Categories
мэдээ нийгэм

Энэ онд нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ.

Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо,35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой юм. Орон нутагт хаврын тариалалт ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе

Орхон аймаг 4697 га талбайд тариалалт хийнэ

Орхон аймаг 2019 онд нийт 4967 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс улаан буудай 3980 га, төмс 368 га, хүнсний ногоо 349 га, тэжээлийн ургамал 140 га талбайд тариалж, буудай 6368 тн, төмс 4410 тн, хүнсний 4184 тн, тэжээлийн ургамал 280 тн ургац тус тус хураан авах зорилго тавиад хаврын тариалалтаа эхлүүлээд байна. Энэхүү зорилтын хүрээнд 2 сумын 10 гаруй аж ахуй нэгж, 600 гаруй айл, өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр бэлтгэл хангажээ. Хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгүүлэх зорилгоор 10 аж ахуй нэгж, 2 иргэн 422 тонн үрийн улаан буудайн /үр шинэчлэх/, 11400 литр орчим 4 төрлийн ургамал хамгааллын бодис мөн 3700 га талбайд тариалалт, 3240 га талбайд уриншийн боловсруулалт хийж гүйцэтгэхэд шаардагдах шатахууны захиалгыг ХХААХҮЯ, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д хүргүүлжээ. Аймгийн хэмжээнд 583 тонн улаан буудайн үр, 440 тонн төмсний үр, 175 кг хүнсний ногооны үрийн нөөцтэй байна. Мөн хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 46, үр тарианы үрлүүр 49, төмс, хүнсний ногооны үрлүүр 10, хөрс боловсруулах техник 123 ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалалт 45 хувьтай үргэлжилж байна. Үүнээс үр тариа 2100 га, төмс 45 га, хүнсний ногоо 29 га-д тус тус тариалсан.

Сэлэнгэ аймаг хаврын тариалалт 35 хувьтай байна

Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшин үйлдвэрлэл явуулдаг. Эдгээр үйлдвэрлэгчид маань энэ онд үр тариа 145843 га, улаан буудай 139559 га, тэжээл 11911 га, тосны ургамал 7443 га, төмс 2986 га, хүнсний ногоо 2837 га талбайд тариалах төлөвлөгөөтэй байгаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар үр тариа 50946 га, үүнээс улаан буудай 48631 га, арвай 641 га, овьёос 1674 га, тэжээлийн ургамал 2274 га, тосны ургамал 3086 га, төмс 726 га, хүнсний ногоо 625 га талбайд тариалжээ. Энэ нь нийт тариалалтын тухайд үр тариа 35.0 хувь, улаан буудай 34.8 хувь, тосны ургамал 41.4 хувь, тэжээлийн ургамал 19.1 хувь, төмс 24.3 хувь, хүнсний ногоо 22.0 хувийг тариалаад байгаа гэсэн үг юм. Мөн тус аймгийн хувьд энэ хаврын тариалалтад ажиллах дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр тарианы хийн үрлүүр 39, төмс, хүнсний ногооны үрлүүр 85, сийрүүлэгч 341, хор цацах машин 173, бордоо бууц цацагч 21 ажиллаж байгаа нь нийт техникийн 88.9 хувийг эзэлж байгаа юм.

Булган аймагт хаврын тариалалт 26 хувьтай байна

Булган аймгийн хэмжээгээр энэ хавар нийтдээ 47,3 мянган га талбайд тариалалт хийх юм. Одоогоор 12,3 мянга га талбайд үр суулгаад байна. Үр тариа 11,6 га талбайд тариалснаас улаанбуудай дийлэнх буюу 11632 га-д үрлэгээ хийжээ. Харин бусад үр тариа 20 га талбайд тариалсан аж.Хангал, Бугат, Гурванбулаг суманд хаврын тариалалт ажил талдаа орсон мэдээ байна.

Дорнод аймаг 40.9 мянга га-д тариалалт хийнэ

Тариалангийн урьдчилсан төлөвлөгөөгөөр Дорнод аймаг энэ онд 40.9 мянган га-д тариалалт хийнэ. Тус аймгийн 7 сумын нутагт 20 гаруй аж ахуйн нэгж улаанбуудай, арвай, буурцаг, гурвалжин будаа, эмийн болон тосны ургамал, малын тэжээлийн ургамал тарина. Өнгөрсөн онд тус аймаг 27 мянган га-д үрийн шинэ тариалалт хийж, 1500 орчим тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлжээ. Одоогоор дахин 1500 тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Өнгөрсөн намар Дорнод аймагт хэт их дулаарч, өвөл цас бага унаж, хуурайшилт ихтэй хавар болж байгаа учраас хөрсний нөөц чийг тун бага байна. Тиймээс тариалалт оройтож, төлөвлөгөөндөө хүрэхгүй ч байх магадлалтайг тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажилчин нь осолдсон уурхайн компани хууль зөрчин ажиллаж байжээ

Энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай”-д осол гарч нэг иргэн одоог хүртэл сураггүй байгаа.

Хэргийг тодруулбал, тус компанийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна. Одоогийн байдлаар уурхайн орчим аймгийн болон МХЕГ-ын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд осолдсон иргэний цогцосыг олоогүй байгаа аж.

Тус компаниас олон зөрчил илэрсэн тул өнгөрсөн онд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байжээ.

Гэтэл “Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа-2019” арга хэмжээний бүртгэл маргааш дуусна

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

“Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн онд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 44.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Тус арга хэмжээнд зөв боловсон харилцаатай, гадаад хэлний мэдлэгтэй их, дээд сургуулийн оюутнуудыг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл Монголын Оюутны Холбооны 96909041, 80132349 дугаарт бүртгэж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг 70108687 дугаарт хүлээн авдаг бөгөөд Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвүүдийг дараах байршлуудад ажиллуулж байна.

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, IV хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Г эрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, IV хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, I хороо, Чингэлтэй дүүрэг гэсэн хаягаар тус тус бүртгэнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Б.Шаравын алтан пянзыг “Петровис”-ын Ж.Оюунгэрэл 11 саяар авчээ

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Хоёрдугаар симфони” алтан пянзыг “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 11 сая төгрөгөөр худалдан авчээ. Хөгжимчин ээжийн охин тэрбээр “Шарав” сангаар дамжуулан хийлчид, удирдаачдыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн пянзны борлуулалтын орлогыг хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулах юм.

Монголчуудын үнэт өвд тооцогдох энэхүү бүтээлийг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг EMI 1440 төхөөрөмжөөр бүтээж АНУ-д 300 хувь хэвлүүлснийг хэдхэн хоногийн өмнө авчирсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын алтан пянзанд “Хоёрдугаар симфони” тэргүүтэй 300 ширхэг хос алтан пянз таван бүтээлээс бүрдсэн бөгөөд Монголын радиогийн “Цагаан лавай” студид симфони оркестр, найрал дуучид, Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театрын найрал зэрэн зэрэг симфонийг дуугаргахад шаардагдах бүхий л уран бүтээлчийг тоглуулан бичүүлжээ.

Б.Шаравын “Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн ОХУ/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо болсон тус наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцож байсан юм.

Categories
гадаад мэдээ

Трамп Япон улсад айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн айлчлал хийхээр бямба гарагт Япон улсад хүрэлцэн очжээ. Түүний айлчлал тавдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Трамп бямба гарагт бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Өнөөдөр харин Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой гольф тоглож, орой нь хамтдаа сүмо бөхийн барилдааныг үзэж сонирхоно.

АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын гол хөтөлбөр тавдугаар сарын 27-нд эхэлнэ. Тэрбээр Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан шинэ эзэн хаан Нарүхитод бараалхах юм.

Айлчлалын сүүлийн өдөр Трамп Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг тээгч “Кага” хөлөг онгоцон дээр зочлох юм байна. Токиогийн булангийн Йокошүка баазад байрлаж байгаа уг хөлөг онгоцыг хөнгөн нисэх онгоц тээгч болгон хувиргахаар төлөвлөж байгаа аж.

Трампын айлчлалын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд Японд 25 мянга орчим цагдаа нарыг дайчилсан байна. Түүнчлэн эзэн хааны ордон, ерөнхий сайдын ордон, Ханэда нисэх онгоцны буудлыг хамгаалалтад авчээ.

Categories
мэдээ нийгэм

Сэвлэг үргээх болон үс засуулбал, эд эдлэл, идээ, ундаа олно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 22. Адъяа гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр.

Наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал, эд эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм

Технологийн сургуулийн төгсөгчдийн “Сургалт–2019” үзэсгэлэн боллоо

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн төгсөгчдийн “Сургалт–2019” үзэсгэлэн Зайсан дахь Q-Art галерейд /хуучнаар Цагаандариум арт галерей/ нээгдлээ. Үзэсгэлэнд дүрслэх урлаг, дизайн, технологийн багш, хувцас загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжлээр төгсөгч оюутнуудын дипломын ажил, бүтээлүүд болох уран зураг, зураасан зураг, монгол зураг, баримал, брэнд дизайн, хувцас загварын олон тооны бүтээлүүд дэлгэгдсэн байна. Мөн тус сургуулийн БНХАУ-ын Өвөр Монголын хамтын ажиллагаатай их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн анхны төгсөгч оюутнуудын бүтээлүүд мөн багтжээ. Үзэсгэлэн 2019 оны 5 дугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.


Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд уурхайн осол болж, нэг хүн сураггүй байна

Тавдугаар сарын 23-ны өдөр 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол майнинг” алтны уурхайд осол гарчээ. Ослын улмаас 29 настай нэг ажилтан одоо болтол олдоогүй байна. Тодруулбал, уурхайн тогтоол нууранд нуралт болж 60 тоннын том оврын автомашинтайгаа унасан аж.

Осол болсноос хойш 36 цаг болж байгаа боловч том оврын автомашин нь ч харагдахгүй, осолдсон иргэнийг гаргаж авч чадаагүй байна. Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас арван алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байна. Одоогийн байдлаар осолдож сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Ё.Басхүү Хөх хотын гран пригээс хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при ангиллын тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо өчигдөр эхэллээ. 43 улсын эрэгтэй 157, эмэгтэй 141 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 11 жүдоч оролцож байгаа юм.

Эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн /эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг/ манай бөхчүүд нэг хүрэл медаль хүртэж, шагналт долдугаар байрт хоёр тамирчин шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд эхний тойрогт БНАСАУ-ын Пак Ён Намд ялагдаж тэмцээнээ дуусгасан. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын Б.Ойдовчимэд хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шиа Янд, 52 кг-ын жинд барилдсан Б.Хорлоодой хоёрдугаар тойрогт Израилийн Г.Примод тус тус ялагдан тэмцээнээ дуусгасан байна. Энэ жинд өрсөлдсөн залуу ОУХМ Л.Сосорбарам шагналт долдугаар байрт оржээ.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Ё.Басхүү Францын бөхөд ялагдсан ч БНХАУ, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялан Монголын багийн анхны медалийг хүртсэн юм. Энэ жинд барилдсан ОУХМ Г.Хэрлэн торгуулийн тойрогт Тайванийн Цай Мин Енд ялагдан долдугаар байрт оржээ.

Дэлхийн аварга Д.Сумъяа энэ тэмцээнд үндсэн жиндээ барилдаж, эхний тойрогт хийлээд дараа нь БНХАУ-ын бөхөд хожигдон тэмцээнээ дуусгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Т.Ганболд Уругвай улсаас Монгол Улсад суух өргөмжит консулаар ажиллахаар болжээ

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод тавдугаар сарын 24-ний өдөр экзекватурыг нь гардуулан өгчээ. Тэрээр үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.