Categories
гадаад мэдээ

Эверестийн оргилд гурван уулчин амиа алджээ

Эверестийн оргилд гарахаар явсан болон хүрээд буцаж явсан гурван уулчин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэдэн зуун уулчин олон цагаар урт дараалалд хүлээн зогсохоос өөр аргагүй болоод байгааг Балбын хэвлэлүүд мэдээлжээ. Гурван уулчин осолдсон нь энэхүү уулчдын түгжрэлтэй холбоотой гэнэ.

Өнгөрсөн Лхагва гарагт уулчид энэхүү оргилын 8,000 метр өндөрт орших “Үхлийн бүс” гэгддэг нарийн хэсэгт урт дараалал үүсгэсэн байна.

Амиа алдсан гурван хүний нэг нь Америкийн уулчин, 54 настай Дональд Линн Кэш байсан бол нөгөө хоёр нь Энэтхэгийн эмэгтэй уулчин Анжай Кулкарни, эрэгтэй уулчин Калпана Дас нар байжээ.

Кэш өөрийн мөрөөдлийг биелүүлж, дэлхийн долоон тивийн хамгийн өндөр оргилуудад гарч дуусгасныхаа дараа гэрэл зураг авч байгаад зүрх нь зогсож амиа алдсан байна. Тэрээр эхнэр, дөрвөн хүүхэдтэй, АНУ-ын Юта мужийн иргэн байжээ. Охиных нь мэдээлснээр ууланд олон цаг хүлээж зогсох үеэр ачааллаа дийлэлгүй зүрх нь зогссон байх магадлалтай гэнэ. Кэшийн үхлийн дүгнэлт гараагүй байна.

Энэтхэг уулчдын нэг 54 настай Кулкарни нөхөртэйгөө цуг Эверестийн оргилд гарахаар ууланд олон цаг хүлээсний дараа мөн биеийн байдал нь муудаж, амьсгал хураасныг тэдний газарч мэдээлжээ. Нөгөө нэг энэтхэг уулчин Калпана Дас оргилоос бууж явахдаа бас “Үхлийн бүс”-д олон цаг дараалалд зогссоны улмаас бие нь дийлэлгүй амиа алдсан гэнэ.

Энэ улиралд цаг агаарын нөхцөл харьцангүй таатай байгаа тул Эверестэд авирах зөвшөөрлийг нэг дор олноор нь олгосон нь түгжрэл үүсэх нөхцөл болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа юм. Төсвийн болон Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авахгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлж байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Татварын багц хууль улс орны нийгэм эдийн засагт хэрэгтэй маш чухал хууль. Энэ хуулийг Сангийн яам маш хариуцлагагүй боловсруулж оруулж ирсэн. Ерөнхийлөгч 14 зүйлд хориг тавьж оруулж иржээ. Үүн дээр нэмээд ч хориг тавих заалт байгаа” хэмээлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалахыг шаардаж жагслаа

Ардчилсан эмэгтэйчүүд холбооны гишүүд ХЗДХ-ийн яамны гадна талбайд жагсаал зохион байгууллаа. “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төр засаг юу хийж байна вэ”, “Хүүхэд, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалья” зэрэг уриа лоозон барьж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлсэн юм. Мөн тэд нийгэмд хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг тасралтгүй гарч байхад ХЗДХ-ийн яамны сайд, эрх баригчид “Ажлаа хийгээч ээ, ажлаа хийж чадахгүй бол хариуцлага хүлээгээч ээ” гэж байв.

Categories
мэдээ нийгэм

Хөрвөх эгнээг 32-ын тойргоос Долоон буудал хүртэлх замд туршина

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гарагт Хангарьд ордонд болсон. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх замын ачааллыг бууруулахын тулд хөрвөх эгнээг хэрэгжүүлэх талаар мэдээлсэн юм.

Хөрвөх эгнээг 32-ын тойргоос Долоон буудал хүртэлх зам, хэрэгтэй гэвэл цаашаа лагерийн замд хэрэгжүүлэх аж. Өглөө 08:00-10:00 цагийн их ачааллын үед хотын төвийг чиглэсэн урсгалын нэг эгнээг эсрэг чиглэлийн автомашин зорчдог болгоно. Мөн орой 17:00 цагаас хойш их ачааллын үед зусланг чиглэсэн урсгалыг нэг эгнээгээр өргөтгөх юм.

Ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх уг зохицуулалтыг механик хаалтын аргаар хийх ба цаашид шаардлагатай гэж үзвэл замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиог нэмж байршуулах аж.

Categories
мэдээ улс-төр

МАХН-аас Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ. Хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчийг СЕХ-нд энэ сарын 25-28-ны дотор бүртгүүлэх ёстой. Энэ дагуу МАХН-ынхан өнөөдөр нэр дэвшигчээ намын Бага чуулганаараа сонгож, хуулийн хугацаанд СЕХ-нд бүртгүүлнэ гэдгээ мэдэдлээ.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.24) хуралдаан 10 цаг 29 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцсан байна. Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжих ёстой хэмээн үзэж буйг танилцуулгад дурдав. Татварын багц хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй хэмээн үзсэн байна.

Түүнчлэн бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг МХАҮТанхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн УИХ-аар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягтлах нь зүйтэй гэж үзжээ.

Олон Улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудыг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй гэжээ.

Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй зохицуулалтууд тусгагдасан талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьжээ.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь буюу олонх нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн шударга байдал буурах хандлагатай байна

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулсан. Ерөнхийдөө энэ судалгааны дүнгээр Монгол Улсын өнөөгийн нийгэм дэх ёс зүйн хандлага хаашаа эргэж байгааг төсөөлөх боломжтой. Тиймээс АТГ судалгааны дүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Боловсролын салбар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн дэмжлэгтэйгээр нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, өндөр ёс суратахууны төлөвшилтэй залуу хойч үеийг бэлтгэх, олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд Авлигатай тэмцэх газартай хамтран манлайлж авлигагүй ирээдүйн төлөө аян хэрэгжүүлэхээр бэлтгэж байна

Categories
мэдээ цаг-үе

Гамшигт өртсөн мандах суманд тусламж үзүүлэв

Зуны эхэн сар гарсан ч Говийн болон Зүүн аймгийн зарим нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон билээ. Тодруулбал, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 9-15-ны хооронд хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас дарсны улмаас мал цасанд дарагдаж, малчид, тээвэрчид цасанд боогдож, хүний амь нас эрстэх хэмжээнд хүртлээ байгалийн гамшигт үзэгдэл болсон. Энэ үеэр эрдэнэт хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарч, хэдэн арван мянган мал цасанд дарагдаж хорогдсон билээ.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл Дорноговь аймгийн Мандах сумыг ч тойроогүй. Сумын хэмжээнд 6700 гаруй мал цасан шуурганд уруудаж, сураггүй болж, 1700 гаруй мал цасанд дарагдан үхсэн байна. Үлдсэн малыг сумын Онцгой байдлын алба хаагчид, малчид, ард иргэдийн хамтарсан шуурхай ажлын хэсэг гаргаснаар мал цасанд дарагдах аюулаас сэргийлж чаджээ.

Цасанд дарагдаж үхсэн малыг ухаж гаргах, үхсэн малын сэг зэмийг булах, ариутгах ажил одоо ч явагдаж байна. Энэхүү ажилд шаардлагатай техник хэрэгслийн бензин, түлшний нөөц дутагдалтай байгаа гэдгийг тус сумын удирдлагууд хэлж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор “Монголын Алт” (МАК) компанийн зүгээс байгалийн гамшигт өртсөн Дорноговь аймгийн Мандах суманд шаардлагатай байгаа 10 сая төгрөгийн бензин түлшний тусламжийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хандивлаж, хандивыг Мандах сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугирт гардуулан өглөө.

Олон Нийттэй харилцах Алба

Categories
мэдээ цаг-үе

А.Лхагва: Багш хүн сэтгэл зүрхээ ажилдаа зориулж чадвал хүүхдүүдэд ямар их нөөц байдаг гээч

Баянзүрх дүүргийн тэргүүний “Арвис” бүрэн дунд сургуулийн захирал А.Лхагватай ярилцлаа.


-Анх багш болж байсан түүхээсээ хуваалцана уу?

-Би 1971 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээртөгссөн. Анх төгсөөд Дорноговь аймагт хуваарилагдаж Даланжаргалан суманд хоёр жил ажиллаад, Айраг сум руу шилжин нэг жил ажилласан байдаг. Тэгээд дээд сургуульд сурахаар конкурс өгөхөөр болов. Нөхөр маань тэр үед Багшийн сургуулийг төгсөөд тэндээ баянхуурын багшаар ажилладаг байсан. Би багаасаа математикийн хичээлд сонирхолтой, аймгийн олимпиадын дэд аварга байлаа. Тиймээс математикийн багш болох хүсэлтэй. Хотод сурахаар шалгалт өгөх гэтэл тэр жил математикийн багшийн хуваарь ирээгүй юм. Тэгээд шууд ажлаа орхиод Улаанбаатарт ирчихсэн. Хотод ирээд 48 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхлэв. Нөхөр маань Киевийн соёлын дээд сургуульд сурахаар явлаа. Би ч 48 дугаарсургуульд ажиллаж байтал дахин хүүхэдтэй болж, Төв аймгийн Борнуур сум руу хадмаа түшиж нүүсэн юм. Борнуурт математикийн багшаар ажиллалаа. Ер нь ажлын гараагаа гайгүй л эхэлсэн юм шиг байгаа юм. Аймгийн тэргүүний багш нарын нэг, сумынхнаа тэргүүний багшаар шалгарч байсан.

-Ажил, амьдралын эрхээр олон газарт ажиллажээ дээ?

-Ингэж хэд, хэдэн сургууль дамжиж ажилласан, олон хүмүүстэй нөхөрлөсний хүчинд юуг ойлгосон бэ гэхээр багш хүн өөрөө сэтгэл зүрхээ ажилдаа гаргаж чадах юм бол энэ хүүхдүүдэд ямар гоё нөөц байдаг гээч. Зохион байгуулалтын жаахан ажил орно. Эцэг эхчүүд маш сайн хүч байдаг.

Би Борнуурт байхдаа ч дээд сургуульд сурах хүслээ орхиогүй юм. Нөхрөө төгссөний дараа Улаанбаатарт шилжиж ирэв. Нөхөр маань Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Хотод ирээд надад мэргэжлийн ажил олдоогүй, Гуравдугаар сургуульд номын санчаар эхлээд ажиллалаа. Нэг багш декритээ авахаар нь оронд нь багшилсан. Боломжийн ажилласан юм байлгүй, үндсэн багшаар авчихсан. Ер нь нөхөр бид хоёр гэр бүлээрээ дээд боловсролтой болно гэсэн хүсэлтэй байсан. Тэр үед дахиад л конкурсэд орохоор өргөдөл өгчихсөн. Гэтэл математикийн анги дахиад байдаггүй, орос хэлний ангийн хоёр хуваарь байна, шалгалт өгвөл өг гэлээ. Өгөөд тэнцээд, Орос хэлний дээд сургуульд сууваа. Тэр нь одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Хичээл ч эхэллээ, орчин цагийн хэл зааж байна. Би монгол хэлэнд тийм ч дуртай биш. Тэгэхээр нь ангиа солих зарлал сургуульдаа тавиад, Завханаас ирсэн хэлний багш залуу Сурганы ангид орчихсон байж таарав. Хоёул тохироод өргөдөл бичээд хүссэн ангидаа орж билээ.

-Хүссэн мэргэжлээрээ сурч эхэлсэн байх нь. Тэр хооронд Гуравдугаар сургуульдаа багшилсаар л байв уу?

-Тийм. Сургуульдаа багшлахынхаа хажуугаар эчнээгээр сурсан хэрэг. Төгсөхийн өмнө Хотын боловсролын газрын дарга Батмагнай дуудаж уулзаад “Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст зөвлөх багш хий” гэлээ. Би ч дааж авсан ангиа төгсгөчихмөөр байдаг, тэр тухайгаа хэлтэл хүлээж авсангүй. “Чамайг 40 хүүхдийн өмнө зогсоох байсан юм бол Багшийн дээдэд оруулж яах юм, Боловсролын газар хүнээ мэднэ” гээд явуулж билээ. Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ажиллаж байхдаа би маш их зүйлийг ойлгосон. Хүн хэдий чинээ өргөн хүрээнд мэргэжлийнхээ юмыг харна, төдий чинээ өргөн сэтгэдэг. М.Горький “Амьдрал миний их сургууль”гэж бичсэнийг тухайн үед уншаад гайхдаг байсан. “Ямар сонин юм, их сургуульд сурч байж амьдралаа эхэлмээр юм” гэж. Гэтэл үнэн шүү, амьдрал өөрөө л их сургууль юм билээ.

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ажиллаж байгаад 45 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллах болсон. 45 сургууль Багшийн сургуулийн түшиц сургууль байсан. Би анх удаа тус сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангийг нээж байлаа. Тэр үед Хишигсүрэн гээд мундаг чадвартай, санаачилгатай залуу захирал байлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхан маань Сүхбаатар дүүргийн бага ангийн математикийн цомыг авч байлаа. Тэр жил ч хувийн сургуулиа байгуулаад гарч байсан.

-“Арвис” сургуулийн түүх ингэж эхэлсэн байх нь ээ?

-45 дугаар сургуульд тооны анги нээсний дараа төрийн сургуульд болж байгаа юм ч байсан, болохгүй нь ч байсан. Миний нээсэн тооны анги бол ерөөсөө л хувийн сургуулийн загвар юм байна гэдгийг олж харсан. 70-80 хүүхдээс шалгалт авч 20 хүүхэд авдаг. Тэгээд бодохоор болох бүтэхзүйлийг би хийхгүй суугаад байна гэж бодоод хувийн сургууль байгуулъя гэж шийдсэн. Намайг сургууль байгуулахыг Хотын боловсролын газрынхан ч дэмжиж байсан. Ингэж манайх улсын хэмжээнд 26 дахь, Баянзүрх дүүргийн анхны хувийн сургууль болж байв. Намайг сургууль байгуулаад 45 дугаар сургуулиас гарахад захирал Энхтуяа их л дурамжхан байсан даа.

-“Арвис” сургууль одоо бол арвин их туршлагатай, амжилтын түүхтэй сургууль болжээ. Анх байгуулж байхад хүндрэл бэрхшээл бишгүй байсан уу?

-Хувийн сургууль байгуулах гол онцлог нь хүүхэд цөөн байх хэрэгтэй. Аж ахуйн ажил нь надад хэцүү байсан. Би дандаа сургалт хариуцаж ирсэн хүн. Анхны багш маань Чимэдлхам гэдэг найз минь байлаа. Тухайн үед 35 дугаар сургуульд хичээлийн эрхлэгч байсан бүсгүй. Мундаг дайчин, бүтээлч, зөв сэтгэлтэй. Миний ажил ингэж сайхан явж байгаа нь Чимэдлхам багшийн хүч юм.

-Сургуулийн энэ жилийн уриа “Цагийн юмыг цагт нь” гэж байгаа нь сонирхолтой, олзуурхууштай санагдлаа. Та бүхэн сургалтын хөтөлбөртөө хэрхэн анхаардаг вэ?

-Эхлээд бид математикаараа дагнасан. Дараа нь орос хэл заагаад, дэлхий нийтийн хэл гээд англи хэл рүү орсон. Ер нь энэ бол их явцуу ажил байсан. Ерөөсөө хүнийг хүн болгох хэрэгтэй юм байна. Гол нь хүүхдүүд цаг баримталдаг, хэлсэндээ хүрдэг байх нь чухал. Багш нар ч тэр. Одоогоос гурван жилийн өмнө Манлайллын хөтөлбөр гэж Монголд анх орж ирсэн. Анх хэрэгжүүлсэн нь манай сургууль юм. “Бяцхан манлайлагч” хөтөлбөр дэлхийн улс оронд байдаг юм билээ. Багагүй хугацаанд хичээллэсэн. Харамсалтай нь зарим эцэг эх дэмжээгүй, тиймээс бид зогсоосон. Гэхдээ тус хөтөлбөр манай сургуульд өгөөжөө өгсөн. Тус хөтөлбөрөөс сургуульд маань үлдсэн нь бий. Цагийн юмыг цагт нь хийж сурах, төгсгөлөө хүн төлөвлөсөн байхад дундаасаа хүн ухрах аргагүй байдаг. Үүнийг хүүхдүүдийнхээ сэтгэхүйд суулгахын төлөө ажилладаг.

Манайх нэг ангид нэг ээлжээр 20 хүүхэд хичээллүүлдэг. Тохитой, хувцсаа солино, өвлийн цагт ханиад томуу маш бага. Ийм л зүйлийг эцэг эхчүүд хүсдэг. Хамгийн гол нь зөв боловсрол, хүмүүжил, харьцаатай, хэний ч үгийг даадаг хүн болж төлөвших ёстой. Үүнд л бид маш их анхаардаг.

Ер нь манайх англи хэлний түвшин сайн. Шатрыг хоёрдугаар ангиас хөтөлбөрт оруулдаг. Мэргэжлийн багш онолоор заадаг. Хүүхэд хөгжүүлэх тал дээр төгөлдөр хуурын хичээлтэй. Гавьяат багш Баасанцэрэн заадаг. Воллейбол сагсны секцтэй. Өнгөрсөн жилээс уншлагын танхимтай болсон. Өдөр өнжүүлэхтэй.

-Сургуулийнхаа амжилтуудаас дурдвал?

-Манай сургууль 2004 онд “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль” болсон. 2005 онд Шилдэг хувийн сургуулийн жагсаалтад дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн 2006 онд улсын хэмжээгээр Шилдэг менежмэнттэй хорин сургуулийн нэг болсон. Энэ хооронд манай хүүхдүүд олимпиад, уралдаан, тэмцээндсайн оролцож байсан.

Бид 2008 онд анхныхаа төгсөлтийг хийсэн. Төгссөн хүүхдүүдмаань бүгд их, дээд сургуульд элссэн. Тэд МУИС, ШУТИС, АШУИС, СЭЗДС руу голдуу ордог. ЭЕШ-ын оноогоор эхний 20 дотор үргэлж явна. Англи хэлний улсын олимпиадад дүүрэгтээ гуравт орж байсан. Манай хүүхдүүд дотроос дүүргийн англи хэлний олимпиадын аварга ч тодорч байсан удаатай.

-Та багш байхдаа ч, одоо сургуулиа удирдаж байхдаа ч чухалчилдаг гол шугам юу вэ?

-Би тэр хүүхэд сайн гэхээс илүү массаар нь авч үзэхийг чухалчилдаг.Эхлээд би олимпиадад ач холбогдол өгч хүүхдүүдээ оролцуулдаг байсан. Одоо больсон. Олимпиад зөв явагдахаа чбайсан. Хэтэрхий энэ рүү улайрахаар нэг хэсэг хүүхдийг хаях шаардлагатай болсон. Бас дээр нь сайн бэлддэг багшийн асуудал чухал болсон. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь чадвартай багш. Би хэлдэг юм. Хамгийн гол нь чадвартай, сэтгэлтэй багш хэрэгтэй юм. Нэг их онц сурсан гэхгүй. Багшлах ажилдаа дуртай, сэтгэлтэй байвал бол оо. Дагуулж байгаад багш болгоно гэж. Мэдээж тодорхой шаардлага тавина.

-Боловсролын салбарын бодлогыг та хэрхэн үнэлдэг вэ. Олон нийтийн дунд боловсролын салбар нэр хүнд муутай байна уу даа?

-Би бол боловсролын салбарыг ухарсан гэж хэлж чадахгүй. Болж байгаа зүйл зөндөө байгаа. Энэ салбарт 48 жил ажиллачихлаа. Намайг багш байхад тэр үеийн нийгмийн тогтолцоо өөр байсан. Тогтолцоо өөрчлөгдөөд нийгэм чөлөөтэй болоод ирэх үед хүмүүс эрх чөлөөгөө буруу эдэлсэн. Ерөөсөө нэг хэсэг боловсрол хэрэггүй гэж үзэх болсон. Наймаа хийгээд мөнгөтэй л болбол амьдарна гэсэн маягтай. Энэ бүхэн боловсролыг ухраачихсан гэж боддог. Мэдээж бодлого зорилго нь байсан. Гэтэл хүмүүсийн сэтгэхүй маш буруу хэлбэр рүү ороод нийгмийн давалгаанаас болоод хүүхдүүд нэг хэсэг сургуулиас гарсан.

Боловсролын салбарын хийж байгаа ажлыг олон хүн үгүйсгээд байхад дургүй. Үе үеийн сайд дарга нар бүгд ажил хийдэг. Саяхан багш нарын VII хурал боллоо. Ярилцсан асуудал, гаргасан шийдвэрийг нь харахад чанартай, зүг чигээ олсон байна гэж харагдсан. Ё.Баатарбилэг сайдын гаргаж байгаа тушаал зааврыг харахад ч цэгцтэй явчих нь уу гэсэн бодол төрж байгаа.

-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зургаан настнуудыг шалгалтгүйгээр элслүүлэх шийдвэр гаргасан. Зарим хувийн сургуулийнхан эсэргүүцэж байсан. Танай сургуулийн хувьд ямар вэ?

-Хувийн сургууль шалгалт авч зургаан настай хүүхдийг элсүүлж болохгүй. Жинхэнэ алагчлал бол тэр. Түүнээс гадна манайд гадны хөтөлбөр их хэрэгждэг. Би гадны олон хөтөлбөрт тийм ч их дуртай биш. Манайх багш нараа чанаржуулаад солилцоо хийж, багшлах боловсон хүчнийг бэлдэж байгаа их, дээд сургуульдаа том хөрөнгө оруулалт хийж байгаад сайн багш нартай болчиход бид нарыг авах гадаадын хөтөлбөр бий болох ёстой.

-Багшийн ур чадварын асуудал толгойны өвчин болж байна гэлээ. Нээрээ ч тийм. Гол нь яаж үүнийг засч залруулах ёстой юм бэ?

-Манай боловсорлын салбарт алдаатай юм байгаа л байх. 90-ээд оноос хойш боловсролын салбарын уналтын нэг том нөлөө нь багшийн нэр хүнд унасантай холбоотой. Би өөрийнхөө салбарыг өмөөрч байж магадгүй. Багш бэлтгэдэг сургуулиудад тэргүүний сурлагатай, сахилга баттай хүүхдүүд элсэхээ больсон. Энэ бүхэн нь буцаад чадалтай чансаатай багш гарч ирэхэд нөлөөлсөн байх. Бидний бэлтгэсэн бүтээгдэхүүний чанар ямар яваа юм бол доо гэж бодох үе бий. Мэдээж энэ салбарт ухралт бий. Нэг хэсэг монгол бичиг гээд давхисан. Дараа нь кирилл боллоо. Одоо кирилл, монгол хосолно гэж байна. Намайг залуу багш байхаасбага боловсролын хөтөлбөр 4-5 удаа өөрчлөгдсөн байдаг. Найман настай хүүхдийг сургуульд авдаг байлаа, бага боловсрол гэж дөрвөн жил сургана. Түүнийгээ гурван жил болголоо. Дараа нь дөрвөөс дээш нь дунд анги гэж нэрлэсэн, түүнийгээ болиод 3-5 дугаар ангид алгасуулж сургалаа. Хүүхдийг долоон настайд нь сургалаа. Монгол бичиг заасан. Буцаад кирилл боллоо. Тэгж байснаа зургаан наснаас нь элсүүлдэг боллоо. Энэ бүхний эцэст тухайн үедээ боловсролын салбарын төв байгууллагад ажиллаж байсан хүмүүс бүтээлч хандсан гэдэгт эргэлздэггүй.Хамгийн гол нь нийгэм даяар хэтэрхий хурдан буруу давлагаа руу орчихсон.

-Ямар давлагаа гэж?

-Зургаан настныг сургах хугацаа манайд арай болоогүй байсан. Яахав хувийн сургуулийнхан бидэнд болж байсан. Цөөхөн хүүхэдтэй учир хүүхэд бүрт хүрч ажиллана. Хоёрт бид хотын хүүхдүүдийг авна.Хөдөө орон нутагт авч болохооргүй байсан. Бид энэ талаар тухай үеийн сайдадхэлээд дийлээгүй алдсан. Зургаан настныг нийтээр нь элсүүлэхийг нэг хоёр жил харах байсан юм. Тэгсэн бол багш, ширээ сандал, өрөө тасалгаа хүрэлцэхгүйгээс эхлээд ээдрээтэй асуудал гарахгүй байсан. Гэнэт шийдэхээр ачааллаа даахгүй болж, сурлагын чанарт нөлөөлсөн.

-Таны мэргэжлийг охид тань өвлөсөн гэж дуулсан?

-Том охин Бадам маань Багшийн дээд сургуулийг Мэдээлэл зүй, математикийн ангийг төгссөн. Охин маань надад тулгуур болоод ажиллаж байна. Хоёр дахь охин МУИС-ийн палеонтологийн танхимд багш. Гурав дахь охин маань бас багш. Дөрөв дэх охин маань солонгос хэлний багш. Бага нь Нью-Йоркод загварын чиглэлээр сургууль төгсөөд Нидерландад амьдарч байна. Хүүхдүүд маань Ерөнхий боловсролын сургуульдаа онц сайн суралцаж төгссөн, ангийнхаа тэргүүний хүүхдүүд байсан.

-Уугуул нутагтайгаа багш солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байгаа гэв үү?

-Би Дорноговь аймгийн Айраг сумын уугуул. Айраг сумынхаа сургуультай холбогдох хүсэлтэй байдаг юм. Багш солилцоо хиймээр санагддаг. Мөн Төв аймгийн Борнуурт бас. Миний ажил, амьдралын гараа эхэлсэн сайхан газрууд.Удахгүй эдгээр сургуулиудтай багш сурагч солилцдог болно.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах сургалт болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4-р конгресс ирэх долдугаар сарын 2-3 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа болно.

Тус чуулганыг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогчдод хэрэгцээт үйлчилгээг соёлтой боловсон хүргэхэд туслах үндэсний сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор ХНХЯ, ХБХХЕГазар, “Жайка” ОУ-ын байгууллагын Улаанбаатар хот дахь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”, Скаутын холбоо, “Бэрхшээл ба тэгш байдлын сургалт форум” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Сайн дурын ажилтан гэж хэн бэ” сэдэвт цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Сургалтад 10 зочид буудлын нийт 240 ажилтан, улаан загалмай нийгэмлэг болон скаутын холбооны 90 гишүүн, ХБИБ-ын 10 сайн дурын ажилтан тус тус хамрагдах юм. Сургалт 05-р сарын 13-нд эхэлсэн бөгөөд 06-р сарын 11-ийг дуустал үргэлжилнэ. Тус сургалт хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах, тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар олон нийттэй харилцаж, ханган нийлүүлэх төрлийн үйлчилгээ үзүүлдэг ажилтан албан хаагчдад мэдлэг олгож, тэднийг чадавхижуулахыг зорьж байна. Мөн сургалтад хамрагдсан ажилтнуудад сертификат гардууллаа.