Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ боллоо

Банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ” ХК нь Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн, нээлттэй хувьцаат компани болж буйтай холбогдуулан олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид оролцож, компанийн цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажилласан байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Хөрөнгө оруулагчид “Инвескор ББСБ” ХК-ийн өнгөрсөн хугацаанд бий болгосон амжилт, цаашдын стратеги, бизнес төлөвлөгөөнд итгэл хүлээлгэн, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна.

Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO болж буйгаараа онцлог бөгөөд тус компанийн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулагч та брокер, дилерийн компаниудаар дамжуулан арилжаанд оролцох бүрэн боломжтой юм.

Хэрэв Та “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн хөрөнгө оруулагч болохыг хүсвэл дараах зааврын дагуу анхдагч зах зээлийн арилжаанд оролцоно уу.

  1. Үнэт цаасны данс нээлгэх

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудаас сонгон, үнэт цаасны дансаа нээлгэнэ.

  1. Мөнгө байршуулах

Өөрийн үнэт цаасны дансанд хувьцаа худалдан авах мөнгөн хөрөнгийг дараах зааврын дагуу байршуулна.

Хүлээн авах банк

Арилжааны төлбөр тооцооны төв

Дансны нэр

Таны нэр /Овог бичихгүй/

Дансны дугаар

12 оронтой данс /Брокероос авах/

Гүйлгээний дүн

Хувьцааны үнэ + Арилжааны шимтгэл

Гүйлгээний утга

Овог нэр, регистрийн дугаар

  1. Захиалга өгөх

ТиДиБи Капитал ҮЦК эсвэл өөрийн сонгон үйлчлүүлж буй үнэт цаасны компанидаа хандан, тухайн үнэт цаасны компанийн хүлээн зөвшөөрсөн дараах хэлбэрүүдээр арилжаанд оролцох захиалгаа өгөх боломжтой.

  • Өөрийн биеэр үнэт цаасны компанид хандан захиалга өгөх
  • Утсаар захиалга өгөх
  • Онлайн үйлчилгээгээр зайнаас захиалга өгөх
  1. Хувьцаа эзэмшигч болох

Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргаснаар таны үнэт цаасны дансанд хувьцаа байршина.

Захиалга авах цэгүүд:

  • Ти Ди Би Капитал ҮЦК төв оффис

/Худалдаа хөгжлийн банкны төв байр 3 давхар/ 09:00-17:00

  • Мэдээлэл авах цэг

/Шангри-Ла Молл худалдааны төв 2 давхар/ 10:00-19:00

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 7010-0261, 7010-0263

Вэб: http://www.tdbcapital.mn/page/ipo

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганд оролцоно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын ээлжит 75 дугаар чуулганд оролцож, чуулганы даргаар ажиллана.

Комиссын 75 дугаар чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд “хэнийг ч орхихгүй” гэсэн уриатай Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг Ази, Номхон далайн бүс нутагт хэрхэн бууруулах асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганд Науру Улсын Ерөнхийлөгч Барон Вака, Тувалу, Вануату Улсын Шадар сайд, Бутан, Лаос, Тайланд, Тимор-Лесте Улсын Гадаад хэргийн сайд оролцох бөгөөд АНДЭЗНК-ын 50 гаруй гишүүн улсын төлөөлөгчид чуулна. Түүнчлэн Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдик Хун Сен нар хүндэт зочноор уригдан оролцоно.

Манай улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 45, 55 дугаар чуулганыг даргалж байсан. 20 жилийн дараа чуулганы даргаар ажиллах болсон нь НҮБ болон түүний системийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны сайд чуулганы Бүгд хуралдаан болон Буурай хөгжилтэй, арлын жижиг, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний тусгай хуралдааныг тус тус даргалахаас гадна манай улсын санаачилгаар зохион байгуулах “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээрх тусгай арга хэмжээнд оролцоно. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

Туул гол орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ

Туулын бургас орчмоос толгойн ар хэсэгтээ гэмтэл авсны улмаас нас барсан байж болзошгүй эрэгтэй хүний цогцос олджээ.

Хэргийг тодруулбал, энэ хэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Био-Комбинат Туулын голын орчимд энэ сарын 21-ний өдөр гарсан бөгөөд 29 настай эрэгтэй Ш –г толгойн ар хэсэгт хүчтэй цохиж амийг нь бүрэлгээд улмаар голын бургасан орхисон байсан аж. Урьдчилсан байдлаар уг хэргийг талийгаачийн танил болох 18 настай О нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Талийгаачийг сэжигтэн 18 настай О нь толгойн ар хэсэр рүү нь хүчтэй цохиж амь насыг нь бүрэлгээд хэргийн газраас зугтжээ.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилсны дүнд саатуулсан байна.

Categories
гадаад мэдээ

Facebook 2,2 тэрбум хуурамч хаяг устгажээ

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн цахим хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр цахим сүлжээний аюулгүй байдал, кибер гэмт хэргийн асуудал хүрцаар яригдах болсон билээ. Олон нийтийн сүлжээний Facebook компани энэ оны эхний гурван сарын хугацаанд нийт 2,2 тэрбум хуурамч хаягийг устгасан тухай CNN агентлаг мэдээлжээ. “Facebook” компани ирэх оноос эхлэн тайлангаа хэрэглэгчдэд нээлттэй тавьж байхаар болж байгаа юм байна.

Тус сүлжээ өнгөрсөн оны сүүлийн улиралд 1,2 тэрбум хуурамч хаяг устгаж байсантай харьцуулахад огцом нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Устгасан хуурамч хаягуудын дийлэнхийг нээснээс нь хойш хэдхэн минутын дараа устгасан бөгөөд тэдгээрийг ихэвчлэн хиймэл оюун ухаан ашиглан нээсэн байсан гэнэ.

Тэдгээр хуурамч хаягуудыг компанийн системд халдахыг завддаг спамерууд түгээмэл ашигладаг ажээ. Үүнээс гадна 2019 оны эхний улиралд бусдыг доромжилсон, зүй бус пост буюу сэтгэгдлүүдийг устгасан байна. Ийм төрлийн нийт 33 сая сэтгэгдлийн 19 сая нь насанд хүрэгчдэд зориулсан байсан бол зургаан сая нь алан хядах үйл ажиллагааг дэмжсэн, дөрвөн сая нь арьсны болон шашны үзэн ядсан үг хэллэгтэй сэтгэгдэл байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Абсолют” дэлгүүрт хуурамч шошготой бууз худалдаалж байжээ

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ сарын 21-ний өдөр “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг гурван нэр төрлийн буузыг савлан худалдан борлуулж байсныг илрүүлжээ.

Тиймээс тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзлээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй 15 зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа ньТатварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийнхоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат болон Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцаад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүхэлд нь хориг тавьсан байна.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар Тамгын газрын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарнар тус тус танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад ирүүлсэн албан бичигт, Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй. Түүнчлэн, бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзсэн талаар дурджээ.

Мөн олон улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй. Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна гэсэн байлаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьжээ.

Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсанхоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Байнгын хорооны хуралдаанд танилцуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, хамт батлагдсан Татварын ерөнхий хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хууль диинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нугаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай. Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өерчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай. Гаалийн тариф. гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, хамт батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, хамт батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, ‘Ерөнхийлөгчийн хоригийн тухай’ Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж өгөхийг хүссэн талаар дурдсан байлаа.

Ерөнхийлөгчөөс тавьсан хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас “Оюутолгой” ХХК гурав дахин илүү олборлолт хийж байгаа атлаа бага татвар төлж байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулав. Мөн гадаадын хөрөнгө оруулагч компаниудад ногдуулах 20 хувийн татварыг 5 хувь болгосон эсэхийг илүүтэйлавлаж байлаа.


Олон улсын санхүүгийн үндэстэн дамнасан бүлэглэлүүд ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад татвар, санхүү төлөхөөс зайлсхийдэг байдлыг таслан зогсоохын тулд БЭПС олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монголын татварын эрх зүйн орчныг сайжруулахаар татварын хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа бид БЭПС-тэйхамтарч ажиллаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Японы ЖАЙКА зэрэг байгууллагын зөвлөгөөг авч ажилласныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатархариултдаа онцлов. Мөн тэрбээр татварын багц хуулийг боловсруулахдаа Монгол Улс татвараа гүйцэт авах зарчмыг баримталсныг дурдаад цаашид ч төлөөгүй байгаа албан татварыг авахаар эцсээ хүртэл явна гэдгээ мэдэгдлээ.

Харин ажлын хэсгийн зүгээс “Оюутолгой” ХХК-н гадагшаа шилжүүлэх орлогод ногдуулах татварыг таван хувь болгосныг ор үндэсгүй хэмээн няцаав. Мөн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 20 хувиар татвар төлөх заалт хэвээр байгааг дурдаад уул уурхайн тусгай лиценз эзэмшдэггүй Монгол Улсын компани дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй бонд босгож чадсан тохиолдолд5 хувийн татвар төлнө гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

“Эрдэнэтүйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хооронд татварын дэглэмээр нь авч үзвэл“Оюутолгой” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээгээ тогтворжуулсан байгаа. Үүн дээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн таван хувийг төлж, өсөн нэмэгдэхийг төлөхгүй байхаар зохицуулсан. 2018 оны байдлаар Оюутолгой ХХК 320.2 тэрбум төгрөгийн татварт төлснөөс 246.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 73.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 551.6 тэрбум төгрөгийн татвар төлснөөс 503 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 48.7 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төлсөн байдаг. “Оюутолгой” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар алдагдалтай ажиллаж байгаа бол “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж байгаа. 2018 оны тайлангаар “Оюутолгой” ХХК 15,4 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 171.4 тэрбум төгрөг төлсөн байгаагаас харахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 155 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэж ойлгох ёстой хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хариулж байлаа.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь ньдэмжсэн тул “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн

Categories
мэдээ улс-төр

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн чуулган Монгол Улсад болно

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг 2019 оны тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийн асуудлуудыг хэлэлцэх юм.

Чуулган:

1. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн

2. Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь

3. Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь

4. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Түүнчлэн төлөөлөгчид хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлаар хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгээс гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.

Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй орон болон олон улсын байгууллагыг төлөөлсөн 100 гаруй төлөөлөгч оролцох юм.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр Мексик Улсын иргэн, хатагтай Габриэла Куэвас Баррон 2017 оны 10-р сараас сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр Улаанбаатарт болох чуулганд ирж оролцох юм.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдийг архины албадан эмчилгээнд хамруулна

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч,иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэнэмэл байдлаар амьдардаг, удаа дараа нийгмийн хэв журам зөрчдөг иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тус дүүрэгт Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Шангри-Ла төв,Централ Таур зэрэг томоохон үзвэр, худалдаа үйлчилгээний газрууд, Цэрэндоржийнгудамж, Сүхбаатарын талбай зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд байрлах нийслэл хотын иргэдийн төвлөрсөн бүс бөгөөд дээрх гудамж, талбайд архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан иргэдийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах, орон гэргүй тэнүүчлэн амьдардаг иргэдийг эмчийн үзлэгт хамруулан сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулах, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагатай хамтран засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

БНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар санал солилцов

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг энэ сарын 22-ны өдөр БНПУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хавсран суугаа батлан хамгаалахын атташе, хошууч генерал Славоми Калужинскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын онцлог болон ижил төстэй олон талын асуудлын хүрээнд санал солилцсон юм. Түүнчлэн 2019 оны хичээлийн жилээс эхлэн Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн Урлагийн Академид Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг оператив-тактик, опертив-стратегийн чиглэлээр сургах тухай санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо

Ерөнхий сайдын 52-р дугаар захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо.

Ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллах юм. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, удирдан чиглүүлэх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан талаар ажлын хэсгийн гишүүдэд хурлын эхэнд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно. Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 02 дугаар сарын байдлаар эдгээр баримт бчигүүдээс 218 нь хүчин төгөлдөр байгаа аж.

Тиймээс одоо боловсруулах хөгжлийн баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд хэлсэн үгэндээ онцолсон юм.

Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллахаар боллоо. Олон улсын туршлагыг ч ажлын хэсгийнхэн давхар судлаж байгаа бөгөөд ОХУ, БНАХУ, БНСУ, БНКУ-ын зарим жишээг хурлын үеэр хөндсөн юм. БНСУ-ын хувьд 1999 онд “Алсын хараа 2025” хөгжлийн бодлогоо батлуулсан бөгөөд өнөөг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогоо эрчим хүч, ус, далайн эрэг орчмын ус, газар, цаг агаарын өөрчлөлт, тээвэр, зөрчлийн менежментийг голчлон авч үзэн таван үндсэн чиглэл, хэрэгжүүлэх 48 зорилт, 224 тухайлсан зорилттой боловсруулжээ. БНКУ-ын хувьд “Казахстаны хөгжлийн стратеги 2050” хөгжлийн бодлогоо одоо хэрэгжүүлж байгаа бөгөөд “Казахстан улс 2050 он гэхэд дэлхийн тэргүүлэх 30 улсын нэг болно” гэдэг зорилт уг бодлогод туссан байдаг аж.

Монгол Улсын цаашдын хөгжлийн үндсийг “Сайн төр, Монгол хүн, Монголын баялаг” хэмээн тодорхойлж, “Нэгдмэл зорилготой Монгол Улс” гэсэн үзэл баримтлалаар олон тулгуурт хөгжлийн бодлого боловсруулахаар төсөл боловсруулсан гэдгээ ажлын хэсгийн зүгээс хурлын үеэр танилцуулсан. Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг авахаар ажлын хэсгийнхэн төлөвлөжээ.

Ажлын хэсгийн анхны хуралдаанаас салбар дундын болон салбар хоорондын бодлогын зохицуулалтын асуудлыг хариуцах “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын хэсгийг байгуулахаар болов.

Мөн салбар бүрийн цаашдын хөгжлийн төсөөллийг ЗГ-ын яам бүр яаралтай боловсруулж, эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгосон юм.

Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогыг 2019 оны 11 дүгээр сард ажлын хэсгийнхэн Засгийн газарт танилцуулах юм.