Categories
мэдээ цаг-үе

У.Батбаатар: БНТУ-ын ЭСЯ-наас ирсэн Нот бичигт үндэслэж хилээр гаргахыг хориглосон нь бүхэлдээ хууль зөрчиж байна

Турк улсаас Монгол нутагт ирж, хүний нутагт өөриймсөн ажиллаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг монгол хүүхэд залууст олгохоор ажиллаж ирсэн турк багш нарыг манайхан сайн мэдэх болсон. Монголд 6-18 жилийн турш багшилсан, ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй найман багшийн эрхийг Гадаадын иргэн харьяатын газар ноцтой зөрчиж байгаа талаар тэд гомдолтой байгаа ажээ. Тус байгууллага нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд, Монгол, Турк улс хооронд байгуулсан Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажиллахын оронд Монгол Улс дахь БНТУ-ын ЭСЯ, ГХЯ-наас ирсэн Нот бичигт үндэслэж тэдгээр найман иргэний паспортыг хүчингүй болгож, хилээр гаргахыг хориглосон нь бүхэлдээ хууль зөрчиж байгаа талаар тэдгээр багш нарын бие төлөөлөгч У.Батбаатартай ярилцлаа.


-Монгол Улсад ажиллаж байгаа БНТУ-ын найман багшийг Монголын хилээр гарах эрхийг нь хориглосон гэж байна. Ямар шалтгаанаар хориглосон юм бол, энэ хүмүүс ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж, гэмт хэрэг хийсэн хүмүүс биш биз дээ?

-Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийг энд тодотгох хэрэгтэй. Уг заалтад

1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг.

Гэтэл ажлаа хийгээд, хууль ёсны дагуу оршин сууж байгаа иргэдийн эрхийг хорьсон. Яагаад хилээр энэ хүмүүсийг гаргахгүй байна вэ гээд судлаад үзтэл Монгол Улс дахь БНТУ-ын ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд нэр бүхий найман иргэнийхээ гадаад паспортыг хүчингүй болгосон талаар нот бичиг ирүүлсэн байсан. Үүний дагуу манай ГХЯ албан бичиг явуулсны дагуу Гадаадын иргэн харьяатын газар тэрхүү найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгож, хилээр гаргахыг хорьсон. Энэ нь хуулийг маш ноцтой зөрчиж байгаа юм.

Яг ямар хууль зөрчиж байгааг та тодруулахгүй юу. Тухайн улсын ЭСЯ иргэнийхээ гадаад паспортыг хүчингүй болгосон бол манай холбогдох байгууллагууд түүнийх нь дагуу ажиллах нь хууль бус гэж үү?

-Үндсэн хуулийн 14-р зүйлийг зөрчсөн. Монгол Улсын Хилийн аюулгүй байдал болон Гадаадын иргэн, харьяалалтгүй хүн Монгол Улсад орших суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших ашиглах журам, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөнөөс гадна 2000 оны тавдугаар сарын 02-ны өдөр Монгол Улс-БНТУ-ын хооронд иргэн, ААН болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг зөрчсөн. Энэ бол хоёр орны баримтлах, олон улсын гэрээ конвенцуудыг хүлээн зөвшөөрсөн гол гэрээ. Уг гэрээний агуулга нь

1-р зүйлд хоёр талын иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт байхдаа шүүхийн болон эрх зүйн эрх тэгш хамгаалалтыг эдэлнэ

1.2 Чөлөөтэй гомдлоо гарган, өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах эрх эдэлнэ

2.1 Гэрээг хэрэгжүүлэх хүсэлтийг хоёр орны Хууль зүйн яам гаргаснаар шийдвэрлэнэ.

2.2 Эдгээр хоёр яам нь дипломат шугамаар харилцана.

34-р зүйлд Өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх зорилгоор харилцан шилжүүлэн өгөхийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд үгүй гэдгийг энэ гэрээ зааж өгсөн. Гэтэл БНТУ-ын зүгээс гэрээнд дурдсаны дагуу ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. Тийм учраас манай ГХЯ болон ГИХГ ЭСЯ-ны нот бичгийг үндэслэж гадаадын иргэдийн паспортыг хүчингүй болгож байгаа нь өөрөө маш ноцтой хууль зөрчсөн үйлдэл. Учир нь дээрх найман иргэнд гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн хүмүүс биш хөдөлмөрийнхөө гэрээний дагуу хуулийн хүрээнд ажиллаж буй, Монгол Улсын иргэдийн адил эрх эдлэх ёстой энгийн хүмүүс.

-Тэр хүмүүс үнэхээр гэмт этгээдүүд байгаад паспортыг нь хүчингүй болгох шаардлагатай байсан бол хуулийн хүрээнд процесс хэрхэн явагдах ёстой байсан гэсэн үг вэ?

-Энэ хүмүүс үнэхээр гэмт хэрэгт холбогдсон бол Турк улс үүнийг нотлох баримт бичгүүд, шүүхийн шийдвэрээ өөрсдийн Хууль зүйн яамаараа дамжуулан манай Хууль зүйн яаманд дипломат шугамаар мэдэгдэх ёстой. Ингээд манай ХЗДХ-ийн яам 2000 оны гэрээгээ үндэслэн тухайн иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох эсэх, хилээр гарахыг хориглох эсэхээ шийдвэрлээд Гадаад харилцааны яаманд албан бичиг ирүүлсний дагуу Гадаадын иргэн харьяатын газар арга хэмжээ авах ёстой. Гэтэл ямар ч тийм албан ёсны хүсэлт байхгүй байхад БНТУ-ын ЭСЯ Монгол Улсын бүхэл бүтэн Хууль зүй, дотоод хэргийг яамыг үл тоон алгасч, ГХЯ-нд нот бичиг илгээн шийдвэрлүүлэхийг оролдож байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг дорд үзэж, гэрээгээ зөрчиж байна. Турк улсын хууль тогтоомж тэр улсаа болон ЭСЯ-ны хашаан дотроо л хэрэгжинэ. Харин Монгол Улсын газар нутагт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам хэрэгжих бөгөөд үүнийг хүн бүр биелүүлэх ёстой. Энэ бол эрх зүйт төрийн үндэс.

-Хууль ноцтой зөрчсөн гэдгийг та онцлон хэлж байна. Гэвч хууль зөрчсөн эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтоодог. Энэ талаар та тодруулсан уу?

-Эдгээр багш нарын хүсэлтээр би тэднийг төлөөлөн, холбогдох байгууллагуудтай уулзаж байгаа юм. Мэдээж энэ найман хүний эрхийг хамгаалах үүднээс би энэ нь гэмт хэргийн шинжтэй юм уу, хэрэг хийж, зөрчил гаргасан эсэхийг тодруулахаар зургаан газарт хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан албан ёсны захиа явуулсан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өөрт нь хаяглан илгээсэн. Монгол Улсад байгаа хүн бүрийн эрхийг сахих ёстой Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандсан. Улсын ерөнхий прокурорт албан ёсны захиа бичиж хандсан. Мөн ГИХГ-ыг хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоохоор Буян-Ухаагийн үйл ажиллагааг хариуцдаг Тээврийн прокурор, ГИХГ-ыг хариуцдаг Нийслэлийн прокурорт хандсан.

Ингээд гурван прокурорын байгууллагаас энэ хүмүүс хууль зөрчөөгүй, гэмт хэргийн шинжтэй биш, хилийн хориг албан ёсоор тавигдаагүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл, хилийн хориг тавих прокурорын зөвшөөрөл олгоогүй байхад БНТУ-ын ЭСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГИХГ энэ хүмүүсийг хилээр гаргахгүй, хууль бусаар паспортыг нь хүчингүй болгож, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь нотлогдсон.

Ингэж ХЗДХ-ийн яамны харьяа агентлаг нь хууль зөрчиж, бүхэл бүтэн хоёр орны хооронд байгуулсан гэрээг зөрчиж байхад Монгол Улсын хуулийн салбарыг 20 жил тэргүүлсэн Ц.Нямдорж сайд миний албан бичгийг уншиж, танилцаагүй туслахдаа өгсөн нь албан бичгээс нь тодорхой харагдана. Учир нь яамны хариу бичигт “Иргэнд олгодог гадаад паспорт нь тухайн улсын төрийн өмч байдаг бөгөөд эрх бүхий байгууллагаас гадаад паспортыг нь хүчингүй болгосон талаар мэдэгдсэн тохиолдолд хүчингүй болсон бичиг баримттай иргэдэд манай улсын холбогдох байгууллага ямар нэгэн виз, зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэсэн байгаа юм. Хэрэв ХЗДХ-ийн сайд өөрт нь хаяглаж бичсэн хүсэлтэд хариу өгөхдөө өөрөө хуулиа мэдэж, биелүүлдэг байсан бол 2000 онд байгуулсан хоёр орны гэрээг хараад л тэр найман хүний эрх зөрчигдөж байна гэдэг нь ойлгомжтой бөгөөд тийм хариу өгөх байсан. Түүнчлэн манай улсын гадаад паспорт дээр Монгол Улсын төрийн өмч гэж бичсэн байдаг бол БНТУ-ын гадаад паспорт дээр тийм зүйл байдаггүй. Харин “Аль ч улсад очсон бай туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлт нь байдаг. Үүнийг нь харалгүйгээр хариу бичсэн. Тус яам хариуцах ёстой энэ ажлаа хийгээгүй, хууль зүйн яам гэрээг зөрчиж байгаа юм.

ГИХГ-ын албан бичиг дээрх найман хүнийг хөдөлмөр эрхлэхээр оршин суух зөвшөөрөлтэй буюу хууль ёсны иргэд гэдгийг нотолж байгаа. Харамсалтай нь мөн л хуулиа судлаагүй тул ийнхүү нот бичгийн дагуу найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгож, хууль зөрччихөөд байж байна.

-Тэгэхээр цаашид яана гэсэн үг вэ. Таны хэлснээр хүчин төгөлдөр гэрээ, хуулинд заасныг зөрчөөд байгаа юм байна. Тэгэхээр энэ хэвээр Монгол Улс тэдний эрхийг зөрчөөд байх уу?

-Төрийн байгууллагууд нь ингэж хууль зөрчиж байгаа тул би Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Монгол Улсад эзэн гэж байдаг бол, хууль хэрэгждэг бол энэ хүмүүсийг монгол хүмүүсийн адил үзэж, эрхийг нь хамгаалах ёстой. Яагаад гэвэл энэ бол зөвхөн найман хүний асуудал биш. Тэдний ард хамгийн багадаа нэг, тэгээд 2-3 хүүхэд, эхнэр нь гээд 30 гаруй хүний эрх яригдаж байна. Энэ хүмүүс ажил хийх, аялах, амьдрах, амьд явах эрхтэй. Энэ эрх нь зөрчигдөж байна. Харин манай төрийн байгууллагууд БНТУ-ын ЭСЯ-тай нийлж энэ олон хүний эрхийг зөрчиж байна. Ингэж болохгүй. Хэрэв энэ хүмүүсийн эрхийг зөрчвөл Монгол Улсад дэлхийн 137 орны иргэд итгэж, ирж, аялж, ажиллах ямар ч баталгаагүй юм байна гэсэн сөрөг ойлголтыг дэлхий нийтэд өгнө. Ер нь дэлхий нийтэд зарим улс орны удирдагч, засаглал ямар ч байж болох талтай учраас албан хүсэлт шаардлагаас илүү эхлээд хүний эрх, эрх чөлөөгэрхэмлэхийг дээдэлж, ийм хандлагыг мөрдлөг болгодог. Гэтэл манайх хуулинд байхгүй байтал албан бичгээр ингэж асуудлыг шийдэж тэр хүмүүсийн хувь заяанд нөлөөлөх юм бол Монгол Улс ардчилсан орон биш гэсэн мессеж түгнэ. Нотлох баримт ийм хангалттай байхад Монгол Улсын шүүх хүний эрхийг дээдэлж, хуулийн талд шийдвэр гаргана гэдэгт бат итгэлтэй байгаа. Монгол Улсад хууль байдаг, хэрэгждэг гэдгийг Захиргааны хэргийн шүүх баталж өгнө гэж бодож байна.

-Одоо энэ найман багшийн паспорт нь хүчингүй, Монголд үлдэх боломжгүй болсон гэсэн үг үү?

-Багш нарын хөдөлмөрийн гэрээ дуусч байгаа бөгөөд өөр улсад очиж багшлах урилга нь ирсэн байсан. Гэтэл манай улс ийнхүү хууль зөрчиж, хүнд суртал гаргаж, энэ хүмүүсийг эрхийг ноцтой зөрчиж байгааг дээр тайлбарлалаа. Энэ хүмүүс гарахгүй үлдэнэ гээд байгаа биш визийн хүчинтэй хугацаандаа амжаад Монгол Улсаас гарна гэж байна. Гэтэл манайхан хилээр гаргахгүй байна. Интерполоос нэр нь ирсэн, гэмт хэрэг хийсэн тохиолдолд хилээр гаргахгүй болохоос аль нэг газрын ЭСЯ Нот бичиг ирүүлсэн шалтгаанаар хилээр гаргахгүй саатуулах учир байхгүй. Төрийн байгууллагууд нь хууль зөрчиж, хүнийг гэмт хэрэг хийгээгүй байхад гэмт хэрэгтэн мэт хандаж, цаашлаад гэмт хэрэгтэн болгож, зөрчил гаргуулах гэж байгаа нь Монгол Улсын хувьд маш ноцтой. Яагаад гэвэл энэ хүмүүсийн оршин суух хугацаа хэдхэн хоноод дуусах гэж байна.

Монгол Улсад гадны иргэдийг зөрчил гаргасан гэж үзэх дөрөвхөн заалт байдгийн нэг нь визний хугацаа хэтрүүлэх. Энэ хүмүүсийн бичиг баримтыг шийдэж өгөхгүй байсаар визний хугацаа хэтэрвэл зөрчилд тооцож, торгож, албадан гаргахад хүргэнэ. Тэр багш нар хууль ёсны дагуу хандах эрхтэй. Гэтэл хандахад нь бид хуулиа зөрчөөд ингэж муухайгаар эрхийг нь хөсөрдүүлж болохгүй.

Үнэхээр энэ хүмүүс гэмт хэрэгтэн бол Туркийн Засгийн газар нотлох баримтуудаа өгөөд, Интерполд хүсэлтээ тавиад явах ёстой. Би ч гэмт хэрэг хийсэн хүмүүсийг өмгөөлөх шаардлагагүй. Гол нь хуулиа сахиж, хүнийг эрхийг хамгаалах ёстой.

-Ярилцсан танд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Ээлжинд хамтран үүрэг гүйцэтгэж, туршлагаасаа хуваалцаж байна

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Ажил хэрэгч нэг өдөр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн ээлжийн алба хаагчидтай хамтран 24 цаг үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний гал унтраах ур чадвар, сургалт, дотоод ажил, сахилга хариуцлага, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар зөвлөн тусалж, туршлагаасаа хуваалцаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан ахуйн гал түймрийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэхэд хамтран оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээ энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэн явагдана гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний муудсан мах хадгалж байсан Хятад иргэдийг цагдан хорьжээ

Энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газаартай хамтран өчигдөр Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хяналт шалгалт хийж улмаар их хэмжээний мах хуль бусаар хадгалж байсныг илрүүлэн таслан зогсоосон билээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчидтай хамтраад 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар үхрийн 25 орчим тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон. Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа. Харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж байсан. Тухайн махаа том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоогдсон. Шингэн уусмал нь ямар найрлагатайг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага уусмал болон махнаас шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэж байгаа бөгөөд махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй. Шалгалт үргэлжилнэ. Бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Албаны жийпээ хүүхдийн цэцэрлэгээр сольсон Засаг дарга

Төв аймгийн Борнуур сумын Засаг даргаар Б.Ууганбаяр гэж залуу ажиллаж байна. Уншигчид өнгөрсөн долоо хоногт манай сонинд нийтлэгдсэн хаврын тариалалтын сурвалжлагаас түүний ярилцлагыг уншсан билээ. Тэрээр монголчуудад хэрэгтэй бүх ногоог Борнуур сумынхан тарьж чадна, тэр 50 га хүлэмжээр зогсохгүй Монголыг бүхэлд нь хангах нөөц бололцоо, чадамж өөрсдөд нь байгааг онцолсон. Мөн Элчин сайдын яамдын хүсэлтэд нийцсэн бүхий л нарийн ногоо тариалдаг байсан хүлэмж нь удахгүй ашиглалтад ороход бэлэн болсныг дуулгаж “Бид ямар ч ногоог ургуулж чадна. Борнуурынхан Улаанбаатар хотын ресторануудын захиалсан бүхий л төрлийн нарийн ногоог ургуулж, нийлүүлдэг. Та бүхэн долдугаар сард хүрээд ир. Ногоо яаж тарьдгийг харна уу” гэж ам бардам хэлсэн. Түүний яриагаар бол бид л дотоодын ногоочдоо чамлаад байгаа болохоос биш нарийн гэсэн бүх ногоог төрөл төрлөөр нь ургуулж чадах мэдлэг, боловсрол, туршлага, сэтгэлтэй тариаланчид Борнуурт дүүрэн байгаа юм. Түүний ингэж ярьж байгаа нь аргагүй. Социализмын үед Борнуур сум Зүүн Германтай түншийн харилцаатай байж тракторчин, саальчнаас эхлүүлээд хөдөө аж ахуйн чиглэлийн бүх мэргэжилтнүүдээ Германд сургаж байсан бөгөөд тухайн үед зоотехникч, агрономич гээд хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг нийгмийн захиалгаар сургаж, боловсруулж ажил дээр гаргадаг байсан учир тэд нийгмийн боловсролтой хэсэг байсан. Борнуурт герман мэргэжилтнүүд ирж нутгийн иргэдэд зааж сургаж байсныг Б.Ууганбаяр дарга нүдээр үзсэн унаган хүү юм байна. Борнуур сум газар тариалангийн өгөөжтэй, чадамжтай, туршлагатай онцгой газар гэдэг нь энэ бүгдээс харагдах бөгөөд суманд нь аймаг, улсын аварга тариаланчид хэдэн арваараа байгаа нь энэ бүхний баталгаа. Үүнээс гадна Монгол даяар, Монголын бүх сум, дүүрэг, аймаг, яамд, төрийн байгууллагуудын дарга нар хэрэгжүүлж болмоор нэг зүйлийг Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр эхлүүлжээ. Сумын Засаг дарга болоход аймгаас нь туулах чадвартай машин ав гэж төсөвлөсөн 45 сая төгрөгөөс татгалзаж, мөнгөний зориулалтыг нь хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлүүлээд төсвөөс нэмж 140 саяыг гаргуулж, өөрөө гүйж байж Тайванийн хөгжлийн сангаас 45 сая төгрөгөөр цэцэрлэгийн бохирын асуудлыг шийдүүлсэн байна. Ингэж орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг Борнуурт үүдээ нээж, арван хүн байнгын ажлын байртай болжээ. Өөрт нь машин ав гэж төсөвлөсөн 45 сая төгрөгөөс татгалзаж, оронд нь хүүхдийн цэцэрлэг бий болгосон Б.Ууганбаяр бол Монголын орчин цагийн даргын тод жишээ болж байна. Б.Ууганбаяр “Хэрвээ би хүүхдийн цэцэрлэг байгуулах санал гаргаагүй бол сумын захиргааны гадаа нэг том жийп машин зогсож байх л байлаа. Засаг дарга хүн байгалийн ямар ч хүнд бэрх үед иргэддээ хүрч үйлчлэх ёстой. Найз нөхөд, эргэн тойрныхныхоо машин тэрэгт дайгдаад ажлаа амжуулаад болоод л байдаг юм. Уг нь нэг приус маркийн машинтай байсан ч түүнийгээ Цагдаагийн хэлтэстээ өгчихсөн. Цагдаагийн хэлтэст машин шиг хэрэгтэй юм үгүй шүү дээ. Сонгогдож гарч ирснийх төрсөн нутагтаа юм хийж үлдээе гэж л боддог юм. Дахиж сонгогдохгүй байсан ч хамаа алга. Байгаа хугацаандаа л юм бүтээе гэж зорьж явна” гэж сурвалжлагын үеэр ярьж байсан юм. Б.Ууганбаяр даргыг ийнхүү машин тэрэг унадаггүй гэдгийг дуулсан хүмүүс “Төрийн түшээ ийм л байх ёстой. Ийм л залуус Монголын ирээдүйг авч явна” гэж баярлаж байна. Б.Ууганбаяр бол шинэ цагийн, шинэ үеийн залуучуудын төлөөлөл юм. Аливаа албан тушаалд очингуутаа өөрийнхөө эрх ашгийг бодож, амин хувиа хичээдэг хүмүүсийн үе улирч, Б.Ууганбаяр шиг хүмүүст хэрэгтэй зүйл хийхийн төлөө өөрийнхөө эрх ашгийг хойш тавьж чаддаг шинэ залуу үеийнхэн гарч ирж байгаа нь энэ юм. Түүний энэхүү үйлдэл, ажилдаа хандаж буй хандлагыг сум, аймаг, дүүрэг, хот, яам, агентлаг, төрийн бүхий л шатны байгууллага, Монголын төр жишиг болгох хэрэгтэй байна.

Албаны жийпээ хүүхдийн цэцэрлэгээр сольж чадсан сумын Засаг дарга Б.Ууганбаярыг жишиг болгож, Монголын бүхий л шатны дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь болжээ. Шинэ цагийн дарга гэж ийм л залуусыг хэлнэ, ямрав дээ (ямар вэ дээ).


Categories
мэдээ улс-төр

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар чуулж байна

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг 2019 оны тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төрийн ордонд эхэлж байна.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийн асуудлуудыг хэлэлцэх юм.

Чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй орон болон олон улсын байгууллагыг төлөөлсөн 100 гаруй төлөөлөгч оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын автобустай аялал эхэллээ

Холбоотой Зураг

Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна.

Гадаад жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 380 жилийн түүхтэй нийслэл хотынхоо дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм.

Тус аяллын онцлог нь өдөр бүр мэргэжлийн хөтчийн тайлбартайгаар жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Үлэг гүрвэлийн музей, Гандантэгчилэн хийд, Зайсан толгой, Будда парк, Эвсэг үйлдвэр, Богд хааны музей, Монголын хүүхдийн ордоноор тойрон аялна.

Тасалбарыг аяллын автобуснаас болон дараах Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвүүдээс авах боломжтой:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг

“Сити тур” хотын автобустай аялал таньд тав тух, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг санал болгож байна.

Төслийн менежертэй холбогдох дугаар: 80068867, 70108687

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд автомашины ослоор хоёр хүн амиа алджээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь хохирсон байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Нартын хошуу гэх газар “Toyota Harrier” автомашин онхолдож, зорчигч 28 настай А нас барсан хэрэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “Сансай” гэх хоолны гэзрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай О-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Э.Оюунболд түрүүлэв

“Буур” Н.Жамъян аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдснаас улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгаран үлджээ. Дашрамд сонирхуулахад, Үндэсний спортын гавьяат тамирчин, Даян аварга ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ой өнөө жил тохиож байна. Ардын засгийн жилүүдэд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяр, хүч чадлаа гайхуулж, домог болон мөнхөрсөн алдарт бөх Н.Жамъян нь төрийн их баяр цэнгэл наадамд 2 удаа түрүүлж, 1 үзүүрлэн нийтдээ 12 удаа шөвгөрсөн, арал бяр хүч чадал, нөмөр нөөлөг, үлгэр дуурайллаараа түмэн олондоо хайрлагдан хүндлэгдсэн домогт аварга билээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэц Д.Гантулгыг чөлөөлсөн тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндсэн хуулийн цэцийн гадна “Бандааштай жагсаал” болж байна

Яг одоо Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж эхэллээ. Энэ хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол болон Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэх юм. Үндсэн хуулийн цэцийн байрны гадна иргэд “Бандааштай жагсаал” гэх нэртэй жагсаал цуглаан зохион байгуулж байна.