Categories
мэдээ улс-төр

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ улс орнууд өөрийн үнэлгээний арга зүйг ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа

Төрийн ордонд өнөөдөр (2019.05.27) эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нэгдүгээр хуралдаан боллоо.

Нэгдүгээр хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь даргалж, Олон улсын парламентын холбооны Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Александра Благожевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Фижи дэх Номхон далайн газрын Үр дүнтэй засаглалын багийн ахлагч бөгөөд Парламентын хөгжлийн мэргэжилтэн Дифан Жонес, Вануату Улсын парламентын гишүүн Жимми Нипо нар илтгэл тавилаа. Александра Благожевич илтгэлдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд одоогоор аль ч улс орон бүрэн дүүрэн амжилт гаргаагүй. Улс орнуудад нөхцөл байдлаас шалтгаалж харилцан адилгүй хэрэгжиж байна. Тодорхой ахиц дэвшил гаргахын тулд хэрэгжилтэд илүү нарийвчилсан үнэлгээг цаашид хийх шаардлагатай. Тиймээс Олон улсын парламентын холбооны зүгээс хэрэгжилтэд хяналт тавих өөрийн үнэлгээний арга зүйг боловсруулсан. Улс орон бүр энэхүү арга зүйг ашиглаж, манай улсТогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бусад орнуудаас хаахна явна вэ гэдгээ мэдэж, цаашид оновчтой хийх ажлаа тодорхойлох боломжтой”хэмээн ярилаа. Тэрбээр мөн парламентын гишүүдийн дунд явуулсан парламентын гишүүд Тогтвортой хөгжлийн зорилгын талаар хэр сайн мэдээлэлтэй байдаг талаарх судалгааны дүнг сонирхууллаа. Судалгаагаар улс орнуудын парламентын гишүүдийн зарим нь Тогтвортой хөгжлийн зорилгыг сайн мэдэж, хэрэгжүүлэхийг чухалчилж байхад тодорхой хэсэг нь мэдэхгүй, мэдээлэлгүй хэвээр байгаа нь харагдаж буйг дурьдлаа. Түүнчлэн, жирийн иргэдийн дунд ч Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхтэй холбоотой ойлголт сул байгааг тэмдэглэв. Улс орнуудын парламент Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг хатагтайАлександра Благожевич тэмдэглээд, парламентынхаа бүтэцд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нэгж бий болгон, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Улсын парламент Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулан ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үнэлэх сайн дурын тайлангаа НҮБ-д танилцуулах гэж буй талаар танилцуулав. Дараа нь Вануату Улсын парламентын гишүүн Жимми Нипо илтгэл тавьж, Вануату Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд юу хийж байгааг танилцууллаа. Вануату нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн орны онцлогт тохируулсан Ард түмний төлөвлөгөөг хэрэгжүүлдэг байна. Уг төлөвлөгөөндөө Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 15-ыг нь нэгбүрчлэн тусгасан бөгөөд парламентын үүргийг нэмэгдүүлэх үүднээс парламентдаа энэ асуудлыг хариуцсан байнгын хороо байгуулсан байна. Мөн өөрийн үнэлгээний арга зүйг ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бүсийн улс орнуудаас Вануату хаахна явна гэдгийг нягталж, цаашид тохиолдож болох хүндрэл, сорилтыг тодорхойлон, хэрхэн даван туулахаар ажиллаж байгаа туршлагаа хуваалцав.

Нэгдүгээр хуралдааны гурав дахь илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Фижи дэх Номхон далайн газрын Үр дүнтэй засаглалын багийн ахлагч бөгөөд Парламентын хөгжлийн мэргэжилтэн Дифан Жонес тавьсан.

Илтгэлдээ, Тогтвортой хөгжлийн зорилгыг хурдацтай хэрэгжүүлэн ахиц дэвшил гаргахад улс орнууд өөрийн үнэлгээний арга зүйг ашиглахын чухлыг Фижи улсын жишээн дээр хөндөв. Фижи улс нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр парламентдаа дэд хороо байгуулжээ.

Тэрбээр мөн өөрийн үнэлгээний арга зүйг ашигласнаар цаашид юунд анхаарах вэ гэдгээ тодорхой болгох, ингэснээр алдаж байгаа зүйлээ залруулах боломжтойг тэмдэглэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентад бүтэц бий болгох, парламентын Тамгын газрын ажилтнуудын чадавхийг сайжруулах, парламентын улстөрийн манлайллыг бий болгохын чухлыг хөндөж, эдгээрийг харилцан уялдаатай хөгжүүлэхийг захив.

Нэгдүгээр хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр парламентын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ийнхүү хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудлаар үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Исламын бүгд найрамдах улс, Камбожийн хаант улсын төлөөлөгчид үг хэллээ. Төлөөлөгчид хэлсэн үгэндээ парламентууд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дэмжиж, хяналт тавьж, гүйцэтгэх засаглалтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бэлтгэлтэй байна уу гэдгийг үнэлж, дүгнэхийн тулд Олон улсын парламентын холбооны өөрийгөө үнэлэх аргыг ашигласан тухай туршлагаасаа хуваалцсан. Үүний зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоонд болон найрсгаар зочлон, хүлээж авсан Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх дэд хорооны дарга А.Ундраа Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас хуваалцан үг хэлснийг зарим орнуудын төлөөлөгчид сайшаан хүлээн авч, туршлагаас нь суралцах болно гэдгээ тэмдэглэж байв. Нэгдүгээр хуралдааны төгсгөлд хурал даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь хуралдааныг дүгнэж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ илтгэл тавьсан, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон төлөөлөгчдөд талархлаа илэрхийлэв. Чуулганы хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан БНИУ-ын парламентын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурын дэд дарга Л.Энх-Амгалан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй Бүгд Найрамдах Индонез Улсын парламентын төлөөлөгч Нурхаяати Али Ассегафыг өнөөдөр хүлээн авч уулзав. Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж бүсийн хэмжээний энэхүү чуулганд төлөөлөгчөө оролцуулж буй Бүгд Найрамдах Индонез Улсын парламентад УИХ-ын дэд дарга талархал илэрхийлээд, хатагтай Нурхаяати Али Ассегафыг тавтай зочлохыг урилаа. Хатагтай Нурхаяати Али Ассегаф УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, чуулганы үйл ажиллагаа амжилттай болж буйг тэмдэглэн хэлсэн. Уулзалтын үеэр талууд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож буй чуулганы ач холбогдол, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаар болон хоёр орны парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Ирэх жил гэхэд В,С вирусын голомтыг устгаж, халдвар тархалтыг зогсооно

Монгол Улсын Засгийн газраас хүн амын дундах элэгний В, С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдвар тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Үүний үр дүнд 2018 онд 413553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдав. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Монгол Улс ардчиллын баянбүрд хэвээр байгаа

Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд төлөөлөгчдийн хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн цохон тэмдэглэв. Мөн ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархаад, бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй өндөр хувь нэмэр гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн ОУПХ-ны тэргүүлэх зорилгуудын нэг нь Улсын Их Хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ингэснээр иргэдэд ашигтай хууль батлах, энэ замаар ардчиллыг бэхжүүлэхэд чиглэдэг зэргээр ОУПХ-ны үйл ажиллагааг танилцуулж, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр гэдгийг цохон тэмдэглээд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган болж байна

Улаанбаатар хотноо Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр эхэллээ. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра оролцож байна. Тэрээр чуулганы хоёрдугаар хуралдаанд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн өнөөдөр Албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд байгууллагын болон үе, үеийн дарга нарын түүхэн танилцуулга, гэрэл зүргийн цомог, алба хаагчдын амжилт бүтээл, цуглуулга, албаны болоод аврах ажиллагааны онцлогийг харуулсан макет зэргийг дэлгэсэн байна.

Мөн аймгийн онцлогийг илтгэсэн Дарьгангачуудын мөнгөн эдлэлүүдийг дэлгэн үзүүлж, сурталчилж байгаагаараа онцлог юм.

Онцгой байдлын газар нь Гал түймэр унтраах, аврах 15, 47, Эрэн хайх, аврах салбар, бүлэг, Улсын нөөцийн салбар гэсэн нэгжтэйгээр аймгийн хэмжээнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр Хөххотын гранпри-гээс мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Хөххотод тавдугаар сарын 24-26-нд жүдо бөхийн Гранпри тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийт 403 орны 300 жүдоч хүч үзсэн юм.

Монгол Улсын шигшээ баг 25 тамирчинтай энэ тэмцээнд оролцсон бөгөөд багийн дүнгээр 16-р байрт бичигдлээ. Тодруулбал:

66 кг-ын жинд Ёндонпэрэнлэйгийн Басхүү хүрэл

– 100 кг-ын жинд Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл

+ 100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр мөнгө

Отгонбаатарын Ууганбаатар ~ Шагналт байранд шалгарсан амжилт тус тус үзүүлж, тэмцээнийг өндөрлөв.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хэсгийн аварга болж хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Германы бөхтэй барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө БНСУ-ын Ким Мин Жонтой хүч үзсэн ч ялагдал хүлээлээ. Ийнхүү тэрээр Хөххотын гранприд хоёр жил дараалан финалдаж 2018 онд алтан медаль хүртсэн бол 2019 онд мөнгөн медаль хүртэж байгаа нь энэ юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг АН-ын зөвлөл дэмжжээ

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганд хэлсэн УИХ өөрөө тарах ёстой гэсэн санаачилгыг дэмжиж, мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Их хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хуульт ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, хэмжээ хязгаарыг давахад хүргэсэн гэж үзсэн учраас өөрөө тарах нь зөв гэж үзсэн аж. Мөн уг мэдэгдлийг гаргах болсон үндсэн хэдэн шалтгаанаа ч дурьджээ. АН-ын зөвлөлөөс гаргасан үндэслэлд:

1. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах, буй зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй хуульгүй мэт асуудалд хандсаар байгаа нь Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” зөрчигдсөн.

2.Судалгааны байгууллагууд Улсын Их Хурал тарах эсэх талаарх асуумжаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 1-10 оноогоор үнэлэхэд, 2016 оны 8 дугаар сард 4.6 оноог иргэд өгч байсан бол 2018 11 дүгээр сард 1.8 болтлоо буурсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.

3. Өнөөгийн Улсын Их Хуралд хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт эшлэл хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж байна.Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.

4.Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсөддөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний бичиг” уралдааныг албан хаагчдынхаа дунд явуулжээ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Энэ хүрээнд сум, аймаг, нийслэлийн хэмжээнд Үндэсний хэл бичгээ дээдлэх, уламжлах, сургах зорилгоор шат дараатай арга хэмжээ зохион байгуулдаг. Өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлээр улсын хэмжээнд үндэсний хэл бичгийн уралдааныг багш, сурагчдын дунд явуулсан нь үүний нэг илрэл юм.

Баян сумын Хэлний бодлогын салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон “Үндэсний бичиг” уралдааныг зохион байгуулдаг. Энэ жилийн уралдааныг “Хурдан тод уншигч”, “Цэвэр сайхан бичигтэн” гэсэн төрлөөр явуулсан байна.

Уралдааны зорилго үндэсний бичиг соёлоо уламжлан дэлгэрүүлэх, тээх, түгээх үйлсэд хувь нэмэр оруулахад чиглэж байгаа ажээ.

“Хурдан тод уншигч”-аар ЗДТГ-ын нийгмийн халамжийн мэргэжилтэн Ц. Баярмаа 127 үг уншиж тэргүүн байрт, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Н. Гантөмөр 117 үг уншиж дэд байрт, ЭМТ-ийн эх баригч эмэгтэйчүүдийн эмч Б. Долгормаа 116 үг уншиж гутгаар байрт оржээ.

“Цэвэр сайхан бичигтэн”-ээр Төрийн банкны теллер Г.Нандинцэцэг нэгдүгээр байр, ЗДТГ-ын олон нийтийн интернэт мэдээллийн ажилтан А.Золбоо хоёрдугаар байр, ЭМТ-ийн лаборант Н.Хоролжав гуравдугаар байрыг эзэлж хамт олноо тэргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн түр замын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Дээрх чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх бөгөөд сонгон шалгаруулалтыг 5 хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлээд байна.

Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллалаа. Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэх бөгөөд ажлыг 10 хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үүрэг болгов. Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.