Categories
мэдээ улс-төр

2020 оны үндсэн чиглэлд 20 зорилтын хүрээнд 118 ажил төлөвлөжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг зарчмын зөрүүтэй санал хураан үргэлжлүүлж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Төсөлд 20 зорилтын хүрээнд, 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээр ажилд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байхаар тооцжээ. Мөн инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байх аж.

Үргэлжлүүлэн Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

ХХБанк, Дархан салбарынхаа үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бизнесийг дэмжих төв”-ийг Хуучин Дархан тооцооны төвийн өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ

Энэхүү төвийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардагдах арга зүйн сургалт болон мэдээллээр хангах, бизнес эрхлэгчид өөрийн туршлагуудаа хуваалцах боломжуудыг олгох болон үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ажлын байр, тоног төхөөрөмж зээлээр худалдан авах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг цогц хэлбэрээр харилцагчдадаа хүргэх юм.

Тус төвийн нээлтийн арга хэмжээг нээж ХХБанкны Ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч Б.Мэдрээ хэлэхдээ:

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ХХБанк нь олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, туршлагатай найдвартай банк. Тухайлбал, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн Хувийн хэвшлийг хөгжүүлэх, Техник туслалцааны хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтарсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” зээлүүдийг амжилттай олгож байсан.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын хойд бүсэд байрладаг аж үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг. Дарханд ХХБанк нь өөрийн салбарын үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш 25 жилд Дархан хотын нүүр царай болсон олон байгууламжуудыг босгох болон хувийн хэвшлийн байгууллагуудад шаардлагатай санхүүжилт, зөвлөгөөг өгч байсан туршлагатай. Тиймээс бид энэхүү давуу тал дээрээ үндэслэн бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой “Бизнесийг дэмжих төв”-ийг салбарынхаа ойн баяраар нь нээж байгаад таатай байна. Энэхүү төвөөр дамжин олон Дарханчууд болон бизнес эрхлэгчид нь хөгжин, дэвшиж Дархан-Уул аймгийнхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Бизнесийг дэмжих төв нь ХХБанкны Дархан хот дахь Хуучин Дархан тооцооны төвийн
4-р давхарт байрлаж байна.

Мөн Мэдээллийн ажилтантай 7037-4297 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хөгжлийг тодорхойлж, Бизнесийг хурдасгана
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн Байнгын хороо Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.05.24) 09 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийгхэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг албан бичигт, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцлаа.

Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино.

Үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй

Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчилон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байгаагаа дурдсан байлаа.

Олон улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй.

Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томъёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 16.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй учир Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тогтоолын төсөлд “төслийн тэмдэглэх хэсгээс “Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай” хэлэлцээрийн наймдугаар зүйлийн “ ж” гэснийг хасах”, “төслийн 1.1 дэх дэд заалтыг төслөөс хасч, энэ дэд заалтаар зохицуулагдахаар тусгагдсан асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах” гэж санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Мөн тогтоолын “төслийн 1 дэх заалт болон 1.2 дахь дэд заалтыг нэгтгэн “Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөс суутгах тооцсугай” гэж, хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “2019” гэснийг “2020” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Генерал Б.Хурцыг батлан даалтад гаргав

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй болж байна.

Энэ хугацаанд шүүхээс түүний хорих хугацааг хоёр удаа сунгасан. Тэгвэл генерал Б.Хурцыг саатуулах хугацаа өчигдөр дуусч үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хяналаа.

Шүүхээс Б.Хурцыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэсэн үндэслэлийг шүүх хүлээж авсангүй.

Шүүх хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2019.05.24) Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр Зүүнбаян өртөөний үйл ажиллагаатай танилцаж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нээлтийн ёслолд оролцох аж. Нээлтийн арга хэмжээ тус аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будар” хэмээх газарт болох аж.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил Дорноговь аймагт эхлэх гэж буй нь энэ юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан түр завсарлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Уг тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй санал хураалтыг үргэлжлүүлэн хийв.

Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн Татварын хуулийг хэлэлцэж байгаа юм. Энэ нь чуулганы хуралдааны ирц, санал хураалтад нөлөөлж байгааг УИХ-ын дарга онцоллоо. Ингээд Хуульзүйн байнгын хорооны хуралдааны дараагаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр түр завсарлуулав.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс орны нийгэм, цаг үеийн асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. М.Энхболдыг огцруулвал бүх зүйл сайхан болно гэж байсан. Гэтэл Г.Занданшатар дарга болоод УИХ-ын үйл ажиллагаа сайжирсангүй. Бид М.Энхболд гэдэг хүнийг боорлосоор байгаад огцруулсан. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаад “Та нар архидалтаа болиоч ээ. Архидалтаас болж хүний аминд хүрч байна. Бүгдээрээ асуудлаа хэлэлцье. Олон түмэн УИХ-аас эрс өөрчлөлтийг шаардаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Баасан гаригийн үдээс хойшхид хуралдаан Ерөнхий сайдыг байлцуулъя. Хаана явна. Дэгийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулмаар байна. УИХ-ын даргын тухайд ирц бүрдүүлэх дээрээ анхаараач ээ. Парламент руу дайрч давшлаад байгаагаа зогсоо хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нийгэм улс төрийн асуудал УИХ-аас хамаарна. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Хууль тогтоох байгууллага өдөр тутмын амьдралд тулгамдаж хуулийг өөрчлөх, үүрэгтэй. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго бидэнд байхгүй. Үр дүнгүй маргалдаж цаг хугацаа арсалдах нь УИХ-д хортой. Танин мэдэхгүйн асуултаар мэтгэлцэх нь олны доог тохуу болж байна. Парламент дахь бүлэг оюун ухаандаа найдах хэрэгтэй. Төрийн ажилд хандахдаа хувийн араншинтайгаа хутгаж болохгүй. УИХ дээр үг хэлж байгаа гишүүн ард түмэндээ өдөр тутам шалгалт өгч байна гэж бод. Хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийг зарлах болно. УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно хэмээн тайлбар хийв.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Гишүүд архи уусан гэх мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаан эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын дарга хэлэлцэх асуудал танилцууллаа. Гэхдээ иргэд, олон нийтийн санаа бодлыг зовоож байгаа асуудлуудыг УИХ, байнгын хорооны хуралдаанаар зайлшгүй ярилцах саналтай байна. Хэдхэн сарын өмнө сарын М.Энхболдыг огцруулбал энэ төр сайхан болно гэж олон хүн итгэсэн байх. Гэтэл Г.Занданшатар дарга аа, УИХ-ын үйл ажиллагаа нэг л явахгүй байна. Их хүлээлт байна. Том тэсрэлтгүй гарахгүй, өөрчлөлтийн салхи мэдрэгдэхгүй байна. Өчигдөр Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзаад “архидалтаа боль, наад архидалт чинь хүний аминд хүрээд байна” гэсэн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүд архи уугаад яваад байна гэсэн мэдээлэл Ерөнхийлөгчид хүрчээ. Зүгээр орж ирсэн иргэдийг архиар шахаж байгаад амь насанд хүрсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг ярьмаар байна. Засгийн газрын холбогдох гишүүдийг ямар шийдэл гаргаж байгааг асууя. МАНАН зайлуулбал сайхан болно гэсэн. Сайжраад байгаа юм алга. Төрийн гурван өндөрлөгт хууль хяналтын байгууллагын шинэчлэл хийх эрхийг өгсөн. Хийж байгаа юм харагдахгүй байна. Г.Занданшатар дарга аа, УИХ-ыг удирдсан шиг удирд” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан эхэллээ. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

2.Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

3.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

4.УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

5.УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

7.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

8.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

9.Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

10.Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

11.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

12.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

13.Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

14.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

15.Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

16.Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

17.УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын хоёр иргэн 20 тонн муудсан мах хадгалж байсныг илрүүллээ

МХЕГ, ЭЦГ-ын албан хаагчид өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах Эмээлт захын хажуугийн агуулахаас 20 тонн муудаж, өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж байсныг илрүүллээ. Уг махыг БНХАУ-ын хоёр иргэн худалдан авч, хадгалж улмаар цааш өнгө оруулагч ашиглан шинэ мэт болгож борлуулах зорилгоор хадгалж байснаа хүлээсэн байна. Тодруулбал, муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байсан гэх мэдээлэл байна. Гэхдээ үүнийг цагдаагийнхан шалгаж тогтоох юм.