Categories
мэдээ нийгэм

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Түүнчлэн Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй “Яг түүн шиг”

“Яг түүн шиг” шоу дажгүй, аятайхан болж байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” гэх мэт дэлхийн шоуг Монголдоо авчирсан уран бүтээлчдийг онцолж сайшаамаар санагддаг. Тэд орчин цагийн завгүй үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадаж байгаа. Сонсох дуртай дуучнаа яг төрхөөр нь харж, хоолойных нь өнгө онцлогийг мэдэрч сонсоод суух бас л гоё кайф гэдгийг “Яг түүн шиг”-ээс мэдэрдэг. Монголчууд бүгд олноороо монгол оддынхоо хувирах, жүжиглэх чадварыг бахадсан шигээ энэ шоуг үздэг. Өнгөрсөн жилийн “Яг түүн шиг”-ээс бултаараа яг л ийм мэдрэмж мэдэрсэн.

Гэтэл энэ жилийн “Яг түүн шиг” нэг л биш ээ. Дайх хэдэн үг байна. Эхлээд сайн жишээг нь онцолъё. Оролцогчдын жүжиглэх, дуулах авьяас алга ташихаас аргагүй гойд байгаа. Уран бүтээлчдээ сонгож оруулах тал дээр шоу зохион байгуулагчдыг өөлөх зүйл үнэндээ алга. Өнгөрсөн жилийнх ч тэр, энэ жилийнх ч ялгаагүй, уран бүтээлчдийн сонголт тал дээр онц үнэлгээ авна. Цөөн зарим дууны сонголтыг бас онцлох учиртай. Монголчуудын сэтгэлд хоногшсон “Миний ээж тэмээчин”, Youtube-д хамгийн олон хандалттайгаараа тэргүүлдэг “Despasito” энэ тэр бол ярих юмгүй сайхан санагдсан. Загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргалын намбалаг төрх, уянгалаг хоолойг гайхалтай амилуулсан. Загвар өмсөгч бүсгүйн нулимс унаган дуулсан “Миний ээж тэмээчин”-ийг олон хүн ухаарал, уяралтай сонссон байх. Пуэрто Рикогийн дуучин Луис Фонси-гийн “Despacito”-г дуулсан Б.Нацагдоржийг ч үзэгчид алга ташиж хүлээж авсан гэдэгт эргэлзэх юм алга. “Яг түүн шиг”-ийн тайзнаас халуун цустай испаничуудын характер, мэдрэмж нэвт ханхалсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Харин одоо шүүмжлэх өнцөг рүүгээ оръё. “Яг түүн шиг” шоунд оролцогчид зохион байгуулагчдынх нь шүүлтээр орж ирсэн дуучдын нэрсээс аль нэгийг нь сонгодог. Сонгосон дуучныхаа аль дууг нь дуулахаа харин өөрсдөө сонгож байгаа харагддаг. Шоу зохион байгуулагчдын сонгосон дуучдын нэр нэг л биш ээ. Илт олны танил, бултаараа сонсч, дуулсан дууг нь дагаж аялдаг дуучид цөөрөөд байх юм. Наад захын жишээ гэхэд л Cardi B-гийн I like it, Hyolyn-ий Dally-г нийтээрээ таашааж сонсдог уу гэвэл бас үгүй. Мэдээж тодорхой насныхан бол нийтээрээ дагаж дуулж яваа. Гэхдээ олноороо мэддэг, таашаадаг дуу мөн үү гэсэн асуултад эргэлзэлгүйгээр толгой дохих хүн цөөн байх.

Г.Ганхүүг хөгжмийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй залуу гэдгийг мэдэхгүй монгол байхгүй. “Яг түүн шиг”-ийг зохион байгуулагчдын сонгосон дуучдыг Г.Ганхүү л дотор гадаргүй мэдэж мэдрээд суугаа анзаарагдах юм. Нийт үзэгчид бүү хэл өнөө хоёр шүүгч нь хүртэл мэдэхгүй шахуу дуучдын нэр гарч ирээд байна л даа, сүүлийн үед.

Шоу гэж юу вэ гэсэн асуулт тавиад харвал ингэж шүүмжлэхээс аргагүй санагдаад байгаа юм. Хар үгээр хэлбэл шоу гэдэг бол олноороо таашаан үздэг нийтийн урлаг шахуу зүйл. Шоун дээр гарч буй бүхэн олонд танил дотно, дагаж дуурайж болохуйц, бүгд босоод алгаа таших дайны тавилттай гэх мэт хэмжүүрүүдээр илэрхийлэгдэх эд гэж ойлгогддог. Тэгж байж шоуны мөн чанараа хадгална. Тэгж гэмээ нь олныг дагуулж, илүү их ашиг орлоготой ажилладаг. Ер нь шоу урлаг өндөр хөгжсөн улсуудын дэлхийд түгсэн шоу хөтөлбөрүүдийг анзаарах нь ээ энэ хэмжүүрийг гол чигээ болгосон анзаарагддаг.

Поп урлагийн наадам ч юм уу, дуурийн дуулаачдын уралдаан энэ тэр бол өөр л дөө, жинхэнэ мэргэжлийн түвшний часхийсэн бүтээлүүд тайзнаа амилдаг. Ийм төрлийн уралдааны үзэгчид нь ч өөр, шүүгчдийн шалгуур нь ч тэс ондоо. Мэргэжлийн өндөр түвшний иймэрхүү уралдаан, наадмаас гадна хип хоп дуучид ч нэг тайзан дээр өрсөлдөж болно. Тийм уралдааны үеэр зөвхөн хип хоп сонсдог хэсгийн мэддэг сайн гэх дуунуудыг дуулж таарна. Мэдээж үзэгчид нь тусдаа, шүүгчид нь бас энэ чигийг илүү мэдэрдэг уран бүтээлчид байх нь ойлгомжтой. Товчхондоо сая дурдсан жишээнүүд бол олныг хамарсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шоу биш. Тэр утгаараа нийт олноороо мэдэхгүй, мэдрэхгүй дууг сонгоход болохгүй юмгүй. “Яг түүн шиг” бол нийтийг хамарсан, нийтэд таашаагдсан, нийтийн мэдрэмжид таацуулж дэглэдэг шоунуудын нэг. Хар үгээр хэлбэл Монголын аль ч аймгийн ямар ч хүн энэ шоуг үзээд таашаал мэдрэх учиртай. Тэгж байж шоу гэх үнэлэмжээ хадгалж үлдэнэ. Гэтэл “Яг түүн шиг” шоуны дуучдын сонголт арай л нарийсаад, хөгжмийн урлаг ойлгодог, эсвэл хөгжимд хорхойсч дурласан хүмүүсийг л толгой дохиулахаар хэмжээний уран бүтээлчдийг онцлоод байх шиг санагдах боллоо. Бүр энгийнээр хэлбэл нийтээрээ дууг нь сонсдог уран бүтээлчдийг сонгох гэсэн зарчмаасаа хазайгаад явна уу даа гэсэн бодол төрөөд байна л даа.

Өнөөдөр нийтэд цацагдаж байгаа дууг яг тэр үед нь сонсоод сайхныг нь мэдэрч яваа залуус байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд нийт олонх биш. Үүнийг уншсан олны дунд хотын соёл, хотын хөгжим, хотын мэдрэмж энэ тэр гээд элдэв тайлбар шүүмж өрнөх байх. Дахиад онцолъё шоу бол хотын биш, нийтийн гэсэн үнэлэмжээр хэмжигддэг. Тийм учраас энэ өнцгийг хөндөж байгаа юм.

“Яг түүн шиг” шоунд бас нэг онцлог бий. Сонгосон дуучны дууг яг тэр дуучинтай адилхан дүр төрх, дуу хоолой, үйл хөдлөлтэйгөөр амилуулах нь энэ шоуны амин сүнс. Тэр утгаараа олны дагаж дуурайж дуулдаг дуу, дуучин байхаас аргагүй. Огт мэдэхгүй, сонсоогүй дуучны мэдэхгүй дууг дуурайгаад дуулчихаар яахав. Яг адилхан дуулсан эсэхийг нь анзаарч чадах уу. “Яг түүн шиг” шоунаас мэдрэх ганц л кайф бий. Тэр нь яг адилхан дуулсан эсэхийг нь сонирхон харж, сонсох. Мэдэхгүй дуучныхаа дууг ингэж мэдэрнэ гэж юу байхав. Их л удаж дэлгэцэн дээр харьцуулж гаргах дүрсийг нь л багцаалдаж төсөөлөх төдийгөөр сонирхож харахаас хэтрэхгүй. Монголчуудын хувьд хойд хөршийн үе үеийн алдартай дуучид, хамтлаг мэдрэмжинд нь ойрхон байдаг. Солонгос, Америк, Франц, Италийн олны танилуудыг ч нийтээрээ сонсох дуртай. Нийтээрээ сонсох дуртай өчнөөн дуучин хамтлаг бий. Ер нь дуу таашаах тал дээр үндэстний онцлог гэж хэнд ч анзаарагддаггүй хэр нь хэтэрхий тодорхой нэг шалгуур байдаг. Г.Ганхүүгийн тухайд тэр онцлогийг нь мэдрээд дуучнаа сонгочих мэдрэмжтэй уран бүтээлч. Хэнийх нь дууг монголчууд нийтээрээ таашаан сонсдог вэ гэсэн асуултыг мань эрд тавибал торохгүй тодорхой хариу өгнө. “Ийм учраас тэрний дууг монголчууд бултаараа сонсдог” энэ тэр гээд гаргалгаа юутай хээтэй нь ярина гэдэгт эргэлзэх юм алга.

Тэгэхээр ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй дуучдаас татгалзвал “Яг түүн шиг” жинхэнэ утгаараа шоу болох гээд байна.


Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас 534 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний 5 сарын байдлаар нийт 2275 удаагийн гал түймэр гарч, 5.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 27 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн 577 толгой мал хорогдож, 871 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 534 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 30.6 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 57.8 хувиар буурсан байна.

Нийслэл хотод нийт 1579 удаагийн гал түймэр гарч, 2.4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 696 удаагийн гал түймэр гарч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Энэ хугацаанд 7682 байгууллага, аж ахуйн нэгж, 58961 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 36288 зөрчил дутагдал илрүүлэн, 17583 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2301 заавал биелүүлэх албан шаардлага, 1711 мэдэгдэл, 144 танилцуулга, 253 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 18 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 102.5 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, даддагыг 1016 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 572 удаа явуулсан байна.

Ахуйн түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:

Ил гал – 1233 54.2%

Цахилгаан ашиглалт – 358 15.7%

Яндангийн цонолт – 410 18%

Технологийн горим зөрчигдсөн – 122 5.4%

Байгалийн нөлөө – 1 0%

Санаатай үйлдэл – 6 0.3%

Шалтгаан тогтоогдоогүй – 107 4.7%

Бусад – 38 1.7%

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

Уран зохиолын шүүмжлэлд “гал өрдсөн” доктор Г.Батсуурийнх

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржоос эхлээд Бэгзийн Явуухулан, Ренчиний Чойном, Очирбатын Дашбалбар нарын бүтээлийг шинжилсэн “Харанхуй хад”-аас үүдсэн “Шизоанализын таталбар”, “Б.Лхагвасүрэнгийн садизм”, “С.Эрдэнийн анима”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих донтон”, хамгийн сүүлд “Эрэгтэй Шүүдэрцэцэг” гэсэн этгээд хийгээд зоримог гарчигтай уран зохиолын шүүмжүүд нэг хэсэг уншигчдын дунд эрэлттэй байв. Одоо ч сонирхож уншаад “Солиотой нөхөр байна” гэх хэсэг байхад “Ийм л бүтээлийг шүүмж гэнэ”, “Өнөөгийн уран зохиолд салхи орууллаа” гэсэн байр суурь дийлэнх байна. Уншигч, олон нийтээс шүүмжлэл, магтаалыг хослуулан сонссон эдгээр бүтээлийн эзэн, хэл бичгийн ухааны доктор, уран зохиолын судлаач, шүүмжлэгч Гончигийн Батсуурийнд өнжсөн тэмдэглэлээ хүүрнэе.

Зочны заасан хаягаар гэрт нь хүрч очиход эхнэр Ц.Тамир хаалга нээж мэнд мэдэв. Доктор Г.Батсуурь хоймрын буйданд тухалсан, бас хоёр хөгшин гал тогооны ширээнээс өндийж угтав. Сонины сурвалжлагч нар ирэх сургаар эхнэр Ц.Тамирын аав, ээж Б.Цэвээннамжил, Н.Нямсүрэн нар сонирхон иржээ. Хоёр бүсгүй гал тогооны өрөөнд цай цүй болж байна. Тэдний нэг нь том охин Б.Амаржаргал, нөгөө нь эхнэрийн бага дүү гэнэ.

“Сургууль амрах дөхөөд оюутнуудын дүн гаргах ажил ундарсан өдрүүд байна” гэсээр бидний яриа уран бүтээлийн сэдвээр эхлэв.

Г.Батсуурь судлаач МУБИС-д оюутны хөгжлийн албаны даргын ажилтай бол эхнэр Ц.Тамир нь тус сургуулийн багш. Хамгийн сүүлд “Эрэгтэй Шүүдэрцэцэг” гэсэн шүүмж бичиж, нэлээд хэл ам дагуулсан гэж байна. Хүүхдийн зохиолч Э.Амарзаяагийн бүтээлд тэрээр шүүмж бичжээ. “Хүүхдүүдэд хамаагүй юм уншуулж болохгүй. Наад зах нь хэл, найруулгын шаардлага хангах ёстой. Тэр шалгууруудад нийцэхгүй байна гэдэг талаас нь шүүмж бичсэн. Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Мэргэжлийн хүрээнд таашаалтай байхад нийт дундаа хамаагүй юм бичлээ гэж байх жишээтэй” хэмээв. Үүний хажуугаар “Уран зохиолын аналитик шинжилгээ” өгүүлэл ч түүний сүүлд бичсэн эрдэм шинжилгээний бүтээл болжээ. “Ер нь өнөөдөр уран зохиолын шүүмж гэхээс шинжлэл гэдэг зүйлийг бичих нь чухал болсон. Тухайлбал, “Тунгалаг тамир” романы гол дүр Итгэлт баян гэж үздэг байсан бол өнөөдөр уншигч төвтэй болсон учраас Ч.Лодойдамба зохиолч өөрөө гол дүр байх ёстой. Дотор байгаа юмаа олон дүрд хувааж, дүрсэлж байгаа гэсэн утгатай. Одоогийн уншигчид уран зохиолын идэвхгүй уншигч биш идэвхтэй хэрэглэгч, гүйцээж боддог болсон гэсэн утгатай өгүүлэл бичээд байна” хэмээсэн нь сонирхол татав.

Монголын шүүмж судлалд томоохон байр суурь эзэлдэг гавьяат багш, судлаач Д.Галбаатар “Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш шүүмжлэгчдийн бүтээлийг нийтлэх зүрх зоригтой сонин сэтгүүл ховордож, бас тэдний хөдөлмөрийг үнэлэх хөшүүрэг байхгүй тул аж төрөхийн тулд шинжлэх ухааны судалгааны чиглэл рүү орцгоосон. Харин уран сайхны шүүмжлэлийн буурин дээр хэсэг залуус гарч ирсэн. Сүүлийн үед П.Батхуяг, Г.Батсуурь, М.Чойдогжамц зэрэг авьяаслаг шүүмжлэгчид “шижигнүүлж” байна” хэмээн нэгэнтээ ярьсан нь манай энэ удаагийн зочны зангарагийг илтгэнэ. Үнэхээр ч шижигнүүлсэн бүтээлүүд туурвисныг уншигчид андахгүй болсон биз ээ.

Халуун ам бүлээрээ

Г.Батсуурь доктор шүүмж судлалыг сонирхох болсон нь оюутан үеэс улбаатай гэнэ. Боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч Соргодогийн Энхбаяр багшийн хичээл дээр “Ирэх урсгал” номыг нь уншаад “Жинхэнэ уран зохиол гэж үүнийг л хэлдэг юм байна” гэж нүд нь нээгдсэн тухай өгүүлсэн. Тэр үе бол 1996 он байж. Энэ үеэс л зохиол бүтээлийг өөр талаас харж судалж, шинжилдэг болжээ. Гэхдээ шүүмж бичээгүй уншсаар л байж. Харин 2010 онд МУИС-д докторантурт элсэж, тэр үед ардын багш, уран зохиолын судлаач шүүмжлэгч Д.Галбаатар багшийн шавь болсон юмсанж.

Зочны ярианд байсхийгээд л Д.Галбаатар багшийн нэр дурдагдана. Шүүмж бичих замыг чиглүүлж, ташуурдаж өгсөн хүн нь яах аргагүй энэ эрхэм багш гэдгийг ам бардам хэлнэ лээ. “Д.Галбаатар багш учиргүй ингэ, тэг гэж заахгүй ч зөв чиглүүлж, хүнийг зүтгэлээр нь явуулдаг. Эхлээд би яахав, доктор хамгаалахаар сурч байгаа хүн чинь юм бичих ёстой гээд 2011 оны үеэс бичиж эхэлсэн. Сүүлдээ багш нар ч зөвлөөд 2013, 2014 оны үед нэлээд шуурхай бичсэн. Их л шуугиан, дуулиан болсон” гэв. Шуугиан дуулиан болсон гэдэг нь нөгөө алдарт зохиолчдын бүтээлд шүүмж бичсэнийг хэлж байгаа нь гарцаагүй. “Харанхуй хад”-аас үүдсэн “Шизоанализын таталбар”, “Б.Лхагвасүрэнгийн садизм”, “С.Эрдэнийн анима”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих донтон” бүтээл нь шүүмж судлалд тэсрэлт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Энэ тухай зочин маань “Хуучин үеийн шүүмжлэл, судлал харьцангуй өнгөн, хэлбэр талаас нь бичдэг байжээ. Одоо бол дэлхий нийтийн хандлагыг дагаад зохиолчийн сэтгэл зүй рүү их орох болсон. Задлах, шинжлэх гэдэг утгаар өөрийнхөөрөө таамаг дэвшүүлж, Б.Лхагвасүрэн гэж мундаг яруу найрагч байна гэдгийг тайлбарлаж байгаа нь тэр. Тэр бол хувь хүн талаас нь бус, уран бүтэээл талаас нь тайлбарлаж байгаа хэрэг.Үүнд багш нарын үүрэг нөлөө их байсан. Багшилна гэдэг, ялангуяа уран зохиол, монгол хэлний хүүхдүүдэд хичээл заахад оюутнууд маш их асуудаг. “Ямар ном унших вэ багшаа” гэж. Тиймээс бид мэргэжлийн багш нарын хувьд чиг баримжаа өгөх үүрэг хүлээж байгаа юм л даа. Тэр утгаараа хүүхдүүдэд чиглүүлэх зорилгоор шүүмж бичдэг. Нэг зохиолчийг шүүмжиллээ гэхэд учиргүй гэнэт өөрчлөгдөөд мундаг сайн болдоггүй. Эхлэн бичигч залуус тэр шиг бичээд шүүмжлүүлэхгүй юмсан гэж дүгнэж, цэгнэж боддог. Түүнийгээ ч маш их хэлдэг. Тэд нарт баримжаа олгох чухал. Түүнээс гадна уншигчдад бас баримжаа хэрэгтэй байна. Нэг үеийг бодвол хүмүүс ном сонирхдог болж, номын дэлгүүр ч олон боллоо. Ямар ном авах вэ, унших вэ гэж бодож байна. Ямар ном сонгох нь хүний эрхийн асуудал ч мэргэжлийн хүмүүс байгаагийн хувьд баримжаа болох ёстой. Уран зохиол судлаач, шүүмжлэгчид өөрийнхөө бодлыг биш, зохиолчдыг биш, уншигч талыг барьж явах нь зөв юм болов уу. Түүнээс биш шүүмж бичлээ гээд мөнгө төгрөг олно гэж байхгүй” гэж байна.

Нийгэмд дуулиан, шуугиан болсон бас нэг бүтээлийнх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй. Эмэгтэй зохиолчдод хатуу хандлаа, шүүмжиллээ гэсэн байр суурь саяхандаа олон нийтийн сүлжээгээр хүчтэй өрнөсөн. Үүнийг судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь доктороос лавшруулж асуувал “Цэвэр уран зохиолын тухай л бичсэн. Надад эмэгтэй юм чинь муу, эрэгтэй юм чинь сайн гэсэн бодол огт байхгүй. Мэдээж хэрэг эмэгтэй хүнийг хүндэтгэх нь соёлт нийгмийн тогтсон жишиг. Гэхдээ үүнийг мэргэжлийн хүрээнийхэн ойлгосон” гэх зуур эхнэр Ц.Тамир бидний ширээнд тухалж эмэгтэйчүүдийн “асуудлыг” үргэлжлүүлэв. Тэрээр “Манайхан жендерийг буруу ойлгоод байна. Чөлөөт бөх бол адилхан эмэгтэй, эрэгтэй хоёр хүн барилдаж болдог. Гэтэл эмэгтэй зохиолчид, яруу найрагчдын хувьд шүүмж бичингүүт “Эмэгтэй хүн чинь сул байх ёстой, гэтэл шүүмжилчихлээ” гэдэг хандлага буруу. Үүнээс болж над руу ч дайрч байсан. Г.Батсуурь эмэгтэй хүнийг хүндэлдэггүй. Эхнэртээ ч тийм байх” гэсэн утгатай. Харин ч эсрэгээрээ манай хүн эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг” хэмээн бидний яриаг хачирлав.

Том охин өвөөтэйгээ

Өнжиж байгаа айлын эзэн зөвхөн уран зохиолын шүүмжийг бичээд зогсохгүй яруу найргийн “Болор цом” наадмыг ч хэд, хэдэн удаа ширүүхэн шүүмжилж байсан удаатай. Харин өнгөрсөн жилийн наадамд тэрээр өөрөө шүүгчээр оролцсон билээ. Гаднаас нь шүүмж бичих, дотор ороод шүүх хоёрт зааг ялгаа хэр байв гэхэд “Уран зохиол муугаар хэлэхэд миний хоолоо олж идэж байгаа, сайнаар ярихад миний итгэл үнэмшил болсон зүйл. Шүүмжилж хөндлөнгөөс нь суух биш үйл ажиллагаанд нь ороод үзье гэж бодсон. Хариуцлагатайгаар хэлэхэд хэн нэгэн шүүгч үүнийг нэмчих, хасчих гэсэн зүйл огт яригдаагүй. Бид ч хоорондоо ярьсан. “Шүлгээ харъя. Хүн нь яах вэ, ямар ч хүн орж болно” гэж. Дор бүрнээ оноогоо өгөөд нэгтгэсэн. Яруу найрагч Б.Баттулга түрүүлсэн. Сүүлд нь харахад олны ам бол овоо гайгүй нааштай байгаа юм уу, “Болор цом”-ын нэр хүнд овоо сэргэв үү гэж баяртай байгаа” хэмээсэн.

Тэрээр уран бүтээлийнх нь зүг чигийг заагч алтан гадас болсон хүмүүсээр Чойжилжавын Билэгсайхан, Дашлхүмбийн Галбаатар, Соргодогийн Энхбаяр, Сэндэнжавын Дулам нарыг нэрлэнэ лээ. Д.Галбаатар багшийгаа “1990-ээд оныхны нөмөр нөөлөг болсон хүн. 90-ээд оныхныг хэн нь ч билээ нэг нь, “Галбаатарын тэжээсэн муу гөлөгнүүд” гэсэн гэдэг. Тэр үед модернизм гарч ирээд хүмүүс эсэргүүцээд бөөн юм болоход өмгөөлж, онолын хувьд дуугарсан ганц хүн чинь Д.Галбаатар багш шүү дээ. Тэр хүний өмгөөллөөр 90-ээд оныхон зориг орж байсан” гэсэн бол “”Хуланд бичсэн захидал”, “Онол бор саарал байдаг бол амьдралын мод мөнх ногоон байдаг”, “Утга зохиол дахь Баасан авгай нар болон бидний үнэт зүйлс” зэрэг энэ бүтээлүүд бидэнд чиг баримжаа болсон” хэмээн С.Энхбаяр багшийгаа дурссан. Тэрээр бас “Шүүмж судлал хөгжиж байна, гэхдээ хүмүүсийн анхаарлыг татахын тулд гарчигнаасаа эхлээд сонин содон, хүн анхаарч уншихаар үг сонгохоос аргагүй болж байна” гэсэн юм.

Аливаа нийгэмд шинэ сонин зүйлс хэл ам дагуулдаг нь жам аж. Уран зохиол дахь шүүмж судлалд өнөө цагт салхи оруулсан хүн гэвэл яах аргагүй доктор Г.Батсуурийг нэрлэнэ. Харин түүнийг нийгэм янз бүрээр хүлээн авч байна. Хувь хүн рүү, эсвэл гэр бүл рүү нь элдэв доромж үг чулуудах нь энүүхэнд гэнэ. Бүр нэг зохиолчийн хүү утсаар элдэв үгээр дарамталсан удаа ч бий аж. Уран зохиол шүүмжлэлд “гал өрдөж” яваадаа ганцаарддаг болов уу гэсэн асуултад “Манайхан их сонин. Чиний тэр шавь чинь намайг тэглээ гэсэн маягаар багш нар руу хандах нь их. Бүтээлээсээ болж шүүхэд дуудагдсан. Их л түвэгтэй юм билээ. Ядаж л ажил хийлгэхгүй, ир гэж дууддаг. Тэгэхэд жаахан эвгүй мэдрэмж төрж л байсан. Тэгээд шалавхан уучлалт гуйгаад больё гэж бодсон. Түүнээс биш бусад нь яах вэ. Би ч өөрөө ширүүхэн биччихдэг хүн. Тиймээс өөрөө ширүүн үгэнд эмзэглээд ч яах вэ. Ямар үр тарина, түүнийгээ хураана гэдэг биз дээ. Хүмүүс намайг шүүмжлээд өгөөч гээд шүүмжлэхээр дуртай байдаггүй л юм. Магтуулахыг л хүсдэг. Хүний мөн чанар юм даа” хэмээн даруухан хийгээд эмзэглэх зүйлгүй өгүүлнэ лээ. Тиймээс цаашдаа шүүмжээ бичсээр л байх ажээ.

Г.Батсуурь доктор хүүхэд байхаас уран зохиолын номд шимтжээ. Сургуульд ороогүй жаалхүүд ээж нь Эртний Грекийн домогт баатар Гераклын тухай өгүүлсэн “Геракл баатар” номыг өгсөн нь бичиг сурч эхлээд хамгийн анх уншсан ном нь тэр болжээ. Одоогийн хүүхдүүд багшаасаа нууж цахим сүлжээ ухдаг шиг 70-аад оны хүүхдүүд математик, физик зэрэг өөр хичээл дээр багшаасаа нуугаад л уран зохиолын ном дамжуулж уншдаг байж. Үнэхээр тэр үе буюу 70-аад оны эхнээс 80-аад оны дунд хүртэл монголчуудын уншилтын алтан үе гэж судлаачид хэлдэг билээ.

Бидний ийн ярих зуур гэрийн эзэгтэй Ц.Тамир хуучны нэгэн ном барьсаар нөгөө өрөөнөөс гарч ирэв. “Аав, ээж маань намайг доктор хамгаалахад номын сангаа энэ номтой өгсөн” хэмээн хавтас нь хуучирсан бор шар ном сарвайв. Тэр нь Италийн сэргэн мандалтын үеийн алдарт зохиолч Жонн Боккаччогийн “Декамирон хэмээх бичиг” номыг 1930-аад оны үед худан монгол бичгээр орчуулсан хувилбар ажээ. Эдний номын санд байгаа хамгийн эртний ховор зохиол гэнэ. Монгол Улс дэлхийн сонгодог зохиолуудаас орчуулж эхэлсний илрэл, анхны бүтээлүүдийн нэг гэж байна. Их соён гэгээрүүлэгч, Гэгээрлийн сайд асан Жамсрангийн Цэвээн орчуулсан юмсанж.

Г.Батсуурийнх Архангайн уугуул хүмүүс аж. Өөрийн аав, ээж, хадам талынхан бүгд арын сайхан хангайд үе, удмаараа амьдарч иржээ. Эднийх ном зохиол, боловсролд элэгтэй гэдэг нь гэрийн эзэн, эзэгтэйн ярианаас тодхон ойлгогдоно. Хоёул багшийн мэргэжилтэй, докторууд. Хоёр талын аав, ээжүүд багш, эмч, эдийн засагч хүмүүс юм байна.

Г.Батсуурь, Ц.Тамир хоёул ажлын гараагаа Архангайн Багшийн сургуулиас эхэлжээ. 1998 оноос хойш 13 жил тэндээ ажилласны эцэст нийслэлд суурьшиж, МУБИС-д ажиллах болсон байна. Доктор Г.Батсуурь 2016 онд хэл, бичгийн ухааны доктор хамгаалсан бол 2018 онд эхнэр Ц.Тамир нь боловсрол судлалын докторын зэргийг хамгаалжээ.

Дунд хүү эмээтэйгээ

Ц.Тамираа бүсгүй спортын салбартаа нутагтаа нэртэй нэгэн байж. Сагс, гар бөмбөг, хөнгөн атлетикт гайгүй сайн амжилт гаргажээ. Өсвөр насандаа бөөрөнцөг шидэлтээр 11 удаа улсын аварга болж, 1991 онд идэрчүүдийн рекордыг тогтоожээ. Түүнээс хойш Ц.Тамирын амжилтыг эвдсэн хүн байдаггүй аж. Тэрээр боловсрол судлалын доктор, хөнгөн атлетикийн спортын мастер цолтой. Олон шавьтай ч даруухан нь дэндсэн бүсгүй юм. Шавь нар нь нутагтаа өөрийнх нь нэрэмжит тэмцээн зохион байгуулъя гэхэд “Би ямар нэртэй хүн биш дээ” хэмээн цааргалжээ. Улс тивд нэрээ дуурсгасан тамирчид төрүүлээгүй ч нийтийн биеийн тамирт багагүй хувь нэмэр оруулсан нь аймаг бүрт өөрийнх шавь нар байдгаас бэлхэнээ харагдана. Гар бөмбөгийн баг гэхэд аймаг бүрт 2-3 баг өлхөн гардаг гэнэ.

Гэрийн эзэгтэй ийнхүү спортод элэгтэй, амжилттай явсан нь удмынх ажээ. Ц.Тамирын аав Б.Цэвээннамжил гуайн удамд нутаг усандаа нэртэй бяр чадалтай бөх, дүүгүүрддэг хөгшид байсан юмсанж. Ээж Н.Нямсүрэн ч залуудаа даага сургаж, морь уядаг эршүүд хүүхэд байснаа дурссан юм.

Г.Батсуурь судлаачийн доктор хамгаалсан сэдэв нь Цэндийн Дамдинсүрэн гуайн уран бүтээл дэх аман зохиол, эртний уран зохиолын уламжлал шинэчлэлийн тухай аж. Харин эхнэр Ц.Тамирын судалгааны бүтээл “Бага ангийн сурагчдын биеийн бүрдлийн судалгаа” сэдэвтэй. Энэ тухай Ц.Тамир багш “Эцэг эхчүүд хүүхдийнхээ оюун ухааны хөгжил рүү хэт анхаарч биеийн хөгжлийн орхисноор хүүхдүүд тасалгааны сунасан цэцэг шиг болчихсон. Тиймээс судалгааныхаа дүнд хүүхэд ямар цагт, ямар хөдөлгөөн хийх ёстойг харуулсан зөвлөмж боловсруулсан. Батсуурийн шүүмж шиг дэлгэрүүлж чадахгүй л байна” хэмээн инээв. Тэрээр спортын салбараар доктор хамгаалсан 14 дэх хүн болжээ. Өөрийг нь ийнхүү спортын хүн болоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсээр Тогтохбаатар, Туяа, Гансүх, Гаамаа, Оюунцэцэг багш нарыг дурсана лээ. Доктор хамгаалахад зөвлөж тусалсан Мөнхжаргал багшийг ч тэрээр бас дурдсан.

Салбартаа нэртэй бол нэртэй, төртэй бол төртэй яваа тэд тэс өөр хоёр салбарынхан ч гэлээ нэгнийхээ ажил мэргэжлийн талаар их сайн мэддэг юм байна. Эхнэр нь сагс, гар бөмбөгийн тухай ярихад Г.Батсуурь доктор санаа нэмж, утга зохиолын тухайд ч Ц.Тамир бүсгүй ч дуугүй суусангүй.

Бага хүү ээжтэйгээ

Эднийх нэг охин, хоёр хүүтэй. Амаржаргал, Чулуудай, Шагаадай нар өрөө болгондоо бичил номын сантай гэж байна. Тэднийг аав ээж нь тийм мэргэжилтэй бол гэж тулгадаггүй. Өөрсдийнхөө сонирхлоор яваг гэдэг. Гагцхүү зөв төлөвшилтэй хүмүүс болох ёстой гэсэн философи энэ гэр бүлд тогтжээ. Бас шинэ зууны цахимжсан нийгэмд хүүхдүүддээ монгол ухааныг нь өвлүүлэхийн тулд уртын дуу, филограф бичиг хүртэл зааж сургасан гэнэ. Үүнийгээ гэрийн эзэн “Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг. Гурван лаа ч гэсэн багадахгүй болов уу” хэмээв.

Доктор Г.Батсуурь аав ээжээсээ дөрвүүлээ юм байна. Нэг эгчтэй, хоёр дүүтэй. Аав Дамбын Гончиг нь гурван хүүтэй айлын бага хүү. Хөдөөний малчин айлаас сургууль соёлын мөр хөөж 1967 онд УБИС-ийг төгсөн Архангай нутагтаа Багшийн сургуульд зураг хөдөлмөр заах аргазүйн багшаар насаараа нэр төртэй ажиллажээ. “Гончиг багшийн шавь нар гэхээр баруун аймгийнхан тэр чигээрээ байдаг” хэмээн хүү нь бахархан ярина. Аавын талд Араг Соном гэж алдартай хүн байсан гэнэ. Араг үүрчихсэн юм шиг нуруутай байснаас нутагтаа ийн нэрлэгджээ. Аавынх нь том ах нь аймгийн заан Далайхүү гэж нэртэй том аймагтаа бөх хүн бий аж. Харин ээж Дэмидийн Пунаа Архангайн эмнэлэгт статистикч эмчээр олон жил ажиллажээ.

Г.Батсуурь багш сэхээтэн айлын хүүхэд ч гэлээ пионерын зусланд нэг ч удаа амарч үзээгүй, сургууль амрангуут эмээ рүүгээ явж мал малладаг байж.

Бидний яриа олон сэдвээр өрнөж нийгмийн сэтгэл зүй, боловсролын салбарын алдаа оноог ч хэлэлцсэн юм. Нар аль хэдийнэ хэвийж, энэ зуур Ц.Тамир бүсгүйн аав, ээж хоёр хөгшин бага охиныхоо гэр рүү явахаар яаравчиллаа. Бид ч тэднийхээс хөдлөх цаг болжээ.

Г.Батсуурийнх гэдэг мэдлэг боловсролд шүтсэн, эгэл даруухан монгол гэр бүлийн нэг ажээ. Түүний номын санд олон, олон зохиолын шүүмж ирэх өдрүүдэд төрж энэ салбарын “галыг өрдсөөр” байх нь гарцаагүй. Гагцхүү түүний бүтээлийг эрүүлээр ойлгож, хүлээн авч улам бадраах уншигч, зохиолчид нэмэгдсээр байх болтугай.

Б.ЭНХЗАЯА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 27-нд болох үйл явдал

08.00 цагт Соёлын төв өргөөнд Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар хэлтсийн ажилтан албан хаагчид, агентлагийн дарга нарын өргөтгөсөн шуурхай хуралдаан болно. Утас: 325044, 88187875

09.00 цагт “Corporate Hotel and Convetion Center”-т “Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хѳгжлийн зорилт 2030” салбар хоорондын үндэсний чуулган болно. Утас: 99755726

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн нөхцөл байдал болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнг танилцуулна. Утас: 80881000

11.00 цагт ЭМЯ-ны гадаа Төв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар тус сумын иргэд мэдээлнэ.

11.00 цагт Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэх “Бандааштай жагсаал” болно.

11.00 цагт БОАЖЯ-ны гадна талбайд Өмнөговь аймгийн иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардаж жагсана.

14.00 цагт Баянзүрх дүүргийн 84 дүээр сургуульд “Шударга ёс” хөтөлбөрийн нэгдсэн уулзалт болно. Утас: 99167127

Төрийн ордонд

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган эхэлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдэн “Засгийн газрын гишүүдийг огцруулах нь хэнд ашигтай вэ” сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт “Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолтын зохион байгуулагч нар тус тоглолтын талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Золжаргал: Засгийн газар бодит байдлаас зөрсөн журмаа эргэж харахгүй бол нүүрсний экспорт тасрах гээд байна


“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Манай улс өнөө жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй яваа. Энэ хэмжээний нүүрс экспортлох боломжгүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол нүүрсний салбарынханд байгаа гэж сонслоо. Бид төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортолж чадах болов уу?

-Монгол улс 2020 оноос их хэмжээний өрүүдээ төлж эхэлнэ. Энэ мэт их мөнгө хэрэгтэй учраас 42 сая тонн нүүрс экспортолно гэх амбиц томтой зорилго тавьсан байх. Тэр логикоор нь харвал зорилго нь зөв шиг байгаа юм. Байгууллагуудын хийсэн судалгаагаар бол Хятад улс өнөө жил 60 орчим сая тонн коксжих нүүрсийг импортоор авах юм билээ. Монголын экспортолж буй нүүрс үндсэндээ коксжих ангиллынх. 60 сая тонн нүүрсний 40 гаруй сая тонныг нь зөвхөн бид нийлүүлнэ гэхээр Австрали, ОХУ, Канад, Индонези гэх мэт бусад улсаас авах нүүрсний хэмжээ багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол улс хүчтэй байж зорилгодоо хүрнэ. Компаниуд нь хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, төр нь бодлогоор дэмжиж, гааль нь хөнгөн шуурхай ажиллаж байж 42 сая тонн нүүрс экспортолно. Асар өндөр зохион байгуулалттай, хурдан шуурхай байж чадвал нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ. Тэрэндээ хүрэхгүй бол Засгийн газрын төлөвлөсөн ажлууд хийгдэхгүй хүнд байдалд орно. Бодит байдал дээр тавьсан зорилгодоо хүрэхээргүй, саад болохоор шийдвэрүүд гараад байна л даа. Тээвэртэй холбоотой хоёр сонин зүйл байна. Монголоос гарч буй нүүрсний тал нь Таван толгойн бүлэг ордоос Гашуунсухайтын боомтоор гардаг. Нөгөөх нь Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэнгийн боомтоор гарч байгаа. Шивээхүрэнгийн боомтоор гардаг нь харьцангуй хүндрэл багатай, Таван толгой шиг урт дараалал хил гааль дээр үүссэн зүйлгүй. Тэр утгаараа хэл ам багатай, олны анхааралд өртдөггүй. Тийм хэдий ч экспортод оруулж буй хувь нэмрээрээ Таван толгойн бүлэг ордтой эн тэнцүү хэмжээний нөлөөтэй.

-Яг ямар шийдвэр нүүрс экспортод саад болоод байна вэ?

-Таван толгой дээр өнгөрсөн жил урд хөршөөс нүүрсний худалдан авалтаа багасгаад нүүрс тээврийн машинуудын маш том оочер үүссэн. Хятадын нутгаас нүүрс татаж авдаг машиныхаа тоог цөөлчихөөр наанаас нь машинууд очиж дугаарлаад байдаг асуудал бий. Ийм хяналтгүй нөхцөл байдал үүссэн л дээ. Үүнийг бууруулахын тулд салбарын сайд нь газар дээр нь очиж танилцаад Зам тээврийн яамтай ярилцаж C зөвшөөрөл гэдэг юмыг оруулж ирсэн. Хятадын тал хэчнээн машин гаргаж нүүрсээ цааш нь татахыг харгалзан үзэж, наанаас нүүрс зөөх машинуудынхаа тоог тогтооё гэж шийдсэн юм. Зөвшөөрлөө ийм шалгуураар олгоё, тэгвэл оочер дугаар үүсэхгүй гэсэн шийдэлд хүрсэн юм. Тэр шийдвэрээ хэрэгжүүлэхдээ Монгол улс даяар нэвтрүүлчихсэн.

-Асуудалтай Таван толгойгоос гадна асуудалгүй байсан Нарийнсухайт дээр хүртэл хэрэгжүүлчихсэн гэсэн үг үү?

-Тэгсэн. Шивээхүрэнгийн боомт дээр асуудал байхгүй байхад хэрэгжүүлчихлээ л дээ. Ингээд Шивээхүрэнгийн боомт дээр хүртэл асуудал үүсгэчихлээ. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш C зөвшөөрлийг өгөхгүйгээр зогсоосон юм. Тэр үеэс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хоёрдугаар улирлын квот нь өгөгдөөгүй. Шивээхүрэнгийн боомтын С зөвшөөрөл зогссон. Учир нь Хятадын талаас цөөн тооны машинаар татаж авна гэсэн мэдээ ирж байгаа юм байна. Ирсэн мэдээнийх нь дийлэнхийг Таван толгойн нүүрсийг борлуулах Гашуунсухайтын боомт дээр тавиад, Шивээхүрэн дээр цөөхнийг өгчихөж. 958 машины квот буюу С зөвшөөрөл өгсөн байна.

-Хэвийн ажиллагаатай үед хэчнээн машины зөвшөөрөл өгдөг байсан юм бол?

-Шивээхүрэн дээр өмнө нь хэвийн ажиллагаатай үед 2000 гаруй машин явдаг байсан. Хилээр өдөр тутамдаа 1500 орчим машин гардаг байсан л даа. Одоо бол 958 машинд зөвшөөрөл өгсөн, тодруулж хэлбэл тал нь л явж байна. 1000 машины зөрөө гарч байна гэсэн үг. Нэг машин 100 тонноор ачдаг гээд бодохоор өдөрт 100 мянган тонн нүүрс гаргах боломжоо алдаж байна. Зөвшөөрөл олгогдоогүй 45 хоноод байна. Хугацаа алдсан 45 хоногт энэ мянган машин нүүрсээ тээвэрлэж байсан бол 4.5 сая тонн нүүрс гаргах байж. Тал хүчин чадлаараа явлаа гэж бодоход хоёр сая тонн нүүрс өлхөн гарчих байсан. Хоёр сая тонн нүүрс гэдэг бол 90 сая ам.доллар. Энэ хэмжээний борлуулалтаа бид алдчихаад байна.

-С зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас өгдөг байх аа?

-Тэгдэг. Таван толгойн асуудлыг шийднэ гэж улсын хэмжээний зүйл болгож хавтгайруулснаас үүдэж ийм асуудал үүсчихлээ л дээ. Энэ асуудлын сүүдэрт Таван толгойтой адил хэмжээний нүүрс гаргадаг Нарийнсухайтын бүлэг орд дээр сая дурдсан сар хагасын хугацаанд 2-4 сая тонн нүүрс гаргах боломжоо алдчихаад байна.

-Өнгөрсөн оны өдийд Шивээхүрэнгийн боомтоор хэчнээн тонн нүүрс гарч байв. Өнөө жил хэчнээн тонн нүүрс гараад байна вэ?

-Түрүү жилийн өдийд Шивээхүрэнгийн боомтоор гарсан нүүрсний хэмжээ 4.2 сая тонн байсан. Гэтэл өнөөдөр хоёр сая тонн хүрэхгүй хэмжээний л нүүрс гарсан байна. Өөрөөр хэлбэл жилийн өмнөхөөс хоёр дахин багассан гэсэн үг. Монгол улс 42 сая тонн нүүрс гаргана гэж байгаа. Зөвшөөрөл олгодог бодлогоос нь үүдээд гарч байгаа нүүрс нь энэ мэтээр багасчихлаа. Яаж төлөвлөсөндөө хүргэх гээд байна вэ гэж асуухаас аргагүй болчихлоо.

-Нарийнсухайтын бүлэг орд дээр хэчнээн компани ажиллаж байна?

-Таван компани ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтаа хийж уурхайгаа бэлдэж буй хоёр, гурван компани байна. Өмнө нь худалдаж авдаг компаниуд нь тээврийнхээ компанийг хөлсөлж уурхайгаасаа худалдаж аваад урагш нь зөөдөг байсан юм. Худалдан авагч тал гэрээнийхээ хэмжээнд таарсан хэмжээний нүүрс тээвэрлэх машиныг хөлсөлж явсаар өнөөг хүрсэн учраас Шивээхүрэн дээр Гашуунсухайт шиг том бөглөрөл үүсдэггүй байсан юм. Гэтэл одоо C зөвшөөрлөөс шалтгаалаад бөглөрөл үүсдэг болж байна. Зөвшөөрөл авахаар хомсдол үүснэ. Хомсдол үүсэх үед авлига гарч ирдэг. Албан бус мэдээгээр нэг машины зөвшөөрөл авахад 500.000-1000.000 төгрөгийн авлига өгдөг гэж байна.

-Ийм мэдээлэл хаанаас гарч байна гэж?

-Жолооч нарын зүгээс гарч байгаа яриа. Тэгэхээр C зөвшөөрлийг хангалттай хэмжээнд өгөх хэрэгтэй. Хятадын талаас ирж байгаа машинууд ухаалаг, дижитал системд, бүртгэлд шилжсэн. Тэр утгаараа манай талаас цаас авахгүй гэж байгаа. “C зөвшөөрлөө дижитал хэлбэрт шилжүүлээд автоматаар олгодог болчих” гэсэн санал тавьж байгаа юм билээ.

-С зөвшөөрлийг Гашуунсухайт дээр л хэрэглээд явчихмаар юм байна даа…?

-Уг нь онцлогоо бодоод тэгмээр байгаа юм. Тэгэхгүйгээр хавтгайруулчихаар нүүрсний экспортоо тушаад байна л даа. Засгийн газар тавьсан зорилгоо биелүүлэхэд дэм болох журам тогтоолыг л гаргах учиртай. Гэтэл төлөвлөгөөндөө саад болохоор шийдвэр гаргачихаад байна.

-Тусгай зориулалтын замаар л тээвэрлэнэ гэсэн шийдвэр Гашуунсухайтад асуудал болоод байгаа гэв үү?

-Монгол улсын авто замын тухай хууль гэж бий. Тэр хуульд уул уурхайн түүхий эд бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын замаар тээвэрлэнэ гэсэн заалт бий. Тусгай зам нь ямар байхыг журмаар тогтооно гээд заачихсан. 2018 оны арванхоёрдугаар сард журам нь гарсан байдаг. Засгийн газрын 379 дүгээр тогтоолоор журам нь батлагдаж гарсан юм. Тэр журамд “Гагцхүү хатуу хучилттай замаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэнэ” гээд заачихсан. Байгаль орчин, аюул осол талаасаа зөв шийдэл санаагаар хийсэн байх. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжих боломжгүй яаруу шийдэл болсон. Олон улсын жишгийг харвал Австрали, Канад гэх мэт уул уурхай хөгжсөн улсуудад тусгай зориулалтын зам байдаг. Тусгай зориулалтын замыг барихдаа байнгын арчилгаа, усалгаатай хайрган зам барьдаг. Тэр замаар нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Зарим тохиолдолд хатуу хучилттай байдаг. Энэ тохиолдолд анхны хөрөнгө оруулалт нь өндөр байдаг юм. Хайрган замын хувьд урсгал зардал нь өндөр гардаг онцлогтой. Компаниуд нь аль нь вэ гэдэг дээр сонголтоо хийж, төртэйгөө ярилцаж стандартаа зохицуулаад явдаг. Гэтэл манайд тийм стандарт байхгүй, сонголт үгүй, зүгээр л хатуу хучилттай гэсэн ганцхан үг биччихсэн. Та төсөөлөөд үз дээ, Монголд хөрөнгө оруулалт хийгээд гурван жил ажиллаж байгаа уурхай хил хүртэл түүхий эдээ тээвэрлэхийн тулд зам баръя гэж бодъё. Хөрөнгө оруулалт нь уурхайнаас нь илүү гараад явчихна. Тийм тохиолдолд компани яах нь тодорхой. Нэг бол үйл ажиллагаагаа хаана. Хаана гэвэл өнөө уурхайд оруулсан хөрөнгө оруулалт нь үнэгүйднэ. Эсвэл хууль зөрчиж тээвэрлэлт явуулахаас аргагүйд хүрнэ. Хуулийн хүндрэлтэй нөхцөл үүснэ. Өчнөөн уурхай ийм маягаар үйл ажиллагаагаа зогсоовол тэдний өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтыг хэн нөхөх вэ гэсэн асуулт гарч ирнэ.

-Одоо тэнд тээвэрлэлт явагдаж байгаа юу?

-Явагдаж байгаа. Хууль зөрчих ийм байдлыг хэрэгжих нөхцөлгүй журмаараа бий болгочихсон. Дорнодын газрын тосны тээврийн асуудал гэж их ярьдаг. Тэгэхээр арчилгаатай, хяналттай, байгаль орчинд хор нөлөө багатай тусгай зориулалтын зам гэж байх ёстой. Тал дээгүүр давхиад байж болохгүйг салбарынхан ойлгож суугаа. Гэхдээ хэрэгжих боломжгүй шаардлага тавьж бас болохгүй. Журам нь 2018 оны сүүлээр гарсан хэр нь нефтийн тээвэрлэлт явагдаж байгаа. Нүүрсний уурхайнууд ч тээвэрлэлтээ хийж байна.

-Түрүүн хэлсэнчлэн хэрэгжүүлэх боломжгүй журам гаргахын том сөрөг тал нь авлига болж хувираад байна уу?

-Яг тэгээд байна. Тийм учраас хэрэгжих боломжгүй журмаа яаралтай өөрчилж, шинэчлээч гэмээр байна.

-Энэ асуудлаар Засгийн газарт санал хүсэлт явуулсан уу?

-Явуулсан. Одоогоор ямар нэг хариу алга. Дахиад хэлье. Эдгээр журмыг хэрэгжүүлнэ гээд зүтгэвэл 2019 оны төсөв байхгүй болно. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй, уул уурхайн салбар хүнд байдалд орно. Нөхөн төлбөр гэсэн эрх зүйн маш том асуудал босч ирнэ.


Categories
мэдээ цаг-үе

Жигжидсүрэнгийн Нэргүй: Хүнд чинь хайрын хэл гэж нэг юм байдаг юм

Ж.Нэргүй эрдэмтэн-зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөний өмнө. 2019.05.06

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Орос, Америк, Польш, Итали, Герман, Францын зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн гуч гаруй томоохон бүтээлийг монгол хэлнээ утга төгөлдөр, уянга яруу хөрвүүлжээ.

-“Хүмүүсийн тухай роман” номын тань хоёрдугаар дэвтрийг мөн ч их хүлээв дээ. Эхнийхийг нь арваад жил болсон байх шүү. Тэргүүн дэвтэр нь их ч шуугиулсан даа?

-Дэд дэвтрийг нь гаргах гэж халгаж ядсаар байтал нэг л мэдэхэд 11 жил болчихсон байна. “Гал шувуу”-г сүүлэн дээрээс нь нэг шүүрч аваад алдчихсан юм.

-Ямар гал шувуу?

-Яагаав, Оросын үлгэрийн өнөөх ид шидийн “Жар-птица”. Грекийн бол феникс шувуу. Алтан нүдтэй, мөнгөн далавчтай, зөвхөн сувдаар хооллодог. Тэрнийг бариад авах юм бол хүн хамаг өвчнөөсөө ангижирчихдаг юм гэсэн. Хэрвээ би тэргүүн дэвтрээ тухайн үед шуугиулаад эхлэхэд нь дахин дахин хэвлүүлээд л, их, дээд сургуулиудын багш нар “тэрнийг заавал уншиж ир” гэж оюутнууддаа даалгавардаж байх үед нь ахин дахин рекламдаад л, их сургуулиудад шахаад л, араас нь энийгээ бас хурдхан дуусгаад үерийн ус шиг давалгаалуулчихсан бол өдийд чинь баяжчихсан, гадаадад явж эмчлүүлээд л, Гачууртад хаус аваад л. (инээв. сур) Даанч муусайн орчуулгын цаас мэрсээр байгаад өдий хүргэчихсэн юм.

-Таны орчуулгууд ч бас л жар-птица шүү дээ. Зөндөө л их нэр алдартай болоо биз дээ?

-Нэр алдар юу юм бэ, нохой долоо. Тэр гавьяатынх нь тэмдгийг ч зүүхээсээ ичээд байдаг юм.

-Та маяглаад л, даруу зантай хүн болох гэж ядаад байгаа юм уу?

-Маяглах ч юу байхав. Намайг угаасаа шоволзоод байх дургүйг түм мэднэ. Ер нь орчуулагчдын нэр үлддэггүй юм ш дээ. Чи тухайлбал, “Морь унасан толгойгүй хүн”-ийг ч юм уу, Алексей Толстойн агуу гайхамшигт “Зовлон туулсан нь” романыг хэн орчуулсныг мэдэх үү?

-Нээрээ ч дав зуур санахгүй юм байна шүү?

-Би ч бас мэдэхгүй байсан юм билээ. Бага байхдаа аль, алиныг нь хоёр, гурав уншчихсан мөртлөө шүү. Эхнийхийг нь Д.Лодойдамба гэдэг хүн, харин Толстойнхыг Ц.Даагаа гэдэг хүн орчуулсан юм билээ. Тэр Д.Лодойдамба гэдэг орчуулагчийн хүү Шинэн гэдэг прокурор залуугийн өмнө улаан нүүрээ ёстой нэг түлсэн ш дээ. Ер нь манай уншигчид чинь, тухайлбал, “Миний Дагестан”-ы тэр сайхан уран тансаг монгол үгсийг Мишигийн Цэдэндорж биш, Расул Гамзатов л өөрөө монголоор биччихсэн юм шиг хүлээн авдаг хүмүүс. Орчуулагчийн нэрийг анзаарахгүй байх бол юу ч биш. Аягүй бол гучин жилийн дараа “Хүн араатан, бурхад”-ыг хэн анх монголчилсныг мартчихсан байж мэднэ. Киноны орчуулагч бол бүр үлдэхгүй гээч. Тухайлбал, чи Оросын өнөөх “Ийм нэгэн явдал” гэдэг инээдмийн сайхан киноны орчуулагчийн нэрийг интернэтээс хайгаад үзээрэй. Хаана ч дурдаагүй байдаг юм. Эльдар Рязанов өөрөө монголоор биччихсэн юм уу, хаашаа юм. Сергей Есенинийг би анх орчуулсан гэхээсээ ч сийхгүй улс. “Доголон хүнгүй айл байдаггүй, хулгайч хүнгүй ард түмэн байдаггүй” гэдэг шиг. Хүн төрөлтний сэтгэлийн алдас угаасаа л ийм юм чинь.

-Ай мөн ч бэрх юм аа. “Хүмүүсийн тухай”-д чинь хичнээн хүн оров?

-Мэдэхгүй ш дээ, гарчгийг нь тоолж үзэх зав хаа байна. Мөн л урьдынхтайгаа адилхан 400-гаад нүүр болсныг бодоход, бас л тавиад хүний юм бий байх. Олон ч хүнийг гомдоож л байгаа байх, бичиж завдаагүй, чадаагүйгээсээ болоод. Зарим нь ч гуйдаг л юм, заримд нь ч би өөрөө ам алдчихсан байдаг л юм. Жишээ нь, чиний “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат” гэдэг түүврийг тэр үед хачин их тоож “Ах нь нэг алаад өгнө өө” гэж томорсон мөртлөө барсангүй, уучлаарай.

-Тэр яах вэ, цагийн юм цагтаа сайхан. Би ч таны өргөмжлөлд өртчихөөр ланжгар амьтан биш?

-Том, жижигтээ байдаггүй юм аа, сэтгэл гэж нэг нарийхаан ширхэгтэй юм байдаг юм. Харин чи яагаад номны маань нэрийг бүтнээр нь хэлэхгүй, “Хүмүүсийн тухай”-гийн гээд байгаа юм. Би ч гадарлаж л байна л даа.

-Товчилж л байна шүү дээ, ах минь. Их сайхан нэр шүү. Гэхдээ зарим нь роман гэж ийм богино бичлэгүүдийг хэлдэггүй юм гэж цэцэрхдэгийг та мэдэх үү?

-Мэдэлгүй яах юм. Анх энийг чинь төрийн соёрхолт Дармын Батбаяр гуай тэгж буруутгасан. Хөөрхий минь, ямар ч хар санаагүйгээр, зүгээр л надад ганцаарчлан зөвлөсөн. Нууж муулснаас шууд хэлэх нь гоё. Харин бусад нь болохоор яагаад энэ нэрэнд дасдаггүйг би мэдэхгүй. Бодоход, социалист реализмаасаа салж чаддаггүйнх байх. Хуучин ороо л хяхтнуулан дэвхцээд байгаа юм чинь. Тэгж л байна биз. “Адуутай хүн адуугаа тойроод исгэрч явдаг, адуугүй хүн айлын адуунаас алиныг нь алж идье дээ гээд хутгаа ирлээд сууж байдаг” гэж агуу их “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимиддорж аль тэртээ 90-ээд оны үед аргаа ядаад амнаасаа унагасан юм. Номын нэрийн хувьд гэвэл анхлан би 2007 онд бичиж, эмхэтгэж эхлэхдээ “Нөхөд хэмээх ноход” гэж нэрлэх гээд байсан чинь зохиолч Готовын Нямаа ах маань амьд сэрүүн байлаа тэгэхэд, “Яах юм бэ, ноход гэхээр цаадуул чинь хотны муусайн нохос л гэж ойлгохоос, Чингисийн өрлөгүүдийн өргөмж нэрийн дайтай ойлгохгүй ш дээ” гээд болж өгдөггүй, тэгэхээр нь бодоод л, шаналаад л явлаа, үгийн эрэлд хатаад үйлээ үзэх ч сайхан шүү. Бүр 2008 онд байх аа, нэг шөнө “Хүмүүсийн тухай роман” гэж зүүдэлсэн юм. Хар багаасаа би зүүдний тийм өвчтэй юм. Зүүдээ манах гоё ш дээ. Тэр шөнө бүр оросоор зүүдэллээ шүү, “Роман о простых, к тому же великих людях” (Эгэл мөртлөө их хүмүүсийн тухай роман) гээд яриад байх юм.

-За, тэгээд зүүднээсээ номынхоо нэрийг олоод авдаг байж…

-Газарзүйч О.Намнандорж гуайг л бодоод байх шиг байна. Тэгээд өглөө нь сэрүүтээ шууд шийдчихсэн, олон хүний тухай хүүрнэл нийлэхээрээ яагаад роман байж болдоггүй юм гэж. Тэр бүхний баяр баясгалан, зовлон шаналан, туулсан зам, хүрсэн өндөрлөг чинь романы дайтай л ертөнц юм шүү дээ. Утга зохиол, уран зохиол хоёроо ялгаж салгахаа байсан өнөөгийн энэ хатсан талхны булан шиг нийгэмд чинь тэр сэтгүүл зүйн онол монол нь надад падлий байсангүй. Их сайхан таарсан нэр байна гэдгийг анх яруу найрагч Бадарчийн Хишиг-Ундрал анзаараад, их олзуурхаад, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан чинь хүрч очиж ярилцлага аваад, “ТВ-9” телевизээрээ олонд дуулгаж өгсөн. Горькийн сургууль төгссөн хүн гэдэг чинь эргэцүүлэл нь ч арай онцгой байдаг юм билээ. Бас Баастын Золбаяр танай сонинд байхдаа дуу алдаад нэг их магтсан юм бичсэн. Ер нь роман гэдгийг манайхан үргэлжилсэн үгийн ч юм уу, яруу найргийн том хэмжээний бүтээл гэсэн ганцхан утгаар нь ойлгодог. Гэтэл цаана нь паян, холбоо, явдал, түүх гээд олон салаа утга байдаг. Жишээ нь, Э.Оюун гуайн орчуулгаар гарсан шиг санагдана, Оросын телевизийн “Служебный роман” гэдэг киног “Ийм нэгэн явдал” гэж орчуулсан байдаг. Тойруулж, тааруулсан нэр. Яс утга нь бол “Ажил дээр үүссэн хайрын холбоо” хавьцаа л даа. Чамд зүгээр сонирхуулахад, хоёр сарын өмнө урлагийн нэг том зүтгэлтэн утасдаж байна аа, “Тэр нэрээ надад өгчих, эсвэл зарчих, би телевизийн нэг том төсөл санаачлах гээд байна” гэж. Урьд нь Палладий Кафаровын Харчин өртөөнүүдийн замын хүүрнэлийг үндэсний телевизийн нэг том төсөлд хулгайлуулчихсанаа санаж уур хүрээд “Өгөхгүй ээ, монгол хэл баялаг шүү дээ, өөрсдөө бодож олохгүй юу” л гэсэн. Хүнд чинь гайгүй юм хийхийн тулд сэтгэлийн шаналан хэрэгтэй байдаг юм, тэрнийгээ давж байж өөртөө баярладаг юм. Өөрөө л өөрийгөө баярлуулахгүй бол хөндлөнгийн хэн ч чамайг баярлуулахгүй болсон нийгэм. Тэр бол өөрөө гайхалтай сайхан нэр бодоод олчих дайны хүн л дээ, уг нь. Дэд дэвтрээ бэлтгэж байгааг минь дуулаад л надад урам өгөх гэсэн байх гэж андыгаа цагаатгая.

-Хөрөг хийнэ гэдэг, ялангуяа уран бүтээлчийн тухай уран сайхны хөрөг босгоно гэдэг маш хэцүү. Гэтэл та бол ганц чаддаг хүн нь болж дээ?

-“Тийм шүү, хэцүү” гээд хэлчихвэл биеэ тоосон болчихно. Ганц чаддаг нь намайг гэж хэлж болохгүй ээ, алдас болно, яахав, анх удаа бие даасан ном болгож чадсан нь л би юм байгаа биз.

-Таны тэргүүн дэвтрээс хойш хүмүүс иймэрхүү номнууд их гаргах болсон. Таных бол яах аргагүй анхдагч нь биз?

-Мэдэхгүй ээ, мэдэхгүй, гайгүй цагаан сэтгэлтнүүд нь л тэгдэг юм шив дээ. Одоо чинь, бурхан минь, атаач нийгэм. Эргээд эв хамтын нийгмээ байгуулж, эвдрээгүй монгол сэтгэлээ эртхэн дээр нь сэргээвэл таарна.

-Та ардчиллын хүн байж ингэж болохгүй дээ. Тэгэхээр таны бодлоор, хэн ер нь гайгүй хөргүүд хийж байна?

-Зөндөө л сайхан их бичгийн хүмүүс бий шүү дээ. Хуучцуулаас гэвэл, Дөнгөтийн Цоодол гуайнх их гоё, жинхэнээсээ сэтгэлд хүрсэн юмнууд байдаг. Хүнд хайртай хүн л тийм юм хийж чадна. Ноднин байх аа, нэг өглөө Цоодол гуайн хөрөг, дурсамжийн номыг уншиж байтал нутгийнхаа нэг өвгөний тухай бичсэн нь тааралдлаа. Аймаар гоё. “Аймаар мөртлөө гоё” гэж юу байсан юм гэж загнадаг л даа, хүмүүс. “Аймаар” гэдэг үг чинь энд “гайхамшигтай” гэсэн утгаар орж ирж байгаа байхгүй юу. Монголчууд юуг яаж нэрлэхээ эрдэмтдээрээ, эсвэл хэтэрхий мэргэн жараахайнуудаараа заалгахгүй шүү дээ. “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэдэг шиг. За, энэ ч яахав, тэгээд Цоодол гуайн тэрнийг уншаад нутгийнх нь тэр өвгөнд хайр хүрсэндээ болоод нулимс гарчих гээд болдоггүй шүү. Утасдаж “Ийм сайхан юм бичиж өгсөн танд баярлалаа” гэж заавал хэлмээр санагдаад болдоггүй, уг нь ч Цоодол гуай шиг том хүн миний урмаар л дутав гэж, гар утасных нь дугаар байх боловч тэрнийгээ бараг авдаггүй юм чинь, “за, яршиг, яршиг” гэж бодлоо. Тэгээд бүр тэсдэггүй шүү. Утасдлаа, үгүй ээ, тэгсэн чинь өнөөх, барагтай л бол утсаа авдаггүй хүн чинь тэр өглөө шууд л авчихлаа, зөөлхөн намуухнаар мяраагаад, үл мэдэг гуншаатаад “Хэн бэ, хүү минь” гэж байна. Би чинь ааваасаа арав гаруйхан настайдаа өнчирсөн хүн, аав минь л ингэж ханддагсан даа. “Нэргүй байна аа, таны (нэрийг нь мартчихаж) хөргийг уншаад баяр хүргэх гэсэн юм аа, ямар сайхан юм бэ” гэсэн чинь Цо гуай өөдөөс “Ай даа, мөн ч сайхан өвгөн байж билээ” гэнгүүт нь л нулимс асгараад явчихсан. Бүр эхэр татаж байгаад уйлсныг минь Цо ах одоо ч санаж л байгаа байх. Хөрөг дурсамжийг тэгж л хийх ёстой юм билээ. “Ингэж хийх ёстой” гэж сурах арга байхгүй, хичнээн Горький төгсөөд ч нэмэргүй, тэрнийг чинь гагцхүү ээжийн сүү, аавын хайр л элэг, тархи хоёрт нь суулгаад өгчихдөг байх. Готовын Нямаа ахын бичсэн Норовбанзад гуайн тухай “Уяхан замбуутивийн наран” гэж нэг хөрөг байдаг. Гүн рүү нь шингэж уншсан хүнд бол Норовбанзад гуайн тухай биш, нарны тухай хөрөг болчихсон юм шиг агуу санагддаг. Бас, хөрөг гэхээр заавал сунжралдсан урт, үргэлжилсэн үгээр бичсэн нийтлэл байх албагүй. Үргэлжилсэн үгээр бичиж болохгүйг шүлгээр хийдэг, шүлгээр хийж болохгүй юмыг үргэлжилсэн үгээр хийдэг арга бий. Дурсамжаа хүмүүс хөрөг гэж андуураад байдаг тал бий. “Хүмүүсийн тухай роман” гарснаас хойш дурсамжуудаа эвлүүлж дэвлүүлээд хөрөг гэж нэрлэх гээд байдаг болсон юм.

-Дараа үеийнхнээсээ хөрөг бичдгүүдийг олж харах юм уу?

-Таримал цэцэг бариад автобусанд явж байгаа нэг халамцуухан зураачийн тухай Өлзийтөгсийн бичсэн эссээ байдаг. Гэхдээ эссээ ч гэх юм уу, үгүүлэл ч гэх юм уу, би мэдэхгүй. Яахын аргагүй л хөрөг. Тэр зураачийн нэрийг Өлзийтөгс ч өөрөө мэдэлгүй чигээрээ өнгөрсөн байгаа боловч миний нүдэнд тэр зураач нь харагдаад байсан. Сонгинын булангаас хааяа орж ирдэг байсан, урт үстэй, монгол дээлтэй голдуу явдаг, миний л анзааны насны нэг тийм зураач, яндан хар хүн байсан юм. Гэхдээ тэр хүний тухай биш, ерөөс л уран бүтээлч хүний ариухан сайхан сэтгэлийн хөрөг гэмээр байна билээ. Их гоё, бас л нулимс гармаар.

-Та ч их л уяхан болж байгаа хүн юм байна даа. Юм л болбол “нулимс гаргаад”?

-Ер нь ч нас яваад ирэхээр сайхан бүтээл уншихад нулимс урсчих гээд байдаг болж. Яагаав дээ, автобуснаас буун буутлаа “Хүмүүс ээ, холдоорой, миний цэцэгний навчийг битгий хөндчихөөрэй” гэж гуйгаад л, өнөөх савтай цэцгээ энхрийхнээр элгэндээ тэврээд яваа нэг зураачийн тухай. Ерөөс, аливаа хүмүүсийг элэг, зүрхээрээ хайрлаж чаддаг хүн л тийм энхрийхнээр хөрөглөж чаддаг юм. Яруу найргаар ч хөрөг босгож болдог гэж түрүүнд хэлсэн дээ. Цоодол гуайн “Миний муусайн найз нар” гэсэн шүлэг ч гэсэн бас л хөрөг шүү дээ.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Мах экспортлох 20 жилийн мөрөөдөлд цэг тавьсан Ч.Улаан сайдын хориг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар уншигчдаа “Танайд өнжье” булангаар угтдаг уламжлалтай билээ. Энэ удаад манай сурвалжлах баг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Эрүүл мэнд, спортын сайд
асан, Монгол Улсын гавьяат
багш, доктор, профессор
Самбуугийн Ламбаагийнд өнжиж хөөрөлдлөө. Нэг болон 12 дугаар нүүрнээс сонирхон уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Мах экспортлох 20 жилийн мөрөөдөлд цэг тавьсан Ч.Улаан сайдын хориг” нийтлэл хэвлэгдлээ.

Монголын төр, нийгмийн
зүтгэлтнүүд нэгдэж “Бие
даан нэр дэвшигчдийн
холбоо” нэрийн дор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах “Электорат” хөдөлгөөнийг
байгуулсан талаар бид мэдээлж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн асан
З.Алтайтай ярилцсанаа тавдугаар нүүрэнд нийтэллээ.

Залуу найруулагч М.Батболд алдарт “Хайрын виз” жүжгийг шинээр найруулж тайзнаа дахин амилуулахаар болжээ. Түүний ярилцлагыг 17 дугаар нүүрнээс унших боломжтой.

Боловсролын салбарынхан мастер төлөвлөгөө хэлэлцэж буй. Тэгвэл энэ төлөвлөгөөнд юуг багтааж байгаа талаар мэргэжилтнээс асууж тодрууллаа. Энэ тухай 19 дүгээр нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт явагдлаа

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг энэ сарын 21-нд Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав. Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа.

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд хамрагдаж, гэрчилгээ, дүйцүүлэх алба хаагчийн үнэмлэх гардуулав. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгож, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын авто замын ажил төлөвлөгөөний дагуу явж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уржигдар /2019.05.24/ нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Ямартай ч авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа гэдгийг албаны хүмүүс Хотын захирагчид танилцууллаа.

Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажлыг гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзан, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж, яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст даалгасан юм. Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу хийж гүйцэтгэх, дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид хоёр ээлжээр ажиллах, орон нутгийн эрхэлсэн ажилгүй иргэдийг замын ажилд оролцуулах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

Мөн энэ үеэр замын үерийн ус зайлуулах хоолойн ажлын явц болон далангийн хийцүүдийн үе шаттай танилцаж, ажил төлөвлөсөн хугацааны дагуу цалгардахгүй ахицтай явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд ямар ч нөхцөлд чанар, стандартыг алдагдуулах ёсгүй гэдгийг хотын Захирагч компанийн удирдлагууд болон ажилчдад хандан хэлэв.