Categories
гадаад мэдээ

Д.Трампын Япон дахь айлчлал маргааш өндөрлөнө

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп төрийн айлчлал хийхээр өнгөрсөн бямба гаригт Японд хүрэлцэн очжээ. Тус улсад хийх түүний айлчлал дөрөв хоног үргэлжлэх юм. Юуны өмнө тэрээр бизнесийн төлөөллүүдтэй уулзаж ярилцжээ. Харин өчигдөр Японы ерөнхий сайд Ш.Абэтай яриа хэлэлцээ хийсэн байна. Энэ талаар Д.Трамп өмнө нь жиргэхдээ Японы гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй цэргийн болон худалдааны асуудлыг хөндөнө гэж байв. Үүний дараа тэд Токио хотоос зүүн зүгт байрлах “Mobara Country Club”-ын талбайд хамтдаа гольф тогложээ. Ш.Абэ “Өнөөдөр их сайхан өдөр байна. Би Рэйвагийн эринд хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийг хүсч байна” хэмээн онцолжээ. Тэд гольфын талбайд нисдэг тэргээр буусан тухай NHK телевиз мэдээлэв. Абэ, Трамп нар гольфын хорхойтнууд агаад энэ нь тэдний тав дахь удаагийн тоглолт юм байна. Дашрамд хэлэхэд, Ш.Абэ гурван жилийн өмнө АНУ-д айлчлахдаа Д.Трампад гольфын цохиур бэлэглэж байж. Хариуд нь Д.Трамп түүнд поло болон бусад хэрэгслүүдийг бэлэг болгон барьсан аж. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолсноор тэд Японы гольфчин 76 настай Ишао Аокиг хүндэт зочны хувиар урьжээ. Ишао Аоки 1985 онд гольфын аварга шалгаруулах Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байж. Дэлхийн гольфын алдрын танхимд багтсан түүнийг 2017 онд Д.Трампыг Японд айлчлах үеэр мөн урьж байжээ. Гольф тоглосны дараа Д.Трамп гэргий Меланиягийн хамтаар ордонд сумо бөхийн тавдугаар сарын барилдааны сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхжээ. Тэрбээр түрүүлсэн бөхөд АНУ-ын Засгийн газрын тусгай захиалгаар бүтээсэн цомыг гардуулан өгөх талаар мэдээлсэн юм. Д.Трампын айлчлалын гол хөтөлбөр өнөөдөр эхлэх юм. Тэрээр Ш.Абэтэй хоёр орны асуудлаар хэлэлцэх бөгөөд дараа нь тавдугаар сарын 1-нд Хаан сэнтийд заларсан шинэ хаан Нарухитод бараалхах юм. Харин маргааш тэрбээр Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг тээгч “Кага” хөлөг онгоцон дээр зочилно. Йокошү к а баазад байрладаг уг хөлөг онгоцыг нисэх онгоцыг тээгч болгон хувиргахаар төлөвлөж байгаа юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Айлын гэр мөргөж, хүүхэд гэмтээсэн хэрэг гарчээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, энэсарын 25-нд СонгиноХайрхан дүүргийн нутаг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагарав төвийн зүүн урд замд “Toyota Crown” маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 52 настай Ч, 27 настай Л, 72 настай Д, 60 настай А нарын 4 хүнийг мөргөж гэмтээжээ. Түүнчлэн 25-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг “Нартын хошуу” гэх газар / Сумын төвөөс урагшаа 23 км-т/ асфальтан замд “Toyota Harrier” автомашин онхолдож, зорчигч 28 настай, А нас барсан.

Энэ сарын 26-нд СонгиноХайрхан дүүргийн нутаг 3 дугаар хороо Бага нарангийн гудамжинд “Hyundai 5TON” автомашин айлын гэр мөргөж, гэрт байсан 10 настай Э нас барж, жолооч 41 настай Б гэмтсэн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “Сансай” хоолны гэзрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай, О-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 15 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 4 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 2 осол унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгджээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тус албанаас бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зургаадугаар сарын 22-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулж, бага насны хүүхдийг биеийн өсөлтөд тохирсон зориулалтын хамгаалалтын суудал, бүс богиносгогчийг хэрэглэж тээвэрлэх талаар иргэд олон нийтэд зөвлөмж хүргэж ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцийн хуралдаан түр завсарлалаа

Image result for ҮХЦ

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар судлаач Д.Ганхуягийн ирүүлсэн гомдлыг хэлэлцэж байгаа. Өнөөдөр 09.30 цагт эхэлсэн уг хуралдаанаар оролцогч талуудын харилцан мэтгэлцээн дууссан бөгөөд, хуралдаан түр завсарлаад байна. Хуралдаан үдээс хойш асуулт хариултаар үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

ЖДҮХС-гаас зээл авсан, “60 тэрбум”, концессийн асуудал зэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээхгүй хуульгүй мэт аашилж байна

АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Судалгааны байгууллагуудын үр дүнгээр УИХ тарах асуудлаар судалгаанд оролцогчдын 70 хувь “боломж нь хумигдсан” гэж дүгнэжээ. УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан, “60 тэрбум”, концессийн асуудал зэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээхгүй хуульгүй мэт аашилж байна.

Засгийн газрын тэргүүн анх амласан амлалтаасаа эсрэгээр үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Мах, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн савлагаа зэрэг иргэдийн халаасыг хоосолж байна. Хулгай, авлига даамжирч, 10 сая авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1,2 сая еврогийн авлигатай холбогдсон сайдын асуудал гарч ирлээ. Тиймээс АН Засгийн газар огцрох ёстой гэж үзэж байгаа.

Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тараах нь зүйтэй гэсэн уриалгыг АН дэмжиж байгаа. Энэ байр сууриа дахин нотолсон мэдэгдэл хүргүүлж байна гэлээ.

АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд мэдэгдэл хүргүүлжээ. “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсантай холбогдуулан хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэхээс өөр албан ёсны мэдээлэл байхгүй. Энэ нь төр, нийгмийн зүтгэлтэн амиа алсан анхны тохиолдолд биш. С.Зориг агсны амиа алдсан хэрэг өнөө ч хууль, улс төрийн хүрээнд хэлэлцэгдсээр байгаа. Энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд ОУПХ-гоор дамжуулан хамтран ажиллах ёстой гэж АН үзсэн. ОУПХ-ны бүсийн чуулган явагдаж байгаатай холбогдуулан хамтран ажиллах асуудлаар арга хэмжээ авахыг АН-ын зүгээс Л.Энх-Амгалан даргад хүргүүлж байна” гэдгийг сөрөг хүчний удирдагч мэдээллээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-АН-ын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар…

-АН-ын Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. АН-ын зөвлөл хамгаалалттай Төрийн ордонд Г.Батхүү амиа алдсан учир ОУПХ-тай хамтарч энэ хэргийг шалган, тогтоох хүсэлт гаргаж байна.

Categories
мэдээ улс-төр

“Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Монгол-Кувейтын судалгааны төвд ажилласныхаа дараа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд спортын наадмын тосгоны бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд битүү дээвэртэй ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийн танилцуулснаар 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбайн ажил хуваарийн дагуу үргэлжилж, тоног төхөөрөмж угсрах шатандаа оржээ. Мөн талбайн услалтын систем гэхэд газар тариалангийн услалтын систем шиг хоёр талаасаа талбайн гол хүртэл цацдаг зэргээр сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа гэлээ. Мөн ус зайлуулах системийг Голландаас оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд хөлбөмбөгийн талбай барих хэрэгцээт бүх материал, тоног төхөөрөмж ирэх сард багтан Монгол Улсад ирэх юм байна.

Мөн 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолборын суурийн ажил саадгүй үргэлжилж байгаа тул энэ жилдээ багтаан битүүлж, дулаанаа татахаар төлөвлөсөн байна. Ингэснээр өвлийн улиралд дотоод заслын ажлыг амжуулж, ирэх оны долдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.

Бассейн барихад болон хөлбөмбөгийн талбайн зарим шаардлагатай тоног, төхөөрөөмж буюу Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалыг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх асуудал тулгамдаж байгаа юм байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалд гаалийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн бөгөөд энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болоход түлхэц болох, тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан спортын томоохон цогцолбор болно хэмээн төсөөлж байгаа гээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай Яармагийн дэнж орчмыг хэрхэн төлөвлөж байгаа асуудлаар ярилцлаа.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы хэлснээр Яармагийн 4400 га газарт дахин төлөвлөлт хийсэн ч 1632 га нь Байгаль, орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг тул Зайсан орчим шиг төлөвлөлтгүй болох вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төлөвлөлтгүй газрын асуудлыг нэг мөр шийдэх ажлыг ирэх долоо хоногоос зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж, хууль зөрчиж байгаад онцгойлон анхаарал хандуулахыг дагалдан яваа сайд нарт анхааруулж, спортын наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажлуудтай үргэлжүүлэн танилцлаа.

Categories
гадаад мэдээ

Эверестэд амиа алдсан хүмүүсийн талаар мэдэгдэл хийжээ

Эверестийн ууланд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь ууланд авирч буй хүмүүсийн тоо хэт олширсонтой холбоотой гэх мэдээллийг Балба улсын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Данду Радж Гимир няцаажээ. Д.Гимирийн хэлснээр, цаг агаарын таагүй нөхцөл байдал зэрэг өөр бусад олон хүчин зүйл нөлөөлсөн ажээ. Энэ улиралд 10 уулчин амиа алдсан эвсэл сураггүй болсон хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Эверестийн оргилд гарахаар маш олон хүн урт дараалал үүсгэснийг харуулсан гэрэл зургууд энэ тавдугаар сард нийгмийн сүлжээнүүдээр тархсан юм. “Энэ хавар Эверестэд 381 хүн авирсан боловч таатай цаг агаар богино хугацаагаар үргэлжилсэн нь олон хүн амиа алдахад нөлөөлсөн” гэж Д.Гимир хэлжээ. Мөн тэрбээр найман хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн байна. Өнгөрсөн бямба гарагт Их Британийн иргэн 44 настай Робин Хейнс Фишер оргилд гарснаас хэдхэн минутын дараа нас барсан байна. Үүнээс гадна Ирландын иргэн 56 настай Кевин Хайнс өнгөрсөн баасан гарагт майхандаа нас барсан бол мөн Ирландын иргэн Симус Лоулесс оргилын ойролцоогоос унасны улмаас амиа алджээ. Үүний зэрэгцээ нэг Балба, дөрвөн Энэтхэг, нэг Австри, нэг Америк иргэн амиа алдсан эсвэл сураггүй болжээ. Орон нутгийн аялал зохион байгуулагчийн “AFP” агентлагт мэдээлснээр, Энэтхэг уулчдын нэг болох Нихал Ашпак Бхагван нь ууланд авирагчдын дараалалд 12 цаг гаруй явсны дараа нас барсан аж. Аялал жуулчлалын удирдах газрын дарга Д.Гимир амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, сураггүй болсон хүмүүсийн төлөө залбирах болно хэмээн хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Харилцан туршлага судаллаа

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Нямхүү нар Непаль улсад зохион байгуулагдсан “Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа”-д оролцоод ирлээ.

Непал Улсын арми, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн армийн командлалтай хамтран зохион байгуулсан тус хурал газар хөдлөлтийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах онолын болоод хор уршгийг арилгах, цагийн байдлыг үнэлэх команд штабын сургууль, нуранги, уул, уснаас эрэн хайх, хээрийн эмнэлэг дэлгэх, нүүлгэн шилжүүлэх дууриалган үзүүлэх дадлага сургууль болон туршлага солилцох үйл ажиллагаа гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдсан байна.

“Гамшгийн үеийн цэрэг-иргэний харилцан ажиллагааг сайжруулж, Ази номхон далайн бүсийн улс орнуудын хамтарсан бэлэн байдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн байгууллагуудын зохион байгуулалтыг хангах” сэдэвт тус уулзалтаар оролцогч талуудын гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцжээ.

Энэхүү сургалт нь Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуультай адилхан байснаараа онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулган Монгол Улсад эхэллээ

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордноо эхэллээ.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ нь олон улсын түвшинд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд тус дөхөм болох арга хэрэгсэл хэмээн үзсэн. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм болгох зорилгоор Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хорооны зүгээс ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэх тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ. Боловсролын сэдвээр энэ удаа тусгай хуралдаан зохион байгуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг чухал зорилго болох “Чанартай боловсролыг бүх нийтэд хүргэх” зорилготой шууд хамааралтай. Түүнчлэн Ядуурлыг устгах зорилготой боловсролын салбарын үйл ажиллагаанууд шууд уялдаа холбоотой байдаг. Бид бүгд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаар тус тусын гэсэн онцлог туршлагуудыг бий болгоод байгаа. Ялангуяа, хууль тогтоох байгууллага буюу парламентууд оновчтой эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна” гээд аливаа шийдвэр гаргахдаа, илүү үр дүнд хүрэхдээ байгаа нөөцөө зөв ашиглах талаар анхаарч ажиллахын чухлыг онцолсон юм.

Мөн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон, “Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлага бий. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн.

ОУПХ-ны бүсийн чуулганууд нь тухайн бүс нутаг, улс орнуудад байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль тогтоомжууд, үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй зэрэг өөрийн гэсэн туршлагыг бий болгон ажиллаж байна. Цаашдаа улс орнууд хамтран ажиллах тал дээр илүү анхаарал тавина гэдэгт итгэж байна. Энэ чуулганы явцад Та бид өөрсдийн шинэлэг сайн туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцах нь зүйтэй. 2017 оны 05 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хочимин хотноо Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын чуулганыг зохион байгуулсан. Тэр үед Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхамуудын талаар хэлэлцсэн. Энэ удаа бүс нутгийн хэмжээний хоёр дахь арга хэмжээгээ зохион байгуулаад байна. Энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх явцад одоогийн түвшинд хаана байна гэдэг талаар парламентын гишүүд хамтарч уулзах зорилготой арга хэмжээ юм” гэв.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явууллаа.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлтээ ирүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж танилцуулав.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал 2018 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд Тогтвортой хөгжлийн дэд хороог байгуулсан. Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр сүүлийн хоёр жилд Монголын парламент Хог хаягдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ус бохирдуулсны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулснаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон татвар, ногоон худалдан авалтын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн томоохон шинэчлэл хийсэн. Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдэд 2015-2018 онд нийт 4 удаа үнэлгээ хийсэн. Түүнээс гадна Засгийн газар 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох үүрэг бүхий 8 дэд ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Энэ хүрээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг үндэснийхээ онцлогт тохируулан нэмж боловсруулж байна. Ингэхдээ, үнэлэх боломжгүй тохиолдолд аргачлалыг нь бий болгох, мэдээллийн эх үүсвэр нь тодорхойгүй бол тодруулах зэргээр ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулганаар бүс нутгийн улс орны парламентын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл

  1. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн
  2. Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь
  3. Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь
  4. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэж, гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.

Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулган Монгол Улсад эхэллээ

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний компаниуд руу дайрах нь гадаад зах зээлд эрсдэл дагуулж байна

Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юун түрүүнд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцъя. Ялангуяа, манай улсыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал хэр байна вэ?

-“Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслийг эс тооцвол бусад салбарыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын урсгал буурсаар байна. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад олон улсын зах зээлд түүхий эдийн ханш өндөр, Монгол Улсын экспортын орлого өсөж буй нь эдийн засгийн бусад салбарт эергээр нөлөөлж буй. Макро эдийн засгийн өсөлт ч сүүлийн хэдэн жилтэй харьцуулахад энэ онд өндөр байх төлөвтэй. Энэ хэрээр дотоодын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт харьцангуй сайжирч, бизнесээ тэлэх, үйл ажиллагаа өргөтгөх зорилготой санхүүжилт, зээлийн эрэлт хэрэгцээ өсөхөөр байна.

-Ойрын өдрүүдэд АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн улам даамжирлаа. Энэ нь хөгжиж буй орнуудад эрсдэл дагуулах тул үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалж, эдийн засгийн дархлаагаа тэтгэхийг шинжээчид зөвлөж байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Томоохон гүрнүүдийн дунд өрнөж буй худалдааны дайнаас үүдэн хөрөнгө оруулагчид тун болгоомжтой хандаж байна. Хөгжиж буй орнууд ялангуяа, БНХАУ-ын эдийн засагтай нягт холбоотой улсуудын эдийн засгийн эрсдэл нэмэгдэж байна. Учир нь худалдааны дайнаас үүдэн эдгээр орны экспорт буурах, валютын урсгал саарч болзошгүй. Энэ дайн улам хурцдаж, АНУ-аас БНХАУ-ын хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоож, хятадын зарим компанитай худалдаа эрхлэх, хамтарч ажиллахыг хориглолоо.

Хэрэв БНХАУ-ын үйлдвэрлэл, худалдаа саарч эхэлбэл тус улсын түүхий эдийн эрэлт буурч таарна. Гэтэл дэд бүтэц, үнэ өртгийн хувьд өрсөлдөх чадвар сул Монгол Улсад энэ нөхцөл байдал хүнд тусна. Мөн сүүлийн хоёр жил манай төсөв болон төлбөрийн тэнцлийг дэмжсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа он гараад дуусахаар байгаа. Ийнхүү гэнэтийн болон хүлээгдэж байсан цохилтууд ирэхээр байна. Гэтэл Монгол Улс өнөө хэр гадаад валютын албан нөөцөө хангалттай зузаатгаж чадаагүй. Сүүлийн хэдэн жил хүнд байдалд байсан бизнесийн орчин дөнгөж сэргэж буй энэ үед дахин хямрал нүүрлэвэл Монголын эдийн засагт маш том цохилт болно. Экспортын орлого саармагц валютын ханш дагаад өснө. Ханш өсөхөөр инфляц нэмэгдэж, хоёр оронтой тоонд хүрвэл энэ нөхцөл байдлыг даван туулахад маш хүнд болно. Монголын эдийн засаг өмнө нь хэд хэдэн удаа ийм цохилтод өртөж, эргэж сэргэхэд маш хэцүү байдалтай нүүр тулж байсан.

-Тэгвэл энэ үед валютын дотогшлох урсгал Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй болно гэсэн үг. Монгол Улсад анх удаа гадаад зах зээлээс санхүүжилт татаж байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хувьд Худалдаа, хөгжлийн банк олон улсын зах зээлд бонд босгохоор зорьж байсан. Энэ тухайд?

-Манай банк Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд бонд босгосон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Өнөөг хүртэл бид цорын ганц арилжааны банк хэвээр байна. Гадаад зах зээлээс санхүүжилт татахад бид багагүй туршлага хуримтлуулаад байна. Тиймээс Засгийн газрын бондуудад зөвлөгөө өгч, хамтран ажилласаар ирсэн. Бид өмнөх бондуудынхаа эргэн төлөлтийг цаг хугацаанд нь амжилттай хийж, хөрөнгө оруулагчдад нэлээд танигдсан.

Бизнес эрхлэгчдийн санхүү, зээлийн эрэлт хэрэгцээ өсөхөөр байна

Энэ онд эдийн засаг сэргэж, дотоодын бизнес эрхлэгчдийн зээлийн хэрэгцээ өссөн. Мөн эдийн засгийн сэргэлтийн даган импорт огцом дээшилж байна. Эдгээр хүчин зүйл нь валютын эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлж, Монгол Улсын гадаад валютын нөөц, валютын ханшийн дарамтыг өсгөхөөр байна. Тиймээс манай банкны өмнөх туршлагууд дээрээ үндэслэн, эдийн засгийн таатай нөхцөл байдлыг урьдчилан харж, бизнесийн идэвхжил эхэлж буй энэ үед 300-500 сая ам.долларын бонд арилжихаар хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж эхэлсэн. Хөрөнгө оруулагчид ч худалдаа, хөгжлийн банкийг эергээр хүлээн авч, Засгийн газрын баталгаагүйгээр бие даан олон улсын зах зээлд эргэн ирснийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Бонд босгох бидний ажил амжилттай урагшилж байсан ч харамсалтай нь, энэ ажил эцсийн шатандаа ороод байх үед Монголд санаатайгаар худалдаа, хөгжлийн банкны бизнесийн нэр хүндэд халдаж, хуурамч ташаа мэдээлэл зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж, бидний ажлыг зогсоож, саад болох гэж оролдлоо. Миний бие гадаадад бонд босгохоор албан томилолтоор явж байхад манай банкны удирдлага болон надтай холбоотой худал мэдээлэл түгээж, “баривчлах гэж байна”, оргон зайлсан” зэрэг санаатай ташаа мэдээлэл түгээсэн. Үүнээс үүдэн бидний ажил тодорхойгүй хугацаагаар хойшлохоос өөр аргагүй боллоо.

Бид өмнө нь Засгийн газрын баталгаатай бондоо 9.375 хувийн хүүтэй татаж байсан. Харин энэ удаад үүнээс хямд өртөгтэй бонд гаргахаар зорьж байсан юм. Энэ нь ч биеллээ олж, 9.125 хувийн хүүтэй, 460 сая ам.долларын худалдан авах санал ирээд байв. Гэвч өнгөрсөн мягмар гарагийн үдээс хойш зохион байгуулалттай худал мэдээлэл түгээснээс үүдэн бондын хөрөнгө оруулагчид эцсийн мөчид хойшлуулах санал тавилаа. Монголын санхүү, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх ийм том ажлыг эцсийн шатанд нь нураасанд харамсаж байна.

-Хэрэв энэ бондыг амжилттай арилжсан бол ямар эерэг нөлөөг Монгол Улсад авчрах байв?

-Энэ бондыг амжилттай арилжсан бол ойрын хугацаанд 300-500 сая ам.долларын валютын урсгал Монголын эдийн засгийг чиглэхээр байлаа. Энэ хэрээр манай улсын гадаад валютын нөөц өсөж, валютын ханшийг тогтвортой хадгалах боломжтой байв. Ингэснээр манай банк зээлдэгч, харилцагчдынхаа өсөн нэмэгдэж буй санхүүгийн хэрэгцээг хангаж, үүний эерэг нөлөөг дотоодын аж ахуйн нэгж, санхүүгийн зах зээл төдийгүй макро эдийн засаг хүртэхээр байсан юм.

Хэдийгээр худалдааны дайн анхаарал татаж байсан ч манай банканд итгэх гадаад хөрөнгө оруулагчдын итгэл эерэг байсан. Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 80 гаруй хувийг гүйцэтгэдэг, Монголын гадаад худалдааны санхүүжилт, аж ахуйн нэгжийн зээлийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ утгаар гадаадын хөрөнгө оруулагчид манай банкийг Монголын эдийн засгийн толь гэж үздэг.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 орчим жил болж байхад яагаад дотоодын аж ахуйн нэгжүүд, ялангуяа манай банкийг эс тооцвол арилжааны өөр банк гадаад зах зээлээс хөрөнгө босгож чадахгүй байна вэ. Учир нь Монгол Улсад өрнөж буй улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, үйл явцыг гадаадын хөрөнгө оруулагчид маш анхааралтай ажигладаг болсон. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад манай банкнаас гадна Монгол Улсын Засгийн газар болон хөгжлийн банк бонд гаргачихсан. Эдгээр бондыг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид дүн шинжилгээ байнга хийж, Монголоос ирж буй мэдээ мэдээллийг соргогоор ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр ч банкны үйл ажиллагаанаас илүү Монгол улсын макро эдийн засгийн орчин, ирэх жил болох сонгууль, улс төрийн эрсдэлийг голлон сонирхож байсан.

-Сонгууль ойртохын хэрээр арилжааны банкнууд руу дайрах, зээлийн хүү, өрийн дарамт зэргээр буруутгаж, иргэдээс “оноо” авахын тулд улстөржих нь нэмэгддэг. Монголын эдийн засгийн судас болсон банкнуудаа буруутгахын сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ бол маш буруу зүйл. Банкны хөрөнгийг тус байгууллагын эздийнх нь өмч гэж нийгмийн зарим хэсэг боддог. Гэтэл банк бол Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг баталгаатай, найдвартай хадгалж, санхүүгийн хэрэгцээтэй хувь хүн, аж ахуйн нэгжид зээлдүүлдэг зуучлалын байгууллага. Банкны хөрөнгө бол харилцагчдынх нь өмч. Энэ хөрөнгийг олон улсын стандарт болон Монгол Улсын дүрэм журмын дагуу зөв зохистой байршуулах нь мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин, техник, технологи, олон улсын ноу-хау шаардсан ажил. Гэтэл банкнуудыг их ашиг олдог, өндөр хүүгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг шулдаг гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Ялангуяа, ажилгүйдэл, ядуурал өсөж буй үед бурууг хэн нэгэнд тохох зорилготой ажиллагаа юм.

ОУВС-гаас олон улсын стандартаар банкнуудыг шалгасан. Нийгмийн зарим хэсэг арилжааны банкнуудыг иргэд, аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийг маш багаар үнэлж, хангалттай зээл олгохгүй байна хэмээн шүүмжилдэг байсан. Гэтэл ОУВС-гийн шалгалтаар Монголын банкнуудын үнэлгээ хэт өндөр байгаа учраас үүнийг олон улсын стандартын дагуу бууруулах ёстой гэж дүгнэсэн. Үүнийг бууруулж, банкнуудын зээлийн санг нэмэгдүүлсэн. Мөн компаниудын тайлагнал бүртгэлийн хувьд Монголын компаниуд татварын тайлангаар ашиг орлого багатай, өөрсдийнх нь эзэмшигчдийн хөрөнгө бага бөгөөд өндөр хэмжээний зээлтэй болох нь харагдсан.

Санхүүгийн тайлагналын хувьд олон улсын шаардлага хангах нэг ч компани байхгүй байсан. Энэ мэт шалтгааны улмаас банкнуудыг өндөр хэмжээний зээлийн сан байгуулахыг шаардсаны үндсэн дээр өнгөрсөн онд Монголын арилжааны банкнууд нийт 96 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, ДНБ-ий гурван хувьтай тэнцэх сан байгуулсан.

Монголбанк арилжааны банкнуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг байнга шаардаж байгаа. Банкнуудын дүрмийн санг саяхан 50 тэрбум төгрөгт хүргэсэн бол удахгүй 100 тэрбум төгрөгт хүргэхээр зорьж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг ОУВС нэмэгдүүлсэн.

• Монголын санхүү, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх ийм том ажлыг эцсийн шатанд нь нураасанд харамсаж байна.

• Зохион байгуулалттай худал ташаа мэдээлэл түгээснээс үүдэн бондын хөрөнгө оруулагчид эцсийн мөчид хойшлуулах санал тавилаа.

• Монгол Улсад өрнөж буй улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, үйл явцыг гадаадын хөрөнгө оруулагчид маш анхааралтай ажигладаг болсон.

Банкнуудын ашиг тайланд бүртгэгдэж байгаа боловч энэ нь ашиг бус ирээдүйд гарч болох алдагдлыг нөхөхийн тулд сан байгуулж байгаа. Ирээдүйд Монголын эдийн засаг цаашлаад банкны харилцагч нарт учирч болох эрсдэлийг банкны хөрөнгө оруулагчдаар хаалгаж байна гэсэн үг. Монголбанкны тушаал шийдвэрийн дагуу 2008 оны санхүүгийн хямралаас хойш арилжааны банкнууд сүүлийн 10 гаруй жил ногдол ашиг хуваарилаагүй.

-Ер нь сүүлийн үед дотоодын бизнес эрхлэгчид болон үндэсний баялаг бүтээгчид рүү санаатайгаар дайрдаг хандлага ажиглагдаж эхэллээ. Үндэсний баялаг бүтээгчид, монгол хүний ажлын байр руу дайрч буй энэ хандлага ямар эрсдэл дагуулах бол?

-Зөвхөн манай банк гэлтгүй Монгол Улсад хийж бүтээхээр зорьж, баялаг бүтээж, ажлын байр бий болгож, татвараа шударгаар төлж, энэ улсад өөрийн хувь нэмрээ олон жилийн турш оруулж буй компаниуд руу дайрах үзэгдэл нэг бус удаа гарч байна. Улмаар нийгмийн сэтгэлзүй, тархийг угааж, үндэсний хөрөнгөтнүүдийг бий болгох, тэднээр бахархах, хүчирхэг хувийн хэвшил улс орны хөгжлийг жолооддог гэх ардчиллын суурь зарчим, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйл рүү халдаж байна. Нийгмийн сүлжээг ашиглан тэдний нэр хүндэд халдаж, ард түмнийг өөрсдийнх нь эсрэг турхирч буй нь харамсалтай. Манай бонд хойшлогдсон нь монголчуудын тамын тогооны үлгэрийн том жишээ боллоо. Дотооддоо бид ийнхүү бие биеэ хэмлээд байгаа нь гадаад зах зээлд маш муухай харагдаж байна. Олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг авлигад идэгдчихсэн, бизнес эрхлэхэд амжилт олдоггүй, улс төрөөс хэт хамааралтай, улс төрийн орчин нь маш тогтворгүй гэж дүгнэж байгаа нь анзаарагдаж байсан.

Дотоодын компаниудын үйл ажиллагааг хамаагүй савлуулах нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн эрх чөлөө, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудал дээр саарал жагсаалтад ороход тун ойрхон байгаа. Энэ чиглэлээр хийх маш олон ажил байгаа. Мөн банк санхүүгийн хууль эрхзүйн орчныг сайжруулах, төр засагтай хамтран зээлийн хүүг бууруулах ажил хүлээгдсээр байна. Сайжруулах, засаж залруулах ийм олон ажил хүлээгдсээр байхад дотоодын банкнуудтайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлаа шийдэхгүй харин ч банкнуудын эсрэг ард түмнийг турхирч байгаа нь харамсалтай. Ийм явуургүй алхам нь үндэсний санхүүгийн тогтвортой байдлаа алдах, гадаадын банкнуудын өгөөш болж, үндэсний эдийн засгийн судас болдог банк санхүүгийн системээ нураах аюултай. Тиймээс үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, аль аль талдаа анхаарахгүй бол энэ байдал даамжирвал манай улсын эдийн засгийн ирээдүйд эрсдэл учруулна гэж үзэж байна.

Categories
мэдээ спорт

Монголын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Хунан мужийн Чагша хотноо тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсын 3х3 эрэгтэй сагсан бөмбөгчид өмнө нь 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.

Эрэгтэй шигшээ баг тэмцээний С хэсэгт Австрали, БНСУ-ын шигшээ багтай багтаж, хоёрдугаарт шалгаран хасагдах шатны эрхээ авсан. Хасагдах шатны 1/4 шигшээд 21:16 харьцаагаар Йорданыг хагас шигшээд 21:13 харьцаагаар Казахстаныг хожиж, аваргын төлөө Австралийн шигшээ багтай шалгарсан. Аваргын алтан медалийн төлөө “Ногоон” тивийн тив-улс Австралийн эсрэг тоглож, 21:9 харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртжээ. Өнгөрсөн жилийн ААШТ-ий шигшээд Австралийн шигшээ багтай тоглож, 17:16 харьцаатай хожигдож байсан бол энэ жил Австралийн шигшээ баг манай шигшээ багийн эсрэг маш сайн бэлтгэсэн байна.

Тэгвэл эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2013 оны ААШТ-д мөнгөн медаль хүртэж байсан.