Categories
гадаад мэдээ

“HUAWEI”​ компанийн ухаалаг утас SD карт ашиглах боломжгүй болжээ

АНУ-ын компаниуд болон Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэдэг “HUAWEI” компанийн хооронд худалдааны маргаан өрнөөд байгаа билээ. Энэхүү тэмцлийн үр дүнд”HUAWEI” компани SD карт ашиглах боломжгүй болжээ.

Саяхан Google компаниас Android үйлдлийн систем ашиглах лицензээ цуцлуулаад байсан “HUAWEI” компани SD, microSD картын стандарт тогтоодог “SD Association” компанийн гишүүний эрхээ хасуулжээ. Ингэснээр тус компани цаашид үйлдвэрлэх ухаалаг гар утас, зөөврийн компьютертээ SD, microSD картын стандартыг ашиглах боломжгүй болж байгаа юм.

Харин “HUAWEI” компанийн нэгэнт үйлдвэрлэгдчихсэн, хэрэглэгчдийн гар дээр байгаа бүтээгдэхүүнүүдийн SD, microSD карт хэвийн ажиллах юм. Гэхдээ энэхүү хориг нь тус компанийн хувьд Android үйлдлийн системийн лицензийг алдсанаас харьцангуй жижиг асуудал хэмээн үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм спорт

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-нд Монголын баг шөвгийн наймд үлдлээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн БНХАУ-ын Чангшиа хотод болж байна. Тус тэмцээний Б хэсэгт Австрали, БНСУ-ын багтай хамт орсон Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ нэг хожилтойгоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Манай залуус өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдөж байсан Австралитай дахин тоглохдоо 21:8-аар хожигдсон ч БНСУ-ыг 20:14-өөр хожжээ.

Ийнхүү манай баг шөвгийн наймд шалгаран цаашид тоглох боломжтой болоод байна. Шөвгийн наймд манай баг тэмцээний гол шуугианыг тарьсан Йордантай тоглоно. Йордан залуус тэмцээний чансааг тэргүүлэгч Японыг хэсгийн шатанд хожсон юм. Тус тэмцээнээс манай баг 2017 онд алт, 2018 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ. Эмэгтэйчүүд Казахстан, Киргизстантай нэг хэсэгт орсон бөгөөд өнөөдөр тоглох юм. Харин эрэгтэй шигшээ 26-ны Ням гарагт 13:10 цагаас Иорданы багтай шөвгийн наймд тоглоно.

Categories
гадаад мэдээ

Тереза Мэй огцорно

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаас зургадугаар сарын 7-нд огцорно гэдгээ баасан гарагт мэдэгдлээ.

Тереза Мэй Даунинг-стрит дэх албан ёсны өргөөнийхөө үүднээс огцорно гэдгээ мэдэгдсэн бөгөөд үгийнхээ төгсгөлд нулимсаа барьж чадалгүй уйлсан байна.

Их Британийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, намын нөхдийн шахалтаар, тэр дундаа, Мэйн танилцуулсан “Brexit”-ийн асуудлаарх шинэ хэлэлцээрт сэтгэл дундуур байгаа сайд нарын гишүүдийн шахалтаар тэрбээр ийм шийдвэр гаргахад хүрчээ. Тэд хэрэв эрх мэдлийг шинэ удирдагчид өө сэвгүй шилжүүлэн өгөхөөс татгалзаж, огцрох өдрөө мэдэгдэхгүй бол түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг дахин тавина хэмээн сүрдүүлсэн байна.

Энэ нь түүнийг Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох ёстой гэсэн даюхар утга агуулж буй аж. Гэхдээ тэрбээр зургадугаар сарын эхээр Их Британид төрийн айлчлал хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж амжих юм.

Одоогоор тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон нэрээ дэвшүүлэхээ хэдийнэ мэдэгдээд байгаа боловч шинэ удирдагчийн сонгуулийн үйл явц зургадугаар сарын 7-ноос хойш албан ёсоор эхэлнэ.

Түүнчлэн парламентын Нийтийн танхимын дарга асан Андреа Лидсом нэрээ дэвшүүлж магадгүй гэдгээ мэдэгдсэн. Консерватив намын даргын суудалд нэр дэвшиж магадгүй хүмүүсээр мөн Гадаад хэргийн сайд Жерем Хант, Дотоод хэргийн сайд Сажид Жавид нарыг нэрлэж байна.

Сайд нарын танхимын шинэ дарга сонгогдох хүртэл Мэй Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэнэ.

Categories
гадаад мэдээ

Европын парламентын сонгууль Балтийн тэнгисийн орнуудад эхэллээ

Related image

Европын парламентын сонгууль Балтын тэнгисийн орнуудад өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр Латви улсын иргэд саналаа өгөх бол хөрш Литва болон Эстон улсад сонгууль ням гарагт болно.

Балтын тэнгисийн орнуудын иргэд Европын парламентын шинэ бүрэлдэхүүний 25 депутатыг сонгоно. Үүнээс найм нь Латви улсаас сонгогдоно. Тус улсаас уг сонгуульд улс төрийн 16 нам, эвслийн 246 нэр дэвшигч бүртгүүлжээ.

Европын парламентын сонгууль Европын Холбооны бүх гишүүн улсад тавдугаар сарын 23-26-ны хооронд болох бөгөөд улс орнуудын хууль тогтоомжийн ялгаатай байдлаас шалтгаалан өөр өөр өдөр болдог байна. Эл сонгуульд гишүүн 28 орны 426 сая иргэн саналаа өгөх бөгөөд Европын Холбооноос гарах эсэх нь шийдэгдээгүй байгаа Их Британи улс ч оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

15 төрийн байгууллагын авлигын эрсдэлийг тогтоожээ

АТГ-аас судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тооцож гаргаад байна. Энэ жилийн хувьд улсын 6 эмнэлэг, 3 их сургууль, төрийн өмчит 6 хуулийн этгээдийг авлигын эрсдлийн үнэлгээнд хамруулсан.

Авлигын эрсдлийн үнэлгээ хийхийн утга учир нь тухайн төрийн байгууллагад авлигын ямар эрсдэлтэй зан үйл, нөхцөл байдал, шинж тэмдэг байгааг тодорхойлох зорилготой. Өөрөөр хэлбэл, тэр төрийн байгууллагад байгаа “авлигын өвчний онош”-ийг тогтооно гэсэн үг. Тавьсан оношийн дагуу “эмчилгээ” хийнэ, тэр эмчилгээ нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байх болно. Авлигын эрсдлийн тайланг ирэх сард олон нийтэд нээлттэй танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь хохироосон Вьетнамын иргэнд 14 жилийн хорих ял оноожээ

Вьетнам улсын иргэн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр өөрийн улсын иргэн Х-тэй маргалдан цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Харьяаллын дагуу тус хэрэгт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Үүний дагуу тус аймгийн шүүхээс 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Вьетнам улсын иргэнд 14 жилийн хорих ялыг оногдуулж тус ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Манай улс Вьетнам улстай ялтан шилжүүлэх чиглэлээр хэлэлцээр хийгээгүй учраас тус улсын иргэн Н нь Монгол Улсад ял эдлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа болж байна

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 05 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, соёлыг өсвөр үе залуучуудад төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 05 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Уг үзэсгэлэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсүүд оролцох бөгөөд “Хүүхдийн зуслангуудын өдөрлөг зохион байгуулах”, “Хүүхэд, гэр бүлийн төлөө хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, үйл ажиллагааны талаар гэр бүл, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан ажиллуулах юм хэмээн нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээжээ

“Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарсан билээ. Энэ хэрэгт М.Амарболд, Б.Жавхлан нар гэм буруутай нь тогтоогдож тэдэнд анхан, давж заалдах шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон.

Гэмт этгээдүүд хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу Дээд шүүхэд уг хэргийг өчигдөр /2019.05.24/ хэлэлцээд М.Амарболд, Б.Жавхлан нарт бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээжээ.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас, бороотой

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Тавдугаар сарын 25-ны шөнө, маргааш буюу Ням гаригт нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус, бусад хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Харин тавдугаар сарын 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 25-26-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар, тавдугаар сарын 29-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Үе үеийн онцгой байдлын аврагчид чуулж байна

Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байгаа гурван үеийн дөрөвдүгээр чуулга уулзалт Орхон аймагт өнөөдөр /2019.05.25/эхэллээ. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар нарын удирдлагууд оролцсон юм. “Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийн оролцоо, идэвхийг дээшлүүлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус чуулганд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөлөл нийт 140 гаруй алба хаагч оролцож байна. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага 15 жилийн хугацаанд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй, хангамжийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхний үнэтэй санал санаачлага, оролцоо, хичээл зүтгэл, хамтын хүч хөдөлмөр хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан” гэж онцоллоо.


Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн илгээлтээ ирүүлсэн байна. Тэрбээр, залуу халуун насаа эх орон ард түмэндээ зориулж, өнөөгийн энэхүү хөгжлийг авчирсан ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан авч яваа залуу, хойч үеийнхний хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, үе үеийн алба хаагчдын санал бодлыг сонсон, алдаа оноогоо хэлэлцэж, цаашдынхаа чиглэлийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы зорилго оршиж байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалдаг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албаныхаа төлөө цаг үргэлж санаа тавьж, цаашид улам их хөгжүүлэхийн төлөө Онцгой байдлын байгууллагын ахмад үеийнхэн үргэлж идэвх санаачилга гарган ажиллаж байдагт миний бие байнга талархаж байдаг. Монголчууд бид ахмад настнаа хүндлэн дээдэлж, тэднээсээ цаг үргэлж суралцаж ирсэн оюуны арвин их өв, уламжлалтай, гайхамшигтай соёлын өвтэй ард түмэн билээ.

Иймд ахмадуудынхаа түүхэн замнал, алдар гавьяа, ололт амжилт арвин их баялаг туршлагаас суралцах, тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аливаа үйл ажиллагаанд ахмадуудынхаа оролцоог хангах боломжийг байнга эрэлхийлж байх нь залуу хойч үеийнхний үүрэг юм. Мөн чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг ажил амьдралдаа хэрэгжүүлж, дараагийн уулзалтад хийсэн ажилтай, хэлэх үгтэй ирэх нь энэхүү чуулга уулзалтын үр дүнг илэрхийлэх юм. Онцгой байдлын алба нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаа нь ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээ болсон Та бүгдийн хамтын хөдөлмөрийн үр дүн билээ. Өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, эргэх дөрвөн цаг дор эр зориг, тэсвэр хатуужил гарган эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байдаг та бүхний ариун үйлсээр ирээдүй хойч үеийнхэн үргэлж бахархаж байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Та бүхэнд болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилтыг хүсэн ерөөе гэжээ.