толгой компани хэлэлцээрийн ширээнд сууж байж ярих ёстой юм.

-МАН-ын бүлэг “Итгэлийн зээл” өгөх улс төрийн шийдвэр гаргасан. Сонгуулийн шоу юм биш үү гэж шүүмжлэх хүмүүс байна л даа. Энэхүү зээлийн тухай тодруулаач?

-2016 оны сонгуульд орсон МАН-ын мөрийн хөтөлбөрт “Итгэлийн зээлийг бий болгоно” гэсэн заалттай юм. Одоо сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдэж байна. Мөрийн хөтөлбөрийнхөө биелэгдээгүй заалтыг хэрхэн биелүүлэх вэ гэдгийг ярьж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг “Итгэлийн зээл”-ийн асуудлаар ажилласан. Төслөө бэлэн болгохоор явж байна. УИХ-д хараахан албан ёсоор өргөн бариагүй. Засгийн газраас санал авах гэх мэт процедурын ажил явж байна. Нэгэнт бид иргэдэд амлачихсан учраас энэ чиглэлд эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн сангийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийг нь аль болох банкаар дамжуулахгүй болгочихож болно. Үүнийг бид итгэлийн зээл гээд нэрлээд явчихаж болно. Ганцхан эрх зүйн орчин бүрдээгүй учраас ийм хууль гаргая гэж яриад байгаа юм. Түүнээс энэ сонгуулийн шоу биш, харин өмнөх амлалтаа л биелүүлэх гэж буй явдал. Хүн бүрт 20 сая төгрөг өгнө гэдэг ойлголт огт байхгүй. Юм хийе гэж байгаа хүмүүст 500 мянган төгрөг, эсвэл нэг сая төгрөг ч болтугай өгөх юм. Банкны зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй иргэнд зориулсан л жижиг зээл гэсэн үг. Одоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл ийм чиглэлтэй явж байгаа.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн асуудлаар Цэц маргаан үүсгэхээр болсон. Маргаан үүсгэх нь зөв үү?

-Маргаан үүсгэх нь зөв, буруу эсэхт дүгнэлт хэлэх эрх надад байхгүй. Үндсэн хууль зөрчсөн үгүйг шийддэг манаач буюу Цэц үүнийг шийдэх байх. Тийм учраас маргаантай холбоотой асуудлыг мэдэхгүй байна. Ер нь бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрөө гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа учраас гишүүнээсээ чөлөөлөгдье гэх хүсэлт гаргасан. Үүний дагуу жил гаруй хугацаанд шалгаад явж байгаа юм шиг байна лээ. Эцэслэсэн ч юм алга. Бидний зүгээс Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт орно гэсэн байдалтайгаар л бэлтгэлээ хангаж байна.

-Сонгуулийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх вэ?

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг ажлаад дуусч байна. Энэ сардаа багтаан УИХ-д өргөн барина байх. Тийм учраас зургадугаар сардаа багтаан Сонгуулийн гурван хуулийг хэлэлцчих болов уу. Эцсийн хэлэлцүүлэг хийж батлахгүй ч гэсэн хэлэлцэх эсэхийг нь шийдэх, анхны хэлэлцүүлэг рүү орох хэмжээнд хүрчихнэ байх.

-Ямар гол өөрчлөлтүүд орох вэ?

-Нэгдүгээрт, сонгуулийн нэг хуулийг гурван хууль болгож байгаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль гэсэн гурван хууль болгож байна. Хоёрдугаарт, энэ хуулиуд нь тогтолцооноосоо шалтгаалаад өөр, өөр байх юм. Гурван шатны сонгууль байдаг учраас тус тусдаа хуультай байх нь зүйтэй юм гэсэн үндсэн зарчим явж байгаа. УИХ дээр сонгуулийн системийн тухай яригдана.

-Үндсэн хуулийг энэ хаврын чуулгандаа багтаан хэлэлцэх үү?

-Үндсэн хуулийн тухайд энэ сарын сүүл ирэх сарын эхээр өргөн баригдчих болов уу гэж бодож байна. Эхлээд их том төсөл гаргасан. Сүүлд нь бүлгээр хэд, хэдэн удаа хэлэлцээд гишүүдийн саналыг тусгалаа. Үүний дагуу хуулийнхаа заалтуудыг нэлээд өөрчилсөн. Мөлийлгөсөн гэсэн ойлгож болно. Зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа дөрвөн чиглэлээр багахан зэргийг өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэж байна. УИХ-ыг хариуцлагатай болгох, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой ажиллуулах, шүүхийн хараат бус байдлыг хангах, мөн орон нутгийн тогтолцоог илүү иргэд рүү чиглүүлсэн байх гэсэн дөрвөн чиглэлд өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Хуулийн дагуу 57-оос доошгүй гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Гишүүд гарын үсгээ зурж дууссаны дараа өргөн барих болов уу гэж бодож байна.

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулиар гишүүдийн босч, сууж ярих тухай зохицуулах гэлээ, өөр хийх зүйл алга уу гэж иргэд шүүмжилж байна л даа. Энэ яг ямар ач холбогдолтой хууль юм бэ?

-Дэгийн тухай хоёр хууль өргөн баригдсан юм. Нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын хуралдааныг зохион байгуулах Дэгийн тухай хууль юм. Энэ дэгийг байнгын хорооны гишүүд бүрэн дэмжсэн. Үндсэн хуульд өөрчлөлт орох юм бол бид тэр дэгээр явах ёстой. Тухайлбал, байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулган дөрөвний гурвын дэмжлэгтэйгээр явна. Үндсэн хуулийн үндсэн зарчим энэ юм. Тэр агуулгаар нь энэ төслийг дэмжчихэж байгаа юм. Хоёр дахь УИХ-ын Дэгийн тухай төсөл нь УИХ-ыг илүү хариуцлагатай, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход чиглэсэн том төсөл. Гэхдээ гишүүд өнгөц хараад янз бүрээр хандаад байна. Босч, сууж ярихад ач холбогдол байна уу, үгүй юу гэх мэтээр ярьж байна. Амьдрал баян. УИХ-ын чуулганы хуралдаан явагдаж байхад зохицуулагдаагүй олон харилцаа гарч ирж байгаа юм. Дэгийн хууль өдөр тутмын УИХ-ын үйл ажиллагааг зохицуулж байдаг учраас өөрөө амьдралаас урган гарч байдаг хууль л даа. Тиймээс Дэгийн хуулийн энэ төслийг дэмжээд хамтатгаж хэлэлцээд, явцын дунд шаардлагагүй зүйлүүдийг хасч, улам сайжруулах чиглэлд бэлтгэх ёстой.

-МАН-ын бүлэг орж ирэх том хуулиуд дээрээ гол анхаарлаа хандуулж ажиллах нь гэж ойлголоо. Мөн авч үзэх ёстой өөр ямар асуудлууд байна гэж харж байгаа вэ?

-Хуулиараа зургадугаар сарын 1-ний дотор багтааж дөрвөн хууль тогтоолыг гаргах ёстой. Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, Үндсэн чиглэлийн биелэлт, үндсэн чиглэлийн төсөл гэсэн энэ дөрвөн хуулийг бид батлах ёстой юм. Хугацаанаасаа өмнө амжиж батлахын тулд бид шаргуу ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг мөн зургадугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгож дуусгах ёстой. Бүлгээс ажлын хэсэг гарчихсан энэ асуудлууд дээр ажиллаж байна.

УИХ-аар Харилцаа холбооны багц хууль, Хоол үйлдвэрлэлийн тухай хууль, нийгмийн хамгааллын чиглэлээр Хөдөлмөрийн хууль болон бусад хэд, хэдэн хуулиуд хэлэлцэгдэж байна. Эдгээрийг хэлэлцсэний дараагаар Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэх байх. Бүлгийн хувьд хуулийн хугацаанд нь асуудлуудыг шийдэхийн төлөө шаргуу ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Баяржаргал: Дэлхийд ховордсон цоохор ирвэс хамгийн олон байгаа голомт нутгийг хамгаалахаас аргагүй

Байгаль орчны “Нобель” гэгддэг олон улсын “Голдман” шагналын эзнээр Ази тивээс монгол эмэгтэй тодорсон билээ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус шагналыг Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргал дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалсан үйлсээрээ хүртсэн юм. Түүнтэй ярилцлаа.


-Дэлхийн ногоон “Нобель” гэгддэг хүндтэй шагналыг монгол эмэгтэй хүртлээ. Уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. Олон улсын нэр хүндтэй шагналыг Монгол Улсаа төлөөлж авсандаа сэтгэл өндөр байна. Юуны түрүүнд Монгол орны байгаль орчны асуудал, нэн ховор, зэрлэг амьтанд тулгардаг бэрхшээл, байгаль хамгааллын ач холбогдлыг дэлхий нийтийн түвшинд гаргаснаараа энэ шагналын ач холбогдол оршиж байгаа болов уу.

-Тив бүрээс нэг хүн энэ шагналыг авсан гэв үү?

-“Голдман” байгаль орчны сангийн 30 жилийн ой энэ шагнал гардуулах үетэй давхацсанаараа онцлог байлаа. Энэ хугацаанд тус шагналыг 180 гаруй хүн зургаан тивээс авчээ. Жилд дунджаар 100 орчим санал ирүүлж, номинацид дэвшиж орж ирдгээс шигшигдсээр байгаад тив бүрээс нэг хүнийг шалгаруулдаг юм байна. Шүүгч нар нь “Голдмен”-ы гэр бүлийн гишүүдээс гадна олон улсын байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан шинжлэх ухааны ажилтнууд, эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн баг ажилладаг. Энэ жил надтай нийлээд зургаан хүн шалгарсан байсан. АНУ-ын Вашингтон мужийн Linda Garcia тухайн орон нутагт нь төлөвлөгдөөд байсан газрын тосны зөөвөрлөх терминал баригдах төслийг зогсоож байгаль орчинд үнэтэй хувь нэмэр оруулсан, Европ тивээс Мacedonia улсын иргэн Ana ColovicLesoska хэмээх биологич эмэгтэй дэлхий дээр цөөхөн үлдээд байгаа Балканы шилүүсний амьдрах орчинд усан цахилгаан станц барих төслийг зогсоож хамгаалсан амжилтаар, Чили улсаас нутгийнхаа гол нуурыг уул уурхайн том төслөөс авч үлдсэн Alberto Curamil гэх мэт түүхтэй хүмүүс шагналыг хүртсэн.

“Голдман”-ы эздэд ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Шагналд нэр дэвшиж байгаагаа мэдэх боломжгүй. Би шалгарсныхаа дараа л мэдсэн. Манай байгууллага АНУ-ын Олон улсын ирвэс хамгаалах сан, Их Британийн “Девид Шейфердийн Зэрлэг амьтан хамгаалах сан”-аас нэр дэвшүүлснийг сүүлд мэдсэн. Энэ байгууллагууд сүүлийн 7-8 жилийн хугацаанд дахин дахин нэрийг минь дэвшүүлж байж шалгарсан байсан. Тэгэхээр Ирвэс хамгаалах сангийн зөвхөн Тост, Тосон бумбын нуруунд хийсэн ажлаар биш, олон жилийн турш зэрлэг амьтан хүн хоорондын зөрчлийг бууруулах, хууль бус ан, зэрлэг амьтны идэш тэжээлд тулгарч байгаа асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байсан олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Хамгийн сүүлийн жишээ бол Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авч чадсан тохиолдол.

-“Голдман” шагналтан болсноор та болон Монгол Улс ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээх үү. Үнэ цэнийг нь хэрхэн хардаг юм бол?

– Монгол орны байгаль хамгааллын асуудлыг дэлхийн тавцанд гаргаж тавьснаараа чухал ач холбогдолтой. Мөн олон улсын хэмжээний хөрөнгө санхүүжилтийг байгаль хамгаалах ажилд татах боломжтой болж байна. Энэхүү шагналын нэр нөлөөгөөр бидний байгаль хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа өргөжинө. Энэ маань эргээд Монгол орны байгаль орчны хамгаалал, хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэж найдаж байна.

-Тост, Тосон бумбын нурууг амьтан судлаачид ирвэсний амьдрах таатай орчин гэж онцолдог. Ер нь энэ бүс нутгийг хамгаалах нь бидэнд ямар ач холбогдолтойг ярьж өгөөч?

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Тост, Тосон бумбын нуруу гэж говийн уулсын сүүл хэсэгт оршдог уулс бий. Тэнд бид 2009 оноос цоохор ирвэсний урт хугацааны цогц судалгааг эхлүүлсэн юм. Цоохор ирвэс нь одоог хүртэл дэлхий нийтээр маш бага судлагдсан. Байгалийн эрс тэс уур амьсгалд, өндөр уулсын бүсэд нуугдмал амьдардаг энэхүү амтныг судлахад маш их бэрхшээлтэй л дээ. Бид судалгааныхаа үр дүнд Тост, Тосон бумбын нуруу бол дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний тоо толгойн нягтшилаараа хамгийн өндөрт тооцогддог экосистем болохыг олж мэдсэн.

Тост, Тосон бумбын нуруу говийн эмзэг экосистемийн нэг хэсэг. Цоохор ирвэс байх ёстой газраа байна гэдэг экосистемийн тэнцвэртэй байдал тэнд бий гэсэн үг. Нэг үгээр цоохор ирвэс байгалийн тэнцвэртэй байдлыг харуулдаг индикатор амьтан. Монгол орон цоохор ирвэсний тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт ордог. Энэ утгаараа бид дэлхийд ховордсон цоохор ирвэсний тоо толгойгоор өндөр байгаа голомт нутгийг хамгаалахаас аргагүй. Говь нутгийн цоохор ирвэс бол Монгол Улсын нийт цоохор ирвэсний 20-25 хувийг эзэлдэг. Түүнээс Тост, Тосон бумбын нуруунд 20 гаруй цоохор ирвэс байгалийн идэш тэжээлээр бүрэн хангагдсан, эрүүл популяцитай, цааш өсөн үржих бүрэн боломжтой таатай нөхцөлд амьдарч байгаа юм. Мөн энэ бүс нутагт Монгол орны улаан номд бүртгэлтэй янгир, аргаль, нүүдлийн болон суурьшмал шувууны олон төрөл зүйл бий. Нэмж хэлэхэд Тост, Тосон бумбын нуруу Говийн их дархан газар, Говь Гурвансайханы тусгай хамгаалалттай газрын дунд байрласнаараа бусад зэрлэг амьтдын коридор нутаг болж өгдгөөрөө бас онцлог.

-Монгол орон ирвэсийн тоогоор дэлхийд хоёрт ордог гэж байна. Энэ утгаараа манайд хийж байгаа судалгаа, ирвэсийг хамгаалах бодлого зэрэг нь олон улсад сонирхолтой болов уу?

-Мэдээж. Дэлхийн хэмжээнд 4500-6000 орчим цоохор ирвэс бий гэсэн тойм бий. Азийн 12 оронд тархсан. Дэлхий нийт өнөөдөр ч гэсэн ирвэсээ сайн судлаагүй. Тиймээс тэд манай Тост, Тосон бумбын нуруунд хийгдэж байгаа олон улсын хэмжээний судалгааг анхааралтай ажиглаж байна. Энэ судалгаанаас бусад ирвэс бүхий орнууд туршлага судалж байна. Өмнө нь бид цоохор ирвэсний судалгааг богино хугацаанд хийдэг байсан л даа. Ирвэс байгаль дээр 15-16 жил амьдардаг. Тиймээс амьдралынх нь туршид судлаад үзье гэсэн төлөвлөгөөтэйгөөр энэ урт хугацааны судалгааг эхлүүлсэн. Одоо 10 жил болчихлоо, судалгаа цаашид ч үргэлжилнэ.

-Хэрэв ирвэсний тоо толгой цөөрвөл экосистемд ямар нөлөө үзүүлэх вэ. Та бүхэн урт хугацааны судалгаа хийж байгаа гэсэн. Ямар үр дүн харагдах юм?

-Ирвэс судлахад хэцүү учраас судлаачид дэлхий нийтээр таамаг тоо гаргаж ирдэг. Монголд Алтайн уулсын баруун талаар, хангайн уулсаар сүлжээд тооллого хийх хүчин чадал өнөөдөр байхгүй. Монголд цоохор ирвэс 1000-1200 орчим бий гэсэн таамаг тоо байдаг. Түүний 20 гаруй нь Тост, Тосон бумбын нуруунд байна. Ялангуяа тэнд хамгийн эрүүл популяцитай байгаа нь олзуурхууштай. Дэлхийд ховор цоохор ирвэсний тоо толгой цөөрвөл мэдээж экосистем алдагдана.

Өнгөрсөн 10 жилийн судалгаагаар нийгмийн хөгжил, эдийн засгийн байдлаас шалтгаалж цоохор ирвэст учирч байгаа бэрхшээлүүд шинэ тутамд гарч байгаа нь ажиглагдсан. Судалгааны хөтөлбөр ирвэсийг зөвхөн амьтдынх нь түвшинд бус экосистемийнх нь хэмжээнд судалдаг учраас нийгэм, цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа зэрэг өргөн хүрээг хамардаг. Сүүлийн үед Монгол гэлтгүй дэлхий нийтээр цоохор ирвэсний амьдрах орчинд хүний үйл ажиллагаа сөрөг нөлөөлөл ихээр үзүүлж байгаа юм. Ялангуяа нүүдлийн нутаг нь малчдын бэлчээр нутагтай давхацдаг учраас нутгийн иргэдэд амьтантай хэрхэн яаж, зохицож амьдрах аргыг зааж өгөх нь хамгийн чухал болоод байна.

-Одоо гараад байгаа мэдээллээр бол Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани ажиллаж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Орон нутагт юу болоод байна вэ?

-2016 онд биднийг энэ асуудлыг шийдүүлэх гэж явж байхад анх 800 мянга гаруй га газрыг тусгай хамгаалалтад авах санал оруулсан. Засгийн газар шийдэхдээ 754 мянган га болгож батлан хил хязгаарыг тогтоосон байдаг. Энэ маань одоо Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын ангилал бүхий улсын тусгай хамгаалалттай газар шүү дээ. Энэхүү хамгаалалттай газар одоо ямар ч уул уурхайн лиценц байхгүй. Харин гадна талд нь ашиглалтын лиценз бүхий уурхайнууд ажиллаж байгаа. Гурвантэс сум уул уурхай нэлээд хөгжсөн газар. УИх-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Саусгоби коал транс” компани Тост, Тосон бумбын нурууны нөөц газрын гадна талд нь үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Нутгийн иргэдийн амьжиргаа болон говийн экосистемд яах аргагүй чухал газар нутаг. Хөвд Хуршуутын гол нь говийн цөөн баян бүрдүүд бүхий хүнсний ногоо тарьдаг газар л даа. Хөвд Хуршуутын гол бүхий энэ хэсэг анх тусгай хамгаалалттай газар болгох саналд ороод явж байсан боловч харамсалтай нь батлагдахдаа гадна талд үлдсэн. Тиймээс нутгийн иргэд энэ асуудлаа дахин сөхөж хөөцөлдсөөр байгаа юм.

-Та Ирвэс хамгаалах сантай хэзээ, хэрхэн холбогдож байв. Таны үндсэн мэргэжил байгаль хамгаалагч уу?

-Би багш мэргэжилтэй. 1996 онд зуныхаа амралтаар АНУ-аас Говь-Алтай аймагт судалгаа хийж байсан доктор Том Мкартид орчуулга хийсэн нь цоохор ирвэс хамгаалах ажилтай холбож өгсөн л дөө. Энэ үед л би цоохор ирвэс гэж ямар амьтан байдаг, түүнд тулгардаг бэрхшээлийн талаар ойлголттой болсон. Тэр ажлын явцад ирвэсэнд бариулсан малын хохирлыг малчдад хэрхэн төлж болох хөтөлбөр эхлүүлж, багшийнхаа ажлыг орхисон доо. Бид анх “Монголын ирвэс хамгаалах төв” дээр үйл ажиллагаагаа явуулж 2007 онд “Ирвэс хамгаалах сан” ТББ-ыг байгуулсан түүхтэй. Миний хувьд 20 гаруй жил цоохор ирвэсийг хамгаалах ажлыг хийж байна даа.

-“Голдман” шагналыг манай улсаас өмнө нь Онги гол хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр хүртэж байсан. “Голдман” хүртсэн хоёр дахь хүн нь та боллоо?

-Аливаа үйл ажиллагаа амжилтанд хүрнэ гэдэг өөр, өөрийн арга замтай. Миний хувьд хуулийнх нь хүрээнд нутгийн иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж олон талуудын анхаарал хүчийг энэ зорилгын төлөө нэгтгэе гэдэг бодлогыг баримталж хамт олноо удирдан ажилласан. Цаг хугацаа их шаардсан ч бас ч бэрхшээл бүхий ажил байсан. Гэсэн ч олон байгууллага хүмүүсийн оролцоо хүч хөдөлмөрөөр бид Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтанд авсан.

-“Голдман” шагнал шагналын сан өндөртэй. Та шагналынхаа мөнгийг хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн бэ. Манай уншигчдад сонирхолтой болов уу?

-Миний хувьд Ирвэс хамгаалах сангийнхаа үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ. Жишээ нь Тост, Тосон бумбын нуруу бол цоо шинэ тусгай хамгаалалттай газар. Дараагийн 10 жилд орон нутгийн удирдлага иргэдийн оролцоо бүхий үйл ажиллагаа нь жигдэрсэн тусгай хамгаалалттай газар болгохын төлөө ажиллана. Мэдээж хэрэг байгаль орчны байгууллага, ялангугяа Монголд жижиг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Тэгэхээр бидний ажлыг дэмжиж өгсөн мөнгөн шагналыг цаашдаа байгаль орчин, цоохор ирвэс хамгаалах ажилд зарцуулна.

Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой, ахуй амьдралаа авч ирсэн. Гэвч орчин үед бид хэт их хотжих хандлагатай болж байна. Тэр утгаараа байгаль орчноосоо хөндийрч байгаль хамгаалах уламжлалт аргаа гээж байна. Энэ талын мэдээлэл маш бага байна. Жишээ нь цоохор ирвэс, аргаль, янгирын тухай танин мэдэхүйн мэдээллийг олон нийтэд маш их хүргэх хэрэгтэй байна. Ирээдүй хойчдоо цоохор ирвэс гэх байгалийн нандин өвийг үлдээх нь бидний үүрэг юм даа.

Төгсгөлд нь хэлэхэд энэ шагналыг очиж гардаж авсан хүн нь би болохоос энэ бол манай байгууллага болох Ирвэс хамгаалах сангийнхны ажлын үр дүн.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

“Цэвэр бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн” 1В ангийнхан

“Нэг ангийнхан” буланд ихэвчлэн төгсөлтийн 20-40, бүр 50 жилээ тэмдэглэж буй ангиуд уригдаж хүүхэд ахуй, сурагч насны дурсамжтай өдрүүдийнхээ тухай хүүрнэдэг. Харин энэ удаад саяхан Үсэглэлийн баяраа хийсэн Нийслэлийн лаборатори 12 дугаар дунд сургуулийн Б.Сонинцэцэг багштай 1В ангийнхан уригдлаа. Цагаан толгойн баяраар сурагч бүрт нэг нэг үсэг ногдож, тухайн үсэгтэйгээ холбоотой шүлэг цээжилж, малгай урладаг. Гэтэл эдний анги 56-уулаа. Эцэг, эхчүүд багштай нь ярилцаж хэн хэн ямар үсэг болох тухай зөвлөлдсөний эцэст сугалаа сугалуулах нь хамгийн зөв гэж тогтжээ. Ингээд сугалаа татах болоход “Түрүүлж сугалсан хүмүүс А, Б үсгүүдийг сугалчихна. Тиймээс сугалаа сугалах дарааллаа ч бас сугалъя” гэцгээж. Ингээд дахин сугалаа сугалж, дарааллаа сонгож, дараа нь үсгүүдээ сугалжээ. Ямар нэг маргаан, “найраа” оролгүй шударга сугалаа болж 35 хүүхэд ямар ч байсан үсэг бичсэн малгай өмсөхөөр болж, үлдсэн 21 хүүхэд урт эгшиг, хос эгшиг, сурах бичиг сугалжээ. Ангийн багш Б.Сонинцэцэг “Сугалаа татуулахад А.Мишээл-А, Э.Амар ЭЭ, Б.Амар-Амгалан- Монгол хэлний ном, Г.Анх-Эрдэнэ-Хүн орчны ном, А.Баттэнгис-Ай, Д.Бат-Эрдэнэ-математикийн ном, У.Билгүүдэй-Эй, Г.Билгүүндалай-С, Х.Билэг-Од-Я, М.Биндэръяа-Л, С.Болорсондор-ӨӨ, Б.Гэгээлэн-УУ, Г.Гэгээнээ-П, Н.Гэгээн-Үйлс-Ф, Ц.Дагвадорж-Ь, Н.Дөлгөөн-Х, Н.Маргад-Иргэний боловсролын ном, П.Маргад-Эрдэнэ-Е, Б.Мичидмаа-Э, М.Мишээл-Н, А.Мөнгөнзаяа-Ү, Б.Мөнх-Анир-Ю, Б.Мөнхбилэг-Й, М.Мөнх-Оргил-Ө, Г.Мөнхсоёл-Ой, Т.Мөнхтулга-АА, Б.Нандин-Эрдэнэ-Үү, Б.Нарангэрэл-Уй, Д.Номин-Эй, Г.Номуунгоо-Үй, Э.Оюун-Эрдэнэ-Ё, Г.Өнөдэлгэр-Ий, Д.Сайханбилэг-Ж, О.Саянгуа-Уй, Г.Сугар-К, Г.Тэмүүн-Т, Б.Тэмүүжин-Р, Б.Уранзаяа-И, Б.Хасу-Ц, Ч.Хулан-Ай, Г.Хүслэн-Г, М.Хүсэлбаатар-Ж, Н.Энх-Амгалан-Ы, Б.Энхмөрөн-Б, Б.Энхнасан-Үй, Ж.Энхрийлэн-М, Т.Энхтулга-ОО, А.Энхтуяа-Щ, Г.Энх-Үжин-О, Д.Эрболд-Ой, Г.Эрдэнэтунгалаг-Ъ, С.Эрхсаран-Ч, О.Эрхэмхүү-Д, У.Эрхэс-В, Ж.Замилан-З, Чинбаяр-У үсэг болсон” хэмээв.

Ингээд үсэгнийхээ учрыг олсон эдний анги Эрдмийн баяртаа бэлдэж эхэлсэн байна. Ер нь хамгийн том даваа нь үсэгний сугалаа байж. Товлосон өдөр ирж тэсэн ядан хүлээж байсан Үсэглэлийн баяр нь боллоо.

Цовоо сэргэлэн, инээд цалгисан хүүхдийн цангинасан дуу хичнээн сайхан юм бэ. Хар өнгийн юбка, цагаан цамц, ягаан өнгийн цэцгэн зангиагаар гангарсан 1В ангийн охид, хөвгүүд бүгд үсгээ малгайн дээрээ бичиж өмсөцгөөсөн байлаа. Охид нь үсээ чамбай гэгч нь янзалж, зарим нь буржийлган гоёцгоосон байв. Бас нүд, сормуусаа саагаар будуулж Эрдмийн баяртаа өнгө нэмжээ. Өнгөлөг ягаан, цэнхэр өнгийн саатай өндөр өсгийт өмсчихөж. Харин хөвгүүд нь цагаан цамцан дээр ягаан өнгийн цэцгэн зангиа зүүгээд үсээ гельдсэн байлаа. Зарим нь үсэндээ саа цацжээ. Үнэхээр хөөрхөн болцгоожээ. Энэ чинь л Эрдмийн баярын бас нэгэн өнгө үзэмж, уур амьсгал шүү дээ гэмээр. 1В анги эрэгтэй 28, эмэгтэй 28 сурагчтай. Тус сургуулийн нэгдүгээр ангид нийт 350 сурагч сурч байгаа юм байна.

Урлагийн зааланд нэгдүгээр ангийн сурагчид бүлэг бүлгээрээ орж А-Я хүртэл бүх үсэг, номоо уншиж, урлагийн авьяасаа үзүүлсээр Эрдмийн баяраа тэмдэглэж эхлэв. Энэ хооронд сургуулийн удирдлагууд зургаан настнуудын мэндчилгээг үзсэний дараа сургуулийн шилдгүүдээр тодорсон сурагчдад өргөмжлөл гардууллаа. Сурагчдыг урлагийн зааланд үсгээ уншиж, авьяасаа үзүүлсний дараа анги ангид нь оруулж, ангидаа сурлага, хичээл зүтгэл, авьяасаараа манлайлсан шилдгүүдээ тодруулах аж. Энэ үеэр Иргэний боловсролын ном болсон М.Маргадтай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. М.Маргад “Би ном болохыг хүсч байсан. Тэр дундаа Иргэний боловсролын ном болохыг хүсч байсан юм. Миний цээжилсэн шүлэг бол,

Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа

Монгол ёс заншлаа надаас сайн судлаарай. Би эрдмийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ангийн найзууд болон багшдаа хайртай шүү. Уншиж бичиж, бодож сурсан бүх найзууддаа Эрдмийн баярын мэнд хүргэе. Багшдаа баярлалаа” гэсэн бол урлаг, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан Тэргүүний сурагчаар 1В ангийн сурагч А.Мөнгөнзаяа шалгарч сургуулийнхаа захирлын нэрэмжит өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулсан юм.


Авьяаслаг бүжигчин сурагч А.Мөнгөнзаяатай ярилцав.

-Хүссэн үсгээ сугалж чадсан уу?

-Чадсан. Би “Ү” үсэг болохыг хүсдэг байсан.

-Хэзээнээс эхэлж “Ү” үсэг болохыг хүсдэг болсон юм бэ?

-“Ү” үсэг авъя даа гэж бодоод байж байсан юм. Тэгсэн чинь сугалуулаад би хүсч байсан “Ү” үсэг боллоо.

-Үсгээ уншиж танилцуулаач?

-Үе бүтээх чадалтай

Үг болох увдистай

Үндсэн эгшгийн нэг “Ү” үсэг би байна.

-Багшдаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Багшдаа хайртай шүү. Надад эрдэм ном сургасанд баярлалаа.

-Ангийн найзууддаа юу гэж хэлэх вэ?

-Ангийнхандаа бүгдэд нь хайртай шүү. Бүгдээрээ онц сураарай.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсч байна?

-Эмч болно.

-Эмч мэргэжлийн юу нь гоё гэж бодож байна?

-Хүмүүсийг эмчлээд эрүүл болгож байгаа нь гоё.

-Чи их гоё бүжиглэдэг юм байна лээ. Бүжигчин болохыг хүсч байна уу?

-Би сая гоё бүжгийг гоё бүжиглэлээ. Миний сэтгэгдэл маш өндөр байна. Би сэтгэгдлээ хуваалцмаар байна.

-За?

-Би бүжиг бүжиглэхдээ чөлөөтэй сайн бүжиглэсэн. Захирал намайг бас магтаад сайн бүжигчин болоорой гээд шагнасан. Би ирээдүйд бүжигчин болохыг хүсч байна.

-Сая эмч болохыг хүсч байсан биз дээ, больчихож байгаа юм уу?

-Эмч ч болно, бүжигчин ч болно гэлээ.

Хүүхэд бүхэн хайраас бүтдэг гэдэг үнэн байх. Тэд хамгийн түрүүнд ангийнхандаа, багшдаа, аав ээждээ хайртай шүү гэж хэлж байв. Харин дараа нь баярлалаа гэдэг үг. Сонин байгаа биз. Томчууд хамгийн түрүүнд баярлалаа. Дараа нь хайртай шүү гэх байсан болов уу.

А үсэг сугалсан азтай охин А.Мишээл “Би болохыг хүсч байсан “А” үсгээ сугалж чадсан. Биднийг хичээлээ сайн хийгээрэй гэж үргэлж захидаг, эрдэм ном заасан ангийн багшдаа хайртай шүү. Бас маш их баярлалаа. Ангийн хүүхдүүддээ баярын мэнд хүргэе. Бүгдэд нь хайртай шүү” гээд үсгийнхээ шүлгийг уншиж сонирхуулав.

Аав ээжийн ачлалтай

Ачит багшийн минь заасан

Алтан номын эхлэл

“А” үсэг би байна.

Өхөөрдөм хөөрхөн яриатай, цоглог жавхаалаг нэгдүгээр ангийнхан бүхнийг сурна гээд л зүтгэж явна. Эхний гараагаа тэд амжилттай давж, бүгдээрээ уншиж бичиж, бодож сурсан байна. Энд тэнд аав ээжүүд нь баярын нулимс ч унагаж харагдана. Ангийн багш Б.Сонинцэцэг “Есдүгээр сарын 1-нд 56 хүүхдийг хүлээж аваад унших, бичих, бодуулах үйл ажиллагаанд шулуудан ороод бүх сурагчдаа уншиж, бичүүлж, бодуулж сургалаа. Өнөөдөр маш сайхан өдөр болж байна. Анх 56 хүүхдийг хүлээж авахад маш хэцүү байсан. Гэхдээ энэ хэцүүг хэцүү гэж бодоогүй. Ноднин жил тавдугаар ангийн 47 хүүхдийг төгсгөж байсан. Энэ 56 хүүхдийг ч гэсэн өмнөх 47 сурагч шигээ хайрлаж, ханцуй шамлан, амрах ч сөхөөгүй ажилласан. Миний сургалтын гол зорилго бол бүх сурагчийг жигд хамруулан авч явах” хэмээн ярихдаа баярын нулимс унагаж байлаа. Б.Сонинцэцэг багшийн хувьд өмнө нь хоёр удаа зургаан настай сурагчдыг эрдэм номын их далайд өлгийдөн авч байжээ. Тэрээр1995 онд МУБИС-ийг төгссөн бөгөөд 2008 оноос мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаа юм байна.

Сурагчид дуу дуулж, төгөлдөр хуур тоглож байлаа. Эрдмийн баяр үргэлжилсээр. Эрэгтэй сурагчид бүгд нүдний хар шил зүүчихээд Солонгосын алдарт дуучин PSY-ийн “Gentlemаn” дуун дээр бүжиж байтал нэг нь уйлах гэж байгаа ч юм шиг эсвэл инээх гээд ч байгаа юм шиг царай гарган зогсох нь илт харагдаад томчуудыг инээлгэх нь тэр.

Сургуулийн “Цэвэр бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн” анги гэсэн хоёр төрөлд 1В ангийнхан тэргүүлжээ. Ангийн багш Б.Сонинцэцэг “Анх есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авчихаад зогсож байсан чинь манай ангийн хоёр, гурван хүүхэд сам гаргаж ирээд үсээ самнаад болдоггүй. Хүүхдүүдтэйгээ танилцаж амжаагүй, нэрийг нь мэдэхгүй болохоор “Миний хүүхэд боль” гээд л байлаа. Тэгээд эргээд харахаар л үсээ самнаастай. Ямар учиртай үсээ самнаад байсныг нь ойлгоогүй шүү. Нэг өдөр бас нэг шавь маань оймсоо өмсөөгүй хүрээд ирсэн байсан. Яагаад оймсоо өмсөөгүйг нь асуухад “Хайгаад олохгүй байсан юм аа, багш аа” гэж хэлж билээ. Энэ мэтчилэн хөгжилтэй зүйл зөндөө болдог. Манай анги Т.Энхтулга, Т.Мөнхтулга гэдэг ихэр хүүхэдтэй. Тухайн үедээ дөнгөж ангиа хүлээж авч байгаа хүн чинь ихэр хүүхэд битгий хэл бусад хүүхдүүдийг ялгаж нэрийг нь мэдэхгүй байсан юм. Нэг хүүхэд энд тэнд яваад л дэвтэр номоо гаргасан эсэхийг асуухаар “Гаргасан” гэнэ. Дахиад асуухаар “Гаргаагүй” гээд ойлгомжгүй хариулт өгөөд байхаар нь гайхаж билээ. Тэгтэл ихэр хүүхэд яваад байсан байна лээ. Ингээд долоо хоногийн дотор 56 сурагчийнхаа нэрийг бүгдийг нь тогтоогоод, ялгадаг болсон доо” хэмээн хөгжилтэй мөчүүдээсээ эцэг эх, сурагчдадаа хуваалцсан юм. Энэ үеэр охин П.Маргад-Эрдэнийнхээ Эрдмийн баярт ирсэн аав Г.Пүрэвсүрэнтэй уулзахад “Ихийг сурч мэдэх их хүсэл тэмүүлэлтэй нэгдүгээр ангид орж ирсэн зургаан настнууд маань өнөөдөр ахиц дэвшлийн баяраа хийж байна. Миний сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхдүүдийг харахаар үнэхээр гэрэлтэй, гэгээлэг сайхан харагдаж байна. Бага балчир насны минь дурсамжууд ч сэргэж байна. Миний охин П.Маргад-Эрдэнэ “Е” үсэг болсон. Охиныхоо Эрдмийн баярт оролцоод явж байгаадаа баяртай байна. Би заавал “А” үсэг болоосой гэж бодоогүй. Ямар ч үсэг байсан болно. Хамгийн гол нь бүх сурагч уншиж бичиж сурсан нь чухал. Энэ чинь л баяр шүү дээ. Сугалаа маш шударгаар явагдсан. Ямар ч маргаан гараагүй, эцэг эхчүүдийг бүгдийг нь цуглуулж байгаад нүдэн дээр нь сугалаа татуулаад үсэг өгсөн. Гэхдээ яахав “А” үсэг болчихоосой гэж бодолгүй л яахав” гээд инээлээ.

Ийнхүү Нийслэлийн лаборатори 12 дугаар сургуулийн 1В ангийнхан Эрдмийн баяраа амжилттай тэмдэглэж, ангиараа “Цэвэр бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн” анги болцгоож ангийн багш, эцэг эхчүүдээ баярлуулав. Тэдний хувьд энэ өдөр хэзээ ч мартагдахгүй мөч болон ийнхүү үлдэж байна. 1В ангийн сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Б.ОЮУНЖАРГАЛ

Г.ХОНГОРЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Б.Сувд: “Улаанбаатар номын баяр”-ын хүндэт зочид нь хүүхэд, залуус


“Улаанбаатар номын баяр” Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна. Тус үйл ажиллагааг санаачлагч, зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай цөөн хором ярилцлаа.


-“Улаанбаатар номын баяр”-ын энэ удаагийн арга хэмжээ ямар онцлогтой болох вэ?

-“Улаанбаатар номын баяр” хавар, намрын улиралд болдог.Энэ удаагийн баярын онцлог бол гурван өдөр үргэлжлэхээс гадна зочин орон ОХУ байна. Соёлын үйл ажиллагаа өрнөнө. Бид номын баярыг угтаад Дэлхийн номын зохиогчийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ноос хойш олон арга хэмжээ зохион байгуулсан. Ялангуяа хүүхдийн ном зохиолын бүтээлийн чанарыг сайжруулж, шинэ инновацийг бий болгоход гол анхаарлаа хандуулж байгаа.Баярын маань хамгийн хүндтэй зочид бол хүүхэд, залуус. Бидний уриа бол “Хүүхэд Монголын ирээдүй”. Өөрөөр хэлбэл, бид зохиолч, уран бүтээлчидтэйгээ хамтран ирээдүйн уншигчид руугаа харсан үйл ажиллагааг санаачилж хийх ёстой. Номын баяр өнөөдөр эхэлж, маргааш, нөгөөдөр үргэлжилнэ.

-Баярын гол зочид хүүхэд, залуус гэлээ. Тэдэнд зориулсан хөтөлбөрүүдээс дурдаач?

-“Номын аялалд гарцгаая” хөтөлбөр байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн сурагчид оролцоно. Яг ном уншдаг насны хүүхдүүдээ бид хүндэт зочноор сонгож, номтой гарын бэлэг тараана. Өнөөдөр 11:00 цагаас “Алтан залаат тахиа” хүүхдийн жүжигтэй. Талбай дээр ирсэн хүүхдүүд жүжгээ үзээд зохиолчидтой уулзаад номоо аваад, гарын бэлэгтэй буцна. Мөн нийгэмд өөрийн гэсэн үзэл бодлоороо байр сууриа эзэлсэн залуус манай үйл ажиллагаанд нэгдэж байна. “Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч.Ганжавхлан өөрийнхөө ном бүтээлийг уншигчдад хүргэхээс гадна хоёр дахь төсөлд нь номын хандив цуглуулж эхэлнэ. Түүнээс гадна аялагч Амайгийн гурав дахь ном хэвлэгдэж байгаа. Үүнд зориулж бид “Номын шувуу” хийж үзүүлэх гэж байна. Мэдээж ахмад болон хүүхдийн зохиолчид манай арга хэмжээнд оролцоно.

-Номын хямдралтай худалдаа явагдах уу?

-Мэдээж. Иргэдийн хамгийн дуртай хэсэг болох номын хямдралтай худалдаа явагдана. Баярын өдрүүдэд ном сонирхогчид маань кофе цайгаа уугаад, хүүхдүүдтэй тоглож, дуртай зохиолчдынхоо ном бүтээлийг худалдан авах боломжтой. Оролцогчид номоо 10-аас дээш 50, 70 хүртэлх хувиар хямдруулдаг. Гол нь зохиогч өөрөөс нь гарын үсэгтэй номыг хямдралтайгаар худалдаж авах нь. Энэ бол маш үнэ цэнэтэй арга хэмжээ болдог.

-Хүүхдийн ном зохиолын агуулга муу байгааг мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг. Үүнд та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?

-Бидний хүүхэд рүү хандаж байгаа хөтөлбөр ерөөсөө энэ юм. Хүүхдийг бид ном унш гээд шахаад байдаг ч сургууль цэцэрлэг нь номгүй. Байгаа нь чанаргүй, агуулга муутай. Хүүхдүүдэд ямар номыг сонгож уншуулах талаар аргачлал алга. Тиймээс эцэг эхчүүд, номын санчид, сургууль цэцэрлэгийн багш нарт номыг сонгох тухай сургалт семинар зохион байгуулж, хүүхдийн насны ангилалд зориулсан номын талаар цуврал шторкийг олон нийтэд хүргэсэн.

Бидний үйл ажиллагаа жил бүр зохион байгуулагдаж, энэ асуудалд дэвшил гартал явсаар байх болно. Хүүхдийн номыг хамтын бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бүтээдэг. Энэ чиглэл рүү түншлэлийн үйл ажиллагааг хийж өгнө.

-Хүүхдээ номын баярт оролцуулахыг хүссэн эцэг эхчүүд аль өдөр нь очвол болох вэ?

-Аль ч өдөр нээлттэй. Боломжтой өдрөө хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж сонирхсон номоо худалдан авч, хүүхдийн зохиолчидтой уулзаарай.

Ер нь хүүхэд 1-6 настайдаа ном унших хэвшил тогтож, номонд дуртай болдог. Номонд дурласан хүүхэд хичээл сургуульдаа сайн, сурах арга барилаа олчихдог. Энэ насанд нь гэр бүлийнхэн нь анхаарах ёстой. Хоёрт нь арга зүй, гарын авлагаар хангаж байгаа төрийн байгууллага үүнд анхаармаар байна. Агаарын олон хөтөлбөрээс илүү газар дээр бууж гүн рүү орж ирээсэй гэж хүсч байна. Ер нь цаашид манай төр засаг номын бодлогоо эргэж харах болсон. 1930 оноос хойш номын бодлоготой болсон хэдий ч сүүлийн 20 жил тэр бодлого маань байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Б.ЗАЯА