Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх”

Тайз анх яагаад, бас яаж үүссэн юм бэ гэж бодож байв уу. Гэвч энэ урлагийг бид тайзан дээр гараад жүжиг үзүүлдэг гэсэн явцуу утгаар харахаас биш нэг ч удаа хэн хамгийн анх тайзан дээр олны өмнө жүжиглэж эхэлсэн юм бол, ямар зорилгоор гэж бодож үзээгүй байх. Эртний Грекийн үед тайз гэдэг дөрвөлжлөн зассан суурь төдий зүйл л байж. Тэгтэл өнөөдөр шударга хийгээд шударга бус, үнэн хийгээд худал, сул дорой хийгээд хүчирхэг, ядуу хийгээд баян зэрэг хүний оршихуйн бүхий л муу муухай, сайн сайхныг эмгэнэлт болоод инээдмийн өнгөөр сүлэн гаргадаг урлаг болтлоо хөгжжээ.

Манай улс тайзны урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлдээд хэдийнэ хагас зуун жил өнгөрчээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн түүхийг өгүүлсэн нэг ч ном зохиол монгол хэл дээр хэвлэгдээгүй байгаа гэвэл та итгэх үү. Тэгвэл “Дэлхийн тайзны урлагийн хураангүй түүх” хэмээх соёл урлагийн салбарт үгүйлэгддэг хамгийн чухал хэрэгцээт ном хэвлэлтээс гарчээ. Тайзны урлагаар суралцдаг оюутан сурагчдын гарын авлага болохуйц бүтээл болсныг урлаг судлаачид онцлон тэмдэглэсэн байсан.

Энэхүү номноос тайзны урлаг ямар зорилгоор, яаж үүсээд, яах гээд өнөөг хүртэл яваад байгаа юм бэ гэдгийг маш сонирхолтой байдлаар ойлгохоос гадна урлаг гэдэг ямар үүрэгтэй юм гэдгийг түүхэн жишээнүүдээс тод томруунаар мэдэж авах юм. Түүнээс гадна нийгмийн сэтгэл зүй гэдэг ямар чухал болох үүнийг урлагаар дамжуулж яаж ойлгож, удирдаж болох, вэ гэдэг агуулгыг судлах боломжтой. Тиймээс зөвхөн тайзны урлагийнханд гэлтгүй нийгмийн асуудлыг сонирхдог хүн бүхний унших ёстой номын тоонд зүй ёсоор нэрлэгдэхээр байна. Тус номд Афин, Грекийн үеэс авахуулаад Англи, Франц, Герман, Орос гээд театрын урлагаар дэлхийд тэргүүлэгч орнуудын театрын түүхийн тухай нэг нэггүй орсон байна билээ. Ийм номыг эх хэл дээрээ унших аз завшаан олгосон хүмүүс нь Сити их сургуулийн оюутнууд, Театрын урлагийн сургуулийн багш нар билээ. Ийнхүү хамтран орчуулсан нь Монголын урлагийн сургуулийн оюутан багш нарын гаргаагүй зоригийг гаргасан амжилт гэлтэй.

Хүсэл тачаал буцалж, эрх чөлөөгөөр амьсгалж, хийж бүтээхийн оргилуун их тэмүүлэл мөнхийн бургилж байдаг Драмын жүжигчдийн ширээний ном болохуйц энэхүү бүтээл дэлхийн суут жүжигчид, зохиолчдын амьдрал ахуйг хүүрнэн бичсэнээрээ агуулга нь дийлдэхгүй өргөжжээ. Түүнээс гадна театр унаж сэхэхийн босго бүр дээр улс төрийнхөн хэрхэн ханддаг, иргэд театраар дамжуулж үзэл бодлоо яаж илэрхийлдэг байсан, Мөн театр иргэдийг хэрхэн хүмүүжүүлдэг байсныг хүртэл тод томруунаар дүрслэн харуулсан нь эгээ л 19 дүгээр зууны түүхэн кино зохиол уншиж буй мэт. Ганцхан жишээ дурдахад, “…Сонгомол эмгэнэлт жүжгийг ард олон таашаан үздэг болжээ. Хөрөнгөтнүүд засгийн эрхийг итгэлтэй авч, театрт гурав дахь зиндааныхаа суудлыг эзлэх болов. Энэ үеэр үзэгчид хямд суудлын ихэнхийг дүүргэж, санаа бодлоо шийдмэг чангаар хашхирч, шүгэлдэж, илэрхийлэх болжээ. Хүмүүний гаж явдал, ааш авир, ёс суртахуунгүй явдал үзүүлсэн жүжгийн талаар эгдүүцэл дургүйцлээ илэрхийлэх болжээ. Театр ингэснээрээ үзэгчид амьдралын зөв бурууг таньж мэддэг нэгэн янзын сургууль болж хувирсан юм”.

Яг ингэж Грек Афинаас авахуулаад дэлхийн түүхийг бичсэнээрээ туйлын үр өгөөжтэй ном юмсанж.


Categories
мэдээ цаг-үе

Газар газрын “гоогоо” хоолнууд

“Индиана Жонс” кинон дээр сармагчингийн тархийг нэлээн хүндтэй зоог болгон зочдоо дайлдаг хэсгийг анх үзээд “Өө ямар заваан юм бэ” гэж бараг хүн болгон ярвайсан нь дамжиггүй. Гэхдээ Монголд л доо. Мэдээж бид Монголдоо хэзээ ч сармагчингийн тархи идэхгүй байх. Гэхдээ бид сармагчин элбэгтэй газар байсансан бол тархийг нь амтархан идэх нь лавтай. Тэгэхээр орон оронд, үндэстэн ястан болгон өөр өөрсдийн хоолны соёлтой. Яахав, зарим газар бол соёл гэж хэлэхэд тун хэцүү. Үй олон арзайсан өт шарж хуураад идэхэд юу нь соёл байх вэ л гэх байх. Хүн төрөлхтөн галыг эзэмшиж, хоолоо болгож иддэг болсноор идэш тэжээлийн хувьд үнэхээр супер дэвшилд хүрсэн нь тодорхой. Нэн эртний хүмүүс түүхий мах, ургамлын үндэсхэн түүж иддэг байсны ул мөр нь болох хагас түүхий бүтээгдэхүүн иддэг нь одоо ч хэвээрээ л байгаа. Газар газрын хоолнууд тухайн үндэстэн ястандаа гоё л байгаа. Монголчууд боодог, хорхогонд яаж дурладаг шиг. Дэлхий дээр үнэхээр энийг яаж иддэг байна аа гэмээр “заваан, заваан” хоолнууд хэдэн зуугаараа бий. Тэдгээрээс цөөн хэдийг нь сонирхуулъя.

Австрали тивийн уугуул суугчид болох аборигенчууд энэ хоолыг амтархан иднэ. Вичетти гэх цагаан эрвээхэйн авгалдайг голдуухан түүхийгээр нь идэж орхино. Хааяадаа гал дээр болгож идэх нь иднэ. Гэхдээ энэ авгалдай нь уургаар баялаг. Амтыг нь тодорхойлохдоо нэг тийм түүхий өндгөрхүү амттай гэсэн байх юм. 5-12 см урт энэ авгалдайнаас хэдийг идчихэд хүний өдрийн уургийг өлхөөн хангадаг юм байх. Австралийн уугуул иргэдтэй хамт нэг ширээнд суувал иймэрхүү байдалтай л үдийн зоог барих нь дээ. Яахав, шарж хуурсаныг идээд үзэхэд болохгүй юмгүй. Ер нь эрвээхэйн авгалдайг ганц аборигенчууд ч биш, өөр өөр газрынхан иддэг л юм байна.

Бугыг ялзруулж, өмхийрүүлж иддэг ард түмэн бас байна аа. Зарим эх сурвалжид намаг балчигтай газар хэд хоног байлгаж муутгаж байгаад махыг нь ялзруулж иддэг гэж. Гэхдээ дан буга ч бас биш. Далайн хав, нугас зэрэг амьтдыг ингэж иддэг гэнэ. Гэдсийг нь ухаж гаргаад мөнөөх намаг балчигтаа аваачин бас болоогүй бага сага амт оруулахуйц зүйлийг хийгээд хэдэн долоо хоног дардаг аж. Үнэр танар бол ярихын эцэсгүй байдаг юм байх. Энэ хоолыг эскимосчууд, ненц зэрэг хойд зүгийн хүйтэн газрынхан иддэг. Ийм хоолыг идэж үзээгүй хүмүүсийг болж өгвөл идэхгүй байсан ч болно гэж зөвлөжээ. Ер нь ямар олиг байх вэ дээ. Зүгээр сайхан чанаад, шараад, жигнээд идэж болох юмыг заавал тэгж өмхийрүүлэхээр. Яг иймэрхүү маягийн хоолыг Исландчууд иддэг гэнэ. Тэд өөрсдийнхөө нэгэн үндэсний баяраар уг хоолыг заавал идэх ёстой. Манайхан наадмаар заавал хуушуур иднэ ээ гэдэгтэй адил. Нэгэн төрлийн аварга загасны булчин болон өмхийрч муудсан ходоодоор хийдэг хоол. Яагаад заавал муутгаж байж иддэг вэ гэхлээр уг аварга загасны маханд шээсний хүчил ихээр агуулагддаг юм байна. Тиймээс нутгийнхан ингэж л өмхийрүүлж байж тэр их хорыг нь гадагшлуулдаг аж. Ийнхүү өмхийрүүлж, муутгасны дараа агаарт хэд хоног өлгөж борцорхуу болгоод л иддэг бололтой юм.

Зарим нэгэн хагас зэрлэг гэж болохуйц хүмүүс дэлхийн өнцөг булангуудад амьдарсаар байгаа. Эх газраас алслагдсан арлынханы хувьд идэш тэжээлийн хязгаарлагдмал байдлаасаа болж бараг л юу олдсоноо иднэ. Түүний нэг жишээ бол сарьсан багваахайтай “амтат” шөл. Агуйгаас баахан сарьсан багваахай барьж авчираад элдэв ногоо болон бусад зүйлсээр амтлаад шөл бэлэн болно. Гэхдээ дан ногоо биш. Жимсээр ч мөн амтална. Ийм шөлийг ирсэн зочиндоо хийж өгдөг гэх. Гадил, хан боргоцой, чавга гэх мэттэй хачирлаж идвэл амт гэж ванлий бололтой. Манайхан бол энэ хоолыг яавч идэж дөнгөхгүй байх.

Шарсан харх

Мэрэгч амьтад, тэр дундаа оготно, зурам, харх, хулганыг ер нь олон газар иддэг байх юм. Жишээ нь, вьетнам. Тэд мэрэгч амьдтыг шараад амтлаад шууд иднэ. Ер нь бол түргэн хоол гэхэд болно. Жижигхэн юм болохоор болох нь ч хурдан байдаг гэнэ. Манайхаар бол шаржигнуур тахиархуу юм уу даа. Гэхдээ л харх ч юм уу гэж бодохоор л хоолойгоор давахад хэцүүхэн л хоол. Парагвай улсад дөнгөж төрсөн хархны гөлчгий муугүй үнэтэй хоолонд ордог гэнэ. Гөлчгийг залгингуутаа араас нь сүүгээр, зарим тохиолдолд нутгийн “нэрмэлээр” даруулж хүртдэг хоол аж. Зарим мэдээлэлд гөлчгийг хар шоргоолжны өндгөөр хачирлаж иддэг тухай ч дурдаж. Үнэхээр л байгаа газрынхаа идэж болох бүхнийг иддэг аж. Нэгэнт хархан хоолны тухай дурссан болохоор бас нэг хоолны тухай бичихгүй бол болохгүй байх. Энэ нь хээлтэй харх. Яаж ч бодсон ёстой заваан санагдах нь тодорхой. Хархны гөлчгийг амьдаар нь таваглах бөгөөд тусгай зориулалтын төмөр хатгуураар хатгаж иддэг. Интернэтэд байгаа мэдээллийг нь харвал хархны гөлчгийг нэг дуугарахад нь хатгуураа зоогоод, дахин нэг дуугарахад нь амт оруулдаг дүрлэгт дүрээд, дахиад дуугарахад хазаж иддэг ээ гэж. Ингэж гурван удаа дуугаргах нь нэг ёсны уламжлал гэмээр ч юм уу даа.

Шарсан трантула аалз

Амт шимтээрээ загасны махархуу амттай нэгэн шавьж байдаг нь царцаа. Царцаа бол монголчуудад тун танил. Учир нь ургамлын харшилтай хүмүүс царцаа болон голиог шахаж хамартаа хийвэл харшилд сайн гэж “цуурдаг”. Үнэндээ тийм юм байхгүй ээ гэдгийг анагаах ухаан хэлээд байдаг. Гэвч тоохгүй нь олон. Тэгвэл царцааны нүүдэл их болдог Израиль зэрэг оронд царцааны хуурга хийж иддэг. Тэртэй тэргүй хэдэн саяараа нүүдэллээд, ургамал тариаг нь цөлмөөд байгаа амьтныг яаж зүгээр өнгөрүүлэх вэ дээ. Царцааг бол ёстой утгаар нь боловсруулж иддэг гэнэ. Шарна, жигнэнэ, давсалж дарна, чихрээр бүрнэ гэх мэт. Шоколадан бүрмэлтэй царцааг дажгүй гоё амттай гэж хүмүүс их худалдан авна. Царцаа нь дээр өгүүлсэн авгалдай шиг уургаар баялаг. Тиймээс л хүмүүс дуртайяа амандаа хийдэг байх нь.

Монголчууд тарвага болон ямаа боохдоо халуун чулуу хийж махыг нь болгодог. Гэтэл Гренландын хавийнхан далайн хавны гэдэс дотрыг сайхан цэвэрлэнгүүтээ баахан цахлай чихчихдэг гэнэ. Далайн хав бол нэл өөхтэй амьтан. Нэг ёсондоо хэдэн арван цахлайг өөхөнд боочихлоо гэсэн үг. Гэхдээ цахлайгаа чихэхдээ цэвэрлэхгүй шууд л хийнэ. Тэгээд нөгөө “боодгоо” бүхэл бүтэн зургаан сар хүртэл хугацаагаар газар доор байлгана. Тэгээд за одоо идэх цаг боллоо гэхийн алдад газар доороос гаргаж ирээд цахлайны өд энэ тэрийг нь цэвэрлээд махыг нь түүхийгээр нь иднэ. Энэ хоолоо тэд томоохон баяр цэнгээнийхээ үеэр иддэг ажээ. Яалтгүй заваан талдаа хоол гэхээс өөр аргагүй.

Тосонд шарсан жоом

Зүүн өмнөд Азийн улс үндэстнүүд далайн гаралтай хоолноос эхлээд өт хорхой, нохой шувуу гээд элдэв амьтдыг идэх арвин жортой. Энэ бүс нутгийн нэгэн эвгүй хоол бол трантула хэмээх аалзыг шарж идэх. Хэн ч харсан агзасхиймээр энэ хоолыг нутгийнхан нь их л амтархан иддэг гэх. Аалзнаас гадна хилэнцэт хорхойг бас шарж иднэ. Ер нь хортой амьтдыг шарж байж хоргүйжүүлдэг байх л даа. Бас хулсны өтийг бүүр үржүүлж байгаад шарж иддэг бол зарим газар нугасны өндгөөр нэгэн өвөрмөц хоол хийж иддэг. Тэр нь яадаг вэ гэхээр хөврөл нь бараг өдөлчихсөн, хэзээ мөдгүй шувуу болоход бэлэн өндгийг чанаж иддэг аж. Өндгийг ингэж идэхдээ давсаар амталж, сонгино, сармис зэрэг аагтай ногоогоор хачирлана. Монголчуудын өндөг идэх арга барил бол эдний хажууд хүүхдийн тоглоом доо.

Идэхэд бэлэн болсон аалз, жаран хөлт, эрвээхэйний авгалдай

Бидний идэх дуртай малын чанасан болон шарсан толгойг ер нь л муухай, аймаар гэмээр хоолны жагсаалтад орчихсон тууж явна. Боодог хорхог бол угаасаа байнга л байдаг. Гаднаас ирсэн жуулчид манайхныг боодог хийхээр “пүү паа” болоод явчихдаг. Зарим нь бүүр идэж ч чаддаггүй. Бодвол тэд л монголчуудын иддэг ийм хоол байна аа. Ёстой муухай гэж цацдаг байх. Тэгвэл яг л бидэнтэй адил хонины толгойг чанаж иддэг үндэстэн маш олон байдаг юм байна. За тэгээд хүнд ер нь идэхгүй юм алга даа. Төмрөөс бусдыг л идэж байх шиг. Загасны нүдийг дангаар нь, гахайн бөгсийг багаахан шиг боловсруулаад угааж цэвэрлэхгүй иднэ, жоомны хачир гээд газар газрын хоолны жор арвин юм.


Categories
мэдээ улс-төр

Хуульзүйн сайд Ц.Нямдорж “Фэйсбүүк” группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Фейсбүүк” группийн Хонконг, Тайвань, Монгол Улс дахь олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтаар цахим орчин, нийгмийн сүлжээн дэх иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэдний зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчиныг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон байна.

Categories
мэдээ улс-төр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хувийн болон их дээд сургуулийн удирдлагуудтай уулзана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажлаа авсныхаа дараа боловсролын салбарт шинэчлэл хийхээр хэд хэдэн шийдвэрийг гаргаад буй. Тэрбээр өнөөдөр хувийн болон их дээд сургуулийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргасан. Уг Тушаалд 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн суралцагч, холбогдох багш нарыг БСШУСЯ-аас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон.
БСШУС-ын сайдын мэдээллэж буйгаар “Дэлхийн аль ч оронд бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан үйлдэл болоод байна. Түүнээс гадна багш нар давхардсан тоогоор 419 төрлийн нэмэлт ажил хийдэг байна. Тиймээс цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-аас батлах журамд нийцүүлэн зохион байгуулж байхаар тушаалд тусгажээ.

Тэгвэл өнөөдөр хувийн болон их дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж нээлттэй ярилцах юм байна. Уулзалт 15.00 цагаас Этүгэн их суруульд болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Singapore school of Mongolia” сургуулийн багш, сурагчид хоолонд хорджээ

Нийслэлийн SSM /Singapore school of Mongolia/ сургуулийн багш сурагчид хоолонд хорджээ.

Эмч нарын баг голомтод ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Үүнээс 43 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 нь өрхийн эмчийн хяналтад байна. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон 2 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа аж. Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой. Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, ДЭМБ-ын “Аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байна хэмээн ЭМЯ мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам 29 жилийн ойгоо тэмдэглэж байна

Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан намыг үүсгэн байгуулсны 29 жилийн баяр өнөөдөр тохиож байна.

Ойд зориулсан баярын хуралд Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд оролцож, ардчиллын алдаа оноо, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна. Сөрөг хүчнээр ажиллаж байгаа энэ цаг хугацаандаа Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьж, 27 жилийн ойн босгон дээр шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн гэдгийг баярын хурлын үеэр онцоллоо. 1990 оны өвөл ард түмэн ардчиллын төлөө жагсаж эрх чөлөөгөө олж авсан нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан явдал байлаа. Монгол оронд ялалт байгуулсан ардчилсан хувьсгал нь дэлхийн аль ч улс оронд болж байгаагүй тайван замаар явагдсанаараа онцлогтой юм. Баярын хурлын үеэр Ардчилсан намын гишүүн, Ардчилсан ахмадын холбооны гишүүн Ц.Раднаа, ҮБХ-ны гишүүн П.Батчимэг, Төв аймгийн ИТХ-ын дарга Х.Уламсайхан нарыг Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор шагналаа. Ц.Раднаа нь Польш улсын Торун хотноо хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн аварга шалгаруулах мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд хурдаа сорьж дэлхийн дээд амжилт тогтоож, 3 алтан медаль хүртсэн билээ.

Баярын хурал үргэлжилж байна.


Categories
мэдээ нийгэм

Өнжмөл өвс шатаасан айл өрхүүдэд хариуцлага тооцно

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлж байна. Иймд хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм. Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт БНХАУ-д болох “Бүс ба зам” уулзалтад оролцох юм байна. Хоёр жилд нэг удаа болдог энэ уулзалтад Монголоос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой байв. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба зам” уулзалтын тов хараахан гараагүй байгаа бөгөөд энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөд хөршид хийх төрийн айлчлалыг хамтатган хийх талаар хоёр тал ярилцсан юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хулгайн хэрэгтэй холбогдуулан Тайланд дахь Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ

Монгол Улсын иргэд Тайланд улсад хулгай хийж байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол сүүлийн үед гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ.

Уг анхааруулгадаа “Сүүлийн үед Тайландын хаант улсад зорчих манай иргэдийн урсгал нэмэгдэхийн хэрээр хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж байна. Ялангуяа, гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар Тайланд улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах боллоо. Иймд гадаад улсад аялж буй иргэдэд хариуцлагатай аялахыг анхааруулж байна.

Тайланд улс жилдээ 37 сая гаруй гадаадын жуулчин, давхардсан тоогоор 65 сая гаруй гадаадын иргэдийг хүлээн авдаг. Тус улсын Засгийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний тав тухтай байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаардаг бөгөөдгадаадын жуулчдад хохирол учруулсан дотоод болон гадаадын иргэдэд хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулдаг болохыг анхаарна уу” гэжээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн “Монголиа Опен 2019” олон улсын тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн “Монголиа Опен 2019” олон улсын тэмцээн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд өнөөдөр тэмцээний урьдчилсан барилдаанууд болж байна. Ес дэх удаагийн уламжлалт тэмцээний хуваарьтай танилцана уу.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5 (БААСАН ГАРИГ)
15:30-16:00 – Техникийн зөвлөгөөн
16:00-16:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн сугалаа
17:00-18:00 – Шүүгчдийн зөвлөгөөн

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6 (БЯМБА ГАРИГ)
08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)
10:30-15:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
16:30-17:00 – Нээлтийн ёслолын ажиллагаа
17:00-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7 (НЯМ ГАРИГ)
08:00-08:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)
10:30-14:30 – Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
15:30-19:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа.